2023 оны 3 дугаар сарын 13-нд АНУ, Их Британи, Австрали гурван улсын удирдагчид удтал хэлэлцэж бэлдсэн цэрэг, батлан хамгаалахын маш нууц өндөр технологи хуваалцах AUKUS гэрээнд гарын үсэг зурсан юм.[1] Энэтхэг–Номхон далайн бүс нутагт АНУ нь хоёр талт ба олон талт хэлбэрээр харилцан туслах, цөмийн хамгаалалтад багтаах, технологи хуваалцах, тагнуулын мэдээлэл хуваалцах, цэргийн бааз ашиглах, улс төр–дипломатын түншлэл бэхжүүлэх, эдийн засгийн гэрээ хэлэлцээр байгуулах зэргээр холбоотон түнш орнуудтайгаа олон түвшинд харилцаагаа хөгжүүлж эрх ашгаа харилцан хамгаалах бодлого явуулдаг.[2] АНУ Энэтхэг–Номхон далайн бүс нутгийг өөрийн стратегийн тэргүүлэх чиглэл гэж үзээд БНХАУ-ыг стратегийн хамгийн том өрсөлдөгч, гол аюул занал гэж зарласан бөгөөд тус бүс нутагт улс төр–дипломат, цэрэг аюулгүй байдлын шинэ эвсэл форматууд бий болгох замаар Бээжингийн глобал амбицыг тогтоон барих орчин бүрдүүлэхээр идэвхтэй ажиллаж буй.[3] Вашингтоны бодлого тодорхойлогчдын удаан хугацаанд хэрэгжүүлсэн стратегийн хүчин чармайлтын нэг том үр дүн нь тус AUKUS-ийн гэрээ байлаа. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын гишүүн таван улс (P5), мөн Энэтхэг улсын хамтаар Австрали нь цөмийн хөдөлгүүрт байлдааны шумбагч хөлөгтэй дэлхийн 7 дахь улс болж буй явдал нь цаашид Энэтхэг–Номхон далайн бүс нутагт сөргөлдөгч талуудын хүчний харьцаанд тоон ба чанарын зохих өөрчлөлт (АНУ-д ашигтай) авчрах болно.
AUKUS гэж юу вэ?
2000 аад оноос Австралийн Батлан хамгаалах үзэл баримтлалд шинээр бүрэлдэж буй стратегийн орчинд далай, тэнгисийн орон зайн аюулгүй байдал чухал бөгөөд түүний тулгуур нь орчин үеийн байлдааны шумбагч хөлөг байна, тухайлбал 1990-ээд оноос зэвсэглэлд авч эхэлсэн Collins ангиллын 6 ширхэг шумбагч хөлгийг орлох (2030 оноос ашиглалтын хугацаа дуусна) илүү хүчин чадалтай орчин үеийн 12 ширхэг шумбагч хөлөгтэй болох ёстой (SEA-1000 төсөл) гэж Австралийн цэргийн төлөвлөгчид үзсэн.[4] Шинэ төслийн судалгааны бэлтгэл ажлын явцад Япон, Швед, Герман, Францын хөлөг онгоц үйлдвэрлэгчдээс санал авч, технологитой танилцсан ба улмаар 2016 онд Францын DCNS (шинэ нэрээр Naval Group) компани шинэ төслийн ялагчаар тодорч, 2030-2050 оны хооронд (2016 оны ханшаар нийт 56 тэрбум еврогийн үнийн дүнтэй) 12 ширхэг дизель-цахилгаан хөдөлгүүрт Attack ангиллын шинэ үеийн шумбагч хөлөг Австралид нийлүүлэхээр гэрээлсэн түүхтэй.[5] Гэвч үүнээс хойш богино хугацаанд Канберрагийн анхны төлөвлөгөө эрс өөрчлөгдөж Лондон, Вашингтонтой нууц яриа хэлцэл хийж байсан ба 2021 оны 3 дугаар сараас AUKUS-ийн тухай мэдээллүүд гарч эхэлсэн. Улмаар 2021 оны 9 дүгээр сард Австрали улс Францтай байгуулсан гэрээгээ цуцалж буйгаа зарлаад цөмийн шумбагч барих төсөлд АНУ, Их Британитай хамтрах тухай мэдэгдэл хийсэн. Үүнээс хойш олон сар үргэлжилсэн дипломат маргаан Канберра, Парисын хооронд өрнөсөн ч Австралийн тал зохих мөнгөн дүн (555 сая евро) төлж асуудлыг эцэслэхээрр тохиролцсон юм.[6]
2021 онд AUKUS-ийн гэрээг анх зарлахдаа судалгаа, бэлтгэл хангах 18 сарын хугацаа тогтсон бөгөөд энэ хүрээнд талууд эхлээд “Цөмийн хөдөлгүүрийн технологийн мэдээлэл солилцох тухай хэлэлцээр”[7] байгуулж АНУ, Их Британий нууц технологиос Австралийн талд хуваалцах, улмаар тодорхой бэлтгэл хангагдсаны дараа Австралийн бие бүрэлдэхүүнийг Британий Astute ангиллын цөмийн шумбагч дээр оруулж сургалт, дадлага эхлүүлжээ. Талууд зохих бэлтгэлийг хангаж дуусан гэж үзээд 2023 оны 3 дугаар сард AUKUS-ийн гэрээний заалтууд, тохиролцоо, хөгжүүлэлтийн замын зургаа танилцуулсан юм.
AUKUS дотроо хоёр өөр төрлийн хамтын ажиллагааны багц бүхий маш нууц технологи хуваалцах, өндөр технологи хамтран хөгжүүлэх, хөрөнгө оруулах, холбогдох дэд бүтцийн сүлжээ байгуулах, аюулгүй байдлын бусад хэлэлцээрүүдээс бүрдэнэ.
- AUKUS I багц: “Цөмийн шумбагчийн технологи”; Төсөв: 2023-2055 оны хугацаанд 245 хүртэл тэрбум ам.доллар[8]
– 2023-2026 онд талууд хамтран хүний нөөцөө сургаж, иргэний ба цэргийн сургалтууд явагдана. Их Британи, АНУ-ын хөлөг онгоцууд энгийн ба байлдааны эргүүлийн хүрээнд Австралийн боомтуудаар зочилж энэ үедээ Австралийн далайчдыг сургаж бэлдэнэ. Баруун Австралийн Пертийн ойролцоох Стирлинг боомтыг (HMAS Stirling) өргөтгөж цөмийн шумбагч хүлээн авах, байршуулах боломжтой тэнгисийн цэргийн зогсоол бааз болгоно. Стирлинг боомтын өргөтгөлд 8 тэрбум ам.доллар, Өмнөд Австралийн Осборнд хөлөг онгоц барих дэд бүтцэд 2 тэрбум ам.доллар тус тус зарцуулж ирэх 30 жилд баталгаатай 20,000 ажлын байр бий болгоно.[9]
– 2027 оноос эхлэн талууд Номхон далайн Баруун бүсийн усан доорх эргүүлийн бүлэг байгуулна (Submarine Rotational Force-West: SRF-West). Тус бүлэг нь Америкийн Virginia ангиллын 4 шумбагч хөлөг, Британий Astute ангиллын 1 шумбагч хөлгөөс бүрдэх ба Австралийн Стирлинг боомтыг байнгын зогсоолын хэмжээнд ашиглаж эхлэнэ. SRF-West бүлэгт Австралийн тэнгисийн хүчний офицер, далайчид хамтран үүрэг гүйцэтгэж эхлэнэ.
– 2030 оноос эхлэн АНУ-ын тал өөрийн Virginia ангиллын цөмийн шумбагчаас 3-5 ширхэгийг Австралийн талд зарж (Конгрессын зөвшөөрлөөр) тус улсын мэдэлд цөмийн шумбагчийн бэлэн флот хүлээлгэж өгнө;
– 2023 оноос эхлэн Их Британи улс Astute ангиллын шумбагчийг залгамжлах дараагийн SSN-R (судалгааны ажил нь 2021 оноос эхэлсэн байсан)[10] төслөө Австралитай хамтарсан SSN-AUKUS төсөл болгох ба энэ төслийн судалгаа, хөгжүүлэлтэд одоогийн Америкийн Virginia ангиллын шумбагчийн нарийн технологиудаас авч ашиглаж Америк зэвсэглэлээр тоноглоно. Гурван улсын технологийн хамтарсан анхны шинэ SSN-AUKUS шумбагч хөлөг 2030-аад оны 2-р хагаст Их Британид баригдаж усанд тавина;
– 2040 оноос Австралийн боомтуудад SSN-AUKUS анхны цөмийн шумбагч барьж зэвсэглэлд нийлүүлэх ба үүнээс хойш Австрали улс өөрийн хэрэгцээний цөмийн шумбагчаа барих бүрэн чадалтай болсон байна. 2040 он гэхэд тус гурван улс хамтран шумбагч хөлгийн үйлдвэрлэлийн дэлхийд хамгийн том, хүчирхэг, орчин үеийн хүчин чадалтай болсон байна. Австралийн зорилго нь 2040-2060 оны хугацаанд 8 ширхэг шинэ SSN-AUKUS хөлөг бүхий (АНУ-аас худалдаж авах Virginia ангиллын 3-5 шумбагч хөлгийг нэмж тооцвол 11-13 цөмийн шумбагч бүхий хүчирхэг флот болно) усан доорх флотын хүч бүрдүүлэх явдал;[11]
- AUKUS II багц: “Технологийн бусад чиглэлийг хамтран хөгжүүлэх”[12]
– AURAS (Undersea Robotics Autonomous Systems) чиглэл: Усан доорх өөрөө явагч робот систем хөгжүүлэлт;
– AQuA (AUKUS Quantum Arrangement) чиглэл: Квантын компьютер, тооцооллын чадал, холбоо, мэдрэгч зэрэг квант технологи хөгжүүлэлт;
– Advanced Cyber чиглэл: Кибер аюулгүй байдлын хамтарсан арга хэмжээ, дэд бүтэц, технологи хөгжүүлэлт;
– AIA (Artificial Intelligence and Autonomy) чиглэл: Гурван улсын хамтарсан батлан хамгаалах салбарын хиймэл оюун, өөрөө явагч олон төрлийн систем хөгжүүлэлт;
– Hypersonic & Counter-Hypersonic чиглэл: Гиперсоник (Дууны хурдаас 5 дахин хурдан) буюу 6200 км/ц хурдаас дээш хурдтай зэвсгийн технологи хөгжүүлэлт. Гиперсоник зэвсгээс эсэргүүцэн хамгаалах, амдан сөнөөх, гиперсоник аюулыг тогтоон барих технологи хөгжүүлэлт;
– Electronic Warfare чиглэл: Цэрэг дайны зориулалттай электрон, соронзон, долгионы болон бусад холбогдох технологийн хөгжүүлэлт;
– Information Sharing чиглэл: Мэдээллийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа, мэдээлэл хадгалах, хуваалцах, хамтран ашиглах, дэд бүтэц хөгжүүлэх, программ хөгжүүлэлт;
AUKUS-ийн гэрээ нь АНУ-ын бусад орнуудтай байгуулсан холбоотны гэрээнүүдээс олон талаар ялгаатай. Тухайлбал НАТО-гийн гэрээний хүрээнд талууд гадны аливаа халдлагын эсрэг аюулгүй байдлаа хамтран хамгаалах, нэгдсэн команд-удирдлагын дор ажиллах тухай заасан байдаг бол 2 талт холбоотны гэрээтэй орнууддаа АНУ аливаа халдлагын эсрэг хамтран тэмцэх үүрэг хүлээж, заримыг нь цөмийн хамгаалалтад багтаадаг. Харин цэрэг, батлан хамгаалахын нууц технологио (ялангуяа цөмийн технологи) хуваалцах, хамтран нэг стандартын бааз, дэд бүтэц барьж хөгжүүлэх, ашиглах, хүний нөөцөө цуг бэлтгэх, хамтран технологи бүтээж зэвсэг үйлдвэрлэх зэрэг чиглэлд АНУ гурвалсан компакт гэрээ байгуулсан анхны тохиолдол нь AUKUS юм.
AUKUS-I ийн бэлтгэл ажил 2022 оноос эхэлсэн байсан бол гэрээ зурагдсаны дараа 2023 оны 4 дүгээр сараас AUKUS-II-ийн хамтын ажиллагааны чиглэлүүд шуурхай эхлээд байна.[13] Тухайлбал 2023 оны 4 дүгээр сард Британий Солсберийн бэлтгэлийн талбарт тус гурван улсын цэргийн зориулалттай хиймэл оюун, робот, дрон, өөрөө явагч технологи хөгжүүлэлтийн 70 шилдэг эрдэмтэн цуглаж, AUKUS-II AIA ажлын хэсгийн анхны хамтарсан туршилтууд явууллаа.[14]
AUKUS-ийг дагалдан Австрали улсад ирэх өндөр баяжмалтай цөмийн материалтай харилцах дэд бүтэц бий эсэх, цөмийн сольсон хөдөлгүүрээ хаана байршуулж булах тухай, цаашид цөмийн зэвсгээр хөөцөлдөхгүй биз? гэх олон асуултад Номхон далайн бүс нутгийн орнууд тайлбар шаардаж байгаа. Вашингтон, Лондон, Канберра тус бүртээ болон хамтарсан мэдэгдэл, мэдээлэл, тунхагуудаар дамжуулан энэ бүх асуултад тайлбар хийж хариулахдаа: “Цөмийн материалын асуудлыг Олон улсын Цөмийн эрчим хүчний агентлагийн (IAEA) тавьдаг шаардлагын дагуу бүх горимыг мөрдөнө.[15] Цөмийн материалыг Австрали өөрийн газар нутагтаа стандарт хангасан аюулгүй, зэлүүд орчинд булж хадгална. Австрали улс нутаг дээрээ цөмийн зэвсэг байршуулахгүй. SSN-AUKUS нь цөмийн хөдөлгүүрт байлдааны шумбагч хөлөг бөгөөд зэвсэглэл, зориулалт нь цөмийн цэнэгт хошуу тээхгүй, энгийн зэвсэглэл, технологитой байх болно. Гэрээнд оролцогч улсууд Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ (NPF), Өмнөд Номхон далайн Цөмийн зэвсэггүй бүсийн гэрээг (SPNFZ) хэлбэрэлтгүй даган мөрдөнө[16]” гэсэн байна.
AUKUS юуг өөрчлөх вэ?
AUKUS бол юуны өмнө БНХАУ-ын эрс хүчирхэгжилтийн эсрэг, бүс нутаг болон глобал түвшинд Хятадыг тогтоон барих, стратегийн өрсөлдөөн өрнүүлэхэд чиглэсэн эвсэл гэдгийг гэрээ байгуулагч гурван улс ойлгомжтой илэрхийлж зорилт, арга хэмжээгээ энэ хүрээнд тодорхойлж авч үзсэн (Хавсралт-1).
Хавсралт-1
ХАВСРАЛТ-1; БНХАУ-ын стратегийн зэвсэглэлийн цохилтын радиус:
Эх сурвалж: Australia and the Growing Reach of China’s Military [Lowy Institute] | 9 August 2021 https://www.lowyinstitute.org/publications/australia-growing-reach-china-s-military
Үргэлжлэл дараагийн дугаарт
Ашигласан эх сурвалж:
[1] Joint Leaders Statement on AUKUS | MARCH 13, 2023 https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2023/03/13/joint-leaders-statement-on-aukus-2/
[2] Marking One Year Since the Release of the Administration’s Indo-Pacific Strategy | FEBRUARY 13, 2023 https://www.state.gov/marking-one-year-since-the-release-of-the-administrations-indo-pacific-strategy/#:~:text=Following%20the%20release%20of%20the,prosperous%2C%20secure%2C%20and%20resilient.
[3] US INDO-PACIFIC STRATEGY, ALLIANCES AND SECURITY PARTNERSHIPS | JUNE 2022 https://www.iiss.org/publications/strategic-dossiers/asia-pacific-regional-security-assessment-2022/aprsa-chapter-1
[4] Defending Australia in the Asia-Pacific Century: Force–2030 | 2009 https://www.defence.gov.au/sites/default/files/2021-08/defence_white_paper_2009.pdf
[5] Sous-marin : un an avoir rompu le “contrat du siècle” avec la France, l’Australie dans l’impasse ? | Publié le 17 septembre 2022 https://www.tf1info.fr/international/sous-marin-un-an-avoir-rompu-le-contrat-du-siecle-avec-la-france-l-australie-dans-l-impasse-2232600.html
[6] Australia announces compensation deal with France for scrapped submarine contract | 11/06/2022 https://www.france24.com/en/asia-pacific/20220611-australia-announces-compensation-deal-with-france-over-scrapped-submarine-contract
[7] UK/Australia/USA: Agreement for the Exchange of Naval Nuclear Propulsion Information [MS No.8/2021] | Published 29 November 2021 https://www.gov.uk/government/publications/ukaustraliausa-agreement-for-the-exchange-of-naval-nuclear-propulsion-information-ms-no82021
[8] Eyeing China, Biden and allies unveil nuclear-powered submarine plan for Australia | March 14, 2023 https://www.reuters.com/world/eyeing-china-biden-allies-unveil-nuclear-powered-submarine-plan-australia-2023-03-13/
[9] AUKUS SUBMARINE WORKFORCE AND INDUSTRY STRATEGY | 14 Mar 2023 https://www.pm.gov.au/media/aukus-submarine-workforce-and-industry-strategy
[10] The evolution of the UK’s SSNR into the SSN-AUKUS | March 14, 2023 https://www.naval-technology.com/features/the-evolution-of-the-uks-ssnr-into-the-ssn-aukus/
[11] What is AUKUS and when are we getting nuclear submarines? | 14 Mar 2023 https://www.abc.net.au/news/2023-03-14/what-is-aukus-submarine-deal-details-announced/102091510
[12] AUKUS PILLAR TWO – ADVANCED CAPABILITIES | 2023 https://aukusforum.com/aukus-pillar-two
[13] AUKUS Partners Demonstrate Advanced Capabilities Trial | May 26, 2023 https://www.defense.gov/News/Releases/Release/Article/3408870/aukus-partners-demonstrate-advanced-capabilities-trial/
[14] World first as UK hosts inaugural AUKUS AI and Autonomy trial | 26 May 2023 https://www.gov.uk/government/news/world-first-as-uk-hosts-inaugural-aukus-ai-and-autonomy-trial
[15] Director General Statement in Relation to AUKUS Announcement | MARCH 14 2023 https://www.iaea.org/newscenter/pressreleases/director-general-statement-in-relation-to-aukus-announcement
[16] NON-PAPER ON NUCLEAR PROPULSION COOPERATION UNDER AUKUS | September 2022 https://vienna.usmission.gov/non-paper-nuclear-propulsion-cooperation-aukus-sept-2022/
[17] ENHANCING TAIWAN’S SECURITY AND REDUCING THE POSSIBILITY OF CONFLICT | June 2022 https://www.iiss.org/publications/strategic-dossiers/asia-pacific-regional-security-assessment-2022/aprsa-chapter-3/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Сонгуулийн дараах Туркийн гадаад бодлогоДараах нийтлэл
Энэтхэг–Номхон далайн шинэ гурвал – AUKUS (II)Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02