ШХАБ-ын талаарх их гүрнүүдийн байр суурь

2019-04-19

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/04/1200x674-3.jpg

ДЭЛХИЙ дахинаа АНУ дангаар ноёрхох болсон нэг туйлт тогтолцоо хүчний дахин хуваарилалтаар олон туйлт тогтолцоо (одоогоор ажиглагдаж буйгаар “АНУ ба түүний холбоотон”, “Орос+Хятад ба бус бусад хүч” гэсэн загвар)-нд шилжих болж, уг процессыг ОХУ, БНХАУ дангаар хийгээд өөрсдийн нөлөөний улс, бүс нутгийн байгууллагаар дамжуулан нөлөөллийн хүрээгээ тэлсээр байна.

Сүүлд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Энэтхэг, Пакистан нэгдсэн болон нэгдэх сонирхлыг Иран, Афганистан, Турк зэрэг улс илэрхийлж буй нь үүний нэг илрэл юм. ШХАБ-ын гишүүдийн тоо нэмэгдэн хамрах хүрээ, нөлөө нь өсөх хэрээр тухайн байгууллагын шинж төрх, үйл ажиллагааных нь чиглэлд гарч буй хувьсалд их гүрнүүд хэрхэн хандаж, дүгнэж байгаа талаар тоймлон хүргэхийг зорив.

ШХАБ ба Америкийн Нэгдсэн Улс

ШХАБ-ын зорилго, үйл ажиллагааны чиглэл хувьсан өөрчлөгдөх хэмжээгээр тус байгууллагад хандах АНУ-ын хандлага,  бодлого өөрчлөгдөж байна.

Анх 1996 онд ШХАБ-ын үндэс суурь тавигдсан (Шанхайн Тавын бүлэг) цагаас хойш 2005 оны Астанагийн дээд хэмжээний чуулга уулзалт хүртэлх хугацаанд АНУ тус нэгдлийг Төв Азийн бүс нутагт нөлөө бүхий олон талт механизм болж чадна гэж огт үздэггүй, гол хоёр гишүүн болох Орос, Хятад нь ашиг сонирхлын зөрчилтэй, харилцан итгэлцэл сул хийгээд тэдний бүс нутаг дахь өрсөлдөөн нь байгууллагын хөгжил, чадавхыг хязгаарлана гэж дүгнэдэг байв.

2001 оны 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагын дараагаар ШХАБ-ын Төв Азийн бүх гишүүн орнууд АНУ-ын терроризмтой тэмцэх ажиллагааг дэмжин тус улстай хоёр талын гэрээ байгуулахыг хүсэж, америкийн цэргийг өөрийн газар нутаг дээр байршуулахад бэлэн байжээ. Гэвч 2005 оны Кыргызстаны өнгөт хувьсгал(Революция тюльпанов)-ын  дараахан чуулсан Астанагийн уулзалтын үеэр ШХАБ-ын гишүүн орнууд АНУ-ыг Афганистанд явуулж буй терроризмын эсрэг ажиллагааных нь идэвхтэй үе дуусч буйтай холбогдуулан тус нэгдлийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрээс цэргийн баазаа гаргахыг шаардсан хамтарсан тунхгийг гаргасан. Түүгээр зогсохгүй Энэтхэг, Пакистан, Иран улсыг (Монгол Улсын дараагаар) ажиглагч орны статустай болгон газар зүйн хувьд идэвхтэй тэлсэн.

2006 оны Шанхайн уулзалтаар Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг урьсан нь АНУ-ын Төв Ази, Ойрх Дорнод дахь стратегийн ашиг сонирхлыг хөндсөн явдал болж, Москва, Бээжингийн зөрчил ШХАБ-ыг удаан, үр бүтээмж багатай болгоно гэж харж байсан Вашингтоныг ийнхүү байр сууриа өөрчлөхөд хүргэсэн аж.

ШХАБ болон АНУ-ын ашиг сонирхлын харьцуулалт

Эх сурвалж: Central Asia-Caucasus Institute. Silk Road Studies Program
http://silkroadstudies.org/

Өнөөдөр ШХАБ АНУ (НАТО)-ын хооронд стратегийн харилцан итгэлцэл алга. НАТО-ийн тэлэлт, худалдааны дайн, эдийн засгийн хориг нь АНУ-тай бүхэлдээ тэнцвэртэй харилцах хүсэлтэй байгаа ШХАБ-ын гишүүн орнуудын хувьд стратегийн яриа хэлэлцээ өрнүүлэх гол бэрхшээл нь болж байна.

ШХАБ ба Оросын Холбооны Улс

БҮС нутагт хүчний тэнцвэрийг хангахад ТУХН-ын орнуудын Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ОДКБ) л байхад хангалттай хэмээж байсан ОХУ нь 2006 оноос АНУ-тай харилцаа нь муудах тусам ШХАБ-д хандах хандлага нь өөрчлөгдөж байв. Ираны цөмийн асуудал, НАТО-ийн тэлэлт, Орос, Украины хоорондох байгалийн хийн асуудлаарх маргаан, эдгээртэй залгуулан тус улсын стратегийн нөлөөний бүсэд өнгөт хувьсгалууд ээлж дараалан гарах болсон зэргээс үүдэн ШХАБ-д оруулах хувь нэмэр, нөлөөгөө нэмэгдүүлэхэд хүрсэн.

2014 оны Украины хямралын дараагаас АНУ, Европын орнуудын эдийн засгийн хоригт байгаа ОХУ анхаарлаа Ази тивд хандуулах болов. Москва  ШХАБ-ын үйл ажиллагааны хэтийн зорилго Евразийн хэмжээний бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэгдэж, тухайн орон зайд бараа, үйлчилгээ, капитал чөлөөтэй урсгал бий болсноор Европ, Ази тивийн эдийн засаг ойртоно хэмээн төсөөлж, тус улсын толгойлсон ЕАЭЗХ болоод Хятадын “Бүс, зам”-ын дагуух коридорын санаачилгатай тус нэгдлийн зорилт уялдана гэж харж байна.

Оросын стратегийн нөлөөний бүсэд өнгөт хувьсгалууд ээлж дараалан гарах болсон тул ШХАБ-д оруулах хувь нэмэр, нөлөөгөө нэмэгдүүлэхэд хүрсэн.

Гэвч Төв Азийн чиглэлд Хятадын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бүтээн босголтын түрэлтээр хуучин ЗХУ-ын нөлөөний болоод бүрэлдэхүүнд байсан улсууд хятадын геостратегийн нөлөөнд автах болж, Москвагийн сэтгэлийг түгшээх болов. Үүнтэй улбаатай ОХУ нь аман дээрээ Хятадын “Бүс, зам”-ын санаачилгыг ЕАЭЗХ, ШХАБ-ын үйл ажиллагаатай уялдуулах нь зүйтэй гэж байгаа ч бодит хэрэгтээ уг санаачилгын хэрэгжилтийг аль болох хойш нь татаж байна хэмээн зарим судлаачид дүгнэж байна. Хамгийн сүүлд буюу энэ 4 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Ли Хуэй Хятад, Евразийн эдийн засгийн холбооны хооронд худалдааны чөлөөт бүсийг гэрээг аль болох түргэн байгуулах шаардлагатай байгааг чухалчлав. Тэрээр  “… Чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээрийг урагшлуулан, нэг нэгнийхээ зах зээлд нэвтрэх үйл явцыг тогтмол нэмэгдүүлэх хэрэгтэй. Дэлхийн хөгжлийн суурь нь чөлөөт худалдааны салбар дахь түншлэл, бүс нутгийн хамтын ажиллагааны түвшингээ нэмэгдүүлэх явдал тус уг чиг хандлагыг харгалзан хэлэлцээрээ удаахгүй баймаар байна. Аль болох түргэн гэрээ байгуулж, хамтын ажиллагааны түвшингээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна …” гэж онцолсон нь судлаачдын дээрх дүгнэлттэй холбоотой байж болох талтай.

ШХАБ ба Бүгд Найрамдах Хятад Ард Улс

ТӨВ Ази дахь Хятадын уламжлалт болон түүхэн нөлөөл нь оросынхоос бага ч ШХАБ-ын тухайн бүс нутгийн гишүүн орнууд нь БНХАУ-ын хувьд “стратегийн ар” нь юм. ОХУ-тай хамтран Төв Азийн орнуудыг ШХАБ-аар “занигдах” нь “муу ёрын гурван хүчин”-тэй тэмцэх, АНУ-ын нөлөөг хязгаарлах зэрэг бүс нутгийн тогтвортой байдалд хийгээд эрчим хүчний аюулгүй байдлаа хангах хөшүүрэг, Европын зах зээлд хүртэл өрнөд зүгт нөлөөллөө тэлэх “Бүс, зам”-ын коридорын санаачилгыг гүйцэлдүүлэх чухал ач холбогдолтойн дээр БНХАУ-ын төсөөлдөг олон туйлт ертөнцийн гол хэсэг нь болдог. Тиймээс ч Евразийн бүс нутагт зорилгоо хэрэгжүүлэх олон талт хамтын ажиллагааны хамгийн чухал механизмын хувьд ШХАБ-ын нэр хүндийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь үр ашигтай болгох чиглэлд ихээхэн чармайлт гаргаж иржээ.

Төв Ази дахь  ШХАБ-ын гишүүн орнууд бол Хятадын хувьд стратегийн ар”, АНУ-ын нөлөөг хязгаарлах хөшүүрэг юм.

ОХУ нь ШХАБ-ыг АНУ болон түүний холбоотнууд (НАТО)- ын эсрэг бүс нутгийг тэнцвэржүүлэх аюулгүй байдал голлосон байгууллага болгохыг илүүтэй зорьж байх талтай бол бусад бүх гишүүд нь, ялангуяа БНХАУ нь тус байгууллагыг эдийн засгийн агуулгаар баяжуулах хүсэл зорилт нь давамгайлдаг.

ШХАБ ба Бүгд Найрамдах Энэтхэг Улс

АНУ, Япон хоёр Энэтхэгийг БНХАУ-ыг тэнцвэржүүлэх бүс нутгийн гол хүч хэмээн үздэг бөгөөд өөрсдийн дэвшүүлээд буй “Энэтхэг, Номхон далайн стратеги”-д Шинэ Делиг оролцуулах сонирхолтой байдаг. Бээжин түүнээс нь ихээхэн болгоомжилдог. АНУ-тай олон талаар зөрчилдөх хандлагатай байгаа энэ үедээ Хятад нь ШХАБ-ын шинэ гишүүн Энэтхэгтэй хамтрагч ба өрсөлдөгчийн тэнцвэрийг олж, тогоон дотроо асуудлыг дэврээхгүй ярилцах шаардлагатай болж байна.

АНУ, Япон  хоёр нь Энэтхэгийг БНХАУ-ыг тэнцвэржүүлэх бүс нутгийн гол хүч хэмээн үздэг бөгөөд ЭнэтхэгНомхон далайн стратегидаа татан  оролцуулах сонирхолтой.

ШХАБ-ын дүр төрхийг өөрчлөх нөлөө бүхий том гишүүд дотроос одоогоор Орос, Хятадын түншлэл Хятад, Энэтхэгийн хамтын ажиллагаанаас илүү, нягт явж байгаа бол цаашид нөхцөл байдал эсрэгээрээ өөрчлөгдөж болох төлөвийг судлаачид үгүйсгэхгүй байна. Дэлхийн хамгийн их хүн амтай, том зах зээлүүдтэй БНХАУ, Энэтхэг улсын хамтын ажиллагааны чадавх асар их тул өнөөдрийн хилийн зурвасын маргааныг давж гаран том ашиг сонирхолдоо хөтлөгдөх нөхцөл бүрдэхийг үгүйсгэхийн аргагүй юм.  

Дүгнэлт

ОХУ, БНХАУ-ын оролцоо, нөлөө өндөртэй олон улс, бүс нутгийн байгууллагууд хүчирхэгжиж буйн нэг тод илрэл нь ШХАБ гишүүдийнх нь тоо нэмэгдэн үйл ажиллагааных нь цар хүрээ тэлж, тэр хэмжээгээр шинж төрх нь хувьсаж буй явдал юм.

Аюулгүй байдлаа нүүрлээд буй бодит эрсдэл, аюул заналаас хамгаалан баталгаажуулах, хүчээ авч буй ОХУ, БНХАУ гүрэнтэй эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн ЕАЭЗХ, Торгоны “Бүс, зам”-ын коридор зэрэг бүс нутгийн бүтээн байгуулалт, төсөл санаачилгад нэгдэх сонирхолтой улс орнууд ШХАБ-ыг сонирхох болж, зарим нь гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлээд байгаа.

Хүч нөлөө нь аажмаар суларч буй АНУ Орос, Хятадыг стратегийн гол өрсөлдөгчөөр ил тодоор зарлан цэрэг-улс төр, худалдаа-эдийн засаг, техник технологи, суртал ухуулга-мэдээллийн зэрэг олон талаар шахалт үзүүлэн  хүчтэй зөрчилдөж, үүндээ ШХАБ-ын шинэхэн гишүүн орнуудыг татан оролцуулахыг зорьж байх талтай.

ОХУ, БНХАУ нь бүс нутгийн гол тоглогчид болох ШХАБ-ын шинэ гишүүд болох Энэтхэг, Пакистан улстай Евразид тогтвортой байдал, хөгжлийн талаар хэрхэн ойлголцолд хүрч, тус тусын зорилгоо нийтлэг ашиг сонирхол хэрхэн гүйцэлдүүлэхээс ШХАБ-ын ирээдүй ихээхэн хамаарах төлөвтэй байна.  


Ангилал: Долоо хоногийн тойм