ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны урилгаар 2024 оны 6 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд тус улсад хоёр өдрийн албан ёсны айлчлал хийв. Өнгөрсөн оны 9 дүгээр сард БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун В.Путины урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн нь Ковид-19 цар тахал эхэлснээс хойш БНАСАУ-ын удирдагчийн айлчилсан анхны улс болсон бол энэ удаагийн айлчлал В.Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр 5 дахь удаа сонгогдсоноос хойш БНХАУ, Беларусь, Узбекистан улсуудын дараа хийсэн 4 дэх гадаад айлчлал байв.
В.Путин 2000 онд ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хоёр сарын дараа буюу долоодугаар сард Пёньянд айлчилж, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Илтэй уулзаж байжээ. Үүнээс хойш 24 жилийн дараа хоёр дахь удаагийн айлчлалаар БНАСАУ-д ийнхүү дахин хөл тавив.
Айлчлалын гол үр дүн хоёр улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр байсныг хоёр талын албаны эх сурвалжууд онцолсон бөгөөд тус хэлэлцээрийн 4 дүгээр зүйлд 1961 онд байгуулж байсан ЗХУ-БНАСАУ-ын цэргийн холбоотны харилцааг сэргээсэн заалт оруулсан нь ихээхэн анхаарал татав. Уг баримт бичгийг хоёр улсын парламент соёрхон батлах ёстой бөгөөд батламж жуух бичгээ солилцсоны дараа хүчин төгөлдөр үйлчлэх аж.
Шинэ хэлэлцээр Орос, Умард Солонгосын хооронд 1961 онд байгуулсан Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ, 2000 оны Найрамдал, сайн хөршийн хамтын ажиллагааны тухай гэрээ, 2000, 2001 оны тунхаглалуудыг орлох болно гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков айлчлалын өмнө мэдэгдэж байсан. Тэрбээр иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр олон улсын эрх зүйн бүхий л үндсэн зарчимд нийцсэн, аливаа улс орны эсрэг чиглээгүй, Зүүн хойд Азийн бүс нутагт илүү тогтвортой байдлыг хангах зорилготой гэж онцолсон.
Түүнчлэн дээд хэмжээний уулзалтын үеэр В.Путин, Ким Жон Ун нар батлан хамгаалах салбараас эхлээд шинжлэх ухаан, эрүүл мэнд, худалдаа зэрэг олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцсон байна. Москва, Пёньяны хооронд цэрэг, тээвэр, сансар судлал, эрүүл мэнд, эрдэс баялгийн зэрэг олон салбарт хамтран ажиллах эрмэлзлийг ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс харж болохоор байв.
Айлчлалын эргэн тойронд
Барууныхны дүгнэж буйгаар Москва бол маш найдваргүй холбоотон бөгөөд гэрээ байгуулсан гол зорилго нь Пёньянтай хамтын ажиллагааны жинхэнэ үндэс суурийг бий болгохоос илүүтэй Сөүл, Вашингтонд анхааруулга өгөх зорилготой.
БНАСАУ гаднын халдлагад өртвөл Орос цэргийн тусламж үзүүлэх амлалтаа биелүүлэх эсэх, хоёр улсын хооронд шинээр сэргэсэн харилцаа хэр хугацаанд үргэлжлэх вэ гэдэг асуулт судлаачдын анхаарлыг татаж байна.
АНУ-ын Стимсон төвийн “38 Норт” хөтөлбөрийн захирал Женни Таун “…Орос, Умард Солонгосын харилцаа ЗХУ-ын үеэс хойш байгаагүй өндөр түвшинд хүрсэн. Энэ харилцааны тогтвортой байдлыг үнэлэх шаардлагатай. Бидний харж байгаагаар богино хугацаанд л В.Путин, Ким Жон Ун нар барууны эсрэг дайн гэж нэрлээд байгаа эв нэгдлийнхээ үр шимийг хүртэх боломжтой” хэмээн хэлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Пёньянд айлчилж, Умард Солонгосын дарга Ким Жон Унтай хийсэн хэлэлцээр нь Орос ганцаараа биш бөгөөд Украины дайнаас үүдэлтэй хориг арга хэмжээ, сунжирсан мөргөлдөөнөөс айхгүй буйгаа харууллаа хэмээн Хятадын “Глобал таймс” сонин мэдээлэв. Түүнчлэн Оросын ерөнхийлөгчийн Пёньянд хийсэн айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж, Украины хямралыг сөрөн тэсвэрлэх Оросын чадамжийг бэхжүүлнэ. Нөгөөтээгүүр БНАСАУ-ыг тусгаарлах, хориг арга хэмжээ авах АНУ-ын стратеги бүтэлгүйтсэн бөгөөд Пёньян дэлхийн тавцанд ганцаараа биш гэдгээ батлан харуулсан явдал боллоо хэмээн Хятадын шинжээчид онцлов.
Умард Солонгос, ОХУ-ын удирдагчид аль нэг тал халдлагад өртвөл харилцан хамгаалах амлалт өгөх гэрээнд гарын үсэг зурсны дараа Өмнөд Солонгос Украинд зэвсэг нийлүүлэх боломжийн талаар судалж үзнэ хэмээн Ерөнхийлөгчийн тамгын газраас 6 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэв. Сөүл тус албан ёсны мэдэгдэлдээ Умард Солонгос, Оросын удирдагчид гарын үсэг зурсан иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээрийг буруушааж, НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчсөн гэж үзжээ.
Түүнчлэн БНАСАУ-д цэргийн хүчээ нэмэгдүүлэхэд шууд болон шууд бусаар тусалж буй аливаа хамтын ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчиж байгаа тул олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хяналт тавьж, хориг арга хэмжээ авах болно гэдгийг Өмнөд Солонгосын засаг захиргаа мэдэгдээд, энэ үйлдэл нь Сөүлийн Москватай харилцах харилцааг улам дордуулна хэмээн тэмдэглэв.
Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чан Хо Жин сэтгүүлчдэд хийсэн бага хурлын үеэр хэлэхдээ, өөрийн аюулгүй байдалд заналхийлж буй аливаа үйлдэлд Сөүл олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар шийдвэртэй хариу өгөх болно гэжээ.
БНСУ-ын тал Орос Умард Солонгост зэвсэг, технологи нийлүүлбэл Өмнөд Солонгосоос Украинд үзүүлэх тусламжийг хязгаарлахгүй гэж мэдэгдсэн явдал хурцадмал байдал даамжирч илүү ноцтой мөргөлдөөн болох уу гэсэн асуултыг дагуулж байна.
Орос улс Сөүлтэй эдийн засгийн харилцаагаа сайн байлгахыг эрмэлздэг бөгөөд суртал ухуулга ямар ч төвшинд байсан Оросын шийдвэр гаргагчид Өмнөд Солонгос бол асар том эдийн засгийн түнш гэдгийг сайн мэднэ.
Москва, Пёньяны эдийн засгийн хамтын ажиллагааны бодит хэтийн төлөвийн тухайд БНАСАУ Орос хооронд эдийн засгийг салбарт хамтран ажиллах боломжтой хоёр чиглэл байна гэж үздэг. Зэвсгийн худалдаа нь худалдаа хийх боломжтой хоёр чиглэлийн нэг боловч Украин дахь байлдааны ажиллагаа дууссаны дараа үргэлжлэх боломжгүй богино хугацааны хэлэлцээр юм. Хоёр дахь чиглэл бол ажиллах хүчний экспорт буюу Умард Солонгосын ажилчдыг Орос руу илгээх явдал юм.
Ойрын хэдэн жил хоёр улсын засгийн газар хамтарсан төслүүдэд ихээхэн дэмжлэг үзүүлж, хэрэгжүүлэх боломжтой ч Украины дайн дууссаны дараа улс төрийн тэргүүлэх чиглэлүүд өөрчлөгдөж, олон төслийг дуусгаагүй үлдээх магадлалтай гэж шинжээчид таамаглаж байна.
Өмнөд Солонгос Украинд мина цэвэрлэх тоног төхөөрөмж зэрэг аминд халгүй /non lethal/ зэвсгийн тусламж үзүүлж байгаа ч Киев зэвсгийн тусламжийн хүсэлтийг хүлээж авахгүй хэвээр байна.
Цэргийн холбоотны харилцаа сэргэх үү?
ЗХУ задарснаас хойш ОХУ цэргийн холбоотны харилцааг төдийлөн хөгжүүлээгүй бөгөөд зөвхөн Абхази, Өмнөд Осети хоёр улстай гаднын зэвсэгт халдлагад өртвөл харилцан хамгаалах талаар хоёр талын гэрээ байгуулсан байдаг.
Орос улс Армен, Беларусь, Казахстан, Киргизстан, Орос, Тажикстан гэсэн зургаан гишүүн орон багтдаг Хамтын Аюулгүй байдлын Гэрээний Байгууллагын (CTSO) хүрээнд үүрэг хүлээдэг боловч 2023 онд Азербайжан Арменийг довтолж, ялалт байгуулахад Орос хөндлөнгөөс оролцоогүй.
Хэлэлцээр нь БНАСАУ магадгүй (магадлал маш багатай) өөр улс руу (Өмнөд Солонгос) довтлох тохиолдолд энэ халдлагын эсрэг ОХУ өөрийгөө хамгаалах үндэслэл байж болох ч ийм хямрал үүсвэл Орос автоматаар Умард Солонгостой хүчээ нэгтгэнэ гэсэн үг биш. Учир нь 2023 оны Арменийн жишээ Орос улс эвслийн гэрээг “бүтээлчээр” тайлбарлаж чадна гэдгийг харуулсан.
Нөгөөтээгүүр БНАСАУ-ын хувьд аюулгүй байдал нь цөмийн зэвсгээр баталгаажсан улс тул ОХУ-тай эвсэх нь хамгаалалтын арга хэмжээний хувьд тийм ч чухал, нэн тулгамдсан асуудал биш.
Тэгвэл иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурах шаардлага юунд байв гэдэг асуулт урган гарна. Үүнийг судлаачид хоёр хүчин зүйлээр тайлбарлаж байна.
Нэгдүгээрт АНУ болон барууны орнуудад мессеж өгөх зорилготой. Ийм хэлэлцээрт гарын үсэг зурснаар Оросын удирдагчид АНУ Украинд хэт их дэмжлэг үзүүлбэл Москва Пёньянд тусалж, дэлхий даяар дургүйцлийг төрүүлэх замаар асуудал үүсгэж болзошгүй гэсэн дохиог Вашингтонд илгээв.
Умард Солонгосын урьдчилан тааварлашгүй, хаалттай имижийг харгалзан үзвэл энэ мессеж нилээд нөлөөтэй байх магадлалтай.
Хоёрдугаарт Өмнөд Солонгост ижил мессежийг илгээх зорилготой. Өмнөд Солонгос бол Украинд өрнөж буй дайн тулаанд ихээхэн ач холбогдолтой их бууны том калибрын сумыг үйлдвэрлэдэг цөөхөн орны нэг юм.
Тиймээс Орос улс Украиныг эдгээр суманд хүргэхгүй байх арга хэмжээг авч, ийм нийлүүлэлтээс Өмнөд Солонгост үзүүлэх үр дагаврыг сануулж байна гэж үзнэ.
Орос Умард Солонгост цэргийн технологи нийлүүлэх үү?
Объектив талаас нь үзвэл, Оросоос Умард Солонгост цэргийн дэвшилтэт технологи өгөх сонирхол бага байна. Хоёр улсын харилцаа илүү ойр байсан ЗХУ-ын үед ч Москва үүнээс зайлсхийдэг байсан. Энэ нь дэвшилтэт технологийн дэмжлэг үзүүлснээр БНАСАУ Москвагийн хяналтаас гарна гэсэн болгоомжлолтой холбоотой. Нөгөөтээгүүр БНАСАУ бага зардлаар Оросын зэвсгийг хуулбарлан үйлдвэрлэж, Оросын зэвсгийн экспортыг бууруулах боломжтой. Түүгээр ч зогсохгүй эдгээр технологи, зэвсгийн систем нь Оростой дайсагнасан харилцаатай орнуудын гарт орох эрсдэлтэй.
Харин Оросын зүгээс тагнуулын хиймэл дагуултай холбоотой гэх мэт өөрийн аюулгүй байдалд заналхийлэх боломжгүй гэж үзсэн технологиудыг шилжүүлэх, хуваалцах талаар хамтран ажиллах магадлалтай.
Иймд тив алгасагч баллистик пуужин, цөмийн зэвсгийн технологи гэх мэт батлан хамгаалахын нэн чухал технологийг Оросын зүгээс Умард Солонгост дамжуулахгүй ч АНУ болон Өмнөд Солонгост шахалт үзүүлэх зорилгоор батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны идэвхжил болон зэвсгийн технологи нийлүүлэх боломжийн талаар байнга сануулсаар байх болно гэж шинжээчид дүгнэж байна.
Дүгнэлт
Олон улсын харилцаанд хямрал үргэлжилж буй энэ үед БНАСАУ гол хоёр улс болох БНХАУ, ОХУ-тай шинэ тактикаар шатрын нүүдэл хийх боломжтой болсон. ОХУ-БНАСАУ-ын олон жил “унтаа” байсан харилцаа эрчимтэй хөгжиж, энэ хугацаанд БНАСАУ харилцааг бүх талаар ашигтай байлгахыг эрмэлзэж байна. Учир нь эрчимтэй өрнөж буй харилцаа Украины дайн дуусах үед сулрах нь тодорхой бөгөөд урт хугацаанд тогтвортой байх эсэх нь эргэлзээтэй юм.
АНУ болон барууны орнуудын гол алдаа нь БНАСАУ-ыг дутуу үнэлэх явдал юм. Тэд нөхцөл байдлыг Умард Солонгосын байр сууринаас бус өөрийн байр сууринаас харж, дүн шинжилгээ хийхийг зорьдог гэсэн шүүмжлэл дагуулдаг. Эдийн засгийн хориг арга хэмжээгээр БНАСАУ-ын дотоод байдлыг туйлдуулж, улмаар яриа хэлэлцээнд буулт хийлгэж, дэглэмийг сулруулна гэсэн төсөөллөөр олон жилийг өнгөрөөсөн юм.
Үүний хариуд БНАСАУ цөмийн болон пуужингийн хөтөлбөр, хиймэл дагуул, хиймэл оюун ухааны гээд салбар салбарын технологийг хөгжүүлж, цөмийн гүрнээр хүлээн зөвшөөрүүлэх стратегийн зорилгодоо хүрэхийг чармайсаар байна. БНАСАУ цөмийн зэвсгээс татгалзахгүй гэдэг нь тодорхой бөгөөд үүнийгээ хуульчилж баталсан. Иймд АНУ энэ талаарх бодлогоо сулруулж, зэвсэглэлд хяналт тавих шат руу бууж тохиролцох магадлалтай юм. Таамаглахад эрт байгаа ч АНУ-БНАСАУ-ын харилцааны динамик АНУ-ын сонгуулийн дүнгээс ихээхэн хамаарах юм.
БНСУ-ОХУ-ын харилцааны хэтийн төлөв нь “үл таамаглах” гол асуудал болж байна. Учир нь хурцадмал байдал үүсэх бодитой нөхцөл байгаа ч цаашид төдийлөн хурцдахгүй гэж шинжээчид дүгнэж байна. Орос Өмнөд Солонгос хоёр тал одоогийн байр сууриа хадгалахыг илүүд үзэж байгаа нь харагдаж байна: Орос цэргийн технологио Умард Солонгост өгөхөөс татгалзаж, Өмнөд Солонгос Украинд аминд халтай зэвсгийн тусламж үзүүлэхгүй хэвээр байна.
БНАСАУ, Орос хоёр ойртох нь дамжиггүй, гэхдээ энэ эвсэл нь голчлон мэссэж өгөх хэлбэрээр байх бөгөөд тэдний харилцаа НҮБ болон бусад олон улсын форумд бие биеэ дэмжихээр хязгаарлагдах болно гэж үзэж байна.
Ашигласан эх сурвалж:
- https://thediplomat.com/2024/06/in-bid-to-be-major-global-player-north-korea-signs-new-treaty-with-russia/
- https://www.arirang.com/news/view?id=272454&lang=en
- https://www.nknews.org/2024/06/dont-believe-the-hype-russia-north-korea-defense-pact-wont-upend-status-quo/#
- https://tass.com/politics/1805283
- https://www.reuters.com/world/south-korea-says-will-reconsider-providing-weapons-ukraine-yonhap-says-2024-06-20/
- https://www.aljazeera.com/gallery/2024/6/19/russias-vladimir-putin-visits-north-korea-for-first-time-since-2000
- https://news.ru/world/zapad-zabil-trevogu-posle-vizita-putina-v-kndr/
- https://www.plenglish.com/news/2024/06/18/putin-begins-visit-to-dprk/
- https://english.almayadeen.net/news/politics/putin-and-kim-agree-to-strengthen-dprk-russia-relations
- https://m-en.yna.co.kr/view/AEN20240304002151315?input=tw
- https://www.unian.net/world/rosiya-ta-kndr-shcho-kazhe-zelenskiy-pro-putina-ta-ina-12682386.html
- https://www.pravda.com.ua/rus/news/2024/06/30/7463353/
- https://www.bbc.com/russian/articles/cn44np72d21o
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Эрх зүйн дайн: Гүрж улсын жишээДараах нийтлэл
Европын сонгууль – 2024 (I)Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19