Байгалийн хий дамжуулах үнийн асуудал: Украин улсын жишээ (I)

2022-10-07

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/10/gas.png

ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих хүсэлтийг манай улс сүүлийн 30 орчим жил тавьсаар ирсэн. Уг хүсэлтийг Оросын тал хүлээн авч “Сибирийн хүч-2” төслийг хэрэгжүүлэхээр “Газпром” НХН-ийн охин компанийг Монгол Улсад байгуулсан бөгөөд манай талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харъяа “Эрдэнэс Газ” төслийн нэгжийг байгуулан ажиллаж байна. Энэ төсөлтэй холбогдуулан Аюулгүй байдал судлалын хүрээлэн байгалийн хийн хоолой дамжуулагч Украин, Беларусь, Казахстан улсуудын байгалийн хий дамжуулдаг үнэ тариф, гэрээний талаар нээлттэй эх сурвалжаас цуглуулсан мэдээллийг боловсруулан хүргэж байна.  

Байгалийн хий дамжуулах хоолойг барихдаа оролцогч талууд хийн хоолойн бүтээн байгуулалт, эзэмшил, ашиглалт, аюулгүй байдлын хамгаалалт, техник, технологийн болон менежментийн шинэчлэл өөрчлөлт, үнэ тариф тогтоох, маргаан шийдвэрлэх зэрэг олон асуудлаар хэлэлцэн тохиролцсоноор гол төлөв хоёр талт хэлбэрээр, дунджаар 15-25 жилийн хугацаатай үндсэн гэрээ, шаардлагатай тохиолдолд дэд гэрээнүүдийг байгуулдаг ажээ. Гэрээний үнэ тарифтай холбоотой асуудлыг тодруулах зорилгоор том экспортлогч улсаас том импортлогч улс руу байгалийн хийг улсынхаа нутаг дэвсгэрээр хоолойгоор дамжуулахын зэрэгцээ хэрэглэгч улс болдог гэдэг утгаар Украин, Беларусь, Казахстан улсын жишээг авч үзлээ.

Байгалийн хийн үнэ тарифтай холбоотой гэрээ нь байгалийн хийг дамжуулах үнэ болон дотоодын хэрэгцээнд хэрэглэх хийг худалдан авах үнэ гэх хоёр өөр үнийн асуудлыг зохицуулдаг. Гэхдээ нээлттэй эх сурвалжаас нарийвчилсан мэдээллүүдийг олох боломж хязгаарлагдмал бөгөөд Европын холбоо өөрийн гишүүн орнуудыг тус тусдаа байгуулсан гэрээгээ ил болгож холбооны эрчим хүчний аюулгүй байдлыг нэгдсэн журмаар төлөвлөх асуудлыг хөндөж байгаа ч ихэнх орон өөрийн өрсөлдөх чадварт нөлөөлнө гэж үзэн нуух хандлагатай байдаг аж.   

Байгалийн хийн үнийг тогтоох үндсэн гурван горим байдаг ба эдгээр нь индексжүүлсэн үнэ (oil price escalation OPE), спот үнэ ( gas-on-gas competition GOG) болон засгийн газраас тогтоосон зохицуулалттай үнэ юм. 1960-аад оноос буюу ЗХУ эрчим хүчний түүхий эдийн гол нийлүүлэгч байх үед индексжүүлсэн үнэд баримжаалсан урт хугацааны гэрээгээр байгалийн хийн худалдааг зохицуулж ирсэн ч өдгөө энэ горим эдийн засгийн сонирхлоо улам бүр алдаж байна. 2005 оноос индексжүүлсэн үнээр худалдаа хийх нь багасаж эхэлсэн бол 2014 онд эрс багасан спот үнийг баримжаалсан богино хугацааны гэрээ байгуулах сонирхол нэмэгджээ. (График 1) Энэ нь АНУ занарын хувьсгал хийж байгалийн хийн том нийлүүлэгч болон эрчим хүчний түүхий эдийн гео эсгүүрийг өөрчилсөнтэй холбоотой. Гэвч өдгөө үнэ тогтоох горимыг бүс нутагт харилцан адилгүй барьж байгааг Хойд Америкийн орнууд спот үнээр гэрээ хийж байхад Зүүн Азид индексжүүлсэн үнээр гэрээ байгуулж байгаагаас харж болно.      

График 1. Эх сурвалж: International Gas Union (IGU) Wholesale Price Survey 2020

ОХУ байгалийн хийн худалдаагаа ихэнх тохиолдолд “take or pay” зарчимд тулгуурласан, индексжүүлсэн үнийг баримжаалсан, монополь байдлаа хадгалах зорилготой хязгаарлалтын гэрээ, дэд бүтцийг хянах гэрээ зэргийг багтаасан урт хугацааны хий худалдах гэрээгээр зохицуулах сонирхолтой байдаг. Хэдий ийм ч Газпромын талаас хий худалдан авагч улсын төлбөрийн чадвараас шалтгаалан богино хугацаагаар гэрээ байгуулах тохиолдол байна. Түүнчлэн дамжуулагч талтай хамтарсан компани байгуулж улмаар түүнийг худалдан авч бүрэн өөрийн эзэмшил болгохыг оролддог байдал Украин, Беларусь улсын жишээн дээр тод ажиглагдлаа. Ингэхдээ хэрэглэсэн хийн үнийн дарамт үүсгэх замаар хувьцааг нь авах, бартердах аргыг ашиглажээ. Үүнээс үзвэл ОХУ-ын зүгээс өмнө нь ЗХУ-ын эзэмшилд байсан онц чухал дэд бүтцийн байгууламжийнхаа эзэмшилд өөрийн оролцоог нэмэгдүүлэхээр оролддог нь харагдана.

Украин улс:

ЗХУ-ын үед Братство хийн хоолойг анх тавих 3 маршрут яригдсан байдаг. Үүний нэг нь Беларусаар, хоёр дахь нь Украинаар, гурав дахь нь Балтийн тэнгисийн орнуудаар дамжуулан тавих байв. Нэлээд маргаантай сэдэвт тухайн үед Никита Хрущевын бүлэглэл буюу ЗХУ-ын улс төрд байсан Украин гаралтай иргэдийн бүлэглэл ялж Украинаар дамжуулан тавихаар шийдвэрлэсэн гэдэг.

1991 онд ЗХУ задран унаж Зүүн Европын улс орнууд тусгаар тогтносноор ЗХУ-ын байгалийн хийн нягтруулгын станцуудын  25 хувь, байгалийн хийн хоолойн 30 хувь, байгалийн хий нөөцлөх байгууламжийн 30 хувь нь харъяалагдах улсуудын мэдэлд шилжжээ. Иймээс ОХУ дээрх орнуудтай дамжин өнгөрүүлэх болон дотоодын хэрэглээний хийн хоолойн аюулгүй байдал, хамгаалалт, ашиглалтын горим, хий худалдах үнэ зэрэг бүхий л асуудлаар нэг бүрчлэн гэрээ байгуулан ажиллах шаардлагатай болсон байна. Украины ЗХУ-аас өвлөн авсан байгалийн хий түгээх систем нь бүхэлдээ 38550 километр урт, үүнээс үндсэн хоолойн урт нь 22600 километр, нийт оролтын багтаамж нь жилд 287 тэрбум куб метр, харин гарах хүчин чадал нь жилд 178.5 тэрбум куб метр байна. ЗХУ задарч, Украин рублийн бүсээс гарсан 1991 онд тус улсын газрын тосны хэрэглээний 60 хувь, байгалийн хийн 90 хувь нь ОХУ-аас хамааралтай байв. Энэ үед Украин байгалийн хийг дэлхийн зах зээлийн үнийн 12 хувьтай тэнцэх үнээр ОХУ-аас худалдан авдаг байжээ.

1992 онд ОХУ-ын ерөнхийлөгч Б.Ельцин рублийн бүсээс гарсан ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад байгалийн хий, газрын тосыг дэлхийн зах зээлийн үнээр худалдана хэмээн мэдэгдэв. Үүний дараа 1993 онд хоёр улс газрын тос, байгалийн хий нийлүүлэх асуудлаар тохиролцоонд хүрч мөн оны турш 13 сая тонн газрын тосыг тонн тутамд 80 ам.доллар буюу хоёр дахин нэмсэн үнээр, 60 тэрбум куб метр байгалийн хийг 1000 куб метр тутамд 40 ам.доллараар худалдахаар болжээ. Энэ нь хэдийн нурж байсан Украины аж үйлдвэрийн салбарыг улам хүнд байдалд оруулжээ.

1993 оны 12 дугаар сард хоёр улс газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн асуудлаар дахин ярилцаж 25 сая тонн газрын тосыг 75-80 ам.доллараар, 60 тэрбум куб метр байгалийн хийг 1000 метр куб тутамд 50 ам.доллараар тус тус тохиролцжээ. Ингэснээр Украины төлбөрийн чадвар улам хүнд байдалд орсон байна. Энэ үед ОХУ-ын шадар сайд Александр Шокин мэдэгдэл хийж Газпром компани тус улсын зарим төрийн өмчит аж ахуйн нэгжийн хувьчлалд оролцох хэлбэрээр өрийг уламжлалт бус аргаар цайруулах боломжтойг онцолжээ. Үүнд Кременчухын газрын тос боловсруулах үйлдвэр, Хартзискийн хоолой үйлдвэрлэх үйлдвэрүүдийн 40 хувийг тус тус хувьчилж авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Украины талаас үүнийг эсэргүүцсэн.

1994 онд Украины өр 3.2 тэрбум ам.долларт хүрч Засгийн газраас Газпром компанид тавьсан өрнийхөө оронд газрын тос, байгалийн хийн хоолойн эзэмшлийн 51 хувийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авснаа мэдэгдэв. Үүнд Украины газар нутаг дээгүүр дамжин өнгөрч буй бүх байгалийн хийн хоолой, Одесс дахь газрын тос хадгалах газар доорх байгууламжуудын 15-30 хувийг тус тус авах асуудал ч багтжээ. Энэ асуудал парламентад хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаар гэрээ хэсэгчилсэн байдлаар хэрэгжжээ. Ингээд Украины байгалийн хийн өр 1.5 тэрбум ам.доллар болж багассан ч эдийн засгийн хүндрэлээс үүдэн өр нэмэгдсээр байв. Хэдийгээр өр нэмэгдэж байсан ч ОХУ-ын хувьд зээлийн хүүг 1995 оныг хүртэл 0.5-1 хувиас хэтрүүлээгүй байсан бол ОУВС-ын оролцоотой уян хатан зээлийн нөхцөлийг батлахдаа зээлийн хүүг либор +1.5 хувийн хүүтэй болгожээ. Тухайн үед ОХУ-ын хувьд бусад улстай байгуулсан зээлийн гэрээ 10 орчим хувьтай байсантай харьцуулахад энэ нь маш бага тоо юм. 

2005 оны байдлаар Украин нийт 57 тэрбум куб метр байгалийн хийг ОХУ, Туркменстан улсаас импортлохдоо Газпромоос дотоодын хэрэгцээний 1000 куб метр хийг дунджаар 50 ам.доллараар, дамжин өнгөрүүлсэн хийн төлбөрийг 1000 куб метр хийг 100 км тутамд 1.09 ам.доллараар тооцож байжээ. Гэтэл оны төгсгөлд Газпром байгалийн хийн үнээ 1000 куб метр тутамд 230 ам.доллар, харин Туркменистан 44 ам.доллараас  60 ам.доллар болгох санал ирүүлжээ. Энэ нөхцөлд Туркменистаны байгалийн хийн үнийг Туркменистан ОХУ-ын хил дээрх үнээр тооцон импортлоход ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөөд Орос Украины хил дээр ирэхэд 1000 метр куб тутмын үнэ нь 85-95 ам.доллар болохоор байв. Гэхдээ аль аль талаас тохиролцоонд хүрээгүй байсаар 2006 оны 1 дүгээр сарын 1-нд Газпром нийлүүлэлтээ зогсоожээ. Улмаар Европын орнуудын гомдлын дагуу 2 хоногийн дараа нээж, 1 дүгээр сарын 4-ний өдөр эцсийн байдлаар гэрээ байгуулагдав. Гэрээ Газпромын хүсч байсан үнийн дүнгээр буюу дотоодын хэрэгцээний хийг 230 ам.доллар,  дамжин өнгөрөх төлбөрийг 1.09 ам.доллараар тохирчээ.Хачирхалтай нь гэрээнд 230 ам.доллар гэж заасан ч бодит тооцоог 95 ам.доллараар хийсэн ба энэ талаар ямар ч тайлбар олдоогүй.

2008 онд Ерөнхийлөгч В.Юшенко байгалийн хийн гэрээнд оролцогч зуучлагч компаниудын оролцоог хумьж энэ үүргийг Нафтогаз, Газпромын хамтарсан консерциумд өгөхөөр ОХУ-ын талтай тохирсон ч Юлия Тимошенко үүнийг зөвшөөрөхгүй, хариу өгөхгүй удсаар 3 дугаар сарын 3-наас Газпром нийлүүлэлтээ огцом бууруулав. Үүнээс 10 хоногийн дараа гэрээ байгуулагдахад зуучлагч компаниуд гэрээнээс ор мөргүй алга болсноор зогсохгүй Украины Нафтогаз Газпромын хамтарсан консерциум ч биш Газпром дангаараа гэрээний бүх асуудлыг бие даан шийдвэрлэхээр болсон байв. Мөн ОХУ-аас авах байгалийн хийн хэмжээг бууруулан Төв Азийн орнуудаас авах хийн хэмжээг нэмэгдүүлэхээр болжээ.

2008 оны эцэс гэхэд Төв Азийн орнууд байгалийн хийн үнээ нэмснээр Украин байгалийн хийн төлбөрт 1000 куб/м тутамд 320 ам.доллар төлөхөөр болчихов. Энэ үнэ нь 2006 оны 95, 2007 оны 130 ам.доллараас хэт өндөр байв. Газпром энэ үед байгалийн хийг 1000 куб метр тутамд 250 ам.доллараар нийлүүлэх санал тавихад Украин 235 ам.доллараар авах хүсэлт тавьжээ. Газпром энэ үнийг зөвшөөрөөгүйгээр тогтохгүй санал болгосон үнээ өсгөж 420 ам.доллар болгов. Ингээд үл ойлголцол гүнзгийрч байгалийн хийн нийлүүлэлт зогсжээ. 11 өдрийн дараа гэрээ байгуулах асуудлаар талууд тохиролцоонд хүрэхэд Украин Газпромоос 1000 куб метр тутамд 360 ам.доллараар буюу Төв Азийн орнуудын санал болгосон 320 ам.доллараас өндөр үнээр авахаар гэрээ байгуулсан байна.

2009 онд Газпром Украинаас 2.4 тэрбум ам.долларын өрөө төлөхийг шаардаж 19 хоногийн турш нийлүүлэлтээ зогсоосны эцэст ерөнхий сайд Ю.Тимошенко ОХУ-д айлчилж байж асуудлыг шийдвэрлэв. Засгийн газрын гишүүд, Нафтогаз компани гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн ч Тимошенко хүчээр гарын үсэг зуруулжээ. Гэрээнд гарын үсэг зурагдах үед тохиролцсон томъёоллоор тооцоход Украин 1000 куб метр тутамд 450 ам.долларын төлбөр төлөхөөр болчихсон байв.

2016 онд Европын холбооны зуучлалаар Украин, ОХУ-ын хооронд байгалийн хийн гэрээ шинээр хийгдэв. Гэрээнд 1000 куб метрийн үнийг 227 ам.доллараар тохирсон бөгөөд санхүүжилтийг Европын Сэргээн босголт хөгжлийн банкны 300 сая ам.доллараар хийжээ. Харин дамжуулах үнэ 1.09 ам.доллар хэвээр байв.

(Үргэлжлэл дараагийн дугаарт)


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА