“Восток-2018”: Гурван улсын ашиг сонирхол, олон улсын ажиглагчдын үнэлгээ
2018-10-18
ВЛАДИВОСТОКТ зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг шууд залган 2018 оны 9 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд ОХУ, БНХАУ, Монгол Улсын зэвсэгт хүчний хамтарсан “Восток-2018” хээрийн сургууль болж өнгөрсөн нь (сургуулийн эхний үе шат, тухайлбал, ОХУ-ын талаас оролцох цэргийн тойргуудын гэнэтийн шалгалт, стратегийн команд-штабын сургууль, анги, нэгтгэлүүдийн шилжин байрлалт нь наймдугаар сарын дундуур эхэлсэн) өнгөрөгч сард манай бүс нутагт аюулгүй байдлын салбарт болсон голлох үйл явдал байлаа.
Энэ нь оролцогч гурван улс – ОХУ, БНХАУ, Монгол Улсын хувьд улс төр, аюулгүй байдлын болон цэргийн ач холбогдолтой болсон төдийгүй өрсөлдөгч блок – НАТО-ийн хувьд ч сонирхол татсан, сэрэмжлэхэд хүргэсэн, олон янзын дүгнэлт, таамаглал дэвшүүлж, үнэлгээ гаргахад хүргэв. ЗСБНХУ оршин тогтнож байх үед Варшавын гэрээний байгууллагын гишүүн – зөвлөлтийн цэрэг-улс төрийн холбоотон армиудтай хамтран зохион байгуулсан “Запад-1981” хээрийн сургуулиас хойш анх удаа олон улсын чанартай (ТУХН ба Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудтай хийж ирсэн тактикийн сургуулийг эс тооцвол), оролцсон цэргийн алба хаагч, нэгж техник, хамарсан газар орны хүрээ, шилжин байрласан зай талбайгаар хамгийн том нь боллоо. 10 дугаар сарын 10-ны өдөр ОХУ-ын БХЯ-ны сайд, армийн генерал С.К.Шойгу сургуулийн дүнг албан ёсоор гаргаж, “орчин үеийн Оросын түүхэнд байгаагүй далайцтай, нээлттэй боллоо” гэж мэдэгдэв.
СУРГУУЛИЙН ДАЛАЙЦ
ОХУ-ын Зэвсэгт хүчин, Хятадын ардын чөлөөлөх арми, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт 300 мянга орчим цэргийн алба хаагч (Оросын талаас гаргасан албан ёсны тоо), нэг мянга гаруй нэгж нисэх онгоц, нисдэг тэрэг, нисэгчгүй нисэх аппарат, 36 мянга шахам нэгж танк, хуягт тээвэрлэгч машин, явган цэргийн байлдааны машин, 80 нэгж байлдааны болон хангалтын хөлөг онгоц татан оруулсан уг сургуулийг 59 орны 87 цэргийн ажиглагч, атташе нар ажиглаж, Оросын болон гадаад улсын 326 хэвлэл, мэдээллийн хэрэгслийг төлөөлсөн сэтгүүлчид сурвалжлав.
«Восток-2018» нь Ази, Номхон далайн бүс нутгийг ОХУ-ын идэвхтэй оролцоо бүхий улс төр, эдийн засаг, хүмүүнлиг, аюулгүй байдал, цэргийн хамтын ажиллагааны талбар болгох бодлогын илэрхийлэл болов.
ОХУ-ын зүгээс цэргийн “Дорнод”, “Төв” тойрог, Умард флотын 297 мянган цэргийн алба хаагч, сургалтын 18 полигонд шилжин байрласан. Үүнд хуурай замын цэргийн анги, нэгтгэлүүд байнгын байрлалаасаа 7 мянган км газарт (хамгийн хол нь Самара, Оренбургаас) шилжин байрласан бол Умард флотын хөлөг онгоцууд 4 мянган милийн зайд манёвр үйлджээ. Сургуульд мөн ОХУ-ын холбооны 20 субъектийн төр, захиргааны байгууллагуудыг татан оролцуулав. БНХАУ-ын зүгээс ХАЧА-ийн 3200 цэргийн алба хаагч, 900 нэгж техник, 24 нэгж нисдэг тэрэг, байлдааны 6 нисэх онгоцыг тактикийн бүлэг болон агаарын дэмжлэгийн бүлгийн түвшинд оролцууллаа. Сургуульд нийт 60 мянган тонн шатах, тослох материал, 4 мянган тонн сум, галт хэрэгсэл зарцуулсан байна.
“Восток-2018” нь оролцогч гурван улсын хувьд улс төр, аюулгүй байдал, цэргийн ач өндөр холбогдолтой болсон төдийгүй Өрнөдийн орнууд, ялангуяа НАТО-ийн анхаарлын төвд байж, талууд өөр өөрийн өнцгөөс үнэлгээ өгч байна. Оролцогч талуудын ач холбогдлын хувьд нэгдмэл сонирхол байсан ч өөр өөрийн үндэсний эрх ашгийн үүднээс томъёолсон гэж үзэх нь илүү оновчтой байх болно.
ОХУ-ЫН АШИГ СОНИРХОЛ
ОХУ-ын хувьд “Восток-2018” сургууль хэр ач холбогдолтой байсныг тус улсын БХЯ-наас гаргасан албан ёсны дүнгээс болон олон улсын ажиглагчдын өгч буй үнэлгээнээс харж, дараах байдлаар томъёолж болно:
1. Цаг хугацааны хувьд “Восток-2018” нь Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг шууд залгаж, түүнд төрийн тэргүүний түвшинд оролцсон хөрш гурван улсын зэвсэгт хүчин хамтран оролцсоноор (улс тус бүрийн оролцооны хэмжээ, түвшнээс үл хамааран) ОХУ-ын Алс Дорнодод чиглэсэн геополитикийг нэг цогц байдлаар харуулж, Ази, Номхон далайн бүс нутгийг ОХУ-ын идэвхтэй оролцоо бүхий улс төр, эдийн засаг, хүмүүнлиг, аюулгүй байдал, цэргийн хамтын ажиллагааны талбар болгох бодлогын илэрхийлэл болов. Мөн АНУ-ын гадаад бодлогод шинэ тутам нэршил буй болж, Энэтхэг-Номхон далайн стратегийг боловсруулсантай үндсэндээ давхцаж буйг Өрнөдийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд анхааруулж байгаа нь ч сонирхол татна. Өөрөөр хэлбэл, Оросын геополитикт өрнө, дорнын чиглэл эн тэнцүү байгааг үүгээр илэрхийлж байна. Умард флотын хүч Камчаткийн хойг, Берингийн булангаас Охотын тэнгис, Япон тэнгис хүртэл шилжин Номхон далайн флотын бүлэглэлүүдтэй хамтран сургуулилт хийсэн явдал ч үүнийг нотолно. Дүндээ ОХУ, БНХАУ-ын стратегийн түншлэлийн хүрсэн түвшинг, мөн Орос, Хятад, Монголын хооронд тогтсон цэргийн итгэлцлийн бат бэх байдлыг илтгэсэн арга хэмжээ боллоо ч гэж дүгнэж болно.
2. “Восток-2018”-ыг “Запад-1981”-тэй зүйрлэж, зарим үзүүлэлтээр давж гарсан гэх дүгнэлт нь тодорхой үндэслэлтэй. 1981 оны 9 дүгээр сарын 4-12-ны өдрүүдэд ЗХУ-ын цэргийн гурван тойрог (Балт орчмын, Белоруссийн, Киевийн), Балтийн флотын анги нэгтгэлүүд, Варшавын гэрээний байгууллагын гишүүн социалист орнуудын зэвсэгт хүчний алба хаагчид оролцсон оператив-стратегийн сургуулиас хойш өнөөг хүртэл явагдаагүй хэмжээтэй сургууль болсон гэж үзэж байна. Хэдийгээр “Запад-1981”-т илүү олон улс (Зүүн Европ дахь ЗСБНХУ-ын холбоотнууд), тэдгээрээс илүү олон тооны цэргийн алба хаагч, нэгж зэвсэг техник татан оруулсан үзүүлэлт нь “Восток-2018”-аас давж гарах боловч хамарсан нутаг дэвсгэрийн хувьд, хуурай газрын нийт талбай, тэнгисийн акваторийн хэмжээгээр “Восток-2018” бараг арав дахин илүү байна. Уг сургуулийн стратегийн ач холбогдол үүнд оршино гэж Оросын болон Өрнөдийн шинжээчид нэгэн адил дүгнэж байна.
ОХУ-ын зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал хоорондын харилцан ажиллагаа, цэргийн тойргуудын синхронизацийн түвшинг сайн түвшинд байгааг олон улсын ажиглагчид, шинжээчид дүгнэв.
3. ЗХУ задарснаас хойш ОХУ өөрийн цэрэг-улс төрийн холбоотон орнуудтай (БНХАУ, Беларусь, ТУХН-ийн гишүүн Төв Азийн орнууд) хамтарсан сургууль, дадлага хийсээр ирсэн ба 2017 онд Беларусьтай хамтарсан сургуулийг мөн л “Запад” хэмээн томъёолсон зэргээс олон улсын хамтарсан сургуулиудын ач холбогдлыг Оросын тал ямагт өндөр үнэлж ирсэн нь харагдана. Гэсэн ч ОХУ-ын БХЯ-ны дүгнэлтэд “Восток-2018”-д БНХАУ, Монгол Улс хамтран оролцсоноор “олон улсын чанартай болж”, ач холбогдол нь дээшилсэн гэсэн үнэлгээг онцгойлон өгсөн нь зүй ёсоор анхаарал татна. Хөрш хоёр улстай хоёулантай нь хоёр талын хамтарсан сургууль зохион байгуулж ирсэн туршлага хангалттай буй хэдий ч гурван талын сургуулийг анх удаагаа хийсэн, нөгөөтэйгүүр, Алс Дорнодын чиглэлд, Ази, Номхон далайн бүс нутагт хоёроос дээш улсын зэвсэгт хүчин оролцсон анхны сургууль гэдэг улс төр-геополитикийн ач холбогдол нь илүү жин дарж байна хэмээн Өрнөдийн ажиглагчид үнэлснийг үнэнд ойртож очно гэж дүгнэж болох юм.
4. “Восток-2018” нь олон улсын хэлбэртэй ч мөн чанар, агуулгаараа ОХУ-ын өөрийнх нь зэвсэгт хүчний төрлийн цэргүүд, цэргийн тойргууд, түүгээр зогсохгүй иргэн-цэргийн байгууллагуудын харилцан ажиллагааны түвшин, бэлэн байдлыг шалгахад чиглэсэн арга хэмжээ болсон. Зөвхөн хөрш орнуудын хэмжээнд төдийгүй ОХУ дотроо төр, засгийн байгууллагууд, холбооны субъектүүдийн хооронд ч болзошгүй аюулын үед харилцан ажиллах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй сургууль болсон гэж ОХУ-ын БХЯ үзэж байна. Хуурай замын цэрэг, тэнгисийн цэрэг, агаар-сансрын хүчин, агаарын десантын цэргийн командлал хоорондын харилцан ажиллагаа, цэргийн тойргуудын синхронизацын түвшинг хангалттай сайн түвшинд байгаа харуулав гэж сургуулийг ажигласан Италийн цэргийн шинжээчид дүгнэжээ. Мөн томоохон сургуулийн явцад нисэгчгүй нисэх аппарат, роботыг урьд өмнөхөөс илүү өргөн хүрээнд байлдааны ажиллагаанд ашиглахад чиглэсэн туршилт хийж гүйцэтгэснийг НАТО-ийн ажиглагчид онцлов. Сургуулийн дүнд суурилан ирэх онд ОХУ-ын зэвсэгт хүчний хэмжээнд явуулах сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт тодотгол хийх болно хэмээн тус улсын БХЯ-наас мэдэгдсэн нь ч үүнийг давхар нотолж байна.
БНХАУ-ЫН АШИГ СОНИРХОЛ
“ВОСТОК-2018” сургуульд ОХУ-ын зэвсэгт хүчний хэмжээний өргөн бүрэлдэхүүнтэй биш боловч төрлийн цэргүүдийн төлөөлөлтэй, өөрийн зэвсэг, техниктэй оролцсон БНХАУ ч өөрийн гэсэн стратегийн болон тактикийн зорилт тавьсан болох нь ажиглагдаж байна:
1. Д.Трампын эхлүүлээд байгаа “худалдааны дайн”-аас шалтгаалан муудаж буй БНХАУ-АНУ-ын харилцаанд нааштай эргэлт хараахан гараагүй байгаа цаг үед Хятад-Оросын стратегийн түншлэлийн харилцаа дээд түвшинд байгааг юуны өмнө Вашингтонд нотлон харуулах нэгэн боломж гэдэг талаас нь “Восток-2018”-ыг Бээжин харсан байх магадлалтай. Ийм дүгнэлтийг Сингапурын Наньяангийн технологийн их сургуулийн Олон улс судлалын төвийн шинжээч дэвшүүлж байна. Хятад нь АНУ төдийгүй бүс нутгийнхаа хэд хэдэн улс, түүн дотор хөрш Энэтхэг, Вьетнам, Япон улстай ээдрээтэй харилцаатай болсон, Өмнөд Хятадын тэнгис дэх акваторийн маргаан нь нэг талаас олон улсын эрх зүй, нөгөө талаас геополитикийн бодит байдлын тунд “тэлээ” байдалтайгаар гацаанд орсон зэргээс шалтгаалан ХАЧА-ийн хуурай зам, тэнгисийн болон агаарын хүчин өөрийн нутаг дэвсгэрийн гадна, эх газрын болон усан хилээс алсад, газар зүй, байгаль цаг уурын танил бус нөхцөлд бие дааж байлдааны ажиллагаа явуулах бүрэн чадвартай гэдгээ бүс нутгийн орнуудад харуулах зорилго агуулсан байж болно. Хятадын Цэргийн төв зөвлөлийн ивээл дор үйл ажиллагаагаа явуулдаг ChinaMil цахим хуудаснаа “Зарим жанжлагч хүчний зүгээс Хятад, Оросыг хамгийн том аюул хэмээн харж, манай хоёр улсад улс төр, эдийн засаг, цэргийн салбарт саад тотгор учруулж байгаа энэ цаг үед хоёр талын хамтарсан сургуулийн ач холбогдол илт байна” хэмээн дүгнэснийг Хятадын албан ёсны байр суурь гэж үзэж болно (энд сургуулийг гурван талын бус, хоёр талын гэж томъёолсныг ч анхаарууштай).
2. Өөрийн стратегийн түнш, ойр дотно харилцаатай ОХУ-д ч энэхүү сургуулиар дамжуулан тодорхой “дохио” өгсөн байх магадлалтай. Тухайлбал, 2015 оноос хойш өрнөсөн ХАЧА-ийн өргөн хүрээний шинэчлэлийн (удирдлага, зохион байгуулалт, бүтэц, бүрэлдэхүүн, сургалт бэлтгэл, зэвсэглэл техникийн) эхний шатны үр дүнг 2019 онд гаргах ба одоогийн байдлаар хүрсэн амжилтаа Оросын талд харуулах, харилцан хэрэгцээ, шаардлага тулгарах үед найдвартай холбоотон болж чадахаа илэрхийлэхийг зорьсон байж болно хэмээн Америкийн цэргийн шинжээчид үзэж байна. Хэдий тийм боловч, энэ удаагийн сургуульд оролцсон цэргийн алба хаагч, нэгж техникийн тоо ОХУ-ынхтай харьцуулахад туйлын хязгаарлагдмал байснаас харахад, хээрийн сургуулиар дамжуулан ОХУ-ын талд ямар нэгэн давуу байдлаа харуулахыг зориогүй бололтой. Харин хоёр улсын зэвсэгт хүчний төрлийн цэргүүдийн харилцан ажиллагааны бэлтгэлжилтийг өөрийн зүгээс үнэлж дүгнэх эрмэлзэлтэй байсан гэх дүгнэлт үнэнд ойр очно.
ХАЧА шинэчлэлийнхээ дунд хугацааны үр дүнг үнэлэхдээ “Восток-2018”-ын дүнг харгалзах, ОХУ-ын зэвсэгт хүчинтэй харилцан туршлагыг хоёрдахь шатны төлөвлөлтөд тусгах бололтой.
3. Харин БНХАУ-ын Цэргийн төв зөвлөл ХАЧА-ийн цогц шинэчлэлийн дунд хугацааны үр дүнг үнэлэхдээ “Восток-2018” сургуулийн үеэр ОХУ-ын зэвсэгт хүчинтэй харилцан ажилласан байдлын үнэлгээг хэрэглэх, үр дүн, хуримтлуулсан туршлагыг шинэчлэлийн хоёр дахь үе шатны төлөвлөлтийг хийхэд тусгах талаар тодорхой зорилт дэвшүүлсэн гэсэн таамаглал илүү бодитой байх магадлалтай. Цэргийн шинэчлэлийн, ялангуяа цэргийн удирдлага, хангалтын бүтцийн өөрчлөлтийн бодит үр дүнг томоохон хэмжээний хээрийн сургуулиар, нэн ялангуяа дэлхийд тэргүүлэх армитай хамтарсан сургуулийн үр дүнгээр тодорхойлох жишиг бий. ХАЧА-ийн хувьд шинэчлэл эхэлсэн цагаас хойш их гүрний зэвсэгт хүчинтэй хамтарсан сургуульд бүх төрлийн цэргийн бие бүрэлдэхүүнийг татан оролцуулсан анхны тохиолдол нь “Восток-2018” боллоо (өмнөх жилүүдэд ОХУ, БНХАУ-ын тэнгисийн цэргийн хүчин хамтран Газар дундын тэнгист болон Номхон далайд тус бүр байлдааны нэг хөлөг онгоцны хэмжээнд хамтарсан сургуулилт тус бүр нэг удаа хийсэн болно).
4. ОХУ-ын зэвсэгт хүчин хамгийн сүүлд байлдааны ажиллагааны ихээхэн туршлагыг газар орон дээрээс нь хуримтлуулсан ажиллагаа бол Сирийн кампани байв. Энэ нь дайсагнагч улсын засгийн газрын эсрэг бус, зэвсэгт босогчдын эсрэг хийх тэмцэл байснаараа ХАЧА-д ойрын жилүүдэд шаардагдах туршлага, сургамж болно.
ХАЧА-ийн хувьд, Хятадын иргэний дайны дараахан буюу 1950-аад оныг эс тооцвол зэвсэгт босогчдын эсрэг цэргийн (Ардын зэвсэгт цагдаагийн хүчний хууль сахиулах ажиллагаа биш) ажиллагаа явуулах туршлага үндсэндээ байхгүй гэж хэлж болно. Иймд уг сургуулийн тактикийн ач холбогдол нь Хятадын талд илүү байсан гэж үзэхээр байна.
МОНГОЛ УЛСЫН АШИГ СОНИРХОЛ
МОНГОЛ Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг “Восток-2018” хамтарсан сургуульд оролцсон нь мөн л манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд нийцсэн, улс төр, цэргийн ач холбогдол бүхий алхам боллоо. Харин ОХУ-ын болон Өрнөдийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр манай оролцоог харилцан адилгүй өнцгөөс дүгнэж байгаа нь анхаарал татаж байна:
1. Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь хоёр хөрш оронтой улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын зэрэг бүхий л салбарт тэнцвэртэй харилцааг хадгалах явдал мөн. Ялангуяа 2013 оноос хойш Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын удирдагчдын дээд хэмжээний гурван талт уулзалтын механизм тогтмолжиж, гурван улсын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны механизм бүрэлдэн тогтож байна. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хийх гурван улсын төрийн тэргүүн нарын албан ёсны уулзалтаас гадна энэ оноос эхлэн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ч хоёр талын форматаар яриа хэлэлцээ явуулдаг уламжлал тогтов. Ийнхүү улам бүр ойртон нягтарч буй гурван талт харилцааг аюулгүй байдал, цэргийн салбарт өргөтгөх боломжийг “Восток-2018” сургууль гэж манай тал харж байна. Улс орнуудын хооронд итгэлцлийг дээд түвшинд бэхжүүлэх гол арга зам болох цэргийн хамтын ажиллагааг ч ийнхүү гурван талт форматад оруулж байгаа нь уг сургуулийн Монгол Улсад өгөх улс төр, дипломатын үр өгөөж болно.
2. Монгол Улсын батлан хамгаалах гадаад хамтын ажиллагаа нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд захирагдаж, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болдог. 2016 онд батлагдсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт “Монгол Улс гадны цэргийн аюулаас сэргийлэх бодлогоо … хөрш орнуудтай олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх үйл явцад дэмжлэг үзүүлэх” гэж заасан. Энэ бодлогын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин ОХУ, БНХАУ-тай хамтарсан хоёр талын сургуулийг сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд харин гурван талт сургуульд аль аль тал анх удаагаа оролцож байгаа нь дээрх зарчимд бүрэн нийцнэ. “Восток-2018” сургуульд Монголын Зэвсэгт хүчний оролцоог Өрнөдийн шинжээчдийн дунд хоёр янзаар үнэлсэн байдал ажиглагдав. АНУ-ын өдөр тутмын The Washington Post сонин, мэдээллийн AP агентлаг “бэлгэдлийн чанартай”, “үүрэг роль багатай” гэх зэргээр бичсэн бол НАТО-ийн төв штабаас эрхлэн гаргадаг мэдээлэлд “сүүлийн жилүүдэд Монгол нь НАТО-ийн ч, Оросын ч түншийн үүргийг өөртөө бий болгож чадсан” гэх илүү тэнцвэртэй, бодит байдалд нийцсэн үнэлэлт өгчээ. Тэгвэл Италийн шинжээч “Восток-2018”-тай цаг хугацааны хувьд нэгэн зэрэг Монгол Улсад зохиогдсон Монгол-Энэтхэгийн хамтарсан “Нүүдэлчин заан” сургуульд анхаарлаа хандуулж, бага хэмжээний бүрэлдэхүүнтэйгээр ч нэгэн зэрэг хоёр түнштэй хамтран сургууль хийж байгааг онцолсон байна.
Улам бүр ойртон нягтарч буй гурван талт харилцааг өргөтгөх боломж төдийгүй цэргийн хамтын ажиллагааг ч ийнхүү гурван талт форматад оруулж байгаа нь Монгол Улсад улс төр, дипломатын ач холбогдолтой.
3. Хэдий харьцангуй цөөн бүрэлдэхүүнтэй оролцсон ч, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг хөрш орнуудын цэргийн алба хаагчидтай стратегийн түвшний гурван талын хамтарсан сургуульд хамрагдаж (өмнө нь зөвхөн хоёр талын хамтарсан сургуулийг зохион байгуулж ирсэн туршлагатай болохыг дээр өгүүлсэн), болзошгүй зэвсэгт мөргөлдөөний үед гурван талын цэргийн харилцан ажиллагаанд өөрийн гүйцэтгэх үүрэгтэй холбоотой дадлага, туршлага хуримтлуулсан, цэргийн ач холбогдлоороо тийм ч чамлахаар бус арга хэмжээ боллоо гэж дүгнэж болно. Оросын БХЯ-тай ойр хамтран ажилладаг телевизийн “Звезда” сувгаар сургууль эхлэхийн өмнөх бэлтгэлийн шатанд Монголын цэргийн алба хаагчдын бэлтгэлжилт, жигдрэлтийг эерэгээр дүгнэж өгүүлсэн нь ч Оросын тал уг сургуульд Монгол Улсын оролцоог зөвхөн улс төр, стратегийн өнцгөөр хязгаарлалгүй, цэргийн хамтын ажиллагааны хүчин зүйлийн ач холбогдлыг ч нэгэн адил чухалчилж байгааг харуулав.
НАТО-ИЙН ХАРИУ ҮЙЛДЭЛ
АЛС Дорнод дахь гурван улсын хамтарсан томоохон сургуулиар Оросын тал НАТО-д сануулга, дохио өгөх зорилго агуулсан бөгөөд хэрвээ НАТО-ийн зүгээс Орос, Хятад хоёрын аль нэгний ашиг сонирхлын бүст халдсан үйлдэл гаргавал улс төр, эдийн засаг, цэргийн болон технологийн дааж давшгүй хохирол учруулах хүчин чадлаа харуулахыг эрмэлзсэн гэж АНУ-ын The National Interest сэтгүүл дүгнэв. Мөн Орос-Хятадын стратегийн түншлэлийн харилцаа нь цэрэг-улс төрийн холбоотны харилцааны хэлбэрт шилжиж эхэлсний дохио боллоо гэсэн дүгнэлтийг Америкийн шинжээчдийн зүгээс нэг бус удаа гаргалаа (ОХУ-ын БХЯ-ны сайд С.К.Шойгу телевизийн “Россия” сувгийн “Москва.Кремль.Путин” нэвтрүүлгээр Монгол, Хятад хоёрыг “манай түнш, холбоотон гэж хэлэхэд ч болно” хэмээн дурдсаныг ч анхаарууштай).
Ойрын өдрүүдэд НАТО-ийн зүгээс хэд хэдэн хамтарсан сургуулийг зохион байгуулна. Эдгээрийг оны эхнээс урьдчилан төлөвлөсөн байсан тул шууд “Восток-2018”-д барих хариу арга хэмжээ гэж ойлгож болохгүй ч, Орос-Хятад-Монголын хамтарсан сургуулийн үр дүн, өөрийн ажиглагчдын үнэлгээг төлөвлөлтөндөө тусгаж, тодотгол хийх нь дамжиггүй.
1. Ирэх долоо хоногоос буюу 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 7-ныг хүртэл Норвегийн нутаг дэвсгэр болон акваторид “Trident Juncture 2018” оператив-стратегийн хамтарсан сургууль болж, НАТО-ийн гишүүн 28 улс, дээр нь Швед, Финланд, Украины цэргийн бүлгүүд оролцоно. “Trident Juncture 2018”-д нийт 40 мянга орчим цэргийн алба хаагч, 10 мянган нэгж техник, 300 нэгж нисэх аппарат, үүнээс 130 байлдааны онгоц, байлдааны хөлөг онгоц, шумбагч онгоц нийт 60 нэгжийг татан оролцуулах аж.
2. “Trident Juncture 2018”-тай нэгэн зэрэг шахам Польшийн нутагт НАТО-ийн “Анаконда-2018” сургуулилт болно. Гэхдээ энэ нь “НАТО-ийн хэмжээний” хэмээн томъёолж байгаа ч хэрэг дээрээ Польшийн зэвсэгт хүчин, түүн дээр Польшийн нутагт байрласан Америкийн бригад, НАТО-ийн нэг батальон, дэмжлэгийн бүлгийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдана. Үүн дээр Балтийн орнуудын армийн цөөн тооны бүрэлдэхүүн, Литва, Латви, Эстонид байрласан НАТО-ийн салбаруудын төлөөлөл нэмэгдэж нийт 12,5 мянган цэргийн алба хаагч оролцох төлөвтэй байна.
11 дүгээр сарын эхээр Норвегийн нутаг дэвсгэр болон акваторид “Trident Juncture 2018” оператив-стратегийн хамтарсан сургууль болж, НАТО-ийн гишүүн 28 улс, дээр нь Швед, Финланд, Украины цэргийн бүлгүүд оролцоно.
3. Мөн л энэ үеэр НАТО-ийн хуурай замын цэргийн корпусын “Citadel Bonus-2018” сургуулилтыг Францын нутагт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэ гурван сургуулийн даалгаварт Оросын эсрэг дайтах цагийн байдал өгөгдөх бололтой.
Ийнхүү ойрын өдрүүдэд “Оросын эсрэг” сценарийн дагуу нэгэн зэрэг шахам хийгдэх НАТО-ийн гурван сургуульд нийт 70 мянган цэргийн алба хаагч, 13–15 мянган нэгж техник, үүнээс нисэх онгоц 220 нэгж, хөлөг онгоц, шумбагч онгоц 115 нэгжийг татан оруулах төлөвтэй байгаа нь хамрах хүрээгээр “Восток-2018”-тай харьцуулахад мэдэгдэхүйц бага түвшинд байна.
Анхаарал татаж буй бас нэгэн мэдээлэл бол сүүлийн үед ОХУ-тай улс төр, цэрэг-техникийн хамтын ажиллагааг эрчимтэй өрнүүлж буй Турк улс НАТО-ийн гишүүний хувьд эдгээр сургууль, ялангуяа “Trident Juncture 2018”-ыг өнжиж магадгүй байгаа талаарх Америкийн хэвлэлүүдэд гарч буй таамаглал бөгөөд энэ нь тус эвслийн эв нэгдлийг харуулна.
ҮР ДҮН, ДОХИО
АНУ-ын зэвсэгт хүчний бүс нутгийн болон төрлийн цэргийн командлалуудын зүгээс болзошгүй байлдааны ажиллагааг хоёр театрт нэгэн зэрэг явуулах, чингэхдээ ОХУ-тай зэвсэгт мөргөлдөөнд татагдан орох тохиолдолд хуурай замын болон тэнгисийн цэргийн хүчээр, харин БНХАУ-ын эсрэг болзошгүй дайнд агаарын цэрэгт голлон суурилсан цохилт өгөх номлолыг боловсруулж байгаа гэх мэдээлэл The National Interest сэтгүүлд “Восток-2018” хамтарсан сургуультай холбоотойгоор гарсан (Энэ нь болзошгүй байлдааны ажиллагааны үед цэрэг ашиглах номлол бөгөөд тус улсын засаг захиргааны стратегийн зорилт, аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлого, хэрэгжүүлбэл зохих бэлтгэл ажил гэж ойлгож болохгүй юм).
ОХУ-ын хувьд улс төр, стратегийн зорилтоо биелүүлэхээс гадна өөрийн цэргийн номлол, зэвсэглэл, технологи, тактик, ар тал, хангалтын хувьсал хөгжлийг сорьсон арга хэмжээ боллоо.
Иймд ОХУ Алс Дорнод дахь стратегийн түнш, найрамдалт харилцаатай хоёр орны зэвсэгт хүчнийг татан оролцуулсан гурван талын хамтарсан томоохон хээрийн сургуулийг өргөн далайцтайгаар зохион байгуулснаар мөн өөрийн цэргийн номлол, зэвсэглэл, технологи, тактик, ар тал, хангалтын хувьсал хөгжлийг сорьсон арга хэмжээ боллоо гэж дүгнэж болно. Хамтарсан сургууль гурван талын (зарим эх сурвалж “хоёр талын” хэмээн зориуд онцолж байгааг ч анхаарууштай) форматаар зохион байгуулагдсан ч санаачлагч, удирдан чиглүүлэгч бөгөөд үр ашгийг нь голлон хүртэгч, түүгээр зогсохгүй, үр дүн, үнэлгээг өдөр тутмын үйл ажиллагаанд хамгийн ихээр нэвтрүүлэгч тал нь ОХУ байна.
Америкийн болон Өрнөдийн бусад орны цэргийн ажиглагч, шинжээч нар ч дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, Москва-Бээжингийн стратегийн харилцаа, цэргийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч буй бөгөөд Вашингтон болон Брюсселийн зүгээс хийх аливаа өдөөн хатгалт нь энэхүү түншлэлийг цэргийн холбоотны харилцааны хэмжээнд хүртэл ойртуулахад түлхэц өгөх болно гэж дүгнэж байгаа нь бодит үндэслэлтэй гэж үзнэ.
ТӨЛӨВ, ХАНДЛАГА
“ВОСТОК-2018” хамтарсан сургуулийн олон улсын эрх зүйн үндэслэл нь 1996 оны 4 дүгээр сарын 26-нд гарын үсэг зурсан “Хил орчмын бүст цэргийн итгэлцэл бэхжүүлэх арга хэмжээний тухай” ОХУ, БНХАУ, БНКазУ, БНУзУ, БНКиргУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохицуулагдаж буй болохыг ОХУ-ын БХЯ мэдээлсэн. Энэ нь өнөөгийн ШХАБ-ын үндсийг тавьсан “Шанхайн тав”-ын хүрээнд хүрсэн тохиролцоо бөгөөд Монгол Улс тухайн үед энэ олон талт механизмын оролцогч байгаагүй юм.
Хоёр хөршийн хамтран зохион байгуулж буй итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх арга хэмжээний зарим хэсгийг өөрийн нөөц, бололцоонд тулгуурлан Монгол Улсын нутагт явуулах боломж бий.
Цаашид гурван талын сургуулийг тодорхой давтамжтайгаар зохион байгуулж байх сонирхол ОХУ-ын талд бий гэж үзэх болохоор байна. Энэ тохиолдолд Монгол Улс оролцоогоо нэмэгдүүлэх, гурван улсын нутаг дэвсгэр дамнан зохион байгуулахад идэвхтэй байх нь манай бодлого, зорилтуудад нийцнэ. Мөн хоёр хөршийн хамтран зохион байгуулж буй итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх бусад арга хэмжээ, тухайлбал, Армиудын олон улсын тоглолт (“Армейские международные игры” буюу АрМИ)-ын тодорхой төрлийн тэмцээнийг өөрийн нөөц, бололцоонд тулгуурлан Монгол Улсын нутагт явуулах саналыг ч дэвшүүлэх нь оновчтой байж болох юм.
Улс төрийн талаас, хөрш орнуудтай тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх алхмууд, ялангуяа гурван талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн аливаа арга хэмжээнд оролцоогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ бусад улстай уламжлал ёсоор зохион байгуулж ирсэн хоёр болон олон талын хамтарсан сургалт, дадлагын тоо, давтамж, хэмжээ далайцын хүрсэн түвшинг бууруулалгүй хадгалахад ямар нэгэн зөрчил үүсэхгүй, бүрэн боломжтой гэж үзнэ.
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
БНАСАУ хэзээ ОУВС-д гишүүнээр элсэх вэ?Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19