Ираны эсэргүүцлийн хөдөлгөөн, түүний шалтгаан

2022-11-04

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/11/123-1.png

2022 оны 9 дүгээр сарын 14-нд Мохса Амини гэх 22 настай Иран охин “Гивлүүр (Хижаб)-ийг зөв өмсөөгүй” гэсэн шалтгаанаар ёс зүйг сахиулах цагдаа нарт шалгуулж, шаардлага биелүүлээгүй тул хүч хэрэглэн шалгах явцад толгойн хэсэгтээ хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн 16-ны өдөр нас барсан явдал нь Исламын Бүгд найрамдах Иран улсад сүүлийн сар гаруй өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөний эхлэл байлаа. Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн нь Ираны ихэнх хотод тодорхой хэмжээнд үргэлжилсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар 200 гаруй хүний амь үрэгдээд байна.

Энэхүү үүсээд буй нөхцөл байдлыг таван субъектийн талаас авч үзэж болох юм.

  • Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож буй жагсагчид: Эдгээр хүмүүс “эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө” урианд нэгдэн Иран дахь өнөөгийн шударга бус байдал, улс төрийн системийг шүүмжлэн жагсаж байгаа бөгөөд хөдөлгөөнд оролцогчдын ихэнх нь “залуучууд” байна. Тэднийг дэлхий даяар тархан суусан Иранчууд болон бусад орны иргэд хүчтэй дэмжиж байгаа бөгөөд өөрсдийн оршин сууж буй улсын эрх баригчдаас тодорхой арга хэмжээ авахыг шаардаж байна.
  • Бослого хөдөлгөөнд оролцохгүй байгаа бусад иргэд: Бусад иргэдийн хувьд нөхцөл, байдал намжихыг хүлээсэн аястай байгаа бөгөөд үүсээд буй бужигнаанаас илүү тогтвортой байдлыг эрхэмлэж байна. Үүссэн нөхцөл байдалд таатай хандахгүй байгаа тул эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжихгүй иргэд бий.
  • Ираны эрх баригчид болон төрийн удирдлагууд: Эрх баригчид жагсаал, цуглааныг зөвшөөрөх боловч нийтийн амгалан тайван байдал, нийгмийг эмх замбараагүй байдалд уруу татах аливаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, гадаадаас зохион байгуулалттай аливаа хорлон сүйтгэх үйл ажиллагааны эсрэг хатуу арга хэмжээ авахаа илэрхийлэн тодорхой арга хэмжээг аваад байна. Тухайлбал: Иран даяар гадаад цахим холбоог таслах, аливаа хорлон сүйтгэх, нийгмийн дэг журмын эсрэг үйлдэл хийж байгаа жагсагчдыг хүчээр тараах, шаардлагатай бол саатуулах, мэдүүлэг авах, хорих арга хэмжээг авч байна.
  • Ираны улс төрийн системийг хүчтэй эсэргүүцдэг АНУ болон барууны орнууд: Барууны орнууд Ираныг ард түмнийхээ эсрэг явуулж буй хүчирхийллээ нэн даруй зогсоохыг шаардаж, энэ үйлдлийн эсрэг улс төр, эдийн засгийн хориг арга хэмжээ авахаа илэрхийлж, зарим орнууд нь хэрэгжүүлж эхлээд байна. Барууны төвт мэдээллийн эх сурвалжууд (CNN, BBC, New York Times, Reuters, DG зэрэг) Ираны эрх баригчдын талаар эсэргүүцлийн мэдээллээр бөмбөгдөж байна.
  • Ираны хөршүүд, Ойрх Дорнодын орнууд болон БНХАУ, ОХУ: Эдгээр орны хувьд харьцангуй төвийг сахисан байдалтай нөхцөл байдлыг ажиглаж байна. Тэд Иранаас аюулгүй байдал, эдийн засаг, эрчим хүч, байгалийн түүхий эдийн нөөцийн хувьд хамааралтай эсвэл Ираны нөхцөл байдал нь тухайн улсад нөлөө үзүүлэх хүчин зүйлд тооцогддог улсууд юм.

Энэ бүхнийг нэгтгэн том зургаар харахаас өмнө зарим зүйлсийг бид ойлгох хэрэгтэй. Юуны өмнө энэхүү бослого, хөдөлгөөн нь “анхны бас сүүлийнх биш юм. Хэдий өнөөгийн Иран улс Исламын дэг ёсыг баримталдаг боловч эсэргүүцлийн хөдөлгөөн тогтмол зохион байгуулагддаг, нийгмийн дуу хоолойг илэрхийлэх хүчирхэг үзэгдэлд шилжсэн улс юм. 1979 онд Исламын Бүгд Найрамдах Иран улс байгуулагдахдаа ч ард түмний “хэт барууныг баримталсан хаант засаглалыг” эсэргүүцсэн бослого хөдөлгөөний үр дүнд бий болжээ. Сүүлийн жилүүдэд томоохон эсэргүүцлийн хөдөлгөөний давтамж нэмэгдсэн бөгөөд Иранд амьдарч буй иргэдийн хувьд хэвийн үзэгдэл болсон гэхэд бараг хилсдэхгүй болоод байна.

  • Тухайлбал, 2009 онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд Мухаммед Ахмеди Нижад ялсан боловч өрсөлдөгчид нь сонгуулийг луйвардсан гэж үзсэний улмаас эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн бөгөөд үүний улмаас 4000 хүн хоригдож, 108 хүн амь насаа алдаж байсан. Уриа нь Персийн сэргэлт, Ногоон хувьсгал гэдгээрээ Иранчуудын дунд алдаршсан.
  • 2016 онд өнөөгийн Исламын төрийн тогтолцоо болон явуулж буй бодлогыг шүүмжилсэн, хуучин хаант дэглэмийг сэргээх зорилготой эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн бөгөөд Аугаа Сайрусын сэргэлт гэдгээрээ алдаршсан. Энэ хөдөлгөөний явцад 15000-20000 хүн баривчлагдсан тооцоо бий.
  • 2017 оны 12 дугаар сард эдийн засгийн хүндрэл, улс төрд үүссэн хээл хахууль, шударга бус байдлыг эсэргүүцсэн хөдөлгөөн хүчтэй газар авсан ба энэ үед гивлүүр өмсөхийг эсэргүүцсэн хөдөлгөөн ч давхар үүсэж байв. Энэ хөдөлгөөний үеэр 4900 гаруй хүн баривчлагдаж, 20 гаруй хүн амиа алдсан тооцоо байдаг.
  • 2019 онд бензиний үнэ огцом нэмэгдсэнээс үүдэлтэй дэгдсэн эсэргүүцлийн бослого, хөдөлгөөн Ираны бүх хотыг хамарч, засгийн газрын зүгээс нилээн хатуу арга хэмжээг авсан. Үүний улмаас 7000 гаруй хүн баривчлагдаж, хэдэн зуун хүн нас барсан тооцоо байдаг.

Эдгээр эсэргүүцлийн бослого хөдөлгөөний үндсэн шалтгааныг авч үзвэл ихэвчлэн төрийн алдаатай бодлого, эдийн засгийн хүндрэл, шударга бус байдал, нийгмийн тэгш бус байдлаас үүдэлтэй байдаг. Засгийн газрын зүгээс эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаалыг ихэвчлэн хүчээр тараах, жагсаалд оролцогчдыг баривчлах, тэдний харилцаа холбоог таслах арга хэмжээг авдаг нь ард түмний дургүйцлийг ихээхэн хүргэдэг.

Нөгөө талаас эдгээр бослого хөдөлгөөнийг нийгмийн тогтворгүй байдал руу шилжүүлэх, улс төрийн зорилгоор ашиглах сонирхолтой гадаадын дэмжлэгтэй жижиг бүлэглэлүүд Ираны дотор болон гадна бий болсон гэж үздэг. 1979 оноос хойш Иран болон Барууны орнууд, тэр дундаа АНУ хооронд үүсэн ашиг сонирхлын сөргөлдөөн, түүнээс үүдэлтэй эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээнүүд ч өнөөгийн үүсээд буй нөхцөлд шууд болон шууд бус замаар нөлөөлж байгаа аж. 

Иранд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлын учир шалтгааныг ойлгохын тулд тус улсын талаар суурь ойлголтыг тодруулах нь зүйтэй юм.

Исламын Бүгд найрамдах Иран улс газар зүйн байршлаараа Баруун Азид хамаардаг ч эдийн засаг, улс төрийн талаасаа “Ойрх Дорнод” бүс нутагт илүү холбогддог. 2021 оны байдлаар 86 сая хүн амтай, газар нутгийн хэмжээгээр дэлхийд 17 жагсдаг. Байгалийн баялгийн нөөцөөрөө дэлхийд 5-рт ордог. Байгалийн баялгийн батлагдсан нийт хэмжээ  27.3 их наяд ам.доллар хүрэх бөгөөд тус улсад дэлхийн байгалийн хийн нөөцийн 16%, дэлхийн газрын тосны нөөцийн 10% (136.2 тэрбум баррель) гаруй хувь оногддог, эрчим хүчний нөөцөөрөө томоохон тоглогч юм.

Дэлхийн улс төр дахь Ираны ач холбогдол нь Ойрх Дорнодын бүс, Персийн булантай шууд холбогдоно. Персийн булан нь дэлхийн эрчим хүчний бодлогыг тодорхойлох гол төв, зүүн эрэг нь тэр чигтээ Ираны газар нутагт (Баруун эрэгт нь Кувейт, Эмират, Саудын араб, Оман байрладаг) хамаарах бөгөөд Хормузын хоолойг хяналтандаа байлгадаг нь Ираныг дэлхийн эрчим хүчний бодлогыг тодорхойлох гол тоглогчдын нэг болгон хувиргажээ. Хормузын хоолой 167 км урт, 96 км өргөн бөгөөд Персийн буланг задгай далайтай холбох цорын ганц усан зам бөгөөд зөвхөн энэ хоолойгоор дэлхийн нийт байгалийн хийн худалдааны гуравны нэг, газрын тосон бүтээгдэхүүний худалдааны 25% нь дамжин өнгөрдөг. Иймээс Хормузын хоолой нь олон улсын худалдааны хамгийн чухал байршлуудын нэгд тооцогддог.

Газарзүйн байршлаас гадна Ираныг бүс нутгийн хүчирхэг гүрэн болгоход нөлөөлдөг гол хүчин зүйл нь Исламын шашин юм. Дэлхийн нийт ислам шашинтай иргэдийг авч үзвэл 87% орчим нь Исламын шашны Сүннитийн урсгалыг баримталдаг бол, 13% орчим нь Шийтийн урсгалыг баримталдаг. Шийтийн урсгалын гол төв нь Иран улс. Үүнээс гадна Ирак, Бахрейн, Азербайжан улсад шийтийн урсгалыг дагагчид ихээр суурьшдаг бөгөөд энэ нь эдгээр улсын улс төр, нийгэмд хүчтэй нөлөө үзүүлдэг. Иран улс сүүлийн 40 жилийн хугацаанд эдийн засаг, цэрэг зэвсэглэлийн давуу байдлаа ашиглан бүс нутагт (Исламын хувьсгал хийсэн туршлагыг) өөрийн шашны нөлөөг тархаах ажлыг бүхий л сувгаар хүчтэй өрнүүлсний үр дүнд Ойрх Дорнодын бүс нутгийн Ирак, Ливан, Сири болон Иемен улсад шууд болон шууд бусаар маш хүчтэй нөлөөний бүсүүдийг бий болгож чаджээ. Энэ нь эргээд бүс нутгийн Саудын Араб тэргүүтэй улсууд төдийгүй барууны орнуудын нөлөөллийн бүсэд аюул занал учруулж байгаа нь нууц биш юм. 

Иймхүү дэлхийн хүчирхэг гүрнүүд Ойрх Дорнодод эдийн засгийн, улс төрийн болон соёлын нөлөөллөө тогтоохыг хичээсээр ирсэн. Ойрх Дорнодод гарч байсан аливаа хувьсгал, тэмцэл, хөдөлгөөний гол шалтгаануудын нэг нь энэ хүчин зүйл байсаар ирсэн.

Ойрх Дорнодын орнууд XIX зуунд Европын колоничлолын нөлөөнд байсан бөгөөд энэ бүс нутаг стратегийн газарзүйн байршлаас гадна ХХ зуунд хийгдсэн хайгуулын үр дүнд байгалийн нөөцөөрөө дэлхийн анхаарлыг бүрэн татсан бөгөөд их гүрнүүдийн эрчим хүчний бодлогын гол хараанд орсон. ХХ, ХXI зууны их гүрнүүдийн эрчим хүч, улс төрийн өрсөлдөөний гол талбаруудын нэг болон хувирсан.

Бүс нутгийн ач холбогдлоос гадна Исламын Бүгд Найрамдах Иран улсын дотоод хүчин зүйлс нь энэ улсын олон улсын тавцан дахь байр суурийг ойлгоход чухал үүрэгтэй.

Төрийн тогтолцооны онцлог

Иран нь төрийн тогтолцооны хувьд ерөнхийлөгчийн засаглалын шинж чанарыг агуулсан Исламын шашинд тулгуурласан Теократ засаглалтай улс. 1979 оны Исламын хувьсгалаас хойш өнөөг хүртэл “Дээд удирдагч-Рахбар-Supreme leader” төрийн дээд эрх мэдлийг барьж буй. Дээд удирдагчийг Шашдын зөвлөл томилдог бөгөөд тус зөвлөл 12 хүний бүрэлдэхүүнтэй, 6 нь шашны нөлөө бүхий хүмүүс байдаг бол 6 нь парламентаас томилогддог. Энэхүү зөвлөл Исламын Шариатын хуулийг хэрэгжүүлдэг, дээд удирдагчийн биеийн байдалд хяналт тавьдаг, мөн Парламентаас гарсан шийдвэрт хяналт тавьдаг. Өнөөгийн Ираны Дээд удирдагч нь Али Хомэйны бөгөөд 1989 онд анхны дээд удирдагч Имам Хумэйнийг өнгөрснөөс хойш өнөөг хүртэл удирдагчийн үүргийг гүйцэтгэж байна. Тэрээр удирдагч болохоосоо өмнө 1981-1989 онд ИБНИУ-ын 3 дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

Гүйцэтгэх засаглалын тухайд бүх нийтийн сонгуулийн үр дүнд Ерөнхийлөгч 4 жилээр сонгогдож, өөрийн засгийн газрыг байгуулна. Хууль тогтоох эрх мэдэл нь Исламын зөвлөлийн ассамблейд – Парламент хадгалдах бөгөөд 290 гишүүн, 4 жилээр сонгуулиар сонгогдоно. Шүүх засаглалын тэргүүнийг Дээд удирдагч томилж, албан тушаалаас буулгадаг.

Геополитикийн байршил, гео эдийн засгийн онцлог

Иран улс дэлхийн улс төрд өөрийн өвөрмөц стратегийн байршил болон байгалийн нөөц, хүчин чадлаараа бүс нутгийн томоохон тоглогчид тооцогддогийг дээр дурдсан. Иран улс дэлхийн нийт хүн амын 1%-ийг, дэлхийн нийт баялгийн 7% орчмыг өөрийн хяналтад байлгаж байна. НҮБ, ОПЕК болон Исламын орнуудын хамтын ажиллагааны байгууллагын үндэслэгч гишүүнүүдийн нэг юм.

Стратегийн байршил: Иран дэлхийн геополитикийн төвд буюу Персийн булан, Каспийн тэнгис, Энэтхэгийн далай, Баруун болон Төв ази, Европын огтолцол дээр оршдог.

Байгалийн нөөц: Ойрх Дорнодын бүс нутаг нь дэлхийн эрчим хүчний гол нийлүүлэгч, үйлдвэрлэгч бөгөөд энэ бүс нутагт түүхий нефтийн дэлхийн нөөцийн 72%, байгалийн хийн нөөцийн 40%-аас илүү нь хадгалагдаж байгаа нь эрчим хүчний хувьд гол хөдөлгүүр болох нь харагдаж байгаа бөгөөд энэ бүс нутгийн төвд Иран улс байршдаг нь дэлхийн эрчим хүчний бодлогод ямар их ач холбогдолтойг харуулж байна.

Геоэдийн засгийн онцлог: Иран байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд 2-рт, батлагдсан түүхий газрын тосны нөөцөөрөө дэлхийд 4-рт жагсаж байна. Мөн цайрын уурхайгаар дэлхийд 1-рт, зэсийн уурхайгаар дэлхийд 2-рт, төмрийн эквивалентаар дэлхийд 9-рт, ураны уурхайгаар дэлхийд 10-рт, хар тугалгын уурхайгаар дэлхийд 11-рт ордог. Түүнчлэн цемент, ган зэрэг аж үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр Иран улс дэлхийд мөн дээгүүрт ордог.

Соёл иргэншил ба Шашин

Иран улс дэлхийн соёл иргэншлийн хамгийн эртний төвүүдийн нэг бөгөөд 3000-4000 жилийн өмнөх соёл иргэншлийн ул мөр энд бий. Эртний Персийн анхны хаант улсыг МЭӨ VII зуунд Медесүүд эсвэл Моодууд гэх Эртний Иранчууд байгуулж байсан бөгөөд Дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрнүүдийн нэг болох Ачамендийн Персийн эзэнт гүрнийг МЭӨ VI зуунд Аугаа Сайрус хаан байгуулж байсан түүхтэй. МЭ-ний VII зуунд Арабын муслимууд эзэнт гүрнийг эзэлснээр өнөөгийн Иранд Исламын шашин нэвтэрсэн түүхтэй. Исламын мандан бадралын үед Иран соёл иргэншил, шинжлэх ухаан, философи, утга уран зохиол, барилга архтехтурын томоохон төв байсаар иржээ. Монголчуудын хоёр зуун жилийн ноёрхлын үед (Ил хаант улс, XIII-XIV зуун) өнөөгийн Иранд Исламын шашны Шийтийн урсгал хүчээ авсан бөгөөд XV зуунд Сафавидийн эзэнт улс байгуулагдсан бөгөөд энэ цаг үеийг орчин цагийн Ираны “алтан үе” хэмээн түүхэнд тэмдэглэдэг.

1979 онд Исламын хувьсгал гарч хаант засгийг түлхэн унагааснаар Исламын шашныг төрийн шашин болгон хуульчилсан түүхтэй. 1979 оноос өмнө ч Исламын шашин нь Ираны ард түмний үндсэн шашин байсаар ирсэн.

Исламын шашны хувьд Сүннит болон Шийт гэсэн 2 үндсэн урсгалтай бөгөөд өнөөгийн Иран нь Шийтийн урсгалын гол төв нь бол, Саудын араб нь Сүннитийн урсгалын гол төлөөлөл юм. Хэдий тийм боловч Исламын шашны үнэт зүйлсийг нийтлэг байдлаар хүлээн зөвшөөрдөг улсууд юм. Энэхүү урсгалууд нь үзэл суртлын хувьд дайсагнах зүйл байхгүй бөгөөд харин исламын шашны түгээн дэлгэрүүлэх тал дээр өрсөлддөг гэж ойлгох нь зүйтэй юм.

Ираны нийт хүн амын 99% нь Исламын шашинтай бөгөөд үүнээс 90-95% нь шийт, 5-10% сүнитүүд чиглэлийг баримталдаг байна. 2020 оны судалгаанаас харахад 19 наснаас дээш настай хүмүүсийн 47% нь шашинд итгэх итгэлгүй хүмүүс байгаа нь харагдсан.

Дүгнэлт

Өнөөгийн Иранд өрнөж буй бослого тэмцэл нь дотоод, гадаад хүчин зүйлсийн шууд нөлөөнөөс үүдэлтэй бөгөөд энэ бослого эхнийх нь ч сүүлийнх нь ч биш юм. 1979 оноос Исламын Бүгд Найрамдах Иран улс Ойрх Дорнодын бүс нутагт өөрийн загварын “Исламын хувьсгал”-ийг түгээн дэлгэрүүлэх, нөлөөний бүсээ тэлэх үйл ажиллагаа явуулж, бодитой үр дүнд хүрсэн бөгөөд өнөөдрийн Ирак, Иемен, Сири, Ливанд шууд нөлөөлөл бүхий улс төр, цэргийн бүлэглэлүүд үүсчээ. Нөгөө талаас Палистин, Афганистан, Узбекстан, Азербайжан, Куба зэрэг бусад оронд эдийн засаг, улс төрийн дэмжлэг хүчтэй үзүүлсээр байна.

Энэ нь АНУ тэргүүтэй Барууны орнуудын эсэргүүцлийг дагуулж, сүүлийн 43 жилийн хугацаанд барууны эдийн засаг, улс төрийн янз бүрийн хориг арга хэмжээнд орж ирсэн нь нэг талаас Ираны эдийн засаг, улс төрийн гадаад харилцаанд сөргөөр нөлөөлсөн хэдий ч нөгөө талаас дотоодын үйлдвэрлэл, бие даасан байдлыг нэмэгдүүлсэн эерэг нөлөө ч бас бий. Хэдий тийм ч том зургаар гадаад эдийн засгийн шахалтууд нь дотоодын эдийн засгийн суурь үзүүлэлтүүдэд муугаар нөлөөлж, валютын ханшны уналт, инфляцын өсөлт,  ядуурлын өсөлт, ард түмний худалдан авах чадвар муудсан юм.

АНУ, Европын орнуудын ноёлж буй өнөөгийн олон улсын харилцааны системд БНХАУ, ОХУ хүчтэй тоглогчдын хувьд эдийн засаг, улс төрийн нөлөөллөө Ойрх Дорнодод алдахыг хүсэхгүй байгаа бөгөөд барууны орны нөлөөлөл нь энэ бүс нутагт бүрэн тогтох нь тэдний хувьд аюулгүй байдлын асуудлыг дагуулна. Тийм ч учраас Ираныг эдийн засаг, улс төрийн хувьд шууд бус утгаар дэмжихийг хичээдэг нь сүүлийн жилүүдийн үйл явдлаас харж болно.

Эцэст нь олон жил үргэлжилж буй улс төрийн мөргөлдөөн, эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийн гол хохирогч нь “Ираны ард түмэн” бөгөөд гадаад дарамт, шахалт нэмэгдэх тусам дотоод дахь нийгмийн уур амьсгал хүчтэй өөрчлөгдөж, олон байдлаар илэрч байгаагийн нэг илрэл нь ард түмний “эсэргүүцлийн хөдөлгөөн” юм. 


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА