1972 онд АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон БНХАУ-д айлчилснаас хойш 40 жилийн хугацаанд (Хэнри Киссинжерийн Эх газрын Хятадад хийсэн нууц айлчлалаас Обамагийн Азийн бодлого хүртэл 1971-2011 он) Вашингтоны зүгээс Хятадыг Ази дахь “Онцгой түнш” гэж үзэж ирсэн.[1] Онцгой гэдэг нь “Ойрын түнш” гэсэн утгыг агуулахгүй бөгөөд юуны өмнө ЗХУ-ын эсрэг Хүйтэн дайнд коммунист блокийн хуваагдлыг ашиглаж Москвагийн эсрэг Бээжинг тэнцвэржүүлэгч хүч болгон харгалдуулах, цаашлаад Хятадын аварга том зах зээлийг дэлхийд нээж Америкийн капитал орох замыг нээх, Хятадын олон зуун сая хямд ажиллах хүч ба үйлдвэрлэлийн чадамжийг дэлхийн зах зээлд холбосноор Америкийн оффшор үйлдвэрлэлийн бааз болгоход чиглэж байв. БНХАУ-ыг ДХБ-д элсүүлэхтэй холбогдуулан 1999 онд Хятад-Америкийн худалдааны хэлэлцээр байгуулагдсан, улмаар 2001 онд БНХАУ ДХБ-д элссэн явдал нь (АНУ-ын лобби, дэмжлэг их нөлөөлсөн) эхэн үедээ Вашингтоны grand-strategy хэрэгжиж буй мэт сэтгэгдэл төрүүлж байв. Гэвч БНХАУ-ын хөгжлийн хурдац, үйлдвэрлэлийн чадамж үлэмж өсөж, технологийн үсрэнгүй хөгжил явагдаж, хуурай газрын ба тэнгисийн их гүрэн болон өндийж ДНБ хэмжээгээр 2010 онд Японыг гүйцэж түрүүлэн АНУ-ын ард 2-р байранд тулж ирсэн явдал Вашингтоны стратеги төлөвлөгчдөд түгшүүрийн харанга дэлдсэн.
2011 оны 11 дүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Обамагийн засаг захиргаа тус улсын гадаад бодлогын үндсэн чиглэл Ази руу эргэж буй тухай албан ёсоор зарлав. АНУ-ын ТНБД Хиллари Клинтон Foreign Policy сэтгүүлд “America’s Pacific Century” нэртэй өгүүлэл гаргаж дэлхийн ирээдүй Ирак, Афганистанд биш, харин Ази-Номхон далайн бүс нутагт байх бөгөөд АНУ энэ өрнөлийн төвд нь байх тухайгаа заасан.[2] Сонирхолтой нь тус өгүүлэлд АНУ-ын Ази дахь ойрын түншүүд гэдэгт Монгол Улсыг нэр цохон заасан нь Монгол-Америкийн харилцааны вектор Төрийн Департаментын анхааралд байхыг илэрхийлсэн юм. Обамагийн засаг захиргааны бодлогын гол үзүүр нь БНХАУ-ын эрс хүчирхэгжилтийг саармагжуулах, тогтоон барих, алсдаа хумих, дэлхийн тавцанд болон Ази-Номхон далайн театрт Америкийн байр суурийг бэхжүүлж холбоотны тогтолцоо бий болгох зорилтууд тавьсан.[3]
Ази-Номхон далай дахь АНУ-ын бодлогын хувьсал
Ази-Номхон далай руу нэвтрэх үе шат: 1898 оны Испани-Америкийн дайнаас хойш АНУ-ын гадагш чиглэсэн бодлогод Ази-Номхон далайн бүс нутаг Транс-Атлантын орон зайтай ижил том байр суурь эзлэх болсон. 1900 онд Боксерын бослогыг дарах эвсэлд АНУ оролцсоноос эхлэн эх газрын Хятад дахь хүчний тэнцвэр тогтох үе болгонд АНУ оролцоотой байж ирсэн. АНУ 1900 онд Боксерын бослогыг дарах 8 гүрний эвсэлд нэгдэхдээ юуны өмнө Манж Чин улсын дотоод задралаас сэргийлж өрнөдийн капитал, концессыг хамгаалах, нөгөө талаас Хятадыг өрнөдийн гүрнүүд хэсэгчлэн хувааж авахаас сэргийлж эх газрын Хятадын нэгдмэл зах зээлд Америкийн капитал орох замыг нээх (ТНБД Жон Хэйн Нээлттэй Хаалганы ноот) зорилго тавьсан байна.[4] 1921-1922 оны Вашингтоны тэнгисийн бага хурлын зорилго нь ч мөн адил АНУ нь шинэ үүссэн Дундад иргэн улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын (Гадаад Монголын асуудал үүнд багтсан) зэрэгцээ Номхон далайд тогтсон статус-квог 10 жилээр сунгахыг эрмэлзэж байв.[5] Дэлхийн II дайн, түүний үр дүн АНУ-ыг эргэлт буцалтгүй Ази-Номхон далайн гол тоглогчдын нэг болгон хувиргасан билээ.
Ази-Номхон далайд нөлөөллөө тогтоож бэхжих үе шат: Дэлхийн II дайны дараах Ази-Африк дахь колонийн задрал, НҮБ үүсэх үйл явц өрнөхийн зэрэгцээ эх газрын Хятад дахь иргэний дайнд АНУ-ын дэмжсэн Чан Кайшийн Үндэсний Засгийн газар ялагдсан явдал Вашингтоны Ази-Номхон далайн төдийгүй дэлхийн бодлогод нь нөлөөлсөн. Маханы тэнгисийн ноёрхлын стратеги,[6] Маккиндерийн Зүрхэн газрын томьёолол,[7] Кеннаны коммунист блокийн тухай бодит дүгнэлтүүд[8] АНУ-ын зуун дамнасан геополитикийн суурь болж ирснийг түүх харуулдаг. Солонгосын дайн, Төвөдийн бослого, Вьетнамын дайн, Тайваний хоолойн хямралууд, Зөвлөлт-Афганы дайн, одон бөмбөгийн дипломаси болон бусад олон үйл явдлын нийлбэр үр дүнд Хүйтэн дайн өндөрлөхөд Ази-Номхон далай дахь одоогийн статус-кво дүр төрхөө олж бүрэлдсэн. Энэ үе шатанд Бээжин-Москвагийн сөргөлдөөнөөр коммунист блок дотор үзэл суртлын хагарал үүсэх үед БНХАУ-тай харилцаагаа нээж дэлхийн тавцанд Хятадыг гаргаж ирсэн нь Вашингтоны гол амжилтын нэг байв.
Нэг туйлт дэлхийн үе шат: Коммунист блокийн задралын дараа АНУ-ын загварчилсан олон улсын банк санхүүгийн систем, өрнөдийн нөлөөлөл давамгайлсан НҮБ, АНУ-ын хяналт хамгаалалтын дор өргөжсөн дэлхийн худалдаа ба тэнгисийн зам, либерал үзэл суртлын нөлөөлөл дэлгэрч өрсөлдөгчгүй мэт болсон үед зарим судлаачид “Түүхийн төгсгөл” гэж тунхаглаж байв.[9] АНУ-ын ерөнхийлөгч Рэйган, Бушийн засаг захиргааны үед БНХАУ-д эхэлсэн эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтээ дагаад үзэл санааны өөрчлөлт, цаашлаад улс төрийн дэглэмийн өөрчлөлт явагдахыг хүлээж байсан ч Тянь-Аньмэний хэрэг явдал энэ чиглэлд цэг тавьсан юм. Клинтоны засаглалын он жилүүд БНХАУ-ын эдийн засгийг АНУ-ын зах зээлтэй холбох, олон улсын санхүү ба худалдааны системд интеграц хийх, дэлхийн зах зээлтэй холбох, Америкийн капиталд давуу тал олгох чиглэлд илүү анхаарсан бөгөөд тухайн үеийн Бээжингийн эрх баригчид туйлын аядуу, хүлээцтэй хандлага харуулж байсан нь өрнөдийнхөнд найдлага төрүүлж байв. Хятад – Америкийн худалдаа 1980-2004 оны хугацаанд $5 тэрбумаас $231 тэрбум болж өссөн нь Нэг туйлт дэлхий ба Америкийн флотын хамгаалалтад хөгжсөн тэнгисийн зам, чөлөөт худалдаанаас хамгийн их хожил хүртсэн нь БНХАУ болохыг харуулна.[10]
Хятадын хүчирхэгжилт, АНУ-ын бодлогын эргэлт: 1990-2005 оны хооронд БНХАУ батлан хамгаалах төсвөө дунджаар 15% өсгөж ирсэн бол 2007 онд 18% өсгөж $45 тэрбум давав. 2008 оны 9 дүгээр сард Америкийн гадаад өрийг эзэмших хэмжээгээр БНХАУ нь Японыг гүйцэж түрүүлэн хамгийн том зээлдүүлэгч ($600 тэрбум) болов. 2010 онд БНХАУ дэлхийн 2 дахь том эдийн засаг болж ($5.88 их наяд) ДНБ-ий хэмжээгээр 2027 онд АНУ-ыг гүйцэж түрүүлэх төлөв гарав. 2011 онд АНУ-БНХАУ-ын хоёр талын худалдаанд АНУ-ын тал $295.5 тэрбумын алдагдал хүлээж улмаар 2012 онд ДХБ-д Хятадын худалдааны шударга бус бодлогын асуудлаар АНУ, Япон, Европын Холбоо нийлж зарга үүсгэв.[11] БНХАУ-ын үйлдвэрлэл ба экспортын хүчин чадал, зарим түүхий эдийн (тухайлбал, газрын ховор элемент) экспортын хяналтын бодлогоор дамжуулан худалдааны давуу тал олох арга барил зэрэг нь өрнөдийн эдийн засагт аюул учруулж эхэлсэн тул товчхондоо худалдааны дайн эхлэх үндэс тавигджээ. 2012 онд ХКН-ын XVIII их хурлаар БНХАУ-ын шинэ удирдлага зарлагдаж Ши Жинпин “Хятад үндэсний сэргэн мандлын эрин” эхэлснийг тунхаглав. 2011 онд АНУ-ын эрх баригчид Ойрх Дорнодын дайнаасаа холдож бодлогын гол чиглэл нь Ази/Энэтхэг-Номхон далай болсныг зарлаж Австралийн Дарвинд 2,500 тэнгисийн явган цэрэг байршуулж эхэлсэн (MRF-Darwin program нь 2019 онд бүрэн зорилтдоо хүрсэн).[12]
Америк-Хятадын ил сөргөлдөөний эхлэл: 2015 онд Shangri-La Dialogue дээр Пентагоны тэргүүн Эштон Картер “Энэтхэг-Номхон далайн аюулгүй байдлын шинэ архитектур” бий болгох тухай зарласан нь БНХАУ-ын хурдтай тэлэлтийг тэнгист тогтоон барих АНУ-ын стратеги эхэлснийг ойлгуулсан юм. Картер Өмнөд Хятадын тэнгист БНХАУ-ын байгуулж буй хиймэл арлуудын нарийвчилсан, цочир мэдээллүүдийг дурдсан ба тус бүс нутагт АНУ-ын баримтлах зарчмуудыг тодорхой зарлав.[13] Үүнд бүс нутгийн асуудлыг энхийн зарчмаар, (Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааны сэдэв) бүх талуудын эрх ашгийг олон улсын эрх зүйн үүднээс шийдвэрлэх, ингэхдээ олон улсын далай тэнгист ба түүний агаарын орон зайд чөлөөтэй зорчих тухай НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх (United Nations Convention on the Law of the Sea – UNCLOS) чиглэлд АНУ өөрийн холбоотнуудын хамт үүрэг гүйцэтгэх болно гэж зарласан.[14] Мөн АНУ-ын Номхон далайн командлалыг Энэтхэг-Номхон далайн командлал болгож ажиллагааны орон зайг нь өргөтгөж буй үндэслэлийг тайлбарласан. Энэтхэг-Номхон далайд шинэ үеийн цөмийн шумбагчууд (Virgina ангилал), Цумвальт ангиллын халхавч хөлгүүд, тактикийн цохилтын зэвсэглэл, дрон, олон үүрэгт нисэх онгоц нэмж байршуулах тухай АНУ зарласан юм.
Эштон Картерын мэдэгдлийн дараа БНХАУ-ын ГХЯ-аас 6 зүйл бүхий тайлбар хариу мэдэгдэл гаргаж Өмнөд Хятадын тэнгис дэх тус улсын бүрэн эрхийг түүхэн ба эрх зүйн үүднээс зарлав.[15] Хятад-Америкийн глобал өрсөлдөөний хурцадмал хэлбэр Энэтхэг-Номхон далайд эхэлснийг талууд харилцан зарласан ба АНУ-ын тал энэ өрсөлдөөнд тус бүс нутагт “Холбоотны тогтолцоо” үүсгэж оролцох болно гэдгээ үүгээр ойлгуулсан юм.
2024 оны мэдээллээр БНХАУ-ын хөлөг онгоц үйлдвэрлэлийн чадамж дэлхийн нийт гарцын 51%-ийг эзэлж 2030 оны орчимд Хятад тэнгисийн флот байлдааны 435 хөлөгтэй болох бол АНУ-ын тэнгисийн флот 290 хөлөгтэй үүнээс 60% нь Номхон далайд байнга жижүүрлэх төлөвтэй байна. Эх газрын Хятад түүний эрэг орчмын усанд хүчний харьцаа Хятадын талд хэт давуу байдал үүсэх төлөв байдал ажиглагдаж буй тул АНУ-ын зүгээс дангаараа сөрөн зогсох бус харин холбоотны тогтолцоо үүсгэх нь зөв стратеги болно.
Зураг-2. БНХАУ, АНУ-ын байлдааны хөлгийн тооны өсөлтийн төлөв 2000-2030. (The Wall Street Journal, Congressional Research Service – 2024)
БНХАУ-ын эсрэг АНУ-ын эдийн засгийн бодлогын арга хэрэглүүрүүд: Хятад-Америкийн стратегийн өрсөлдөөн зөвхөн цэрэг-стратегийн хүчин чадлын сорилт бус, илүү өргөн хүрээний гео-экономикс, технологийн өрсөлдөөн, үйлдвэрлэлийн байршил, хиймэл оюуны нэвтрэлт, судлаач эрдэмтдийн тоо, инновац ба шинэ патентын тоо, хиймэл дагуулын тооны асуудал болон бүх талбарт өргөжиж байна. Энэтхэг-Номхон далайн бүс нутагт сүүлийн 15 жилд өрнөсөн 2 талын бодлогын томоохон маневруудыг авч үзвэл:
- Trans-Pacific Partnership (TPP). AПEК-ийн форматаас санаа авч 2005 оноос эхлэн Номхон далай тойрсон бүс нутагт илүү нарийвчилсан худалдааны хэлэлцээр байгуулах 4 улсын санаачилга байдлаар эхлээд 11 улсыг татан оролцуулсан. АНУ 2008 оноос тус хэлэлцээрт нэгдэх хэлэлцээ хийж эхэлсэн ч 2017 онд ерөнхийлөгч Трампын засаг захиргаа тус хэлэлцээрээс гарсан. TPP нь нэгдэн орохоо илэрхийлсэн 11 улсаас зөвхөн 2 улсад л бүрэн соёрхон батлагдсан. АНУ, БНХАУ TPP-д нэгдээгүй тул уг санаачилга зогсонги байдалд орсон.
- Comprehensive and Progressive Agreement for Trans-Pacific Partnership (CPTTP). TPP-ийн формат бүтэлгүй болсныг залган 2018 оноос TPP-г анх санаачилсан 11 улсын байгуулсан (Их Британи улс 12 дахь улс нь болохоор ажиллаж байна) худалдааны хэлэлцээр. АНУ, БНХАУ аль аль нь CPTTP-г сонирхож байсан ч Энэтхэг-Номхон далайд тус тусын форматыг бий болгож тоглолт хийх сонирхолтой тул (БНХАУ нэгдэн орохыг Япон эсэргүүцсэн) нэгдэн орох нь утгагүй болсон.
- Regional Comprehensive Economic Partnership (RCEP). 2020 оноос БНХАУ болон AСEAН, Япон, БНСУ, Австрали, Шинэ-Зеланд зэрэг 14 улсын байгуулсан худалдааны хэлэлцээр. RCEP бол БНХАУ-ын (Бүс, Зам хөтөлбөртэйгөө хоршуулан) нөлөөлөл, манлайлал дор бий болсон бүс нутгийн худалдаа, эдийн засгийн том хэрэглүүр болж хувирсан.
- Indo-Pacific Economic Framework (IPEF). 2022 онд АНУ-ын санаачилсан Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн формат. IPEF нь RCEP-ээс ялгаатай нь гааль, худалдааны хэлэлцээр биш бөгөөд эдийн засгийн түншлэлийн 4 чиглэлд хамтран ажиллах формат болно:
- Connected Economy (Технологи, цахим эдийн засагт суурилсан худалдааг дэмжих)
- Resilient Economy (Нийлүүлэлтийн сувгийн аюулгүй байдлаа бэхжүүлэх)
- Clean Economy (Ногоон эрчим хүч, дэд бүтэц, стандартын түншлэл)
- Fair Economy (Авлига, гэмт хэрэгтэй тэмцэх, татварын системээ стандартжуулах, дата солилцох)[16]
- Нэмүү өртгийн үйлдвэрлэл, технологийн чиглэлд АНУ нь өндөр технологийн хагас дамжуулагч, чипийн үйлдвэрлэлд хяналт тавих өөрийн давуу талаа ашиглан Япон, Тайвань, БНСУ-ыг оролцуулсан “Чипийн дөрвөл” форматыг БНХАУ-ын эсрэг худалдааны дайнд босгон тавиад байна.[17] Энэ форматын хүрээнд АНУ өөрийн дотоодын чипийн үйлдвэрлэлээ дэмжихийн хамт БНХАУ руу хиймэл оюуны хөгжүүлэлт хийх чадалтай чипийн экспорт хийхэд хэсэгчилсэн хориг тавиад байна. Мөн түүнчлэн хагас дамжуулагчийн лазер зорогч машин үйлдвэрлэдэг Нидерланд, Японыг оролцуулсан “Гурвал эвсэл” үүсгэж БНХАУ-ын чипийн үйлдвэрлэлд давхар цохилт өгөхөөр чармайж байна.[18]
Зураг-3. Энэтхэг-Номхон далай дахь эдийн засаг, худалдааны форматууд: APEC, RCEP, CPTPP, QUAD (The Economist). АНУ-ын санаачилсан IPEF нь эдгээр форматуудтай өрсөлдөхүйц хөтөлбөр байж чадах эсэхийг ойрын жилүүдэд харах болно.
Үргэлжлэл дараагийн дугаарт
Ашигласан эх сурвалж:
[1] 50 Years Later: Richard Nixon’s Historic Visit to China | The George Washington University. March 2, 2022 https://gwtoday.gwu.edu/50-years-later-richard-nixons-historic-visit-china
[2] America’s Pacific Century; The future of politics will be decided in Asia, not Afghanistan or Iraq, and the United States will be right at the center of the action. | Foreign Policy. October 11, 2011 https://foreignpolicy.com/2011/10/11/americas-pacific-century/
[3] The American Pivot to Asia | Brookings. December 21, 2011 https://www.brookings.edu/articles/the-american-pivot-to-asia/
[4] Secretary of State John Hay and the Open Door in China, 1899–1900 | Office of the Historian, FSI. https://history.state.gov/milestones/1899-1913/hay-and-china
[5] The Washington Naval Conference, 1921–1922 | Office of the Historian, FSI https://history.state.gov/milestones/1921-1936/naval-conference
[6] Mahan’s The Influence of Sea Power upon History: Securing International Markets in the 1890s | Office of the Historian, FSI. https://history.state.gov/milestones/1866-1898/mahan
[7] “Confining the Enemy” – Halford Mackinder’s Theory of Containment and the Conflict in Ukraine | Naval War College Review: Vol. 76: No. 2, Article 7. Spring 2023 https://digital-commons.usnwc.edu/cgi/viewcontent.cgi?article=8348&context=nwc-review
[8] CHANNELING THE LEGACY OF KENNAN: THEORY OF SUCCESS IN GREAT POWER COMPETITION | The Modern War Institute at West Point. 02.08.2022 https://mwi.westpoint.edu/channeling-the-legacy-of-kennan-theory-of-success-in-great-power-competition/
[9] The End of History and The Last Man and Liberalism and Its Discontents. Francis Fukuyama’s The End of History and the Last Man celebrates its 30th anniversary this year. After its release, Fukuyama wrote two other major works (in 2011 and 2014) that he says “rewrote” The End of History. Now, he is out with Liberalism and Its Discontents, which provides key insights into the evolution of his thought. | Cato Institute. Fall 2022 https://www.cato.org/regulation/fall-2022/fukuyama-interesting-books-some-baggage#liberalism-and-its-discontents
[10] 1949 – 2023 U.S.-China Relations | Council on Foreign Relations. 2024 https://www.cfr.org/timeline/us-china-relations
[11] Challenging China’s Trade Practices | Council on Foreign Relations. March 14, 2012 https://www.cfr.org/interview/challenging-chinas-trade-practices
[12] Marines reach 2011 goal of 2,500 in Darwin, with addition of HIMARS platoon | USNI News. July 25, 2019 https://news.usni.org/2019/07/25/marines-reach-2011-goal-of-2500-in-darwin-with-addition-of-himars-platoon-more-to-current-rotation
[13] Potential new runway presents new headaches. | AMTI.CSIS. September 15, 2015 https://amti.csis.org/new-imagery-release/
[14] IISS Shangri-La Dialogue: “A Regional Security Architecture Where Everyone Rises” | May 30, 2015 https://www.defense.gov/News/Speeches/Speech/Article/606676/iiss-shangri-la-dialogue-a-regional-security-architecture-where-everyone-rises/
[15] Foreign Ministry Spokesperson Hua Chunying’s Remarks on US Defense Secretary Carter’s Speech Relating to the Issue of the South China Sea at the Shangri-La Dialogue | 2015-05-30 https://www.fmprc.gov.cn/mfa_eng//xwfw_665399/s2510_665401/2535_665405/201505/t20150530_696514.html
[16] FACT SHEET: In Asia, President Biden and a Dozen Indo-Pacific Partners Launch the Indo-Pacific Economic Framework for Prosperity | The White House. May 23, 2022 https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2022/05/23/fact-sheet-in-asia-president-biden-and-a-dozen-indo-pacific-partners-launch-the-indo-pacific-economic-framework-for-prosperity/
[17] Japan’s chip reboot: TSMC, Samsung, Micron pave way for silicon revival | Nikkei. February 28, 2024 https://asia.nikkei.com/Spotlight/The-Big-Story/Japan-s-chip-reboot-TSMC-Samsung-Micron-pave-way-for-silicon-revival
[18] Dutch May Give in to US Push Against Servicing China Chip Tools | Asia Financial. April 7, 2024 https://www.asiafinancial.com/dutch-may-give-in-to-us-push-against-servicing-china-chip-tools
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Орос, Хятадын эрчим хүчний хамтын ажиллагааДараах нийтлэл
Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотны тогтолцоо (II)Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23