Франц ба Европын холбооны Энэтхэг-Номхон далайн стратеги

2022-10-28

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/11/2.-Энэтхэг-Номхон-далайн-бүс-нутаг-дахь-Францын-цэргийн-хүч-тархалт-байршлын-зураглал-Францын-БХЯ.png

НҮБ болон олон улсын байгууллагуудын бүсчлэлийн нэршлээр ихэвчлэн “Ази–Номхон далайн бүс нутаг” гэдэг боловч сүүлийн жилүүдэд үүссэн БНХАУ-ын эрс хүчирхэгжилттэй холбоотойгоор геополитикийн утга агуулга зонхилсон “Энэтхэг–Номхон далайн бүс нутаг” гэдэг томьёолол олон улсад өргөн хэрэглэгдэж эхэллээ. Энэтхэг–Номхон далайн бүс нутаг цар тахлын өмнөх (2020 он) үзүүлэлтээр: Дэлхийн хүн амын 65%, ДНБ 62%, худалдаа эргэлтийн 46% тус тус эзлэж[1] дэлхийн хөгжлийн хүндийн төв болж хувирч буй тул дэлхийн бусад улс орнууд, эвсэл холбоодын зүгээс энэ бүс нутагт чиглэсэн бодлого боловсруулах, тохирох стратеги бэлтгэн гаргах хэрэгцээ үүсээд байна.

Одоогийн байдлаар АНУ, Европын Холбоо, Япон, Энэтхэг, Франц, Австрали, Их Британи, Индонез улсууд “Энэтхэг–Номхон далай” гэдэг томьёоллыг албан ёсоор бодлогын чиглэл болгон практикт хэрэглэж эхлээд байна. Гэхдээ улс болгоны өөрийн геостратегийн бодлого, чиглэлээс шалтгаалж “Энэтхэг–Номхон далай” гэдэг ойлголтыг ялгаатай авч үзэж байна.[2]

“Энэтхэг–Номхон далай”-н талаарх улс орнуудын ялгаатай ойлголт

АНУ-ын тодорхойлж буй “Энэтхэг–Номхон далай”[3] нь 36 улсыг хамарсан: Умард Америкийн эргээс эхлээд Номхон далай бүхэлдээ, баруун хязгаар нь Энэтхэгийн хойгт тулна.[4] Онцлог нь Энэтхэгийн далайн баруун хэсгийг хамраагүй ба Пакистаныг дурьдаагүй. АНУ-ын Энэтхэг–Номхон далайн бодлого нь дараах хоёр ба олон талт форматууд дээр тулгуурлаж байна:

  • QUAD: Япон, Энэтхэг, Австрали, АНУ дөрвөн талт яриа хэлэлцээ[5]
  • AUKUS: Австрали, Их Британи, АНУ цөмийн шумбагч хөлөг онгоцны технологи хуваалцах гурвалсан түншлэл[6]
  • АНУ–Япон–БНСУ: Солонгосын хойг, Зүүн Азийн бүс нутаг дахь аюулгүй байдлын асуудлаар гурван талт яриа хэлэлцээ, улс төр, цэрэг-стратегийн түншлэл[7]
  • ASEAN–АНУ: Цагаан Ордны тодорхойлж буйгаар БНХАУ-ыг тогтоон барих бодлогын цөм хэсэгт Зүүн өмнөд Азийн орнууд–ASEAN байрлах ба АНУ-ын зүгээс ойрын хугацаанд “Стратегийн иж бүрэн түншлэл”-д хүрэх бодлогын зорилт тавьсан[8]
  • Хоёр талт харилцааны хүрээнд: АНУ-тай холбоотон орнууд: Австрали, Япон, БНСУ, Филиппин, Тайланд; АНУ-тай ойрын түнш орнууд: Энэтхэг, Индонез, Малайз, Монгол, Сингапур, Шинэ-Зеланд, Вьетнам, Тайвань, Номхон далайн арлын улсуудтай хоёр талт харилцаагаа идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэх
  • Худалдаа–Эдийн засгийн бодлогын хүрээнд: IPEF (Indo-Pacific Economic Framework for Prosperity) Энэтхэг–Номхон далайн бүс нутгийн 13 улсыг хамарсан худалдааны түншлэл[9]
  • Номхон далайн арлын улсуудтай харилцах хүрээнд: Partners in the Blue Pacific – Номхон далайн улсуудтай харилцах өргөтгөсөн санаачилга[10], АНУ–Номхон далайн арал улсуудын дээд хэмжээний уулзалт[11]
  • Тайваний асуудлаар: АНУ–Тайваний харилцаа (АНУ-ын Конгрессын 1979 оны тогтоол)[12], Холбоотны улсуудтайгаа Дорнод Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгис, Тайваний хоолойд тэнгисийн хамтарсан эргүүл хийх стратеги[13]

Европын Холбооны харж буй “Энэтхэг–Номхон далай”[14] нь: Арабын хойг, Зүүн Африкийн эргээс эхлээд Японы эрэг буюу Агнуурын тэнгис хүртэл бүс нутгийг хамаарч, зүүн хил нь Номхон далайн зүүн бүс нутагт тулсан байна. 2022 оны 2 дугаар сарын 22-нд Парист зохиогдсон “Европын Холбоо–Энэтхэг Номхон далайн форум”[15] нь 27+30 форматаар зохиогдсон ба үүнд Монгол Улс багтаагүй[16] байна.

Японы хувьд “Энэтхэг-Номхон далай”[17] нь: Японоос эхлээд Зүүн Африкийн эрэг, Ойрх Дорнодын эрэг, Умард ба Өмнөд Америкийн эргийг бүхэлд нь хамаарч ойлгож байна[18]. Японы томьёоллоор Энэтхэг–Номхон далай нь илүү том өргөн орон зай боловч Евразийн эх газрын гүнд байгаа орнуудыг, тухайлбал Монголыг хамрахгүй байна.[19]

Энэтхэгийн байр сууринаас “Энэтхэг-Номхон далай”[20] нь: Африкийн эргээс Америкийн эрэг хүртэл бүх орон зай гэж томьёолсон байна. Ингэхдээ 2015-онд гарсан “Энэтхэгийн тэнгисийн цэргийн стратеги”[21] дээр голчлон суурилсан ойллого гэж судлаачид тайлбар хийжээ[22][23]. Монгол Улсыг энэ стратегийн чиглэлд нэр дурьдаагүй.

Францын үзэл баримтлалаар “Энэтхэг-Номхон далай”[24] нь: Зүүн Африкийн эргээс Номхон далайн зүүн хязгаар, хойшоо Япон, Солонгосын хойг хүртэл хамарсан ба Евразийн эх газрын гүнд байх далайд гарцгүй Монгол, Балба, Бутан улсуудыг багтааснаараа газарзүйн томьёолол нь хамгийн өргөн агуулгатай байна. Франц улс өөрийн далайн чанад дахь нутаг дэвсгэрийн (La Terre-Adélie) хүрээнд Антарктидыг хүрээлдэг Өмнөд тэнгисийг Энэтхэг–Номхон далайн стратегидаа оруулсан[25] нь бусдаас онцлогтой.

Индонезийн хувьд “Энэтхэг–Номхон далай” нь: ASEAN-аас гаргасан Энэтхэг–Номхон далайн бодлогын ерөнхий чиглэлтэй[26] нэг шугамд байх боловч бүс нутгийн зарим зөрчилтэй, нарийвчилсан асуудлууд дээр байр сууриа бүрэн тодруулж эцсийн томьёоллоо гаргаагүй байна.[27]

Их Британий үзэл баримтлалаар “Энэтхэг–Номхон далай”[28] нь: Европ, Хойд Америкийн дараах стратегийн 3 дахь чухал бүс нутаг бөгөөд хамрах хүрээг Энэтхэгийн далай, Номхон далайг хамарсан далай тэнгис, эргийн дагуух улсууд гэж авч үзсэн байна. Их Британий Global Britain стратегийн хүрээнд ойрын түншүүдтэйгээ нягт хамтран Энэтхэг–Номхон далайд бодлого явуулах ба өөрөө дангаар стратеги хэрэгжүүлэх боломж хомс гэж судлаачид дүгнэж байна.[29]

Австралийн шинэчлэн тодорхойлсон “Энэтхэг–Номхон далайн”[30] бодлого нь: Энэтхэгийн далайн зүүн хэсгээс Номхон далай хүртэл, Зүүн өмнөд Ази, АНУ, Умард Ази гэж ойлгоно гэж заасан байна. Хэрвээ Умард-Ази гэдгийг газарзүйн нийтлэг ойлголтоор авч үзвэл Австралийн тодорхойлдог Энэтхэг–Номхон далайн стратегид Монгол Улс багтаж байна. Гэхдээ Австралийн Гадаад бодлогын Цагаан ном-2017, Батлан хамгаалах Цагаан ном-2016 болон стратегийн орчны бусад баримт бичгүүдэд[31] Монгол Улсыг нэр цохож онцгойлон дурьдаагүй байна.

Европын Холбооны Энэтхэг–Номхон далайн стратеги:

1993 онд Маастрихтын гэрээ байгуулагдсаны дараа Европын Холбоо гадаад бодлогын чиг баримжаагаа нэг шугамд ойртуулан нэгтгэх бодлого барьж эхэлсэн ба 2003 онд “Европын Аюулгүй Байдлын Стратегийн баримт бичиг” анх гарч 2009 онд дахин шинэчлэгдэн гарсан.[32] Улмаар 2016 онд “Европын Холбооны Гадаад Бодлого, Аюулгүй Байдлын Глобал Стратеги”[33] батлагдан гарч үзэл баримтлал, практик ажиллагааны үндсэн баримт бичиг нь болсон юм.

2021 онд гаргасан Европын Холбооны “Стратегийн төлөв байдлын илтгэл-2021”[34], мөн 2021 онд JRC институтээс (EU Joint Research Center) “Европын Холбооны бие даасан байдал 2040 он, түүнээс цааш стратегийн төлөв байдлын төсөөлөл”[35] судалгааны илтгэл гэсэн бодлогын зөвлөмжийн суурь баримт бичгүүд гарсан. 2016 оны Глобал Стратегийн үзэл баримтлалын хүрээнд, мөн судалгааны институцүүдийнхээ бодлогын зөвлөмжүүдийг харгалзан Евро Зөвлөлөөс 2021 оны 4 дүгээр сард өгсөн Энэтхэгийн далай, Номхон далайн бүс нутагт чиглэсэн шинэ стратеги боловсруулах чиглэлийн[36] дагуу Евро Комисс 2021 оны 9 дүгээр сард “Энэтхэг–Номхон далайн стратеги”[37] гаргасан.

Европын Холбооны “Энэтхэг–Номхон далайн стратеги” нь тус бүс нутагт авч хэрэгжүүлэх бодлогын 7 үндсэн чиглэл тодорхойлжээ:

1.Тогтвортой, оролцоот хөгжил дэвшил:

  • Африк, Карибын тэнгис, Номхон далайн бүс нутгийн орнуудтай байгуулж буй “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” (ТХАХ) –ийг гүйцэлдүүлж үр шимийг нь бүрэн дүүрэн үр дүнтэй ашиглах. Тайланд, Малайз улсуудтай ТХАХ байгуулж дуусах, Мальдив улстай ТХАХ эхлүүлэх;
  • Австрали, Шинэ-Зеланд, Индонез улсуудтай байгуулж буй худалдааны хэлэлцээг гүйцэлдүүлж дуусгах. Зүүн Африкийн улсуудтай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ (ЭЗТХ) хийж эхлэх. Малайз, Филиппин, Тайланд улсуудтай хийж буй ЭЗТХ-г сэргээн үргэлжүүлэх. Энэтхэг улстай худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээ хийх;
  • ASEAN-тай Европын Холбоо region-to-region форматаар хэлэлцээрүүд байгуулах;

2. Ногоон шилжилт:

  • Энэтхэг–Номхон далайн улсуудтай “Ногоон Эвсэл, Түншлэл” байгуулах;
  • Цаг уурын өөрчлөлт, хөрсний доройтол, хүрээлэн буй орчны бохирдлын эсрэг хамтран тэмцэх;

3. Тэнгис далайн засаглал:

  • Хууль бус загас агнууртай тэмцэх, тус бүс нутгийн улсуудын эргийн ба тэнгисийн харуулын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх. Тогтвортой Загас Агнуурын Түншлэлийн хэлэлцээрүүд байгуулах;
  • Тэнгис далайн экосистемийг хамгаалахад Европын Холбоо дэмжлэг үзүүлэх;

4. Цахим засаглал, түншлэл:

  • Энэтхэг–Номхон далайн улсуудтай Цахим түншлэлийн хэлэлцээр байгуулах (DPA–Digital Partnership Agreement);
  • Европын Холбооны харьяа “Horizon Europe” хөтөлбөрийн хүрээнд шинжлэх ухаан, инновац, судалгааны чиглэлд Энэтхэг–Номхон далайн бүс нутгийн улсуудтай өргөн хүрээний хамтын ажиллагаа хөгжүүлэх, голлох түншүүд нь: Япон, БНСУ, Сингапур, Австрали, Шинэ-Зеланд;

5. Хатуу ба Зөөлөн дэд бүтцээр холбогдох:

  • Энэтхэг–Номхон далайн бүс нутагт хатуу ба зөөлөн дэд бүтцийн холболтын чиглэлд Европын Холбоо оролцоогоо нэмэх, ялангуяа Япон, Энэтхэг улсуудтай хамтарч санхүүжилтын нөөц дайчлах;

6. Аюулгүй байдал, батлан хамгаалах салбар:

  • Европын Холбоо Энэтхэг–Номхон далайн бүс нутагт энх тайвныг дэмжиж олон улсын дүрэм журмын дагуу аюулгүй байдлыг сахиулахад бусад түнш, холбоотон улсуудтайгаа идэвхтэй хамтран ажиллах;
  • Энэтхэг–Номхон далайн бүс нутгаар дайран өнгөрч буй тэнгисийн худалдааны замын аюулгүй байдлыг сахиулахад түншүүдтэйгээ хамтран ажиллах;

7. Хүний аюулгүй байдал:

  • Энэтхэг–Номхон далайн бүс нутагт хүний эрхийг хангах чиглэлд Европын Холбоо идэвхтэй оролцох;
  • Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээг сайжуулах, цар тахлын нөлөөг бууруулах чиглэлд Европын Холбоо дэмжлэг үзүүлэх;

Европын Холбооны “Энэтхэг–Номхон далайн стратеги” нь тус бүс нутагт хамгийн халуун сэдэв болоод буй АНУ–БНХАУ-ын стратегийн өрсөлдөөнд ямар байр сууринаас хандахаа бүрэн тодорхойлохоос түр түдгэлзсэн.[38] “Энэтхэг–Номхон далайд түншүүдтэйгээ харилцан үр ашигтай түншлэх замаар хамтын эрх ашгаа хангах, глобал асуудлуудад хамтран шийдэл олох нь чухал. Глобал асуудлуудад БНХАУ-ын оролцоо зайлшгүй шаардлгатай, тус улстай бүх талбарт түншлэхийг эрмэлзэнэ, гэхдээ хүний эрх, худалдааны тэгш бус бодлого, түрэмгий бодлого агуулгын эсрэг зогсох болно” хэмээн Евро Комиссийн гаргасан тайлбарт товч дурьдсан байна.[39]

Өнгөц харвал Европын Холбооны БНХАУ-ын талаарх ерөнхий байр суурь прагматик, харьцангуй уян хатан, идэвхтэй хамтын ажиллагааг илэрхийлдэг.[40] Гэвч Европын Холбоо–БНХАУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээний явцыг ажиглахад[41] хүний эрх, худалдааны тэнцвэргүй харилцаа, аюулгүй байдлын асуудлууд дээр яриа хэлэлцээ сунжирч гацаад байна. Хятадын “Бүс, Зам”-ын стратеги, түүнд оролцогч орнуудад үүсдэг өрийн асуудал, 17+1 формат, Литва улстай үүсгэсэн маргаан, Балкан, Зүүн ба Өмнөд Европ, Умард Европын боомтуудад нэвтэрсэн, Европын институцүүдтэй БНХАУ-ын үүсгэсэн дипломат дайн зэрэг хэт түрэмгий тактик нь Европын Холбоог Хятадаас болгоомжлуулахад хүргэснийг судлаачид онцолдог.[42] 2022-оны 4 болон 7 дугаар сард явагдсан Европын Холбоо–БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн өндөр түвшний ээлжит яриа хэлэлцээнүүд бодит үр дүнгүй болж өнгөрсөн.[43]

Цаашид БНХАУ-тай ямар байдлаар худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцаагаа томьёолохоос хамаарч Европын Холбооны “Энэтхэг–Номхон далайн стратеги” цааш хувирч өөрчлөгдөх болно. Мөн ОХУ–Украины дайны байдал, Тайваний сөргөлдөөн, QUAD ба AUKUS-ийн хүрээнд аюулгүй байдлын орчин хэрхэн өөрчлөгдөх нь Европын Холбооны Энэтхэг–Номхон далайд өөрийн байр суурь, оролцоогоо бүрэн зураглахад нөлөө үзүүлэх болно.[44]

Монгол Улсын хувьд Европын Холбооны гадаад бодлогын стратегийн аль чиглэлд багтаж байна вэ гэдгээ бид дахин судлах шаардлагатай. Европын Холбооны “Төв Азийн стратеги”, “Энэтхэг–Номхон далайн стратеги”-ийг харьцуулан судлаад Монгол Улсад тохирох хувилбарыг томьёолж гаргаж ирэх нь Монголын талын хийх ажил юм.

Францын Энэтхэг–Номхон далайн стратеги:

Франц улс газарзүйн хувьд Энэтхэг–Номхон далайн бүс нутагт эрх ашиг нь биетээр оршдог шууд оролцогч орны нэг юм. Францын далайн чанад дахь 13 нутгийн 7 нь (Маиот, Реюнион, Францын Австрали–Антарктидын нутаг, Шинэ Каледони, Валлис ба Футуна, Францын Полинези, Клиппертон.) Энэтхэг–Номхон далайд оршдог ба эдгээрт 1,6 сая иргэн нь оршин суудаг, усан хилээр тогтоогдсон эдийн засгийн онцгой бүсийн хэмжээ нь 9 сая хавтгай дөрвөлжин км хүрдэг (хэмжээгээр дэлхийд 2-р байр). Энэтхэг –Номхон далайд Франц улс агаарын ба тэнгисийн цэргийн баазуудтай, 8300 цэрэг нь байнга байршиж тус бүс нутгийн аюулгүй байдлын оролцогч болж байна.[45]

Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Францын цэргийн хүч, тархалт, байршлын зураглал (Францын БХЯ)

Францын “Энэтхэг–Номхон далайн стратеги” нь: 1) Францын Гадаад Харилцааны яамны стратеги (2022 он)[46], 2) Францын Батлан Хамгаалах яамны стратеги (2019 он)[47] гэсэн 2 тусдаа баримт бичгээс бүрдэнэ. Эхний баримт бичиг нь:

  1. Ерөнхийлөгч Эммануэль Макроны 2018 онд Сиднейд айлчлахдаа зарласан “Франц улсын Энэтхэг–Номхон далайн алсын хараа”[48]
  2. Ерөнхийлөгч Эммануэль Макроны 2019 онд Реюнионд ажиллахдаа танилцуулсан “Францын эдийн засгийн ашиг сонирхлын хүрээ”[49]
  3. 2019 онд Францын Батлан Хамгаалах яамнаас гаргасан “Энэтхэг–Номхон далай дахь Францын аюулгүй байдлын стратеги”
  4. 2021 онд Европын Холбооноос гаргасан “Энэтхэг–Номхон далайн стратеги” гэсэн 4 баримт бичиг дээр тулгуурлажээ.

Франц улс Энэтхэг–Номхон далайд нутагтай биет оролцогч болохын хувьд тус бүс нутгийг газарзүйн агуулгаар хамгийн өргөн хэмжээнд, тухайлбал Монгол Улсыг оролцуулан авч үзэж байна.

Францын ГХЯ-ны томьёолсон Энэтхэг-Номхон далайн стратегийн зураглал

Энэтхэг–Номхон далай дахь Францын стратеги нь дараах агуулгуудыг онцлон дурдаж өөрийн бодлогын үндсэн чиглэлүүд гэж заажээ:

  • Аюулгүй байдал, геостратеги: Энэтхэг–Номхон далай дахь халуун цэгүүд (ОХУ-Украины дайн, Африк ба Ойрх Дорнодын бүс нутаг) Францын онцгой анхаарлын төвд байна. Тайваний хоолой, Дорнод ба Өмнөд Хятадын тэнгис, Солонгосын хойг, Хималай дахь Энэтхэг–Хятадын хилийн бүсийг ирээдүйн мөргөлдөөний эрсдэлтэй бүсүүд гэж авч үзжээ. Мөн цэргийн зардлаар тэргүүлэгч 10 улсын 7 нь, тэр дундаа цөмийн зэвсэгтэй гүрнүүд энэ бүс нутагт байгааг анхааруулжээ. Франц улс энэ талбарт өөрийн байр сууриа, тэнцвэр баригч, тогтворжуулагч хүч болохыг зорино гэж томьёолсон байна.
  • Эдийн засаг: Энэтхэг–Номхон далайд G20-ийн бүлгийн орнуудын 6 нь байршдаг, дэлхийн ДНБ 40+% ноогддог, 2040 онд энэ ДНБ хэмжээ 60% хүрэх ба 3 тэрбум иргэн нь дэлхийн хэрэглэгчийн зах зээлийн 40% эзлэх төлөвтэй тул Франц улс энэ орон зайд байр сууриа баталгаажуулах, оролцоогоо нэмэх ёстой гэж үзэж байна. Энэтхэг–Номхон далайн эдийн засгийн орон зайд Францын 7000 орчим компани, бизнесүүд, тэдгээрийн салбарууд үйл ажиллагаа явуулдаг ба Францын эдийн засгийн ирээдүйн өсөлтөд чухал үүрэгтэй тухай онцолсон байна.
  • Далай тэнгис: Энэтхэг–Номхон далайд Францын усан хилээр тогтоогдсон эдийн засгийн онцгой бүс 9 сая гаруй км нутаг оршдог. Ирээдүйд хөгжих тэнгисийн эдийн засаг, далай тэнгисийн экосистемийн асуудлууд, тэнгисийн худалдааны усан замын аюулгүй байдлын асуудлууд Францын үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдож байгаа аж. Мөн энэ бүс нутагт хууль бус загас агнууртай тэмцэх, Сомалийн эрэг орчимд далайн дээрэмчидтэй тэмцэх асуудлууд анхаарлын төвд багтаж буй аж.
  • Нийтлэг тулгамдсан сорилтуудын агуулга: Цаг уурын өөрчлөлт, Байгалийн гамшиг, Ногоон шилжилт, Ядууралтай тэмцэх, Хүртээмжит эдийн засгийн өсөлт зэрэг талбарт Энэтхэг–Номхон далайн түншүүдтэйгээ тус тус нягт хамтран ажиллана гэж Франц улс бодлогын чиглэлдээ заасан байна.

Францын Энэтхэг–Номхон далайн стратеги нь Европын Холбооны стратегитэй харилцан уялдаатай, ерөнхий агуулга нийцсэн боловч аюулгүй байдлын талбарт зарим ялгаа байна. Франц улс Энэтхэг–Номхон далайд голлох түншээр АНУ, Япон, Энэтхэг улсуудыг нэр дурьдаад Австрали улсыг “найдваргүй түнш” гэж стратегийн баримт бичигтээ албан ёсоор заасан (Шумбагч хөлгийн гэрээний маргаанаас үүдэлтэй) бол Европын Холбооны стратегид голлох түнш гэдэгт Австрали улс багтсан байна. Францын Энэтхэг–Номхон далайн стратеги нь Евразийн эх газрын гүний Монгол, Балба, Бутан улсуудыг бүрэн хамарсан ба Дипломат төлөөлөгчийн газрын хамтаар хариуцах Цэргийн атташе томилж харилцааны бүх түвшинг дүүргэж идэвхтэй ажиллаж байна гэдгээрээ Европын Холбооны стратегиэс ялгардаг.

Францын гадаад бодлогын чиглэл нь ирээдүйд Европын Холбоо (түүгээр дамжуулан Транс-Атлантын харилцаа), Хойд Африк ба Ойрх Дорнод, Энэтхэг–Номхон далай гэсэн үндсэн 3 чиглэлтэй болон өөрчлөгдөж байна. Францын хувьд Монгол–Францын хоёр талт харилцааг “Энэтхэг–Номхон далайн стратеги” гэсэн бодлогын чиглэлдээ багтааж авч үзэж эхэллээ.

Энэтхэг–Номхон далай гэсэн агуулгаар Монголыг хамруулсан тодорхой стратегитэй өөр нэг улс байгаа нь АНУ юм. Дэлхийн голлох хүчнүүд, эвсэл бүлгүүд, их гүрнүүд Энэтхэг–Номхон далайг томьёолохдоо Монгол Улсыг хэрхэн авч үзэж буйг цааш анхааралтай ажиглаж бодлогын элементүүдийг нь шинжлэн судлах нь зүйтэй.

Ашигласан эх сурвалж:


[1] https://journalofeconomicstructures.springeropen.com/articles/10.1186/s40008-020-00222-4

[2] https://dr.ntu.edu.sg/bitstream/10356/143604/2/WP326.pdf

[3] https://www.whitehouse.gov/wp-content/uploads/2022/02/U.S.-Indo-Pacific-Strategy.pdf

[4] https://www.pacom.mil/About-USINDOPACOM/USPACOM-Area-of-Responsibility/

[5] https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2022/05/24/quad-joint-leaders-statement/

[6] https://www.chathamhouse.org/2022/08/what-are-lasting-impacts-aukus-agreement

[7] https://www.state.gov/joint-statement-on-the-u-s-japan-republic-of-korea-trilateral-foreign-ministerial-meeting/

[8] https://www.state.gov/the-united-states-asean-relationship/

[9] https://ustr.gov/about-us/policy-offices/press-office/press-releases/2022/september/united-states-and-indo-pacific-economic-framework-partners-announce-negotiation-objectives

[10] https://www.state.gov/joint-statement-on-partners-in-the-blue-pacific-foreign-ministers-meeting/

[11] https://www.whitehouse.gov/briefing-room/speeches-remarks/2022/09/29/remarks-by-president-biden-at-the-u-s-pacific-island-country-summit/

[12] https://www.state.gov/u-s-relations-with-taiwan/

[13] https://www.usni.org/magazines/proceedings/2022/august/campaign-plan-south-china-sea

[14] https://www.eeas.europa.eu/sites/default/files/jointcommunication_2021_24_1_en.pdf

[15] https://www.eeas.europa.eu/eeas/forum-minist%C3%A9riel-pour-la-coop%C3%A9ration-dans-l%E2%80%99indopacifique-remarques-du-haut-0_en

[16] https://eias.org/publications/op-ed/the-indo-pacific-forum-and-the-eus-global-gateway-strategy-engaging-with-the-new-international-order/

[17] https://www.mofa.go.jp/policy/page25e_000278.html

[18] https://www.mofa.go.jp/files/000430632.pdf

[19] https://www.mofa.go.jp/files/100056243.pdf

[20] https://carnegieendowment.org/2020/06/30/india-in-indo-pacific-new-delhi-s-theater-of-opportunity-pub-82205

[21] https://www.indiannavy.nic.in/sites/default/files/Indian_Maritime_Security_Strategy_Document_25Jan16.pdf

[22] https://www.orfonline.org/research/indo-pacific-oceans-initiative-towards-coherent-indo-pacific-policy-india/#_edn32

[23] https://moderndiplomacy.eu/2022/06/20/indias-maritime-security-strategy-in-the-century-of-seas/

[24] https://www.diplomatie.gouv.fr/IMG/pdf/fr_a4_indopacifique_022022_dcp_v1-10-web_cle017d22.pdf

[25] https://taaf.fr/collectivites/presentation-des-territoires/la-terre-adelie/

[26] https://asean.org/asean2020/wp-content/uploads/2021/01/ASEAN-Outlook-on-the-Indo-Pacific_FINAL_22062019.pdf

[27] https://www.iseas.edu.sg/articles-commentaries/iseas-perspective/2021-170-stuck-in-second-gear-indonesias-strategic-dilemma-in-the-indo-pacific-by-evan-a-laksmana/

[28] https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/975077/Global_Britain_in_a_Competitive_Age-_the_Integrated_Review_of_Security__Defence__Development_and_Foreign_Policy.pdf

[29] https://www.ankasam.org/indo-pacific-strategy-of-britain/?lang=en#_edn1

[30] https://www.dfat.gov.au/sites/default/files/minisite/static/4ca0813c-585e-4fe1-86eb-de665e65001a/fpwhitepaper/foreign-policy-white-paper/overview.html#ref-1-marker

[31] https://www.europarl.europa.eu/RegData/etudes/BRIE/2022/698917/EPRS_BRI(2022)698917_EN.pdf

[32] https://op.europa.eu/en/publication-detail/-/publication/d0928657-af99-4552-ae84-1cbaaa864f96/

[33] https://www.eeas.europa.eu/sites/default/files/eugs_review_web_0.pdf

[34] https://ec.europa.eu/info/strategy/strategic-planning/strategic-foresight/2021-strategic-foresight-report_en

[35] https://publications.jrc.ec.europa.eu/repository/handle/JRC125994

[36] https://data.consilium.europa.eu/doc/document/ST-7914-2021-INIT/en/pdf

[37] https://www.eeas.europa.eu/sites/default/files/jointcommunication_2021_24_1_en.pdf

[38] https://www.eeas.europa.eu/sites/default/files/eu-indo-pacific_factsheet_2022-02_0.pdf

[39] https://ec.europa.eu/commission/presscorner/detail/en/qanda_21_4709

[40] https://policy.trade.ec.europa.eu/eu-trade-relationships-country-and-region/countries-and-regions/china/eu-china-agreement_en

[41] https://www.chinadaily.com.cn/a/202012/31/WS5fed04b5a31024ad0ba9faa4.html

[42] https://thediplomat.com/2022/03/is-the-eu-china-investment-agreement-dead/

[43] https://www.reuters.com/markets/china-agrees-further-financial-cooperation-with-eu-2022-07-19/

[44] https://www.orfonline.org/research/an-assessment-of-the-european-unions-indo-pacific-strategy/

[45] https://www.diplomatie.gouv.fr/fr/dossiers-pays/asie-oceanie/l-espace-indopacifique-une-priorite-pour-la-france/article/l-espace-indopacifique-une-priorite-pour-la-france#sommaire_1

[46] https://www.diplomatie.gouv.fr/IMG/pdf/fr_a4_indopacifique_022022_dcp_v1-10-web_cle017d22.pdf

[47] https://www.defense.gouv.fr/dgris/enjeux-regionaux/strategie-francaise-indopacifique

[48] https://www.elysee.fr/emmanuel-macron/2018/05/03/discours-a-garden-island-base-navale-de-sydney

[49] https://www.elysee.fr/emmanuel-macron/2019/10/23/choose-la-reunion-unis-dans-lespace-indo-pacifique


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА