ДЭЛХИЙН эдийн засгийн нөхцөл байдлаас болж хөгжингүй улс орнууд дотоодын зах зээлээ хамгаалах пропекционист бодлого хэрэгжүүлж байна. Энэ байдал уламжлалт таатай худалдааны тогтолцоонд сөргөөр нөлөөлж улс орнуудыг гадаад бодлогоо өөрчлөхөд ч хүргэх магадлалтай байна. Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 38 дугаарын долоо хоногийн тойм мэдээнд улс орнуудад болж буй өөрчлөлтийг тодорхой тайлбарласан билээ. Тэгвэл энэ удаад худалдааны дайн Хятад, АНУ-ын хөрш зэргэлдээ болон хамсаатан орнуудын түүхий эдийн зах зээлд хэрхэн нөлөөлж, дэлхийн эдийн засгийн хямралд хэр өртөхийг судлахыг оролдлоо.
Хятад, АНУ-ын эдийн засаг дахь өөрчлөлт
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын худалдааны 200 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд гаалийн тариф ногдуулах болсон нь худалдааны дайныг улам дэвэргэв. Харин Хятадын засгийн газар АНУ-ын импортод 60 тэрбум ам.долларын шинэ татвар ногдуулсан.
Тэгвэл худалдааны дайны үр дүн Хятад, АНУ-ын эдийн засагт илт нөлөө үзүүлээд эхэллээ.
АНУ: Худалдааны дайн Америкийн эдийн засагт нөлөөлөөд эхэлсэн бөгөөд инфляцын түвшин 2.5 хувь болж нэмэгдсэнээр дотоодын зах зээл идэвхжиж сэхэл авч байна. Тус улсын эдийн засаг III улиралд жилийн дүнгээр 3.5 хувиар өссөнийг тус улсын Худалдааны яам мэдээлсэн. Энэ нь 2014 оноос хойш улирал дараалан өссөн хамгийн сайн үзүүлэлт болсныг шинжээчид онцолжээ. Өмнөх улиралд дэлхийн тэргүүлэх эдийн засаг 4.2 хувиар тэлж байсан юм. АНУ-ын эдийн засаг ийнхүү өсөхөд хэрэглэгчдийн зарцуулалтаас гадна төсвийн зардал нэмэгдсэн нь нөлөөлжээ. Тухайлбал, АНУ-ын эдийн засгийн 70 хувийг бүрдүүлдэг хэрэглээний зарцуулалт шинжээчдийн таамгаас дээгүүр буюу 4 хувиар өссөн нь 2014 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт болсон байна. Мөн төсвийн зарцуулалт 2016 оноос хойш байгаагүй өндөр хувиар нэмэгджээ. АНУ-ын татварын шинэчлэл болон хөдөлмөрийн зах зээл тасралтгүй сайжирч байгаагийн нөлөөгөөр хэрэглэгчдийн зарцуулалт өндөр байна.
Худалдааны үзүүлэлт сүүлийн 33 жилд байгаагүйгээр эдийн засгийг доош татаж байгаагаас гадна бизнесийн хөрөнгө оруулалт 0.8 хувиар өссөн нь сүүлийн хоёр жилийн хамгийн доод үзүүлэлт болсон юм. Энэ нь эргээд татварын шинэчлэлийн үр өгөөжийг бууруулах эрсдэлтэй байна.
Мөн гадаад худалдааны алдагдал 4 сар дараалан өссөн нь түүхэн дээд түвшинд хүрээд байгаа бөгөөд 2009 оны эдийн засгийн хямралаас хойших их хэмжээний алдагдал болоод байна. АНУ-ын Худалдааны яамны мэдээлснээр гадаад худалдааны алдагдал нь 9 дүгээр сард 76 тэрбум ам.долларт хүрч өсжээ. Импорт нь экспортоос илүү өндөр хурдаар, 1.5 хувиар буюу 217 тэрбум ам.доллараар нэмэгдсэн нь үүнд нөлөөлсөн байна. Мөн бизнесийн тоног, төхөөрөмжийн нийлүүлэлт хоёр дахь сардаа дараалан буурсан. Эдгээр үзүүлэлтүүд худалдааны маргаан даамжирснаар эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлсний илрэл юм.
Гэхдээ худалдааны маргааны гурав дахь алхам эхлэхийн өмнө АНУ-ын компаниуд БНХАУ-аас импортлох бараа, бүтээгдэхүүний худалдан авалтаа эрчимжүүлсэн гэж “JPMorgan”-ийн шинжээчид үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл АНУ-ын компаниуд худалдагааны маргаан гүнзгийрэхээс өмнө худалдан авалтаа нэмэгдүүлж, эрсдэлээс зайлс хийхээр бэлдэж байна гэж таамаглаж болох юм.
АНУ-ын уул уурхайн олборлолт жилийн дотор 8.2 хувиар өсөж ашигтай ажилласнаас гадна уул уурхайн түүхий эд нийт экспортын 8.9 хувийг бүрдүүлж байгаа нь худалдааны дайнтай шууд холбоотой гэж дотоодын эдийн засгийн шинжээчид нь дүгнэж байгаа юм. Ерөөс АНУ нийт экспортынхоо 8.6 хувийг БНХАУ-д нийлүүлдэг. Дээрх нөхцөл байдал нь хоёр улс худалдааны асуудлаар хоорондоо маргаантай байгаа ч эдийн засгийн хувьд харилцан хамааралтай байдал улам гүнзгийрчээ.
АНУ-ын боловсруулах үйлдвэрийн салбарын ашиг энэ оны 3 сараас хойш 5 сар дараалан буурч байсан бол Хятадын импортын бараанд дахин нэмж татвар ногдуулахаар болох үед 0.8 нэгжээр өссөн ч эдийн засагт төдийлөн нөлөөлж чадахгүй байна.
Одоогоор худалдааны дайн АНУ-ын бодит эдийн засагт үзүүлэх үр өгөөж сул байгаа ч хөрөнгө, санхүүгийн зах зээл дээрх арилжааны түвшин сайжирч, хөрөнгө оруулалт нэмэгдсэн үр дүнтэй байна.
Хятад: Худалдааны дайны эхний шинж тэмдэг БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашгийн өсөлт 5 сар дараалан саарснаар илэрч байна. Аж үйлдвэрийн салбарын компаниудын ашиг өнгөрсөн сард жилийн дүнгээрээ 4.1 хувиар өссөн талаар тус улсын үндэсний статистикийн товчоо мэдээлж байсан. Өсөлт тав дахь сардаа дараалан саарсан төдийгүй өмнөх сарынхаас хоёр дахин удааширсан байна. Аж үйлдвэрийн салбарын ашиг ийнхүү саарахад түүхий эд, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт буурсан нь нөлөөлжээ. Энэ нь дэлхийн хоёрдогч том эдийн засагтай улсад дотоодын эрэлт багасаж байгаагийн илрэл юм. Мөн худалдааны маргаан даамжирсан нь БНХАУ-ын аж үйлдвэрийн гарцад сөргөөр нөлөөлжээ.
БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбар 9 сард саарсан үзүүлэлттэй гарсан бөгөөд худалдан авагч менежерүүдийн индекс 50.8 нэгжтэй гарсан. Энэ нь өмнөх сараас буурсан төдийгүй салбарын шинжээчдийн таамагт хүрээгүй үзүүлэлт болжээ. Харин жижиг, дунд бизнес эрхлэгчдэд илүү төвлөрдөг “Caixin” үйлдвэрлэлийн индекс 50.6 нэгж байсан нь өнгөрсөн сард 50 нэгж болж буурсан. Энэ нь 2017 оны 5 сараас хойших хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт юм
Үүний зэрэгцээ БНХАУ-ын эдийн засаг энэ оны III улиралд 6.5 хувиар өссөн бөгөөд өмнөх улирлаас 0.2 хувиар өссөн үзүүлэлт нь дэлхийн санхүүгийн хямралаас хойш хамгийн бага хувиар өссөн дүн болоод байгаа юм. Худалдааны маргаан ийнхүү Хятадын эдийн засагт эрсдэл дагуулж байна.
Хятадын Засгийн газраас худалдааны дайны үеэр сонирхолтой стратеги авч хэрэгжүүлж байна. Энэ нь барилга болон тээврийн салбарт хөнгөн цагааны хэрэглээг нэмэгдүүлэхийг дэмжиж буй юм. Ингэснээр ирэх 3 жилд хөнгөн цагааны эрэлтийг 18 хувиар өсгөх стратеги юм. Өнгөрсөн онд тус улс нийт 32.5 сая тонн хөнгөн цагаан хэрэглэсэн бөгөөд жилийн хэрэглээгээ 6 сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Түүхий эдийн нийлүүлэлтийн илүүдэлд ороод байсан Хятад өнгөрсөн 6 сараас шинэ металлын олборлолт явуулахыг хязгаарлах, компани хоорондын худалдан авалт, нэгдлийг дэмжих, татвараас хөнгөлөх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж байгаа юм. Хятадын Өнгөт Металлын холбооноос хөнгөн цагаан, зэсийн шинэ үйлдвэрүүдийн тоог цөөлөхөөс гадна металлын нөөцөө ашиглан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж үйлдвэрлэхийг зорьж байгаа юм.
Цаашид тус улс гадаадаас импортолдог автомашин, барилга, нисэх онгоцны хөнгөн цагаанаар хийдэг эд ангийг дотооддоо үйлдвэрлэж, эрэлтийг нэмэгдүүлэх стратегийг баримталж байна. Энэ нь дотоодын аж үйлдвэрийн салбарын ашгийг нэмэгдүүлж эдийн засгийн бүтцийн хувьд үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэх замаар гадаад зах зээлээс хамааралтай эдийн засгийн бүтцийг бууруулахаар төлөвлөж байгаа нь урт хугацаанд эрсдэлгүй болох боломж юм.
БНХАУ мөн АНУ-ын импортод тариф ногдуулснаар хоёр улсын гадаад худалдааны жилийн дүнгээр 360 тэрбум ам.доллараар хэмжигдэх бараа, бүтээгдэхүүнд нөлөөлж байгаа юм. Энэ нь цаашлаад дэлхийн эдийн засагт сөрөг нөлөөтэйг ОУВС, Дэлхийн банк анхааруулж байна.
Худалдааны дайны нөлөө бусад улсад
БНСУ-ын эдийн засаг энэ оны III улиралд 0.6 хувиар өссөн нь өмнөх улиралтай ижил дүн боллоо. Мөн жилийн дүнгээр эдийн засаг нь 2 хувиар өссөн нь 2009 оноос хойших хамгийн бага хурдаар өссөн үзүүлэлт болжээ. Ийнхүү өсөлт саарахад барилгын салбарын хөрөнгө оруулалт 6.4 хувиар буурсан нь нөлөөлсөн. Энэ нь 1997-1998 оны Азийн санхүүгийн хямралаас хойших хамгийн огцом уналтад тооцогдож байгаа юм. Тус улсын Засгийн газраас орон сууцны үнийг хязгаарлах бодлого хэрэгжүүлсэн нь барилгын салбарын идэвхийг бууруулсан байна. Мөн “Худалдааны дайн” БНСУ-ын эдийн засгийн гол эрсдэлээр нэрлэгдсэн хэвээр байна.
Худалдааны дайнаас үүдэж Италийн эдийн засаг III улиралд 0.8 хувиар өссөн нь өмнөх улиралаас 0.4 хувиар буурсан. Энэ нь Италийн эвслийн Засгийн газарт шийдвэртэй алхам хийх шаардлага үүсгэж байгаа билээ. Харин тус улсын баталсан төсвийн төслийг Европын холбоо хүлээн авахгүй гэдгээ мэдэгдэж, төслийг шинэчлэх гурван долоо хоногийн хугацаа олгосон байна. Италийн Засгийн газар төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2.4 хувьтай тэнцэхээр тусгасан нь Европын холбооноос тогтоосон журмыг зөрчсөн дүн болжээ. Европын холбооны удирдагчид Итали улсын зарцуулалт өссөнөөр дотоодын эдийн засаг нь Европын эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж болгоомжилж байгаа юм. Харин Итали улс ядуурал болон ажилгүйдлийг бууруулахын тулд төсвийн зардлаа нэмэгдүүлж, эдийн засгаа богино хугацаанд сэргээх гэсэн алхам юм.
Худалдааны дайны нөлөө Их Британийг Европын холбооноос гарах шийдвэрээ түргэвчлэхэд түлхэц өгсөн гэж шинжээчид үзэж байна.
Саяхан Тереза Мэй “Brexit-ийн асуудлаар Европын холбоотой тохиролцоонд хүрсэн бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 29-нд Европын холбооноос гарна” гэж мэдэгдсэн юм. Талууд 8 дугаар сараас хойш тохиролцоонд хүрэхийн тулд ихээхэн анхаарал хандуулж, урт удаан үргэлжилж байгаа асуудлыг нэг тийшээ болгосон. Ийнхүү худалдааны дайн дэлхийн эдийн засагт үзүүлж буйгаас гадна улс төрийн нөхцөл байдалд хүртэл нөлөөлж эхлээд байна.
Евро бүсийн хувийн салбарын өсөлт 2016 оноос хойших доод түвшиндээ хүрч буурсан бол Германы авто зах зээлд хуулийн зохицуулалтаа чангатгаж, автомашин үйлдвэрлэгчид сорилттой тулгарснаас эдийн засгийн өсөлт нь III улиралд саарсан дүнтэй гараад байна.
Италийн төсөв, АНУ-ын протекционист бодлого, “BREXIT” зэрэг эрсдэлүүд худалдааны дайнаас болж улам хүндрэх төлөвтэй байна. Дээрх эрсдэлүүд дэлхийн эдийн засгийн савлагааг улам нэмэгдүүлж байгаа нь дараагийн эдийн засгийн хямрал ойртож буйн цондон болж байна.
Түүхий эдийн зах зээл дэх савалгаа
МОНГОЛ Улсын эдийн засгийн эрдэс баялгийн салбарын гол түүхий эдийн үнэ худалдааны дайнаас болж сүүлийн 7 сар савалгаа ихтэй байлаа. Тухайлбал, зэсийн ханш худалдааны дайн эхлэхийн өмнө 2 дугаар сард тонн тутамдаа 7079.8 ам.доллар байсан бол 11 сард 6180.5 ам.доллар болж 12.7 хувиар буурсан байна. Төмрийн хүдрийн ханш 11.7 хувиар буурсан бол коксжих нүүрсний ханш 5.23 гаруй хувиар буурсан байна.
Энэ байдлаас үзэхэд худалдааны дайны нөлөөлөл Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар мэдэгдэхээр байна. Ирэх жил худалдааны дайн үргэлжлэх аваас түүхий эдийн зах зээлд нөлөөлж Монгол Улсын төсвийн бүрдэлтэд сөргөөр нөлөөлнө.
Дүгнэлт
ДЭЛХИЙН тэргүүлэх эдийн засагтай улс орнуудын сөргөлдөөнөөс болж уул уурхайн жижиг, дунд компаниудад сөргөөр нөлөөлж богино хугацаанд дампуурал зарлахад хүргэж магадгүй байна.
АНУ, Хятадын сөргөлдөөн даамжрах нь тодорхой байгаа энэ үед Хятадын компаниудад сөрөг нөлөө нь шууд мэдрэгдэж эхэлж байна. Харин АНУ-ын компаниудад сөрөг нөлөө нь аажимдаа мэдрэгдэж санхүүгийн зах зээл дээрх хөрөнгө оруулалт буурах, цаашлаад дампуурлаа зарлахад хүртэл хүргэж магадгүй байна.
Дэлхийн хөгжингүй орнуудын эдийн засагт нөлөөлж байгаа энэ байдлыг даван туулахын тулд шийдэмгий үйлдэл хийж байгаагаас үзэхэд зах зээл дээрх эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.
Түүхий эдийн зах зээл савалгаа өндөртэй байна. Энэ нь гол худалдан авагч улс болох Хятадын эдийн засгаас шууд хамаарч буй. Тиймээс хөрөнгө оруулагчид эрсдэлтэй алхам хийхгүйн тулд уул уурхайд оруулах санхүүжилтээ бууруулах магадлалтай байна.
Монгол Улсын 2019 оны төсвийг саяхан баталсан. Тус төсөвт эрдэс баялгаас авах татварын орлогыг эерэгээр таамаглаж оруулсан байгаа билээ. Гэвч Монгол Улсын гол түүхий эдийн үнэ төдийлөн эерэг үр дүнд хүрэхгүй байх магадлалтай байна. Үүнээс үүдэж төсвийн тодотгол хийх, цаашлаад төсвийн алдагдал огцом өсөх эрсдэлтэй байна.
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
Ц.Амар: BREXIT бол Их Британийн зах зээлээ хамгаалах протекционист, дангааршлын бодлогоДараах нийтлэл
“Даяаршил 3.0”: Хятадын амбицСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19