Дайны 2 жил: Оросын олон нийтийн санаа бодлын өөрчлөлт

2024-02-23

https://niss.gov.mn/wp-content/uploads/2024/03/2.jpg

Дайны өмнөх Оросын улс төр

2022 оны эхээр ОХУ гадаад талдаа өрнөд, тэр дундаа АНУ-тай хурцадмал харилцаатай байлаа. ОХУ-ын зүгээс АНУ-д “Аюулгүй байдлын баталгаа гаргах тухай хэлэлцээр” баримт бичгийг хүргүүлсэн ба В.Путины хэлснээр тус хэлэлцээрийн гол зорилго нь:

1.         НАТО-гийн тэлэлтийг таслан зогсоох;

2.         Барууны холбоотнуудыг ОХУ-ын хил дээр цохилтын зэвсэглэл байршуулахаас татгалзуулах;

3.         Европын блокийн зэвсэглэлийн хүчин чадал, дэд бүтцийг 1997 оны хэмжээнд буюу ОХУ, НАТО-гийн хооронд Үндсэн акт байгуулах үеийн хэмжээнд буцаан авчрахыг шаардсан байна.[1]

Харин дотооддоо улс төрийн хувьд сөрөг хүчний улс төрчид, улс төрийн идэвхтнүүд, хүний эрхийн төлөө байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг “гадаадын агент”, “экстремист” зэрэг ангилалд оруулж, үйл ажиллагааг нь хааж, хязгаарласан, Навальныйг цагдан хорьж, захидал харилцааг нь захиргааны аргаар хянасан, Төрийн Думд системийн бус сөрөг хүчингүй болсон байв.

Эдийн засгийн байдал тогтвортой, алт, валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрсэн, дэлхийн зах зээл дээрх нефть, байгалийн хийн үнэ өндөр байлаа. Эдгээр нөхцөл байдал нь ОХУ-ын эдийн засаг, улс төрийн орчинд эрх баригчдад тун таатай нөхцөл байдлыг бүрдүүлж байв. Шинэ Үндсэн хуулиар ерөнхийлөгч дахин хоёр удаа сонгогдох боломжтой болсон учир В.Путины хувьд “доголон нугас” болох аюул үгүй болжээ.

Дайны нөлөө олон нийтийн санаа бодолд . . .

Дайн эхэлсний дараахан Оросын олон нийт засгийн газар, ерөнхийлөгчөө дэмжиж, тэр хэрээр тэдний нэр хүнд өсөж эхлэв. 2022 оны 3 дугаар сарын 10-нд явуулсан социологийн судалгаануудаар ерөнхийлөгч, засгийн газар, “Нэгдсэн Орос” намын рейтингүүд сүүлийн үед байгаагүйгээр өндөр өссөн нь харагдаж байлаа. Ерөнхийлөгчийн рейтинг тасралтгүй өссөөр 74,2% болсон бол ерөнхий сайд Мишустины рейтинг 48% болж харин Засгийн газрын рейтинг шууд 50% руу орж эхэлжээ. Итгэл хүлээж буй институцийг ерөнхийлөгч 77%-тай тэргүүлсэн бол ерөнхий сайд 60%-тай, харин “Нэгдсэн Орос” нам өмнөхөөсөө 3,4% өсөж 39,4% болж удаалжээ.[2] Үүнийг нийгэмд дайны дэмжлэг өндөр, Кремлийн тавьсан зорилгыг бүрэн боломжтой гэж иргэд үзэж нийгэм төр засгийнхаа бодлогыг тойрч нягтарч байгаагийн илрэл гэж үзэж байв.

2014 онд Крымын консенсус гэх ойлголт бий болсон нь бүх улс төрчид, нам эвслүүд Крымыг шүүмжлэхгүй, бусад асуудлуудаар л маргаан явагддаг болсон үзэгдэл юм. 2022 онд үүнтэй ижил Донбасын консенсус гэх ойлголт бий болж эхэлжээ. Өөрөөр хэлбэл бусад нам, улс төрчид дайныг дэмжсэн, барууныг шүүмжилсэн, Украиныг заналхийлсэн, сөрөг хүчнийг хааж боох янз бүрийн санаачилгуудаар өрсөлдөх болсон юм.

Дайн эхэлснээс хойш ерөнхийлөгч В.Путины нэр хүнд олон нийтийн дунд улам өссөн нь судалгаанаас харагдаж байна. Түүний рейтинг 2022 оны 4-6 дугаар сарын хооронд хамгийн өндөр буюу 80%-д хүрээд түүнээс хойш бага зэрэг унасан байна.[3] Өөрөөр хэлбэл дайны уур амьсгал, хэсэгчилсэн дайчилгаа ч түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлж чадаагүй юм.

Олон нийтийн дайныг дэмжих дэмжлэг ч мөн адил өндөр байсан нь судалгаанаас харагддаг. Энэхүү дэмжлэг цаашид бага зэрэг суларсан ч дийлэнх олонх нь дэмжсэн хэвээр байв.

Гэхдээ нийгмийн олонх дайныг дэмжиж байгаа хэдий ч нийгмийн ерөнхий уур амьсгал өөрчлөгдөж олон жилийн туршид анх удаа нийгэмд айдас түгшүүр давамгайлсан нь анхаарал татаж байна. Үүнийг дайн хийж байгаа нь зөв боловч тухайн иргэний хувийн амьдралд муугаар нөлөөлөх вий гэсэн айдас хүмүүст байна гэж тайлбарлаж болно.

Дайны нөлөө оросын дотоодын улс төрд

Дайн эхэлсэн нь оросын нийгэм, элитүүдийн хувьд шок байсан ч эхний саруудад дайны дэмжлэг өндөр, нийгэм айдастай боловч хөөрлийн байдалтай байсан бол оросын армийн довтолгоо зогсож улмаар ухарч эхэлснээр дотоодын улс төрийн уур амьсгал өөрчлөгдөж эхлэв. Улмаар 2022 оны 9 дүгээр сард хэсэгчилсэн цэргийн дайчилгаа хийсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгаж, олон нийтийн хандлага улам бүр хурдтай өөрчлөгдөх болжээ.

Хүмүүс хэсэгчилсэн дайчилгаа нь цаашдаа бүх нийтийн дайчилгаа болохоос айж эхэлсэн нь энэ судалгаанаас харагдаж байна.

Харин нэгэнт зарлагдсан хэсэгчилсэн дайчилгааг дэмжигчдийн тоо их байгаа ч ихэнх дэмжигчид нь дайчилгааны бус насны буюу ахмад настай хүмүүс байгаа нь судалгаанаас мөн харагдаж байгаа юм.

Дайн эхлээд найман сар өнгөрөхөд дайчилгааг эсэргүүцэхээс гадна дайныг зогсоох хэрэгтэй гэсэн байр суурьтай иргэдийн тоо ч нэмэгдэж эхлэв.[4]

Олон нийтийн уур амьсгал ийнхүү өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Кремлийн зүгээс зарим арга хэмжээг авч эхэлжээ. Үүнд дайны эсрэг байр суурьтай, олон нийтийн санаа бодлын лидерүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гадаадын агент, экстремист, хүсэмжит бус гэх мэт статус олгон хэвлэн нийтлэх, олны өмнө үг хэлэх, үйл ажиллагаа эрхлэх эрхүүдийг нь хязгаарлаж эхэлсэн. 2024 оны байдлаар нийт 81 төрийн бус байгууллага, 399 хувь хүн гадаадын агент гэсэн статустай болоод байна.

2022 оны 3 дугаар сарын 4-ны өдөр ерөнхийлөгч В.Путин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж “Оросын зэвсэгт хүчнийг ашиглах талаарх мэдээлэл агуулсан илт худал мэдээг баталгаат мэдээ мэтээр олон нийтэд тараахыг” эрүүгийн хуулиар шийтгэдэг байх нэмэлт зүйл заалт оруулсан юм.[5] Хуулийн дагуу зөвхөн худал мэдээлэл түгээх төдийгүй, зэвсэгт хүчнийг гутаах, зэвсэгт хүчний үйл ажиллагаанд саад хийхийг уриалах, Орос улс, түүний иргэдийн эсрэг гадаад улс, байгууллагын зүгээс эдийн засгийн санкц тавихыг уриалах нөхцөлд хуулийн дагуу шийтгэхээр болсон. Өөрөөр хэлбэл албан бус аливаа мэдээлэл бүр ямар нэгэн байдлаар эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэл бодитоор бий болсон.

Энэхүү цэрэг армитай холбоотой цензурийн хэргээр 2023 онд нийт 200 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин “армийн нэр төрийг унагах” зүйл ангиар нийт 5146 хүнд хэрэг нээж протокол хөтөлжээ. Үүнээс 38% нь интернэтэд пост, коммент бичих, лайк дарах болон аватараа солих зэрэг зөрчил бол 34,5% нь эсэргүүцлийн жагсаалд оролцогчид байна. Эдгээр зөрчлийн дараа энд тэнд юм бичсэн, граффити хийсэн, хэвлэмэл хуудас тараасан, шар-цэнхэр хувцас өмссөн зэрэг зөрчил их давтагдсан байна. Хамгийн бага хувь буюу 0,7% нь украин дуу дуулсан гэсэн зөрчилтэй байна.

Ийнхүү оросын эрх баригчдын зүгээс дайны талаар албан бус аливаа мэдээлэл, дайны эсрэг аливаа үзэл бодлыг бүрэн хаасан бөгөөд ингэснээр дайныг дэмжигчдийн тоог бууруулахгүй байх, улс орон даяараа дайныг дэмжиж буй мэт сэтгэгдэл төрүүлэхийг оролдож эхэлжээ.

Дайны хоёр жил: Оросын нийгэм дэх уур амьсгал

Орос Украины дайн эхэлснээс хойш Оросын дотоод улс төрд өрнөдтэй ил тод дайсагнасан үзэл суртал ноёрхож, дайны эсрэг дуу хоолойг хаасан боловч дотоодод Кремлийн бодлогыг шүүмжилсэн Пригожин, Стрелков зэрэг сөрөг хүчин бий болж энэ нь эцэстээ зэвсэгт бослогод хүргэсэн зэрэг үйл явдлууд нь оросын олон нийтийн санаа бодолд тодорхой үр дагавар үлдээсэн нь судалгаагаар харагддаг.

Юуны өмнө дайны дэмжлэг хэрхэн өөрчлөгдсөнийг харья. Левада төвөөс энэ оны 2 дугаар сард явуулсан судалгаагаар дайны дэмжлэг хоёр жилийн хугацаанд нэмэгдсэн харагдаж байна.

Гэхдээ дайныг үргэлжлүүлэх эсэх талаар олон нийтийн санаа бодол бараг тэнцүү хуваагдсан дүр зураг харагдана. Хоёр жилийн хугацаанд энхийн хэлэлцээрийг эхлүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай иргэдийн тоо 4%-аар өссөн харагдаж байгаа нь багагүй өөрчлөлт гэж үзэж болно.[6]

Нөгөөтээгүүр иргэдийн дайныг дэмжих дэмжлэг нь зөвхөн олонхоо дагасан, төр засгаа дэмжсэн төдий байна уу, үнэхээр ямар ч нөхцөлд дайныг дэмжиж байна уу гэдэг асуулт гарч ирнэ. Үүнийг ялган, дайныг дэмжигч болон эсэргүүцэгч цөм хэсгийг тодорхойлох зорилгоор “Хроники” судалгааны төвөөс дараах асуултуудыг боловсруулжээ. Үүнд:

• Дайныг дэмжиж байгаа эсэх

• Зорилгодоо хүрэлгүйгээр цэргээ гаргахыг дэмжиж байгаа эсэх

• Эдийн засгийн нөөцийг арми эсвэл нийгмийн хэрэгцээнд зарцуулах эсэх

Хэрвээ судалгаанд оролцогч дайныг дэмждэг, мөн цэргээ гаргахыг эсэргүүцдэг, эдийн засгийн нөөцийг юун түрүүн армийн хэрэгцээнд зориулахын төлөө байвал тухайн хүнийг дайныг дэмжигч цөм хэсгийн нэг гэж үзнэ.

2023 оны 10 дугаар сарын 17-22-ны хооронд 1199 хүнээс авсан судалгаагаар дайныг дэмжигч цөм хэсэг 12% байв. Энэ нь мөн оны 2 дугаар сарын судалгааны дүнгээс 10%-аар багассан үзүүлэлт юм.

Ийнхүү дэмжигчдийн тоо 2 дахин багассан нь чухал үзүүлэлт гэж үзэж болно.

Нөгөө талд дайныг эсэргүүцэгчдийн судалгааг харья. Дайныг эсэргүүцэгч цөм хэсгийг тодорхойлохдоо дайныг дэмжигчдийг тодорхойлдгийн яг эсрэгээр буюу 3 асуултад эсрэг хариулт өгсөн байдлыг авч үзжээ.

Энэ арга зүйгээр дайныг эсэргүүцэгч цөм хэсгийн хувь 18,5 байна. Энэ нь 2 дугаар сарын үзүүлэлтээс бага зэрэг буурсан харагдана.[7]

Өөрөөр хэлбэл дайны талаарх хатуу байр суурьтай иргэд ойролцоогоор 30% байна. Үлдсэн хэсэг нь энэ 2 хатуу байр суурийн хооронд оршиж байна. Дайныг дэмжигчдийн тоо буурч байгаагийн зэрэгцээ дайныг зогсоож цэргээ гаргахыг дэмжигчдийн тоо өссөн үзүүлэлттэй байна. 2023 оны 2 дугаар сард судалгаанд оролцогчдын 50% орчим нь цэрэг гаргахыг дэмжиж байсан бол 10 дугаар сард энэ үзүүлэлт 30% руу дөхөж буурсан байна. Дайныг дэмжигчдийн тоо, цэргээ гаргахын дэмжигчдийн тоо аль аль нь 10 гаруй хувиар багасжээ. Дайны ажиллагаа удах тусам энэ тренд хадгалагдах төлөвтэй байна. Харин хэрхэхээ шийдэж чадахгүй байгаа иргэд 13% орчим байгаа юм.

Дүгнэлт

Хэдийгээр оросын дотоод улс төр нэгдмэл, элит болон олон нийтийн дэмжлэгтэй, сөрөг хүчний орон зай байхгүй мэт харагдаж байгаа ч дайны хоёр жилд олон нийт дайнаас залхах, энхийн хэлэлцээрийг эхлүүлэх хэрэгтэй гэх хандлага нэмэгдэж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Дайны эсрэг байр суурьтай иргэдэд дуу хоолойгоо гаргах, хүргэх боломж байхгүй байгаагаас гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр оросын нийгэм тэр чигтээ дайныг дэмжиж байгаа мэтээр харуулдаг нь өнгөц болохыг ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгаанд дайны эсрэг байр суурьтай нэр дэвшигчдийн дэмжлэг багагүй  байгаагаас харж болно.  

Ашигласан эх сурвалж:


[1] http://kremlin.ru/events/president/news/67828

[2] https://media.fom.ru/fom-bd/d432022.pdf

[3] https://media.fom.ru/fom-bd/d442022.pdf

[4] https://www.levada.ru/2022/10/27/konflikt-s-ukrainoj-oktyabr-2022-goda/

[5] http://kremlin.ru/events/president/news/67908

[6] https://www.levada.ru/2024/03/05/konflikt-s-ukrainoj-massovye-otsenki-fevralya-2024-goda/

[7] Глава 12 | Хроники (chronicles.report)


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА