Энэтхэг–Номхон далайн шинэ гурвал – AUKUS (II)

2023-06-30

https://niss.gov.mn/wp-content/uploads/2023/06/999.png

БНХАУ-ын худалдааны гол зам, эрчим хүчний тээврийн урсгалын гол зам дайран өнгөрдөг Номхон далайн баруун бүс, тэр дундаа Өмнөд Хятадын тэнгис, Дорнод Хятадын тэнгис, Тайваний хоолой, Малаккийн хоолой, Сундын хоолой, Ломбокийн хоолой, Банда тэнгист стратегийн боолт хийх чадамжтай болох нь АНУ болон холбоотнуудын зорилт болсон. Өрнөдийн стратегчдын тооцож үзсэн мөргөлдөөний загварчлалаар 2025 онд АНУ–БНХАУ хооронд Өмнөд Хятадын тэнгисийн бүсэд мөргөлдөөн үүсвэл хоёр тал цэргийн үлэмж хэмжээний хохирол харилцан хүлээх ба тэнгисийн замаар урсдаг Хятадын худалдаа зогсож, нэг жилийн дотор БНХАУ-ын ДНБ 25-35 хувиар унана гэсэн тооцоо гарсан. АНУ–БНХАУ-ын мөргөлдөөн цөмийн дайн руу шилжихгүй, талууд цөмийн босгыг давахгүй дундын бүсэд, тухайлбал дээр дурдсан стратегийн боолт цэгүүдэд мөргөлдөөнөө хязгаарлахыг хичээнэ гэсэн хувилбар судлаачдын хүрээнд байдаг боловч талууд цэргийн мөргөлдөөнд нэгэнт татагдан орсны дараа байдал цааш яаж өөрчлөгдөхийг урьдчилан тааварлах боломжгүй юм.[1]

AUKUS-ийн холбоотны гэрээгээр дамжуулан Австралийг БНХАУ-ын эсрэг эвсэлд татан оруулж байгаа нь АНУ-ын геостратегийн том ахиц, амжилт болсныг Virginia ангиллын цөмийн шумбагчийн тооцооллоор суурилж зураглаж болно. Баруун Австралийн эрэгт орших Пертийн ойролцоох Стирлинг тэнгисийн зогсоолоос хөдлөх цөмийн шумбагчууд байлдааны горимоор 1-5 хоногийн хугацаанд Энэтхэг-Номхон далайн стратегийн боолт цэгүүдэд очиж байршиж чадах бөгөөд зэвсэглэл нь аливаа мөргөлдөөнд хүчний тэнцвэр үүсгэх, түрэмгийллийг саатуулах, тогтоон барих боломжтой юм. AUKUS-ийн тооцооллоор 2055-2060 оны орчимд Австрали дангаараа 8-13 тооны цөмийн шумбагч бүхий флоттой болох ба Хавай–Гуам–Перт гэсэн гурвалжны хүрээнд АНУ, Их Британий холбоотнууд нийлсэн гурван улсын нийлбэр 25 хүртэл тооны орчин үеийн шумбагч хөлөг байлдааны эргүүл хийх төсөөлөл харагдаж байна.

AUKUS-ийн шумбагчийн гэрээний гол цөмийг бүрдүүлэх АНУ-ын цөмийн хөдөлгүүрт Virginia ангиллын шумбагч хөлгийн техник үзүүлэлт:

  • Усан түрц: 7,900-10,200 тонн.
  • Хурд: Усан мандалд 25 (46 км/ц) зангилаа, усан доор 35 (64 км/ц) зангилаа хурд.
  • Шумбах доод гүн: 490 метр.
  • Тоо ширхэг: Зэвсэглэлд орсон 22 хөлөг. 2003-2043 онд нийт 66 хөлөг барина.
  • Зэвсэглэлд байх хугацаа: 2070 он хүртэл (ашиглалтын хугацаа 33 жил).
  • Зэвсэг: Босоо ба хэвтээ тэнхлэгийн харвах хоолойгоор 65 хүртэл тооны өндөр цэцтэй далай-далай, далай-газар ангиллын торпедо, далавчит пуужингаар зэвсэглэсэн. Ирээдүйн загваруудад гиперсоник пуужин,[2] их энергийн лазерийн зэвсэг суурилуулна. Тэнгисийн мина тээдэг.
  • Нэмэлт төхөөрөмж: Усан дор өөрөө явагч автомат завьтай. Нэмэлт мини-шумбагч завь (DCS) өөртөө тээх ба 8 хүнтэй тусгай хүчний багтай. (АНУ-ын Тэнгисийн флот 2030 аад оны төгсгөл үед нийт хөлгийн 1/3 нь усны дрон, өөрөө явагч автомат төхөөрөмжүүд байхаар төлөвлөж буй.[3])

Тухайн үүрэг гүйцэтгэж буй стратегийн газар орондоо нэг ширхэг ийм довтолгооны төрлийн цөмийн шумбагч хөлгийн (SSN) үзүүлж чадах нөлөө маш өргөн хүрээтэй, өргөн чадамжтай. Тухайлбал: Өмнөд Хятадын тэнгис, Дорнод Хятадын тэнгист Хятадын байлдааны флотын аливаа хөдөлгөөнийг хянах, мөшгих, амдан сөнөөх, жигүүрээс цохих, шаардлагатай үед эх газрын байнууд руу далавчит пуужингаар цохилт өгөх боломжтой. Мөн тухайн бүс нутгуудад тэнгисийн десант буух тохиолдолд ажиллагаанд саад учруулах, зарим үед боломж, тохиол нь бүрдвэл тэнгисийн десантын ажиллагааг бүрэн зогсоож чадахуйц зэвсэглэлтэй юм.[4]

АНУ-ын зүгээс Энэтхэг–Номхон далайн бүсэд хэрэгжүүлж буй Хятадыг тогтоон барих эвсэл бүрдүүлэх стратегийн гол тулгуур нь AUKUS болно.

Зураг-2: AUKUS зураглал 2023 оны 3-р сарын 23-ны байдлаар

Эх сурвалж: The Geopolitics of AUKUS [Council on Geostrategy] 23rd March 2023 https://www.geostrategy.org.uk/research/the-geopolitics-of-aukus/

Хэдийгээр Энэтхэг–Япон–АНУ–Австрали дөрвөн улсын яриа хэлэлцээний QUAD формат хэлбэр дүрсээ олж хөгжиж буй боловч AUKUS шиг өндөр түвшний цэрэг-технологийн эвсэл болох төлөв одоогоор харагдахгүй байна. АНУ–Япон–БНСУ гэсэн гурвалсан формат сүүлийн үед идэвхжиж байгаа хэдий ч Япон–БНСУ хоорондоо түүхэн асуудлуудаа бүрэн шийдэж AUKUS шиг формат руу ойртох хүртлээ илүү эрмэлзэл, хүчин чармайлт, урт хугацаа шаардана.[5] АНУ–Тайланд, АНУ–Филиппин, АНУ–БНСУ, АНУ–Японы тус тусдаа хоёр талт холбоотны гэрээт орнууд нь Зүүн Ази, Зүүн өмнөд Азийн бүс нутагт БНХАУ-ын тэлэлтийг тогтоон барих бодлогын чиглэлд АНУ-тай нэг шугаманд байгаа боловч Тайваний хоолойд бодит хямрал, зэвсэгт мөргөлдөөний байдал үүсэх тохиолдолд худалдаа–эдийн засгийн харилцан хамаарал нь тухайн орнуудыг БНХАУ-ын эсрэг шууд сөрөн зогсоход хүндрэлтэй болгож буй нь нууц биш юм.

Филиппиний хувьд Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын хиймэл арлууд, гибрид загасчлал (иргэний загас агнуурын нэрээр халхавчилсан Хятадын зэвсэгт завинууд) тойрсон их гүрний түрэмгий зан авир нэн түгшээж буй тул 2023 онд нутаг дээрээ АНУ-д ашиглуулах баазын тоогоо нэмж (өмнөх 5 бааз дээр шинээр 4 бааз нэмж өгч Америкийн цэргийн хэрэгцээнд нийт 9 бааз олгоод байна), мөн АНУ, Япон, Австралитай цэргийн хамтын ажиллагаагаа эрс эрчимжүүлж эхэллээ.[6] БНСУ-ын хүсэлтээр Америкийн Ohio (SSGN) ангиллын цөмийн шумбагч Бусаны зогсоолд хүрэлцэн ирсэн ба цаашид цөмийн цэнэгт хошуу тээгч Ohio (SSBN) ангиллын шумбагчийг оролцуулан БНСУ-ын усан хил, эдийн засгийн онцгой бүсэд хүч нэмэгдүүлсэн хамтарсан эргүүл тогтмол хийхээр боллоо.[7],[8]

НАТО 2022 оны Мадридын дээд хэмжээний уулзалтдаа Япон, БНСУ, Австрали, Шинэ-Зеландын (AP4) төр, засгийн тэргүүдийг урьсан ба 2023 оноос эдгээр 4 улстай түншлэлийн ITPP (Individually Tailored Partnership Program) формат эхлүүлэхээр ид хэлэлцээ хийгдэж байна.[9] НАТО төлөөлөгчийн газраа Токиод нээх тухай сэдэв хүчтэй яригдаж буй ч Францын талаас: “НАТО зөвхөн Умард Атлантын орон зайд хамаарах эвсэл тул Энэтхэг–Номхон далай руу тэлж Хятадтай сөргөлдөх шаардлагагүй” гэсэн тайлбараар эсрэг байр суурь илэрхийлээд байна.[10]

Дүгнэлт

AUKUS бол аливаа мөргөлдөөнийг сэргийлэх, тогтоон барих хэрэгсэл болохоос гадна дайны үед шууд тулалдаанд оруулах зориулалттай стратегийн цохилтын бүлэглэл үүсгэж буй цэргийн эвсэл гэдгийг анхаарах нь чухал. Хятад–Америкийн стратегийн өрсөлдөөн даамжирч Хятадын тэнгисийн эрэг дагуу бүс нутагт сөргөлдөөнт байдал үүсэх, байлдааны хөлгүүдийн тулгаралт болох, зэвсэгт мөргөлдөөн, дайн болж хувирах тохиолдолд Бохайн булангийн худалдааны болон түүхий эдийн боомтуудын (Тяньжин, Чинхуандао г.м) хөдөлгөөн зогсож хаагдана. Хятадын тал боомтуудаа хаахгүй гэхэд АНУ-ын тал хориг, хаалт, боолт тавьж энэ ажиллагаанд нь холбоотнууд болох Япон, БНСУ, Филиппин, Их Британи, Австрали улсууд (Тайвань нэмж оролцох магадлалтай) хүч хавсран оролцож стратегийн боолт цэгүүдэд байлдааны флот, тэнгисийн цэргийн хүчин ирж байрших магадлалтай. Тухайлбал: AUKUS-ийн хүрээнд бий болох Баруун Австралийн Стирлинг зогсоолоос хөдөлсөн цөмийн шумбагчууд 150 цагийн дотор ирж Бохайн буланг хааж чадна.

Зураг-3. Шумбагч хөлгүүд Австралийн Стирлинг дэх байнгын зогсоол баазаасаа хөдлөөд стратегийн мөргөлдөөн үүсэх цэгүүдэд очиж усан доор байлдааны үүрэг гүйцэтгэх хугацаа

Эх сурвалж: Gateway to the Indo-Pacific: Australian Defense Strategy and the Future of the Australia-U.S. Alliance  |  November 9, 2013 https://csbaonline.org/research/publications/gateway-to-the-indo-pacific-australian-defense-strategy-and-the-future-of-t/publication/1

Зүүн Ази, Зүүн хойд Азийн бүс нутаг, тэнгист их гүрнүүдийн хооронд өрнөж болзошгүй мөргөлдөөний үр дүнд Хятадын боомтуудаар дамждаг Монгол Улсын худалдааны гарц зам хаагдаж дэлхийн худалдаанаас таслагдах эрсдэлтэй. Иймээс эх газраар дамжих бусад гарцуудаа, хойд, зүүн хойд, баруун чиглэлийн замуудаа холбож гадаад худалдааны замуудаа нээлттэй байлгах угтуулсан бодлого, үйл ажиллагаа явуулах нь Монгол Улсын стратегийн хэрэгцээ байх болно.

Нэмэлт мэдээлэл

AUKUS-ийн хүрээнд гурван улсын хамтран хөгжүүлэх шумбагч нь SSN ангиллын хөлөг болно. Шумбагч хөлөг онгоцны ангиллууд:

  • SSBN – цөмийн хөдөлгүүрт, цөмийн цэнэгт хошуу бүхий пуужин тээгч шумбагч хөлөг (Ohio ангилал, Columbia ангилал)
  • SSN – цөмийн хөдөлгүүрт, далай-далай, далай-газар ангиллын довтолгооны зэвсэглэл бүхий шумбагч хөлөг (Virginia ангилал)
  • SSGN – цөмийн хөдөлгүүрт, залуурт пуужин тээгч шумбагч хөлөг (Ohio ангилал)

Ашигласан эх сурвалж:


[1] ENHANCING TAIWAN’S SECURITY AND REDUCING THE POSSIBILITY OF CONFLICT  |  June 2022 https://www.iiss.org/publications/strategic-dossiers/asia-pacific-regional-security-assessment-2022/aprsa-chapter-3/

[2] Take Note China: The Navy Is Arming Its Submarines With Hypersonic Missiles  |    May 15, 2022 https://nationalinterest.org/blog/buzz/take-note-china-navy-arming-its-submarines-hypersonic-missiles-202430

[3] The unmanned subs shaping Australia’s maritime future  |  June 13, 2023 https://www.afr.com/world/north-america/the-unmanned-subs-shaping-australia-s-maritime-future-20230611-p5dfqq

[4] United States Submarine Capabilities  |  March 6, 2023 https://www.nti.org/analysis/articles/united-states-submarine-capabilities/#:~:text=The%20United%20States%20submarine%20force,of%20which%20are%20nuclear%2Dpowered.

[5] Japan, U.S., South Korea to share real-time North Korea missile info  |  June 3, 2023 https://asia.nikkei.com/Politics/Defense/Japan-U.S.-South-Korea-to-share-real-time-North-Korea-missile-info

[6] Philippines to step up ties with U.S.-Japan-Australia coalition  |  June 3, 2023 https://asia.nikkei.com/Politics/International-relations/Indo-Pacific/Philippines-to-step-up-ties-with-U.S.-Japan-Australia-coalition

[7] A US nuclear-powered sub arrives in South Korea, a day after North Korea resumes its missile tests  |  June 16 2023 https://apnews.com/article/us-submarine-north-korea-missiles-3bf330fa9f8a19cb9b90f0af3d6bac3a

[8] U.S. nuclear-powered submarine docks at South Korea port  |  June 16, 2023 https://asia.nikkei.com/Politics/Defense/U.S.-nuclear-powered-submarine-docks-at-South-Korea-port

[9] NATO to upgrade ties with Australia, New Zealand, South Korea, Japan  |  June 13, 2023 https://asia.nikkei.com/Politics/International-relations/Indo-Pacific/NATO-to-upgrade-ties-with-Australia-New-Zealand-South-Korea

[10] Japan declines to comment on French objection to NATO’s Tokyo office  |  June 6, 2023 https://english.kyodonews.net/news/2023/06/7b6c792f8e89-japan-declines-to-comment-on-french-objection-to-natos-tokyo-office.html


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА