Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотны тогтолцоо (II)

2024-05-10

https://niss.gov.mn/wp-content/uploads/2024/05/2022RP11_Security_Indo-Pacific_001.png

Эхлэл хэсэг нь өмнөх дугаарт

Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын батлан хамгаалах холбоотны тогтолцоо

АНУ нь Умард Атлантын орон зайд 32 гишүүн улс бүхий НATO-гоор дамжуулан Евразийн эх газрын баруун хэсгийг бүрхсэн батлан хамгаалах эвслийн тогтолцоотой. Харин Энэтхэг-Номхон далайн бүс нутагт АНУ нь НATO шиг бүс нутаг хамарсан холбоотны формат бус харин хоёр талт холбоотны гэрээнүүд, хоёр ба олон талт цэрэг-батлан хамгаалах салбарын түншлэлийн форматуудаар аюулгүй байдлын тогтолцоогоо бүрдүүлдгээрээ онцлогтой.

АНУ-ын төрийн бодлогод НATO эвслийн бус батлан хамгаалах хоёр талт гэрээтэй түнш орнуудаа “Major Non-NATO Ally Status – MNNA” гэж томьёолдог бөгөөд үүнд дэлхийн 18 улс, мөн Тайвань багтаж байна.[1] MNNA статусаас түрэмгийллийн тохиолдолд харилцан туслалцах үүрэг хүлээлцсэн Холбоотны гэрээтэй гэдэг нь дахиад тусдаа статус юм. Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Холбоотны гэрээнүүдийг дурдвал:

  • АНУ-Филиппиний холбоотны гэрээ (1951). АНУ-ын Ази дахь хамгийн чухал холбоотны нэг нь Филиппин бөгөөд талууд аливаа түрэмгийллийн эсрэг харилцан туслалцахдаа эх газар ба арлууд бүх нутаг хамрахыг заасан. Энэ хүрээнд АНУ нь Өмнөд Хятадын тэнгис дэх Филиппиний нутагт аливаа зэвсэгт халдлагын эсрэг дайнд орно гэсэн үг. Хятадын тэнгисийн эргүүлүүд Филиппиний хангалтын хөлгүүд рүү усан буу ашиглаж буй нь АНУ-Филиппиний холбоотны гэрээний “Зэвсэгт түрэмгийлэл” гэдэг томьёоллыг хөндөхгүйг хичээж буй хэрэг юм.
  • АНУ-БНСУ-ын холбоотны гэрээ (1953). Хоёр талын холбоотны гэрээний хамрах хүрээнд тус хоёр улсын Номхон далай дахь нутаг дэвсгэр (БНСУ бүхлээрээ, харин АНУ-ын арлууд) гэж заасан бөгөөд АНУ-ын эх газар халдлагад өртвөл БНСУ туслах үүрэг хүлээхгүй юм.
  • АНУ-Японы аюулгүй байдлын гэрээ (1960). Гэрээний заалт нь Япон улс, эсвэл Японы нутаг дэвсгэрт буй АНУ-ын цэргийн бааз гадны зэвсэгт халдлагад өртвөл (Нөгөө талаас АНУ түрэмгийлэлд өртвөл Япон улс туслах үүрэг хүлээгээгүй) харилцан туслалцах тухай гэрээ юм. Энэ хүрээнд Япон улсын бүх нутаг түүний дотор Сенкаку арлууд БНХАУ-ын халдлагад өртсөн тохиолдолд АНУ нь Японы талд дайтах болохыг Вашингтон байнга илэрхийлдэг.
  • АНУ-Тайландын холбоотны гэрээ (1962). 1962 онд хоёр улсын ГХ сайд нарын хамтран гаргасан Thanat–Rusk communiqué -ийн хүрээнд АНУ нь Тайландыг хөрш улсуудын түрэмгийллээс хамгаалахад туслахаар заасан боловч АНУ түрэмгийлэлд өртвөл Тайланд туслах талаар дурдаагүй. 2003 онд АНУ нь Тайландад MNNA статус олгосон.
  • АНУ-Австралийн холбоотны гэрээ (1951). ANZUS-ын Холбоотны гэрээ АНУ, Австрали, Шинэ-Зеланд гурван улс гадны аливаа зэвсэгт түрэмгийллийн эсрэг харилцан туслалцах гэрээ юм. Гэрээний үйлчлэх хүрээ нь тус гурван улсын эх газар, Номхон далай дахь арлын нутаг нь бүгдэд хамаарна. 1986 онд Шинэ-Зеланд тус гэрээнээс түдгэлзсэн.[2]
  • АНУ-Тайваний харилцаа (1979). 1979 онд батлагдсан “The Taiwan Relations Act”-ийн хүрээнд АНУ нь Тайваний тусгаар тогтнолыг дэмжихгүй боловч тус арлын статус-квог хүчээр өөрчлөхийн эсрэг бодлого барьж арлын өөрийгөө хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээр амласан байдаг.

БНХАУ-ын тэлэлтийг тэнгист тогтоон барихын тулд АНУ сүүлийн жилүүдэд хоёр талт холбоотны гэрээнүүдээ шинэчлэн бэхжүүлэхийн хамт олон талт түншлэлийн форматууд санаачлан хөгжүүлж өөр бусад бүс нутгаас холбоотон, түншүүдээ Энэтхэг-Номхон далайн аюулгүй байдлын архитектурт татан оролцуулж эхлээд байна. Онцлох зарим форматуудаас дурдвал:

  • QUAD. АНУ, Австрали, Япон, Энэтхэгийн түншлэлийн QUAD формат нь шууд цэргийн эвсэл биш боловч улс төр, эдийн засаг, технологийн салбарын бодлогын уялдаа холбоо, координацаар дамжуулан БНХАУ-ын эсрэг нэгдсэн шугам үүсгэх оролдлого юм. АНУ-ын хувьд QUAD-ийн үндсэн зорилго нь Энэтхэгийг уламжлалт нейтраль чиг шугамаас нь хөдөлгөж өөрийн нөлөөллийн хүрээнд ойртуулах хэрэглүүр бөгөөд цаашид цэргийн эвсэл болох төлөвгүй.
  • AUKUS. АНУ, Австрали, Их Британий цэргийн нарийн технологи хуваалцах гэрээ. Гол зорилго нь Австралийг цөмийн шумбагчийн бүрэн флоттой болгох замаар Энэтхэг-Номхон далай дахь Хятадын тэнгисийн хүчний эсрэг тэнцвэр барих зорилготой. AUKUS-I нь цөмийн шумбагч хөлгийн технологи бол AUKUS-II нь өөрөө явагч байлдааны систем, дрон, робот, хиймэл оюун, кибер ба сансрын технологи хуваалцах гэрээ болно. AUKUS-т хэсэгчлэн нэгдэх талаар Япон, Канад, Шинэ-Зеланд улсууд сонирхлоо илэрхийлж буй бөгөөд хэрвээ оролцсон тохиолдолд Хятадын эсрэг зорилготой цэргийн технологийн формат руу орж буй хэрэг болно.
  • Умард Азийн гурвал. 2023 он нь АНУ, Япон, БНСУ-ын хувьд харилцаагаа ойртуулж гурвалсан форматаар бүс нутгийн асуудлуудад нэгдсэн координац хийх “Кэмп Дэвидийн уулзалт” хийсэн чухал жил болсон. Ялангуяа Япон, БНСУ хоорондын түүхэн асуудлуудаа өнгөрсөнд үлдээж одоо ба ирээдүйн тулгарч буй сорилтуудад (БНАСАУ, БНХАУ, ОХУ) АНУ-ын хамтаар сөрөн зогсох түүхэн шийдэлд хүрсэн нь онцгой явдал байлаа. Гэвч тус шинэ Гурвал формат цаашид хэр удаан үргэлжлэхийг цаг хугацаа ба үйл явдлууд тэдгээрт форматаараа нэгдэж хариу үйлдэл үзүүлж буй хэлбэр нь харуулах бөгөөд өнөөгийн байдлаар шууд амжилт гэж дүгнэх нь эртэднэ.
  • Харилцан цэрэг зорчин байрших гэрээнүүд (Reciprocal Access Agreement – RAA). Одоогоор АНУ-ын ойрын холбоотон дараах орнууд цэргийн сургалт, хамтарсан бэлтгэл, ажиллагаа дэмжих, хангалт хийх зэрэг зорилгоор харилцан цэрэг зорчин байршуулах гэрээнүүд байгуулаад байна.
  • Япон – Их Британи (2023 онд RAA байгуулсан)
  • Япон – Австрали (2022 онд RAA байгуулсан)
  • Япон – Франц (2023 онд RAA байгуулах замын зураг зарласан)
  • Япон – Филиппин (2024 онд RAA байгуулахаар бэлтгэж байна)
  • Австрали – Франц (2023 онд RAA байгуулсан)
  • БНСУ – Их Британи (2023 онд RAA байгуулахаар хэлэлцээ эхлүүлсэн)
  • Хамтарсан цэргийн дадлага сургуулиуд. АНУ ба түүний холбоотнууд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт цэргийн хамтын ажиллагааны боломжит олон форматыг туршиж байна. БНХАУ ба БНАСАУ-ыг тогтоон барихад чиглэсэн олон хэлбэрийн цэргийн бэлтгэл сургуулиас АНУ, Япон, БНСУ-ын хамтарсан формат, АНУ, Япон, Филиппиний хамтарсан формат, АНУ, Австрали, Филиппиний хамтарсан формат, АНУ, Австрали, Япон, Филиппиний форматууд тус тус эрчимжиж байна. Мөн Энэтхэг-Номхон далайн улсуудын Ерөнхий Штаб, Цэргийн тагнуулын газрын дарга нарын уулзалтын форматыг тогтмолжуулж байгаа ба үүнд Монгол Улс оролцдог болсон билээ.[3]
  • АНУ-Номхон далайн арлуудын формат: БНХАУ-ын Номхон далайн арлын улсуудтай харилцах шугамыг АНУ-ын тал анхааралтай ажиглаж арлуудыг өөрийн нөлөөнд барих алхмыг шуурхай эхлүүлсэн. 2022 ба 2023 онд АНУ-PIF (Pacific Islands Forum) форматаар дээд хэмжээний уулзалт Вашингтонд зохиож Хятадын нөлөөг Номхон далай даяар хязгаарлах алхмууд хийсэн.[4]

БНХАУ-ын эсрэг АНУ-ын бий болгож буй холбоотны тогтолцооны тэргүүн шугамд Япон, Филиппин улс үндсэн хоёр жигүүр нь болно. Хятадын тэлэлтийг тэнгист тогтоон барих үндсэн шугам 1-р цувраа арлуудын төв хэсэг нь Тайвань гэж үзвэл түүний умард жигүүрт Японы Сенкаку, Окинава арлууд, харин өмнөд жигүүрт нь Филиппиний арлууд тус тус стратегийн халхавч байршил болно. Энэ агуулгаар 2024 оны 4 дүгээр сарын эхээр АНУ-д тус гурван улсын удирдагчид уулзаж батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засгийн үндсэн зөвшилцөлд хүрч олон гэрээ, хэлцлүүд байгууллаа. АНУ-Япон 1960 оны аюулгүй байдлын гэрээгээ шинэ агуулгаар баяжуулж 72 баримт бичиг шинээр байгуулсны дотор Япон дахь АНУ-ын цэргийн хүч, Японы Өөрийгөө Хамгаалах хүч хоорондоо ажиллагаа уялдуулахаар командлалын тогтолцоогоо шинэчлэх, АНУ-Японы батлан хамгаалах үйлдвэрлэлийн чадавхыг интеграци хийх зэрэг түүхэн алхмууд хийлээ.[5]

Зураг-4. 2024 оны байдлаар Филиппиний арлууд дээр байгуулагдаж буй АНУ-ын цэргийн нийт 10 баазын нэр, байршил. АНУ эдгээр байршилд тэнгисийн ба агаарын бааз, нисэх зурвас, логистикийн төв, цэргийн сургалтын төвүүд зэргийг байгуулж байна. (2024 он. South China Sea Probing Initiative)

АНУ-Япон-Филиппиний гурвалсан уулзалтаар Өмнөд Хятадын тэнгист хамтарсан эргүүл хийх, Филиппиний арлууд дээрх АНУ-ын цэргийн баазуудын өргөтгөл, Японы тал цэргийн техник хэрэгсэл Филиппинд нийлүүлэх, Лусоны эдийн засгийн коридорт хөрөнгө оруулах зэрэг асуудлуудаар тохиролцсон.[6] Тайваний умард эргээс хойш 170 км зайд орших Сенкаку арлууд дээр Японы тал цэргийн баазууд нэмж газар-агаар, газар-далай ангиллын пуужингууд тавьсан бол Тайваний эргээс өмнө зүгт 190 км зайд Филиппиний Батаны арлууд дээр АНУ шинээр цэргийн бааз байгуулахаар (Филиппиний арлууд дээр АНУ-ын байгуулсан цэргийн 9 бааз дээр нэмэлт шинэ 10 дахь бааз) төлөвлөж байна.

Зураг-5. Гуам, Филиппин, Окинавад байрших АНУ-ын дунд тусгалын MRC пуужингийн системийн цохилтын тусгалын радиус 370-1800 хүртэл км.

2024 оны 4 дүгээр сард АНУ-ын арми Филиппиний арлууд дээр дунд тусгалын пуужингийн систем (Mid-Range Capability – MRC) шуурхай байршуулах сургууль хийсэн нь талуудад том дохио өглөө.[7] АНУ-ын армийн MRC Typhon систем нь харвагч сууриараа 370 км тусгалтай Standard Missile 6 (SM-6) баллистик пуужин болон 1600 км тусгалтай Tomahawk далавчит пуужин харвах зориулалттай бөгөөд Окинава, Гуам, Лусон арлуудад байршсан MRC системийн тусгалын зай нь эх газрын Хятадын далайн эрэг орчмын нутаг, тэнгисийн бүс нутгийг бүрэн хамрах бололцоотойг нотлов. Цаашлаад АНУ-ын бүтээж буй дунд тусгалын гиперсоник пуужингийн систем (Long-Range Hypersonic Weapon – LRHW нь 2875 км зайд Мах-5 хурд буюу 6000+ км/ц хурдтай ниснэ) армийн ба тэнгисийн цэргийн зэвсэглэлд 2026-2028 онд бүрэн орох төлөвлөгөөтэй байна.[8] LRHW нь АНУ-ын арми, флотын зэвсэглэлд орвол Virginia ангиллын цөмийн шумбагч, Цумвальт ангиллын халхавч хөлөг, мөн хуурай замын дунд тусгалын хөдөлгөөнт пуужингийн цогцолбор MRC байдлаар Энэтхэг-Номхон далайн бүс нутагт байршиж стратегийн тооцоолол, хүчний харьцаанд өөрчлөлт оруулах болно.

Дүгнэлт

2011 оноос эхэлсэн АНУ-ын стратегийн бодлогын Энэтхэг-Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн үндсэн эргэлт 2024 оны байдлаар “Холбоотны тогтолцоо бүрдүүлэх, Холбоотнуудаа бэхжүүлэх, Цэргийн хүчин чадал хуралдуулах” шатандаа явна. Хэдийгээр Украин дахь дайн, Ойрх Дорнод дахь хямрал зэрэг нь АНУ-ын стратегийн хүч нөөц хуваарилалтыг 3 театрт хувааж хүч тарамдуулж буй боловч стратегийн ашиг сонирхол бүхий үндсэн чиглэл нь Энэтхэг-Номхон далай хэвээр байх болно. АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь Холбоотны тогтолцоо 2027-2030 оны орчимд БНХАУ, БНАСАУ болон ОХУ-ын эсрэг хүчний тэнцвэр барих хэмжээнд бүрэлдэх төлөвтэй байна.

АНУ-ын Энэтхэг-Номхон далайн бодлого нь тэнгис далайн орон зайд тулгуурласан батлан хамгаалах, эдийн засаг, технологи, үйлдвэрлэл ба нийлүүлэлтийн сүлжээ, норм стандартын иж бүрэн харилцаа бүхий холбоотны тогтолцоо бий болгох зорилготой. Энэ бодлогын аль хэсэгт Монгол Улс багтаж буй нь хамгийн сонирхолтой асуулт юм. Монгол-Америкийн харилцаа, Монгол-Хятадын харилцаа, Монгол-Оросын харилцаа, Монгол ба АНУ-ын холбоотон орнуудын харилцааны тэнхлэгүүд чухам аль хэсгээрээ эрх ашиг огтлолцож эсвэл зөрчилдөж буйг олж тогтоон угтуулсан бодлого явуулах нь Монгол Улсын хөгжлийн цаашдын ерөнхий төлөвт нөлөөлөх болно. 2024 оны 3 дугаар сард АНУ-ын ТНБД орлогч Курт Кэмпбелл (өмнө нь АНУ-ын ҮАБЗ-ийн Энэтхэг-Номхон далай хариуцсан гол координатор байсан) Монгол Улсад ажлын айлчлал хийсэн нь бүх талуудад тодорхой сигнал өгсөн.[9] Их гүрнүүдийн стратегийн өрсөлдөөний дунд өөрийн чөлөөтэй маневрлах орон зайгаа хадгалах, аливаа сөргөлдөөнд татагдан орохгүйгээр хоёр ба олон талт харилцааны форматуудад оролцож хөгжлийн хурдасгуур болгохыг эрмэлзэх нь Монгол Улсын бодлого тодорхойлогч, хэрэгжүүлэгчдийн гол даалгавар байх болно.

Зураг-6. Энэтхэг-Номхон далайд бүрдүүлж буй АНУ-ын Холбоотны тогтолцоо ба түүнтэй өрсөлдсөн БНХАУ-ын дипломат ажиллагааны зураглал. (Cleo Pascal- FDD Fellow)


[1] Major Non-NATO Ally Status   |   U.S. Department of State https://www.state.gov/major-non-nato-ally-status/

[2] NATO Isn’t Defending Guam, But Others Are   |   The National Interest. April 10, 2024 https://nationalinterest.org/feature/nato-isn%E2%80%99t-defending-guam-others-are-210504

[3] 20 Military Intelligence Chiefs Meet for 16th Annual IPICC   |   USINDOPACOM. Sept. 28, 2023 https://www.pacom.mil/Media/News/Spotlight/Article/3542097/20-military-intelligence-chiefs-meet-for-16th-annual-ipicc/

[4] U.S.-Pacific Island Forum Leader’s Summit in Washington, D.C.   |   September 25-26, 2023 https://www.state.gov/u-s-pacific-island-forum-leaders-summit/

[5] Biden and Kishida strengthen bonds to defend global order   |   Nikkei. April 11, 2024 https://asia.nikkei.com/Politics/International-relations/Biden-and-Kishida-strengthen-bonds-to-defend-global-order

[6] A ‘New Trilateral Chapter’ for the United States, Japan, and the Philippines   |   CSIS. April 15, 2024 https://www.csis.org/analysis/new-trilateral-chapter-united-states-japan-and-philippines

[7] US Army’s Mid-Range Capability makes its first deployment in the Philippines   |   U.S. Army Pacific. April 15, 2024 https://www.usarpac.army.mil/Our-Story/Our-News/Article-Display/Article/3740807/us-armys-mid-range-capability-makes-its-first-deployment-in-the-philippines-for/

[8] US Navy preps hypersonic weapon test this spring, with Army watching   |   Defense News. March 28, 2024 https://www.defensenews.com/digital-show-dailies/global-force-symposium/2024/03/28/us-navy-preps-hypersonic-weapon-test-this-spring-with-army-watching/

[9] Курт Кэмпбэлл: Монгол Улс нь АНУ-ын хамгийн ойр, нягт түнш   |   МОНЦАМЭ. 2024-03-22 https://montsame.mn/mn/read/340210


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА