АНУ геополитикийнхоо том зорилтуудын хүрээнд Латин Америкийг “ар тал”-аа гэж хоёр зууны турш үзсээр ирсэн. Латин Америк болон Карибын тэнгисийн дийлэнх орнуудын улс төр, эдийн засгийг АНУ хянаж, тус бүс нутагт давамгайлж байгаа бодит байдлыг “Шинэ тив” дахь түүхэн хөгжил харуулдаг. Венесуэлийн эрх мэдлийг Уго Чавес гартаа оруулсны дараа бүс нутгийн интеграц болон бүс нутгийн хамтын аюулгүй байдлын системийг байгуулах үйл явц эхэлсэн нь АНУ-ын ашиг сонирхлыг хөндсөн. Гэвч хагас зуун жилийн өмнө АНУ-ын хүн амаас илүү сайхан амьдарч байсан улс өнөөдөр тартагтаа тулсан байна. Хүн амын амьдралын түвшин, аюулгүй байдал, нийгмийн байдлын чанарын үзүүлэлт Хаити улс болон бусад хамгийн ядуу буурай Африкийн улсуудын хэмжээнд хүрлээ. Одоохондоо Венесуэл нь Сиритэй адилхан болоход нэг алхмын зайтай байна. Өөрөөр хэлбэл маш том иргэний дайн гарвал Латин Америкийг тэнцвэргүй байдалд оруулж, сая сая золиос гаргуулж, хүчин чадал сайтай улс хэдий ч өнгөрсөн зуунд очиход бэлэн байна. Венесуэл нь гадаад болон дотоод сөрөг хүчин зүйлийг тэсэж чадах уу? Өнөөгийн ядуурлын түвшин, эмх журамгүй байдлыг тогтворжуулж, дайны эмх замбараагүй байдалд хүрэхгүй байж болох уу?
Венесуэлийн хоёр засаглал
ӨНӨӨДӨР Венесуэлд хоёр засаглал зэрэгцэн оршиж байгааг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Нөгөө талаар энэ улсад бодитойгоор засаглаж байгаа хүчин байхгүй байна. Хүн болгон өөрийн сонголтоо хийх бөгөөд дуртай талбай дээрээ жагсаж болно, нэг бол Н.Мадуро нэг бол Х.Гуайдогийн тал байна. Венесуэлийн хэрэг явдал өнгөн дээрээ засгийн эрхийн төлөөх тэмцэл мэт харагдаж байгаа ч үнэндээ давхар засаглал тогтож, энэ байдлаараа цаашид хэчнээн ч үргэлжлэх магадлалтай байна. Сөрөг хүчний тэргүүн Х.Гуайдо энэ оны 1 дүгээр сарын 31-нд PAIS (Энх тайван) төлөвлөгөө гаргаж, эдийн засгийг аврах стратегийг боловсруулж байгаагаа мэдэгдсэн. Төлөвлөгөөний гол зорилго нь улс орныг ядуурлаас гаргаж, эдийн засгийн байдлыг тэнцвэржүүлэхэд оршино аж. Уг төлөвлөгөөг дэлхийн хэмжээний эдийн засагчид тухайлбал, Харвардын профессор, эдийн засаг, авлигалын талаар олон ном бичсэн Рикардо Хаусманн нарын хүмүүс боловсруулж байна. Н.Мадурог бодвол Х.Гуайдогийн байдал арай илүү тогтвортой байгаа нь улс төрийн дэмжлэгээс гадна түүний “түрийвч рүү” өмнө нь экспортолсон нефтийн орлогоос орж байгаа.
Үүний эсрэг газрын тосыг гаргах АНУ-ын хориг арга хэмжээ нь Н.Мадурог хэцүү байдалд оруулаад байна. Венесуэлийн хууль ёсны засагтай холбоотой бүх төрийн компани болон бусад байгууллага нэгэн адил хориг арга хэмжээнд өртсөнөөс олборлосон газрын тосыг агуулахад нөөцөлж байгаа бөгөөд Мексикийн буланд “бөглөрөл” үүсэж, нийтдээ 7 сая баррелиас доошгүй газрын тос ачсан оросын “Лукойл”, испаны Repsol SA, америкийн Chevron Corporation компаниудын зөөвөрлөгч онгоцнууд бөөгнөрчээ. Н.Мадуро америкийн хориг арга хэмжээнээс зайлсхийж, улс орны тогтвортой байдлын төлөө санхүү хөрөнгө цуглуулахыг оролдож байна. Энэ зорилгоор улсын алтны нөөцийн үлдэгдлээ борлуулахыг эрмэлзэж байна. Баталгаат бус мэдээллээр Венесуэлийн алтыг ОХУ-аар дамжуулан Арабын Эмират руу гаргасан байж болох юм. ОХУ-ын Төв банк нь 2012 оноос хойш Венесуэлийн хилийн чанад дахь цорын ганц алтыг хадгалах газар болсон бөгөөд 30-60 тонн алт байсан гэх мэдээлэл бий. Улсын үлдэгдэл алтыг зарагдсаны дараагаар Н.Мадуро томоохон төлөвлөгөө боловсруулж байгаагаа мэдэгдсэн. Уг төлөвлөгөөнд тохижилт, ядуурлаас сэргийлэх болон Венесуэлийг Латин Америкийн жуулчны төв болгох зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлсэн ба төслийн нийт өртөг нэг тэрбум доллар гэсэн нь алтаа зарж олсон хөрөнгө байж болох. Н.Мадуро болон түүний хууль ёсны байгууллагууд улс орон руу мөнгө орж ирэхгүй байгаагаас болж сүйрлийн ирмэгт хүрсэн ч “төвийг сахисан” хандлага тогтворжиж байгаа нь мэдэгдэж байна. Каракасын илэрхий дайсан болсон АНУ-ын дайны ажиллагааг төлөвлөх нөхцөл бүрдээгүйн дээр сөрөг хүчнийхэн засгийн эрхийг бүрэн авах хангалттай нөөц байхгүй байна.
Өнгөц харахад хууль ёсоор сонгогдсон Венесуэлийн тэргүүн Н.Мадурогийн байр суурь тогтворгүй байна. Түүнд мөнгө байхгүй, гадаад харилцаа холбоо таслагдсан, улс орон гамшгийн хэмжээнд хүрсэн. Хэрэв арай бага улс, арай бага эдийн засгийн чадвартай улсын талаар яригдвал иймэрхүү нөхцөл байдалд аль хэдийн дампуурах байсан. Гэхдээ энэ удаад асуудал өөрөөр тавигдахын учир нь улс орон ядуурсан ч гэсэн маш их хүчин чадалтайгаас жижиг удирдлагын шийдвэрүүд ч улс төрийн нөхцөл байдлыг тогтоож чадаж байна. Тухайлбал, 2016 оны зун улсын гол зангилаа болсон таван боомт хот түүний дотор Карибын тэнгисийн хамгийн том боомт хот болох Маракайбог цэргийн хяналтад шилжүүлсэн нь улс төрийн хувьд маш чухал шийдвэр болсон. Ийм маягаар цэргийнхэн үндэсний эдийн засгийн ажиллаж буй салбаруудын зарим хяналтыг өөртөө авснаар улс оронд хүнс дутагдаж гамшиг гарсан үед цэрэг армийн дэмжлэгтэйгээр засгийг барьж тогтоожээ. Одоохондоо энэ үйлчилж байгаа хэдий ч нөхцөл байдал хүндэрсээр байна. Н.Мадуро Ливи, Сирид болсон үйл явдлыг давтахгүйн тулд бүхнээ хамгаалж байна.
Хар тамхины бизнес энхтайваны баталгаа болох уу
ЛАТИН Америк дахь АНУ-ын цэргийн ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг улс бол Колумб. НАТО болон Колумбын хооронд хамтын ажиллагаа бий болгохын төлөө АНУ идэвхтэй ажилладаг. Колумби бол Н.Мадурогийн өрсөлдөгч бөгөөд Венесуэлийн дүрвэгсэдийн урсгалаас болж олон жил дарамтад байгаа улс юм. Гэхдээ эрх баригчид нь өөрийн цэргийн дэд бүтцийг АНУ хэрэв Венесуэл руу орвол тэдний мэдэлд өгөхгүй хэмээн цэрэг дайны явдлаас илт болгоомжилж байна. Вашингтоны холбоотон зөвхөн цэргийн компанит ажиллагааг хүсэхгүй байгаагийн цаана өөр шалтгаан бий. Хэдэн арван жилийн турш энд өөрийн гэсэн хуультай дэлхийн томоохон хар тамхины зах бүрэлдэж, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Өмнөд Америкийн бүх чиглэлээс орж ирсэн тамхийг Мексикийн буланд төвлөрүүлж, цааш нь дэлхийн үндсэн маршрутаар умард руу гаргадаг зангилаа-дамжуулах газар юм. Энэхүү зах дээр Колумби улс нь өөрийн гэсэн байр суурь эзэлдэг. Олон улсын цэрэг дайны асуудлаас болж энэ зах зээл нуран унавал үр дагавар нь бараг дэлхийн дайны хэмжээтэй бөгөөд Сири улсынхаас ч илүү ноцтой бөгөөд тааварлашгүй юм. Иймд Колумб Вашингтонтой улс төрийн холбоотон байхаас илүү хар тамхи тээвэрлэлтийн маршрутыг тогтвортой байлгах нь чухал гэж үзэж байна.
Өнөөдөр Венесуэл нь дэлхийн кокаин үйлдвэрлэгч хамгийн том улс юм. Түүний дээрээс Европ руу гаргадаг агаарын сувагтай. Энэхүү суваг нь хэдэн арван жил болж байгаа бөгөөд Францын хэт баруунтныхаас авахуулаад “Хезболла” бүлэглэл хүртэл бүгдтэй холбогддог тул урт удаан оршин тогтнох үндэстэй. Венесуэлээр Европ руу дамжих тээвэрлэлт буурвал Мексикийн зах зээл хумигдана. Иймд дэлхийн хар тамхины эдийн засгийг тогтвортой байлгах үүднээс Мексик нь Венесуэлийн засгийн дэглэмийг дэмждэг. Дайн гарвал Мексикийн буланд төвлөрч хар тамхины тээвэрлэлтийг Америкаар бус шууд Еврол руу гаргаж байгаа зам суваг хаагдахад хүрвэл Д.Трампад түүний барьсан “хана” зад үсрэх аюултай тул Каракасын хувьсгалд АНУ-ын цэрэг оролцуулахыг төвдөхгүй байгаа. Ийнхүү Мексикийн буланд төвлөрсөн хар тамхи үйлдвэрлэлт, тээвэрлэлтийн төв энэхүү том макро бүсийг тогтвортой барьж, дайныг зогсоох нэгэн хүчин зүйл болж байна.
Хятадын хүчин зүйл
ХЯТАД улс нь Венесуэлийн гадаад худалдааны хамгийн том хамтрагч бөгөөд бусад оронтой зүйрлэшгүй их хөрөнгө хийсэн тул өнөөгийн тодорхой бус, эмх замбараагүй нөхцөл байдал Бээжинг эмзэг байдалд оруулжээ. Сүүлийн хэдэн жилийн турш Венесуэл дэх хятадын улс төрийн бодлого нь Африкийн ядуу оронд баримталж байсан бодлоготой адил юм. Дээд зиндааныхныг урт хугацааны бараг хүүгүй хятадын сангаас зээл олгосон бол хятадын томоохон бизнес нийгмийг хятад хувилбараар дахин форматлах (өөрчлөх) төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Хятадын аварга том корпорац ZTE–ийн төв нь Дэлхийн чөлөөт эдийн засгийн бүсэд байдаг Гуандун мужийн Шэньжэньд байрладаг ба Венесуэлд Шэньжэнь “нийгмийн байр суурь” гэсэн системийг бий болгохоор ажиллаж байна. Энэ нь аль хэдийн дэлхий дахиныг шуугиулсан систем бөгөөд хүний хувийн амьдрал, зан байдлыг цахимаар бүрэн хянаж байдаг. Үүний ачаар Бээжин Шинжаанд уйгуруудыг хяналтдаа байлгах болсон. Энэ туршлагаараа Венесуэлд тусгай албадтай хамтран “Эх орон” ID картыг нэвтрүүлж камераар ажиглах, Венесуэлийн томоохон хотуудад онцгой нөхцөлд хариу үйлдэх төвүүд, гар утасны төлбөрийн систем, QR-код зэргийг ашиглах болжээ. Хятад доройтож буй тус улсыг өөрийн нийгэм, эдийн засгийн “туршилтын” талбар болгосон гэж хэлж болно. Хятадын агуу бодлогыг хэрэгжүүлэхэд хоёр засагтай байх нь тохирохгүй байна. Энэ нь хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Эрх бүхий дээд зиндааныхныг хятадын сангаар дамжуулан худалдаж авсан ч үр дүн багатай байна. Яагаад гэвэл дээд зиндааныхан улс төрийн хариуцлага үүрэхгүй бөгөөд хятадын санхүүжүүлж байгаа төслүүдийг тогтвортой биелүүлэх урт хугацааны баталгааг өгч чадахгүй. Харин бүгдийг “тэжээх” нь Бээжингийн хувьд ч үнэтэй тусч байна.
Цаашдын өрнөл
БҮС нутгийн хар тамхины үйлдвэрлэл, тээвэрлэлтийн тив улс дамнасан сүлжээ, хөрш орнуудын ашиг сонирхол дайн гарах магадлалыг үгүйсгэж байна. БНХАУ болон ОХУ-ын дэмжлэгийг хүлээж буй Н.Мадуро дэглэмээ хамгаалж үлдэхийн тулд ойрын үед сөрөг хүчний эсрэг шийдэмгий арга хэмжээ авна. Орос, Хятад хоёр
Латин Америк тив дэх зүүний үзэлтэй удирдлага бүхий Бразил, Аргентин улсуудыг илүү түшиж тэднээс илүү хэт зүүний радикал бодлоготой Венесуэлтэй найрсаг харилцаатай хэдий ч илт ойртохоос болгоомжилж ирсэн. Бразил БРИКС-ийн баруун хагас бөмбөрцөг дэх цорын ганц бөгөөд том гишүүн, Аргентин цаашдаа тус нэгдэлд орох магадлалтай гэгдэж байсан ч энэ хоёр улсын гадаад бодлого баруун тийш хэлбийсэн. Ялангуяа Бразилын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ж.Болсонару 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр тангараг өргөснөөр Өмнөд Америк дахь АНУ-ын гол холбоотон болсноо зарласан. Түүгээр зогсохгүй “НАТО-той ижил цэргийн эвслийг Америк тивд байгуулна”, “Бразил НАТО-д элсэж болно” гэх зэргээр мэдэгдэх болсон нь түүний “Тропикийн бүслүүрийн Трамп” гэдэг тодорхойлолтыг нь улам баталгаажуулж өглөө. Аргентины бодлого ч мөн баруун тийш хэлбийж байна. БРИКС хэдийгээр задраагүй ч ОХУ, БНХАУ Америк тив дэх улс төр, эдийн засгийн гол холбоотнуудаа алдаж байна гэж ойлгож болно. Иймээс Венесуэлийн ач холбогдол манай хоёр хөршийн хувьд улам нэмэгдэж байгаа юм. Геополитикийн ийм нөхцөл байдлыг Вашингтон урьдчилан тооцож Х.Гуайдог яаралтай гаргаж ирсэн байх магадлалтай. Цаашид Хятад эдийн засгийн бодлого хөрөнгө оруулалтаараа, ОХУ цэргийн тусламж болон улс төрийн арга хэрэгслээр Н.Мадурог тууштай дэмжинэ. Үүний тод жишээ нь Венесуэлд Оросын цэргийн хоёр нисэх онгоц очиж хүмүүнлэгийн тусламж хүргэхээс гадна цэргийн зөвлөх мэргэжилтнүүд ирж удаан хугацаагаар ажиллахаар болсон явдал.
Ангилал: Долоо хоногийн тойм
Дараах нийтлэл
БРЕКСИТ үйл явцын талаарх ярилцлагаСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23