Беларусийн ерөнхийлөгчийн сонгууль ба гадаад дотоод хүчин зүйл

2020-08-13

https://niss.gov.mn/wp-content/uploads/2020/08/protesty.jpg

Юу болов? Сонгуулийн үр дүн

Өнгөрсөн ням гарагт буюу 8 сарын 9-ний өдөр Беларусийн ерөнхийлөгчийн ээлжит 6 дахь удаагийн сонгууль болж, тус улсын тусгаар тогтносон түүхэн дэх хамгийн их буюу 55 хүн өрсөлдөхөөр бүртгүүлснээс 5 хүн нэр дэвшиж, өнгөрсөн 26 жил ерөнхийлөгч хийсэн Александр Лукашенко сонгогчдын 80.1 хувийн саналаар[1] үнэмлэхгүй ялалт байгуулав. Бусад нэр дэвшигчийн хувьд Светлана Тихановская сонгогчдын 10.1 хувь, Анна Коннопацкая 1.7 хувь, Сергей Черечень 1.1 хувь, Андрей Дмитриев 1.0 хувийн саналыг авсан бол 6.0 хувь нь цагаан хуудас өгчээ.

Гэвч сонгуулийг будлиантай болсон хэмээн үзэж таван нэр дэвшигчээс сонгуулийг хүчингүйд тооцох өргөдөл гомдлоо А.Лукашенкогоос бусад 4 нэр дэвшигч бүгд өгчээ.[2] Хараат бус ажиглагчид хоёроор гарч ирсэн С.Тихановская сонгогчдын 71.1, харин Лукашенко ердөө 13.7 хувийн саналыг авсан хэмээн үзэж байна. С.Тихоновскаягийн сонгуулийн штаб тус улсын Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, сонгуулийн бүх тойрогт сөрөг хүчнээс нэр дэвшигч ялалт байгуулсан гэж үзэн эрх мэдлийг тайвнаар шилжүүлэхийг шаардав. Мөн саналын тооллого зөрчилтэй явагдсан талаар СЕХ-нд хүсэлт гомдол гарган сонгуулийн хуудас, сонгогчдын мэдээлэл, сонгуулийн протоколыг шалгаж, дахин тооллого явуулах бломжгүй тохиолдолд зарим тойргийн сонгуулийн дүнг хуульд зааснаар хүчингүйд тооцохыг шаардсан.

Сонгогчид ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн 10-нд шилжих шөнөөс жагсаж эхэлсэн ба тэр орой Минскт 300 мянган хүн жагссан нь оршин суугчдын 15 хувийг хамарчээ. Улмаар 12-нд шилжих шөнө гэхэд эсэргүүцлийн жагсаал 25 хот руу тархаад байна. Жагсаалын үеэр цагдаа, дотоодын цэргийн 14 төлөөлөгчийг оролцуулан нийт 65 хүн бэртэл гэмтэл авч, эрх баригчид эрүүгийн 17 хэрэг үүсгэсэн ба жагсагчдын тоо нийтдээ 500-550 мянгад хүрсэн гэж сөрөг хүчнийхэн тооцоолжээ. Жагсагчид эсэргүүцлээ зам хаан хаалт босгон илэрхийлж, хууль сахиулах байгууллагууд тусгай техник хэрэгсэл, нулимс агаруулагч хий, резинэн сум ашиглан тэднийг тарааж, олноор баривчилгаа явуулсаар байна. Германы ‘Deutsche Welle’ сэтгүүлд дурдсанаар сонгуулийн дараах гурван хоногт 6 мянга гаруй хүнийг саатуулаад байгаа аж. Харин Беларусийн эрх баригчдын тооцоогоор Минск дэх жагсаалд 30 орчим мянган хүн, Брестэд 15 орчим хүн, нийтдээ 100 мянга хүрэхгүй хүн жагссан ажээ.

Жагсаалын хоёр дахь өдөр С.Тихановская Беларусийн ард иргэдэд ‘цагдаа нарт эсэргүүцэл үзүүлэн амь насаа аюулд оруулахгүй’ байхыг уриалан хандсан бичлэг цацаж, төдөлгүй С.Тихановская тус улсыг орхин,  Литва улс руу дүрвэсэн нь мэдэгдэв. Уг бичлэгийн өмнөх өдөр С.Тихановская СЕХ-ны байранд байхад хүсэлтээ гардуулж, дарга Ермошина өрөөгөө орхиж гарсаны дараа хүчнийхэн түүнтэй гурван цагийн турш ярилцлага хийсний эцэст, дарамт шахалт үзүүлсний улмаас тэрээр аргагүй эрхэнд тэмцлээ зогсоох ийм шийдвэр гаргахад хүрсэн гэж сөрөг хүчнийхэн дүгнэж байна.

“Өнгөт хувьсгал” хийх оролдлого уу?

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 7 дугаар сарын 29-ний өдөр Беларусийн тусгай албад Оросын цэрэг дайны зорилготой “Вагнер” компанид /ЧВК/ ажилладаг хөлсний дайчид гэх ОХУ-ын 33 иргэнийг тус улсын нутаг дэвсгэрт нийтийн эмх замбраагүй байдал үүсгэхээр ирсэн байж болзшогүй гэж үзэн Минскийн ойролцоо барьж саатуулсан.[3] Тэдгээрийн дийлэнх нь Донбассд зэвсэгт дайчдын (оросын) талд байлдаж байсан гэж үзээд Киев тэднийг Украйны талд шилжүүлэхийг шаардав.[4] Беларусийн ерөнхийлөгч А.Лукашенко саатуулгадсан оросын иргэдийн гэм буруутайг Украйны тал нотолтол тэднийг шилжүүлэхгүй гэдгээ Украйны сэтгүүлч Д.Гордонтой сонгуулийн өмнө хийсэн ярилцагын үеэр мэдэгдэж, учир шалтгааныг олж тогтоохоор В.Путинтэй тохиролцсон тухайгаа сонгуулийн өдөр мэдэгдсэн юм. Харин Оросын тал тэр саатуулагдсан этгээдүүд нь Беларусиар дамжиж явсан хувийн хамгаалалтын албаны ажилтнууд болохыг мэдэгдэж, ОХУ-ын Мөрдөн байцах хороо уг хэргийн мөрөөр тус улсын Холбооны аюулгүй байдлын албанаас өгсөн мэдээллийн дагуу шалгалт хийн, дайн байдалтай орнуудад харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэн амьдралаа залгуулдаг оросын эдгээр иргэдийг гадаадын тусгай албад харанхуй ашигласан болохыг нотлох баримтуудаар, нарийн шалгалт хийсний эцэст Украйны аюулгүй байдлын албанаас /СБУ/ зохион байгуулсан ажиллагааны хохирогчид болсныг тогтоосон гэв.[5] Өөрөөр хэлбэл ОХУ Беларусийн харилцааг муутгах, сонгуулийн үр дүнд нөлөөлөх, Беларусьт тогтворгүй байдал үүсгэх зорилгоор оросын иргэдийг Украйнууд ашигласан гэж Оросын тал мэдэгдэн, үүний нотлох баримтуудыг Беларусийн талд гаргаж өгчээ.  

Ийнхүү эсэргүүцлийн жагсаалд Украйныг сэрдэж байгаа төдийгүй жагсаалын ардах зохион гол байгуулагчдыг Польш, Их Британи, Чех улсууд гэж А.Лукашенко мэдэгдсэн. Эрх баригчид Польшид суурилсан, илт өрнөдийнхний баримжаатай сөрөг хүчний NEXTA telegram мессенежерийн суваг бүхий мэдээллийн үүсвэр нөхцөл байдлын мэдээг хамгийн идэвхтэй, нэг өнцгөөс мэдээлж байна гэж буруушаажээ.

Энэ удаагийн жагсаалыг Москвагийн Карнегийн төв дүгнэхдээ өнгөт хувьсгал гэхээсээ илүү иргэдийн бухимдлын тэсрэлт гэж үзжээ. Учир нь Минскт интернэтийг салгасан, хотын төвийг хаасан, жагсаалыг зохион байгуулж буй удирдагч гэж байхгүй, эрх баригчид бүх хүчнийхнийг хяналтдаа байлгадаг ийм тохиолдолд өнгөт хувьсгал гарах боломжгүй. Уг жагсаал нь эрх баригчдыг унагаах зорилготой гэхээсээ илүү ард иргэдийн дотроосоо гарсан бухимдлын илрэл гэж үзжээ.

Олон улсын байр суурь

БНХАУ, ОХУ, ТУХН-ийн орнуудын тэргүүн нар дахин сонгогдож буйд нь Александр Лукашенкод баяр хүргэн цахилгаан илгээсэн.

Харин өрнөдийн орнууд, тухайлбал Европын Холбооны комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен саналын тоог үнэн зөв гаргахыг уриалан, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх гэж яарахгүй байна. Польшийн Гадаад хэргийн сайд Яцек Чапутович Беларусийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авах асуудал, Беларусь дахь нөхцөл байдлаар хэлэлцүүлэг хийх хүсэлт тавьсан. ХБНГУ-ын засгийн газар Беларусьт болсон сонгууль ардчиллын наад захын стандартад нийцээгүй хэмээн мэдэгдэв. Беларусийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд Минск хотод жагсагчдын эсрэг хүч хэрэглэснийг Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш зэмлэн буруушааж, Чехийн парламентын депутатууд, намын удирдагчид Беларусийн сөрөг хүчнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Беларусийн сонгуулийн үр дүнд хандаж буй ялгаатай байр сууриас харахад нэг талд өрнөдийнхөн, нөгөө талд ОХУ ба бусад улс гэсэн хуваагдмал дүр зураг тодорч байна. 

Беларусийн ээдрээт гадаад орчин

ОХУ өрнөдийн хоорондох сөргөлдөөний голд Беларусь улс оршдог. Хэдийгээр Беларусь ОХУ-тай стратегийн холбоотны харилцаатай, ОХУ-ын Евразийн эдийн засгийн холбоонд идэвхтэй оролцдог, ОХУ руу налсан гадаад бодлого баримтладаг ч өрнөдийнхөн ба ОХУ-ын сөргөлдөөн бүхий аюулгүй байдлын гадаад орчинд илүү прагматик олон талт гадаад бодлого явуулах шаардлагатай тулгарсан байна. Ялангуяа Украйны хямралаас хойш ОХУ ба өрнөдийн орнуудын хоорондох зөрчилдөөн хурцадсан нь Беларусийн аюулгүй байдлын гадаад орчныг улам ээдрээтэй болгожээ.

НАТО Зүүн Европт цэргээ байршуулж, Балтын тэнгисийн гурван улс болон Польш улсад 4 батальон бүхий олон улсын цэрэг байршуулж, тоогоо нэмэгдүүлэв. НАТО мөн Украйнтай олон удаа цэргийн сургууль хийсэн. АНУ 2016 оноос Румын, Польш улсад агаараас хамгаалах систем суурилуулж эхэлжээ.

Харин нөгөө талаас ОХУ ч мөн Украйнтай хиллэдэг бүсийнхээ ойролцоо өргөн хэмжээний цэргийн сургууль тогтмол явуулах болж, мөн хойд талдаа С-400 агаарын довтолгооноос хамгаалах систем суурилуулжээ.

Беларусь улс эргэн тойрон дахь цэрэг, улс төр аюулгүй байдлын ийм ээдрээт орчинд хоёр том хүчний мөргөлдөөнд орооцолдох вий гэхээс болгоомжилдог. Уг болгоомжлол Украйны хямралын дараа улам нэмэгдэж, гадаад бодлогоо илүү бие даахад чиглүүлэх болсон нь ОХУ-тай харилцах харилцаанаас тод харагдаж байна. 2014 онд Крымыг ОХУ-д нэгтгэхэд Беларусь улс албан ёсны байр сууриа илэрхийлээгүй. 2015 онд ОХУ Беларусьт агаарын цэргийн баазаа байрлуулах санал тавьсан ч А.Лукашенко эвтэйхэн татгалзсан. Евразийн эдийн засгийн холбоог улс төржихөөс ихэд сэргийлдэг ба 2015 онд рублийг нэгдсэн мөнгөн тэмдэгт болгох асуудлаар А.Лукашенко ‘намайг байх хугацаанд ийм зүйл хөндөх шаардлагагүй’ гэж байжээ. Түүнчлэн Европын Холбооны ‘дорнын түншлэл’-ийн дээд хэмжээний уулзалтад идэвхтэй оролцох болсон ба ЕХ ч Беларусьт өгөх тусламжаа нэмэгдүүлсэн аж. АНУ Беларусь хоёр 2008 онд эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж муудаад байсан харилцаагаа сэргээж, 2019 онд Элчин сайд нараа дахин харилцан томилон суулгажээ.

Беларусь улс гадаад аюулгүй байдлын эмзэг байдлаа дагаад явуулсан олон талт прагматик гадаад бодлого нь дотоодын нөхцөл байдлаас мөн урган гарсан юм.

Дотоодын хүчин зүйлүүд

Украйны хямралыг шийдсэн ОХУ-ын хандлага Беларусийн ард иргэд нийгмийн уур амьсгалд ч нөлөө үзүүлсэн бөгөөд Беларусийн иргэдийн гуравны нэг нь ОХУ-ын үйлдэлд дургүйцэж, Оросоос зай барих хандлага нэмэгдсэн аж. Беларусьчууд Украйн шиг нөхцөл байдал буюу тогтворгүй байдлыг хүсээгүй учраас 26 жил А.Лукашенко эрх барих, авторитар дэглэмийг хүлцэх нөхцөл болсон гэж судлаачид дүгнэдэг (2004 онд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж ерөнхийлөгчийг 2-оос дээш удаа улиран сонгохгүй байх хязгаарлалт заалтыг авч хаяснаас хойш 6 дахь удаагаа сонгогдож буй). Гэвч энэ хүлцэл дотоодын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой эцэстээ тулсан байж болзошгүй.

Экспортын барааны эрэлт гадаадад унаж, төрийн компаниудын санхүүгийн байдал дордоод байсан нөхцөл байдал корона вирусын цар тахлын үеийн А.Лукашенкогийн авсан сул арга хэмжээнүүд нэрмээс болж (Беларусьт 70 мянган хүн Ковид 19-ийн халдвар авч, 600 хүн нас бараад байгаа), арав гаруй жил хямраад байсан Беларусийн эдийн засгийг улам доруулж, беларусийн ард иргэдийг бухимдуулаад байв. Дорвитой бүтцийн шинэчлэл хийгдээгүйн дээр эдийн засгийн өсөлтийн дотоод чадавх хязгаарлагдмал, амьдралын түвшний ялгаа нэмэгдэж, ОХУ-ын Беларусьт үзүүлж байсан татаасын хэмжээгээ бууруулсан нь тус улсын өрсөлдөх чадварт шууд нөлөөлсөн гэж болно. Беларусийн ре-экспортын орлогын 25 хувийг ОХУ-аас импортлосон нефть хийн түүхийн эдийг боловсруулсан бүтээгдэхүүн эзэлж байсан юм.

Дүгнэлт

Гадаадын хүчнүүдийн сөргөлдөөнт орчин ба дотоодын эдийн засаг хүндэрсэн нөхцөл байдалд нийгмийн тогтворгүй байдал үүсэх эмзэг нөхцөл бүрэлдсэн ийм дэвсгэр дээр тус улсын ерөнхийлөгчийн сонгууль өрнөсөн байна. Тодруулбал Беларусийн энэ удаагийн сонгуулийн онцлог нь гадна талдаа их гүрнүүдийн тоглолтод татагдан орох, дотор талдаа беларусийн ард иргэдийн дийлэнх олонхын дэмжлэгийг тэтгэх эдийн засгийн хөшүүрэггүй болох, улмаар авторитар дэглэм нь эрх зүйн чадамжаа алдах бодит эрсдэлтэй А.Лукашенко тулгараад байна. Беларусь улс уг нөхцөл байдлаас яаж хохирол багатай гарах, А.Лукашенко дэглэмээ хэрхэн хадгалж үлдэх нь тодорхойгүй байна.


[1] Урьдчилсан дүнгээр

[2] Все кандидаты в президенты Беларуси, кроме Лукашенко, оспорили результаты выборов https://meduza.io/news/2020/08/12/vse-kandidaty-v-prezidenty-belarusi-krome-lukashenko-reshili-obzhalovat-rezultaty-vyborov

[3] https://www.kommersant.ru/doc/4434661

[4] Украина направила Белоруссии запросы о выдаче 28 задержанных россиян https://www.kommersant.ru/doc/4450967

[5] Арест 33 россиян в Минске оказался провокацией спецслужб Украины https://www.kp.ru/daily/217165/4266019/


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА