АЛИВ хувьсгалт өөрчлөлтүүд нэг тогтцыг нурааж нөгөөг бий болгохдоо зөрчил тэмцэл, дуулиан шуугиантай огцом явагддаг. Энэ нь хувьсгалыг хувьслын үйл явцаас ялгаж байдаг. Хувьсал аажим, алгуур, урт хугацаанд явагдаж байдаг. Харин өнөөгийн эрс өөрчлөлтийг авчирч буй хувьсгал аниргүй явагдаж байна уу?
Даяаршлын тогтоц эвдэгдэн дангааршин дахин хуваарилалтын хувьсгал мөргөлдөөнгүй, аниргүй явагдаж байна. Нэгэн зууныг дамнан тогтсон газрын тос, байгалийн хийн геостратегийн тогтоц “занарын хувьсгалаар” аниргүй нурж, шинэ тогтцоор солигдож байна. Дэлхийн санхүүгийн салбарт “алтны хувьсгал” аниргүй явагдаж, дөчин жилийн дараа “алт хаан ширээнд” эргэн ирлээ.
Жижиг боловч жиг жишээ нь Украин. Өнгөт хувьсгал, Майданаар доргиж байсан улсад аниргүй хувьсгал хийгдлээ гэж бичиж байна. Энд хоёр хувьсгал аниргүй явагдсан уу? Нэг нь сүүлийн гучин жил тогтсон авлигажсан улс төрийн байгууламжийг нураахаар шинэ хүн ард түмнээс гарч ирлээ. Хоёр дахь аниргүй хувьсгал нь “өнгөгүй, майдангүй” сонгуулийн шинэ технологи.
Нэг талаас хэний ч таамаглаж байгаагүй, гарах магадлал багатай, “хар хун” мэт залуу гэнэт ерөнхийлөгч болсон нь “зүүд мэт үлгэр”. Нөгөө талаас олон жилийн турш бэлдсэн, санхүүжүүлсэн шинэ технологи. Геополитикийн чухал ач холбогдолтой энэ улсад гадаад талаас ч, дотоодын олигархуудын зүгээс ч нөлөөлсөн, санамсаргүй бус, аниргүй хийгдсэн хувьсгалын үр дүн мөн үү?
ХОЙД Африк, Ойрх Дорнодын улс орнуудыг доргиосон өнгөт хувьсгалын давлагаа Украинаас эхлэлтэй. 2005 оноос өрнөсөн “улбар шар” хувьсгал, 2013 онд Майдан гэдэг үг хувьсгалт тэмцлийн тэмдэг үг болж төр, засгаа эсэргүүцсэн иргэдийн жагсаал, цуглаан иргэний дайн, хуваагдлын ирмэгт хүргэлээ. Улс төрийн байгууламжийн нэг төлөөлөл нь нөгөөгөөр солигдож, авилга, албан тушаалтны зоргоор аашлах нь ард иргэдийг бухимдуулсан хэвээр байна1.
Харин энэ удаад Украины улс төрийн гучин жил тогтсон байгууламжийг сууриар нь өөрчлөх хоёр хувьсгал өнгөгүй, майдангүй, аниргүй явагдлаа гэж судлаач, ажиглагчид бичиж байна2. Гэхдээ энэ бол хувьсал уу хувьсгал уу? Эсхүл аль нь биш, юу ч өөрчлөгдөхгүй юу? Улс төрийн тогтцын аль нэг төлөөлөл гарч ирж өөрчлөн байгуулалт, реформ хийх бол хувьсал байх байлаа. Гэтэл системийн бус “ардын албат” цоо шинэ хүн ард түмнээс гарч ирж шинэ системийг бий болгоно гэж амлаж байна. Харин энэ нь хувьсгал бол зорилгодоо хүрэх үү гэдэг нь эргэлзээтэй. Түүнд сонгуулийн амлалтаа биелүүлэхэд хүндрэлтэй байх болно. Түүнд эрх мэдэл, хөрөнгө, туршлага, хүний нөөц дутна3.
В.Зеленскийн хийх ажлын төлөвлөгөөний гол чиглэлийн талаар одоогоор тодорхой бус боловч тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хадгалах, бататгах, үндэсний ижилсэл-эв нэгдэл, эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн зөвшилцлийг хангах гэсэн асуудлууд тулгамдаад байгаа4. Харин эхний ээлжид хийх ажлын чиглэлийн талаар түүний зөвлөхөөр ажиллаж буй Александр Данилюк дараах таван зүйлсийг дурдсан байна:
1.Сонгуулийн багц хуулийг 2019 оны намар болох парламентын сонгуулиас өмнө өөрчлөх. Түүнд өөрчлөн байгуулалт хийхэд эрх мэдэл, парламентын олонхын дэмжлэг хэрэгтэй.
2.Шүүхийн системийн шинэтгэл. Түүний төлөвлөж буйгаар шинэтгэлийг Дээд шүүхээс, Давж заалдах шүүхийг хүртэл бүх шатанд хийнэ.
3.Авлигатай тэмцэх тогтцыг өөрчилж, Авилгын эсрэг үндэсний хорооны үйл ажиллагаанд Авлигын эсрэг тусгай хяналтын прокурорын алба саад болж байгааг өөрчилнө гэж сонгуулийн сурталчилгаанд мэдэгдэж байсан.
4.Хүчний байгууллагуудын тогтцод өөрчлөлт хийх. Үүнд хувьсгалын гол анхаарлыг төвлөрүүлэх. Хуучин тогтоц, арга барилыг хүмүүстэй нь хамт өөрчлөх.
5. Санхүүгийн мөрдөх албыг Сангийн яамны мэдэлд бий болгох. Ингэснээр бизнесийн байгууллагуудад дарамт учруулдаг өнөөгийн тогтцыг хална.
Түүний амласан шүүх, хүчний байгууллагуудын шинэтгэлийг хийх эрх мэдэл дутагдах тул олон нийтийн анхаарлын төвд хэвээр байх үүднээс авилгын томоохон хэргүүдийг үүсгэх, НАТО-д элсэх асуудлаар санал хураалт явуулах, сонгуулийн сурталчилгааны үеэр нэг их хөндөөгүй Европын холбоонд нэгдэх, ОХУ-той харилцах, Донбасст үүссэн мөргөлдөөнийг зохицуулах, Украин болон орос хэл, шашин шүтлэгийн асуудлуудыг хэлэлцүүлэх магад.
“Украины улс төрийн гучин жил тогтсон байгууламжийг сууриар нь өөрчлөх хоёр хувьсгал өнгөгүй, майдангүй, аниргүй явагдлаа гэж судлаач, ажиглагчид бичиж байна.”
Тус орны хувьд дээрх асуудлууд нь Украины ард иргэдийн дунд санал зөрөлдөөн үүсгэсэн, олон жил улс төрчдийн мэтгэлцээний сэдэв байсан боловч В.Зеленский сонгогчдын аль аль талын саналыг татахын тулд туйлшралгүй, дээрх сэдвүүдийг хөндөхгүй, байр суурь илэрхийлэлгүй тойрч байсан бол одоо тодорхой байр сууриас шийдвэр гаргах шаардлагатай болж байна. Гэвч НАТО-д элсэх, Европын холбоонд нэгдэх нь ОХУ-тай харилцаагаа улам хурцатгах, Донбасс, Керчийн хоолой, Хар тэнгист зэвсэгт мөргөлдөөн даамжрах, байгалийн хий, худалдааны хоригт орж эдийн засгийн хямралд өртөх эрсдэлтэй тул асуудлыг нэг талд гаргаж шийдвэрлэх боломж хомс. Сонгуулийн дүн гарахаас өмнөхөн Украинаас аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүн худалдаж авах, тус улсад экспортлохыг хориглосон шийдвэр ОХУ-ын Засгийн газар гаргасан. Мөн Донецк, Луганскийн оршин суугчдад ОХУ-ын иргэншил, паспортыг хялбарчилсан журмаар олгох шийдвэрийг В.Путины зарлиг гарсан. Түүнийг шинээр сонгогдсон В.Зеленский эрс эсэргүүцэж, ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээг улам чангатгахыг уриалсан5.
Европ, ОХУ, Ойрх Дорнод, Кавказ, Дундад Азийн тэг дунд оршиж байгалийн хий, газрын тос, төмөр зам, усан тээврийн зангилаа, ислам, католик болон үнэн алдартны шашны иргэншлийн зааг дээр орших, ашигт малтмал, түүний дотор нүүрс, төмөрлөг занарын үлэмж нөөцтэй геополитикийн чухал байршилтай улсын ерөнхийлөгч болно гэдэг амаргүй. Боллоо гэхэд үргэлж ОХУ, Европ “хоёр сандлын” дунд суух, эсхүл нэг талд нь шийдвэр гаргахад амаргүй. Харин ерөнхийлөгчийн албаа алдахад амархан гэдгийг 2013 онд өрнөсөн евро майданы хувьсгал харуулсан.
Тус хувьсгалд нөлөөлсөн улс төр, эдийн засгийн олон шалтгаан байсан боловч түлхэц болсон нэг хүчин зүйл нь Украиныг байгалийн хийн Европын төв болгох эрмэлзэл байв. Тус улс байгалийн хийгүй боловч нүүрсний давхаргын метан хий, занарын ихээхэн нөөцтэй. Тэрний ихээхэн хэсэг нь Донбассын нүүрсний ай савд, Донецк, Луганск мужид оршдог. 2010 оноос занарыг газар доор боловсруулж, их хэмжээний занарын хий үйлдвэрлэх, улмаар тус хийг одоо байгаа хоолойгоор Европт гаргах, шингэрүүлсэн хий болгож Одесс, Мариупольд тусгай терминал барьж далайн тээврээр экспортлох6 асуудлууд гадаад, дотоодын олон эрх ашгийг хөндсөн гэж үздэг.
Донбассын асуудлыг шийдвэрлэх талаар ч өөрт нь дорвитой алхам хийх боломж бага байгаа. Сонгуулийн үеэр Минскийн хэлэлцээрийн механизмыг баримтална, гэхдээ тус механизмд АНУ болон бусад улсын оролцоог хангана гэсэн бол Донбассын зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох талаар дорвитой зүйлийг хэлээгүй, тэндэхийн ард иргэдийн санаа сэтгэлийг татах ажлыг үзэл суртлын нөлөөллийн ажиллагааг орчин үеийн технологиор хийх, олзлогдсон цэргүүдээ эргүүлэн авах гэх мэт зүйлсийг хэлсэн. Шашин, үндэстэн, угсаатан, украин, орос хэлний асуудлаар ч түүнд аль нэг талыг баримтлах, хэт үндсэрхэх үзэлтнүүдийг дэмжээд байх боломжгүй юм.
“Украины сонгуулиар тухайн нийгэм, ард түмний үнэт зүйлс, хүсэл эрмэлзэл, үндэсний эв нэгдэл, үндэсний адилсал, хэв шинжийг бүрдүүлэгч суурь болсон нийгмийн системд орчин үеийн мэдээллийн хэрэгслээр нөлөөлж чиглэл зорилготойгоор удирдах аниргүй, өнгөгүй, майдангүй хувьсгалын (нийгмийн матрицын) шинэ технологийг өргөнөөр ашигласан.”
Украин улсын ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалаа хянах, томилох, огцруулах эрх мэдлийг нь Үндсэн хуульд 2004 онд орсон өөрчлөлтөөр хязгаарласан тул улс орны эдийн засаг, нийгмийн асуудлыг шууд удирдах боломжгүй юм. Засгийн газрыг Дээд Рада буюу парламентаас томилдог тул түүнд өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх кабинетыг томилох, төсөв хөрөнгө батлуулах олонхын дэмжлэг дутна. Түүний “Ардын албат” нам парламентын суудалгүй, бүлэг ч байхгүй бөгөөд их эвслээс бүрдсэн олонх түүнийг өөрийг нь огцруулах асуудлыг тавих боломжтой.
Ийнхүү ард иргэдийн өмнө сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх эрх мэдэл нь дутагдаж ард иргэдийн хүлээлт биелэгдэхгүйд хүрч 2019 оны 11 дүгээр сард болох парламентын сонгуулиар түүний нам парламентад суудал авч чадахгүйд хүрнэ.
Түүний эрх мэдлийг цаашид хязгаарлах үүднээс Украиныг парламентын засаглалтай болгох эрмэлзэл, санаачилга идэвхжиж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг (300) олонх одоо ч бүрдүүлэх боломжтой байна.
Ийнхүү Украины өнөөгийн бодит эрх мэдэл Дээд Рада, түүний олонхыг толгойлж буй Засгийн газрын тэргүүн ерөнхий сайд Гройсман, түүний цаана байгаа П.Порошенкогийн гарт байна.
Үндсэн хуулийн дагуу В.Зеленский Дээд Рада-г тарааж шинэ сонгуулийг зарлаж болох боловч цаг хугацааны хувьд 5 дугаар сарын 17-оос өмнө амжихгүй. Учир нь ээлжит сонгуулиас 6 сарын өмнө парламентыг тарааж болох ч түүний тангараг өргөх хугацаа нь 6 дугаар сарын эхээр товлогдсон.
В.Зеленскийд ийм хүнд нөхцөлд өнөөгийн парламентын нам эвсэл дотроос өөрийг нь дэмжих гишүүдийг татах, тэдэнтэй хамтарч ажиллах амаргүй боловч бодит байж болох зам бий.
Хоёр дахь хувьсгал нь ”өнгөгүй, майдангүй, аниргүй” сонгуулийн шинэ технологи. Энэ бол олон жилийн турш бэлдсэн, санхүүжүүлсэн шинэ технологи, сонгуулийн бэлтгэл, сурталчилгааны сонгомол арга барилаас давуу болохыг В.Зеленскийн эхний болон хоёр дахь шатанд авсан саналын (70:25 хувь) зөрүү харуулж байна.
Шинэ технологийн гол арга зүй нь “матрицын технологи”. Нийгмийн матриц гэдэг нь тухайн нийгэм, ард түмний үнэт зүйлс, хүсэл эрмэлзэл, үндэсний эв нэгдэл, үндэсний адилсал, хэв шинжийг бүрдүүлэгч суурь. Нийгмийн системийн матрицад орчин үеийн мэдээллийн хэрэгслээр нөлөөлж чиглэл зорилготойгоор удирдах технологи. Энэ нь өнгөт хувьсгалын технологийн шинэ хувилбар, аниргүй, өнгөгүй, майдангүй. Таван жилийн турш бэлтгэн явуулж, гурван сарын хугацаанд зорилгодоо хүрлээ. Гучин жилийн турш Украины улс төрийн тогтцыг бүрдүүлэгч бүх нам, эвслийг “Ардын албат” хэмээх жижиг нам, түүний төлөөлөл илт давуу яллаа. Украинд хувьсгалын сонгомол нөхцөл бүрэлдэн “доодууд хуучнаараа амьдрах аргагүй, дээдүүд хуучнаараа засаглаж чадахгүй”, “хэнийг сонгоод юм өөрчлөгдөхгүй нь” гэх болсон байлаа ч ард иргэдийн эрэлтэд нийцсэн нийлүүлэлт, хүсэн хүлээсэн хүн энэ мөн гэдэгт матрицын технологи итгүүлж чадлаа.
Зохиомж нь энгийн, орчин үеийн “үлгэр” мэт. Гэнэт ерөнхийлөгч болсон түүхийн залуу багшийн дүрийг В.Зеленский нийт украинчуудын анхаарлын төвд орсон “Ардын албат” олон ангит кинонд тоглож бүтээсэн. Энэ кино 2015, 2017, 2019 онд гурван цувралаар гарсан, 51 анги бүхий улс төрийн сэдэвтэй элэглэл. “Дараачийн ерөнхийлөгчийн түүх” хэмээх логотой энэ кинонд иргэдийн дундаас нийгмийн сүлжээгээр дэмжлэг авч, “крауд фандинг”-аар олон нийтээс сонгуулийн зардлаа босгосон багш залуу хэрхэн ерөнхийлөгч болж, “ардын албат” мэт зүтгэж, эрс шинэчлэлийг хэрхэн хийж, хэрхэн авлигатай тэмцэж болох, улмаар огцорч улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, алдаж, онож, дахин ерөнхийлөгч болсон тухай өгүүлдэг нь Украины ард түмний бухимдал, хүлээлтэд хариулт болж тус нийгмийн суурь, “матрицыг” хөндсөж, улмаар сонгуулийн мөрийн хөтөлбөр болсон.
Украинд хувьсгалын сонгомол нөхцөл бүрэлдэн “доодууд хуучнаараа амьдрах аргагүй, дээдүүд хуучнаараа засаглаж чадахгүй”, “хэнийг сонгоод юм өөрчлөгдөхгүй нь” гэх болсон байлаа ч ард иргэдийн эрэлтэд нийцсэн нийлүүлэлт, хүсэн хүлээсэн хүн энэ мөн гэдэгт матрицын технологи итгүүлж чадлаа.
Тус киноны 3-р хэсэг нь 2019 оны 3 дугаар сарын 27-нд сонгуулийн ид сурталчилгааны үеэр гарч 2049 он гэхэд Украин улс хөгжингүй, хүчирхэг, нэгдмэл болохын тулд өнөөгийн сонголт чухал ач холбогдолтой гэсэн санааг илэрхийлсэн, мөн “Олимпийский хүрээлэнд 4 дүгээр сарын 19-нд болсон халз мэтгэлцээн шинэ хэлбэрээр болж үүнийг ч бас шинэ хувьсгалт технологийн нэг илрэл байлаа хэмээн бичиж байна.
Түүнийг ард иргэдийн ихэнх, сонгуульд санал өгөгчдийн 73 хувь дэмжсэн нь түүхэн амжилт боловч геополитикийн чухал ач холбогдолтой энэ улсад гадаад талаас ч, дотоодын олигархуудын зүгээс ч нөлөөлсөн, санамсаргүй бус, эртнээс чиглэл зорилготой бэлтгэгдсэн хувьсгал, эргэлт байсан уу? “Ардын албат” кино телевизийн “1+1” сувгаар гарсан, ерөнхийлөгчид өрсөлдөхөө тус сувгаар 2019 оны босгон дээр зарласан нь сувгийг эзэмшигч тэрбумтан И.Коломойскийтой холбон дээрх эргэлзээг хэвлэл, мэдээллийнхэн хэлж байгаа. И.Коломойский П.Порошенкотой түнжин хагарсан, Украинаас гарч Израиль амьдарч буй. Түүний эзэмшлийн Приват банкийг нийгэмчлэх зэрэг олон асуудлуудыг П.Порошенкогийн үед үүсгэсэн. Энэ утгаар нь И.Коломойскийг болон бусад олигархууд В.Зеленскийг дэмжиж, санхүүжүүлсэн тул энэ ялалт ард түмний, “ардын албатынх” бус нэг олигархын нөгөөгийн эсрэг явуулсан тэмцлийн үр дүн гэж байна. Хэрэв тийм бол энэ бол хувьсгал гэж хэлэхэд эргэлзээтэй. Хувьсгал бол “эрүүл ардчилал”, түүний давлагаа В.Зеленскийн хэлснээр болон The Guardian сонины бичиж байгаа шиг бусад орнуудад түгэх7 үү?
Ашигласан материал:
1. Deutschewelle: Die unvollendete Revolution in der Ukraine.
2. Wiener Tageszeitung: After the Orange Revolution and Euromaidan, the revolution now took place in the voice box.
3. Exit poll shows actor Volodymyr Zelenskiy sweeping to victory in Ukrainian presidential election
4. Zelenskiy’s Landslide in Ukraine: What Does It Mean?
5. Selenskyj will Sanktionen gegen Russland verschärfen
6. Ukraine opens shale gas reserves to exploration
7. Zelenskiy’s election proves Ukraine is a healthy democracy. Putin hates thath
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
ШХАБ-ын талаарх их гүрнүүдийн байр суурьДараах нийтлэл
FAKE NEWS – Нийгмийн сэтгэл зүйгээр тоглох манипуляциСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19