Энэтхэг-Номхон далайн стратегийн эдийн засгийн санаачилга, хөтөлбөрүүд
2021-10-15
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео 2018 оны 7 дугаар сард Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн форумд оролцох үеэрээ уг стратегийг эдийн засгийн чиглэлд “дижитал эдийн засаг”, “эрчим хүч”, “дэд бүтэц” гэсэн 3 салбарт хэрэгжинэ хэмээн тодорхойлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпеогийн хэлсэн үгнээс үзвэл Энэтхэг-Номхон далайн стратеги нь эдийн засгийн чиглэлд хөрөнгө оруулалт, хөгжлийг чухалчлан үзэж байна. Ингэхдээ Америкийн дэлхийн бусад улсаас давуутай байдаг дижитал эдийн засагт төвлөрөх нь хөгжиж буй орнуудын сонирхлыг татах магадлалтай. Нөгөө талаар, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хөгжилд анхаарснаар тус бүс нутгийн орнуудын хэрэгцээ шаардлагыг мэдэрч чадсан хэрэг болж байна. Учир нь Азийн хөгжлийн банкны тооцоогоор, Азийг хөгжүүлэхэд 2030 он хүртэл жил бүр 1.7 их наяд ам.долларыг дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт болгох шаардлагатай. БНХАУ ч энэ хэрэгцээ шаардлагыг тооцоолон “Бүс ба зам” санаачилгыг 2013 онд зарлан, хэрэгжүүлж буйг сануулъя.
Энэтхэг-Номхон далайн стратегийг хэрэгжүүлэх санхүүгийн механизмууд бүрэлдэж байна. АНУ-ын Конгрессын 2018 оны 10 дугаар сард баталсан Хөгжилд хөтлөх зорилгоор хөрөнгө оруулалтыг илүү сайн ашиглах тухай (Better Utilization of Investments Leading to Development) хуулийн дагуу Хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын корпорац болон бусад байгууллагыг нэгтгэн 60 тэрбум ам.долларын төсөвтэй АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорац (The United States International Development Finance Corporation)-ийг байгуулсан бөгөөд тус байгууллага нь гадаад орнуудын хөгжлийг дэмжих зорилгоор хөрөнгө оруулах, техникийн туслалцаа үзүүлэх, зээлийн баталгаа гарган ажиллана.
Түүнчлэн, Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын Сенатын батлаад байсан Азийн баталгааны санаачилгын хууль (Asia Reassurance Initiative Act)-д 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гарын үсэг зурсан билээ. Цагаан ордоны мэдэгдэлд дурдснаар энэхүү хууль нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт АНУ-ын аюулгүй байдал, эдийн засгийн ашиг сонирхол, үнэт зүйлсийг бэхжүүүлэх АНУ-ын олон талт стратегийг бий болгоход чиглэсэн байна.[1] Тодруулбал, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт урт хугацааны стратегийн алсын хараа болон АНУ-ын иж бүрэн, олон талт зарчимд суурилсан бодлогыг хөгжүүлэх болон бусад зорилгоор Зүүн болон Зүүн өмнөд Азид АНУ-ын хэрэгжүүлэх олон төрлийн хөтөлбөрүүдэд 1.5 тэрбум ам.долларыг 5 жилийн хугацаанд зарцуулах эрхийг энэ хууль олгож байгаа юм.[2]
Asia EDGE буюу Эрчим хүчээр дамжуулан хөгжил, өсөлтийг нэмэгдүүлэх нь
АНУ-ын засгийн газрын санаачилга болох Asia EDGE (Enhancing Development and Growth through Energy- Эрчим хүчээр дамжуулан хөгжил, өсөлтийг нэмэгдүүлэх нь) нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт тогтвортой, аюулгүй эрчим хүчний зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн бөгөөд тус бүс нутагт эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрчим хүчний төрөлжилт, худалдааг нэмэгдүүлэх, эрчим хүчинд холбогдох бололцоог нэмэгдүүлэх зорилготой. 2018 оны 7 дугаар сард гараагаа эхэлсэн энэ санаачилгад АНУ-ын засгийн газар, хувийн хэвшил, олон улсын санхүүгийн байгууллагуудын мэдлэг ур чадвар, нөөцийг татан оролцуулна.[3] Тус санаачилгыг Хятадын “Бүс ба зам” санаачилгын альтернатив хэмээн үзэх нь бий.
“Бүс ба зам” санаачилга хүрээгээ тэлэхийн хэрээр улс орнууд БНХАУ-ыг алгаа дэлгэн угтах нь байгаа ч, эсэргүүцэн дургүйцэх хандлага ч гарч байна. Хөрөнгө оруулалт ил тод бус, бага хүүтэй их хэмжээтэй зээл нь буурай эдийн засагтай орнуудад дарамт болж байна гэж үзэх нь ч бий. Тухайлбал, Мьянмар улс хүрээлэн буй орчны асуудал, Хятадын нөлөө давамгайлсан гэх шалтгаанаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай хамгийн том төсөл болох Myitsone-ий далангийн барилгын ажлыг зогсоосон бол Шри-Ланк улс 2017 оны 12 дугаар сард БНХАУ-аас авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүй болсон тул тус боомтыг эргэн тойрны 1500 га газрын хамт Хятад улсад 99 жилийн хугацаатай түрээслүүлэхээс аргагүйд хүрсэн. Хятадын “Бүс ба Зам” санаачилгыг “өрийн хавхны дипломат ажиллагаа” хэмээн шүүмжлэгчид нэрлэх болсны нэг шалтгаан нь энэхүү боомт юм. Зээлийн хүүгээ төлөх чадваргүй жижиг эдийн засагтай орнуудын үр өгөөжгүй дэд бүтцийн төслүүдэд “бага хүү”-тэй гэх нэрийн дор зээл олгон өрийн дарамтад оруулдаг энэ тогтолцоог “өрийн хавх”-ны бодлого хэмээдэг. Ийнхүү өрийн хавханд орсон орнууд Хятадад үндэсний, стратегийн ашиг сонирхол бүхий газар нутаг, өмч хөрөнгөө шилжүүлэхээс аргагүйд хүрч байна.
“Бүс ба зам” санаачилгаас ялгаатай нь, Asia EDGE санаачилга “өрийн дипломат ажиллагаа”-нд тулгуурлах бус харин түнш орнуудын эрчим хүчний төлөвлөгөөнд суурилна гэдгийг АНУ-ын Эрчим хүчний нөөцийн товчооны Туслах нарийн бичгийн дарга Францис Фаннон хэмээн мэдэгдсэн юм. Мөн тэрээр “энэ санаачилгад ямар нэгэн албадлагын зүйл огтхон ч байхгүй. Бид өөртөө засан тогтнох зарчимд тулгуурлан, тодорхой эрчим хүчний бодлого хэрэгжүүлж буй улсуудад бүрэн ил тод, уян хатан тогтолцоог санал болгоно” хэмээсэн. Тус санаачилгын стратегийн зорилтуудыг дараах байдлаар тодорхойлсон байна.
Хүснэгт 1. Asia EDGE санаачилгын стратегийн зорилтууд
АНУ-ын засгийн газрын 10 байгууллага Asia EDGE-д идэвхтэй оролцон ажилладаг. Тодруулбал АНУ-ын Төрийн Департамент Asia EDGE-ийг удирдаж, АНУ-ын Хөдөө аж ахуй, Худалдаа, Эрчим хүч, Сангийн яам, Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Экспорт-импортын банк, Хөгжлийн санхүүгийн корпорац, Дотоод хэргийн яам, АНУ-ын Худалдаа хөгжлийн агентлаг оролцон хэрэгжүүлж байна.
Энэ санаачилга нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн зах зээлд анхаарлаа төвлөрүүлж байгаагийн дотор Австрали, Бангладеш, Бутан, Бруней, Мьянмар, Камбож, Хятад, Энэтхэг, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Монгол, Непал, Шинэ Зеланд, Номхон далайн Арлын форумын орнууд, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Сингапур, Өмнөд Солонгос, Шри Ланк, Тайвань, Тайланд, Зүүн Тимор, Вьетнам зэрэг улс, бүс нутаг багтаж байна. [4]
Asia EDGE нь зах зээлийн зохицуулалтын орчин, худалдан авах ажиллагааны үйл явцыг сайжруулах, үндэсний болон бүс нутгийн эрчим хүчний зах зээлийг хөгжүүлэх, хувийн капиталыг байршуулах, эрчим хүчний дэд бүтцийг шинэчлэх зорилгоор Энэтхэг-Номхон далайн зах зээлд техникийн туслалцаа үзүүлэх хөтөлбөрүүдэд 140 сая ам.доллар хуваарилаад байна.[5]
Тус санаачилгыг хэрэгжүүлэгч АНУ-ын засгийн газрын агентлагуудын нэг болох АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) дэмжлэг үзүүлсний дараа 2018 оны 12 дугаар сард Энэтхэг улс хил дамнасан эрчим хүчний худалдааг зохицуулах хууль тогтоомжоо шинэчилж, Энэтхэгийн цахилгаан дамжуулах шугамыг ашиглах боломжийг бусад улс орнуудад олгосон байна. Үүний үр дүнд бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний худалдаа нэмэгдэж байна. Жишээлбэл, 2019 оны 6 дугаар сард Бангладеш улсын Засгийн газар Энэтхэгийн цахилгаан дамжуулах шугамыг ашиглан Балбын эрчим хүч үйлдвэрлэгч хувийн компанийн усан цахилгаан станцаас эрчим хүчийг импортлох гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ гэрээ нь Бангладешийн Засгийн газар эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлж, эрчим хүчний аюулгүй байдлаа хангах зорилгоор Балба, Бутаны усан цахилгаан станцын төслүүдэд хөрөнгө оруулалт хийх боломжийг бий болгосон.[6]
Индонез улсад Asia EDGE-ийн хүрээнд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг хувьсах сэргээгдэх эрчим хүчийг Индонезийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох ажилд дэмжлэг үзүүлсэн явдал нь АНУ-ын Колорадо мужид байрладаг UPC Renewables компани, Нью-Йоркт байрладаг өөрийн хөрөнгийн сан болох Global Infrastructure Partners-ийн охин компани болох Vena Energy компани хамтран анх удаа хэрэглээний эрчим хүчний 2 салхин паркийг барих ажлыг эхлүүлэх үндсийг тавьсан юм. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн түншүүдийн нэг болох Ха До Групп нь АНУ-ын нарны эрчим хүчээр тэргүүлэгч болох SunPower компанийн үйлчилгээ, дэвшилтэт технологийг ашиглан Вьетнам дахь анхны нарны эрчим хүчний паркийг 2019 оны 5 дугаар сард барьж дуусгалаа.[7]
Номхон далайн амлалт:
АНУ 100 сая ам.долларын санхүүжилттэй Номхон далайн амлалт (Pacific Pledge) хэмээх шинэ санаачилгыг 2019 оны 9 сард зарласан. Энэ нь АНУ-ын агентлагууд Номхон далайн бүс нутгийн хүн ардад зориулан хөгжил дэвшил бүхий ирээдүйг бий болгохын тулд төсөл, тусламж, үйл ажиллагаанд жил бүр зарцуулдаг 350 сая ам.долларын хөрөнгө оруулалтад нэмэлт болох юм. Энэхүү Номхон далайн амлалт (Pacific Pledge) санаачилгын хэсэг болгон, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) нь шинэ хөтөлбөрүүдэд 63 сая ам.долларыг зарцуулахаар төлөвлөж байгаа нь тус улсын хөгжлийн тусламжийн дүнг хоёр дахин нэмэгдүүлэх юм. Мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь нь Фижи, Папуа Шинэ Гвиней, Микронезийн Холбооны улс, Бүгд Найрамдах Маршаллын арлууд, Палау зэрэгт ажиллагсдынхаа тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.[8]
Номхон далайн амлалтын нэг хэсэг болгон АНУ дахин 200 тэрбум ам.долларын санхүүжилтийг олгох болсноо 2020 онд зарласан. Энэхүү санхүүжилтийн 78 сая гаруй ам.доллар нь “Энэтхэг-Номхон далайн тулгуурууд”-ын хүрээнд шинэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд, 130 сая ам.доллар нь Номхон далайн бүс нутгийн Ковид-19 цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд зарцуулагдахаар болжээ.[9] 2020 онд зарласан Номхон далайн амлалтын хүрээнд дараах төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт олгоно. Үүнд, “Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тулгуур” хөтөлбөрийн хүрээнд нийт 69.8 сая ам.долларын санхүүжилтийг Номхон далайн арлуудын орнууд тулгамдсан хөгжлийн сорилт бэрхшээлүүдээ шийдвэрлэх (10 сая ам.доллар), Соломоны арлуудын Малайта мужид өрсөлдөх чадвар, ХАА, амьжиргаа, байгаль орчны хөтөлбөр хэрэгжүүлэх (25 сая ам.доллар), Шинэ Гвинейд эрчим хүчний төсөлд зарцуулах (1 сая ам.доллар), загасны аж ахуйг дэмжих (2 сая ам.доллар), Папуа Шинэ Гвинейд шинэ тогтвортой аж ахуйг дэмжих, гамшгийн бэлэн байдлыг хангах (17 сая ам.доллар) зэрэг томоохон төсөл, хөтөлбөрт зарцуулна. Мөн “Энэтхэг-Номхон далайн засаглалын тулгуур”-ын хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд нийт 3.7 сая ам.доллар, “Энэтхэг-Номхон далайн аюулгүй байдлын тулгуур”-ын хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд нийт 5.1 сая ам.долларыг тус тус зарцуулахаар болсон.
Хөх цэгийн сүлжээ:
2019 оны 11 дүгээр сард Тайланд улсад болсон Ази-Номхон далайн форумд оролцохдоо АНУ, Япон, Австрали улс “Хөх цэгийн сүлжээ” (Blue Dot Network)-г байгуулах болсноо зарласан. Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн 2020 оны 2 дугаар сард АНУ-д хийсэн айлчлалын үеэр АНУ-ын зүгээс дөрвөн талт механизмын хүрээнд “Хөх цэгийн сүлжээ”-нд Энэтхэг улсыг оролцохыг урьсан байна. Шинэ Дели энэ санаачилгад оролцох сонирхолтойгоо айлчлалынхаа үеэр гаргасан “БНЭУ-АНУ дэлхийн хэмжээний иж бүрэн стратегийн түншлэлийн төлөө алсын хараа, зарчмууд” хэмээх хамтарсан мэдэгдэлд дурджээ.[10] Энэтхэг энэ санаачилгад хараахан нэгдээгүй байгаа боловч нэгдсэн тохиолдолд Энэтхэг-Номхон далайн дөрвөл буюу Quad (Quadrilateral Security Dialogue)-ийн бүх гишүүд энэ санаачилгад нэгдэж улмаас Хөх цэгийн сүлжээг Энэтхэг-Номхон далайн дөрвөлийн үргэлжлэл гэж үзэх боломжтой болно. [11]
Энэтхэгийн оролцоотойгоор эдгээр холбоотон гурван улс болон дэлхий даяар ил тод, тогтвортой байдлын өндөр стандартад нийцэх, хөгжлийн нөлөө үзүүлэх төслүүдэд гэрчилгээжүүлэхээр төлөвлөж байна. “Хөх цэгийн сүлжээ” нь дэлхийн дэд бүтцийн хөгжлийн нэгдсэн стандартын хүрээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцогчдыг хамруулж, нээлттэй, багтаамжтай, ил тод, эдийн засгийн хувьд боломжтой, санхүү, байгаль орчин, нийгмийн хувьд тогтвортой, олон улсын стандарт, хууль тогтоомжид нийцсэн дэд бүтцийн чанартай хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой ажээ.[12] Энэхүү сүлжээ нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн учраас Хятадын “Бүс ба зам” санаачилгатай зорилгын хувьд ижил байгаа юм
“Хөх цэгийн сүлжээ” нь дэлхийн дэд бүтцийн зарчмуудад нийцэх буюу түүний мөрдлөгө болгох сонирхлоо илэрхийлсэн дэд бүтцийн төслүүдийг гэрчилгээжүүлэх бөгөөд гэрчилгээ авсан төслүүдэд АНУ-ын болон бусад орны хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах боломжтой болж, төслүүд нь дан ганц төрийн санхүүжилтээс хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, хөгжиж буй орнуудад хэрэгжиж буй, “хөх цэг” гэсэн гэрчилгээ авсан төслүүд нь тогтоосон өндөр стандартыг хангасан гэсэн үг бөгөөд ийм төслүүд нь хувийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах боломжтой болно. Хэдэн арван их наяд ам.долларын урт хугацааны хөрөнгө оруулалтыг зохицуулах үүрэгтэй ажилладаг Америкийн тэтгэврийн сангууд, даатгалын компаниуд ирэх 20 жилийн хугацаанд дэлхийн даяар шаардлагатай 94 их наяд ам.долларын өртөг бүхий төслүүдэд хөрөнгө оруулна. Хөх цэгийн сүлжээнээс гэрчилгээ авах сонирхолтой төслүүд нь өргөдлөө цахим хэлбэрээр гаргах боломжтой бөгөөд ирүүлсэн материалд үндэслэн анхан шатны болон дунд хугацааны аудитыг хийнэ.
“Хөх цэгийн сүлжээ”-ний Хятадын “Бүс ба зам” санаачилгаас ялгагдах гол онцлог нь дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх санхүүжилтийг өөртөө багтаагаагүй явдал юм. Өөрөөр хэлбэл, “Бүс ба зам” санаачилга нь дэд бүтцийн төслүүдэд шууд хөрөнгө оруулалт хийдэг бол “Хөх цэгийн сүлжээ” нь шууд хөрөнгө оруулалт хийхгүй, харин бусдаас хөрөнгө оруулалт татах бололцоогоор хангаж өгдөгөөрөө онцлогтой. Тухайн төсөлд гэрчилгээ олгохдоо олон оролцогч талын санал бодлыг харгалздаг учраас бодитой үнэлгээ болж чадах юм. Хятадын “Бүс ба зам” санаачилгыг дэд бүтцийн хэрэгцээгүй төсөл, хөтөлбөрийг санхүүжилдэг хэмээн шүүмжилдэг бол “Хөх цэгийн сүлжээ” нь олон оролцогч талын санал, хэрэгцээ шаардлагыг харгалзах учраас энэ шүүмжлэлд өртөхгүй байх магадлалтай. Нөгөө талаар, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд тухайн улсад төдийлөн хэрэгцээ шаардлагатай бус төслийг хэрэгжүүлдэг нь авлига, хээл хахуулийн шалтгаантай байж болзошгүй юм. Харин “Хөх цэгийн сүлжээ” нь авлига зэрэг засаглалын чанарыг муутгах муу жишгийг бий болгохоос зайлсхийх зорилгоор олон улсын стандарт, хэм хэмжээг баримтлах учраас “Бүс ба зам” санаачилгын адил засаглалд хортой нөлөө үзүүлэхгүй байх боломжтой.
“Хөх цэгийн сүлжээ” нь төслийн чанар, ил тод байдал, амьдрах хугацаа зэрэг “Бүс ба зам” санаачилгын анхаардаггүй гэж шүүмжлүүлдэг хэсгүүдэд анхаардагаараа онцлогтой. Мөн энэхүү санаачилга нь “Чанартай дэд бүтцийн хөрөнгө оруулалтын тухай Их 20-ийн зарчмууд”, “Экваторын зарчмууд”, “Хөгжлийн төлөөх шинийг эрэлхийлсэн санхүүжилтийн тухай Их 7-ийн Шарлевуагийн амлалт” зэрэг олон улсын хэм хэмжээг мөрдлөгө болгох замаар хариуцлагатай барилга барих, зээл олгох явдлыг дэмжих юм. Хөх цэгийн сүлжээ нь хариуцлагатай барилга, зээлийн үйл ажиллагаа дэмжсэн аль ч орны дэд бүтцийн төслүүдэд баталгаа гаргахад нээлттэй.
“Хөх цэгийн сүлжээ” болон “Бүс ба зам” санаачилгын гол ялгаа нь институцчлэгдсэн байдал юм. 2013 онд эхлэлээ тавьсан “Бүс ба зам” санаачилга нь аль хэдийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж байгаа бөгөөд “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Хятадын засгийн газар 139 орон, 30 олон улсын байгууллагатай хамтран бүтээн байгуулалт хийх 200 хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байна. Мөн “Бүс ба зам” санаачилгаар дамжуулан БНХАУ-ын төрийн компаниуд болон тэдгээрийн охин компаниуд нь дэлхийн 150 орчим улсад 1.5 их наяд долларын шууд зээл, худалдааны зээл олгосон байна. Refinitiv database-ийн мэдээлснээр 3.7 их наяд долларын өртөг бүхий 2600 гаруй төсөл “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хэрэгжиж байна.[13] Харин “Хөх цэгийн сүлжээ” нь дөнгөж хөгжлийнхөө эхний шатандаа байна.[14]
Дэлхий өндөр хөгжилтэй орнууд гишүүн нь байдаг “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага”-ын дэмжлэг, туслалцааг татах замаар Ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа “Хөх цэгийн сүлжээ”-ний санхүүгийн чадавхийг 2 дахин нэмэгдүүлж байна. “Хөх цэгийн сүлжээ”-ний Гүйцэтгэх захирлуудын зөвлөлдөх бүлгийн анхны уулзалт 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр болов. АНУ, Австралийн санхүүжүүлсэн техникийн дэмжлэг дамжуулан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага нь “Хөх цэгийн сүлжээ” дэд бүтцийн санаачилгын зохион байгуулалт, хэрэгжилтийн чиглэлд зөвлөгөө өгөх хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагуудыг татан оролцуулах замаар энэхүү Гүйцэтгэх захирлууд зөвлөлдөх бүлгийн уулзалтыг зохион байгуулав. Энэхүү зөвлөлдөх бүлэгт хувийн хэвшлийг төлөөлөн оролцож буй гүйцэтгэх захирлууд нь нийтдээ 12 их наяд ам.долларын хөрөнгө багцыг эзэмшиж буй компаниудын төлөөлөл юм.[15] Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага нь “Хөх цэгийн сүлжээ”-г институцлэх чиглэлд туслалцаа дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд дээр дурдсан уулзалтаас гадна “Хөх цэгийн сүлжээ” санаачлагын гол цөм болсон гэрчилгээжүүлэх тогтолцоог боловсруулахад туслалцаа үзүүлж байна.[16]
АНУ-ын зүгээс “Хөх цэгийн сүлжээ”-г өргөтгөх зорилгоор Их 7-ийн орнуудыг татан оролцуулж байна. 2021 оны 6 дугаар сарын 11-нээс 13-ны өдөр Их Британийн Корнвалл хотод болсон Их 7-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Их 7-ийн гүрнүүд БНХАУ-ын 3.7 их наяд ам.долларын өртөг бүхий “Бүс ба зам” санаачилгын эсрэгцүүлэн, ирэх 10 жилийн хугацаанд 40 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийх зорилготой “B3W” (Build Back Better World-Илүү дэвшилтэт ертөнцийг эргүүлэн авчрах нь) санаачилгыг байгуулахаа зарлажээ.[17] “Хөх цэгийн сүлжээ” нь өндөр стандартад нийцсэн төслүүдийг баталгаажуулах шалгууруудаа боловсруулсаар байгаа бол B3W санаачилга нь “Хөх цэгийн сүлжээ”-г туршилтын төслүүдээ зарлах, “Хөх цэгийн сүлжээ”-г Европын түншүүдээр өргөжүүлэх ажлыг эрчимжүүлэх юм.[18] B3W нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох, дэлхийн эрүүл мэнд, мэдээлэл, харилцаа холбооны технологи, жендэрийн тэгш байдал гэх 4 чиглэлээр Африк, Ази, Латин Америк, Карибын тэнгисийн буурай хөгжилтэй орнуудад хувийн хэвшлийн хөрөнгийг татахад чиглэнэ.[19]
“Хөх цэгийн сүлжээ”-г өргөжүүлэхэд Энэтхэг, Өмнөд Солонгос зэрэг Энэтхэг-Номхон далайн бусад түнш орнуудын дэмжлэг чухал юм. Их 7-ийн бүлэг дээр нэмээд Австрали, Энэтхэг, Солонгосыг оролцуулсан Их 10-ын бүлэг байгуулах ч асуудал яригдаж байна. Өмнөд Солонгосын хувьд Хятадын эсрэг эвсэлд нэгдэх эсэхдээ өнөөг хүртэл эргэлзэнгүй хандсаар ирсэн учраас Энэтхэг-Номхон далайн дөрвөлийг “Хөх цэгийн сүлжээ” болгон өөрчлөх замаар Вашингтон нь Сөүлийг талдаа татахыг оролдож болох юм.
[1]The White House “Bill Announcement” (Dec 31, 2018) https://www.whitehouse.gov/briefings-statements/bill-announcement-12/
[2]Ankit Panda, “Trump Signs Asia Reassurance Initiative Act into Law” (Jan 3, 2019) https://thediplomat.com/2019/01/trump-signs-asia-reassurance-initiative-act-into-law/
[3]The USAID “Enhancing Development and Growth through Energy” (Feb 6, 2020) https://www.usaid.gov/energy/asia-edge
[4] Official Website of the International Trade Administration “Asia Edge” https://www.trade.gov/asia-edge
[5] Мөн тэнд
[6]USAID “Asia EDGE Initiative” (February 06, 2020) https://www.usaid.gov/indo-pacific-vision/nrm/asia-edge/fact-sheet
[7] Мөн тэнд
[8]The United State Department , “A free and open Indo-Pacific: Advancing a Shared Vision” (2019)
[9]Office of the Spokesperson, U.S. Department of State “Fact Sheet: U.S. Engagement in the Pacific Islands: 2020 Pacific Pledge” (October 1, 2020) https://2017-2021.state.gov/u-s-engagement-in-the-pacific-islands-2020-pacific-pledge/index.html
[10]Nayanima Basu,The Print “Blue Dot Network-Us answer to China’s Belt & Road Initiative that India’s ‘interested’ in” (March 10, 2020) https://theprint.in/theprint-essential/blue-dot-network-us-answer-to-chinas-belt-road-initiative-that-indias-interested-in/378457/
[11]Neeraj Singh Manhas “Blue Dot Network: An alternative to China’s BRI” (June 26, 2021) https://www.dsalert.org/blue-dot-network-an-alternative-to-chinas-bri/
[12] The United State Department, “Blue dot network” (2020) https://www.state.gov/blue-dot-network/
[13]Reuters “China says one-fifth of Belt and Road projects ‘seriously affected’ by pandemic” (June 19, 2020) https://www.reuters.com/article/us-health-coronavirus-china-silkroad-idUSKBN23Q0I1
[14]Raksha Anirveda “Can the G-7’s Blue Dot Network Counter China’s Belt and Road Initiative?” (June 18, 2021) https://www.raksha-anirveda.com/can-the-g-7s-blue-dot-network-counter-chinas-belt-and-road-initiative/
[15]Expertise Asia “Blue Dot Network” (June 10, 2021) http://www.expertise-asia.com/2021/06/blue-dot-network.html
[16]U.S. Department of State Welcoming the Inaugural Meeting of the Blue Dot Network Executive Consultation Group (June 7, 2021) https://www.state.gov/welcoming-the-inaugural-meeting-of-the-blue-dot-network-executive-consultation-group/
[17]The White House “FACT SHEET: President Biden and G7 Leaders Launch Build Back Better World (B3W) Partnership June 12, 2021” https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2021/06/12/fact-sheet-president-biden-and-g7-leaders-launch-build-back-better-world-b3w-partnership/
[18]CSIS “The G7’s New Global Infrastructure Initiative” (June 15, 2021) https://www.csis.org/analysis/g7s-new-global-infrastructure-initiative
[19]DFC “DFC Announces Support for New Build Back Better World Initiative, Bolstering Global Infrastructure Investments” (June 12, 2021) https://www.dfc.gov/media/press-releases/dfc-announces-support-new-build-back-better-world-initiative-bolstering-global
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
АНУ-ын Энэтхэг-Номхон далайн стратегиДараах нийтлэл
Хятадад цахилгаан тасарсан шалтгаанСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23