Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал-30 жил: Сорилт, хөгжлийн шинэ хандлага

2022-10-21

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/10/MFA_8.jpg

Казахстаны Ерөнхийлөгч асан Н.Назарбаев гучаад жилийн тэртээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы индэр дээрээс 1992 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх Бага хурал (CICA-АХАИББХ) байгуулах санаачилга гаргасан билээ. Бага хурал нь Азид энх тайван тогтоох, аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх зорилготой.  Одоогоор 27 гишүүн улс[1], 9 ажиглагч[2] улсыг эгнээндээ нэгтгэн, олон улсын цөөнгүй байгууллагатай[3] түншлэл тогтоосон бүс нутгийн томоохон бүтэц болжээ. Бүрэлдэхүүнийг нь өнгөцхөн харвал АХАИББХ-д асар их боломж байж болох. Баренц, Улаан тэнгисээс Өмнөд Хятадын тэнгис хүртэл үргэлжилсэн эдийн засгийн юм уу улс төрийн нэгдсэн эвсэл болох боломжтой хэмээн гишүүн орнуудынх нь шинжээч нар үзэх аж.

Монгол Улс 2001 онд Бага хурлын гишүүнээр элссэн бөгөөд бүс нутгийн түвшинд бидний цорын ганц бүрэн эрхт гишүүний статус бүхий энэхүү интеграцийн VI Дээд хэмжээний уулзалт өнгөрсөн 10 дугаар сард Казахстаны нийслэл Астана хотод болж өнгөрлөө. Уулзалт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган зэрэг 11 гишүүн улсын Ерөнхийлөгч, БНХАУ болон БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, бусад гишүүн, ажиглагч улс, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон, олон улсын анхаарлын төвд байсан арга хэмжээ болсон юм.

Харьцангуй институцжсэн бүтэц болох нь

Казахстаны Алматы хотноо зохиогдсон гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын анхдугаар уулзалтаар (1999) “АХАИББХ-ын гишүүн орнуудын харилцааг зохицуулах зарчмуудын тунхаглал”, Төрийн тэргүүн нарын анхдугаар Дээд хэмжээний уулзалтаар (2002) “АХАИББХ-ын Дүрэм” зэрэг Бага хурлын эрх зүйн үндсэн баримт бичгүүдийг баталсан. Улмаар Гадаад хэргийн сайд нарын II уулзалтаар (2004) хүмүүнлэг, эдийн засаг, шинэ сорилт-аюул занал, байгаль орчин, цэрэг-улс төрийн 5 үндсэн чиглэлээс бүрдэх “АХАИББХ-ын Итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэл”-ийг баталсан нь Бага хурлын үйл ажиллагааны үндэс болж байгаа юм.

Институцийн тухайд удирдах, ажлын хэсгийн болон зөвлөх байгууллагууд гэсэн үндсэн 3 бүлгийн 8 бүтэц үйл ажиллагаа явуулж байна.  

Бага хурлын удирдах бүтцийн тухайд, Дээд хэмжээний болон Гадаад хэргийн сайднарын уулзалтыг тус бүр 4 жил тутам, Ахлах албан тушаалтны уулзалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулж ирсэн. Олон улсын байгууллагад нэгэнтээ тогтсон эдгээр уламжлалт бүтцээс гадна 3 ажлын хэсэгтэйгээс Тусгай ажлын хэсэг нь тодорхой асуудлуудыг судалж, Нарийн бичгийн дарга нарын газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, ажлын үр дүнг Ахлах албан тушаалтны хороонд хүргүүлдэг. Түүнчлэн тухайн жил байгууллагыг даргалж буй гишүүн улс итгэлцлийг бэхжүүлэх тодорхой арга хэмжээний талаарх баримт бичгийн төсөл, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, Тусгай ажлын хэсэгт тайлагнах зорилгоор Шинжээчдийн уулзалтыг зохион байгуулдаг. Гишүүн улсууд зарим тусгайлсан болон техникийн шинжтэй асуудлуудыг хэлэлцэхийн тулд салбарын сайд, эрх бүхий агентлаг, байгууллагуудын оролцоотой Мэргэшсэн уулзалтыг зарлан хуралдуулж болно. Энэ бүлгийнхэн шаардлагатай тохиолдолд эрдэм шинжилгээний зөвлөмж, тайлан бэлдэх ба Бага хурлаас бэлтгэн гаргадаг хэвлэл, бусад материалд туслалцаа үзүүлэн ажилладаг.

Түүнчлэн Бизнесийн болон Залуучуудын хоёр зөвлөлтэй. Бизнесийн зөвлөлнь гишүүн орнуудын бизнесийн болон төрийн байгууллагуудын төлөөллөөс бүрдэнэ. Жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ)-ийн салбарт эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх, хувийн хэвшил, төрийн байгууллагуудын төлөөлөгчдийн хооронд шууд харилцаа тогтоох зэрэг эдийн засгийн салбарын бүхий л хамтын ажиллагааг зохицуулан ажиллаж байна. Бүс нутгийн эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх нь Бизнесийн зөвлөлийн үндсэн зорилго юм. Залуучуудын зөвлөл нь гишүүн орнуудын залуучуудын байгууллага, холбоо, хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй. Бүс нутгийн залуучуудын байгууллагуудын үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, бодлогын хэрэгжилтэнд залуусын оролцоог дэмжин, соёл, жендэрийн тэгш байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой бүтэц юм.

Дашрамд дурдахад, АХАИББХ-ын тинк танк судалгааны хүрээлэнгүүдийн форум нь түүний зөвлөх байгууллага болон өөрчлөгдөж, тус форумыг одоогоор Шанхайн Олон улсын харилцааны хүрээлэн даргалж байна. Тус форум нь гишүүн орнуудын судлаачдын туршлага, санал солилцох, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх бүх нийтийн индэр болох бөгөөд анхны форум нь энэ оны 12 дугаар сард Хятадад зохиогдох товтой байна.

VI Дээд хэмжээний уулзалт: Олон улсын бүрэн эрхт байгууллага болон төлөвших эхлэл болох нь

Казахстаны олон векторт суурилсан түүхэн гадаад бодлогын онцлогийг харгалзан нийслэл Астанаг АХАИББХ-ын төв болгосон хэмээдэг ба энд 10 дугаар сарын 12-13-нд болсон VI Дээд хэмжээний уулзалтад арав гаруй улсын Төрийн тэргүүн нар биечлэн оролцлоо. Уулзалтаар Кувейтыг шууд гишүүнээр элсүүлэх шийдвэр гаргаснаар АХАИББХ 28 гишүүнтэй болсон ба мөн Евразийн эдийн засгийн комисстой Харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурлаа. Түүнчлэн АХАИББХ-ыг Ази дахь бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны олон улсын бүрэн эрхт байгууллага болгон өөрчлөх ажлыг эхлүүлэх, цаашид Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-тай төстэй Ази дахь хамтын ажиллагааны бас нэг механизм болгон хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, уулзалтын төгсгөлд гарсан Төрийн тэргүүн нарын мэдэгдэлдээ дурджээ.

Оролцсон зочдоос Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг олон улсын хэвлэлүүд их онцолж байв. Тэрээр Касым Жомарт Токаевтай ширээний теннис тоглож, Никсоны алдарт ширээний теннисний дипломат ажиллагааг шинэ, илүү бодитой түвшинд аваачсан хэмээгдэж байна. Гэхдээ энэ удаад талуудын хэн ялсан нь тодорхойгүй байна. Турк, Казахстан улсууд дундын коридор гэгддэг Транскаспи олон улсын тээврийн сүлжээний гишүүн улсууд бөгөөд үүндээ түшиглэн хоёр талын худалдааг “богино хугацаанд 5 тэрбум ам.доллар, дунд хугацаанд 10 тэрбум ам.долларт хүргэх” зорилт тавин ажиллаж байгаа.

Түүнчлэн Владимир Путин (ОХУ) Ерөнхийлөгч Садыр Жапаров (Кыргызстан), Эмомали Рахмон (Тажикистан) нар гурван талт уулзалт хийлээ.  Кыргызстан, Тажикистан улсуудын хил орчимд 2021, 2022 онуудад хэд хэдэн удаа мөргөлдөөн болсон бөгөөд сүүлд өнгөрсөн 9 дүгээр сард болсон хэрэг явдал талуудын хооронд хүчирхийлэл зогсоогүй, хурцадмал байдал үргэлжилсээр байгааг илтгэсэн юм. Тэгвэл энэ удаад Ерөнхийлөгч В.Путин зуучлагчийн үүрэг гүйцэтгэн, гурван талт уулзалтыг санаачлан зохион байгуулсан боловч энэ нь хэр үр дүнд хүрсэн нь тодорхойгүй байна.

Уулзалтын ерөнхий зорилго нь Бага хурлыг цаашид илүү хүчирхэг, нөлөө бүхий интеграц болгон төлөвшүүлэх чиглэлд анхаарч ажиллах асуудлуудыг хэлэлцэж, тогтох явдал байв. Тиймээс ч зохион байгуулагч Казахстаны тал Санхүүгийн дээд хэмжээний уулзалт, Тогтвортой нийлүүлэлтийн зөвлөлийг байгуулах зэрэг хэд хэдэн санал дэвшүүлсэн. Дурдсан сүүлчийн санаачилгад тодорхой тайлбар өгөх нь зүйтэй. Цар тахлын улмаас дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан нь АХАИББХ-ын гишүүн орнууд транзит тээврийн үр ашигтай коридор байгуулах асуудлыг шинэ талаас нь харахаас аргагүйд хүргэж байна. Тиймээс хурлын төлөөлөгч нар төгсгөлийн баримт бичигтээ “бараа тээвэрлэх тав тухтай, хямд арга зам нь тогтвортой өсөлтийн чухал хүчин зүйл мөн” гэж тэмдэглээд байна.

Даргалагч улс болох Казахстаны эрх баригчид АХАИББХ-ыг бүс нутгийн интеграцчилал, хамтын ажиллагаа, хөгжлийг дэмжигч илүү эрч хүчтэй, үр дүнтэй байгууллага болгон өөрчлөхийн зэрэгцээ Казахстаны олон улсын нэр хүндийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа нь бүхий л үйл явцаас нь тодорхой харагдаж байна. Цаашдаа ч тус улс Бага хурлыг санаачлагч, үндэслэгч, ивээн тэтгэгч, гол хөдөлгөгч улс төдийгүй цаашдаа ч энэхүү манлайлах эрх, үүргээ хадгалах төлөвтэй байна.

Сорилт, бэрхшээл

Хэдийгээр энэ удаагийн уулзалт амжилттай болсон ч гишүүдийн хоорондын хурцадмал байдал, маргаан нь цаашдын интеграц, эв нэгдэлд сорилт учруулахыг шинжээчид онцолж байна. АХАИББХ-ын орон зай дахь халуун цэгүүдийг тоймловол: Израилийн хөршүүдтэйгээ дэгдээж буй маргаан, Энэтхэг, Пакистаны хурцадмал байдал, Тажик-Кыргызийн хилийн мөргөлдөөн, Азербайжан-Арменийн мөргөлдөөний улмаас Ираны Азербайжантай зөрчилдөж буй байдал зэргийг нэрлэж болно. Түүнчлэн Хятадын нөлөө нэмэгдэж, түрэмгий гадаад бодлого явуулж байгаад Азийн орнууд түгшиж байна. Эцэст нь талибууд дахин засгийн эрхэнд гарснаар Афганистан дахин хар нүх болж, хамаг аюулын эх үүсвэр болжээ. Тиймээс ирэх жилүүдэд АХАИББХ-ын хүрээнд илүү их ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг батлахад дипломат ур чадвар, үр дүнтэй хэлэлцээ хийх ур чадвар тэдэнд шаардагдах нь дамжиггүй. 

АХАИББХ-д тулгарч буй өөр нэг чухал асуудал бол гишүүн орнуудынх нь бусад хэд хэдэн байгууллага дахь давхар гишүүнчлэлийн статус болоод байна. Эдгээрээс дурдвал, Евразийн эдийн засгийн холбоо, Арабын лиг (11 дүгээр сард Алжирт Дээд хэмжээний уулзалт зохион байгуулна), Түрэг хэлтэй улсуудын байгууллага, Зүүн өмнөд Азийн улсуудын холбоо, ТУХН, Өмнөд Азийн бүс нутгийн нийгэмлэг, ШХАБ болон Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэл (RCEP) зэрэг болно. Тиймээс цаашид гишүүдээ нэгтгэж, интеграцийг бусад блокоос ялгах бодитой, хэрэгжихүйц санаачилга хэрэгтэй болох болов уу. Жишээлбэл, АХАИББХ-ын гишүүд болох Гүрж, Украйн, Азербайжан, Молдав нь ГУАМ хэмээх эвслийг бүрдүүлдэг ба тэд хоорондоо чөлөөт худалдааны бүс байгуулахыг эрмэлзэж байна. Энэ нь гишүүд хооронд худалдааг хөгжүүлж, интеграцад шинэ амьсгал оруулах болно. Түүнчлэн гишүүн улсууд нь бусад интеграц, холбоотой нөлөөллийн төлөө өрсөлдөх бус, харин хамтран ажиллах ёстой хэмээн ойлгож байх шиг.

Бас нэг асуудал нь Ерөнхийлөгч К.Токаев хэлсэн үгэндээ “Бид шинэ байгууллага байгуулаагүй, харин хөгжлийн шинэ үе шат руу шилжиж байна. Ажиглагч, түншүүдийн тоог мөн нэмэгдүүлсэн. Туркменистан улс ажиглагчаар элсэж, Евразийн эдийн засгийн холбоо, АСЕАН-тай хамтын ажиллагаа тогтоох шийдвэр гаргасан” хэмээсэн нь зарим талаар шүүмж дагуулж байгаа явдал юм. Үйл ажиллагаанд нь гишүүн орнууд тэгш эрхтэй оролцож, зөвшилцлийн үндсэн дээр шийдвэр гаргадаг процесст нь илүү асуудал дагуулж, ажиллагааны хурдыг сааруулж болзошгүй хэмээн үзэж байна.

Бага хурлын гишүүн Монгол Улсын оролцоо

Монгол Улс 2001 оны 6 дугаар сард “АХАИББХ-ын гишүүн орнуудын харилцааг зохицуулах зарчмуудын тухай тунхаглал”-д гарын үсэг зурж, нэгдэн орсноос хойш АХАИББХ-ын арга хэмжээнүүдэд зохих түвшинд оролцож ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч АХАИББХ-ын I, III, IV, V Дээд хэмжээний уулзалтад, Шадар сайд II дугаар дээд хэмжээний уулзалтад оролцсон юм.

Энэ онд АХАИББХ-ын Гүйцэтгэх захирал, Бүгд Найрамдах Казахстан Улсын дипломатч К.Сарыбай Монгол Улсад 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор айлчилсан билээ.

Монгол Улс Итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний байгаль хамгааллын чиглэлийн зохицуулагчаар ажилладаг (Бангладеш, БНХАУ хамтран зохицуулагч) бөгөөд 2011 онд Цөлжилттэй тэмцэх асуудлаар Шинжээчдийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байв.

АХАИББХ нь цаашид Евразийн орон зайд итгэлцлийг бэхжүүлэх чухал механизм, олон улсын бүрэн эрхт байгууллага болон хөгжих төлөвтэй байна. Тиймээс олон талт идэвхтэй гадаад бодлого явуулж, аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангахыг зорьж буй Монгол Улс цаашид АХАИББХ-ын Дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгчийн түвшинд оролцох, түүнийг даргалах, Дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах, Нарийн бичгийн газарт нь төлөөллөө илгээн байнгын хугацаагаар ажиллуулах, байгаль хамгааллын чиглэлийн зохицуулагчийн үүргээ нэр төртэй биелүүлэх, үй олноор хөнөөх зэвсгийг хязгаарлах талаар идэвхтэй  байр суурь баримтлах нь зүйтэй.

Ашигласан эх сурвалж:


[1] Афганистан, Азербайжан, Бахрейн, Бангладеш, Вьетнам, Египет, Израиль, Энэтхэг, Ирак, Иран, Иордан, Казахстан, Камбож, Кыргызстан, Хятад, Монгол, Пакистан, Палестин, Катар, БНСУ, ОХУ, Шри Ланк, Тажикистан, Тайланд, Турк, Арабын нэгдсэн Эмират улс (АНЭУ), Узбекистан

[2] АНУ, Украин, Филиппин, Япон, Беларусь, Малайз, Индонез, Лаос, Туркменистан

[3]НҮБ, ЕАБХАБ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Арабын орнуудын лиг, Түрэг хэлтэн орнуудын Парламентын ассамблей


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА