Ази, Номхон далай vs. Энэтхэг-Номхон далай
1980-аад оны сүүлээс Ази, Номхон далай гэх нэр томъёо түгээмэл хэрэглэгдэх болжээ. Ази, Номхон далай бол Номхон далай хийгээд Ази тивийн Номхон далайн эрэг орчмын газар нутаг юм. Ази, Номхон далай гэх ойлголтыг тус бүс нутгийн орнууд оршин буй бүс нутгаа тодорхойлох зорилгоор хэрэглэх болсон. Тус бүс нутаг нь Зүүн хойд Ази, Зүүн өмнөд Ази, Далайн орнууд (Баруун өмнөд Номхон далай) гэх гурван дэд бүс нутгаас бүрдэнэ. Энэ нэр томъёоны үүднээс авч үзвэл, геополитикийн хувьд Энэтхэг улс нь энэ бүс нутагт хамаарагдаж байгаа мэт боловч тус улсыг гадна орхисон хэмээн Энэтхэгийн судлаачид үздэг.[1]
Ази, Номхон далайтай харьцуулахад “Энэтхэг-Номхон далай” нь ихээхэн ярвигтай ойлголт гэдэг. Энэтхэгийн далай, баруун болон төв Номхон далай, түүний дотор Өмнөд Хятадын тэнгисийг багтаасан геополитикийн бүс нутаг[2] хэмээн тодорхойлсныг зарим эх сурвалжаас үзэж болно. Харин Австралийн үндэсний аюулгүй байдлын стратегич Рори Медкалф “Энэтхэгийн далай, Баруун Номхон далайн хоорондын гүнзгийрч буй харилцаа холбоог Энэтхэг-Номхон далай гэх нэр томъёо илэрхийлнэ” хэмээн үзсэн. Мөн Энэтхэгийн далайд Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөө (жишээлбэл, БНХАУ нь Жибутид цэргийн бааз байгуулж, Шри-Ланк, Мальдивтай харилцаагаа гүнзгийрүүлж буй) нь энэхүү далай, тэнгисийн орон зайд гаргасан стратегийн бодит байдлыг тодорхойлж байна.[3]
Япон, Энэтхэг улсын тухайд, Номхон далай, Энэтхэгийн далайн дагуу орших Ази, Африк гэсэн хоёр тивийг хамруулан ойлгож байна. АНУ тус бүс нутагт хуучин Ази, Номхон далайн бүс нутагт хамрагдаж байсан орнууд дээр нэмээд Энэтхэгийг хамруулан ойлгодог.[4] АНУ-ын энэ бүс нутагт хэрэгжүүлж буй гадаад бодлогыг “Энэтхэг-Номхон далайн стратеги” хэмээх ойлголтод багтааж ойлгож болно.
Энэтхэг Номхон далайн стратеги бол “дахин тэнцвэржүүлэх” бодлогын үргэлжлэл
2001 оны 9 дүгээр сарын 11-ний дараа АНУ Ойрх Дорнодын бүс нутагт анхаарах болж, Ирак, Афганистанд терроризмын эсрэг дайн эхлүүлсэн юм. Үүнээс үүдээд Зүүн Ази хэсэг хугацаанд АНУ-ын анхаарлын гадна үлдсэн. Ерөнхийлөгч Б.Обамаг ажлаа авахын өмнө, АНУ тэднийг үл ойшоож байна хэмээн Зүүн өмнөд Азийн олон орны удирдагчид үзэж байв. Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтонг АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газарт 2009 оны 2 дугаар сард айлчлах үеэр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Сурин Пицуван “таны айлчлал энэ бүс нутагт АНУ дипломат анхаарлаа хөндийрүүлсэн байсныг эцэслэж өглөө”[5] хэмээн мэдэгдэж байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн засаг захиргаа Ази, Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын оролцоо, нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор дахин тэнцвэржүүлэх бодлого хэрэгжүүлэхээ 2011 онд зарласан. Тодруулбал, 2011 оны 11 дүгээр сард Австралийн парламентад хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Б.Обама “АНУ нь Ази, Номхон далайн бүс нутаг, түүний ирээдүйг тодорхойлоход илүү бодитой, урт хугацааны үүрэг гүйцэтгэнэ” гэдгийг онцлон тэмдэглэжээ. Энэ нь 2001 оны 9 дүгээр сарын 11-нээс хойш Вашингтоны улс төр, батлан хамгаалах бодлогын цөм Ойрх Дорнодод шилжсэн байсныг өөрчилсөн алхам болов. Ийнхүү “стратегийн хүндийн төв” өөрчлөгдсөнөөр, Номхон далай, Атлантын далайд 50:50 харьцаатай байрласан тэнгисийн цэргийн хүчээ АНУ 2020 он гэхэд 60:40 харьцаатай болгон өөрчлөн байрлуулахаа мэдэгдсэн. Хэдийгээр тухайн үед Вашингтон энэ бодлогыг Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн ач холбогдол өссөнтэй холбон тайлбарлаж байсан боловч Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг хязгаарлах зорилготой байсан нь нууц биш.
АНУ-ын Бүгд найрамдах намын нэр дэвшигч Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсноор тус улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн бодлогод өөрчлөлт гарав. Ерөнхийлөгч Д.Трамп 2017 оны 11 дүгээр сард Азийн орнуудад хийсэн айлчлалынхаа хүрээнд Вьетнамын Да нанг хотод АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэг-Номхон далайн стратегийг албан ёсоор танилцуулжээ. Тэрээр хуулийн засаглал, хувь хүний эрх, эрх чөлөө, далай, тэнгист чөлөөтэй зорчих зэргийн ач холбогдлыг онцлов. Эдгээр нь Энэтхэг-Номхон далайн стратегийн цөм болсон үнэт зүйлс бөгөөд АНУ-ын зүгээс энэ бүс нутаг дахь холбоотон, түншүүдтэйгээ нийтлэг үнэт зүйлд тулгуурласан олон улсын дэг журмыг бэхжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Тус бүс нутаг нь АНУ-д стратегийн чухал ач холбогдолтой. 2019 онд 1.9 их наяд ам.долларын өртөг бүхий АНУ-ын бараа бүтээгдэхүүн энэ бүс нутгаар дамжин өнгөрсөн байна.[6] 2021 онд дэлхийн экспортын 42 хувь, импортын 38 хувь нь энэ бүс нутгаар дайран өнгөрнө хэмээн НҮБ-ын тайланд дурджээ.[7]
Энэхүү стратегийг АНУ-ын дахин тэнцвэржүүлэх бодлогын шууд үргэлжлэл хэмээн үзэж болно. Харин Энэтхэг-Номхон далайн стратегиар дамжуулан Энэтхэгт ач холбогдол өгч Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг хязгаарлах зорилго агуулж байна. Гэхдээ энэхүү стратеги дахин тэнцвэржүүлэх бодлогоос ялгаатай нь хэлбэрийн хувьд “Энэтхэг-Номхон далай” хэмээх нэрийг ашиглах болсон нь бүс нутаг дахь Энэтхэг зэрэг ардчилсан тогтолцоотой түншүүдэд ач холбогдол өгч буйгаа тодотгосон хэрэг юм.
Энэтхэг-Номхон далайн стратегийн тухай
АНУ-ын Төрийн Департаментын Дэд туслах нарийн бичгийн дарга Алекс Н.Воны үзснээр, “Энэтхэг-Номхон далайн стратеги нь ардчиллын үнэт зүйлсийн хүрээнд нийтээр харилцан тохирсон олон улсын эрх зүйн хэм хэмжээ, дүрэм журмыг баримтлан бүс нутгийн орнууд хэлхээ холбоогоо бэхжүүлэх явдлыг хэлнэ”. Иймд нийтлэг ардчилсан үнэт зүйлтэй АНУ, Австрали, Япон, Энэтхэг зэрэг орнуудад хамтран ажиллах өргөн боломжийг нээж байна. Уг стратегийн “чөлөөт”, “нээлттэй” гэх зарчим нь Трампын засаг захиргааны тухайд хэрхэн илэрхийлэгдэж байсныг дараах байдлаар тодорхойлсон байдаг”.[8]
Хүснэгт 1. Энэтхэг-Номхон далайн стратегийн зарчмууд
Энэхүү зарчим нь нийтлэг ардчилсан үнэт зүйлтэй АНУ, Австрали, Энэтхэг, Япон зэрэг орнууд хамтран ажиллах бололцоо нээж байна хэмээн дүгнэж буй.
Тус бүс нутаг нь АНУ-ын стратегийн тэргүүлэх чиглэл болсон. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр танилцуулсан АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратегид Энэтхэг-Номхон далай хэмээх ойлголтыг анх удаа хэрэглэсэн байна.[9] Ингэхдээ тус бүс нутгийг Ойрх Дорнод, Европоос өмнө хамгийн түрүүнд дурдсан нь анхаарал татаж байна.[10] Түүнчлэн, энэ стратегид “Хятад, Орос зэрэг ревизионист их гүрнүүд технологи, суртал ухуулга, хүч хэрэглэн Америкийн ашиг сонирхол, үнэт зүйлийн эсрэг дэлхий ертөнцийг бий болгохыг оролдож байна” хэмээн илэрхий дурдсан. Үүгээр дээрх хоёр улсыг АНУ-ын өрсөлдөгчид болохыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг стратегийн үзэл санааг тодорхой харуулж байна хэмээн үзэж болох юм.
Товчхондоо, Энэтхэг-Номхон далайн стратеги гэдгийг 1) бүх улс үндэстний бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэх; 2) маргааныг энхийн аргаар шийдвэрлэх; 3) нээлттэй хөрөнгө оруулалт, ил тод гэрээ хэлэлцээр, хэлхээ холбоонд тулгуурласан чөлөөт, шударга, харилцан ашигтай худалдаа; 4) далай тэнгис, агаарын орон зайд чөлөөтэй зорчих зэрэг олон улсын эрх зүйг баримтлахын төлөө ажиллах хэмээн зарласан билээ.[11] Энэ нь цаагуураа Хятадыг сөргүүлсэн стратеги болохыг илтгэж байна. АНУ тэргүүтэй Өрнөдийн улсууд Өмнөд Хятадын тэнгис зэрэг маргаантай газар нутгуудад олон улсын эрх зүйн зарчмууд, түүний дотор соёрхон баталсан атлаа “Далайн эрх зүйн конвенц”-ийг хэрэгжүүлэхэд хойрго хандаж, газар нутгийн маргааныг хоёр талын хүрээнд шийдвэрлэхийг зорьдог хэмээн Хятадыг буруутгадаг. Мөн Парсель болон Спрателийн арлуудад 27 цэргийн байгууламж байгуулан, Вүүдий аралд байлдааны нисэх онгоцууд, пуужингууд болон радарын систем байгуулан цэрэгжүүлж, маргаантай арлуудад бусад улс чөлөөтэй зорчих боломжийг хязгаарлаж байна хэмээн Бээжинг буруутгасаар байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Жэймс Маттис 2018 оны 6 дугаар сард Шангри-лагийн яриа хэлэлцээнд оролцож, үг хэлэхдээ Энэтхэг-Номхон далайн стратегийн үндсэн чиглэлүүдийг дараах байдлаар тодорхойлсон.[12] Үүнд:
Хүснэгт 2. Энэтхэг-Номхон далайн стратегийн үндсэн чиглэлүүд
Товч дүгнэвэл, Вашингтоны зүгээс тус сүлжээг Хятадын “Бүс ба зам” санаачилгыг сөрөх зорилгогүй хэмээн мэтгэж байгаа боловч ажиглагчид үүнийг бүс нутагт Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг хязгаарлах зорилготой[13] хэмээн тайлбарлаж байна. Учир нь энэ бүс нутагт БНХАУ нь “Бүс ба зам” санаачилгын хүрээнд дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, тэдгээрийг санхүүжүүлэх “Торгоны зам сан”, “Азийн дэд бүтэц, хөгжлийн банк” зэрэг санхүүгийн механизмыг бий болгосныг сөргүүлэн Энэтхэг-Номхон далайн стратегийн чиглэлүүдийг тодорхойлсноос үзвэл энэ бүс нутаг дахь Хятадын нөлөөг хумих гэсэн Америкийн геополитикийн ашиг сонирхлыг харуулж байна. Энэ нь их гүрнүүдийн хоорондох зөрчилдөөнийг улам ихээр хурцатгах үйлдэл болох магадлалтай байна.
QUAD буюу “Дөрвөн талт аюулгүй байдлын уулзалт”-ын тухай
Энэтхэг-Номхон далайн стратегийн цөм нь QUAD буюу “Дөрвөн талт аюулгүй байдлын уулзалт болж байна. Дөрвөн талт аюулгүй байдлын уулзалт буюу QUAD нь АНУ, Австрали, Энэтхэг, Япон гэсэн 4 улсын байгуулсан бүлэг юм. Тэдний хамтын ажиллагаа 2004 онд Энэтхэгийн далайд болсон цунамигийн дараа хүмүүнлэгийн тусламж хамтран үзүүлснээс эхтэй. Өнөөдөр энэ 4 улс хамтын ажиллагааны чиглэлээ аюулгүй байдал, эдийн засаг, эрүүл мэнд зэргээр илүү өргөн хүрээнд тодорхойлох болсон.
“Дөрвөл”-ийг Хятадын өсөлтийг тогтоон барих зорилготой “Азийн НАТО” хэмээн судлаачдын зарим нь нэрлэдэг.[14] Эдгээр улс нь бүс нутаг дахь Хятадын цэргийн аюулыг бодитой хэмээн харах болсон шалтгаанаа Өмнөд Ази, Өмнөд Хятадын тэнгис, Зүүн Хятадын тэнгис дэх Бээжингийн үйл ажиллагаагаар тайлбарладаг. Нөгөө талаар, Хятадын эдийн засаг, технологийн нөлөө эрчимтэй нэмэгдэж байна. БНХАУ дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд голлох үүрэг гүйцэтгээд зогсохгүй “Бүс ба зам” санаачилгаар дамжуулан дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч улс болоод байгаа юм. Энэ утгаараар, “Дөрвөн талт аюулгүй байдлын уулзалт”-ын гол зорилго нь Хятадын өсөлтийг хязгаарлах, дөрвөлийн бүрэлдэхүүнд багтсан орнууд, ялангуяа АНУ-ын ашиг сонирхолд нийцсэн олон улсын харилцааны дэг журмыг хадгалж үлдэхэд оршиж байна.
Дөрвөн талт аюулгүй байдлын уулзалтын анхны дээд хэмжээний уулзалт 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр виртуалиар болсон билээ. Тус уулзалтын үр дүнд гарсан хамтарсан мэдэгдэлд “бид чөлөөт, нээлттэй, багтаамжтэй, эрүүл, ардчиллын үнэт зүйлд тулгуурласан, дарамт шахалтаас ангид бүс нутгийг бий болгохын төлөө зорих болно” хэмээн дурдсан нь шууд бусаар Хятадын үйлдлийг заасан хэрэг байлаа.[15] Дээд хэмжээний уулзалтын хамгийн чухал үр дүн нь ковид-19-ийн вакцин үйлдвэрлэх, шинээр технологийн хамтын ажиллагааг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах чиглэлд хамтран ажиллах явдал байсан юм. Хэдийгээр дөрвөлийн анхны дээд хэмжээний уулзалт нь цэрэг, батлан хамгаалахын хамтын ажиллагааг онцлоогүй боловч энэ чиглэлийн хамтын ажиллагаа талуудын анхаарлын төвд байдаг. Тухайлбал, Энэтхэг-АНУ-Японы хамтран зохион байгуулж ирсэн “Малабар” цэргийн сургуульд Австрали өнгөрсөн онд нэгдсэн. Улмаар “дөрвөл”-ийн төр засгийн тэргүүн нар 2021 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр анх удаа биечлэн уулзсан билээ.
Дөрвөн улсын хамтын ажиллагаа нь хоёр талын харилцаагаа АНУ-Энэтхэг-Япон, Япон-Энэтхэг-Австрали, АНУ-Япон-Австрали гэх гурван талтын ажиллагаатай холбосон “шувууны үүр” хэлбэрт суурилж байгаа юм. Цаашлаад “дөрвөл”-ийн уулзалт хүрээгээ тэлж, Канад, Франц, Шинэ Зеланд, Их Британийг эгнээндээ элсүүлж болзошгүй юм. Франц улсын 2021 оны 4 дүгээр сард зохион байгуулсан “Le Pérouse” хэмээх цэргийн сургуульд АНУ, Энэтхэг, Австрали, Япон оролцсноор[16] дээрх таамаг батлагдсан. Өөрөөр хэлбэл, ойрын ирээдүйд “Quad Plus” хэмээх бүтэц үүсэх магадлал бий. Францын тухайд “дөрвөл”-ийг өргөтгөн 5 дахь гишүүн болохгүй байж болох ч “Quad Plus”-д нэгдэх сонирхолтой байж болох юм. Учир нь 2019 онд Парис өөрийн “Энэтхэг-Номхон далайн стратеги”-ийг тодорхойлсноор энэ бүс нутагт үүрэг оролцоогоо нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлээд байгаа билээ.
AUKUS буюу АНУ, Австрали, Их Британийн гэрээний тухай
Аюулгүй байдлын асуудал “дөрвөл”-ийн хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг боловч тус бүлгийг цэвэр аюулгүй байдлынх хэмээн тодорхойлох нь өрөөсгөл юм. Харин AUKUS буюу АНУ, Австрали, Их Британийн гэрээ нь “дөрвөл”-ийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг нөхөж өгч байгаа юм. Тодруулбал, АНУ, Австрали, Их Британийн гэрээний гол зорилго нь АНУ, Их Британи хамтран Австралид цөмийн шумбагч онгоц нийлүүлэх юм. Үүнээс үзэхэд, тус гэрээг аюулгүй байдлын шинж чанартай хэмээн нэрлэх бүрэн үндэстэй. Нөгөө талаар, АНУ нь Энэтхэг, Японтой аюулгүй байдлын чиглэлээр эвсэл холбоо байгуулах, цөмийн салбарт хамтран ажиллахад зарим хязгаарлалт тулгардаг бол үүнийг AUKUS нөхөх боломжтой. Шинэ Делигийн ашиг сонирхол нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хүчний тэнцвэрийг хадгалахад чиглэхийн зэрэгцээ Энэтхэг улс стратегийн бие даасан байдлаа хадгалах юм. Нөгөөтэйгүүр, Япон цөмийн зэвсгийн асуудалд эмзэг ханддаг учраас “дөрвөл”-ийн хүрээнд энэ асуудлыг ярихад хүндрэлтэй. Харин AUKUS байгуулагдснаар “дөрвөл”-д дутагдаж буй аюулгүй байдлын хамтын ажиллагаа идэвхжих боломжтой болно.
АНУ, Австрали, Их Британийн аюулгүй байдлын гэрээ нь Лондонг Энэтхэг-Номхон далайн бүс нутагт татан оруулж байна. Их Британи Брекситийн дараа энэ бүс нутагт ихээхэн анхаарч, Австрали, Япон, Шинэ Зеландтай чөлөөт худалдааны гэрээ зурж, улмаар “дахин тэнцвэржүүлэх” бодлогын эдийн засгийн санаачилга гэгдэж байсан “Номхон далай дамнасан иж бүрэн, дэвшилтэт хэлэлцээр” (CPTPP)-т нэгдэхийг эрмэлзэж байна. Хэдийгээр Их Британийн оролцоог хангаж чадсан ч Вашингтон энэ гэрээнийхээ талаар Парист 30 минутын өмнө мэдэгдснээс үүдэн НАТО-гийн чухал холбоотноо “гомдоогоод” байгаа. Энэ гэрээнээс үүдэн Франц Австралид цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц нийлүүлэх 56 тэрбум еврогийн хөтөлбөр нь цуцлагдсан учраас эдгээр улсаас элчин сайдуудаа татах хүртэл арга хэмжээ авсан билээ.
[1]IDSA “What does the term “Indo-Pacific” signifies, as distinct from Asia-Pacific?”https://idsa.in/askanexpert/termIndoPacificsignifies
[2]The Economic Times “US, India, Japan, Australia for ASEAN-led mechanism to promote rules-based order in Indo-Pacific”, Jun 1, 2019, https://economictimes.indiatimes.com/news/defence/us-india-japan-australia-for-asean-led-mechanism-to-promote-rules-based-order-in-indo-pacific/articleshow/69610387.cms?from=mdr
[3]Alyssa Ayres “The U.S. Indo-Pacific Strategy Needs More Indian Ocean” Council on Foreign Relations, Jan 22, 2019, https://www.cfr.org/expert-brief/us-indo-pacific-strategy-needs-more-indian-ocean
[4]Kai He and Li Mingjiang “Four reasons why the Indo-Pacific matters in 2020” https://blog.oup.com/2020/02/four-reasons-why-the-indo-pacific-matters-in-2020/
[5]Congressional Research Service, Pivot to the Pacific? The Obama Administration’s “Rebalancing” Toward Asia (March 28, 2012): 2
[6] The United State Department , “A free and open indo-pacific: Advancing a Shared Vision” (2019)
[7]ESCAP “Asia-Pacific trade and investment trends 2020/2021” https://www.unescap.org/resources/trade-goods-outlook-asia-and-pacific-20202021
[8]Le Hong Hiep “America’s Free and Open Indo-Pacific Strategy: A Vietnamese Perspective” ISEAS 2018 No.43 (Aug 7, 2018)
[9]Alyssa Ayres “The U.S. Indo-Pacific Strategy Needs More Indian Ocean” Council on Foreign Relations, Jan 22, 2019, https://www.cfr.org/expert-brief/us-indo-pacific-strategy-needs-more-indian-ocean
[10]The United States “National Security Strategy of the United States of America” (2017)
[11]The United State Department , “A free and open indo-pacific: Advancing a Shared Vision” (2019)
[12]Secretary Mattis, “Shangri-la Dialogue” (June 2, 2018) https://dod.defense.gov/News/Transcripts/Transcript-View/Article/1538599/remarks-by-secretary-mattis-at-plenary-session-of-the-2018-shangri-la-dialogue/
[13]Mercy A. Kuo “Blue Dot Network: The Belt and Road Alternative: Insights from Matthew P. Goodman”, The Diplomat, April 07, 2020 https://thediplomat.com/2020/04/blue-dot-network-the-belt-and-road-alternative/
[14] Sumitha Narayanan Kutty and Rajesh Basrur “The Quad: What It Is – And What It Is Not” (March 24, 2021)
[15]The White House “Quad Leaders’ Joint Statement: “The Spirit of the Quad”” (March 12, 2021) https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2021/03/12/quad-leaders-joint-statement-the-spirit-of-the-quad/
[16]Indian Ministry of Defense “Indian Navy Ships and Aircraft to participate in exercise La Perouse” (April 5, 2021) https://pib.gov.in/PressReleseDetailm.aspx?PRID=1709626
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Афганистаны үйл явдал ба тагнуулын алдааСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19