Хятадын “Хоёр хурал”, Ши Жиньпиний эрх мэдэл улам бэхжив

2024-03-15

https://niss.gov.mn/wp-content/uploads/2024/03/W020240311812448328095_ORIGIN.jpg

2024 оны 3 дугаар сарын 4-11-ний өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ээлжит “Хоёр хурал” зохион байгуулагдаж өнгөрөв. Энэ жилийн хувьд “Хоёр хурал”-ын үйл явц, хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр олон талаар тогтсон уламжлалд баригдаагүй нь анхаарал татаж байна. “Хоёр хурал”-ын үеэр өрнөсөн үйл явдлыг тоймлохын өмнө тэдгээр хурлын үүсэл хийгээд Хятадын улс төр дэх үүрэг нөлөөний талаар товчлон өгүүлье.

“Хоёр хурал”-ын үүсэл

“Хоёр хурал” нь Хятадын улс төрийн томоохон үйл явдал төдийгүй, түүнээс гаргасан шийдвэр, хэрэгжилт тус улсын дотоод, гадаад орчинд нөлөөлөхүйц жин дардаг. “Хоёр хурал” гэдэг нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчийн Их Хурал (БХАТИХ) болон Бүх Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Хурал (БХАУТЗЗХ)-ыг заасан нийтэд түгсэн нэр томьёо юм.

1949 онд дотоод дахь иргэний дайнд дөнгөж ялсан Хятадын коммунист нам (ХКН) шинээр Засгийн газраа эмхлэн байгуулахын тулд тухай үеийн улс төрийн бусад нам, хүчнийг урьж, харилцан зөвшилцөх шаардлага тулгарчээ. Улмаар 1949 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ХКН-аас санаачлан БХАУТЗЗХ-ын Анхдугаар хуралдааныг зохион байгуулсан байна. Уг хуралдаанд ХКН-аас гадна Хятадын ардчилсан холбоо, Хятадын ардчилсан дэвшилт нийгэмлэг, Хятадын ажилчин, тариачны ардчилсан нам, Хятадын шинэ ардчилсан залуучуудын эвлэл зэрэг ардчилсан чиг баримжаатай улс төрийн нам, хүчний төлөөлөл сонгогдов.[1] ХКН уг хуралд “голлох” үүрэг, нөлөөтэй оролцож, мөн хурлын үр дүнд түр Үндсэн хууль буюу “Хятадын ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн хамтарсан тунхаг”-ийг баталж, БНХАУ-ыг тунхаглажээ. Энэхүү “Хамтарсан тунхаг” нь шинээр байгуулагдаж буй социалист улсын нам, төрийн байгууллын эрх зүйн үндэс болсон байна.

БХАУТЗЗ-ийн Анхдугаар чуулган, 1949.09.21

Хятадын эрх баригчид нийгмийн бүх төлөөллийг хамруулсан БХАУТЗЗХ-ыг байгуулж, түүнээс батлан гаргасан “Хамтарсан тунхаг”-аар холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлсэн тул цаашид парламентын чиг үүргийг хэрэгжүүлэх төлөөллийн байгууллага байгуулахад гол анхаарлаа хандуулав. Энэ нь 1954 оны 9 дүгээр сарын 15-28-ны өдрүүдэд хуралдсан БХАТИХ-ын Анхдугаар хурлаар хэлбэрээ олсон байна.[2] Мөнхүү хуралдаанаар анхдугаар Үндсэн хуулиа баталж, “Хамтарсан тунхаг”-ийг халжээ.[3]

БХАТИХ-ын Анхдугаар чуулган, 1954.09.15

1959, 1964 онуудад БХАУТЗЗХ, БХАТИХ нэгэн зэрэг хуралдсан бол 1978 оноос хойш өнөөг хүртэл жил бүр ижил хугацаанд хуралдаж хэвшив. Ийнхүү “Хоёр хурал” хэмээх нэршил үүсэн бий болжээ.

“Хоёр хурал”-ын онцлог, ялгаа

БНХАУ-ын Үндсэн хуульд зааснаар “БХАТИХ нь төрийн эрх барих дээд байгууллага мөн”[4] бөгөөд муж, өөртөө засах орон, төвд шууд харьяалагдах хот, засаг захиргааны онцгой бүс, зэвсэгт хүчнээс сонгогдсон төлөөлөгчид хуралдаанд оролцоно.[5] БХАТИХ нь Үндсэн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль батлан гаргах, БНХАУ-ын Дарга, Дэд дарга, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, бусад сайд, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурор зэрэг төр, засгийн өндөр албан тушаалтныг томилох, огцоруулах, дайн ба энхийн асуудлаар шийдвэр гаргах, улсын төсвийг батлах зэрэг томоохон эрх мэдлийг хэрэгжүүлнэ.[6] Өөрөөр хэлбэл, БХАТИХ нь парламентын чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн байгууллага юм.

Харин БХАУТЗЗХ нь түүний дүрэмд тодорхойлсоноор, Хятадын ард түмний эх орноо хайрлах нэгдсэн фронт; ХКН-ын оройлсон олон намын хамтын ажиллагааны буюу улс төрийн зөвшилцөх гол байгууллага бөгөөд Хятадын улс төрийн амьдралд социалист ардчиллын чухал үүргийг хэрэгжүүлэх ажээ.[7] Энэхүү чиг үүргийг БНХАУ-ын Үндсэн хуулийн Өмнөтгөл хэсэгт давхар дурдсан байна.[8] БХАУТЗЗХ-ийн гол үүрэг нь улс төрөөр зөвшилцөх, ардчилсан хяналтыг хэрэгжүүлэх, улс төрийн зөвшилцөлд улс төрийн нам, хүчин, нийгмийн бүлэглэл, бүх үндэстэн, мэргэжилтнүүдийн төлөөллийг хангах явдал юм.[9] БХАУТЗЗХ-ыг:

            1) ХКН, Хятадын ардчилсан холбоо, Хятадын ардчилсан дэвшилт холбоо, нам бусчууд зэрэг улс төрийн;

            2) ХКН-ын залуучуудын эвлэл, Бүх улсын үйлдвэрчний эвлэл, Хятадын шинжлэх ухаан, технологийн нийгэмлэг зэрэг нийгмийн бүлгүүдийн;

            3) Цөөнх үндэстэн, шашин, хүрээлэн буй орчин, гадаадтай найрамдлаар харилцах, боловсрол, спорт, соёлын зэрэг мэргэжлийн;

            4) Тусгайлан уригдсан төлөөлөгчид бүрдүүлдэг.

Мао Зэдуны тодорхойлсоноор, энэхүү бүтцийн БХАТИХ-аас ялгарах гол онцлог бол “БХАТИХ нь ард түмний өргөн төлөөллийн шинж чанартай ч бүх чиглэлийг хамарч чадахгүй. Иймд БХАУТЗЗХ оршин байх нь зайлшгүй. БХАУТЗЗХ нь төрийн байгууллагад үл хамаарна. Хэрэв түүнийг төрийн байгууллага болговол хоёр туйл үүснэ. Хуучнаа давтана, задарна, ардчилсан төвлөрлийн талаар ойлголцолд үл хүрнэ. БХАУТЗЗХ нь ард түмний нэгдэл, улс төрийн бүх нам, хүчний зөвшилцөл төдийгүй намын жигүүрийн байгууллага юм”[10] гэжээ.

Энэ жилийн “Хоёр хурал”-ын анхаарал татах үйл явдал

Хятадын эдийн засаг, Тайванийн хоолой, төрийн дээд албан тушаалтнуудын томилгооны асуудлаар “Хоёр хурал”-аас тодорхой шийдвэр гаргана гэсэн таамаглалыг судлаачид дэвшүүлж байв. Гэвч энэхүү таамаглал бүрэн биеллээ олсонгүй.

“Хоёр хурал”-ын үеэр, ялангуяа БХАТИХ-ын хуралдааны явцад Хятадын улс төрийн уламжлалыг эвдсэн үйл явдал өрнөсөн нь олны анхаарлыг татаж байна. Тухайлбал “Хоёр хурал” маш богино хугацаанд буюу 7 хоногийн дотор хуралдаж дууссан, Ерөнхий сайдын хариуцан хийлгэдэг уламжлалт хэвлэлийн бага хурлыг цуцалсан, “Төрийн зөвлөл (Засгийн газар)-ийн зохион байгуулалтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан, үүнээс улбаалж Хятадын улс төрийн шийдвэр гаргах тогтолцоонд Ерөнхий сайдын эрх мэдэл илэрхий хумигдах болсонтой зэрэгцэн Ши Жиньпиний эрх мэдэл улам нэмэгдсэн зэргийг дурдаж болно. Энэ талаар доор дэлгэрүүлье.

Бүх Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Хурал:

БХАУТЗЗ-ийн дарга Ван Хунин

БХАУТЗЗ-ийн 14 дэх удаагийн Хоёрдугаар хурал 2024 оны 3 дугаар сарын 4-10-ны өдөр хуралдаж, Байнгын хорооны ажлын илтгэлийг хэлэлцэн баталлаа. БХАУТЗЗ-ийн дарга Ван Хунин хаалтын хуралдаанд тавьсан илтгэлдээ, “Ши Жиньпиний үзэл санаанд хичээнгүйлэн суралцах, бүх нам, бүх улсыг манлайлан удирдаж буй Ши Жиньпин цөмтэй намын Төв хороог тойрон хүрээлэх . . . улс төрийн байр сууриа өндөрт өргөх, намын зааврыг хэлбэрэлтгүй сонсох, Хятад маягийн модернизацыг ахиулах” зэргийг онцлон тэмдэглэв. Түүний илтгэлд “Ши Жиньпин” гэх үг 15 удаа, “ХКН-ын Төв хороо” гэх үг 8 удаа давтагдсан нь 2022, 2023 оныхоос илүү гарсан үзүүлэлт юм.[11]

Мөн хурлын үеэр судлаачид, “Хятадын эрх баригчид Тайванийн асуудлаар илүү шийдмэг байр суурь илэрхийлэх болов уу” гэсэн хүлээлттэй байсан боловч эрс шийдвэр гарсангүй. Хаалтын хуралдаанаар хэлэлцсэн илтгэлд, “Шинэ эринд намаас Тайванийн асуудлыг шийдвэрлэх ерөнхий чиглэл”[12]-ийг судлан хэрэгжүүлэх, “Хоёр эргийн бүх салбарын уялдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, энхтайвнаар нэгдэх үйл явцыг хамтран ахиулах”[13] талаар дурдсанаар Тайванийн асуудал хязгаарлагдаж байна.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал:

БХАТИХ-ын Байнгын хороон дарга Жао Лөжи

БХАТИХ-ын 14 дэх удаагийн Хоёрдугаар хурлаар,

а) Засгийн газрын ажлын илтгэл;

б) 2023 оны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны төлөвлөгөөний төсөл;

в) 2023 оны төв, орон нутгийн төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийн төсөөлөл;

г) “Төрийн зөвлөлийн зохион байгуулалтын тухай хууль”-ийн төсөл;

д) БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын илтгэл;

е) Ардын дээд шүүхийн ажлын илтгэл;

ё) Ардын дээд прокурорын ажлын илтгэл гэсэн үндсэн 7 сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав.[14]

Хэлэлцсэн асуудлаас Төрийн зөвлөлийн зохион байгуулалтанд орсон өөрчлөлт болон Хятадын нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны анхаарал татах мэдээллийг онцлон дурдъя.

Нэг. 1954 оны “Төрийн зөвлөлийн зохион байгуулалтын тухай хууль”-д 1982 онд буюу шинэ Үндсэн хууль батлагдсантай холбогдуулж нэг удаа нэмэлт, өөрчлөлт хийсэн[15] бөгөөд үүнээс хойш 40 гаруй жил хөндөгдөөгүй эрх зүйн баримт бичиг юм. Харин энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр,

а) Төрийн зөвлөлийн үндсэн байр суурь, үйл ажиллагаанд баримтлах үзэл санаа;

б) Төрийн зөвлөлийн зохион байгуулалт, чиг үүрэг;

в) Төрийн зөвлөлийн хуралдааны тогтолцоо;

г) Төрийн зөвлөлөөс чиг үүргээ хэрэгжүүлэх механизмыг сайжруулах гэсэн 4 үндсэн чиглэлийг хамруулжээ.[16]

Судлаачийн үзэж буйгаар энэхүү нэмэлт, өөрчлөлт нь үндсэндээ “Ши Жиньпиний эрх мэдлийг нэмэгдүүлж, Төрийн зөвлөл, тэр дундаа Ерөнхий сайдын эрх мэдлийг хязгаарласан. Үүнээс хойш Ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд бие даан гаргадаг нийгэм, эдийн засгийн томоохон шийдвэрүүд Ши Жиньпиний заавар чиглэлгүйгээр хэрэгжих боломжгүй боллоо”[17] хэмээн тодорхой үндэслэл бүхий дүгнэлтийг хийж байна. Тухайлбал, шинээр батлагдсан “Төрийн зөвлөлийн зохион байгуулалтын тухай хууль”- д “. . . Шинэ эрин дэх Ши Жиньпиний Хятадын онцлогтой социалист үзэл санааг удирдлага болгох, намын Төв хорооны шийдвэр, шинэ хөгжлийн үзэл санааг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх”[18] зүйл нэмсэн нь үүнийг давхар нотолж буй юм.

Төрийн зөвлөлийн эрх мэдлийг хумиж буйг харуулсан өөр нэг үйл явдал нь БХАТИХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд Ерөнхий сайд Ли Чян болон түүний орлогч Дин Шюэшян нарын нэрс багтаагүй явдал байв.[19] Түүнчлэн БХАТИХ-ын дараа Ерөнхий сайдын уламжлал болгон зохион байгуулдаг Хэвлэлийн бага хурлыг цуцалсан нь үүний нэг илрэл хэмээн ажиглагчид үзэж байна.[20]

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян

Хоёр. Ерөнхий сайд Ли Чян үүрэгт ажлаа авсанаас хойших анхны тайлан буюу “Засгийн газрын ажлын илтгэл”-ийг хэлэлцүүлэхдээ Хятадын эдийн засгийн томоохон хүндрэлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар анхаарал татахуйц шинэлэг бодлого дэвшүүлсэнгүй. Засгийн газрын ажлын илтгэлд эдийн засгийн асуудлыг 359 (ханз) үгээр товч тоймлосон бол 2024 онд мөн салбарт хэрэгжүүлэх бодлогын талаар 163 (ханз) үгэнд багтаан танилцуулав. Ли Чяны ажлын илтгэлийг өмнөх Ерөнхий сайдынхтай харьцуулбал өөр дүр зураг харагдана. Тухайлбал, Ерөнхий сайд агсан Ли Көчян 2023 онд Засгийн газрын ажлын илтгэлдээ эдийн засгийн бодлогоо 8 чухал сэдвээр зангидаж, иргэдийн хэрэглээг нэмэгдүүлэх, нийлүүлэлт буюу голлох үйлдвэрлэлийн сүлжээнд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх талаар авах арга хэмжээг дурдсаныг Синьхуа агентлаг 1347 (ханз) үгээр нийтэлж байжээ.[21]

Ли Чян илтгэлээ мөн л “Ши Жиньпин цөмтэй намынТөв хорооны хатуу манлайлал доор, Ши Жиньпиний шинэ эрин дэх Хятадын онцлогт социалист үзэл санааг удирдлага болгох . . .” уриагаар эхлүүлэв.[22] Түүний илтгэлд эдийн засгийн асуудлыг “товчлон” оруулсан нь 2023 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Бээжин хотод зохиогдсон намын Төв хорооны хуралдаантай холбоотой хэмээн судлаачид үзэж байна. Уг хуралдаанд Ши Жиньпин гол илтгэлийг тавьж, 2023 оны эдийн засгийн салбарын үр дүн, 2024 онд уг салбарт хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлсон юм. Ши Жиньпиний илтгэлийн үзэл санаа нь зах зээлийн эргэлт гацаанд орсон, хэрэглээ хангалтгүй, зарим салбарын нийлүүлэлт илүүдсэн, гадаад орчин тогтворгүй зэрэг асуудлыг шинэ үйлдвэрлэлийн хүч, шинэ хөгжлийн бодлого, өөрчлөн байгуулалт, шинжлэх ухаанчаар шийдвэрлэх талаар Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг чиглүүлсэн шинжтэй байв.[23] Ли Чяны илтгэл үндсэндээ Ши Жиньпиний илтгэлийн агуулгатай давхцаж байна.

Хятадын эдийн засгийн салбарт тулгамдаж буй асуудлын дотор үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хувьцаа, үйлдвэрлэлийн салбар, хэрэглэгчдийн итгэл уналтад орсон, дефляц, өрийн дарамт нэмэгдсэн, хөдөлмөрийн насны хүн амын тоо багассан, гадаад хөрөнгө оруулалт алсарсан, худалдаа гацсан, ажилгүйдэл нэмэгдсэн, цалин буурсан, валютын гадаад урсгал өссөн зэрэг нь нэн тэргүүнд шийдвэрлэх зорилт болон тавигдаж байна. Засгийн газрын ажлын илтгэлд 2023 онд Хятадын ДНБ-ий өсөлтийг 5.2 хувиар тооцон дүгнэж, 2024 онд өсөлтийг 5.0 хувь байхаар төлөвлөсөн нь хараат бус судлаачдын эргэлзээг төрүүлж байна. Судлаачдын хувьд дээр дурдсан хүндрэлүүдийг тооцоолж, 2024 онд Хятадын эдийн засгийн өсөлт 5.0 хувьд хүрэх нь магадлал багатайг сануулж байна.[24]

Гурав. Эдийн засгийн байдал хүндрэлтэй хэдий ч Хятадын эрх баригчид батлан хамгаалах төсвөө 1.6 их наяд юань буюу 232 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн нь өнгөрсөн жилээс 7.2 хувиар өсчээ.[25] Энэ жилийн цэргийн зардлыг,

            1) Хятадын 14-р таван жилийн төлөвлөгөөнд тусгагдсан цэргийн томоохон инженерийн байгууламж;

            2) Батлан хамгалах шинжлэх ухаан, технологийн иновацын хөгжил, орчин үеийн ар талын бүтээн байгуулалт;

            3) Батлан хамгаалах, зэвсэгт хүчний өөрчлөн байгуулалт, орчин үеийн цэргийн удирдлага;

            4) Цэрэг армийн алба хаагчдын амьдралын баталгааг сайжруулах гэсэн 4 чиглэлээр зарцуулахаар төлөвлөсөн байна.[26]

Ши Жиньпин 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Хятадын ардын чөлөөлөх арми, зэвсэгт цагдаагийн төлөөлөгчидтэй уулзах үеэр тус улсын батлан хамгаалах бодлогын гол үзэл санаа, тулгамдаж буй асуудлыг дурдсан. Тухайлбал тэрээр, “Зэвсэгт хүчин дэх өөрчлөн байгуулалтыг гүнзгийрүүлэх, Шинэ салбарын стратегийн чадавхыг бүх талаар нэмэгдүүлэх”-ийг онцолсон байна.[27]

БНХАУ-ын дарга Ши Жиньпин

Зэвсэгт хүчин дэх “Шинэ салбарын стратегийн чадавх” гэдэг нь хиймэл оюун ухаан, их өгөгдөл, блокчейн, интернет орчин, далайн гүн, сансар зэрэг шинжлэх ухаан, технололгийн ололттой уялдсан салбаруудыг хамруулсан ойлголт бөгөөд үүнийг батлан хамгаалах салбарт үр бүтээлтэй ашиглахад чиглэжээ. Сүүлийн жилүүдэд Хятадын ардын чөлөөлөх армийн удирдлага дурдсан чиглэлээр томоохон судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг идэвхжүүлэх болсон. Энэхүү стратегийг 2022 онд ХКН-ын ХХ Их хурлаар дэвшүүлсэн “Батлан хамгаалах, зэвсэгт хүчний модернизацийн шинэ хандлага” буюу мэдээлэлжсэн, ухаалаг дайны онцлогийг судлан хэрэгжүүлэх, хүний оролцоогүй байлдааны техник, технологийг хөгжүүлэх бодлогын үргэлжлэл болж байна.

Түүнчлэн Ши Жиньпин илтгэлдээ, Тайванийн хоолой, Өмнөд Хятадын тэнгисийн нөхцөл байдал хурцдаж буйтай холбогдуулж, тэнгисийн цэргийн бэлэн байдал, далайн эдийн засгийн хөгжил, нээлттэй далай дахь эрхээ хамгаалах хүчин чадавхаа улам сайжруулахыг үүрэг болгожээ.[28]

“Хоёр хурал” хаалтаа хийсний дараахан буюу 3 дугаар сарын 12-ны өдөр Хятадын тэнгисийн цэргийн хүчин Дорнод Хятадын тэнгист 3 хоногийн цэргийн сургууль хийхээр болсон нь Ши Жиньпиний үүрэг чиглэл бодит байдал дээр шууд хэрэгжиж буйг харуулж байна. Судлаачдын зүгээс үүнийг Тайванийн талд өгч буй дохио, сануулга хэмээн дүгнэж байна.

Дүгнэлт

Судлаачдын зүгээс, “Хятадын эрх баригчид эдийн засагт тулгарч буй бэрхшээлийг шүүн хэлэлцэж, түүнийг даван туулахад чиглэсэн үр дүнтэй, тодорхой бодлого гаргана” гэсэн хүлээлттэй байсан. Гэвч “Засгийн газрын ажлын илтгэл 2023 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд хуралдсан намын Төв хорооны шийдвэрийг давтсан шинжтэй бөгөөд 2024 онд ДНБ-ий хэмжээг 5.0 хувьд хүргэхээр төлөвлөсөн зорилт бодит байдалд хэрэгжихэд ихэээн төвөгтэй. Хятадын эдийн засагт үүссэн асуудлууд ойрын хугацаанд шийдэгдэх магадлал багатай” хэмээн дүгнэж байна.

“Хоёр хурал”-ын үеэр өрнөсөн үйл явдлаас үзвэл, Ши Жиньпиний эрх мэдэл улам нэмэгдсэн, Хятадын бүх салбарт намын хяналт чангарч буй нь харагдаж байна. Үүний нэг илрэл нь шинээр батлагдсан “Төрийн зөвлөлийн зохион байгуулалтын тухай хууль” болов.

Хятадын эрх баригчид эдийн засгийн хүндрэлийг үл харгалзан батлан хамгаалах төсвөө 7.2 хувиар нэмэгдүүлсэн нь олон улс, бүс нутгийн нөхцөл байдал, тэр дундаа Тайванийн хоолой, Өмнөд Хятадын тэнгист үүсэж болзошгүй хурцадмал байдалтай холбоотой. Энэ нь тус улсын батлан хамгаалах зардал цаашид ч мөн нэмэгдэх магадлалтайг харуулж байна.

Хятадын ардын чөлөөлөх арми “Шинэ салбарын стратегийн чадавх”-аа нэмэгдүүлэх буюу хиймэл оюун ухаан, их өгөгдөл, блокчейн технологийг зэвсэгт хүчиндээ нэвтрүүлэх, армиа орчин үеийн байлдааны бэлэн байдалд шилжүүлэх ажлыг тасралтгүй хийж буй нь стратегийн бодлогынх нь нэгэн чухал хэсэг болж байна.

Ашигласан эх сурвалж:


[1]中国人民政治协商会议第一届全体会议 – 维基百科,自由的百科全书 (wikipedia.org)

[2]第一届全国人民代表大会 – 维基百科,自由的百科全书 (wikipedia.org)

[3]中华人民共和国宪法制定和发展完善历程_中国人大网 (npc.gov.cn)

[4] БНХАУ-ын Үндсэн хууль, Гуравдугаар бүлэг, Нэгдүгээр хэсэг, 57-р зүйл, Орчин үеийн Хятад судлалын төв, “Замбуулин” сэтгүүл, УБ, 2019, Дугаар 1, 133 дахь тал

[5] БНХАУ-ын Үндсэн хууль, Гуравдугаар бүлэг, Нэгдүгээр хэсэг, 59-р зүйл, Орчин үеийн Хятад судлалын төв, “Замбуулин” сэтгүүл, УБ, 2019, Дугаар 1, 133 дахь тал

[6] БНХАУ-ын Үндсэн хууль, Гуравдугаар бүлэг, Нэгдүгээр хэсэг, 62-63-р зүйл, мөн тэнд, 134-135 дахь тал

[7] 政协全国委员会关于政治协商、民主监督、参政议政的规定 (1995年1月14日中国人民政治协商会议

八届全国委员会常务委员会第九次会议通过) 政协全国委员会关于政治协商、民主监督、参政议政的规定-广东政协网 (gdszx.gov.cn)

[8] БНХАУ-ын Үндсэн хууль, Өмнөх үг, мөн тэнд, 119 дэх тал

[9] БХАУТТЗХ-ын Найм дахь удаагийн Байнгын хорооны 9 дэх удаагийн хуралдаанаар баталсан, БХАУТТЗХ-ын бүх улсын гишүүдээс улс төрөөр зөвшилцөх, ардчилсан хяналтыг хэрэгжүүлэх, улс төрд оролцох тухай дүрэм, 1995.01.14 政协全国委员会关于政治协商、民主监督、参政议政的规定-广东政协网 (gdszx.gov.cn)

[10]全国政协十四届二次会议闭幕, 两会常识 | “两会时间”到,全国政协具体都干啥_中国政库_澎湃新闻-The Paper

[11] 政协闭幕强调坚持中共全面领导 分析:两会系统性突出“习核心” | 联合早报 (zaobao.com.sg)

[12] “Шинэ эринд намаас Тайванийн асуудлыг шийдвэрлэх ерөнхий чиглэл”, 2022.12.01, 坚持贯彻新时代党解决台湾问题的总体方略 – 求是网 (qstheory.cn)

[13] 全国政协十四届二次会议开幕会举行 习近平等党和国家领导人出席大会_2024全国两会大型融媒体专题_新华网 (news.cn)

[14] 两会受权发布丨第十四届全国人民代表大会第二次会议议程_2024全国两会大型融媒体专题_新华网 (news.cn)

[15] 关于《中华人民共和国国务院组织法(修订草案)》的说明凤凰网资讯_凤凰网 (ifeng.com)

[16] 国务院组织法40多年来首次修订 娄勤俭披露重要细节 – 青岛新闻网 (qingdaonews.com)

[17] 异常!李强被贬出主席团,习近平对赵乐际敲桌子;赵安吉夺命细节曝光(YouTube会员节目第53集 20240309)天亮时分

[18] 两会受权发布|中华人民共和国国务院组织法|总理|国务院|国务院常务会议_新浪新闻 (sina.com.cn)

[19] 第十四届全国人民代表大会第二次会议主席团和秘书长名单–2024年全国两会–人民网 (people.com.cn)

[20] State of Play in China:Why Did the CCP Cancel the Premier’s Press Conference? – YouTube

[21] 李強報告再捧習 專家析中共干預經濟惡果 – 禁評傳媒 (jingpingmedia.com)

[22] 李強作的政府工作報告(摘登)–2024年全國兩會–人民網 (people.com.cn)

[23] 中央经济工作会议在北京举行 习近平发表重要讲话__中国政府网 (www.gov.cn)

[24] 中國兩會2024:GDP增速目標仍維持5% 分析稱實現該目標更具挑戰性 – BBC News 中文

[25] Habitual smearing of defense budget intended to make China the fall guy – Opinion – Chinadaily.com.cn

[26] 两会受权发布|解放军和武警部队代表团新闻发言人答记者问_2024全国两会大型融媒体专题_新华网 (xinhuanet.com)

[27] 向新兴领域要新质战斗力–军事–人民网 (people.com.cn)

[28] 习近平要求全面提升新兴领域战略能力 | 联合早报 (zaobao.com.sg)


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА