Орос, Украины зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэж Европын холбооны орнууд ОХУ-д эдийн засгийн хориг тавьснаар Европын холбоо (ЕХ) тус улсаас байгалийн хий худалдан авахаа зогсоогоод байгаа. ЕХ-ны орнууд байгалийн хийн хараат байдлаа Оросоос салгаснаас үүдэж энэ жил өвөл хүндхэн өнгөрөх магадлалтай байгаа талаар судлаач нар таамаглал гаргаад байна. Иймд энэ удаагийн дугаараар манай хүрээлэн Европын орнууд ОХУ-аас байгалийн хийн хэр хамааралтай, энэ жилийн өвөлжилтийн бэлтгэлд бэлэн эсэх, Оросоос авч байгаа байгалийн хийн хамаарлыг хэрхэн бууруулах төлөвлөгөө баримталж байгаа болон Оросын орон зайг аль улс нөхөж буй талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Европын холбооны орнуудын байгалийн хийн хамаарал
2021 онд ЕХ нийт байгалийн хийн хэрэглээнийхээ 45 хувийг ОХУ-аас импортолж авч байв. ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлтээс хэт хамааралтай Европын улс орнууд 7 дугаар сард Евро комиссын Эрчим хүчний сайд нарын хурал зохион байгуулж чухал шийдвэрийг гаргав. Хурлын үеэр ОХУ-ын зүгээс ЕХ-нд нийлүүлж буй байгалийн хийг бүрмөсөн зогсоосон тохиолдолд 45 тэрбум шоо метр хийн хомсдолд нэрвэгдэх юм. Уг хомсдолыг өөр эх үүсвэрээс нөхөөд ч ЕХ-ны гишүүн орнуудын байгалийн хийн хэрэглээ энэ оны 8 дугаар сараас ирэх оны 3 дугаар сар дуусах хүртэл хугацаанд нийт хэрэглээний 15 хувь нь дутагдалтай байх ажээ. Иймээс гишүүн орнууд урьдчилан сэргийлэх зорилгоор Орос хийн цоргоо хаахаас өмнө хийн хэрэглээг хэмнэж эхэлбэл бодит эдийн засагт учрах цочролыг бууруулах боломжтой гэж үзсэн байна. Хурлаар тохиролцсон ёсоор ЕХ-ны гишүүн 27 орон энэ оны 8 дугаар сараас ирэх оны 3 дугаар сар хүртэл хугацаанд байгалийн хийн хэрэглээгээ сайн дурын үндсэн дээр 15 хувиар бууруулахаар болж байна.[1]
ЕХ-ны орнууд тус бүрдээ ОХУ-аас эрчим хүчний түүхий эдийн хэт хамааралтай байж иржээ. Тодруулбал, ЕХ-нд ОХУ-аас нийлүүлж буй нийт хийн хэрэглээний 40 хувийг Герман улс дангаараа хэрэглэдэг. Мөн Зүүн Европын зарим орнууд хийн хэрэглээнийхээ 20-35 орчим хувийг зөвхөн ОХУ-аас авдаг шугамтай. Одоогоор ОХУ-ын эрх баригчид эдийн засгийн хоригтой холбоотойгоор Балтийн орнууд, Польш, Болгар, Финланд улсад хий нийлүүлэхээ бүрэн зогсоосон бол Герман, Итали, Австри, Дани, Словак, Нидерланд дахь нийлүүлэлтээ багасгаад байна. Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн хурцадсан тохиолдолд ЕХ-ны орнууд ОХУ-аас авах хийгээ бүрэн болих магадлал өндөр юм. Харин эдийн засгийн хоригоос илүү тусгаар улсын аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзсэн тохиолдолд ОХУ ЕХ-ны орнууд руу бага хэмжээгээр нийлүүлж буй хийгээ бүрэн зогсоох нь тодорхой юм.
Европын холбооны байгалийн хийн нөөцийн сав ба өвөлжилтийн бэлтгэл
Зэвсэгт мөргөлдөөн эхэлсэнтэй холбоотойгоор ЕХ-ны орнууд эрчим хүчний түүхий эдийн стратегийн нөөц бүрдүүлэх ажлыг 4 дүгээр сарын сүүлээс идэвхжүүлж эхэлсэн юм. “Тhink” санхүү, эдийн засгийн дүн шинжилгээний байгууллагаас 9 дүгээр сард гаргасан тайланд “Европын холбооны орнууд байгалийн хийн агуулахуудаа товлосон хугацаанаасаа өмнө дүүргэж чадахаар байна. Европын Комисс 11 дүгээр сарын 1 гэхэд нөөцийн агуулахуудаа 80-аас доошгүй хувийг нь дүүргэхийг гишүүн орнуудаасаа хүссэн байна. Ихэнх улс хугацаанаасаа өмнө 80 хувьд хүрсэн бөгөөд 9 дүгээр сарын 1-ний байдлаар дунджаар 80.2 хувийн дүүргэлттэй байна” гэв. Мөн тус тайланд эрчим хүч, дулааны төлбөр нэмэгдэх нь гарцаагүй боловч Европын хамгийн том эрсдэл нь шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлт тасалдаж хомсдол үүсэхээр байна. Гэхдээ энэхүү хомсдол өвлийн төгсгөлд үүсэх магадлалтай байна.[2]
ХБНГУ-ын Эдийн засгийн сайд Роберт Хабек “Герман дахь байгалийн хийн агуулахууд 90 гаруй хувийн дүүргэлттэй байна. Хийн нөөц амжилттай нэмэгдэж байна. Ирэх өвөл бидэнд бага зэрэг аз дайрч цаг агаар хэт хүйтрэхгүй байвал Герман улс ирэх өвлийг тухтай давна. Гэхдээ хавар ирэхэд хийн нөөц бүрэн дууссан байх болно” гэж мэдэгдэв. ХБНГУ энэ оны төгсгөл гэхэд бүх атомын цахилгаан станцаа хаахаар төлөвлөснөө мэдэгдээд буй. ХБНГУ өнөөгийн эрчим хүчний нийлүүлэлтийн нөхцөл байдлаас шалтгаалан яаралтай үед ашиглахаар үлдсэн гурван Атомын цахилгаан станцынхаа хоёрыг нь 2023 оны 4 дүгээр сар хүртэл ажиллагаатай байлгахаар болжээ. Ингэснээр тус улсын нүүрснээс хамааралтай байдал цаашид улам нэмэгдэхээр байгааг “Bloomberg’-ийн шинжээчид онцолж байна. 2022 оны эхний хагаст Германы нийт эрчим хүчний хамгийн гол эх үүсвэр нь нүүрс байв. Задалбал тус улсын эрчим хүч үйлдвэрлэлд нүүрс 30 орчим хувийн жин дарж байна.
Дээрх графикаас харахад нүүрс, байгалийн хий зэрэг уламжлалт эх үүсвэрийн эзлэх хувь дээрх хугацаанд 51.5 хувь байсан бол уламжлалт бус сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийнх нийлээд 48.5 хувь болж, өмнөх оны үзүүлэлтээс 4.7 нэгж хувиар өсжээ. Мөн энэ онд Германд нүүрс ашигладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэлийн гарц өмнөх оны мөн үеэс 17.2 хувиар өсөж, нийт үйлдвэрлэсэн эрчим хүчний бараг гуравны хоёрыг хангах болсон нь үүнийг баталж байгаа юм.[3] Герман улс өвөлжилтийн бэлтгэл хангах ажил амжилттай явж байгаагаас үзэхэд ЕХ-ны гишүүн орнууд энэ өвөл хүндрэхгүй байх нь тодорхой байна.
Европын холбооны эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох төлөвлөгөө
Европын холбооны гүйцэтгэх байгууллага болох Европын комисс байгалийн хийн хэрэглээгээ 15 хувиар танаж бусад эх үүсвэрээс бүрдүүлэхээр төлөвлөгөө гаргаад байна. Үүнд:
- ЕХ нөөц шатахуунаа хэрэглэнэ. Гэхдээ ирэх өвлөөс өмнө шатахуун хадгалах савуудаа дахин дүүргэхээр төлөвлөж байна.
- ЕХ бусад улсаас буюу Алжир, Азербайжан, Египет, Израйл, Япон, Өмнөд Солонгос, Нигери, Норвег, Катар, Турк, АНУ-аас байгалийн хий авахаар ярилцаж байна. Эдгээр яриа хэлэлцээр нь ЕХ-нд ирэх жилийн 1, 2 дугаар сард байгалийн хий импортлох боломжийг олгосон юм.
- ЕХ 2030 он гэхэд 35 тэрбум куб метр биометан үйлдвэрлэхээр төлөвлөсөн нь өмнөх зорилтоо хоёр дахин нэмэгдүүлж байна.
- Хийн хурдасгуурыг бий болгохын тулд шаардлагатай дэд бүтэц, нөөц, боомтын хүчин чадлыг бий болгох
- Орон сууц, барилга, аж үйлдвэрийн салбарт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхэд эрчимтэй хөрөнгө оруулалт, дулаалгын хөтөлбөр хэрэгжүүлэх
- Салхи, нар зэрэг сэргээгдэх эрчим хүчний эргэлтийг хурдасгах
- Сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийг бий болгоход шаардлагатай зөвшөөрөл олгох зэрэг үйл явцыг хурдасгах, холбогдох сүлжээ дэд бүтцийг сайжруулах
- Европ дахь эрчим хүчний худалдан авах гэрээг санхүүжүүлэх зэрэг багтаж байна.
ЕХ-ны гишүүн орнууд дотоодод байгалийн хий тогтвортой нийлүүлэх хэд хэдэн хоолой ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тухайлбал, ОХУ-ын “Газпром” компани Польш, Болгарт байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон. Үүний дараагаар Польш улс байгалийн хийн хэрэгцээгээ дотоод нөөц бололцоогоор бүрэн хангах боломжтой талаар Эрчим хүчний сайд нь 4 дүгээр сард мэдэгдэж байсан. 5 дугаар сарын 1-нээс Литваас Польш руу хий дамжуулах шинэ хоолой нээгдсэнээр Литвын шингэрүүлсэн хийн терминалаас хий авах боломжтой болсон юм. Мөн Норвеги улсаас хий нийлүүлэх “Балтын хоолой’ хэмээх шинэ хоолой 10 дугаар сард ашиглалтад орно. Энэ нь оны эцэс гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллах ёстой бөгөөд ингэснээр Оросын бүх нийлүүлэлтийг орлох боломж бүрдэх ажээ.
Европын орнуудын иргэд өвөлд хэрхэн бэлдэж байна вэ?
ЕХ-ны гишүүн орнуудын эрх баригчид дулааны үнэ хамгийн багадаа 20-35 хувиар өснө гэсэн нь харьцангуй эерэг хүлээлтэд тооцогдож буй юм. Харин иргэдийн хувьд өвөлд бэлдэж орон сууцны дулаалгад зориулж дунджаар 800-1500 евро зарцуулж байна. Орон сууцны дулаалга хийгдсэн өрхийн дулааны дундаж зардал 625 еврогоор буурах таамаглалтай байна.
ЕХ-ны нэгдсэн сүлжээ дэлгүүрээс улирал тутамд гарагдаг бараа бүтээгдэхүүний борлуулалтын талаар мэдээлэлд “Цахилгаанаар халаадаг халаагуур хамгийн их зарагдаж байна. Халаагуурын борлуулалт өмнөх оны мөн үеэс 27.3 хувиар өссөн үзүүлэлтэй байна” гэв.
Мөн БНХАУ-ын Гаалийн газрын статистик мэдээлэлд “Энэ оны 1-6 дугаар сарын хооронд Европын орнуудыг чиглэсэн Хятадын халдаг хөнжлийн нийлүүлэлт жилийн дүнгээр 97 хувь, цахилгаан халаагч 23 хувиар нэмэгдсэн. Тэр дундаа Польш, Герман, Нидерланд, Итали гэсэн орнуудад Хятадын халдаг хөнжлийн эрэлт их байна.” Interpublic Group China маркетингийн компанийн эдийн засагч Бо Вэньси Хонконгийн SCMP сонинд өгсөн ярилцлагад “Европт Оросын байгалийн хийнээс татгалзсаны дараа эрчим хүчний бүтээгдэхүүн болон цахилгаан эрчим хүчний үнэ эрс нэмэгдсэн. Ингэснээр эрчим хүч хэмнэдэг дулаацуулах төхөөрөмжүүдийн эрэлт нэмэгдэж байна” гэв. БНХАУ-ын Гаалийн газрын статистик мэдээлэл гарсны дараа Хятадын цахилгаан халаагуур үйлдвэрлэгч компани болох Rainbow Appliance Group-ийн хувьцаа 6 хувиар өссөн байна. Энэ компани бүтээгдэхүүний эрэлт ихтэй байгаа тул гадаадын зах зээлд нийлүүлэлтээ нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт салбаруудыг ч байгуулжээ. Хятад бүтээгдэхүүний үнэ боломжийн, үр дүнтэй байгаа тул ийнхүү эрэлт ихтэй байна.
АНУ-ын Европ дахь шингэрүүлсэн хийн нийлүүлэлт
ЕХ-ны орнууд ОХУ-аас байгалийн хий худалдаж авахаа больж эхэлснээс хойш АНУ-ын нийлүүлэлтийн хэмжээ 7 дугаар сарын 1-нээс хойш 11.5 тэрбум куб метрээс давж түүхэн дээд хэмжээнд хүрээд байна. АНУ-аас нийлүүлэгдэж буй шингэрүүлсэн хийн үнэ 8 дугаар сарын 26-ны байдлаар баруун хойд Европын оруудад 75 ам.долларыг давжээ. АНУ-ын зүүн эрэг дагууд байрлаж буй терминалаас ачигдаж Европ руу зөөвөрлөх хугацаа 30-60 хоног байдаг. АНУ-ын шингэрүүлсэн хий нийлүүлэгч компаниуд Баруун Европын зарим газруудад шинээр терминал барих, өргөтгөх төслүүдийг 7 дугаар сараас хойш хийж эхлээд байгаа билээ. Франц, Итали, Норвеги, Герман зэрэг орны шингэрүүлсэн хий буулгах терминалын бүтээн байгуулалт 10 дугаар сарын сүүлээр ашиглалтад орохоор хүлээгдэж байна.[4]
Нью-Йоркт төвтэй байгалийн хийн судалгаа, шинжилгээний “Refinitiv” компанийн 7 дугаар сард гаргасан тайланд “АНУ энэ оны эхний зургаан сард 57 тэрбум куб метр шингэрүүлсэн байгалийн хий экспортолсон бөгөөд үүний 39 тэрбум куб метр нь Европын орнууд руу гарсан байна. 2021 онд АНУ Европт 34 тэрбум куб метр шингэрүүлсэн хийг экспортолж байжээ. Энэ онд АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн экспорт 14 хувиар нэмэгдэж, Персийн булангийн эргийн терминал болон баруун европын терминалд хамгийн их хий нийлүүлсэн байна” гэж дурдсан байна.[5]
Түүхий эдийн таваарын шинжээчдийн таамаглаж буйгаар АНУ-ын хийн олборлолт энэ онд түүхэн дээд хэмжээнд хүрнэ гэсэн хүлээлтэй байна. Норвегийн Ристад Энержи компанийн гаргасан таамаглалаар АНУ энэ оны эцэс гэхэд байгалийн хийн олборлолт өдөрт 100 тэрбум куб метрээс давна. АНУ аль хэдийн дэлхийн тэргүүлэгч хий олборлогч болсон бөгөөд дэлхийн эрэлтийг хангахын тулд олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна.[6]
Олон улсын эрчим хүчний агентлагаас гарсан судалгаанд 2040 он гэхэд ЕХ-ны шингэрүүлсэн байгалийн хийн импорт 2016 онтой харьцуулсан түвшнээс 20 гаруй хувиар нэмэгдэнэ. Оросын дамжуулах хоолойн хий байхгүй тохиолдолд Европын байгалийн хийн нийт эрэлт 2021-2040 он хүртэл 150 хувиар өсөх төлөвтэй байна.[7] ЕХ-ны гишүүн орнуудад АНУ-аас нийлүүлж буй шингэрүүлсэн байгалийн хийн урт хугацааны хэлэлцээр буюу 20 жилийн хугацаанд тогтвортой нийлүүлэгч болохоор зорьж байна.[8]
Дүгнэлт
Энэхүү тойм мэдээлэлд ЕХ-ны орнуудын инфляцын өсөлт болон шатахууны хямралыг авч үзээгүй, гагцхүү ОХУ-аас өндөр хамааралтай байдаг байгалийн хийн нийлүүлэлтийн асуудлыг авч үзсэн болохыг онцлох нь зүйтэй. Ингээд дээрх судалгааны дагуу дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:
- ЕХ-ны орнууд өвөлд харьцангуй бэлэтгэлтэй болсон бөгөөд Оросоос хамааралтай байгалийн хийн нийлүүлэлтийг холбоотон орнуудаас богино хугацаанд нөхөж байна. Хэдийгээр ЕХ-ны гишүүн орнуудын нөөцийн савууд төлөвлөсөн хугацаанаас өмнө дүүрэх магадлал өндөр байгаа ч 3, 4 дүгээр саруудад нөөц дуусах эрсдэл хэвээр байна. Энэ эрсдэлийг бууруулах алхамыг ЕХ одооноос төлөвлөж байна.
- ЕХ-ны гишүүн орнуудын иргэд нөхцөл байдалтай уялдаж өөрсдийн хэмжээнд орон байраа дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур худалдаж авах замаар өвлийн бэлтгэлээ базаасан байна.
- Европ дахь Оросын байгалийн хийн нийлүүлэлтийн орон зайг АНУ шуурхай нөхөж өөрийн нөлөөллийг ЕХ-ны орнуудад бэхжүүлэх замаар шингэрүүлсэн байгалийн хийн терминалын бүтээн байгуулалтыг хийж байна.
- Цаашид АНУ эрчим хүчний түүхий эдийн, тэр дундаа дэлхийн хамгийн том шингэрүүлсэн байгалийн хийн экспортлогч орон болох амбицтай төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. АНУ-аас эрчим хүчний түүхий эдийн хамааралтай болж буй орнуудын валют ам.долларын эсрэг хурдацтай сулрах нь тодорхой байна.
Ашигласан эх сурвалж:
[1] https://www.euronews.com/my-europe/2022/07/27/winter-is-coming-all-you-need-to-know-about-the-eus-15-gas-reduction-plan
[2] https://think.ing.com/articles/how-europe-is-preparing-for-a-hard-winter
[3] https://bloombergtv.mn/news/g5p8
[4] https://www.spglobal.com/commodityinsights/en/market-insights/videos/market-movers-europe/101022-opec-cut-crude-oil-france-strikes-eu-cap-gas-energy-price-nuclear-capacity
[5] https://www.workboat.com/viewpoints/u-s-is-gassing-up-europe
[6] https://www.workboat.com/viewpoints/u-s-is-gassing-up-europe
[7] https://www.worldoil.com/news/2022/9/26/u-s-lng-to-meet-europe-s-energy-needs-in-short-and-long-term/
[8] https://www.reuters.com/business/energy/us-lng-exports-europe-track-surpass-biden-promise-2022-07-26/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
ШХАБ: Самарканд-2022Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19