Орос, Хятадын эрчим хүчний хамтын ажиллагаа

2024-04-26

https://niss.gov.mn/wp-content/uploads/2024/04/2236539bf646dca94acd3690fd5a1a37.jpg

1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсаас инженер технологийн зөвлөхүүд Хятадын аж үйлдвэржилтийн төслүүдэд ажиллаж байсан бөгөөд хоёр орны харилцаа 1960-аад оноос хүйтэрч дайсагнах үед олон төсөл зогсож 20 орчим мянган орос инженер техникийн ажилчид Хятадыг орхин гарч байжээ. Улмаар ЗХУ задарсны дараа буюу 1990-ээд оноос хоёр улсын хамтын ажиллагаа дахин сэргэж эхэлсэн байдаг. Энэ удаагийн дугаартаа 1990-ээд оноос хойш Бээжин, Москвагийн эрчим хүчний салбарын харилцаа хэрхэн өрнөж байгаа, ОХУ дорно зүгт эрчим хүчний бараа бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлээ тэлэх оролдлого хэрхэн хийж байгаа талаар авч үзлээ.

Орос, Хятадын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны баримт бичиг, үйл явдлууд

ЗХУ-ын эрчим хүчний стратеги нь АНУ болон Баруун Европын орнуудын хооронд хагарал үүсгэхийн тулд байгалийн хий, газрын тосыг ашиглаж байв. Нөгөөтээгүүр, ЗХУ Зүүн Европын орнуудыг хяналтдаа байлгахын тулд тэдэнд газрын тосыг асар хямд буюу олон улсын нефтийн зах зээлийн үнээс 50 орчим хувиар хямдаар нийлүүлж, рублиэр тооцоогоо хийдэг байжээ. АНУ-ын Уолл Стрит сэтгүүлийн тооцоолсноор хэрвээ Зүүн Европын орнууд ЗХУ-ын газрын тос, байгалийн хийг олон улсын зах зээлийн үнээр худалдаж авсан бол ЗХУ-ын засгийн газар жилд дор хаяж 10 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох байсан ажээ. ЗХУ-ын эрчим хүчний дипломат стратеги нь “өвөрмөц” шинж чанартай байсныг үүнээс харж болно.

ЗХУ задран унасны дараа эдийн засаг нь хямарч, Оросын дотоодын нийт бүтээгдэхүүн мэдэгдэхүйц бууран, эрчим хүчний үйлдвэрлэлийн түвшин ч дагаад унажээ. Иймээс хоёр болон олон талт олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааг идэвхтэй явуулах нь Оросын гадаад эрчим хүчний стратегийн үндсэн зорилт болсон юм.[1] Энэ хүрээнд 1994 онд ОХУ-ын ерөнхийлөгч Б.Ельцин Хятадад айлчилж, хоёр улсын Засгийн газар Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав. 1996 оны 12 дугаар сард ерөнхий сайд Ли Пэн ОХУ-д айлчилсан бөгөөд талууд Засгийн газрын тэргүүн нарын байнгын уулзалтын хороог байгуулахаар шийдвэрлэсэн байна. Тус хорооны хүрээнд хэд хэдэн дэд хороо байгуулагдсан бөгөөд үүнд эрчим хүчний хамтын ажиллагааны дэд хороо багтаж байв.

1999 оны 10 дугар сард Хятад, Оросын хамтран барьсан Тяньваний атомын цахилгаан станцын барилгын ажил албан ёсоор эхэлж, 2007 оны 8 дугаар сард тус станц бүрэн ашиглалтад оров. 2005 оны 7 дугаар сарын 1-нд БНХАУ-ын Төрийн сүлжээ корпорац ОХУ-ын Цахилгаан эрчим хүчний нэгдсэн системийн корпорацтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулав. 2006 онд 220 кВ-ын Бүай шугамаар цахилгаан дамжуулсан байна. 2008 онд хоёр орны төрийн тэргүүн нар Ерөнхий сайдын түвшний эрчим хүчний хэлэлцээрийн механизмыг байгуулах санаачилга гаргасан нь одоо Хятад, Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны хороо болон ажиллаж байна. 2009 оны 4 дүгээр сарын 27-нд Хятад-Оросын түүхий газрын тосны хоолойн Оросын хэсгийн барилгын ажил эхэлж, 5 дугаар сарын 18-нд Хятад-Оросын газрын тосны хоолойн Хятадын хэсгийн барилгын ажил эхэлжээ. 2018 оны 11 дүгээр сард “Хятад, Оросын эрчим хүчний бизнесийн форум”-ыг (中俄能源商务论坛) зохион байгуулсан байна. Уг форум 2019, 2021, 2022, 2023 онуудад зохион байгуулсан нь хоёр орны эрчим хүчний салбарын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны цар хүрээг илтгэж байна.[2]

Орос, Хятадын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны төслүүд

Хятад улс газрын тос, байгалийн хийн импортоо нийт 5 чиглэлээр хүлээн авч буй. Баруун хойд талд Төв Азийн 5 орноос, зүүн хойд талд ОХУ-аас, баруун өмнөд талд Пакистан ба Мьянмараас, зүүн өмнөд талд Африк, Австрали, Өмнөд Америк, булангийн гэх мэт орнуудаас Маллакийн хоолойгоор дамжуулан эрчим хүчний бүтээгдэхүүн Хятадын эрчим хүчний зах зээлд нийлүүлэгдэж байна. 2015 оноос Хятад, Пакистаны эдийн засгийн коридор төсөл хэрэгжиж эхэлснээр уг стратегийн суваг нийт 5 болсон ажээ.

Орос, Хятадын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буй бүс нутаг нь зүүн хойд Хятад болж байна.[3] ОХУ-ын тухайд Дорно Эрчим хүчний Вектор гэх ойлголт байгаа бөгөөд Москва дорно зүгт эрчим хүчний бараа бүтээгдэхүүнээ борлуулах, өөрийн системээ хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг 2035, 2050 оны түвшинд авч үзэж байна.[4] Хятадын стратегийн эрчим хүчний 5 сувгийн нэг болох зүүн хойд чиглэлд ОХУ-тай 1990-ээд оноос хойш ямар төрлийн төслүүд дээр хамтран ажиллаж байгааг доор дурдъя.

Газрын тос дамжуулах хоолойн төсөл

Орос, Хятадын газрын тос дамжуулах хоолой нь ОХУ-ын зүүн Сибирь Номхон далайн түүхийн нефтийн хоолойн Сковородино дэд станцаас эхэлж Хятадын Хармөрөн мужийн Мохөд хүрдэг. Мохөгөөс Өвөрмонголын 13 хот суурин газраар дамжин Дачин түүхий газрын тосны станцад хүрдэг. Энэ хоолойн урт нь Оросын талдаа 64 орчим, Хятад талдаа 970 орчим км юм. Төслийн эхний үе шатны хүчин чадал жилд 15 сая тонн газрын тос дамжуулах байсан бөгөөд гэрээний хугацаа 20 жилээр хийгдсэн. 2011 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс уг хоолой ашиглалтад орсон бөгөөд 2017 онд Оросын экспорт 100 сая тонн давсан байна.

Хятад, Оросын газрын тос дамжуулах хоёрдугаар хоолойг анхны хоолойтой зэрэгцээ тавьсан бөгөөд нийт урт 941 км юм. Уг хоолойн барилгын ажил 2016 онд эхэлж 2018 оны 1 дүгээр сарын 1-нд ашиглалтад оржээ. Өмнөх төслийн хүчин чадлыг өсгөснөөр Хятад улс ОХУ-аас жилд нийт 30 сая тонн газрын тос импортоор авах боломж бүрдэж зүүн хойд нутгийнхаа нөөцийн хомсдолыг нөхөх, тээвэрлэлтийн загварыг оновчтой хүртээмжтэй болгох мөн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах чухал төсөл болсон гэж үзэж байна.

Зүүн чиглэлийн байгалийн хий дамжуулах хоолойн төсөл

Хоёр улсын газрын тос дамжуулах хоолойн төслийн дараа эрчим хүчний тээвэрлэлтийн салбарт бас нэгэн төсөл хэрэгжсэн нь зүүн чиглэлийн байгалийн хий дамжуулах хоолойн төсөл юм. 2014 оны 5 дугаар сарын 21-нд Хятадын үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны орлогч дарга бөгөөд Эрчим хүчний газрын дарга Ү Шиньшюн, ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак “Хятад, Оросын байгалийн хий дамжуулах зүүн чиглэлийн хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсны дараа Хятадын үндэсний газрын тосны корпорацын дарга, Газпромын ерөнхийлөгч нар 400 тэрбум ам.долларын гэрээг үзэглэсэн. Гэрээний хугацаа 30 жил, хүчин чадал 38 тэрбум шоо метр хий Хятад улсад нийлүүлэгдэхээр тусгагдсан бөгөөд хийн гол эх үүсвэр нь Эрхүү мужийн Ковичиний, Сахагийн Чаяндины (Чаяндинское нефтегазоконденсатное месторождение) хийн ордууд аж. Уг дамжуулах хоолой Хармөрөн мужийн Хэйхө хотоос Шанхай хот хүртэл 5111 км үргэлжлэхээр төлөвлөгдөж байгаа ба одоогийн байдлаар өмнөд хэсгийн буюу Шанхай хот руу чиглэсэн хоолойн ажил үргэлжилж 2025 онд ашиглалтад оруулахаар байна. 2022 оны 10 дугаар сарын байдлаар Хятадад нийлүүлсэн байгалийн хийн хэмжээ 27 тэрбум шоо метр даваад байна.

Ямал шингэрүүлсэн байгалийн хийн төсөл

Ямалийн шингэрүүлсэн байгалийн хийн төслийг ОХУ-ын Новатек, Хятадын үндэсний газрын тосны корпорац, Францын Тотал Энержи, Хятадын Торгоны замын сан хамтран хэрэгжүүлэхээр төслийн ажлыг эхлүүлсэн. 2017 оны 12 дугаар сард албан ёсоор үйлдвэрлэл нь эхэлсэн бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр 159 мянган шоо метр шингэрүүлсэн байгалийн хий ачсан анхны хөлөг Хойд туйлын зүүн хойд гарцаар Хятадын Жянсу мужийн Рудун хотод хүрч байв. Арк7 мөс зүсэгч шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэгч хөлөг онгоцоор уг тээврийг гүйцэтгэжээ.[5] Уг төсөл одоо барууны хоригоос улбаатай санхүүгийн болоод технологи, тоног төхөөрөмжийн бэрхшээлтэй тулгараад байна.[6]

Атомын цахилгаан станцын төсөл

Тяньвань атомын цахилгаан станцын төсөл 1992 онд хоёр улсын төрийн тэргүүн нарын үзэглэсэн санамж бичигт анх тусгагдаж байсан. Улмаар 1999 оноос барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд Оросын ТВЕЛ компанийн технологи дамжуулалтаар хийгдэж буй реактортой атомын цахилгаан станц юм. Энэхүү төслийн хамтын ажиллагаагаар хоёр тал цөмийн эрчим хүчний бүтээн байгуулалт, ашиглах, удирдах зэрэгт шинжлэх ухаан, технологийн олон шинэчлэл, менежментийг боловсронгуй болгож, технологи хөгжүүлэлт, олон улсын хамтын ажиллагааны асар их туршлага хуримтлуулж, цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох үндэс суурийг тавьсан юм. Хоёр орны цөмийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа нь “Бүс, Зам” санаачилга болон Евразийн эдийн засгийн холбоог холбох чухал талбар болж байна гэж хоёр тал дүгнэжээ. 2021 оны 5 дугаар сарын байдлаар нийт 6 реактортой 6100 МВт-ийн хүчин чадалтайгаар ажиллаж цахилгаан сүлжээнд 160 тэрбум орчим кВт/ц цахилгаан эрчим хүч нийлүүлээд байна. Төслийн эцсийн буюу 7, 8 дугаар ректоруудын барилгын ажлыг 2021, 2022 онд эхлүүлээд байна.

Шюдабаогийн атомын цахилгаан станцын төслийн барилгын ажлыг 2010 онд эхлүүлэхээр хоёр тал төлөвлөж байсан боловч 2011 оны Фүкушимагийн ослын дараа төслийг царцаасан. Аюулгүй ажиллагаа, хамгаалалтын систем гэх мэт технологийн шинэчлэлийн ажлыг дахин нягталж үзсэний дараа 2022 оноос барилгын ажлыг эхлүүлээд байна. Ашиглалтад 2028 онд өгөх бөгөөд нийт 4 реактортой 4800 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай.

Цахилгаан эрчим хүчний төсөл

ОХУ-ын Алс дорнодын эрчим хүчний компани (ИнтерРАО) Хятадын төрийн сүлжээ корпорацтай 2012 онд Хятадад цахилгаан эрчим хүч нийлүүлэх гэрээг байгуулсан байна. Гэрээг 25 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд энэ хугацаанд нийт 100 тэрбум кВт.ц цахилгаан нийлүүлэхээр болсон. Гэрээнд зааснаар БНХАУ-д цахилгаан эрчим хүчийг хэд хэдэн цахилгаан дамжуулах агаарын шугамаар экспортлохоор байсан. Тэдгээрийн хоёрыг (110 ба 220 кВт) Хятадтай хилийн ойролцоох цахилгаан эрчим хүчний худалдаанд ашигласан. Гурав дахь нь Амур-Хэйхэ цахилгаан дамжуулах шинэ шугам бөгөөд 500 кВ-ын хос хэлхээт шугам ба 750 МВт дамжуулах чадалтай.

Хятад 2010 оны үеэс нүүрсний уурхайнуудыг олноор нь хаах болсон тул цахилгаан эрчим хүчний дутагдалд ороод байсан юм. ОХУ-ын сонирхол нь Алс дорнодын бүс нутагт экспортын зориулалттай нүүрсээр ажиллах том чадлын цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлж Хятадын нутгийн гүн хүртэл буюу Бээжин Тянжин руу цахилгаан эрчим хүч нийлүүлэх зорилттой байна.[7]

2022 онд болсон хоёр орны эрчим хүчний салбарын бизнес форумд ОХУ-ын засгийн газрын Шадар сайд Александр Новак хэлэхдээ “Хоёр орон эрчим хүчний салбарт үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлж, хоёр тал ирээдүйд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж эрчим хүчний салбарын тоног төхөөрөмж болон тоон технологи, усан цахилгаан станц, Арктикийн бүсэд хайгуул хийх гэх мэт өөр төрлийн төслүүдэд ажиллахаар төлөвлөж байна” гэсэн нь сонирхол татаж буй юм.

Дүгнэлт

Орос, Хятадын хоёр талын эрчим хүчний хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн болон хэрэгжиж буй төслүүдээс ажиглан дүгнэвэл технологи шилжүүлэх (атомын цахилгаан станц), анхдагч эх үүсвэрийн (нүүрс, газрын тос, байгалийн хий), хувирган хөрвүүлсэн эрчим хүч (цахилгаан) гэсэн чиглэлээр ангилан авч үзэж болохоор байна. Хоёр орны эрчим хүчний салбарын харилцааг судлаачид янз бүрээр дүгнэж байгаа бөгөөд харилцааны “нялх” үедээ хөгжиж байгаа, геополитик байгалийн баялгийн ялгаатай байдлаас шалтгаалан “хоёр иртэй хутга”, Зүүн хойд Азийн тогтвортой байдалд нөлөөлөх “зэвсэг”, сөргөлдөөн үүсгэх “тэсрэх бөмбөг” гэх мэтчилэн авч үзэж байна.

Цаашид хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагаа одоо байгаа төслүүдээс гадна тоон технологи, усан цахилгаан станц, Арктикийн бүсэд хайгуул хийх зэрэг шинэ агуулгаар өргөжин, энэ чиглэлээр төлөвлөж буй олон төслүүд байгаа нь харагдаж байна. Крымийн хямрал, Украйны дайн эхэлснээс хойш Бээжин, Москвагийн эрчим хүчний салбарын харилцаа улам нягтрах нь тодорхой байна.

Ашигласан эх сурвалж:

[1] 王能全, 1991. 苏联能源工业的发展现状及前景. 国际石油经济, (1), pp.17-23.

[2] 第五届中俄能源商务论坛开幕 丁薛祥宣读习近平主席贺信并致辞__中国政府网 (www.gov.cn)

[3] 吕荣洁. “第四大能源通道始建成.” 中国石油石化 11 (2013): 54-57.

[4] Восточный вектор энергетической стратегии России: современное состояние взгляд в будущее (irk.ru)

[5] Vladimir Rusanov LNG carrier starts NSR 2019 season with record passage – Offshore Energy (offshore-energy.biz)

[6] Sanctions against Russian LNG already have impact and can work even better – Euractiv

[7] (PDF) Northeast Asia regional energy infrastructure proposals (researchgate.net)


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА