БНСУ-ын “Зоримог санаачилга” ба Умард Солонгосын цөмийн асуудал
2022-09-02
БНСУ нь ерөнхийлөгчийн засаглалтай инновацын суурин дээр хөгжсөн Азийн хүчирхэг эдийн засагтай улс бөгөөд төрийн тэргүүн нь хуулиар олгогдсон өргөн хүрээний эрх мэдэлтэй. Солонгосын нийгэм дунд сургуулиас эхлээд улс төрийн тэмцлийн талбар хүртэл маш их өрсөлдөөнтэй байдаг. Сонгуулийн өрсөлдөөн хуулийн хүрээнд ширүүн болдог ч энгийн үед төр нь иргэдийн болон сөрөг хүчний хяналт дор тогтвортой үйл ажиллагаа явуулж, ард түмэн нь хөгжлийн төлөө үндэсний эв нэгдлээ дээдлэн сахидаг улс гэдгийг онцлох нь зүйтэй.
БНСУ-ын 20 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль ширүүн өрсөлдөөн дунд явагдаж, ерөнхийлөгчийн суудлын төлөөх гол тэмцэл эрх баригч Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мён болон сөрөг хүчний нэр дэвшигч Юн Сок Ёл нарын хооронд өрнөсөн бөгөөд ‘Ардын хүч’ намаас нэр дэвшигч Юн Сок Ёл, 48.56 хувийн санал авч, багахан хувийн давуутайгаар ялалт байгуулсан. Консерватив үзэл баримтлалтай “Ардын хүч” нам өмнө нь прокурор байсан лидерээ тодруулж, шударга ёсыг дээдлэж, авлигын эсрэг тэмцэх хөтөлбөртөө олон түмний дэмжлэгийг авснаар энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадсан.
Өрсөлдөгч И Жэ Мёныг 0,8 хувийн саналаар ялсан ерөнхийлөгч Юн Өмнөд Солонгосын дотоод улс төр, гадаад бодлогод ямар өөрчлөлт авчрах бол гэдэг асуулт судлаачдын анхаарлын төвд байна.
5 дугаар сарын 10-нд ажлаа хүлээж авсан шинэ удирдагчийн анхны мэдэгдлүүдийн нэг нь гадаад бодлогын асуудал байв. Тэрээр АНУ-ын удирдагч Ж.Байдентай утсаар холбогдож, Сөүлийн Вашингтон төдийгүй Токиотой эвслийг бэхжүүлж, АНУ-тай жинхэнэ холбоотон байж, нэмэлт пуужингийн довтолгооноос хамгаалах систем худалдаж авах замаар тус улсын батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэхээ амласан. Шинжээчдийн үзэж байгаагаар шинэ ерөнхийлөгчийн үед Сөүлийн Москва, Бээжинтэй харилцах харилцаа эерэгээр хөгжинө гэх найдвар бага, БНАСАУ-ын чиглэлд илүү хатуу байр суурь баримтлах боловч яриа хэлэлцээ хийх цонхоо үргэлж нээлттэй байлгах бололтой.
Дотоод сорилтууд
Шинэ ерөнхийлөгч Өмнөд Солонгосын Ковид-19 халдварын хүчтэй давалгааны үр дагаврыг хохирол багатай даван туулах, орон сууцны үнийн өсөлтийг хязгаарлах, Хятад-АНУ-ын харилцаа хурцдаж буй энэ үед эдийн засгийн тэнцвэртэй бодлого баримтлах, Орос Украины дайнаас үүдэлтэй түүхий эд, хүнсний өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг хязгаарлах, гадаад худалдааны алдагдлыг нөхөх зэрэг өсөн нэмэгдэж буй сорилтуудтай тулгарч байна. Мөн Солонгос улсад нийгмийн давхраажилтын ялгаа ихэсч, амьжиргааны өртөг нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх хандлагатай байгаа нь ялангуяа залуучуудад ихээр нөлөөлж байна. Юн ерөнхийлөгч гарааны бизнес, жижиг дунд үйлдвэр (ЖДҮ) болон аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг дэмжих хүрээнд хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахаа мэдэгдээд байна. Эдгээр эдийн засгийн сорилтуудыг даван туулахын тулд маш уян хатан, тэнцвэртэй, прагматик гадаад бодлого хэрэгжүүлэх, тэр дундаа эдийн засгийн хамгийн том түнш бөгөөд хамааралт улс болох Хятадтай харилцах бодлого ихээхэн чухал байна.
Гадаад сорилтууд
2022 оны байдлаар Өмнөд Солонгос ДНБ-ий хэмжээгээр дэлхийд эхний 10-т багтах хүчирхэг эдийн засагтай улс болж чадсан ч БНСУ-ын дэлхийн хамтын нийгэмлэгт үзүүлэх улс төр, дипломатын нөлөө ямар хэмжээнд байна вэ гэдэг тусдаа асуудал юм.
Өмнөд Солонгосын гадаад бодлогыг эвслийн үнэт зүйлс болон эдийн засгийн ашиг сонирхлын хоорондох сонголт буюу “Аюулгүй байдлын төлөө АНУ, эдийн засгийн төлөө Хятад’ хэмээн томьёолдог.
Зүүн хойд Ази (ЗХА) дахь геостратегийн байршлаас үүдэн БНСУ-д консерватив эсвэл ардчилсан нам засгийн эрх барихаас үл хамаарч Бээжин, Вашингтоны хооронд дарамт шахалтад байсаар ирсэн.
Мүн Жэ Ин-ий засгийн газрын үед Ерөнхий прокуророор ажиллаж байсан гэдгээрээ олонд танигдсан боловч ерөнхийлөгч Юн Сок Ёл өмнө нь улс төрийн албан тушаал хашиж байгаагүй, гадаад бодлогын талаар туршлагагүй нэгэн гэгддэг. Гэсэн хэдий ч түүнтэй Гадаад хэргийн дэд сайд асан, профессор Ким Сон Хван тэргүүтэй дотоод, гадаад бодлогын мэргэжилтнүүдээс бүрдсэн хүчирхэг баг ажиллаж байгаа бөгөөд тэдний зарим нь өмнөх консерватив засаг захиргаанд ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүд юм. Юн АНУ-Өмнөд Солонгосын эвслийг тууштай дэмжигч бөгөөд дотоодын сорилтууд, Хятадын дарамтыг үл харгалзан Энэтхэг-Номхон далай дахь стратегийн үүргээ өргөжүүлэх хандлагатай байна.
Юн ерөнхийлөгчийн шийдвэрлэх ёстой өөр нэг асуудал бол Өмнөд Солонгос-Японы харилцааг сайжруулах явдал юм. Энэ асуудалд Юны засгийн газар өмнөхөөсөө илүү амжилт олж магадгүй хэмээн судлаачид таамаглаж байна. Нэгдүгээрт, Юн кампанит ажлынхаа үеэр Японтой харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан нь Токиод шинэ ерөнхийлөгчтэй харилцах боломж, илүү их хөшүүрэг болж байна. Хоёрдугаарт, Юны гадаад бодлогын үзэл баримтлал, ялангуяа Умард Солонгос төдийгүй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн талаарх үзэл бодол нь Токиогийнхтой илүү ойр байдаг нь үйл ажиллагааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг олгодог. Гуравдугаарт, Юн хоёр болон АНУ-Япон-Өмнөд Солонгосын гурван талт харилцааг сайжруулахын тулд түүхэн асуудлуудыг зөөлрүүлэхэд илүү анхаарч ажиллана гэсэн хүлээлттэй байна.
Шинэ засаг захиргаа Хятадаас хараат байдлаа бууруулж, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгахыг хичээх болно. Түүнчлэн судлаачдын дүгнэлтээр Хятад улс Умард Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзуулж чадна гэдэгт итгэлгүй байгаагаас үүдэн өмнөх засаг захиргаатай харьцуулахад Бээжинд хандсан бодлогын байр суурь бага байх магадлалтай байна.
Сонгуулийн өмнө Юн Сок Ёл Солонгос улс Оросын Холбооны Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай гэж байсан бол ОХУ-аас Украинд дайн эхлүүлсний дараа тэр даруй бодлоо өөрчилж, АНУ-ыг дагаж, Оросыг хязгаарлах янз бүрийн хөтөлбөр, санаачилгыг дэмжин хэрэгжүүлэх төлөв ажиглагдаж байна.
Солонгосын хойгийн энх тайвны асуудал
БНАСАУ-ын цөмийн асуудал нь ЗХА-ийн энх тайван, тогтвортой байдал, Солонгосын хойгт эвлэрлийн дэг журмыг сахиулах хамгийн том хүчин зүйл гэж үздэг. Солонгосын хойгийн цөмийн хямрал 30 гаруй жил үргэлжилж байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэх боломжгүй байгаа нь сонирхогч талуудын зөрүүтэй байр сууринаас үүдэлтэй.
Өмнөдийн үе үеийн засгийн газрын Умард Солонгостой харилцах бодлого өөрчлөгдөж ирсэн ч Солонгос хоорондын харилцааг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх тодорхой хүчин чармайлтууд гаргаж байсныг дурдах хэрэгтэй. Гэсэн хэдий ч БНАСАУ 2006-2017 оны хооронд зургаан удаа цөмийн туршилт хийж, цөмийн зэвсэгтэй хүчирхэг улс гэдгээ нотлохын тулд цөмийн зэвсэг, цөмийн цэнэгт хошуу тээвэрлэгч баллистик пуужингийн хөгжүүлэлт хийх зэргээр цөмийн зэвсгээ сурталчилсаар ирсэн.
2017 оны 5 дугаар сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгос зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан хориг арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд энэ үед Мүн Жэ Инийн засгийн газар Солонгосын хойгт энх тайвныг тогтоохыг зорьсон итгэлцлийн бодлогыг эхлүүлж байсан. Тус бодлого Солонгосын хойгт энх тайван тогтоох, Солонгос хоорондын хамтын ажиллагаа, ЗХА-ийн тогтвортой байдал, дэлхийн энх тайвны дэг журамд хувь нэмэр оруулахыг эрмэлзэж байв. Мүн Жэ Иний засаг захиргаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авсан хэдий ч сүүлийн таван жилийн хугацаанд Солонгосын хойгт энх тайвны дэглэм тогтоохын төлөө тууштай, идэвхтэй хүчин чармайлт гаргасан. Тухайлбал, 2018 оны 2 дугаар сард Кангвон мужид болсон Пёнчаны өвлийн олимпод хоёр Солонгос нэгдсэн багаараа оролцож, 2018 оны 4 дүгээр сард Панмунжомд Солонгос хоорондын дээд хэмжээний түүхэн уулзалт хийж, хоёр Солонгосын цэргийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрийг байгуулж, үе шаттай яриа хэлэлцээрүүд хийж байсан юм.
Өмнөдийн шинэ ерөнхийлөгч Юн Сок Ёлын засаг захиргаа болон АНУ-ын Ж.Байдены засаг захиргаа Мүн Жэ Ин, Д.Трампын засаг захиргаанаас ялгаатай нь Умардын цөмийн асуудлаар хатуу байр суурь баримталж байна.
Юн ерөнхийлөгч 8 дугаар сарын 15-нд БНСУ-ын Тусгаар тогтнолын 77 жилийн ойн баяр дээр хэлсэн үгэндээ Умард Солонгосын талаар ‘Зоримог санаачилга’ (담대한 구상’ буюу үгчилбэл цөс ихтэй) бодлогыг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Шинэ ерөнхийлөгчийн БНАСАУ-ын талаар баримтлах бодлого нь ① Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах, ② Солонгос хоорондын харилцааг хэвийн болгох, ③ Хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэх гэсэн гурван үндсэн чиглэлтэй.
“Зоримог санаачилга” бодлогын агуулгад Умард Солонгост хүнсний хангамжийн томоохон хөтөлбөр хэрэгжүүлэх, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх дэд бүтцийг дэмжих, олон улсын худалдааны боомт, нисэх онгоцны буудлыг шинэчлэх төсөл, эдийн засгийн өсөлтийг хангах техникийн туслалцааны хөтөлбөр зэрэг багтжээ. Түүнчлэн Умард Солонгосын хөдөө аж ахуйн бүтээмж, эмнэлгийн үйлчилгээ, дэд бүтцийг шинэчлэх, олон улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна.
Энэхүү бодлого нь И Мён Бак ерөнхийлөгчийн дэвшүүлж байсан “Цөмийн зэвсэггүй бөгөөд нээлттэй 3000” бодлогоос хоёр зүйлээр ялгаатай аж. Нэгдүгээрт цөмийн зэвсгээс татгалзуулах зарчмын хувьд ‘action for action’ буюу бодит алхам хийвэл хариу алхам хийнэ гэсэн зарчимтай байсан бол Юн ерөнхийлөгчийн бодлого эдийн засгийн дэмжлэгийг эхлээд үзүүлнэ гэснээрээ ялгаатай. Хоёрдугаарт И Мён Бак ерөнхийлөгчийн бодлого эдийн засгийн салбарт түлхүү анхаарч байсан бол “Зоримог санаачилга” нь:
- Эдийн засаг
- Цэрэг
- Улс төрийн гэсэн гурван том салбарыг хамарсан цогц төлөвлөгөө хэмээн тайлбарлаж байна.
Юн ерөнхийлөгчийн тамгын газраас Умард Солонгосын талаар хэрэгжүүлж буй бодлого бол цогц шинжтэй бөгөөд эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа хамтын хөгжил цэцэглэлтэд хөтөлдөг, цэргийн салбарт хурцадмал байдлыг бууруулах арга хэмжээ нь итгэлцлийг бэхжүүлэх үе шат руу шилждэг, улс төрийн салбарт энх тайвныг бэхжүүлэх арга хэмжээ эвлэрлийн үр дүнд хүргэдэг хэмээн тайлбарлав.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны охин дүү Ким Ё Жон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч эдийн засгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсний дараа түүнийг “амаа хамхих ёстой’ хэмээн мэдэгдэв. Түүний хэлсэн үг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёлын дэвшүүлсэн Умардын талаар баримтлах “Зоримог санаачилга’-ын талаар Умардын өндөр албан тушаалтан анх удаа тайлбар хийсэн явдал байв. Ким Ё Жон 8 дугаар сарын 18-нд Умард Солонгосын мэдээллийн төв агентлагт гаргасан мэдэгдэлдээ “Энэ бол бодит байдлаас хол “тэнэглэлийн оргил’, түүнд хэлэх зүйл байхгүй тул амаа хамхих нь илүү дээр. Цөмийн хөтөлбөр бол “тусгаар улс’ гэдгээ илэрхийлэх язгуур ашиг сонирхол. Хэн ч хувь заяагаа эрдэнэ шишийн бялуугаар сольдоггүй’ гэж мэдэгдээд Өмнөд Солонгосын талыг “маш үл хүндэтгэсэн, ёс суртахуунгүй’ хэмээн онцолсон байна. Тэрбээр Умард Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзахгүй, тэр дундаа Өмнөд Солонгостой цөмийн асуудлаар ярилцахгүй гэдгээ тодорхой илэрхийлэв.
Тэрбээр мөн Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан хээрийн сургуулийг сэргээж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, “Зоримог санаачилга’-ын тухай өнөөдөр ярьж, маргааш нь түрэмгийллийн дайны сургуулилтыг хүчээр явуулах нь увайгүй хэрэг’ хэмээн мэдэгдсэн байна.
Юн БНАСАУ цөмийн зэвсгийн бүтээн байгуулалтаа зогсоож, цөмийн зэвсгээс татгалзах үйл явцыг эхлүүлбэл тус улсад үе шаттайгаар эдийн засгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн ч Умардын эсрэг цэргийн хориг арга хэмжээг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна хэмээн судлаачид дүгнэж байна.
Умард Солонгос 7 дахь удаагийн цөмийн туршилт хийх магадлалын талаар
Умард Солонгос 7 дахь цөмийн туршилт хийх бэлтгэл хангагдсан бөгөөд хийх тохиромжтой хугацааг хүлээж байна хэмээн шинжээчид дүгнэж байна.
Өнгөрсөн 4 дүгээр сарын эхээр Солонгосын Ардын хувьсгалт арми байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан цэргийн парад дээр Ким Жөн Ун “Манай цөмийн зэвсгийг зөвхөн дайнаас урьдчилан сэргийлэх зорилготой холбож болохгүй” Шаардлагатай тохиолдолд хоёрдогч үүргээ биелүүлэхээс өөр аргагүй’ хэмээн мэдэгдсэн.
Түүнчлэн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун 7 дугаар сарын 27-нд болсон Эх орны чөлөөлөх дайны ялалтын өдрийг тохиолдуулан хэлсэн үгэндээ Юн ерөнхийлөгчийн “Зоримог санаачилга’ бодлогыг “Нутаг нэгтнүүдтэйгээ хийх харгис хэрцгий мөргөлдөөн” гээд “хэрэв одоо хэрэгжүүлж байгаа бодлогоо үргэлжлүүлбэл зохих хэмжээний төлөөс төлөх болно…” гэж мэдэгдсэн зэрэг нь ээлжит цөмийн туршилт хийх магадлалыг сануулж байж болзошгүй.
АНУ, БНХАУ-ын хоорондын харилцаа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалын дараа улам хурцадсан бол ОХУ Украинтай зэвсэгт мөргөлдөөн явуулж буй ийм нөхцөлд Умард Солонгос цөмийн зэвсгээ туршиж, өдөөн хатгалга хийвэл Хятад, Орос хоёр бамбай үүрэг гүйцэтгэх эсэх нь тодорхойгүй гэдгийг Умардын тал тооцоолж, тохиромжтой үеийг хүлээж байх магадлалтай.
Түүнчлэн Умард Солонгосын дотоод байдал амаргүй байна. Хориг арга хэмжээний улмаас хүнс, түүхий эдийн хомсдол нүүрлэж, 4 дүгээр сарын сүүлчээс эхлэн Ковид-19 тархаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүнд сорилт учруулж байна. Умардын тал ‘0’ коронавирусын тохиолдол бүртгэгдсэн гэж мэдэгдэж байгаа ч статистикийн мэдээлэл баталгаатай бус хэвээр байна. Ким Жөн Ун 7 дугаар сарын 27-нд хэлсэн үгэндээ “Улс орон хүнд байдалд байна, сүүлийн үед эрүүл мэндийн салбарт хямрал хурцдаж байна” гэснээс үзвэл Ковид-19 халдвар буураагүй байх магадлалтай юм.
Хэрэв эдгээр нөхцөл байдал Ким Жөн Уны цөмийн туршилтыг хязгаарлахад хүрвэл тактикийн цөмийн зэвсгийг байршуулах зэрэг өөр түвшинд алхам хийх боломжтойг шинжээчид тэмдэглэж байна.
Дүгнэлт
Солонгосын хойг умард, өмнөдөд хуваагдаад 70 гаруй жил өнгөрч, энэ хугацаанд эрх баригч намын бодлоготой уялдан БНСУ-аас БНАСАУ-ын талаар баримтлах бодлого ч өөрчлөгдсөөр ирсэн. Солонгосын хойгт энх тайван, эвлэрлийн механизмыг бий болгох, улмаар ЗХА болон дэлхийн энх тайвныг тогтворжуулах үүднээс Умард Солонгосын цөмийн асуудлыг яриа хэлэлцээний аргаар даруй шийдвэрлэх шаардлагатай байгаа ч Солонгосын хойгт нөлөөгөө бэхжүүлэх эрмэлзэлтэй их гүрнүүдийн ашиг сонирхол асуудлыг улам ээдрээтэй болгосоор ирсэн.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ким Дэ Жүн, Но Му Хён, Мүн Жэ Ин нар Умардын удирдагчтай Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, Солонгосын хойгт энх тайвныг цогцлоохыг хичээж байсан ч Умардын Өмнөд рүү чиглэсэн стратегид төдийлөн өөрчлөлт орсонгүй, цөмийн туршилт, баллистик пуужин хөгжүүлэх замаар заналхийлэл өсөн нэмэгдсээр байна.
Умард Солонгос 2006 онд анхны цөмийн туршилтаа хийснээс хойш 2017 он хүртэл нийт зургаан удаа цөмийн туршилт хийсэн бөгөөд Өмнөдийн тал Умардын цөмийн болон пуужингийн хүчнээс өөрийгөө хамгаалах хүчин чадал хязгаарлагдмал тул цөмийн пуужингийн заналхийлэл нь Солонгосын хойг болон ЗХА дахь АНУ-ын оролцоо, нөлөөг улам хүчирхэгжүүлэхийг үгүйсгэхгүй. Улмаар энэ нь БНСУ-АНУ-ын болон БНСУ-АНУ-Японы хамтын ажиллагааг улам бэхжүүлэх шалтгаан болж байна.
БНСУ-ын шинэ ерөнхийлөгчийн “Зоримог санаачилга” бодлого нь өнгөрсөн 5 дугаар сард Ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэр хэлсэн “Зоримог төлөвлөгөө”-ний үргэлжлэл бөгөөд Умард Солонгосын тухайд баримтлах бодлогын залгамжлал, нэгдлийн бодлогыг өвлөн авсан гэж үзэж болохоор байна. Гэвч энэхүү бодлогыг бодитоор харвал Умард Солонгост эдийн засгийн үр өгөөж өгөх Өмнөдийн амлалтуудтай холбоотой бүтэлгүйтсэн саналуудын урт жагсаалтыг л нэмж байна хэмээн дүгнэж болохоор байна.
Умард Солонгос 7 дахь удаагийн цөмийн туршилт хийх нь цаг хугацааны асуудал болсон энэ үед “Зоримог санаачилга” бодлогын зэрэгцээ Солонгос хоорондын яриа хэлэлцээг сэргээх “нөөц” хувилбар боловсруулж, гуравдагч орны оролцоогүйгээр асуудлаа ярилцах боломж бүрдүүлсэн үед цөмийн асуудал энхийн замаар шийдэгдэх гарц харагдахыг үгүйсгэхгүй.
Эх сурвалж:
1.김강녕 ( Kim Kang-nyeng ). “새 정부 대북정책과 한반도 평화관리의 과제.” 접경지역통일연구 6.1 (2022): 173-210.
2. 유판덕 ( Yoo Pan-duck ). “김정은 시대의 우리식 조선인민군 형상화 -집권 10년간 군 관련 공개활동 분석을 중심으로-.” 접경지역통일연구 6.1 (2022): 9-54.
3. 김주삼 ( Kim Joo-sam ). “북한의 비핵화와 한국정부의 대북정책.” 접경지역통일연구 6.1 (2022): 77-107.
4. 조선중앙통신 (https://www.kcna.kp)
5. 남북경협뉴스 (http://www.snkpress.kr)
6. Sisa Journal (http://www.sisajournal.com)
7. Daily NK (https://www.dailynk.com)
8. Yonhap News (https://www.yna.co.kr)
9. VOA news (https://www.voanews.com)
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Дэлхийн эдийн засагт хямрал болох уу?Дараах нийтлэл
БНХАУ-ын баруун хойд хилийн бүсийн байдал (I)Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19