АНУ, Хятадын төрийн тэргүүн нар саяхан болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын худалдааны алдагдлыг бууруулж, “худалдааны дайн” гэж нэрлэгдэж буй уг сөргөлдөөнийг түр буюу 90 хоногийн хугацаанд харилцан бие биедээ буулт хийх замаар яриа хэлэлцээрийн ширээн рүү шилжүүлэхээр тохиролцсон юм. Гэвч үүнээс ердөө хэдхэн цагийн дараа АНУ-ын тал Худалдааны дайны хоёрдугаар үеийг эхлүүлсэн байж магадгүй байгаа билээ. Худалдааны дайны хоёрдугаар үе гэж юу вэ? АНУ, Хятадын талууд худалдааны дайнд холбоотнуудаа татан оролцуулж эхэлсэн үү? гэсэн асуултуудад хариулт олох гэж оролдлоо.
Худалдааны дайны хоёрдугаар үе гэж юу вэ?
АРГЕНТИНЫ нийслэл Буэнос-Айрес хотод саяхан болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Д.Трамп, Ши Жиньпин нар сөргөлдөөнөө түр зогсоож яриа хэлэлцээрийн ширээнд суухаар тохиролцсон билээ. Гэвч хоёр удирдагчийн хүндэтгэлийн оройн зоог дуусаагүй байхад БНХАУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэгч компаниудын нэг “Huawei” компанийн санхүүгийн албаны захирал (тус компанийн үүсгэн байгуулагч Рэн Жэнфейны охин) Мэн Ваньжоуг Иранд авсан Америкийн хориг арга хэмжээг зөрчсөн (тухайлбал Хонгконг-д бүртгэлтэй Skycom Tech Co. охин компани нь Тегеранд тоног төхөөрөмж нийлүүлсэн) гэж үзэж уг гэх хэрэгтэй холбогдуулан АНУ-ын хүсэлтийн дагуу Канадын хууль сахиулах ажилтнууд 12 дугаар сарын 1-нд буюу бямба гарагт Ванкувер хотын нисэх буудал дээр дамжин нислэг хийх гэж байхад нь баривчилсан юм. Канадын Хууль зүйн яам 4 хоногийн дараа Мэн Ваньжоуг баривчилснаа албан ёсоор мэдэгдэж АНУ-ын талд удахгүй шилжүүлэн өгнө гэсэн билээ.
Уг мэдээлэл хурдтай тарж Хятадын тал худалдааны дайны хоёрдугаар үе эхэлснийг төдийлөн ойлгож амжаагүй байхад тус улсын хөрөнгийн зах зээлд огцом уналт ажиглагдсан билээ. Уналтын гол шалтгаан Хятадын үндэстэн дамнасан технологийн тэргүүлэгч компанийн дэд захирлыг баривчилсан явдал байсан.
Баривчилгаатай холбоотойгоор Оттава хот дахь БНХАУ-ын Элчин сайдын яам эсэргүүцлээ илэрхийлэв. Тус газраас “АНУ эсвэл Канадын ямар нэг хуулийг зөрчөөгүй байхад Хятадын иргэнийг Канадын эрх баригчид Америкийн хүсэлтээр баривчиллаа. Хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа ийм үйлдлийг Хятадын тал эрс эсэргүүцэж байна. Хууль зөрчсөн үйлдлээ нэн даруй засч, хатагтай Мэн Ваньжоугийн хувийн эрх чөлөөг сэргээхийг Бээжин уриалж байна” гэв. “Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг Хятад улс анхааралтай ажиглаж, иргэдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шийдэмгий хамгаалахын тулд бүхий л арга хэмжээг авна” гэж цохон тэмдэглэсэн байна.
Тэгвэл Д.Трамп энэ сарын 12-нд Бээжинг шахалтад оруулсан мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр: “Хэрвээ Бээжинтэй худалдааны гэрээ байгуулж чадвал би Хятадын технологийн компанийн захирлыг суллуулах талаар хууль зүйн яаманд нөлөөлж чадна” гэж Ройтерсын сэтгүүлчтэй уулзах үедээ онцолж мэдэгдсэн юм. Сэтгүүлч Д.Трампаас Мэн Ваньжоуг АНУ шилжүүлж авах хүсэлтэй байгаа эсэхийг асуухад тэрээр “Эхлээд Хятадын тал ямар хүсэлтэй байгааг мэдмээр байна. Манай орны хувьд Хятадтай худалдааны гэрээ байгуулах маш чухал, үндэсний аюулгүй байдалд сайнаар нөлөөлөх энэхүү асар том гэрээг байгуулж чадвал би энэ хэрэгт оролцож, нөлөөлөхөд бэлэн” гэж хариулсан байна.
Өөрөөр хэлбэл АНУ-ын тал Хятадын үндэстэн дамнасан томоохон компаниудад хориг тавих, цаашлаад холбоотнуудтайгаа хамтарч Хятадын худалдааны тэлэлтийг агшаах сонирхолтой байна. Үүний тод жишээ нь Д.Трамп одоо явагдаж байгаа АНУ-Хятадын худалдааны хэлэлцээний нэг хэсэгт Мэн Ваньжоугийн асуудлыг барьцаалж байна. Энэ алхам нь АНУ ямар ч хамаагүй аргаар өөртөө ашигтай хэлцэлд хүрч, дэлхийн эдийн засгийн ноёрхлыг хэвээр хадгалахыг хүсэж байгааг илтгэж буй. Тоглоомын онолоор бол “шонхор”, “тагтаа” хоёроос АНУ худалдааны салбарт “шонхор”-ыг сонгож шууд дайралт хийх аргаар тоглож байна.
Цаашид “Huawei” компанийн бүтээгдэхүүний борлуулалт гадаадын зах зээлд огцом буурах таамаглалыг салбарын шинжээчид гаргаж байгаа юм. Энэ нь Хятадын технологийн экспортод нөлөөлөх бөгөөд зах зээлээс аажимдаа шахагдах ч магадлалтай.
АНУ яагаад худалдааны дайны золиосонд Мэн Ваньжоуг сонгов?
ZTE-ийн асуудал цэвэр аж ахуй, эрх зүйн асуудал гэж үзвэл Мэн Ваньжоугийн баривчилгаа нь түр намжсан худалдааны маргааныг дахин шинэ шатанд гаргах алхам болсон. Хятад хүн “нэр нүүр”, “нэр хүнд” (面子, miàn zi – face, reputation)-ээ нэгэнт алдсан тохиолдолд түүнийг сэргээх нь маш хэцүү, заримдаа боломжгүй гэж үздэг. Мэн Ваньжоу зөвхөн “Huawei”-ийн санхүүгийн албаны дарга төдийгүй тус компанийн үүсгэн байгуулагч, тосгоны ядуу тариачны гэр бүлээс намын нөлөө бүхий элитүүдийн нэг болтлоо явсан, ард иргэдийнхээ дунд хүндлэл олсон хүний охин, түүнийг саатуулсан нь тус хувийн компани, БНХАУ-ын эдийн засгийн хөгжлийн стратегийн хөтөлбөрт төдийгүй ХКН-ын нэр хүндэд том цохилт болох юм.
Нөгөөтээгүүр АНУ-ын дарамт шахалтад хариу барих оновчтой арга хэрэгсэл Хятадад алга байна. Маргаанд “дүрмийн дагуу” хариу хориг авахаас өөр хөзөргүй Бээжинд ямар нэгэн хариу үйлдэл хайж олох шаардлагатай.
Лавлагаа. Хятад улс нь 2016 онд дэлхийн ухаалаг утасны борлуулалтын нийт зах зээлд эзлэх хэмжээгээр АНУ-ын Apple, Өмнөд Солонгосын Samsung компанийг түрүүлсэн бөгөөд энэ жилийн хоёрдугаар улирлаас эхлэн Huawei Technologies компани анх удаагаа Apple компанийг түрүүлэн ухаалаг утасны борлуулалтаараа Samsung-ийн дараагаар хоёрдугаарт жагссан. Харьцуулахад Хятадын Huawei компани 2018 оны хоёрдугаар улиралд нийт 54 сая утас, гуравдугаар улиралд 52.2 сая утас борлуулсан нь өнгөрсөн жилийн мөн үеийн үзүүлэлтээс 41 хувь, 43 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байсан бол Samsung Electronics–ийн борлуулалт хоёрдугаар улиралд 8 хувь, гуравдугаар улиралд 14 хувиар тус тус бууран Samsung нийт зах зээлийн 19.6 хувь, Huawei 14.6 хувь, Apple 12.4 хувийг тус тус эзэлсэн байна. Ер нь Хятадын Huawei, Xiaomi, Oppo, Vivo, Lenovo болон бусад брэндүүд утасны захиалга нийлээд 2018 оны хоёрдугаар улирлаас нийт зах зээлийн тэн хагасыг /52 хувь/ даваад байгаа бөгөөд бусад орны брэндийг шахсаар байгаа юм.
Ухаалаг утасны зах зээлд Samsung-ийн эзлэх хэмжээ 22.3 хувиас 18.9 болон буурч түүхэн хамгийн доод хэмжээнд хүрээд байгаа үед Huawei компанийн удирдлагуудын нэг Ричард Ю. өнгөрсөн сард CNBC телевизэд өгсөн ярилцлагадаа 2020 он гэхэд ухаалаг утасны борлуулалтын хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэн Өмнөд Солонгосын компанийг гүйцэж түрүүлэх боломж байгааг мэдэгдсэн. Үүнээс дүгнэхэд Вашингтон Apple компанид Өмнөд Солонгосын Samsung-ийн хувь тавиланг хүсэхгүй байж болох төдийгүй хоригийн үр дүнд Huawei-ийн борлуулалт огцом буурвал Apple борлуулалтаараа Huawei, Samsung-ийг ардаа орхиж зах зээлийг дахин тэргүүлэх юм.
Баривчилгааны мэдээлэлтэй зэрэгцэн америкийн санхүүгийн биржийн индексүүд 1.5 хувиар буурч, S&P 500 фьючерсын уналтын улмаас Чикагогийн барааны биржийн худалдааг түр зогсоогоод байсан юм. Уг мэдээнд мөн Apple, Netflix болон Nividia зэрэг америкийн технологийн аваргуудын хувьцааны ханш буурч хариу үзүүлсэн байдаг. Европ, Азийн талбаруудад мөн ялгаагүй уг сөрөг мэдээ нөлөөлөөд амжсан. Europe Stoxx 600 2.3 хувиар бууран хоёр жилийн доод хэмжээнд хүрсэн бол Хонгконгийн үнэт цаасны бирж 2.3 хувь, Өмнөд Солонгосын KOSPI 1.4 хувиар тус тус буурсан байна. Вашингтоны үйлдэл зөвхөн худалдааны хэлэлцээрт нөлөөлөөд зогсохгүй америкийн эдийн засагт ч мөн ялгаагүй 2019 онд нөлөөлөхөөр байна.
АНУ, Хятадын талууд худалдааны дайнд холбоотнуудаа оролцуулж эхэлсэн үү?
Америкийн эрх баригчдын сонирхож буй Хятадын технологийн аваргуудын “хууль бус” гэх үйл ажиллагаа 2016 оноос эхлэлтэй бол АНУ-ын хууль зүйн яам уг асуудлаарх мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлж байгаа талаар энэ 4 дүгээр сард дурдаж эхэлсэн. “Хоригийг зөрчсөн”-ийг Вашингтон албан ёсоор 8 дугаар сарын 7-ны өдөр мэдэгдсэн бол нэмэлт хоригийг өнгөрсөн сарын 5-нд авсан байдаг.
Уг “хэрэг”-т Хятадын харилцаа холбооны ZTE компанид 1.19 тэрбум ам.долларын торгууль ногдуулсны адил арга хэмжээ авна гэж зарим судлаачид үзэж байсан бөгөөд Хятадыг технологийг хууль бусаар “дуурайн үйлдвэрлэгч улс” гэсэн нийтлэг ойлголттой холбож болох юм. Гэтэл сүүлийн үед БНХАУ харилцаа холбооны салбарт зарим технологийн нээлт хийж, ноу-хау-патентын тоогоор салбарын тэргүүлэгчидтэй зэрэгцэж, зарим тохиолдолд тэргүүлэх хандлагатай болсон.
“Huawei” компанийн болон БНХАУ-д үйлдвэрлэсэн бусад харилцаа холбооны өндөр технологийн бүтээгдэхүүнүүд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй. Хятадын харилцаа холбооны бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулж сан бүрдүүлснийг тус улсын Засгийн газар өөртөө ашиглах эрсдэлтэйг АНУ-ын Холбооны мөрдөх товчооны төлөөлөгч баривчилгааны дараа мэдэгдсэн.
Мөн АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны төлөөлөгч хэлэхдээ: “Зөвхөн Huawei компаниас төдийгүй Хятадын өөр бусад харилцаа холбооны компаниудаас ч мөн адил болгоомжлох хэрэгтэй” гэв.
Эдгээр төрлийн мэдэгдлийг Хятадын Засгийн газар эрс няцаадаг хэдий ч тус улсын компаниуд харилцаа холбооны үйлдвэрлэлд хууль бус үйлдэл гаргадаг гэх сэжиг америкчууд болон түүний холбоотнууд дунд газар авсаар байна.
Хятадын иргэнийг Канадын эрх баригчид Америкийн хүсэлтээр баривчилсан нь худалдааны дайнд АНУ холбоотноо татан оруулж байна гэж ойлгож болох юм. Үүнээс гадна АНУ-ын ойрын холбоотнууд болох Их Британи, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсад мөн Huawei компанийн үйлчилгээ, технологиос татгалзаад эхэлсэн.
Үүний адил Японы эрх баригчид Хятадын Huawei болон ZTE компанид засгийн газартай гэрээ хэлцэл байгуулах хүсэлт гаргах болон улсынх нь нутаг дэвсгэрт төрийн худалдан авах ажиллагаанд оролцохыг хориглосон тухай шийдвэрийг кибер аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдааны үеэр хятадын ухаалаг утаснуудын аюулгүй байдал, мэдээллийн нууцлал хамгаалалттай холбоотой асуудалд болгоомжилж байгаагаас ийн шийдвэр гаргаснаа мэдээлэв.
Huawei компанийг бид борлуулалтаараа хоёрдугаарт ордог брэнд ухаалаг утаснуудаар нь мэдэх боловч үүрэн холбооны цамхаг (celluler tower), интернетийн сүлжээний тоног төхөөрөмж, бусад холбогдох мэдээллийн харилцаа холбооны дэд бүтцээр дэлхийд тэргүүлэгч үйлдвэр гэдгийг тэр болгон хүн мэддэггүй билээ.
АНУ болон түүний холбоотнуудын гол эмээж буй шалтгаан нь 2019 онд ухаалаг гар утасны зах зээлд үүрэн холбооны тав дахь үеийг (5G) дэмждэг ухаалаг утаснууд нэвтрэх бөгөөд Huawei Technologies компани нь одооноос үүрэн холбооны сүлжээнд 5G технологийг идэвхтэй нэвтрүүлээд эхэлсэн төдийгүй Хятад улсын үүрэн харилцаа холбооны технологи цахим эдийн засагт шилжих бүх үндэс суурийг бэлэн болгоод буй. Утасгүй сүлжээний энэхүү шинэ технологиор илүү олон төхөөрөмжид холбогдох, жишээ нь хүний эрүүл мэндийн үзүүлэлтийг хянахаас эхлүүлээд эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх өргөн хэмжээний боломжийг өөртөө агуулдаг. Уг технологиор дамжуулан БНХАУ-д үйлдвэрлэсэн сүлжээнд холбогдох эдгээр төхөөрөмжөөр хяналт тогтоох эрсдэлтэй гэж АНУ харж байна.
Huawei үүгээр зогсохгүй NAFTA-ийн халааг саяхан авсан USMCA гэрээгээр үүрэг хариуцлага хүлээсэн Канад улсад хүртэл байр сууриа бэхжүүлэн, харилцаа холбооны сэдвийг давсан, илүү өргөн хүрээний Хятад-Канадын Засгийн газар хоорондын хоёр талын чөлөөт худалдааны тухай тусдаа гэрээг хэлэлцэж эхлээд байсан юм (USMCA гэрээний нөхцөлд оролцогч талын гуравдагч улстай чөлөөт худалдаа хийх эрхийг хязгаарласан зүйл заалтыг оруулж өгсөн байдаг бөгөөд гэрээний талууд дотроо зөвшилцөөгүй байхад Канад улс ийнхүү хоёр талын хэлэлцээр явуулж байгаа нь уг гэрээг шууд зөрчсөн хэрэг гэж үзэж болох юм).
Ийн Канадыг шийтгэх хууль эрх зүйн үндэслэл байгаа гэж үзвэл “хуучин шударга бус гэрээг” шинэчлэн ялалт байгуулсан Д.Трампын нэр хүндэд дөхөж буй сонгуулийн өмнө сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй тул ийнхүү дам аргаар стратегийн өрсөлдөгчөө буулгаж авах аргачлалыг эрэлхийлж байж болох юм. БНХАУ нь АНУ-ын хоригийг хэзээ ч дэмжиж, хүлээн зөвшөөрч байгаагүй. Гэсэн хэдий ч америкийн анхны тулгалтуудад тактикийн буулт хийсэн нь ийнхүү нөхцөл байдал цаашид даамжрахад хүргэх талтай.
Хятад улс АНУ, Канадын эсрэг ямар алхам хийх вэ?
Хятадын Гадаад хэргийн яамнаас: “Мэн Ваньжоуг баривчлан саатуулсан явдал нь анхнаасаа алдаа байсан бөгөөд Канад энэ алдаагаа даруй засч залруулна гэж найдаж байна” гэж мэдэгдсэн. Үүний дараагаас Канад-Хятадын дипломат маргаан үүсэж эхэлсэн гэж хэлж болох юм.
Хятад “дүрмийн дагуу” Канадад хариу арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд саяхан тус улсын дипломатч асан Майкл Ковригийг баривчилсан мэдээ тархаад байгаа юм. Түүний дараагаар Канадын гадаад хэргийн сайд Кристиан Фрилэнд: “Манай улсын иргэн Майкл Спэвор сураггүй алга болсон бөгөөд Хятадын талд баривчлагдсан байх. Бид Спэворыг хаана байгааг тодруулахаар тус улсад хандсан” гэв.
Ковриг, Спэвор нар нь бие биеэ таньдаг хүмүүс бөгөөд Хятадын тал үндэсний аюулгүй байдалд хор хүргэх үйл ажиллагаатай холбогдуулан баривчилсан байх гэж Канадын тал таамаглаж байгаа юм. Одоогоор Канадын тал сураггүй болсон иргэдийнхээ асуудлыг Huawei компанийн захирлыг баривчилсан хэрэгтэй холбож тайлбарлахаас зайлсхийж байна.
Учир нь Ковриг International Crisis Group стратегийн судалгааны байгууллагад ажилладаг. Хятадын талаар судалгаа явуулдгаас гадна тус улсын нөлөө бүхий хүмүүстэй харилцаа холбоотой байж, хөрөнгө оруулалтыг өөрийн орондоо татдаг байсан байх магадлалтай байгаа юм. Харин Спэвор нь Умард Солонгост жуулчдыг аялуулдаг “Paektu Cultural Exchange” компанийг удирддаг юм. Тэрбээр NBA-ийн од Дэннис Родмэнийг Умард Солонгост хийсэн нэг аяллыг нь зохион байгуулж санхүүжүүлж байсан бөгөөд АНУ-ыг Умард Солонгостой холбогдоход нөлөөлдөг гүүр гэж нэрлэдэг. Дээрх Канадын хоёр иргэнийг Хятадын тал онцолж баривчилсан байх магадлалтай юм. Цаашид ч Хятадын тал энэ ажиллагаагаа үргэлжлүүлж хариу барих нь тодорхой байна.
Хятадын Төрийн зөвлөлөөс АНУ, Канадын томоохон компаниудын эсрэг хориг тавьж болзошгүй байна. Учир нь Хятадад Мэн Ваньжоуг баривчилсантай холбоотойгоор үндсэрхэг үзэл газар авч байгаа бөгөөд Хятадын компаниуд АНУ, Канадын компаниудтай харилцаагаа таслахад хүртэл хүрч магадгүй юм.
Хятадын төрийн байгууллагуудаас хятадад үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулж буй АНУ, Канадын компаниудад шалгалт оруулах, хяналтаа чангаруулах, торгуулийн хэмжээгээ нэмэгдүүлэх зэргээр бизнесийн үйл ажиллагаанд нь нөлөөлж, шахан гаргах гэж оролдох юм. Ингэж бойкотонд оруулахаар байгааг АНУ, Канадын компаниуд мэдэж байгаа ч Хятадын зах зээлийг алдахгүй байхад ихээхэн анхаарах юм.
Хятадын талаас дээрх алхмуудыг хийх замаар өөрсдийн байр сууриа илэрхийлэх нь тодорхой бөгөөд нэмэлт шийдэмгий алхам хийж ч магадгүй.
Дүгнэлт
Вашингтоны гэнэтийн алхам нь Бээжингийн дургүйцлийг хүргэхээс гадна холбоотнуудаа татан оролцуулснаар худалдааны дайныг улам өргөжүүлээд байна. Худалдааны алдагдал бууруулах асуудал одоо өөрсдийн дотоодын үйлдвэрлэлүүдийг дэмжих зорилготой үндэсний брэнд хийгээд үндэстэн дамнасан компаниудын ашиг орлогод нөлөөлөх гэсэн өрсөлдөөн өрнөж эхэллээ.
Хятад техник, технологийн хөгжилд суурилсан эдийн засгийн бодлогоо “Бүс ба зам”-ыг цахим эдийн засагтай уялдуулахаар зорьж байгаа бол эдийн засгийн өсөлтийн уг хүчин чармайлтыг АНУ ямар ч хамаагүй аргаар хазаарлахыг хичээж байгаагаа харууллаа.
АНУ-ын Канадтай хамтарсан баривчилгааг Бээжин зүгээр хараад суулгүй хариу арга хэмжээг шат дараатай авч эхлээд байна. Энэ нь даамжирвал Хятадад үндсэрхэг үзэл газар авч АНУ, Канадын компаниудад сөргөөр нөлөөлж, эдийн засагт нь мэдрэгдэх магадлалтай байна.
АНУ Хятадын технологийн их гүрэн болон хувирч буй хурдтай өсөлтийг саармагжуулах ээлжит оролдлогоо өмнө нь 2016 онд Huawei-ийн “бага дүү” болох ZTE компани дээр туршиж үзсэн шигээ энэ удаад мөн ялгаагүй гол өрсөлдөгчөө буулган авахыг эрмэлзэж байна.
Цаашид худалдааны дайн улам гүнзгийрч мэдэхээр байна. Талууд харилцан буулт хийхээс илүүтэй авах арга хэмжээнийхээ цар хүрээг улам тэлэх нь тодорхой боллоо. Тиймээс энэ үед Монгол улс идэвхтэй гадаад бодлого явуулах замаар ашигтай гэрээ хэлэлцээр байгуулж экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох, үйлдвэржилтийг хөгжүүлэх нь шаардлагатай байна.
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
Найдвар төрүүлсэн “Их 20”-ийн уулзалтДараах нийтлэл
Оросын Холбооны Улс 2018 ондСүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02