Их гүрнүүд стратегийн үндсэн зорилгодоо хүрэхийн тулд эрх зүйн тогтолцоо, зарчмуудыг зэвсэг болгон ашиглах явдлыг эрх зүйн дайн (lawfare) хэмээн томьёолон судлаачид анхааран судлах болжээ. Эрх зүйн дайнд хууль эрх зүйг хоёр үндсэн арга замаар ашиглаж байна. Үүний нэг нь бай улсынхаа хууль эрх зүйг өөрт ашигтай байдлаар “загварчлах” бол нөгөө нь олон улсын эрх зүйг өөрт ашигтайгаар тайлбарлах юм. Үүнийг Европын Холбоо (ЕХ) ба ОХУ-ын дунд буфер болон оршдог, 70 орчим жил ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан, өдгөө ЕХ-ны гишүүн болохоор шинэчлэлүүдийг хийж байгаа Гүрж улсад өрнөсөн хоёр томоохон үйл явдлаар тайлбарлахыг зорилоо.
Бай улсын эрх зүйг өөрт ашигтайгаар “загварчлах”
Гүрж улсын парламент олон нийтийн хүчтэй эсэргүүцлийг үл харгалзан 5 дугаар сарын 14-нд “Гадаадын нөлөөний ил тод байдлын тухай хууль”-ийг баталжээ.[1] Энэ хуулийн төслийг сүүлийн 12 жил төрийн эрх барьж буй “Гүржийн мөрөөдөл” намаас албан ёсоор салан гарсан гэгддэг “Ардын хүч” бүлгээс өнгөрөгч 2023 оны 2 сард парламентад анх өргөн барьсан ба тухайн үед мөн олон нийтийн эсэргүүцлийн улмаас 3 хоногийн дараа хуулийн төслийг буцаан татсан юм. Тус бүлэг хэдийгээр албан ёсоор эрх баригч намаас салан гарсан ч намын дэмжлэгтэй хэвээр байдаг гэж ажиглагчид үздэг. Энэ удаад Оросын “гадаадын агентын тухай хуулийн хуулбар” гэж олон нийт болон өрнөдийн зүгээс шүүмжилж буй уг хуулийг Гүржийн нөлөө бүхий хоёр улс төрч болох ерөнхий сайд Иракли Кобахидзе, “Гүржийн мөрөөдөл” намыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Бидзина Иванишвили нарын хүчтэй дэмжлэгтэйгээр парламентаар батлуулжээ.[2] Энэ нь дотооддоо эрс эсэргүүцлийг дагуулж, олон улсад ихээхэн шүүмжлэлд өртөөд байна.
Хуулийн дагуу “гадаадын агент” гэх ойлголтод Гүрж улсад бүртгэлтэй төрийн бус байгууллагууд болон сонин хэвлэл, гүрж хэл дээрх цахим платформыг хамруулан ойлгоно. “Гадаад” гэх ойлголтод:
- Гадаадын засгийн газар
- Гүрж улсын бус иргэн
- Гүрж улсын хуулийн дагуу тус улсад үүсгэн байгуулагдаагүй хуулийн этгээд, байгууллага
- Олон улсын эрх зүйн дагуу үүсгэн байгуулагдсан НҮБ, ДЭМБ гэх мэт байгууллагыг ойлгох аж.
Дээрх байгууллагууд жилийн орлогынхоо 20 ба түүнээс дээш хувийн санхүүжилт болон биет бус хандивыг гадаадаас татаж байгаа бол заавал Хууль зүйн яаманд бүртгүүлэх, бүртгүүлээгүй тохиолдолд 10 орчим мянган ам.доллар хүртэлх торгууль төлөх ажээ.[3]
Мөн хуулийн төсөлд Гүржийн Хууль зүйн яам гадаадын нөлөөний агент гэж үзэж буй байгууллагуудад шалгалт хийх, хувийн мэдээлэл болоод холбогдох бусад бичиг баримтыг гаргуулж авах эрхтэй байхаар тусгажээ.[4]
Талуудын байр суурь: Эрх баригч талынхан уг хуулийг тайлбарлахдаа ил тод байдлыг хангах, улс үндэсний тусгаар тогтнолыг хамгаалах ач холбогдолтой гэж үзэж байна. “Гүржийн мөрөөдөл” намыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Бидзина Иванишвили 4 дүгээр сард “өрнөдийнхөн 2008, 2014, 2022 онд Гүржийг Оросын эсрэг “тавьж” байсан бөгөөд Оростой хийх сөргөлдөөнийхөө нэг хэсэг болгон ашиглаж байна” гэж иргэдтэй хийх уулзалтынхаа үеэр мэдэгдэж байв.[5] Үүнээс сар орчмын дараа хуулийг парламентаар батлуулсныг ерөнхийлөгч эсэргүүцэн хориг тавьж, олон нийт жагсаал зохион байгуулжээ.
Хуульд ерөнхийлөгч Саломе Зурабишвили 5 дугаар сарын 18-нд хориг тавьсан ба “Энэ хууль мөн чанараараа Оросын хууль бөгөөд манай улсын Үндсэн хууль болоод Европын бүх стандарттай зөрчилдөж байна” хэмээн мэдэгдсэн юм.[6] Ерөнхийлөгч болон олон нийт уг хуулийг “шийдвэр гаргах үйл явцад иргэний нийгмийн оролцоог хангах” гэсэн ЕХ-ны шаардлагад шууд харшилна гэж үзэж байгаа юм. Улмаар хуулийг хэрэгжүүлэхдээ ОХУ-тай ижил төстэй байдлаар буюу иргэний нийгмийг хумих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж засгийн газрыг эсэргүүцэх үзэл санааг дарахад чиглэнэ хэмээн болгоомжилж байна.[7]
Хүний эрхийн Human Rights Watch, Эмнести Интернэшнл байгууллагын зүгээс тус хууль нь Гүржийн нэгдэн орсон Хүний эрхийн тухай Европын конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар хүлээсэн үүрэг хариуцлагатай зөрчилдөж байгааг мэдэгдсэн байна. Олон улсын эрх зүйн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлахыг зөвшөөрдөг боловч ингэж хязгаарласан хууль нь ойлгомжтой, хүртээмжтэй байх, хууль ёсны зорилготой байх, пропорциональ байх шалгууруудыг тавьдаг аж. Гүржийн “Гадаадын нөлөөний ил тод байдлын тухай хууль” нь эдгээр шаардлагын алийг ч хангаагүй гэжээ.[8] Европын парламентын ерөнхийлөгч, НАТО-гийн хэвлэлийн төлөөлөгч болоод бусад өрнөдийн удирдагчид хуулийг иргэдийн эсэргүүцлийг үл харгалзан хүчээр баталсанд харамсаж буйгаа илэрхийлээд Гүржийг Евро-Атлантын интеграциас холдуулах томоохон алхам болж буйг мэдэгджээ.[9]
АНУ-ын Төрийн департамент 5 дугаар сарын 23-нд хоёр талын хамтын ажиллагааг “иж бүрнээр нь хянаж үзэх”-ээ мэдэгдсэн ба “Гүржийн ардчиллыг сүйрүүлэхэд оролцож буй хүмүүс болоод тэдний гэр бүлийн гишүүдэд” визний хязгаарлалтын шинэ бодлогыг авч хэрэгжүүлэхээ зарласан юм.[10]
Гүржийн олон нийт болоод өрнөдийнхний уг хуулийг эсэргүүцэж байгаа гол шалтгаан нь хуулийн үйлчлэх хүрээ хэт өргөн байгаагийн зэрэгцээ түүнд оногдуулах шийтгэл нь хатуу, хамгийн аюултай нь ардчилал бэхжээгүй тус улсад хуулийг хэрэгжүүлэхдээ гажуудуулах магадлалтайг онцолж байгаа юм.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Димитрий Песков, Төрийн думын дарга Вячеслав Володин нар хууль батлагдсаныг сайшаан “ирээдүйгээ өөрсдөө тодорхойлдог бүрэн эрхт улс болохыг хүсэж буй ямар ч улс гадаадын төлөөлөгчийн тухай хуулийг батлах ёстой. Энэ хуулийн мөн чанар нь улс орны дотоод хэрэг дэх гадаадын оролцоог хориглох юм” гээд ийм хуулийг анх АНУ-д баталсан бөгөөд Их Британи, Израил, Австрали зэрэг олон оронд ийм хууль хэрэгждэг гэв.[11] Гүржийн иргэний нийгмийн байгууллагууд Америкийн хуультай тус хуулийг харьцуулж байгаа нь нийгмийг төөрөгдүүлж байгаа явдал гэж үзэж байна.
АНУ-ын “Гадаадын агентыг бүртгэх тухай хууль” (FARA)-тай харьцуулбал: Өнгөц харахад хоёр хууль хоёулаа гадаадын нөлөөллийг ил тод болгох зорилготой ч хоёр орны түүхэн нөхцөл байдал нь хуулийг ялгаатай байдлаар хэрэгжүүлэх магадлалыг нэмэгдүүлж байна. 1938 онд батлагдсан FARA-д АНУ-д гадаад улсын засгийн газар, байгууллага, хувь хүнийг төлөөлөн улс төрийн үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, аж ахуйн нэгж нь тус улсын Хууль зүйн яаманд бүртгүүлж, үйл ажиллагаа, холбогдох санхүүгийн эх үүсвэр зэргээ ил тод мэдээлэхийг шаарддаг. Дэлхийн II дайны өмнө нацистуудын суртал ухуулгын эсрэг, АНУ-ын улс төрийн тогтолцоонд гадаадын лобби, нөлөөллийн ил тод, хариуцлагатай байдлыг хангах зорилгоор анх батлагдсан уг хууль нь бүртгүүлэгчдийн үйл ажиллагааг хязгаарлахаас илүү ил тод байлгах замаар үндэсний аюулгүй байдлаа хангахад чиглэдэг гэж үздэг бөгөөд үндсэндээ улс төрийн болон иргэний эрх чөлөөг хязгаарлахгүйгээр гаднын нөлөөг зохицуулах зорилготой гэж үздэг. Тус хууль торгууль ногдуулах, хатуу шийтгэхээс илүү заавал бүртгүүлэхийг шаардахыг урьтал болгосон шинжтэй.
Харин Гүржийн хуулийг Human Rights Watch-н зүгээс эсэргүүцэгчдийн дуу хоолойг дарах, иргэний нийгмийг боомилох хэрэгсэл гэж үзсэн бол Конгрессын судалгааны тайланд ардчилсан сөрөг хүчин, ТББ болон бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг сулруулна гэж үзжээ. “Гадаадын нөлөөний ил тод байдлын тухай хууль”-ийн хэрэгжих хүрээ өргөн, ял шийтгэл хатуу байгаа нь иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэлийн эрх чөлөөг хянахад түлхүү чиглэсэн шинжтэй байна.
Мөн АНУ болон Гүржийн нийгэм, улс төрийн орчны ялгаатай байдлаас шалтгаалан хуулийн үр дагавар ялгаатай байж болзошгүй юм. Тогтвортой ардчилсан институци, хүчтэй иргэний нийгэм нь АНУ-д FARA-н хэрэгжилтийг тэнцвэржүүлдэг бол улс төрийн тогтворгүй байдалтай, ЗХУ-ын нөлөөнд удаан хугацаанд оршсон, ардчилал төдийлөн бэхжиж амжаагүй Гүрж улсад ийм хууль батлагдах нь авторитаризм руу гулсах вий гэх болгоомжлолыг олон улсад төрүүлж байна.
Гүржийн “Media Ombudsman”-ы захирал Натиа Капанадзе энэ хуулийн төсөл нь Оросын загвартай төстэй бөгөөд эрх баригчдад таалагдаагүй нэгнийг гадаадын агент гэж нэрлэн хянах цаашлаад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар улам хатуу болгох боломжтойг дурдаад “ардчиллаас хол байгаа улсад хэвлэл мэдээлэл болон төрийн бус салбарыг хянах механизмыг бүрдүүлэх боломжийг” нээж байгааг өгүүлжээ.[12]
Олон улсын эрх зүйг өөрт ашигтайгаар тайлбарлах
Энэ хэсэгт 2008 оны Гүрж – Оросын дайныг авч үзье. Уг дайн эхэлсэн шалтгийг Оросын тал Гүрж улс Оросын энхийг сахиулагчид руу түрүүлж халдсан гэдэг бол Гүржийн тал Оросын цэргүүд Роки хонгилоор дамжин Гүржийн нутаг дэвсгэрт түрэмгийлсэн гэж тайлбарладаг.[13] Аль тал нь эхэлж дайрсныг үл харгалзан тайлбарыг нь анхаарч үзвэл Оросын “энхийг сахиулагчид” Өмнөд Осетьд өөрийн үндэстэн болон энгийн иргэдийг хамгаалан, энхийг сахиулахаар ирснийг эрх зүйн хувьд буруушаах аргагүй юм.[14] Тиймээс тухайн үед олон улсын зүгээс дорвитой арга хэмжээ аваагүй гэж зарим судлаачид үздэг. Таван өдрийн дайны дараа хоёр тал гал зогсоох гэрээнд гарын үсэг зурж Орос ихэнх цэргээ татсан ч Абхаз, Өмнөд Осеть дахь цэргээ татаагүй. Үүнээс 10 хоногийн дараа ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев “Абхаз, Осетийн ард түмний чөлөөт хүсэл зориг”-ийг үндэслэн тус улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай зарлигт гарын үсэг зуржээ. ОХУ өөрийн энэ үйлдлээ эрх зүйн хувьд тайлбарлахдаа НҮБ-ын үндсэн зарчим болоод Хельсинкийн Файнал акт (Helsinki Final Act), Парисын дүрэм зэрэгт тусгагдсан аливаа улс үндэстэн, ард түмэн улс төрийн статусаа чөлөөтэй сонгох, засаглалын хэлбэрээ гаднын этгээдийн хөндлөнгийн оролцоогүйгээр өөрөө тодорхойлох эрхтэй байх суурь зарчмын дагуу Өмнөд Осеть, Абхазын тусгаар тогтнолыг дэмжсэн гэдэг.
Дүгнэлт
Буруутгах аргагүй үндэслэл гарган зүйд нийцэх, эс нийцэхийн ялгааг бүдгэрүүлж байдаг нь холимог дайны нэгэн онцлог шинж. Гүрж улсад өрнөсөн дээрх үйл явдлууд нь зөвхөн тус улсын дотоод асуудал төдий бус тус улсыг нөлөөний бүсдээ багтаах геополитикийн ашиг сонирхол бүхий их гүрнүүдийн тэмцэл явагдаж байгаагийн нэг илрэл юм. Цэргийн хүч хэрэглэхгүйгээр геополитикийн ашиг сонирхолдоо хялбар агаад хямд хүрч болох үр дүнтэй зэвсэг бол хууль эрх зүй юм. Хосолмол дайны нэг бүрэлдэхүүн хэсэг болох эрх зүйн дайн нь олон улсын эрх зүйг өөрт ашигтайгаар тайлбарлах, хэрэгжүүлэх, бай улсдаа өөрийн үйл ажиллагааг явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар хэрэгжиж байна.
Эрх зүйн орчин бүрдүүлэх хууль батлагдсан ч эс батлагдсан ч халдагч улсад ашигтай байдаг. Бүх нийтээр дагаж мөрдөх хууль батлагдах нь тухайн улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчноо бүрдүүлэх ашигтай бол эс батлагдах нь олон нийтийн санаа бодлыг тандах цаашлаад нийгэмд хагарал хуваагдал үүсгэх, дараагийн оролдлогоо амжилттай болгох хөрс суурийг бэлдэх ашигтай байдаг.
Ардчилал хөгжсөн улс орнуудад тогтвортой ардчилсан институци, хүчтэй иргэний нийгэм нь төрийн аливаа хяналтыг тэнцвэржүүлэх чадвартай байдаг бол коммунист системийн нөлөө арилаагүй, ардчилал бэхжээгүй улсад төрөөс иргэний нийгэм, ТББ, хэвлэл мэдээллийн хэрэгслийг өргөн хүрээнд хянах, хатуу хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх нь авторитаризм руу хялбар гулсах нөхцөлийг бүрдүүлж байгааг Гүржийн “Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай хууль”-ийг шүүмжилж буй өрнөдийн байгууллагууд онцолж байгаа нь анхаарал татах асуудал юм.
Ашигласан эх сурвалж:
[1] Georgia passes controversial ‘foreign agents’ bill despite widespread opposition https://edition.cnn.com/2024/05/14/europe/georgia-foreign-agents-bill-passed-intl/index.html
[2] Why protesters in Georgia are opposed to a ‘foreign agents’ law and why it matters https://www.npr.org/2024/05/13/1250983403/georgia-protest-foreign-agents-law-russia-dissent-eu
[3] Georgia: ‘Foreign Agents’ Bill Tramples on Rights https://www.hrw.org/news/2023/03/07/georgia-foreign-agents-bill-tramples-rights
[4] Foreign agent law to be submitted to Georgian Parliament https://oc-media.org/foreign-agent-law-to-be-submitted-to-georgian-parliament/
[5] Georgia rocked by clashes over ‘foreign agent’ bill https://www.bbc.com/news/world-europe-68933064
[6] Georgian president vetoes ‘foreign agents’ bill after widespread opposition https://edition.cnn.com/2024/05/18/europe/georgia-president-veto-foreign-agents-bill-intl-hnk/index.html
[7] What is Georgia’s ‘foreign agents’ bill, and why is Europe so alarmed? https://edition.cnn.com/2024/05/13/europe/georgia-foreign-agents-law-explained-intl/index.html
[8] Georgia: ‘Foreign Agents’ Bill Tramples on Rights https://www.hrw.org/news/2023/03/07/georgia-foreign-agents-bill-tramples-rights
[9] International Reactions to Final Adoption of Foreign Agents Law https://civil.ge/archives/606480#:~:text=UN%20in%20Georgia%3A%20%E2%80%9CUN%20Georgia,core%20pillars%20of%20Georgian%20democracy.
[10] Georgia’s parliament passes “Transparency of foreign influence” law https://crsreports.congress.gov/product/pdf/IN/IN12368
[11] Russian State Duma Chairman Praises Georgian Dream’s Foreign Agents Bill https://civil.ge/archives/600194
[12] Foreign agent law to be submitted to Georgian Parliament https://oc-media.org/foreign-agent-law-to-be-submitted-to-georgian-parliament/
[13] The Russian case for military intervention in Georgia: international law, norms and political calculation
[14] ‘Mimicking’ the West? Russia’s legitimization discourse from Georgia war to the annexation of Crimea
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Сонгууль ба кибер аюулгүй байдлын зарим эрсдэлүүдДараах нийтлэл
ОХУ БНАСАУ-ын харилцааны эргэлтийн цэг үү?Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19