Аюулгүй байдал, геостратегийн шинэ орчин: дахин хуваарилалт, сөргөлдөөн, “хар хун”

2018-09-12

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/09/globe-chess-1-1.jpg

Нэг туйл давамгайлсан улс төр, эдийн засгийн систем задран, дангааршин хуваагдах олон туйлт системд шилжих дахин хуваарилалтын үйл явц сөргөлдөөн, савалгаа, эмх цэгцгүй (chaotic) байдлыг дагуулж байна. Олон улсын харилцааны систем цэгц алдаж тогтворгүй, алив бага сарнилд мэдрэг, эмзэг, хэврэг1 болж байна. “хар хун” гэж нэрлэх ховор тохиох, гарах магадлал тун бага, гарсан ч нөлөө багатай гэх үйл явц гарсан даруйдаа томоохон эрсдэлийг бий болгосноор аюулгүй байдал, геостратегийн орчинг нэн ээдрээтэй болгож байна.

Сүүлийн үед дэлхий дахинаа урьдчилан таамаглаагүй үйл явдлууд болж, эдгээр нь хорь гаруй жил харьцангуй намжмал, тогтуун байсан олон улсын байдал, улс төр, эдийн засгийн харилцаанд шинэ эрсдэл, эмзэг байдлыг дагуулж буй. Дээр дурдсанчлан гарах магадлал тун бага, гарсан ч нөлөө багатай хэмээгдэж, шийдвэр гаргагч, судлаачдын анхааралд төдийлөн өртдөггүй “жижиг” үйл явдлууд харин гарсан даруйдаа томоохон үр дагаварын өдөөгч болчихдог ийм нөхцөл байдал нь аюулгүй байдлын сонгомол судалгаа, эрсдэлийн шинжилгээ, эрсдэлийн удирдлагын арга зүйг мухардалд оруулах боллоо.

Урьд өмнө нь огт үзэгдээгүй, ховор, жигтэй (хачин) зүйлийг европын соёлд “хар хун” гэж нэрлэх бөгөөд АНУ-ын санхүүгийн шинжээч Нассим Талеб2 өнөөгийн цэгцгүй, ээдрээт ертөнцөд бидний анхааралд өртөөгүй, ач холбогдол багатай гэж үзэж байсан зүйл асар их нөлөө, үр дагавартай болохыг “хар хун” хэмээн нэрлэж, уг ойлголтыг шинээр хэрэглээнд оруулсан байдаг. Түүний хэлснээр өнөөгийн цэгцгүй, ээдрээт ертөнцөд “хар хун” шиг үйл явц огцом гарч ихээхэн нөлөөг үзүүлж эхэлж байна.

Сонгомол эрсдэлийн шинжилгээнд эрсдэл, аюул занал гэдэгт тохиох магадлал өндөртэй, уршиг, хоруу чанар ихтэй үзэгдэл, хүчин зүйлсийг тооцдог бөгөөд харин магадлал, нөлөө багатай үйл явдал, хүчин зүйлсийг эрсдэлгүй хэмээн үздэг. Гэтэл өнөөгийн ээдрээт, цэгцгүй, тогтвортой бус ийм системд эрсдэлгүй гэж тооцож байсан хүчин зүйлс нь томоохон эрсдэлтэй үйл явцыг өдөөх боломжтой болчихоод байна. Тэгэхээр жижиг хүчин зүйлсийг ч эрсдэл хэмээн тооцох шаардлага тулгарч байна гэсэн үг.

Улс төрийн сонгуулийн системд ч гэсэн өрсөлдөгч талуудын авсан санал цөөн тооны саналаар зөрж санамсаргүй гэхээр жижиг хүчин зүйл шийдвэрлэх нөлөө үзүүлэх тохиолдол түгээмэл. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль үүний нэг тод жишээ юм.

Дональд Трампын сонгуулийн ялалт гэнэтийн, таамаглашгүй үйл явдал байв. Дэлхийн тэргүүлэх шинжээчид ийм “ердийн бус”, олонд танигдаагүй нэр дэвшигч ялна гэдгийг сонгуулийн бүх үе шатанд таамаглаж чадаагүй билээ. Ийнхүү хэний ч таамаглаагүй гэх “хар хун” АНУ-ын болон дэлхий нийтийн геостратегийн орчныг эрс өөрчлөв.3

Дахин хуваарилалт, Хар хун

Нэг туйлт даяаршсан улс төр, эдийн засгийн систем задралд орж, олон туйлт системд шилжих дахин хуваарилалт сөргөлдөөнийг өрдөж эхэллээ. Энэ дахин хуваарилалт их гүрнүүдийн язгуур ашиг сонирхлын зөрчил, сөргөлдөөнийг хурцатгаж, аливаа шилжилтийн үйл явцын адил эрс савалгаатай, эмх цэгцгүй, гэнэт явагдаж байна.

АНУ, БНХАУ, ОХУ, Их Британи, Европын холбооны улсууд өөрийн ашиг сонирхлыг урьтал болгосон реалист хандлага, протекционист бодлого илэрхий баримталж эхэллээ. БНХАУ хүчирхэгжин, ОХУ сэргэж, “эрчим хүчний их гүрэн” болох стратегиа хэрэгжүүлж, гадаадад цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн бол АНУ ч тэргүүлэх байр сууриа хадгалж, занарын хувьсгалын үр дүнд байгалийн хий, газрын тосны илүүдэлтэй болж, их хэмжээгээр экспортлох, улмаар “эрчим хүчний тэргүүлэх гүрэн” болох шинэ зорилт тавьж Европ, Азид байгалийн хий, газрын тос, нүүрс их хэмжээгээр экспортолж эхэлсэн нь хүчний дахин хуваарилалтын төлөөх сөргөлдөөнийг улам хурцатгаж байна.4

Эх срувалж: https://www.eia.gov/conference/2018/pdf/presentations/stephen_harvey.pdf

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нэг туйлт тогтоцыг хадгалахын тулд өөрийн орны эрх ашгийг урьтал болгож “санаанд оромгүй”, эрс, огцом  гэхээр шийдвэр гаргаж эхэллээ.

Солонгосын хойг дахь бодлогоо өөрчилж, БНАСАУ-ын удирдагчтай уулзаж тус хойгийг сөргөлдөөний бус “стратегийн өөдрөг үзлийн”, эдийн засгийн түншлэлийн бүс болгоно хэмээснийг хэдхэн сарын өмнөх хурцадмал байдалд таамаглах боломжгүй байв. Ийнхүү Зүүн хойд Азийн (ЗХА) аюулгүй байдлын Солонгосын хойг төвтэй, БНХАУ-БНАСАУ тэнхлэгтэй тогтоц дахин хуваарилалтад орох магадлалтай болов. Үүнд “Солонгосын хойг тэргүүлэх” стратегийн бодлого давхар оршиж, АНУ байгалийн хий, газрын тосыг Номхон далайгаар тээвэрлэн БНХАУ, Япон, БНСУ-д (БНАСАУ-д ч) нийлүүлэхийн тулд ЗХА-ийн бүс нутгийг тайван, сөргөлдөөнгүй байлгах сонирхол үүсч байна.5 Гэвч БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангид байлгах хэлэлцээр удааширч, бүтэлгүйтвэл Солонгосын хойгийн асуудал урьд өмнөхөөс ч илүү далайцтай, савалгаатай сөргөлдөөнд орж улмаар зэвсэгт мөргөлдөөнд хүргэх эрсдэл өндөр болно.6

АНУ-ын олон жилийн найдвартай түнш гэгддэг НАТО-ийн гишүүн Турк улс нь ОХУ-тай харилцаагаа гэнэт сайжруулж, ОХУ-аас Европт нийлүүлэх хийн хоолойн өмнөд урсгалыг Туркээр дамжуулах болсон. Энэ нь АНУ-ын ашиг сонирхолтой сөргөлдөж, улс төр, эдийн засгийн харилцаа нь хурцдав. Энэ байдал даамжирвал Турк улс НАТО-гоос гарах эрсдэлийг дагуулна хэмээн ХБНГУ-ын Олон улсын бодлого, аюулгүй байдлын хүрээлэнгийн судлаачид үзэж байна.7

Олон жил тогтвортой хэрэгжсэн Хойд Америкийн Чөлөөт худалдааны хэлэлцээрийг (NAFTA) цуцлах, уламжлалт сайн хөрш Канад улсад татвар ногдуулж ерөнхий сайд Жастин Трюдотай 2018 оны 9 дүгээр сарын 5-ны уулзалтад ч тохироонд хүрч чадсангүй.8 АНУ өөрөө газрын тос, хийн томоохон экспортлогч  болсон тул Канадаас импортлох сонирхолгүй болж байна.

Эх сурвалж: https://www.eia.gov/conference/2018/pdf/presentations/stephen_harvey.pdf

Транс Атлантын түншлэлд ч ан цав гарч Европын улсуудтай харилцах АНУ-ын харилцаа түүхэн доод шатандаа орж, ОХУ-д тавих хоригоо улам чангатгаж, байгалийн хийн “умард урсгалын” хоёр дахь шугам тавихыг эсэргүүцэн, хар төмөрлөг, хөнгөн цагааны бүтээгдэхүүнд хориг тавьсан нь европын улс орнуудад ч бас хүнд тусч, тэдгээрийн улс төр, бизнесийн удирдлагын түвшинд шүүмжлэлтэй тулгарч байна.

Дахин хуваарилалт их гүрнүүдийн язгуур ашиг сонирхлын зөрчил, сөргөлдөөнийг хурцатгаж, аливаа шилжилтийн үйл явцын адил эрс савалгаатай, эмх цэгцгүй, гэнэт явагдаж байна.

АНУ-ын БНХАУ-тай харилцах харилцаа ч 1997 оноос хойших түүхэн доод шатандаа тулж хоёр орны хооронд өргөн хүрээний “худалдааны дайн” дэгдэн, даамжирвал дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн эрсдэл, цаашлаад цэрэг улс төрийн хямралд ч хүргэж болзошгүй байна.9

БНХАУ-д ч улс төр, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах үүднээс удирдлагаа ээлжлэн томилдог дөч шахам жил баримталсан уламжлалыг өөрчлөн, ХКН-ын бүлэглэлүүдийн дотоод тэнцвэрийг алдагдуулж, авторитар дэглэмийг улам гүнзгийрүүлэн, эрх мэдлийг тайван шилжүүлж ирсэн тогтолцоо эвдэгдээд байна. Үүнтэй санал нийлэхгүй нийгмийн хэсэг, намын гишүүд, авлигатай хийсэн эрс тэмцэлд өртсөн олон зуун мянган хүн, эдийн засаг, нийгмийн давхаргын ялгаралд сэтгэл дундуур, хөдөө орон нутгаас ажил хайж том хотуудаар шилжин явагсад, салан тусгаарлах үзэлт үндэстний цөөнх зэрэг олон сая иргэд байгаа. ХБНГУ-ын Франкфуртер алгемайне сонинд өгсөн нэгэн ярилцлагад нийт 400 гаруй сая хүний чимээгүй дургүйцэл томоохон эрсдэлд хүргэж болзошгүй гэжээ.10

Цэгцгүй төлөв: эмзэг, хэврэг байдал

Цэгц алдсан систем тогтворгүй, алив бага сарнилд мэдрэг, эмзэг, хэврэг11 байдгийг байгаль, нийгэм, эдийн засаг, улс төрийн системийн олон жишээ харуулдаг.

Цэгцгүй системд фазын хувиралт, шилжилт огцом явагдаж, нэг тал руу туйлшрах, ханарах үзэгдэл гардаг нь эмзэг үед иргэд хадгаламжаа банкнаас бөөнөөр татах, эргэлзээтэй санхүүгийн схемд олноор хамрагдах, нийтийг хамарсан цочир, эмх замбараагүй байдал үүсэх зэргээр илэрдэг бөгөөд өнөөгийн цахим сүлжээгээр холбогдсон нийгмийг тогтворгүй байдалд оруулах, улмаар удирдан чиглүүлэх “удирдлагатай хаос”-ын технологи хэрэглэж “өнгөт хувьсгал”-ыг гаргаж байна.

Дэлхийн эдийн засаг, санхүүгийн салбарт ч дахин хуваарилалт, сөргөлдөөн “хар хун”-гийн огцом үйл явц өрнөж блокчейн технологи, цахим валютын шинэ үзэгдэл нийтийг хамарч улс орнуудын төв банкны эрх мэдлээс гадуур цахим мөнгө гаргах, засгийн газар, банкны системийн хяналтгүй шилжүүлэг, арилжаа хийгдэх шинэ тогтоц бүрэлдэх нь төр, банкны системийн ашиг сонирхолтой сөргөлдсөн тул тэдгээрийн зүгээс хязгаарлалт хийгдэж, аливаа хэт тэлэлтийн нэгэн адил энэ онд огцом унаж олон зуун тэрбум долларын хохирлыг бий болгов.

Байгалийн аюулт үзэгдлийн далайц эрс нэмэгдэж буйг Япон улсад болсон Жеби хар салхи дахин харууллаа. Экологийн тэнцвэр алдагдаж, дулааралд чиглэсэн шилжилт огцом савалгаатай явагдаж буйн илрэл юм. Манай оронд ч 2017 оны хуурайшилт, 2018 оны үертэй зунаар солигдсон нь үүний нэг жишээ.

Фукушимагийн газар хөдлөлт ч гэнэт, хүчтэй болж түүнээс үүдэлтэй цунамид Атомын цахилгаан станц сүйдэж, улмаар дэлхий нийтээр цөмийн эрчим хүчнээс татгалзах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хандлага үүссэн. Жижиг хүчин зүйлс хэрхэн томоохон сөрөг үр дагаварт хүргэж болохын нэгэн жишээ бол Фукушимагийн АЦС-ын реакторын эвдрэл. Реакторууд цунамид тэсэж үлдсэн боловч онцгой нөхцөлд реакторын хөргөлтийг асаах үүрэгтэй жижиг дизель станц гацаж, реакторт хэт халалт үүсч, ан цав гарч, тэсэрч томоохон суйрэлд хүргэсэн байдаг юм.

Геостратегийн шилжилтийн шинэ давтамж

Геостратегийн дахин хуваарилалт, шилжилт 20-25 жилийн давтамжтай явагддагийг XX зууны үйл явц харуулсан бол эдийн засаг нийгмийн хурдацтай хөгжлийн улмаас хямрал, шилжилтийн давтамж XXI зуунд 10-15 жил болж богиносож байна.12

Дэлхийн I дайн (1914),  Дэлхийн II дайн (1938), колонийн эсрэг, тусгаар тогтнолын төлөөх дэлхий нийтийн тэмцэл (1960), ЗХУ, социалист системийн задрал (1990), Хойд Африк, Ойрх Дорнодыг хамарсан “өнгөт хувьсгал”, Ирак, Сири дэх зэвсэгт мөргөлдөөн (2010) харуулж байна. Жижиг гэх хүчин зүйлс нь дэлхий нийтийг хамарсан геополитикийн дахин хуваарилалт, улс төр эдийн засгийн томоохон шилжилтүүдэд хүргэдэг. Дэлхийн I дайн Европын жижиг улсын Сараевод болсон аллага, Хойд Африкийн өнгөт хувьсгалын давлагаа нь Тунис гэх жижиг улсад нэг залуу “зулын гол” болсон явдлаас үүдэлтэйгээр эхэлж, цаашлаад Ливи, Египет, Сири зэрэг 40 гаруй жил тогтуун байсан улс орнуудын дэглэмийг унагасан, томоохон давлагаа, “домино эффект”-ийг бий болгосон билээ. Крым, Украйны хямрал ч дахин хуваарилалтын нэг илрэл юм.

Энэ давлагаа XIX зуунд Төв Азид өрнөсөн “Их тоглоомын” шинэ хувилбар болж дорно чинагш Иран, Төв Азийг чиглэх эрсдэл байна. “Их тоглоом” гэж Британийн их гүрэн, Оросын эзэнт гүрнийг Энэтхэгийн далайгаас зааглах зорилгоор  Евразийн эх газрын 40-р өргөргийн дагуу торгон замын зангилаа Иран, Афганистан, Төв Азид явагдсан сөргөлдөөн.

Энэ бүс нутагт дахин хуваарилалт явагдаж БНХАУ-ын “Бүс, зам”, ОХУ тэргүүтэй Евразийн эдийн засгийн холбоо, ШХАБ, АНУ-ын ашиг сонирхол, ислам, христийн соёл иргэншил зөрчилдөж, цаг хугацааны хувьд зарим улс оронд олон жил болсон удирдлага солигдох үе эхэлж байна.

Геостратегийн сөргөлдөөн ба “жижиг” улс

Олон улсын харилцаа, аюулгүй байдал, геостратегийн орчин, улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаа нь оролцогч талуудын ашиг сонирхлын өрсөлдөөн байдаг.13 Өрсөлдөөний онолд өрсөлдөгч талууд ямагт ашиг сонирхлоо гүйцэлдүүлж, бусдын ашиг сонирхлын эсрэг давамгайлах эрмэлзэлтэй байдаг. Аль нэг нь ялж, эсхүл ялагдаж эцсийн бүлэгт хэн ч хожихгүй “тэг нийлбэрт” хүрэх жишээ олон. Өнөөгийн сөргөлдөөн мөн л ийм шинжийг агуулж байна.14

Геостратегийн сөргөлдөөний гол онцлог нь байгалийн баялаг, түүнийг олборлох, тээвэрлэх, боловсруулах газар нутгийн төлөөх тэмцэл байдаг бөгөөд ХХ зуунд болсон дайн, зэвсэгт мөргөлдөөн газрын тос, хий, эрдэс түүхий эдийн орд, дамжуулах хоолой, тээврийн зам, боомтын дагуу явагдсан нь одоо ч хэвээр.

Геостратегийн дахин хуваарилалт, шилжилт 20-25 жилийн давтамжтай явагддагийг XX зууны үйл явц харуулсан бол эдийн засаг нийгмийн хурдацтай хөгжлийн улмаас хямрал, шилжилтийн давтамж XXI зуунд 10-15 жил болж богиносож байна.

Энэ нь “Бүс, зам”-ын дагуух газар нутаг эрсдэлтэй тулгарч болохыг сануулж, түүний шижмийн гол зангилааны нэг болох Мьянмар, Пакистан, Шри Ланкад15 илэрч байна. Малаккийн хоолойгоор БНХАУ газрын тосны импортын 80 хувийг тээвэрлэдэг, энэ хоолойд жижиг гэлтгүй нөхцөл байдал үүсвэл том хэмжээний эрсдэлийг дагуулах нь 2017 оны 8-р сард АНУ-ийн “Жон Маккейн” хөлөг онгоц газрын тосны танкертай мөргөлдсөн явдал харуулсан.16 Ойрх Дорнодоос байгалийн хий, газрын тосны тээврийг Малаккийн хоолой, Сингапураар дамжуулахгүй, Мьянмар, Пакистанаар дамжуулан шууд авах нь БНХАУ-ын хувьд стратегийн чухал ач холбогдолтой. Гэтэл Мьянмарын Ракхин мужийн боомтоос БНХАУ-ын Кунмин хүртэлх газрын тос хийн хоолойн дагуу угсаатны, шашны мөргөлдөөн гарч эрсдэлтэй байдлыг үүсгэж байна. Сүүлийн үед гарсан үндэсний цөөнх рохинжа нартай холбоотой мөргөлдөөн тэдгээрийн оршин суудаг Ракхин мужид болсон нь анхаарал татаж байна. Мьянмарын өөрчлөн байгуулалт, ардчилсан төр рохинжа нарыг хоморголон устгасан гэж дэлхий нийт, НҮБ-ын шүүмжлэлд өртсөн, Пакистан улсад үзүүлэх дэмжлэг тусламжаа АНУ зогсоосон, Шри Ланк, Пакистанд баригдаж буй боомтын бүтээн байгуулалт гацсан, Ирантай байгуулсан цөмийн гэрээг цуцлах, тус улсад тогтворгүй байдал үүсэх зэрэг нь жижиг улсыг тойрсон, жижиг асуудал мэт боловч томоохон улс орнуудын ашиг сонирхлын зөрчлийн зангилаа, “хар хун” болон хувирах эрсдэлийг дохиолж байна.

Системийн онолоор системийн критик, нугарал(бифуркац)-ын цэгт бага хэмжээний өөрчлөлт ч “өсөх, уруудахын” аль нэг төлөвт оруулах чиг хандлагад түлхэц болдог. Сөргөлдөгч талуудын хүчний тэнцвэр алдагдах “торгон агшинд”  жижиг хүчин зүйл аль талд нь үйлчлэхээс цаашдын үр дүн хамаардгийг байгаль, нийгмийн бодит олон жишээ харуулж, орчин үеийн ээдрээт, хаос системийн онол болон өрсөлдөөний онол ч баталдаг.

Өнөөгийн их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчилдөөнт, эмзэг, хэврэг шилжилтийн үед жижиг хүчин зүйлс, жижиг гэгдэх улс орнуудын үүрэг, байр суурь ач холбогдолтой болж буйг харгалзан эдгээр улс оронд чиглэсэн уламжлалт цэрэг, дайны аюул занал сэргэж байна.

Гэвч уламжлалт аюул занал гэхээс “зөөлөн хүчний” хосолмол аргаар улс үндэстний эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулах, эдийн засгийн хүндрэл, хямрал үүсгэх, “удирдлагатай хаос” технологийг хэрэглэж үүнд онилох гол бай нь улс орны дотоод хүчин зүйлс, эмзэг цэгүүд болох: 1. үндэстэн, угсаатан, шашин, соёл, үзэл бодол, улс төрийн хуваагдмал байдал, 2. эдийн засгийн хямрал, хүндрэл, 3. нийгмийн болон улс төрийн хямрал бөгөөд хуваагдмал ард иргэдийг эдийн засгийн хямралаар өрдөн нийгэм, улс төрийн тогтворгүй байдалд хүргэж байна.

Дахин хуваарилалт явагдаж буй ээдрээт орчинд, гаднын хүчтэй нөлөөлөлд жижиг улс оршин тогтнох нэн бэрхшээлтэй. Нэн ялангуяа аюул, заналын эсрэг уламжлалт “хатуу хүчний” бодлого, эсвэл эдийн засаг, соёлын “зөөлөн хүчний” бодлогоор жижиг улс орон аюулгүй байдлаа хангах нэн бэрх. Энх, тогтуун үед олон улсын харилцааны эрх зүйт систем бүх улс орны эрх ашгийг хамгаалж, аюулгүй байдлын эрх зүйт хандлага, механизмууд үйлчилж байсан бол өнөөгийн энэ ээдрээт, цэгцгүй үед олон улсын эрх зүйг үл ойшоож байгааг олон үйл явц харуулж байна.

Дүгнэлт

Олон улсын хаpилцаа, аюулгүй байдал, геостратегийн энэ шинэ ээдрээт орчинд хүчний дахин хуваарилалт явагдаж, улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, иргэншил, шашны сөргөлдөөн үүсч “хар хун“ хэмээх жижиг үйл явцаас томоохон үр дагавар, эрсдэл гарч буй өнөө үед аюулгүй байдлын судалгаа, эрсдэлийн шинжилгээний уламжлалт, шугаман арга зүй тохирохгүй болж байна.

Олон улсын харилцаа, аюулгүй байдал, улс орныг ээдрээт, динамик систем хэмээн үзэж тус системийн тогтвортой байдал, хөгжил, хямрал, сарнилын зүй тогтлыг судлах шаардлагатай.17 Системийн онолын үүднээс олон улсын харилцаа, улс төр, нийгэм, эдийн засгийн систем нь гадаад, дотоод эрсдэл, оролцогч талуудын ашиг сонирхлын өрсөлдөөнийг илэрхийлсэн шугаман бус, ээдрээт динамик систем18 тул орчин үеийн ээдрээт буюу комплекс, хаос системийн онол, өрсөлдөөний стратегийн онол дээр тулгуурласан шугаман бус эрсдэлийн шинжилгээ, ээдрээт үйл явцын чиг хандлагыг тодорхойлох Аюулгүй байдлын форсайт шинэ арга зүйг боловсруулж хэрэглэх шаардлагатай байна.

Хэдийгээр гадаад, дотоод орчин байнга, огцом өөрчлөгдөж, шинэ эрсдэл, аюул, занал гарч аюулгүй байдлыг төгс хангах боломжгүй боловч улс орон, үндэсний хэмжээнд хийгээд олон улсын харилцаанд тулгамдаж буй цаг үеийн болон ирээдүйн чиг хандлагыг Аюулгүй байдлын форсайт  судалгааны арга зүйгээр тогтоож үндэсний аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлагатай, хүрэлцээтэй нөхцөлийг бүрдүүлж, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг байнга, баталгаатай хангах үйл явц тасралтгүй явагдах ёстой.

 

Ашигласан материал:

  1. Nasim N. Taleb, Antifragile, Things that Gain from Disorder, 2012
  2. Nasim N. Taleb, Black Swan: The Impact of the Highly Improbable, Random House, 2007
  3. Schwarzer Schwan und Vogel Strauss http://www.faz.net/aktuell/politik/die-gegenwart/krisenvorbeugung-schwarzer-schwan-und-vogel-strauss-14148389.html
  4. Petroleum & Other Liqiuds https://www.eia.gov/dnav/pet/hist/leafHandler.ashx?n=pet&s=mcrexus1&f=a
  5. Alicia Campi, The Fifth Ulaanbaatar Dialogue on Northeast Asian Security, Jun 15-18, 2018,
  6. U.S. Policy and Pyongyang’s Game Plan: Will We Accept a Nuclear-Armed North Korea? Foreign Policy, https://www.brookings.edu/wp-content/uploads/2018/08/FP_20180823_pyongyang_game_plan.pdf
  7. Die Türkei verlässt die Nato, Rayk Hähnlein / Markus Kaim / Günter Seufert, in Lars Brozus (Hg.) Während wir planten, Unerwartete Entwicklungen in der internationalen Politik Foresight-Beiträge 2018, p 10.
  8. U.S., Canada Pass Friday Deadline With No Nafta Deal https://www.wjs.com/articles/u-s-canada-rush-to-hash-out-nafta-compromise-1535724907
  9. Principles of  Managing U.S.-China Competition Ryan Hass Policy Brief August 2018, www.brookings.edu/wp-content/uploads/2018/08/FP_20180817_managing_competition.pdf
  10. Xi Jinping bekommt zunehmend Kritik ,https://www.businessinsider.de/eine-neue-bevoelkerungsgruppe-wird-chinas-machthaber-xi-jinping-zunehmend-gefaehrlich-2018-8
  11. Nasim N. Taleb, Antifragile, Things that Gain from Disorder, 2012
  12. A Theory of Political and Economic Cycles, Laurence Ales Pricila Maziero Pierra Yared http://www.nber.org/papers/w18354.pdf
  13. Ц.Даваадорж, Үндэсний аюулгүй байдлыг хангах нөхцөлийн тухай, Тусгаар тогтнол сэтгүүл, 2017,2.
  14. Ц.Даваадорж, Р.Анарбаяр “Эрдэс баялгаас үүдэлтэй зөрчил – Үндэсний аюулгүй байдал” Стратеги судлал сэтгүүл, 2013. No 56
  15. https://www.voanews.com/a/three-countries-withdraw-from-chinese-projects/4148094.html
  16. The Straits Times https://www.straittimes.com/singapore/transport/sudden-turn-by-us-warship-caused-aug-21-collision-which-killed-10-sailors
  17. Complexity, Global Politics and National Security, ed. D.S.Alberts,T.J.Czerwinsky, National Defense University, 1997 in www.dodccrp.org/files/Alberts_ComSocial System Theory, www.csub.edu, dss.ucsd.edu/egartzke/publication
  18. W.Barnett,G.Chen, Bifurcations of Microeconomic Models Robustness of Dynamical Interference, Studies in Applied Economics, John Hopkins Institute of Applied Economics.2015

Ангилал: Долоо хоногийн тойм