Дорнын эдийн засгийн чуулга уулзалт: ЗХА-ийн улс төрийн яриа хэлэлцээний талбар
2018-09-25
ОХУ-ын Владивосток хотод Дорнын эдийн засгийн ээлжит чуулга уулзалт 9 сарын 11-13-ны өдрүүдэд болсон билээ. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан уг чуулга уулзалтын цар хүрээ, оролцогчдын түвшин, хэлэлцсэн асуудлууд хөтөлбөрт туссан эдийн засгийн сэдвээс давж улс төрийн агуулгатай болсноор өмнөх уулзалтуудаас ялгарч байв.
Владивостокийн чуулга уулзалтын үр дүн, онцлог
ЧУУЛГА уулзалтад дэлхийн 60 гаруй орны 6 мянган төлөөлөгч оролцож, 46.5 тэрбум ам.доллар(3,1 их наяд рубль)-ын үнийн дүн бүхий 175 гэрээ хэлэлцээр байгуулагджээ.
Орос улс хүйтэн дайн дууссанаас хойш зүүн хязгаараа нээлттэй болгож, уул уурхайн хүнд үйлдвэрийн хөгжлийг эрчимтэй дэмжин, хөрөнгө оруулалт татах замаар аюулгүй байдлын бүслүүрээ эдийн засгийн аргаар хамгаалах төлөвлөгөөгөө нээлттэй дэлгээд байгаа билээ.
Энэ удаагийн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр-2025, түүний хэтийн төсөл-2035 боловсруулах үүрэг зарлигдсан. Мөн бүс нутгийн хөгжлийн түвшинг Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын дундаж 6 хувьд хүргэх амбицтай зорилтыг тавиад буйгаар онцлог юм.
Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын ач холбогдол жил ирэх тусам нэмэгдэж, улс төрийн агуулгатай болж байна.
Хүснэгтээс Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын ач холбогдол жил ирэх тусам нэмэгдсэн тоон үзүүлэлттэй харагдаж байна (хүснэгт 1).
Өнгөрсөн дөрвөн жилд БНХАУ-ын дарга Ши Жиньпин анх удаа тус арга хэмжээнд оролцсон бол Японы ерөнхий сайд сүүлийн 3 жил дараалан, харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч зөвхөн өнгөрсөн жил айлчилсан байх юм.
Тухайн бүс нутагт оруулж буй гадаадын хөрөнгө оруулалтыг салбараар нь авч үзвэл 2017 онд 50 хувь нь аж үйлдвэр, 10 хувь нь тээвэр логистик, 10 хувь нь ашигт малтмал, түүхий эдийн олборлолт, 6-8 хувь нь хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт тус тус ногдсон бол энэ жилийн хувьд том дүнтэй олон гэрээ байгуулагдсан байна.
Эх сурвалж: https://www.forumvostok.ru/news
Хоёр талт бизнесийн уулзалтууд
ДОРНЫН эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд оросын тал “Хөрөнгө оруулагчдыг дэмжих арга хэрэгсэл: дараачийн алхам”, “Алс Дорнодын салбарын тэргүүний зорилт”, “Даяар Алс Дорнод: хамтын ажиллагааны олон улсын төсөл”, “Хүмүүсийн амьдрах орчныг бүрдүүлэх нь” үндсэн 4 сэдвээр салбар хуралдаан, бизнесийн уулзалт, дугуй ширээний ярилцлага зэрэг 100 арга хэмжээг зохион байгуулав. Тухайлбал “Орос-Хятад”, “Орос-Энэтхэг”, “Орос-Өмнөд Солонгос”, “Орос-Япон”, “Орос-АСЕАН”, “Орос-Ойрх Дорнод”, “Орос-Европ” гэсэн 7 бизнесийн уулзалт ярилцлага болсон.
Өнгөрсөн жилийн Орос-Хятадын бизнесийн уулзалтад хятадын талаас 75 төлөөлөгч ирсэн бол энэ удаад эрс нэмэгдэж 1096 хүний бие бүрэлдэхүүн оролцсон нь онцлог юм. Харьцуулахад 2016, 2017 оны арга хэмжээнд Японоос 250 орчим төлөөлөгч, харин энэ жил 570 хүн ирсэн. Өмнөд Солонгосоос 2016 онд 128 хүн, 2017 онд 289 хүн, энэ жил 335 хүн тус тус оролцсон аж (хүснэгт 2).
Орос-Хятадын бизнес уулзалт. Энэ жилийн чуулга уулзалтад БНХАУ-аас хамгийн их ирсэн бол Ши Жиньпин дарга тус арга хэмжээнд анх удаа оролцож буйгаар онцлог болов. ОХУ-ын Алс Дорнодын мужууд ба Хятад улсын хооронд 2017 онд 7,7 тэрбум долларын худалдаа хийгджээ. Сүүлийн 2 жилийн хугацаанд Оросын Алс Дорнодын бүс нутагт хийсэн хөрөнгө оруулалтын 80 хувийг Хятад компаниуд оруулжээ. Тухайлбал өнгөрсөн онд тус бүс нутагт Хятадын оролцоотой 3 тэрбум гаруй долларын өртөг бүхий 20 гаруй төсөл хэрэгжиж байсан бол энэ тоо 2018 онд 40 гаруйд хүрч нэмэгдээд байгаа аж. Хоёр улсын холбогдох байгууллагууд Хятадын ачаа тээврийг дамжуулан өнгөрүүлэх коридор байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Түүнчлэн Хятадын хөрөнгө оруулалтыг дэмжих төв Алс Дорнодод байгуулагдав.
Сүүлийн 2 жилд ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт хийсэн хөрөнгө оруулалтын 80 хувийг Хятад компаниуд оруулжээ.
Хятадын бизнес эрхлэгчдийн Холбооны ерөнхийлөгч Жоу Лицюнь Хятад бол Оросын Алс Дорнод дахь хамгийн том түнш бөгөөд “Бүс, зам” төслийг хэрэгжүүлэхэд Орос-Хятадын хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон. Түүний өгүүлснээр уг төсөл Орос, Хятадын бизнес эрхлэгчид гуравдагч орны зах зээлд гарахад тус дөхөм болох бөгөөд одоогоор Хятадын 30 гаруй компани чөлөөт боомт, тэргүүлж хөгжүүлэх газар нутгуудад (территория опережающего развития – ТОР) ажиллаж байгааг тэмдэглэлээ. Орос-Хятадын бараа эргэлт 2017 онд 87 тэрбум ам.доллар байсан бол энэ оны эхний хагасын худалдаа 50 хувиар нэмэгдсэнээр уг хэмжээ жилийн эцэст 100 тэрбум ам.доллар давах төлөвтэй байна.
Ши Жиньпин оролцсон шалтгаан юу байв?
Саяхан АНУ Хятадын 200 тэрбум ам.долларын импортод 10-25 хувийн тариф ногдуулах шийдвэр гаргасан. Хятадын тал хариу алхам хийх шаардлага тулгарч буй. Тийм хэмжээний импортын бүтээгдэхүүнд татвар ногдуулахад Хятадад хүндрэлтэй байгаа ч хариу цохилт өгнө гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ ямар хариу цохилт байх вэ? Хятад улс АНУ-аас импортолж байгаа газрын тос, байгалийн хий зэрэг чухал таваарт гаалийн тариф ногдуулах төлөвлөгөөгөө танилцуулж тун магадгүй байна. Энэ төлөвлөгөө бол АНУ-ыг таагүй байдалд оруулахуйц Хятадын хөзрүүдийн нэг юм. Төлөвлөгөөг танилцуулахаасаа өмнө Хятад улс АНУ-аас импортолдог газрын тос, байгалийн хийн хэрэгцээгээ Оросоос нөхөх тухай В.Путинтэй тохиролцох хэрэгтэй болов. Мэдээж хэрэг тохиролцоо хийх таатай орчин бол Дорнын эдийн засгийн чуулган байлаа. Хятадын дарга Ши Жиньпин тус чуулганд өөрийн биеэр оролцох болсноо хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн шалтгаан нь Оростой тохиролцох явдал байв.
Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Ши Жиньпин, В.Путин нар уулзахдаа эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг чухалчлан дурдсан. 2019 онд байгалийн хийн нийлүүлэлтийг эхлэхээр төлөвлөж байгаа, гэтэл талууд ҮНЭ-ээс бусад бүх асуудал дээр тохиролцож чадсан байгаа билээ. Худалдааны дайн Москва, Бээжинг улам ойртуулж, газрын тос, байгалийн хий нийлүүлэх ҮНЭ дээр тохиролцоонд хүрэхэд түлхэц үзүүлэх магадлалтай байна. Энэ удаагийн Дорнын эдийн засгийн чуулганы хөшигний ард үр дүнтэй хэлэлцээрт хүрсэн болов уу.
Худалдааны дайн Москва, Бээжинг улам ойртуулж, газрын тос, байгалийн хий нийлүүлэх үнэ дээр тохиролцоонд хүрэхэд түлхэц үзүүлэх магадлалтай.
Москва, Бээжин хөшигний ард Вашингтонтой сөргөлдөхөд бэлдэж байгаа нь энэ удаагийн чуулганаар илэрхий болж ирлээ. Тод жишээ чуулганы үеэр уулзалтад оролцохдоо худалдаагаа зөвхөн үндэсний валютаар хийх тохиролцоонд хүрсэн. Мөн НҮБ, БРИКС, ШХАБ-д нэгдсэн нэг байр суурьтай байхаас гадна олон улсын байгууллагууд тэр дундаа Дэлхийн худалдааны байгууллагад хамтран шахалт үзүүлж, АНУ-ын хэрэгжүүлж буй сөргөлдсөн алхамд хариу өгөхөөр болсон.
Орос-Өмнөд Солонгосын бизнес уулзалт. Ерөнхий сайд Ли Нак Ён тэргүүтэй Өмнөд Солонгосын бизнесийн хүрээний 335 төлөөлөгч Владивостокт айлчилсан. ОХУ-БНСУ-ын бизнесийн уулзалт ярианд хоёр улсын бизнесийнхэн БНАСАУ-ын нутаг дэвсгэрээр дайруулан Зүүн хойд Азийн төмөр замын нэгдсэн сүлжээ байгуулж, түүгээр дамжин Сибирийн төмөр зам, Европ тив рүү нэвтрэх ачаа тээврийн шинэ гарцыг бий болгох асуудлыг нэн чухалчлав. Оросын төмөр замын “РЖД” ХНН-ийн Ерөнхий захирлын 1 дүгээр орлогч А.Мишарин хэлэхдээ “сүүлийн 3 жил Сибирийн төмөр замд 500 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийснээр хүчин чадлыг нь 60 сая тонноор нэмэгдүүлсэн, дараагийн 5 жилд 2 их наяд рублийн хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа” гэж мэдэгдсэн бол “Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр-2025” дурдсанаар 2025 он гэхэд Алс Дорнодын төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгасан байна.
Орос-Өмнөд Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүч, байгалийн хий, Умард мөсөн далайн зам, хөдөө аж ахуй болон бусад салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “9 гүүр” үзэл баримтлал, санаачилгын чиглэлээр хамтран ажиллах тухай “Замын зураг”-ийг хоёр тал боловсруулсан байна. 2019 онд “9 гүүр” санаачилгын хүрээнд Орос, Өмнөд Солонгосын бүс нутгуудад цуврал уулзалт хийхийг Оросын тал санал болгожээ. Өдгөө бүс нутагт Өмнөд Солонгосын 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий 6 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд уг тоог 1.1 тэрбум ам.долларт хүргэхээр хоёр тал ярилцлаа.
В.Путин, Мүн Жэ Ин нар сүүлд энэ зун Москвад уулзах үеэрээ хоёр улсын худалдааны эргэлтийг 30 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцсон. Одоогоор бараа эргэлтийн хэмжээ 19 тэрбум ам.доллар байгаа. Ингэснээр БНСУ нь Оросын 7 дахь том худалдааны түнш болох ажээ.
Өмнөд Солонгос Дорнын эдийн засгийн чуулганд идэвхтэй оролцох шалтгаан юу вэ?
Өмнөд Солонгос өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ Алс Дорнодоос хангах сонирхолтой байна. 2017 оны 6 сард тус улсын ерөнхийлөгч Мүн Жэ Ин цөмийн цахилгаан станц нэмж байгуулахгүй, одоо байгаа станцуудаа өргөжүүлж, сайжруулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, дээрх амлалтыг Өмнөд Солонгосын хамгийн анхны цөмийн цахилгаан станц болох Пусан хотод байдаг 40 жилийн настай “Кори-1”-ийг унтраах ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн. Өмнөд Солонгосын нийт эрчим хүчний гуравны нэгийг цөмийн цахилгаан станцууд гаргадаг. Энэ үзүүлэлтээрээ тус улс дэлхийд тавд ордог томоохон цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч болохыг Дэлхийн цөмийн ассоциацын тоо баримтаас харж болох юм.
Цөмийн эрчим хүчийг бууруулж байгаа Өмнөд Солонгос эрчим хүчний эрэлт хэрэгцээгээ өөр эх үүсвэрээс хямд өртгөөр хангах боломжийг судалж, ОХУ-тай тус салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Энэ бол Өмнөд Солонгосын эх газар руу чиглэсэн геостратегийн ашиг сонирхол билээ.
Солонгосын хойгт энх тайван орчин бүрдэх нь бүс нутагт эрчим хүчний эргэлтэд таатай нөлөөлнө. Өмнөд Солонгост газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг эрчим хүчний таваарын тогтвортой нийлүүлэгч улс хэрэгтэй. Энэ улсын нэг нь мэдээж Орос билээ. Тиймээс Өмнөд Солонгос Оростой харилцаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгаа нь энэ удаагийн чуулганаар тодорхой болсон.
Орос-Японы бизнес уулзалт. 12-ны өдөр болсон “Орос-Япон”-ы уулзалтад өмнөх жилүүдээс хоёр дахин олон хүн буюу хоёр талын бизнесийн хүрээний 570 төлөөлөгч оролцсон нь Алс Дорнодын бүс нутаг Японы бизнесийн хүрээнийхэнд илүү ойр болсныг харуулж байна. Өдгөө Алс Дорнодод Японы оролцоотой 14 хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжиж байна. Энэ оны 3 сараас Алс Дорнод дахь Японы хөрөнгө оруулалтыг дэмжих зорилго бүхий платформ ажиллаж эхэлжээ. Уг үйл ажиллагааны хүрээнд 28,3 тэрбум ам.долларын өртөг бүхий 10 төсөл хэрэгжих юм.
Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн үндэс суурь нь хоёр жилийн өмнө Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн санал болгосон эрчим хүч, жижиг, дунд бизнес, Алс Дорнодыг үйлдвэржүүлэх, экспортын бааз суурийг өргөтгөх зэрэг салбарт хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар тусгасан “8 зүйл бүхий төлөвлөгөө” хэмээх баримт бичиг юм. Уг төлөвлөгөөнд тусгасан 130 төслөөс 60 гаруй нь хэрэгжих шатандаа явж байна.
Хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн онтой харьцуулахад 20 орчим хувиар өсч, оны эцэст 21-22 тэрбум ам.долларт хүрэх, 2019 онд ОХУ-АНУ-ын худалдааны эргэлтээс давах төлөвтэй байгаа ажээ.
Орос-Энэтхэгийн бизнес уулзалт. 2017 онд ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн Энэтхэг улстай хийсэн гадаад худалдааны хэмжээ 766.3 сая ам.долларт хүрсэн бол энэ оны эхний 6 сарын байдлаар 440.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 2.9 хувиар өссөн дүнтэй байна. Алс Дорнодын бүс нутагт Энэтхэгийн хөрөнгө оруулалттай хэд хэдэн төсөл хэрэгжиж буйн дотор тус улсын эрчим хүчний “Тата Пауэр” (Tata Power) компанийн Крутогоровскийн нүүрсний ордыг ашиглах эрхийг авсан явдал юм. Энэтхэгийн тал уг төсөлд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа аж. Үнэт чулуун эдлэлийн хамгийн том үйлдвэрлэгч “Кэй Жи Кэй” (KGK) компани Владивостокийн чөлөөт боомтод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сард 3 мянган карат алмазны түүхий эд боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрт 2.8 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. ОХУ-ын шадар сайд Юрий Борисовын өгүүлснээр талууд гадаад худалдаанд үндэсний валютаар хийх төлбөр тооцоог өнөөгийн 20 хувиас нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Хөрөнгө оруулалт, төслүүд нь Хятад, Япон, Өмнө Солонгосын ашиг сонирхол ОХУ-ын Алс Дорнодын эрчим хүч, дэд бүтцийн салбарт төвлөрч буйг харуулж байна.
Чуулганы ач холбогдол Монгол Улсад
ОЛОН улсын хэвлэлүүд “Монгол Улс хоёр хөрштэйгөө нягт өндөр түвшний харилцаатай болсноо дэлхий нийтэд харууллаа” хэмээн онцолжээ. Жилийн дотор гурван улсын тэргүүн нар хоёр удаа дээд хэмжээний уулзалт хийж, талууд өөрсдийн урт хугацааны төлөвлөгөөг танилцуулж, хамтын ажиллагаа гүнзгийрүүлж байна. Монгол, Орос, Хятад төрийн тэргүүн нарын уулзалт ЗХА-ийн орнууд тогтвортой, аюул эрсдэлгүй эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж чадаж байгаа тод жишээ гэжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Бүс, зам” санаачилга болон “Хөгжлийн зам” хөтөлбөрийг уялдуулж, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг чухалчилсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-аас БНХАУ руу барихаар төлөвлөж байгаа байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дамжуулан өнгөрүүлэх асуудлаар хамтрахад бэлэн байгааг илэрхийлж, уг хүсэлтийг дэмжсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд талархсан билээ. Харин БНАХАУ-ын дарга Ши Жиньпин “Сибирийн хүч-2” буюу “Алтай” баруун чиглэлийн хийн хоолой барьж байгуулах асуудлыг маш богино хугацаанд хэлэлцэж дуусгахыг мэргэжилтнүүддээ үүрэг болгосон тухай оросын “РИА” агентлаг мэдээлэв.
Худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн засгийн газар хоорондын шинэ механизмууд ажиллаж эхэлсэн бөгөөд Евразийн эдийн засгийн холбоо ба “Бүс, зам” санаачилгыг холбох гэрээ хэлэлцээрийг Орос, Хятадын тал байгууллаа.
Дүгнэлт
ОХУ-ын Дорнын эдийн засгийн чуулга уулзалт Зүүн хойд Азийн орнуудын эдийн засаг, улс төрийн яриа хэлэлцээний чухал талбар болон төлөвшиж байна. Чуулганы үеэр хоёр талт уулзалт хийх замаар их гүрнүүд хөшигний ард гэрээ хэлэлцээр хийх нь нэмэгдэж байна. Томоохон чуулга уулзалтын үеэр улс орнууд үр дүнтэй гэрээ хэлцэлд хүрч байгаа нь анхаарал татсан зүйл байлаа.
Алс Дорнодод хөрөнгө оруулалт татаж, хөгжүүлэх замаар аюулгүй байдлын бүслүүрээ эдийн засгийн аргаар хамгаалж байгааг энэ удаагийн чуулганаар олон улсад хүргэсэн нь Оросын гол байр суурь байлаа. Бүс нутгийн бусад том тоглогч Хятад, Япон, Өмнө Солонгос улсын Алс Дорнод дахь гол ашиг сонирхол нь эрчим хүчний салбарт төвлөрч, цаашлаад дэд бүтэц, худалдаа улам идэвхжих шинж орж буйг тэнд оруулж буй хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж буй төслүүдээс харж болохоор байна. Солонгосын хойгийн дулаарал Зүүн хойд Азийн интеграцад таатай орчинг үүсгэж эхэллээ. Ийнхүү “хүйтэн дайны цорын ганц” үлдэгдэл болчхоод байсан уг бүс нутагт хамтын ажиллагаа цэцэглэж эхэлсэн боломжийг Орос улс идэвхийлэн ашиглах боллоо.
Цаашид Монгол Улс бүс нутагт өрнөж эхэлсэн интеграцаас хоцролгүй, Зүүн хойд Азийн орнуудтай дэд бүтэц, худалдаа, эрчим хүчний салбарт улам идэвхтэй хамтран ажиллаж, бүс нутгийн хөдөлмөр хуваарилалтад өөрийн гэсэн орон зай бий болгох шаардлагатай байна.
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23