Дэлхийн эдийн засагт хямрал болох уу?

2022-08-27

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/09/economic-conditions-outlook-march-2022679379743thumb1536x1536.jpg

Дэлхийн эдийн засаг цар тахлын дараа хурдацтай сэргэнэ гэсэн хүлээлт эдийн засагч, санхүүгийн шинжээч нарын дунд өндөр байсан. Тэр дундаа хэрэглээ, үйлчилгээ, аж үйлдвэрийн салбар 2022 он гэхэд 2019 оны түвшинд хүрнэ гэсэн эерэг байр суурьтай байв. Гэвч олон улсын нөхцөл, геополитикийн хурцадмал байдал, улс орнуудын цар тахлын үед авч хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлого гэх зэрэг олон шалтгаанаас үүдэж дэлхийн эдийн засагт томоохон хямралын хар үүл бүрэлдээд байна. Энэ удаагийн дугаараар манай хүрээлэн дэлхийн эдийн засгийн төлөв, одоо үүсэх магадлалтай эдийн засгийн хямралын шалтгаан, Монгол Улсын эдийн засагт тулгамдаж буй хүндрэл зэргийг тодорхойлохыг зорив.

Дэлхийн эдийн засгийн төлөв байдал

Дэлхийн банк, Олон Улсын валютын сан, Азийн хөгжлийн банк болон бусад эдийн засгийн төлөв байдлыг гаргадаг судалгааны хүрээлэнгүүд 2021 оны 10 дугаар сард олон нийтэд танилцуулдаг таамаглалаа 2022 оны 3 болон 6 дугаар сард өөрчилж дэлхийн эдийн засагт эерэг хүлээлтгүй байгаагаа мэдэгдэв.

Дэлхийн банкны 2022 оны 6 дугаар сард гаргасан эдийн засгийн цаашдын төлөвт:

  • Хоёр жил гаруй үргэлжилсэн цар тахлын дараа Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн үүсэж дэлхийн эдийн засгийн идэвхжил удааширч 2022 онд 2.9 хувиар өсөх төлөвтэй байна.
  • Украины зэвсэгт мөргөлдөөн түүхий эдийн үнийг өсгөж, нийлүүлэлт тасалдахад хүргэж байна. Мөн хүнсний хомсдол, ядуурал нэмэгдэж, инфляцыг хурдтай өсгөж байна.
  • Инфляцаас үүдэлтэй мөнгөний хатуу бодлого өрхийн хэрэглээний санхүүгийн багцыг эрсдэлд оруулж байна.
  • Улс орнуудын төв банк мөнгөний хатуу бодлогыг 2022, 2023 онд үргэлжлэх төлөв байна.
  • Геополитикийн хурцадмал байдал 2022-2023 онуудад үргэлжлэх төлөвтэй байна.
  • Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэл дэлхийн эдийн засагт тодорхой бус эрсдэлийг дагуулсан хэвээр байна.
  • Дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагуудын нөлөөлөл суларч, Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн даамжирч байгаа нь санхүүгийн зах зээлд таамаглахад бэрх хямралыг дагуулж мэдэхээр байна.

Азийн хөгжлийн банкны 2022 оны 6 дугаар сард гаргасан эдийн засгийн цаашдын төлөвт:

  • Дэлхийн эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч Азийн бүс нутгийн эдийн засаг бусад бүс нутгаас илүү өсөх эерэг хүлээлттэй байна. Азийн орнууд 2022 онд 4.6 хувиар, 2023 онд 5.2 хувиар өсөх магадлалтай байна. Тухайлбал: Орос, Украины зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэх эдийн засгийн сөрөг үр дагаврыг Кавказ болон Төв Азийн орнууд сайн даван туулж байгаа бөгөөд тус бүс нутагт эдийн засаг 2022 онд 3.8 хувиар, 2023 онд 4.1 хувиар өсөхөөр байна.
  • Зүүн өмнөд Азийн орнууд ковидын хязгаарлалт тавигдсаны дараагаас дотоодын эрэлт хэрэгцээ, аялал жуулчлал, ЖДҮ сэргэж, эдийн засаг нь 2022 онд 5 хувиар өсөх эерэг хүлээлтийг бий болгож байна.
  • Азийн зарим улсад ковидын хязгаарлалт одоо хүртэл байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Ингэхдээ БНАХУ-ын “Тэг ковид” бодлого, Япон, Өмнөд Солонгос улсад хил нэвтрэх урсгалд тодорхой хязгаартай байгаа нь үйлчилгээний эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.
  • Азийн бүс нутагт инфляцын дарамт дэлхийн бусад орнуудаас бага байгаа нь эдийн засгийн өсөлтөд эерэг таамаглал гаргахад хүргэв. Уг бүс нутагт шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр байгаа ч хөгжиж буй Азийн орнуудад инфляц 2022 онд 4.2 хувь, 2023 онд 3.5 хувь байх төлөвтэй байна.
  • Бус нутгийн хамгийн өндөр эдийн засгийн өсөлтийг Энэтхэг улс 7.2 хувь, Филиппин улс 6.5 хувийн тус тус өсөлтийг үзүүлэх эерэг хүлээлттэй байна.

АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдал

АНУ бол ДНБ-ий 60-70 хувь нь иргэдийн хэрэглээ үйлчилгээнд суурилдаг эдийн засагтай улс. Ковидын үед буюу 2020 онд тус улсын эдийн засаг 2.3 хувиар унасан. Харин цар тахлын дараа эдийн засаг нь 2021 онд 5.5 хувь, 2022 оны эхний хагаст 1.6 хувиар өсөөд байна. Тус улсын өрхийн худалдан авах чадвар сайн байх тусам эдийн засаг нь хурдан сэргэдэг давуу талтай юм. АНУ-ын өрхийн хэрэглээний зардалд гаргадаг судалгаагаар дундаж орлоготой нэг өрхийн зардлын хүнс болон бусад төрлийн худалдан авалтад зарцуулдаг хэмжээ багасч байгаа байгаа талаар дурдсан байна.[1]

2022 онд олон улсын нөхцөл байдал геополитикийн хурцадмал байдал, эрчим хүчний түүхий эд болон бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэж АНУ-ын эдийн засаг удааширч эхлээд байна. АНУ-ын хувьд хэрэглэгчийн худалдан авах чадамжийн индекс чухал үзүүлэлтийн нэг. Тус улсын иргэдийн худалдан авах чадамжийн индекс өнгөрсөн жилийн мөн үеэс 7.6 хувиар буураад байна. Инфляцын өсөлт хэрэглэгчийн худалдан авах чадамжид шууд бусаар давхар нөлөөлдөг.

АНУ-ын инфляц эхний хагас жилд сүүлийн 40 жилд байгаагүй өндөр түвшин болох 9.1 хувьд хүрээд байгаа юм. Инфляц өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлс нь:

  • Цар тахлын эхэн үед өрхийн хэрэглээг дэмжсэн бодлогыг АНУ-ын эрх баригчид хэрэгжүүлж эхэлсэн. Уг бодлогын нөлөөгөөр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, тахлын үед эрэлт тогтвортой байсан.
  • 2021 оны хавраас иргэд вакцинд хамрагдаж, хэвийн амьдралдаа орж эхэлснээр нийлүүлэлтийг давсан эрэлт зах зээлд үүссэн.
  • 2021 оны зун Лос Анжелес, Лонг Бич гэх зэрэг хэд хэдэн томоохон боомтуудад ажиллах хүчний хомсдол болон бусад хүчин зүйлээс болж нийлүүлэлтийн гинжин сүлжээнд доголдол гарсан.
  • 2022 оны 2 дугаар сараас Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн үүсэж эрчим хүчний түүхий эд болон хүнсний бүтээгдэхүүний үнэ хурдтай нэмэгдэх болсон.
  • 2022 оны 6 дугаар сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хүнсний бүтээгдэхүүний үнэ 10.4 хувь, орон сууцны үнэ 5.6 хувь, эрчим хүчний үнэ 41.6 хувиар тус тус өссөн байна.
  • Эрчим хүчний салбарт шингэрүүлсэн хийн үнэ хамгийн ихээр өссөн. Өнгөрсөн оны мөн үеэс шингэрүүлсэн хийн үнэ 60 гаруй хувиар өссөн нь инфляц өсөхөд гол нөлөөлж байна.
  • АНУ-ын автомашины холбооны мэдээлснээр шатахууны үнэ өндөр хэвээр байгаа бөгөөд 7 дугаар сарын 28-ны байдлаар нэг галлон шатахууны дундаж үнэ улсын хэмжээнд 4.28 ам.долларт хүрээд байна. Оргил үедээ 6.18 ам.долларт хүрсэн нь иргэдийн бухимдлыг хамгийн их төрүүлжээ.

АНУ-ын экспорт 2022 оны 6 дугаар сард 260.8 тэрбум ам.долларт хүрсэн нь 1950 оноос хойших дээд үзүүлэлт болоод байна. Экспортын бүтээгдэхүүний голлох орлогыг задалж үзвэл боловсруулсан газрын тос 13.8 тэрбум ам.доллар, түүхий газрын тос 10.8 тэрбум, хий 9.28 тэрбум, нисэх онгоцны эд анги 8.35 тэрбум ам.доллар болон бусад бараа бүтээгдэхүүн 5.27 тэрбум ам.доллар байна. АНУ-ын хувьд импортлогч улсаас эрчим хүчний экспортлогч улс болж байгаа нь тоон мэдээлэлд тодорхой харагдаж байна.

БНХАУ-ын эдийн засаг удааширч байна.

БНХАУ-ын эдийн засаг 2022 оны эхэнд 5 орчим хувиар өсөх хүлээлттэй байгаа талаар тус улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян мэдэгдэж байв. Харин БНХАУ-ын эрх баригчид ковидын үеийн хатуу хөл хориог хэрэгжүүлсээр байгаа нь эдийн засагт сөргөөр нөлөөлж 2022 оны эхний хагас жилийн байдлаар 1.1 хувийн өсөлт үзүүлээд байна. Жилийн эцэст гэхэд БНХАУ-ын эдийн засаг 3.3 хувийн өсөлт үзүүлэх боломжтой талаар ОУВС-ийн 6 дугаар сард гаргасан тайланд дурдсан байна. Уг тайланд БНХАУ-ын эрх баригчид хатуу хөл хориог 11 дүгээр сараас өмнө зогсоож, хэвийн амьдралд шилжсэн тохиолдолд эдийн засаг нь сүүлийн улиралд сэргэх магадлалтай гэж үзсэн байна.

БНХАУ-ын үндэсний статистикийн газрын гаргасан 2022 оны эхний хагас жилийн тайланд дурдсан гол үзүүлэлтүүдэд:[2]

  • Аж үйлдвэрийн нийт нэмэгдсэн өртгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өссөн байна. Тухайлбал: Өндөр технологийн аж үйлдвэрлэл 9.6 хувиар өссөн нь онцлох өсөлт болов.
  • Үйлчилгээний салбар өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар өссөн нь эхний хагаст Өвлийн олимп болсонтой шууд холбоотой юм.
  • Гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 2.1 хувиар буурч, БНХАУ-ын “Тэг Ковид” бодлогын сөрөг үр дагавар болж байна.
  • Өргөн хэрэглээний барааны нийт жижиглэнгийн борлуулалт 0.7 хувиар буурсан. Уг үр дагавар нь мөн “Тэг ковид” бодлоготой холбоотой юм.
  • Үл хөдлөх хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт 5.4 хувиар буурсан.
  • Гадаад худалдаа 9.4 хувиар өссөн байна. Дэлхийн эрэлт буурч байгаа ч Хятадын экспорт хурдтай нэмэгдэх магадлалтай байна. 7 дугаар сарын 13-наас Хятадын Наньжин хотын боомтуудад чингэлэгт хөлөг онгоцууд хэвийн үйл ажиллагаанд ороод байгаа юм.
  • Хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 1.7 хувиар, аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үнэ 7.7 хувиар тус тус өссөн байна.

2022 оны 4 дүгээр сард тус улсын эдийн засгийн гол үзүүлэлтүүд бүгд уналтад орсны дараагаар дотоодод хөл хориотой үед ч эдийн засгаа сэргээх бодлогуудыг хэрэгжүүлсний дараагаар II улиралд эдийн засаг эерэг өсөлтийг үзүүллээ. Хэдийгээр томоохон хотууд болох Шанхайд 13.7 хувь,  Бээжинд 2.9 хувь, Жилиньд 4.5 хувь, Жянсуд 1.1 хувь, Хайнаньд 2.5 хувиар эдийн засаг II улиралд буурсан[3] боловч бусад муж, хотуудын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, халдваргүй байлгах, хумих тактик барьж чадсан нь аж үйлдвэрлэл сэргэж, бодит ДНБ өсөхөд нөлөөлсөн байна.

Европын холбооны эдийн засаг хүндэрч байна.

Европын холбооны эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 5.4 хувиар өссөн. Гэвч зүүн Европт зэвсэгт мөргөлдөөн үүсэж, эхний хагас жилийн байдлаар Европын холбооны эдийн засаг 0.6 хувиар өслөө. Украин дахь зэвсэгт мөргөлдөөн Европын эдийн засагт онцгой нөлөө үзүүлж байгаа бөгөөд эрчим хүчний үнэ 40 орчим хувиар өссөнтэй холбоотой юм. Европын орнуудын инфляц 8.9 хувьд хүрч, гадаад худалдаа 28.3 гаруй тэрбум еврогийн алдагдалтай гараад байна.

Европын холбооны ажилгүйдлийн түвшин 2022 оны 6 дугаар сарын байдлаар 6.7 хувь байна. Тухайлбал: залуучуудын ажилгүйдлийн түвшин 13.6 хувьд хүрсэн бол эмэгтэйчүүдийн ажилгүйдэл 6.4 хувь, эрчүүдийнх 5.7 хувьтай байна. Уг бүс нутагт ажилгүйдэл өсөж буй шалтгаан нь Украинаас дүрвэгчид ирсэнтэй холбоотой бөгөөд 2022 оны 5 дугаар сарын байдлаар 15-23 орчим сая иргэд дүрвэж ирсэн гэсэн Европын холбооны дүрвэгсдийн асуудал хариуцсан газраас гаргасан тоо байна.

Европын холбооны инфляцын түвшинд нөлөөлж буй хүчин зүйлийг ангилж үзвэл:

  • 2022 оны 6 дугаар сарын байдлаар хамгийн өндөр нь эрчим хүчний үнийн өсөлт 40 орчим хувь,
  • Хүнс, согтууруулах зүйл болон тамхины үнийн өсөлт 9.9 хувь,
  • Эрчим хүчний бус үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үнийн өсөлт 4.2 хувь
  • Үйлчилгээний салбарын үнийн өсөлт 3.9 хувь
  • Бусад бүх бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар 9 хувиар тус тус өссөн байна.

Дэлхийн эдийн засгийн хямрал болох шалтгаанууд

ОУВС-ийн тэргүүн Кристалина Георгиево: “Эдийн засгийн төлөвийг таамаглахад бэрх байна. Дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэхүйц хар шуурганы үүл хуралдаад байна. 2022, 2023 онд эдийн засаг улам хүндэрнэ гэж таамаглаж байна” гэв.[4]

Дэлхийн эдийн засгийн хямрал болох шалтгаан[5]

  1. Инфляц удаан үргэлжилж, зарим хөгжингүй орнуудад гипер инфляц болох эрсдэлтэй байна. Европын холбооны зарим улс орон ОХУ-аас эрчим хүчний түүхий эдийн хамааралтай билээ. Уг улсуудад 2022-2023 оны өвөл эрчим хүчний үнэ 2022 оны хагас жилийн үнээс хэд дахин илүү өсөх магадлалтай байна. Магадлал бодит болсон үед гипер инфляцаас үүдэн дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэх магадлалтай байна.
  2. Геополитикийн хурцадмал байдал гүнзгийрч олон улсын харилцаа улам тогтворгүй байдалд шилжиж, цэргийн хүч, зэвсэглэлээр хөөцөлдөх үзэгдэл газар авч эдийн засагт хүнд цохилт болно.
  3. Протекционист бодлого хүчээ авч, чөлөөт худалдаанд хязгаар тогтож харилцан ашигтай худалдааны хамтын ажиллагаа нуран унах эрсдэл нь дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэх аюулыг бий болгож байна.
  4. Улс төрийн хямрал. АНУ хувьд дотоодын улс төрийн хямрал нүүрлэх эрсдэлтэй бол Европын зарим орнуудад ковидын дараах, эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдсэн улс төрийн шийдвэрийг эсэргүүцсэн тайван жагсаал цуглаан 2022-2023 онд газар авч эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэй байна.
  5. Байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт нь эдийн засгийн томоохон бүтээн байгуулалт, аж үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл өндөр байна.
  6. Хөгжиж буй орнуудын өрийн хямрал өндөр эрсдэлтэй хэвээр байна.
  7. Цахим халдлага, дижитал эдийн засгийн уналт зэрэг нь өндөр эрсдэлтэй салбарт тооцогдох болов.

Монгол Улсaд ямар эрсдэл байна вэ?

Монгол Улсын эдийн засгийн 2022 оны эхний хагас жилийн тайланд дурдсанаар 1.9 хувиар өссөн. Эдийн засгийн өсөлтийг салбараар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбар 3.7 хувиар, үйлдвэр барилгын салбар 0.1 хувиар агшсан нь улсын төсвийн орлого бүрэлдэхгүй алдагдалтай гарах магадлалыг нэмэгдүүлж байна. Орлого буурснаас болж зарим санхүүжүүлэх төсөл хөтөлбөр болон Засгийн газрын худалдан авах ажиллагаа зогсох эрсдэл дагуулж байна.

Харин хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар өсөлттэй гарсан ч энэ бол түр зуурын өсөлт болж байна. Манай улсын хөдөө аж ахуйн салбар улирлын чанартай Засгийн газрын татаасаар явдаг тул богино хугацаанд өсөлт үзүүлсэн. Үйлчилгээний салбарын хувьд ковидын дараах эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор иргэдийн үйлчилгээний салбараар үйлчлүүлэх давтамж нэмэгдсэнтэй шууд холбоотой юм. Мөн ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан нь үйлчилгээний салбарт эерэг үр дагаврыг авчирсан байна.

Өөрөөр хэлбэл цар тахлын үед авсан арга хэмжээ, мөнгөний нийлүүлэлт, ипотекийн зээлийн хойшлуулалт 2022 оны эдийн засгийг сэргэж, үйлчилгээний салбар өсөлттэй гарсан шалтгаан боллоо. Гэвч 2023 оноос зээлийн төлөлт хэвийн явагдаж эхлэхээр иргэдийн хэрэглээ татарч, үйлчилгээний салбар хүнд байдалд шилжинэ.

Төгрөгийн хадгаламж 2022 оны 6 дугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 2.1 их наядаар буурсан нь иргэд болон өрхийн бодит орлого буурч байгаа илрэл болж байна. Мөн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.1 хувийг эзэлж байгаа нь банк, санхүүгийн салбарын үйл ажиллагааг эрсдэлд оруулж байна. Өөрөөр хэлбэл ААН, иргэдэд бизнесийн үйл ажиллагаа явуулахад одоогийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа нь тодорхой харагдаж байна.

Инфляц 15.7 хувьд хүрч иргэдийн худалдан авах чадвар сулрахад нөлөөлж байна. Засгийн газарт олборлох, экспортлох салбарын хөгжлийг дэмжих, шаардлага тулгарч байна. Мөн эдийн засгийг богино хугацаанд сэргээх тактикийн бодлого дутагдаж байгаа нь статистик үзүүлэлтээс харагдаж байна.

Дүгнэлт

Дэлхийн эдийн засагт эрчим хүчний түүхий эдийн нийлүүлэлт болон үнээс үүдэлтэй хямрал ойрын хугацаанд нүүрлэх магадлал өндөр байна. Мөн олон улсын хурцадмал байдал, геополитикийн нөхцөл байдлаас үүдэж протекционист бодлого хүчээ авах магадлал байна. Протекционист бодлогоос үүдэж дэлхийн хил хязгааргүй чөлөөт худалдааны систем тасалдах эрсдэл байна.

Монгол Улсын хувьд дээр дурдсан нөхцөл байдлаас гадна олон улсын хурцадмал байдлаас үүдсэн хямралаас сэргийлэх, эдийн засгаа богино хугацаанд сэргээх, олборлох салбар болон экспортыг нэмэгдүүлэх тактикийг шуурхай авах шаардлага тулгарч байна.


[1] https://www.bls.gov/opub/reports/consumer-expenditures/2020/home.htm#:~:text=Source%3A%20U.S.%20Bureau%20of%20Labor%20Statistics.&text=Average%20annual%20expenditures%20decreased%202.7,(from%20%2461%2C224%20to%20%2463%2C036).

[2] https://www.china-briefing.com/news/china-h1-2022-economic-indicators-data-insights-recovery-trajectory/

[3] https://www.china-briefing.com/news/chinas-gdp-across-provinces-in-h1-2022/

[4] https://www.worldbank.org/en/news/press-release/2022/06/07/stagflation-risk-rises-amid-sharp-slowdown-in-growth-energy-markets

[5] https://www.theguardian.com/business/2022/jul/14/global-recession-risk-rising-as-economic-outlook-darkens-significantly-imf-says


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА