ХКН-ын ХХ их хурал: Ши Жиньпиний гурав дахь бүрэн эрхийн хугацаа
2022-11-11
БНХАУ-ын улс төрийн амьдралд нэн чухал үйл явдал болох Хятадын Коммунист Нам (ХКН)-ын XX их хурал 10 дугаар сарын 16-22-нд Бээжин хотноо хуралдаж өндөрлөсөн билээ. Долоо хоног үргэлжилсэн ХХ их хурал өндөрлөж, Ши Жиньпин Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. Ингэснээр тэрээр ХКН-ыг удирдах гурав дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлж, Мао Зэдуний дараа тодорсон хамгийн нөлөө бүхий удирдагч болж байна.
XX их хурлын 2296 төлөөлөгчийг ХКН-ын дүрмийн заалт ёсоор өнгөрсөн оны оны 11 дүгээр сараас эхлэн 96.7 сая гишүүн, нийт 4.9 сая анхан шатны нэгжээс бүрдсэн, 38 намын дунд шатны байгууллагаас сонгосон бөгөөд төлөөлөгчдийн дундаж нас 52.2 бол 55-аас доош насны төлөөлөгч 59.7% буюу 1371, 45-аас доош насны төлөөлөгч 18.9% буюу 434 байв.
ХХ их хурлын төлөөлөгчид Намын Төв Хорооны 205 гишүүн, 171 орлогч гишүүнийг сонгосон. Улмаар ХКН-ын дүрмийн дагуу Намын Төв Хороо нь ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс Төрийн Товчоо (УТТ)-ны гишүүд, УТТ-ны Байнгын Хорооны гишүүд болон Цэргийн Төв Зөвлөлийн гишүүдийг сонгох эрхтэй.
ХКН-ын ХХ их хурлын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүд
10 дугаар сарын 23-нд Бээжинд ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны анхдугаар бүгд хурал болж, Ши Жиньпин Улс төрийн товчооны Байнгын хорооны шинэ гишүүдийг удирдан гарч ирэв. ХКН-ын Төв Хорооны УТТ-ны Байнгын хорооны долоон гишүүний гурав нь улиран, дөрвөн нь шинээр сонгогдсон юм.
Ши Жиньпин, 习近平 | 1953 | Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга, Хятадын Коммунист намын ҮАБ-ын зөвлөлийн дарга | Дахин сонгогдсон |
Ли Чян, 李强 | 1959 | Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд (хүлээгдэж буй) | Шинээр сонгогдсон |
Жао Лөжи, 赵乐际 | 1957 | Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дарга (хүлээгдэж буй) | Дахин сонгогдсон |
Ван Хунин, 王沪宁 | 1955 | Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн дарга (хүлээгдэж буй) | Дахин сонгогдсон |
Цай Чи, 蔡奇 | 1955 | Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын намын хорооны дарга | Шинээр сонгогдсон |
Дин Шюэшян, 丁薛祥 | 1962 | Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд (хүлээгдэж буй) | Шинээр сонгогдсон |
Ли Ши, 李希 | 1956 | Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Сахилга батын хорооны дарга | Шинээр сонгогдсон |
Өнгөрсөн арван жилийн хугацаанд Ши Жиньпиний нөлөө аажмаар ХКН-ын удирдлагад зонхилох байр суурийг эзэлсэн бөгөөд энэ удаагийн их хурлаар үүнийг улам бататган, ирэх таван жилийн намын удирдлагын баг бүхэлдээ Ши Жиньпиний итгэлт ойрын хүмүүсээс бүрджээ. Шинэ бүрэлдэхүүний талаар хэвлэлд судалгааны олон мэдээлэл гарсан тул бид давтан нуршилгүй дараах хэдэн зүйлийг онцлон авч үзлээ.
УТТ-ны гишүүдийн албан тушаалын хуваарилалт
Шинээр сонгогдсон УТТ-ны Байнгын хорооны гишүүн Ли Чян дараагийн ерөнхий сайд буюу хоёрдугаар хүнээр нэрлэгдэж байна. Тэрбээр 2023 оны 3 дугаар сард Ли Көчяны оронд Хятадын дараагийн ерөнхий сайдаар томилогдохоор бэлтгэгдэж байна. Америкийн “Wall Street Journal’-д Ли Чяныг улс төрийн карьертаа “хоёр шинж чанарыг’ харуулсан гэж онцлон тэмдэглэжээ.[1] Ли Чян бодлогын хил хязгаарыг давахаас айдаггүй, бизнесийг дэмжигч прагматик хүн гэдгээрээ эх орондоо алдартай. Гэвч түүнийг шаардлагатай үед төр засгийн бодлогыг үр дүнтэй, түрэмгий хэрэгжүүлдэг үнэнч хүн гэдгийг намын дотоод хүмүүс хэлдэг. Ирэх 5 жилд “шинэ ерөнхий сайд” бизнесийг дэмжих үү эсвэл нам удирдагчийн бодлогыг дэмжих үү гэдэг асуулт хамгийн ихээр тавигдаж байна.
Байнгын хорооны гишүүдээс гуравт бичигдэж буй Жао Лөжи БХАТИХ-ыг даргалах, Ван Хунин Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийг удирдах магадлалтай. Цай Чи Ван Хунинтай солигдож Намын төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын Нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилов. Дин Шюэшян ирэх оны 3 дугаар сард Хань Жөний оронд ерөнхий сайдын нэгдүгээр орлогч болох магадлалтай. Ли Ши Сахилга батын хорооны дарга болсон.
УТТ-ны Байнгын хорооны 7 гишүүнээс бусад Улс төрийн товчооны 17 гишүүний 13 нь шинээр тодорсон. Тэдний дундаас одоогийн Шаньдун мужийн намын хорооны дарга 57 настай Ли Ганьже хамгийн залуу нь бөгөөд Ли Шүлэй, Жан Гуочин, Чень Жинин нар 58 настай “залуу үе” болж байна.
Хонг Конгийн “Sing Tao Daily’ сонинд Улс төрийн товчооны гишүүдийн албан тушаалын өөрчлөлтийн талаар мэдээлсэн: Тяньжиний намын хорооны дарга Ли Хунжун Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны нэгдүгээр дэд даргаар, Фүжяний намын хорооны дарга Инь Ли, Бээжингийн намын хорооны даргаар(батлагдсан) харин Жөжяний нарийн бичгийн дарга Юан Жяжюнь Чунчин хотын намын хорооны дарга, Чен Мин-эр Тяньжиний намын хорооны даргаар томилогдох төлөвтэй байна гэжээ.
Нэр | Төрсөн он | Улс төрийн товчоонд сонгогдсон гишүүд, Албан тушаал (Цэнхэр өнгөөр хүлээгдэж буй албан тушаал) |
Ма Шинруй 马兴瑞 | 1953 | Шиньжяны Коммунист намын хорооны дарга |
Ван И 王毅 | 1953 | Гадаад харилцааны зөвлөлийн Ажлын албаны дарга[i] (ГХЯ-ны сайд) |
Инь Ли 尹力 | 1962 | Бээжин хотын намын хорооны дарга[ii] (Фужян мужийн намын хорооны дарга) |
Ши Тайфөн 石泰峰 | 1956 | Хятадын Коммунист Намын Төв Хорооны Нэгдсэн фронтын яамны сайд[iii](НШУХ намын хорооны дарга) |
Лю Гуожун 刘国中 | 1962 | Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч[iv](Шаньси мужийн намын хорооны дарга) |
Ли Ганьже 李干杰 | 1964 | Хятадын Коммунист Намын Төв хорооны Зохион байгуулалтын хэлтсийн сайд[v] (Шаньдун мужийн намын хорооны дарга) |
Ли Шулэй 李书磊 | 1964 | Хятадын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулгын газар, сайд[vi] (Суртал ухуулгын газарт дэд сайд) |
Ли Хунжун 李鸿忠 | 1956 | Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурлын дэд дарга[vii] (Тяньжин хотын намын хорооны дарга) |
Хө Вэйдун 何卫东 | 1957 | Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга[viii] (ХАЧА-ийн Дорнод байлдааны тойргийн командлагч) |
Хө Лифөн 何立峰 | 1955 | Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч[ix] (Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хариуцсан сайд) |
Жан Ёушя 张又侠 | 1950 | Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга[x] |
Жан Гуочин 张国清 | 1964 | Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч[xi] (Ляонин мужийн намын хорооны дарга) |
Чэнь Вэнчин 陈文清 | 1960 | ХКН-ын Төв Хорооны Улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга[xii] (Улсын аюулгүй байдлын яамны намын хорооны дарга) |
Чэнь Жинин 陈吉宁 | 1964 | Шанхай хотын намын хорооны дарга[xiii] (Бээжин хотын дарга, Өвлийн олимп зохион байгуулах комисс дэд дарга) |
Чэнь Мин-эр 陈敏尔 | 1960 | Тяньжин хотын намын хорооны дарга[xiv] (Чунчинь хотын намын хорооны дарга) |
Юань Жяжюнь 袁家军, | 1962 | Чунчинь хотын намын хорооны дарга[xv] (Жөжян мужийн намын хорооны дарга) |
Хуан Күньмин 黄坤明 | 1956 | Гуандун мужийн намын хорооны дарга[xvi] (Хятадын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулгын газар, сайд) |
Намын төв хороон дахь технократуудын сэргэлт: Хятадын сансар судлалын салбарын инженерүүдээс улс төрд “гялалзаж” буй нөхдүүд
Ма Шинруй, 马兴瑞,1959, доктор зэрэгтэй, Шиньжяний намын хорооны дарга (Шинэ улс төрийн товчооны гишүүн) Сарыг тандан судлах төслийн удирдагч асан, “Сансрын маршал” хочтой |
Юань Жяжюнь, 袁家军, 1962, доктор зэрэгтэй, Жежян мужийн намын хорооны дарга (Шинэ улс төрийн товчооны гишүүн) Хятадын сансар судлалын шинжлэх ухаан технологийн корпорацийн дэд ерөнхийлөгч асан, Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн албанд ажиллаж байсан. |
Жан Чинвэй, 张庆伟,1961, доктор зэрэгтэй, Хунан мужийн намын хорооны дарга, БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалах шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн хорооны дарга асан, Хятадын арилжааны нисэх онгоцны корпорацийн ТУЗ дарга асан. |
Жинь Жуанлун, 金壮龙,1964, доктор зэрэгтэй, Төрийн Зөвлөлийн Үйлдвэр, мэдээллийн технологийн сайд, Намын бүлгийн дарга, Цэрэг-иргэний интеграцийн хөгжлийн төв хорооны Тамгын газрын дэд захирал асан, Хятадын арилжааны нисэх онгоцны корпорацийн намын хорооны дарга, нарийн бичгийн дарга асан |
Хао Пэн, 郝鹏,1960, Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт удирдлагын хорооны намын хорооны дарга, Хятадын нисэхийн аж үйлдвэрийн корпораци Ланьжөугийн Нислэгийг удирдах багаж хэрэгслийн ерөнхий үйлдвэрийн дарга асан |
Цэргийн төв зөвлөлийн хоёр орлогч дарга
ХКН-ын Цэргийн төв зөвлөл нь үндэсний батлан хамгаалахын дээд байгууллага юм. ЦТЗ-ийн хоёр орлогч даргын нэг нь улиран, нэг нь шинээр сонгогдлоо.
Жан Ёушя, 1950 онд төрсөн. Жан Ёушягийн аав нь Хятадын Коммунист намыг үндэслэгчдийн нэг, генерал Жан Зунсунь (张宗逊) юм. 1940-өөд онд Жан Зунсунь ХКН-ын баруун хойд хээрийн армид алба хааж байхдаа Ши Жиньпиний эцэг Ши Жуншуньтай(习仲勋) хамтран ажиллаж байжээ. Жан Ёушя Хятад-Вьетнамын дайны ахмад дайчин бөгөөд түүнийг ХАЧА болон ХКН-ын ахлах удирдлагын дунд онцгой хүндэтгэдэг. Жан Ёушя 2017 онд ЦТЗ-ийн орлогчоор сонгогдсон бөгөөд энэ удаа улиран сонгогдож, өдгөө Хятадад цэрэг армийн талаасаа нэгдүгээр хүн болоод байна.
Хө Вэйдун 1957 онд төрсөн. Тэрээр 1981 онд Хуурай замын командлалын сургууль, 2001 онд БХИС төгссөн. Дорнод цэргийн тойргийн 31-р дивизийн дарга, Наньжин, Шанхайн гарнизоны командлагчаар ажиллаж байжээ. 2019 оны 12 дугаар сард 63 настай тэтгэвэрт гарах гэж байсан Хө Вэйдун Дорнод байлдааны тойргийн командлагч болж, генерал цол хүртсэн. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 23-нд Хө Вэйдун ЦТЗ-ийн орлогчоор сонгогдлоо.
Шинэ бүрэлдэх дипломат баг (Хүлээгдэж буй):
Ван И УТТ-ны гишүүн болж дэвшсэнээр ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны зөвлөлийн Ажлын албаны даргаар Ян Жечигийн халааг авах төлөвтэй байна. 2021 онд БНХАУ-аас АНУ-д суух элчин сайдаар томилогдож байсан Чинь Ган Ван И-г залгамжлан Гадаад хэргийн сайдаар томилогдох магадлалтай хүлээгдэж байна. Ван И, Чинь Ган нарын хослол Ши Жиньпиний олон улсын “хүчирхэг” байр суурийг баттай хамгаалахад маш сайн тохирч байгаа бололтой.
Хятадын Коммунист намын ХХ их хурлын илтгэлийн талаар
ХКН-ын ХХ их хурал дээр Ши Жиньпин “Хятадын онцлогтой социализмын аугаа тугийг өндөрт өргөж, орчин үеийн социалист улсыг иж бүрэн цогцлоон байгуулахын төлөө хамтдаа зүтгэцгээе” сэдэвт нийт 32.6 мянга ханзтай илтгэлийг тавив. Илтгэлийн түлхүүр үгнүүдээс харвал “Аюулгүй байдал’ түүнтэй холбоотой үгс “эдийн засаг”, “өсөлт’ зэрэг үгнээс илүү олон дурьдагдсан нь цаашид Хятад улс хөгжлийн асуудалд төвлөрөхөөс гадна аюулгүй байдлын чиглэлд түхүү анхаарч, “үндэсний аюулгүй байдал”-аа бататгахаар ажиллахыг илтгэж байна. Түлхүүр үгнүүдийн тоо болон илтгэл дэх холбогдох гол агуулгуудыг харвал:
Аюулгүй байдал- 91 удаа, Үндэсний аюулгүй байдал-29 удаа давтагдсан.
– Хятадын үндэсний аюулгүй байдлын тогтолцоо, чадавхыг шинэчилж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хамгаална.
– Үндэсний аюулгүй байдал бол үндэсний сэргэн мандлын үндэс бөгөөд нийгмийн тогтвортой байдал нь хүчирхэг, чинээлэг Хятад улсыг байгуулах үндсэн нөхцөл юм. Бид нам, улс орны ажлын бүхий л салбар, үе шатанд үндэсний аюулгүй байдлын ерөнхий үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хангах ёстой.
Модернизац-88 удаа,Хятад маягийн модернизац-12 удаа
– Хятад маягийн модернизац бол ХКН-аар удирдуулсан социалист шинэчлэлт бөгөөд бүх улс орны орчин үеийн шинэчлэлийн нийтлэг шинж чанар, өөрийн үндэстний нөхцөл байдалд тулгуурласан Хятадын онцлог шинж чанартай.
– Хятад маягийн модернизац бол бүх ард түмэн чинээлэг байх орчин үеийн хөгжил юм.
– Хятад маягийн модернизац бол материаллаг соёл иргэншил, оюун санааны соёл иргэншил хослон зохицсон орчин үеийн шинэчлэл юм.
– Хятад маягийн модернизац бол хүн байгаль хоёр зэрэгцэн орших орчин үеийн шинэчлэл юм.
– Хятад маягийн модернизац бол энх тайван хөгжлийн замаар замнасан орчин үеийн шинэчлэл юм.
Эдийн засаг-61, Хөгжил-239, Өндөр чанартай хөгжил-14 удаа
– Өндөр чанартай хөгжил нь орчин үеийн социалист улсыг иж бүрэн байгуулах үндсэн зорилт юм. Улс орныг удирдах, залуужуулахын тулд намын нэн тэргүүний зорилт бол хөгжил юм. Материаллаг, технологийн бат бөх суурьгүйгээр орчин үеийн хүчирхэг социалист улсыг иж бүрэн байгуулах боломжгүй юм.
– Өндөр түвшний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бий болгох.
– Орчин үеийн үйлдвэрлэлийн системийг бий болгох.
– Хөдөө тосгодын сэргэн мандлыг цогцоор нь дэмжих.
– Зохицуулалттай бүсчилсэн хөгжлийг дэмжих.
– Гадаад ертөнцөд өндөр түвшинд нээлттэй байхыг дэмжих.
Арми-79, Хүчирхэг арми-15 удаа
– Арми байгуулагдсаны 100 жилийн тэмцлийн зорилгод хүрч, үндэсний батлан хамгаалах, армийн шинэчлэлийн шинэ нөхцөл байдлыг бий болгох гэжээ.
“Тэг ковид” бодлогын тухай
ХХ их хурал дээр “Ковид-19-ийн гэнэтийн аюулын эсрэг бид хариу арга хэмжээ авахдаа хүмүүсийн амь насыг эн тэргүүнд тавьж, коронавирусын тархалтыг тэглэх бодлогыг баримталж ирсэн. Ингэснээр ард иргэдээ хамгийн боломжит өндөр түвшинд хамгаалж чадсан бөгөөд цар тахалтай тэмцэх тал дээр маш өндөр амжилтад хүрлээ” гэснийг ажиглагчид “ковидыг үл тэвчих бодлого үргэлжлэх нь” хэмээн дүгнэжээ.
Гэхдээ мэргэжилтнүүдийн түвшний ярианаас харахад сулруулах магадлал бас бий. Хятад улс ойрын саруудад “тэг ковид” бодлогодоо томоохон өөрчлөлт хийнэ гэж Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ерөнхий тархвар судлаач асан Зөн Гуан мэдэгджээ. Тэрээр Хятад коронавирусын эсрэг тэмцэлд илэн далангүй хандаж байгаа бөгөөд Хятад улс нээлттэй байх нөхцөл бүрэлдэж байна, шинэ вакцин, вирусын эсрэг эмийн судалгаанд ахиц дэвшил гаргасныг дурджээ. Түүнчлэн уг асуудлыг сайн мэддэг гурван тусдаа эх сурвалж Хятад удахгүй ирж буй аялагчдад тавих хорио цээрийн дэглэмийг улам богиносгож магадгүй гэж мэдэгдэв.
Тайваний асуудлаар
Бээжин Тайваний аливаа салан тусгаарлах үйл ажиллагааг таслан зогсооно гэдгээ ХХ их хурлын илтгэлд илэрхийлсэн мөн Намын дүрэмд бататган оруулсан. Бээжингийн зүгээс ардчилсан сонгуулийн системийг ашиглан ил далд байдлаар Тайвний эрх баригч Ардчилсан дэвшилт намд эдийн засаг, цэрэг дипломатын шахалт үзүүлэх, сөрөг хүчин Гоминдан намд дэмжлэг үзүүлэх зэргээр 2024 оны Тайваний сонгуульд нөлөөлөх цаашлаад бусад байдлаар оролцох болов уу гэж харж байна. Мөн 2027 он ХАЧА-ийн 100 жилийн ой[3] тул үүнээс өмнө Бээжин Тайваний асуудлыг ямар нэг байдлаар шийдвэрлэх сонирхол байх магадлалтай.
ХХ их хурлын илтгэл дэх Тайваньтай холбогдолтой түлхүүр үгс, гол агуулгууд
Тайвань-13, Тайваний тусгаар тогтнол-4 удаа давтагдсан
– “Тайваний тусгаар тогтнол” гэх салан тусгаарлах үйл ажиллагаа болон Тайваний хэрэгт хөндлөнгөөс оролцох бүдүүлэг өдөөн хатгалгад хариу болгож, бид салан тусгаарлах үзлийн эсрэг тууштай тэмцэж, хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, “Тайваний тусгаар тогтнолыг” эсэргүүцэх шийдвэр, чадамжаа харууллаа. Бид Хятад улсыг бүрэн нэгтгэх стратегийн санаачилгаа бататгаж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд нэг Хятадын зарчмыг баримтлах нэгдсэн амлалтыг бэхжүүлсэн.
– Тайваний асуудлыг шийдэж, Хятад улсыг бүрэн нэгтгэх нь намын түүхэн эрхэм зорилго, гуйвшгүй үүрэг юм.
– Тайваний асуудлыг шийдэх нь Хятадын асуудал, хятадуудын шийдэх ёстой асуудал. Бид чин сэтгэлээсээ, хамгийн их хүчин чармайлтаар энх тайвнаар дахин нэгдэхийг хичээх болно, гэхдээ хүч хэрэглэхээс хэзээ ч татгалзахгүй, шаардлагатай бүх арга хэмжээг авах боломжтой. Энэ нь зөвхөн гадны хүчнүүд болон “Тайванийн тусгаар тогтнолыг” эрэлхийлж буй цөөн хэдэн салан тусгаарлагчид, тэдний салан тусгаарлах үйл ажиллагаа руу чиглэсэн бөгөөд Тайваний эх орон нэгтнүүд рүү чиглэсэн зүйл биш юм. Улсаа бүрэн нэгтгэх нь хэрэгжих ёстой үйл хэрэг бөгөөд энэ нь эргэлзээгүй хэрэгжиж чадна! гэжээ.
ХКН-ын хурлаас өмнө Вашингтон 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “2022 оны Үндэсний аюулгүй байдлын стратеги”[4]-аа олон нийтэд хүргэсэн. Тус стратегид “Бид бүс нутаг, дэлхийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой, олон улсын анхаарал татсан асуудал болох Тайваний хоолойг дамнан энх тайван, тогтвортой байдлыг хадгалах сонирхолтой байна. Бид аль нэг талаас статус квог өөрчлөхийг эсэргүүцэж, Тайваний тусгаар тогтнолыг дэмжихгүй. Бид Тайваний харилцааны тухай хууль, хамтарсан гурван мэдэгдэл, зургаан баталгааг баримталсан нэг Хятад бодлогод үнэнч хэвээр байна. Мөн бид Тайваний харилцааны тухай хуулийн дагуу Тайваний өөрийгөө хамгаалах үйл ажиллагааг дэмжиж, Тайваний эсрэг аливаа хүч, шахалт үзүүлэхийг эсэргүүцэх чадавхыг хадгалах болно” гэжээ. Үүнээс харвал, АНУ Тайваний асуудлаар Хятадтай ил сөргөлдөөнд шууд орох сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн мөн Тайваний өнөөгийн статус квог хадгалах сонирхлоо илэрхийлсэн байгааг харж болно. Гэхдээ АНУ-ын тэнгисийн цэргийн ажиллагааны командлагч адмирал Майкл Гилдей 10 дугаар сарын 19-ны өдөр хэлэхдээ, 2027 он биш 2022, 2023 онд Бээжин Тайвань руу довтолж болзошгүй иймд АНУ-ын арми хариу өгөхөд бэлэн байх ёстой[5] гэсэн нь анхаарал татна.
ХХ их хурлын сүүлийн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 22-нд Хятадын Коммунист Намын дүрэмд өөрчлөлт оруулсан ба нийт 50 нэмэлт өөрчлөлт оржээ.[2] Үүнээс үндсэн дүрэмд 37, хавсралт хэсэгт 13 өөрчлөлт орсны дотор “Тайваний тусгаар тогтнолыг эсэргүүцэн, хязгаарлана’ гэдэг үг нэмж орсон юм.
Дүгнэлт
2022 оны 10 дугаар сард болсон намын ХХ их хурлаар 69 настай Ши Жиньпин Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн төв зөвлөлийн даргаар гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа авч, өөрийн итгэлт ойрын хүмүүстэйгээ хамт удирдлагын багаа бүрдүүлэн эхлүүлэв. ХКН-ын удирдлагын багт (албан бус) бусад “фракц” буюу Коммунист залуучуудын эвлэл, Жян Зэминий Шанхайн бүлгийн нөлөө ихээхэн суларсан. Цаашид Ши Жиньпиний илтгэлт ойрын хүмүүс ялангуяа хүчирхэг “Фужян болон Жэжяны бүлэглэл”-ийн хүрээнд томоохон “фракц” доторх өрсөлдөөн өрнөх магадлалтай гэж судлаачид үзэж байна.
Улс төрийн товчооны Байнгын хороонд Ши Жиньпиний залгамжлагч болохуйц залуу хүн орж ирээгүй нь Ши Жиньпинийг дөрөв дэхээ улирах магадлалыг нэмэгдүүлж байна. Улс төрийн товчооноос буух албан бус шалгуур болох 68 насны хязгаарлалтаас өдгөө 69 настай Ши Жиньпин, мөн 72 настай Жан Ёушя, 69 настай Ван И нар хэтэрсэн ч УТТ-нд байгаа нь энэ хязгаарлалт цаашид үйлчлэхгүй болохыг илтгэж байна.
Улс төрийн товчооны гишүүдээс харахад ТӨҮГ (ялангуяа Хятадын нэр хүндийг өндөрт өргөж байгаа төслүүд болон сансар агаарын орон зайн аж үйлдвэрийн салбарын), их сургуулийн захиргаа, засгийн газрын судалгааны төвүүдэд карьераа ахиулсан технократууд улс төрд хүч түрэн орж ирэх хандлага ажиглагдаж байна.
ХХ их хурлын илтгэлдээ Ши Жиньпин улс төр, эдийн засаг, цэрэг арми, технологи, соёл, нийгмийн аюулгүй байдлыг онцолжээ. Эдгээрээс аюулгүй байдлын асуудлыг өмнөх их хурлын илтгэлтэй харьцуулахад илүүтэй онцлосон нь гадаад геополитикийн хямрал, дотоод эдийн засаг, нийгмийн хүндрэлээс үүдэлтэй гэж үзэж байна.
Цэргийн төв зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн нь Ардын чөлөөлөх арми (ХАЧА) Тайваний хоолойд гэнэтийн үед бэлэн байгааг харуулж байна. Их хурлаас “Тайваний тусгаар тогтнолыг эсэргүүцэх, хязгаарлах’ гэсэн заалтыг Намын дүрэмд нэмж оруулсан юм.
Нам үзэл суртлын хяналтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ уналтад орсон эдийн засгийг нэн даруй идэвхжүүлэхийн тулд ХХ их хурлын дараа “тэг ковид” бодлогыг зөөлрүүлэх болов уу гэж шинжээчид таамаглаж байсан ч намын их хурлын үеэр уг “тэг ковид” бодлого зөв байсан хэмээн нотолсон нь хатуу хөл хорио хязгаарлалт сулрах болоогүйг илтгэж байна.
Ашигласан эх сурвалж:
[1] Who Is China’s New No. 2? A Business Pragmatist or a Party Loyalist? https://www.wsj.com/articles/china-li-qiang-xi-jinping-11667399077
[2] 中国共产党章程(2022年新旧对照版) https://www.12371.cn/2022/10/27/ARTI1666845926836204.shtml
[3] Xi urges military to focus on its centenary goals http://eng.chinamil.com.cn/view/2022-10/25/content_10194757.htm
[4] The 2022 National Security Strategy https://www.whitehouse.gov/wp-content/uploads/2022/10/Biden-Harris-Administrations-National-Security-Strategy-10.2022.pdf
[5] How will the US Navy navigate an uncertain security environment? A conversation with ADM Mike Gilday https://www.youtube.com/watch?v=7UfKN4oU22g
УТТ-ны гишүүдийн албан томилгооны талаарх таамгийн эх сурвалж:
[i] 二十大|王毅秦剛名列中委 王毅料入局出掌中央外事辦 https://std.stheadline.com/realtime/article/1881027/即時-中國-二十大-王毅秦剛名列中委-王毅料入局出掌中央外事辦
[ii] 北京市委主要负责同志职务调整 尹力兼任北京市委书记 http://politics.people.com.cn/n1/2022/1113/c1001-32565096.html
[iii] 獨家|前內蒙書記石泰峰任中央統戰部長 料參與港澳事務 https://std.stheadline.com/realtime/article/1881742/即時-中國-獨家-前內蒙書記石泰峰任中央統戰部長-料參與港澳事務
[iv] Судлаачийн таамаг,
[v] Судлаачийн таамаг,
[vi] 「北大神童」李書磊 接掌中共中宣部 https://udn.com/news/story/7331/6716828
[vii] Судлаачийн таамаг,
[viii] http://www.gov.cn/guoqing/2022-10/23/content_5721035.htm
[ix] 習近臣何立峰進入政治局 將取代劉鶴任副總理 https://udn.com/news/story/7331/6708456
[x] 1984 онд Хятад-Вьетнамын хил дахин сэргэх үед Жан Ёушя 14-р армийн 40-р дивизийн 119-р ангийн даргаар “Лаошаны тулалдаанд” оролцож байжээ. Эх газрын хэвлэлд мэдээлснээр, Жан Ёушя цэргүүдээ удирдан дайсны хуаранг амжилттай булаан авсан байна. Вьетнамын армийн дараагийн сөрөг довтолгооны эсрэг Жан Ёушя нэг дэглэмийг тууштай удирдаж, Вьетнамын армийн гурван өдрийн сөрөг довтолгоог амжилттай няцааж, гурван өдрийн дотор 3000 гаруй вьетнам цэргийг устгасан байна.
[xi] Судлаачийн таамаг,
[xii] 中國國安頭子陳文清 接任「刀把子」中央政法委書記 https://udn.com/news/story/123078/6725298?from=udn-referralnews_ch2artbottom
[xiii] 上海市委主要负责同志职务调整 http://renshi.people.com.cn/n1/2022/1028/c139617-32553846.html
[xiv] 二十大后地方大调整 五大政治高地换人 https://www.soundofhope.org/post/666576
[xv] 二十大后地方大调整 五大政治高地换人 https://www.soundofhope.org/post/666576
[xvi] 广东省委主要负责同志职务调整 http://renshi.people.com.cn/n1/2022/1028/c139617-32554318.html
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Ираны эсэргүүцлийн хөдөлгөөн, түүний шалтгаанСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23