Хятадын геостратеги, тэнгисийн орон зайн төлөөх өрсөлдөөн

2019-04-18

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/04/1200x674.png

ОЛОН улсын харилцааны хүндийн жин Азид, Евразид шилжих тусам Хятад-АНУ-ын харилцаа нь хүйтэн дайны үеийн Зөвлөлт-Америкийн харилцааг орлох төдийгүй хэтдээ олон улсын харилцааны хоёр туйл болох хувилбарыг судлаачид үгүйсгэхгүй байна. 1980-аад оны дунд үеэр ЗХУ-тай харилцаагаа тогтвортой хадгалснаар Хятад улс “умардын аюул занал”-ыг мартаж, дотоод асуудалдаа бүхий л анхаарлаа хандуулахад хүргэсэн бөгөөд үүндээ ч амжилтад хүрсэн. Улмаар дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч орнуудын тоонд багтаж, зэвсэгт хүчнээ идэвхтэй шинэчилж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт нөлөөгөө тэлэх бодлого явуулах болсон нь Хятадтай өрсөлдөж байгаа бусад улсуудын санаа зовох асуудал болоод байна. Дээрх бүс нутагт дэлхийн хүн амын 40% амьдарч, дэлхийн ДНБ-ий 60%-ийг үйлдвэрлэдэг. Нөгөө талаас АНУ болон Хятадын өрсөлдөгч орнуудын баримталж байгаа Хятадыг “тогтоон барих” цэрэг-улс төрийн стратеги нь Хятад улсын өөрийнх нь санаа зовних асуудал болж байна. Саяхан Японы F-35 сөнөөгч онгоц далайд унасан нь олон улсын анхаарлын төвд байлаа. Учир нь уг сөнөөгч онгоц нь Америкийн техникийн сүүлийн үеийн ололтыг тусгасан бөгөөд Хятадын алсын зайн бөмбөгдөгч тээвэрлэгч “Ляонин” хөлөг онгоцонд 290 км-ын зайнаас пуужингийн цохилт өгөх чадвартай, Хятадын нисэх хүчний гол цөм болох J-15 онгоцыг мэдэрч амжаагүй байхад нь түрүүлж илрүүлээд цохилт өгөх чадвартай хэмээн үнэлэгддэг. Энэ явдал нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь их гүрнүүдийн өрсөлдөөн гүнзгийрч байгаагийн илрэл болов.

Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Хятадын сонирхол

“ХЭН эргийн газар орныг захирна, тэр цаашлаад Еврази, дэлхийд тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ” гэсэн номлолын дагуу Хятад нь Номхон далай болон Энэтхэгийн далайн орон зайд  өөрийн байр суурийг бэхжүүлэх стратегид төвлөрчээ. БНХАУ нь хэд хэдэн бүс нутгийг холбох глобал болон геополитикийн  үлэмж үр дагавар бүхий “Торгоны шинэ зам”, “Тэнгисийн торгоны зам” дэд бүтцийн аварга том төслүүдийг дэвшүүлсэн нь АНУ-ын тэргүүлсэн Номхон далай болон Атлантын далай  дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлтэй өрсөлдөж, Евразийн санаачилгыг Оросоос Хятадад шилжүүлэх гэсэн геополитикийн эхлэл бололтой. Төслүүд амжилттай хэрэгжвэл  дэлхийн улс төрийн хүчний тэнцвэр цоо шинээр дахин тогтож “Бүс, зам” төслийг дагасан улс орнууд хэтдээ Хятад давамгайлсан, магадгүй ШХАБ-д суурилсан интеграцад нэгдэх хөшүүрэг болохыг үгүйсгэхгүй. БНХАУ-ын гадаад бодлогын үүднээс төсөл нь хөрш орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх, бусад их гүрнүүдтэй харилцан ойлголцсоноор АНУ-ын бүс нутаг дахь оролцоог хязгаарлах хоёр зорилгыг агуулсан гэж үзэж болно.

Улс төр, цэргийн бодлогын үүднээс авч үзвэл Хятад улс стратегийн зорилгодоо хүрчээ. Олон улсын терроризмын болзошгүй хүчин зүйл ямар ч улсад адилхан бодит аюул занал болохыг эс тоовол Евразийн зүгээс Хятадад заналхийлэх аюул алга гэж хэлж болно. Харин Номхон далай дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин Хятадын аюулгүй байдалд учруулж буй бодит сорилт гэж үздэг. БНХАУ-ын эдийн засаг далайн худалдаанаас тодорхой хэмжээнд хамааралтай, нөгөөтэйгүүр харилцаа хурцадсан тохиолдолд АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин Хятадын боомтуудын үйл ажиллагаанд саад учруулах магадлал “онолын хувьд” байгаа. АНУ-ын “Энэтхэг-Номхон далайн стратеги” баримт бичиг ч Хятадыг “тогтоон барих” зорилтоо илэрхий тусгасан байдаг. Иймд Хятадын стратегийн зорилт нь АНУ-ын стратегийн давшилтын зэвсэглэлийг хориглох зориулалт бүхий пуужингийн довтолгооноос хамгаалах системийг бэхжүүлж, ерөөс АНУ-г тодорхой хэмжээний зайнд буюу Номхон далайн төв хэсэгт (Хятадын судлаачид “дундаж меридиан” буюу 180-р уртрагаар хариуцлагын бүсээ хуваах саналыг аль 2010 оноос эхлэн Америкийн талд санал болгосоор ирсэн байдаг) тогтоон барихыг хэтийн  зорилтоо болгодог. Улмаар тэнгисийн тагнуулын сансрын хяналтын системийг хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд энэ технологи дээр өнөөдөр ажиллаж байгааг ч америкийн цэргийн шинжээчид нотолж байна.

“Хятадын стратегичид 2050 он гэхэд ХАЧА-ийн байлдааны хөлөг онгоцуудыг Зүүн өмнөд Азид ажиллагаа явуулах хангалттай нөхцөл бүрдүүлэхийг зорьж байна.

Зэвсэгт мөргөлдөөний үед тэнгисийн цэргийн флотын бэлэн байдлыг хангах, түлш шатахууны болон бусад хангалт хийх зориулалт бүхий стратегийн зогсоолууд зайлшгүй хэрэгтэй. Ийм боломжтой хамгийн урд талын цэг нь өөрийнх нь Хайнань арал юм. Тиймээс Хятадын стратегичид 2050 он гэхэд ХАЧА-ийн байлдааны хөлөг онгоцуудыг Зүүн өмнөд Азид ажиллагаа явуулах хангалттай нөхцөл бүрдүүлэхийг зорьж байна. Ингэхийн тулд Хятад улс олон улсын боомтуудтай гэрээ байгуулж, өөрийн хөлгүүдийг нэвтрүүлэх, түлш шатахуун зэргээр хангуулах тохиролцоо хийсэн байх шаардлагатай. Гэтэл одоо болтол ийм алхмыг Бээжин хийгээгүй байна. Үүнтэй харьцуулахад АНУ-ын флот Япон, Гуам, Сингапур, Малайзад стратегийн боомтуудыг аль эрт эзэмшиж, чөлөөтэй зорчдог. Харин Хятадын тэлэлтээс эмээдэг Зүүн өмнөд Азийнхан, Энэтхэгийн далайн улсууд тэдэнд боломж олгох нь түвэгтэй. АНУ стратегийн ийм давуу талыг бий болгоход бүтэн зуун  зарцуулсан бол Хятад сүүлийн 15 жилд л задгай тэнгист үүрэг гүйцэтгэх чадавх бүхий флотыг байгуулж байгаа гэж тооцвол Хятадын нөөц боломж, цэрэг армиа шинэчлэх чадварыг нь дутуу үнэлж болохгүй юм.

“Бага НАТО” буюу Вашигтоны хариу арга хэмжээ

2017 оны 11 дүгээр сард Д.Трамп “Энэтхэг-Номхон далайн чөлөөт нээлттэй бүс”-ийг байгуулах санааг Азийн орнуудад айлчлах үеэрээ сурталчилж, АНУ, Япон, Энэтхэг, Австрали улсуудыг багтаасан Энэтхэг-Номхон далайн стратегийг хэлэлцсэн нь Хятадыг тогтоон барих тогтолцоог бий болгоход чиглэв. Уг стратегиар Энэтхэг-Номхон далайн “гол суурь” нь цэрэг-улс төрийн дөрвөлжин буюу АНУ, түүний ойрын холбоотнууд болох Япон, Австрали, мөн АНУ-ын стратегийн түнш Энэтхэг багтана. Энэхүү нэгдлийг Хятадын цэргийн шинжээчид “бага НАТО” гэж оновчтой тэмдэглэжээ.

“Стратегийн олон талт харилцааны хувьд “АНУ-Япон-Австрали” гурвалжин нь Энэтхэг гэсэн нэмэлт өнцөггүйгээр хангалттай тогтвортой байж чадахгүй гэж тооцож байна.

Энэхүү стратегийн дөрвөлжний үзүүр болох Япон нь Хятад руу чиглэж, Австралид тулах бөгөөд АНУ, Энэтхэг хоёр Хятадыг “жигүүрээс нь” бүрхэж байна. Хятадын орон зайг тогтоон барих АНУ-ын төлөвлөгөөнд Австрали улсыг Номхон далайн бүсийн “нэгдүгээр арлын шугам” ба “хоёрдугаар арлын шугам” хоёрын хооронд тодорхой үүрэг гүйцэтгэх байдалтай гэж тодорхойлно. “Нэгдүгээр арлын шугамд” Японы арлууд, Дорнод Хятадын тэнгист байрлах Японы Рюкю (Нансей) арлууд, тус шугамын төвд байрлах Тайвань арал, Филиппины арлууд, Их Зондын арлууд болох Калимантан, Суматра, Ява орно гэж ойлгодог. “Хоёрдугаар арлын шугам” гэсэн ойлголтод: гол хэсэгт Гуам арал, Марианы арлууд, Японд харьяалагдах Нампо бүлэг арлуудын Бонин (Огасавара), Казан (Волкано) арлууд зэрэг болно.

Америкийн шинжээчдийн үзэж байгаагаар “нэгдүгээр арлын шугам” нь Хятадыг барих стратегийн хүрээнд найдвартай байхаа больжээ. ХАЧА-ийн Тайваний эсрэг цохилтын хүч “нэгдүгээр арлын шугамыг” эзлэхэд бүрэн хангалттайгаар зогсохгүй “хоёрдугаар арлын шугамд” ч байлдааны ажиллагаа явуулах чадавхтай болсон гэж RAND үзэж байна. Иймээс “хоёрдугаар арлын шугам”-ын урд үзүүр болох Австралийн Дарвин боомтыг холбоотнуудын хориглолтын түшиц газар болгох, түүнчлэн Японы тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчин Австралид баазтай болсноор нэг ба хоёрдугаар арлын шугамын дунд далайн эргүүл хамгаалалтын үүрэг гүйцэтгэх боломж бүрдэх, Энэтхэгээс дэмжлэг авсан тохиолдолд Энэтхэгийн далайн умард хэсэгт ч үр дүнтэй ажиллах бололцоог бүрдүүлнэ гэж үзэж байна. Америкийн стратегичдын ойлголтоор Энэтхэг нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадын өсөж буй нөлөөллийг саармагжуулж чадах цорын ганц улс гэж үзэж байгаа бөгөөд стратегийн олон талт харилцааны хувьд “АНУ-Япон-Австрали” гурвалжин нь Энэтхэг гэсэн нэмэлт өнцөггүйгээр хангалттай тогтвортой байж чадахгүй гэж тооцож байна.

Холбоотнуудын ашиг сонирхлыг нэгтгэх АНУ-ын чармайлт

ӨМНӨХ “АНУ-Япон-БНСУ” гэх стратегийн гурвалжин нь олон шалтгааны улмаас мухардалд ороод буй. Үүнд солонгосчууд түүхэн улбаатай гомдлоо тээсээр байгаа, түүнчлэн Япон-Солонгосын хоорондын нутаг дэвсгэрийн асуудал буюу Япон тэнгист орших Токто/Такэшима (Лианкур) арлуудын маргаан юм.

АНУ нь Өмнөд Солонгос, Япон болон Гуам арал дээр пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD системийг байрлуулах төлөвлөгөөг шахаж байсан үед буюу одоогоос хоёр жил хагасын өмнө, 2016 оны 11 дүгээр сард уг гурван улс цэргийн нууц мэдээллийг харилцан солилцох  тохиролцоонд хүрсэн байдаг.

АНУ-ын зүгээс бэхжүүлэхийг бүх талаар эрмэлзэж ирсэн нөгөө нэг “стратегийн гурвалжин” нь “Америк-Япон-Австрали” бөгөөд Хавай дахь АНУ-ын зэвсэгт хүчний Энэтхэг-Номхон далайн командлалын үүрэг хариуцлагын хүрээнд эл гурван талт харилцааг бүх талаар хөгжүүлэх асуудал тэргүүлэх байр суурь эзэлдэг.

Тэгвэл АНУ, Япон, БНСУ, Австрали улсуудтай алинтай нь ч цэрэг-улс төрийн холбоотон бус хэдий ч дэлхийн хамгийн олон хүн амтай ардчилсан тогтолцоот улс гэдгээрээ Вашингтоны чухал стратегийн түнш болсон Энэтхэгийн 2014 оноос хойш хэрэгжүүлж буй “Дорно зүгт хандуулах хараа” стратегийн цөм зорилго нь хөрш улсуудтайгаа харилцаагаа өргөжүүлж, өөрийн нөлөөллийг бий болгож, цаашилбал Зүүн Ази, Номхон далайн баруун хэсэгт улс төрийн бодлогоо хэрэгжүүлэхэд чиглэсэн. Энэ бодлогыг ялангуяа  Н.Модигийн  тэргүүлсэн засгийн газар тууштай урагшлуулсаар ирсэн юм.

Гол тоглогчдын сонирхлын уулзвар: Малаккийн хоолой

УРТААШАА 800 км, өргөөшөө маш нарийн 40 км Малаккийн хоолой нь Хятадын хувьд “амин чухал орон зай”-д тооцогддог. Өмнөд Хятадын тэнгисээс Энэтхэгийн далай руу болон цааш нэвтрэх XXI зууны “тэнгисийн торгон зам” буюу далайн тээврийн зам үүгээр зайлшгүй дайрч гарна. Хуурай замын эдийн засгийн бүсийн “торгоны зам” болон “тэнгисийн торгон зам”-ыг хамтатгаснаар XXI зууны “Бүс, зам” санаачилгыг хэрэгжүүлж, Өмнөд болон Дундад Ази, Ойрхи Дорнод, Европ, Африктай маш эрчимтэй, тасралтгүйгээр худалдаа арилжаа хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Иймээс Малаккийн хоолойд АНУ болон түүний холбоотнуудын тэнгисийн цэргийн хүчний эргүүл хяналтын дэглэм хэвээр байх нь “Бүс, зам” санаачилгыг саадгүй хэрэгжүүлэхэд сорилт болно.

Үүнд зөвхөн АНУ-ын холбоотнуудын хүчин чармайлт хангалтгүй тул Энэтхэгийн үүрэг оролцоо, түүгээр зогсохгүй АНУ-ын хувьд тус улсын үнэ цэнэ нэмэгдсээр байна. Малаккийн хоолойн баруун тал дахь Андаман болон Никобарын арлууд Энэтхэгийн нутаг дэвсгэр бөгөөд тэнд тус улсын 15-20 мянган цэргийн алба хаагч байрлаж байна.  

“АНУ-Япон-Австрали-Энэтхэг цэрэг-улс төрийн дөрвөн талт механизм Хятадыг “тогтоон барих” стратегийг хэрэгжүүлэх тогтвортой бүтэц болж төлөвшиж байна.

Харин зүүн талд орших АНУ-ын холбоотон Сингапур улстай Энэтхэг цэргийн  салбарт хамтран ажиллах гэрээнд хоёр улсын батлан хамгаалахын сайд нар 2017 оны 11 дүгээр сард гарын үсэг зуржээ. Үүнд тэнгисийн цэргийн дэд бүтцийг богино хугацаанд ашиглах, цэргийн усан онгоцны материал-техникийн хангалтыг харилцан солилцох асуудал багтсан байна. Үүний үр дүнд Энэтхэгийн тэнгисийн цэргийн хүчин Сингапурын тэнгисийн цэргийн Чанги баазад нэвтэрч мөн хэсэг хугацаанд байрлаж болох боломжтой болжээ. Энэхүү бааз нь мөн нисэх онгоц хүлээж авах чадвартай бөгөөд түүнийг Малаккийн хоолойн тэргүүний бэхлэлт ч гэж нэрлэдэг, тэндээс Өмнөд Хятадын тэнгист шууд нэвтрэх бололцоотой юм.

ИЙНХҮҮ АНУ, Япон, Австрали, Энэтхэг улсаас бүрдэж буй цэрэг-улс төрийн Энэтхэг-Номхон далайн бүсийн дөрвөн талт шинэ механизм нь Хятадыг “тогтоон барих” Вашингтоны стратегийг хэрэгжүүлэх тогтвортой бүтэц болж төлөвшиж байгаа төдийгүй Тайваний статус-квог ч хамгаалах хэрэгсэл болж байна. Энэ БНСУ ямар нэгэн хэлбэрээр багтахгүй байгаа нь тус улсын ач холбогдол, Америкийн тэргүүн зэргийн холбоотны үүрэг оролцоог бууруулж байгаа хэрэг бус, харин Д.Трампын засаг захиргаа Солонгосын хойг дахь бодлого, АНУ-БНСУ-БНАСАУ-ын харилцааг Хятадыг тойрсон стратегиасаа тусад нь, арай өөр агуулгаар харж, төлөвлөж байгаатай холбоотой гэж үзэж болохоор байна.  


Ангилал: Долоо хоногийн тойм