ЯПОНЫ ерөнхий сайд Ш.Абэ энэ оны эхээр Москва хотноо айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд саад болж буй газар нутгийн маргаандаа цэг тавин энхийн гэрээ байгуулах асуудлаар хэлэлцсэн нь ОХУ, Японы төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байв.
ОХУ, Япон улсын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын эргэн тойронд өрнөсөн анхаарал татсан үйл явдал, мэдээ мэдээлэлд тулгуурлан хоёр улсын харилцаанд хийгээд бүс нутгийн аюулгүй байдалд гарч буй өөрчлөлт, чиг хандлагын талаарх ажиглалтаа тоймлон хүргэв.
1956 оны ЗХУ, Японы хамтарсан тунхаг
ДЭЛХИЙН хоёрдугаар дайны үр дүнгээр ЗХУ, Япон улс нь 1956 онд Энх тайван, найрсаг хөршийн харилцааг сэргээх тухай ЗХУ, Японы хамтарсан (Москвагийн) тунхагийг үзэглэн соёрхон баталснаар хоёр улсын хооронд дайны байдал де-юре зогссон төдийгүй өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд де-факто үйлчилж ирсэн түүхтэй аж.
Гэтэл “хуучин” сэдвээрх ээлжит яриа хэлэлцээгээ ОХУ, Япон улс геополитикийн зөрчилдөөнтэй энэхүү цаг үед дахин идэвхжүүлэх болов. Ш.Абэ аливаа шүүмжлэл, дарамт шахалтыг үл ойшоон асуудлыг нэг мөр шийдвэрлэх улс төрийн хүсэл зориг шулуудсанаа сүүлд мэдэгдэж, оросын тал түүний шийдмэг мэдэгдэл японы албан ёсны байр суурь, дотоод уур амьсгал, дорвитой алхам хийх улс төрийн чин зориг, бие даасан гадаад бодлого явуулах боломж бололцоотой хэрхэн нийцэж буйг ойлгохыг хичээж байгаа бололтой.
Товчхондоо ОХУ, Япон улс нь цаг үе, нөхцөл байдлын шаардлагаар 1956 оны Москвагийн тунхагийг сууриа болгон хоёр талын язгуур ашиг сонирхлыг харгалзсан зүйл заалтыг оруулж өгсөн эрх зүйн шинэ баримт (жишээлбэл энхийн гэрээ, хоёр улсын хил хязгаарыг тогтоох тухай гэрээ)-тай болон гадаад аюулгүй байдлаа баталгаажуулахыг зорьжээ.
Нийт арван зүйлээс бүрдсэн 1956 оны Москвагийн тунхагийн ес нь бодитоор хэрэгжин өнөөдөр биеллээ олсон бол ердөө ганц 9 дүгээр заалт нь ХХ зууны хоёрдугаар хагасыг туулж, ХХI зуунд шилжин өнөөдрийг хүртэл ач холбогдлоо хадгалан Орос, Японы харилцааны унтууцлын гол хүчин зүйл хэвээр байсаар байна.
Геополитикийн зөрчилдөөнтэй энэхүү цаг үед ОХУ, Япон улс энхийн гэрээ байгуулах хэлэлцээрээ идэвхжүүлэх болов.
Лавлагаа. 1956 оны 10 дугаар сард үзэглэн улмаар 12 дугаар сард нь соёрхон баталсан ЗХУ, Японы Хамтарсан тунхагийн 9 дүгээр заалтад “Зөвлөлт Холбоот Улс болон Япон улс нь хэвийн дипломат харилцаа тогтоосны дараагаар энхийн гэрээ байгуулах тухай ЗХУ, Японы хоорондох хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцов. Ингэхдээ Зөвлөлт Холбоот Улс нь Япон улсын ашиг сонирхлыг харгалзан японы хүсэлтийг нааштай хүлээн авч, Хабомаи, Шикотан арлыг ЗХУ, Япон улсын хооронд энхийн гэрээ байгуулсан даруй японы талд бодитоор шилжүүлэх нөхцөлтэйгөөр эдгээр арлыг шилжүүлэхэд бэлэн байна” гэж заажээ. Хабомаи болон Шикотан арлууд нь Бага Курилийн нуруу (“Малая Курильская гряда”) гэсэн газар зүйн нэршилтэй. Оросууд “Өмнөд Курилийн арлууд”, япончууд “Умард газар нутаг” хэмээдэг. Мөн “дөрвөн арал”, “хоёр арал” (Өмнөд Курилийн арлууд болон Бага Курилийн нурууг хэлж буй) гэсэн техникийн үг хэллэг ч өргөн хэрэглэгддэг.
1960 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр японы тал Харилцан хамтын ажиллагаа, аюулгүй байдлын баталгааны тухай (Вашингтоны) гэрээг АНУ-тай байгуулсан байдаг бол тухайн сарын 27-ны өдрийн Зөвлөлтийн засгийн газрын санамж хуудсад (Памятная записка) уг гэрээ нь “Японы бие даасан байдлыг үгүй хийж, дайнд ялагдсан тус улсад байгаа гадаадын цэргүүд японы газар нутагт байсаар байгаатай холбогдуулан Зөвлөлтийн засгийн газар Япон улсад Хабомаи, Шикотан арлуудыг шилжүүлэх тухай амлалтаа биелүүлэх боломжгүй шинэ байдал үүссэн” болохыг тэмдэглэн үлдээжээ.
Энхийн гэрээний асуудлаарх хоёр талт хэлэлцээр
2013 ОНЫ 4 дүгээр сард Ш.Абэгийн ОХУ-д хийсэн албан ёсны анхны айлчлалын үеэр талууд энхийн гэрээг боловсруулах явцыг түргэтгэхээр тохиролцож, тус жил хоёр улсын удирдагчид гурван ч удаа уулзсан байх бөгөөд 9 дүгээр сард болсон С.Петербургийн “Их-20”-ын талбарт хийсэн хоёр талт уулзалтаар энхийн гэрээг дахин хөндөж, “ялагч, ялагдагчгүй зарчимд үндэслэн шийдвэрлэх боломжтой гэсэн ойлголтод талууд хүрсэн” талаар Д.Песков мэдэгдэж байжээ.
2014 оны Украйны хямралаар Токио өрнөдийнхний ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригт нэгдсэнээр хоёр улсын харилцааны уур амьсгал муудсан ч Сочигийн өвлийн олимпын нээлтийн ажиллагаанд “Их-7” орны тэргүүлэгчдээс зөвхөн Ш.Абэ ирсэн бөгөөд тухайн жилийн 10, 11 дүгээр сард В.Путин, Ш.Абэ нар Миланы “Ази-Европ” чуулга уулзалт, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын талбарт богино уулзалт хийжээ. 2015 онд хоёр улсын удирдагчид зөвхөн НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн хурлын үеэр мөн Анталид болсон “Их-20”-ын талбарт уулзсан байна.
В.Путин: ОХУ газар нутгаараа наймаалцдаггүй ч арлын асуудлаар шийдэлд хүрэх хүсэлтэй байна
2016 оноос энхийн гэрээний асуудлаарх хоёр улсын яриа дахин идэвхжих болж, үүнд В.Путин, Ш.Абэ нарын харилцаа чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Тэрээр Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Ш.Абэ арлын маргаан, энхийн гэрээ байгуулаагүйтэй холбоотой 70 гаруй жил үргэлжилж буй энгийн бус нөхцөл байдалд цэг тавьж, Орос-Японы харилцааны дахин 70 жил үргэлжлэх шинэ үеийг эхлүүлье хэмээн уриалсан бол В.Путин Ш.Абэтэй хийх уулзалтынхаа өмнө Блүүмбэргт өгсөн ярилцлагадаа ОХУ газар нутгаараа наймаалцдаггүй ч арлын асуудлаар шийдэлд хүрэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Тухайн жилийн 12 дугаар сард В.Путины Япон улсад (Нагато, Токио) хийсэн албан айлчлал хоёр талт харилцаанд томоохон түлхэц болов. Өмнөд Курилийн арлуудад хамтарсан аж ахуй эрхлэх хэлэлцээрийг эхлүүлэх тухай, тус арлуудад амьдарч байсан япончуудад өвөг дээдсийнхээ шарилыг эргэх асуудлыг хялбарчлах талаар хамтарсан мэдэгдэл хийсэн. 2017 оны 4 дүгээр сард Ш.Абэ Москвад хариу айлчлал хийж, худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлаар хэлэлцэхийн сацуу Өмнөд Курилийн арлуудад японы төлөөлөгчид айлчлах боломжийг судлахаар В.Путинтэй тохиролцож улмаар 6 дугаар сард айлчилсан байдаг.
2018 оны 11 дүгээр сарын Сингапурын чуулга уулзалтын үеэр 1956 оны ЗХУ-Японы хамтарсан тунхаглалд үндэслэн энхийн гэрээг байгуулах хэлэлцээгээ түргэсгэхээр талууд тохиролцов
2018 онд В.Путин Ш.Абэ нар дөрвөн удаа уулзжээ. Тухайлбал Ш.Абэ 2018 оны 5 дугаар сард ОХУ-д албан айлчлал, 9 дүгээр сард Дорнын эдийн засгийн чуулга уулзалт, 11 дүгээр сарын Сингапур дахь чуулга уулзалт, 12 дугаар сарын Аргентины “Их-20”-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр хоёр талт уулзалтыг тус тус хийжээ. Тухайлбал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны үеэрх Ш.Абэгийн ээлжит уриалгад В.Путин ондоо багтаан ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр найрамдлын гэрээг байгуулах саналыг зөрүүлэн дэвшүүлж, улмаар 11 дүгээр сарын Сингапурын чуулга уулзалтын үеэр 1956 оны ЗХУ-Японы хамтарсан тунхаглалд үндэслэн энхийн гэрээг байгуулах асуудлаарх хэлэлцээгээ түргэсгэхээр талууд тохиролцсон байдаг.
25 дахь удаагийн дээд хэмжээний уузлалт
В.ПУТИН, Ш.Абэ нар өнгөрсөн хугацаанд нийтдээ 25 удаа уулзсан агаад Япон, ОХУ-ын дээд, өндөр түвшний айлчлал сүүлийн гурван жилд идэвхэжсэн.
Японы ерөнхий сайд Ш.Абэгийн энэ оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Оросын Холбооны Улсад хийсэн албан айлчлалын гол онцлог нь талууд харилцаа, хамтын ажиллагаагаа ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарт хэрхэн идэвхжүүлэх, уг чиглэлд дорвитой ахиц гаргахад сөргөөр нөлөөлж буй газар нутгийн маргаан, түүнийг шийдэх энхийн гэрээ байгуулах асуудлаар тогтон ярилцсанд байв.
Хаалттай хаалганы цаана гурван цаг гаруй үргэлжилсэн уулзалтын эцэст зохион байгуулсан хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдэгдэлдээ В.Путин талууд энхийн гэрээ байгуулах сонирхолтой гэдгээ нотолсон, гэрээний нөхцөл хоёр орны ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн байх ёстойг мөн гэрээ байгуулахад чимхлүүр ажил хүлээгдэж байгаа талаар дурдсан бол Ш.Абэ хоёр орны удирдагчид “Курилийн арлуудад хамтарсан аж ахуй эрхлэхэд чиглэсэн арга хэмжээг эрчимжүүлэх заавар, энхийн гэрээ байгуулах асуудлаарх хэлэлцээг хоёрдугаар сард Мюнхенд хийх үүргийг хоёр орны Гадаад хэргийн сайд нарт өгсөн тухайгаа мэдэгдсэн юм. Мөн Ш.Абэ хоёр орны цэргийн байгууллагууд хоорондын харилцааг хөгжүүлэх асуудлаар В.Путинтэй ярилцаж түүнийг 6 дугаар сард Япон улсад айлчилна гэж хүлээж буйгаа дурдсан.
ОХУ, Япон улсын хэлэлцээрт ахиц гарсангүй. Хэвлэлийнхий хүсэн хүлээсэн үр дүнд талууд хүрсэнгүй
Харилцан итгэлцлийн шалгуур
ИЙН шинэ хэлэлцээрээр японы хэвлэлийнхний хүсэн хүлээсэн үр дүн гарсангүй. Түүгээр зогсохгүй ОХУ, Япон улсын төрийн тэргүүн нарын хоёр улсын хооронд харилцан итгэлцлийн нааштай уур амьсгалыг бүрдүүлж ирсэн өнгөрсөн гурван жилийн их хүчин чармайлт талаар болов.
Геополитикийн хэд хэдэн тулгуур хүчин зүйл хийгээд хэлэлцээр явуулсан арга барил, түүний дараах хэвлэлийн мэдээ мэдээллээс энхийн гэрээг энэ ондоо багтаан ерөнхий хүрээнд байгуулах магадлал болоод талуудын итгэл найдвар огцом буурсан нь ажиглагдав. Хэлэлцээр үргэлжлээд ч ойрын хугацаанд ахиц гарах эсэх нь тун эргэлзээтэй харагдана.
Ш.Абэгийн айлчлалын өмнөхөн дөрөв биш гэхэд хоёр арлыг шилжүүлэн өгөх баталгаа олговол ОХУ-тай энхийн гэрээ байгуулахад японы тал бэлэн байгаа талаар Kyodo агентлаг засгийн газрын эх сурвалжуудаас иш татан мэдээлж байв. Харин В.Путинтэй хийсэн уулзалтын дараагаар “Ш.Абэ 6 дугаар сард Осакад болох “Их-20”-ын форумын үеэр ОХУ-тай ерөнхий хүрээний энхийн гэрээг байгуулах төлөвлөгөөтэй байсан бөгөөд Япон улс яриа хэлэлцээрийн стратегиа эргэж харахаар болсон” талаар Jiji Tsushinsha агентлаг мэдээлэв.
В.Путин, Ш.Абэ нарын харилцан итгэлцлийн нааштай уур амьсгал бүрдүүлсэн өнгөрсөн гурван жилийн их хүчин зүтгэл чармайлт талаар болов
Оросын тал Япон улсыг ОХУ-ын эсрэг өрнөдийнхний эдийн засгийн хориг арга хэмжээнд нэгдсэн одоо болтол цуцлаагүй, НҮБ-ийн талбарт ОХУ-ын эсрэг байр суурьд АНУ-ын талд үргэлж зогсдог, дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй үлдсэн цорын ганц улс, “умард газар нутаг”-ийн ойлголт агуулсан хэд хэдэн хуульдаа өөрчлөлт оруулаагүй гэх зэргээр шүүмжлэн эдгээрийг шийдэж байж энхийн гэрээ байгуулах урьтал нөхцөл буюу харилцан итгэлцэл бий болно гэж үздэг. Энэ талаарх байр сууриа С.Лавров Т.Конотой хийсэн ярилцлагын үеэр илэрхийлсэн болохоо онцолсон.
Тухайлбал, “Япон улс ОХУ-ын эсрэг хэд хэдэн хориг, “Их-7”-ийн оросын эсрэг мэдэгдэлд нэгдсэн. Энэ нь чанарын шинэ түвшний харилцаа гэдэгт багтахгүй байгаа. ОХУ-ын сонирхдог НҮБ-ын бүх шийдвэрээр бидэнтэй бус бидний эсрэг саналаа өгдөг. Т.Коно ОХУ-д хийх айлчлалынхаа өмнөхөн буюу Францад болж өнгөрсөн Франц, Японы гадаад харилцаа, батлан хамгаалахын сайд найрын уулзалтын эцэст хамтарсан тунхаг гаргасан. Түүнийг олж уншвал олон улсын талбарт түншлэх битгий хэл байр сууриа ойртуулах ажил хэрэгч арга барилыг хайх шаардлагатай гэдэг ойлголтод хүрэхэд хол байгааг та бүхэн ойлгох болно” хэмээжээ.
Ш.Абэгийн албан айлчлалын өмнө Япон улсын ОХУ-аас авсан газрын тосны хэмжээ 10 дугаар сард 797.6 мянган тонн буюу өмнөх сартай харьцуулахад 39 хувиар нэмэгдсэн байдаг бол хэлэлцээрийн дараа 40.5 хувиар буураад байгаа. Газрын тос, шингэрүүлсэн хий зэрэг эрчим хүчний импортод эзлэх Иран, ОХУ-ын хэмжээ огцом буурч, Саудын Араб, АНУ-ын нийлүүлэлт нэмэгдсээр байна.
Ш.Абэ Японы парламентын сонсгол дээр хийсэн мэдэгдэлдээ хэлэлцээрийн хугацааг энэ жилээр хязгаарлахгүйг мэдэгдээд буй. Энэ сарын 5-ны өдөр Гадаад харилцааны орлогч сайд Игорь Моргулов, Такэо Мори нар 2019 онд төлөвлөсөн Москва, Токиогийн улс төрийн уулзалтын талаар зөвлөлдөж хэлэлцсэн байх авч Төрийн тэргүүн, гадаад харилцааны сайд нарын дараагийн уулзалтын тов гараагүй байна.
Ийн аюулгүй байдлын гадаад орчин нь эрчимтэй өөрчлөгдөж байгаа Япон улс хэлэлцээрийн өмнө Курилийн арлын маргаанд буулт хийн худалдаа, эдийн засгийн харилцаагаа тэлэх боломж бололцоо байгааг нэг талаар харуулахын сацуу тус улсын нутаг дэвсгэрт байршсан АНУ-ын пуужингаас хамгаалах системийг сайжруулах, “орос-хятад” холбоосыг сулруулахад америкаас дэмжлэг хүссэн зэрэг үйлдэл гаргасан нь оросын эрх баригчид, ард иргэдийнх нь эгдүү, унтууцлыг хүргэсэн нь газар нутгийн асуудлаар буулт хийхийг эсэргүүцсэн байр суурь өнгөрсөн түүхэн дээд хэмжээ буюу 96 хувьд хүрч нэмэгдсэн нь сүүлийн санал асуулгын дүнгээс харагдав.
Япон улсын хэлэлцээрийн тактик оросын эрх баригчид, ард иргэдийнх нь эгдүүцэл унтууцлыг хүргэж, энхийн гэрээ байгуулах хэлэлцээнд ахиц гарах нь эргэлзээтэй болов
“Япон улсын 1947 оны Үндсэн хууль-д дайны үр дүнгээр алдсан газар нутгийг буцаах процедур, хийгээд цаашид хэрхэн өөрчлөгдөж явах талаар үг үсэг байдаггүй бөгөөд үндсэн хуульд зөвхөн тухайн үед эзэмшиж байсан газар нутгаа хүлээн зөвшөөрсний нотолгоо тул Курилийн арлуудыг нэхэх нь Япон улс өөрийн үндсэн хуулийг зөрчиж буй хэрэг юм” гэж зарим судлаачид дүгнэдэг.
Дүгнэлт:
ОХУ хүчирхэгжин их гүрнүүдийн геополитикийн зөрчилд дөрөөлөн хүчний тэнцвэрт гарч буй өөрчлөлтөөс гарах эрсдэлийг бууруулан аюулгүй байдлаа баталгаажуулах, Зүүн хойд Азид нөлөөллөө бэхжүүлэн хүчний тогтвортой, тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс Япон улстай харилцаа, хамтын ажиллагаа чанарын шинэ түвшинд гаргахыг зорьж байна. Үүний тулд дэлхийн хоёрдугаар дайны дараах 1956 оны Москвагийн тунхагийг сууриа болгон газар нутгийн маргаанаа шийдвэрлэн энхийн гэрээ байгуулах сонирхолтой байна. Ингэхдээ газар нутгийн маргааныг нөгөө талын бүрэн мэдэлд шилжүүлэн өгөх бус хамтарсан аж ахуй эрхлэх “өөрийн нөхцөлөөр” энхийн гэрээг байгуулах эрмэлзэлтэй байгаа нь японы талын дэмжлэгийг олсонгүй.
Нөгөөтэйгүүр дэлхийн дэг журмыг дангаар сахиулах АНУ-ын хүч шавхагдан, Хойд Солонгос аюул, БНХАУ-ын нөлөөлөл нэмэгдэх хэрээр Япон улс урьдын адил цэрэг, улс төрийн холбоотондоо найдаад суух бус ОХУ-тай аюулгүй байдлын асуудлаарх байр сууриа уялдуулан боломжит эрсдэлээс зайлсхийх, үүний тулд хүчний тэнцвэрийг хадгалах илүү бие даасан гадаад бодлого явуулах зайлшгүй шаардлагатай тулгараад байна. Япон улсын улс төр, эдийн засаг, батлан хамгаалах салбарт хийгээд гадаад бодлогод АНУ тэргүүтэй далайн геополитиктой орнуудын нөлөөлөл, тэдгээрээс хамаарах хамаарал өндөр хэвээр байгаа төдийгүй цаашид улам бэхжих чиг хандлагатай байгаа нь газар нутгийн маргаандаа цэг тавьж, энхийн гэрээ байгуулах гэсэн ОХУ, Японы хүчин чармайлтыг үгүй хийж, эдгээр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон сорилт болох төлөвтэй байна.
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02