ОХУ-ын эрчим хүчний бодлого ба Монгол Улс II

2021-11-05

https://niss.gov.mn/wp-content/uploads/2021/12/AFP_EastNews_Rosneft_468.jpeg

Орос, Энэтхэгийн эрчим хүчний хамтын ажиллагаа

Энэтхэг улс нүүрсустөрөгчийн хэрэглээгээр дэлхийд гуравт, Ази-Номхон далайн орнуудаас хоёрт ордог. Газрын тос, байгалийн хийн хэрэглээний өсөлтийн хурдаар Энэтхэгийн зах зээлийг дэлхийн хамгийн ирээдүйтэй гэж үздэг. Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) ойрын 20 жилд дэлхийн эрчим хүчний эрэлтийн өсөлтийн дөрөвний нэгийг Хятад биш Энэтхэг улс бүрдүүлж, 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээгээр Европын Холбоог гүйцэнэ гэж үзэж байна. Энэ улсын газрын тосны эрэлт 2019 онд өдөрт 5 сая баррель байсан бол 2040 он гэхэд өдөрт 8,7 сая баррель болж өснө. Газрын тос боловсруулах хүчин чадал өдөрт 7.7 сая баррельд хүрнэ гэж үзжээ. Энэтхэгт нийлүүлсэн газрын тосны хэмжээгээр АНУ тус улсын нийт импортын 14 хувийг эзэлдэг. Персийн булангийн орнууд Энэтхэгийн импортын 60 гаруй хувийг эзэлж гол түнш хэвээр байна.

Сүүлийн жилүүдэд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад Энэтхэг улс идэвхтэй оролцож Шинэ Дели Москватай эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх сонирхолтой байна. Энэтхэг улс газрын тосны 80 гаруй хувь, байгалийн хийн 45 гаруй хувийг гаднаас импортлох шаардлагатай болдог бөгөөд өдөрт 600 орчим мянган тонн газрын тос хэрэглэдэг улсын хувьд эрчим хүчний түүхий эдийн эх үүсвэрээ төрөлжүүлэх нэн шаардлагатай. Саяхан Энэтхэгийн Газрын тос, байгалийн хийн сайд Хардип Сингх Пури Оросын “Роснефть”, “Новатек”, “Газпром нефть”, “Сибур” компаниудын удирдлагуудтай уулзалт хийжээ.

Орос, Энэтхэгийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд тэргүүлэгч нь “Роснефть” компани юм. “Роснефть” болон Энэтхэгийн түншүүдийн оролцоотой төслүүдэд оруулсан харилцан хөрөнгө оруулалтын хэмжээ болох 17 гаруй тэрбум ам.доллар нь Орос, Энэтхэгийн нийт хөрөнгө оруулалтын талаас илүү хувь юм. “Роснефть” компани Ванкор газрын тос, хийн конденсат ордыг ашиглаж байгаа Ванкорнефть компанийн хувьцаа эзэмшигч болсон төдийгүй Энэтхэгийн ONGC 26%-ийг худалдаж авсан бол Oil India, Indian Oil Corporation, “Bharat Petroresources-ийн консорциум 23.9%-ийг эзэмшиж байна. Энэтхэг улс мөн Восток Ойл төсөлд оролцох төлөвтэй байна.

“Роснефть” мөн Вадинар хотод өндөр технологийн газрын тос боловсруулах үйлдвэр, Энэтхэгт хамгийн хурдтай хөгжиж буй шатахуун түгээх станцуудын нэг болох Энэтхэгийн Nayara Energy компанийн хувьцаа эзэмшигч юм. Одоогийн байдлаар Nayara Energy компани боловсруулах үйлдвэрийн эхний шатанд жилд 450 мянган тонн хүртэл полипропилен үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдийг барьж, үйлдвэрүүдийн сүлжээг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Энэтхэгт шатахуун түгээх станцуудыг ойрын 3 жилд 8 мянга хүртэл тоогоор нэмэгдүүлэх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ Владивостокт болсон яриа хэлэлцээ Оросын байгалийн хийн төслүүдийг Энэтхэг сонирхож байгааг харуулсан. Ялангуяа ONGC болон Petronet (LNG) консорциум Арктикийн LNG-2-ын 9.9 хувийн хувьцааг худалдан авах талаар хэлэлцэж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна.

Энэтхэгээс ОХУ-д суугаа Элчин сайд Венкатеш Варма “РИА Новости” агентлагт өгсөн ярилцлагадаа: ”…Оросоос авдаг LNG-ийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар эрчим хүчний салбарт харилцан их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байгаа хэдий ч Оросоос Энэтхэгт шингэрүүлсэн нүүрсустөрөгчийн импорт дөнгөж 1 хувь байгааг нэмэгдүүлэх бодолтой байна” гэж хэлэв. 

Ойрын жилүүдэд Энэтхэгийн эдийн засаг жил бүр 8-10 хувиар өсөж, эрчим хүчний хэрэглээ хоёр дахин өсөх төлөвтэй байгаа юм. Энэтхэгт шингэрүүлсэн байгалийн хийн борлуулалт 2040 он гэхэд дөрөв дахин нэмэгдэж, 124 тэрбум шоо метр болж тус улс нийт хийн хэрэгцээнийхээ 61 орчим хувийг шингэрүүлсэн хийгээр хангана. Энэтхэг одоогийн байдлаар LNG импортын хэмжээгээр 4-р байрт, 26 тэрбум шоо метр том хэрэглэгч зах зээл тул Оросын газрын тос, байгалийн хийн компаниудын хувьд Энэтхэг хамгийн сонирхолтой чиглэл болсон. 2021 оноос хамтын ажиллагаагаа эрчимжүүлж Орос, Энэтхэгийн хооронд газрын тос, байгалийн хийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, 3 дугаар сард Орос, Энэтхэг улсууд хийн асуудлаар ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон бол 3 дугаар сарын эхээр Москвад Энэтхэгийн эрчим хүчний төв нээгдэв. Энэтхэгийн засгийн газар эрчим хүчний аюулгүй байдлаа хангахын тулд нүүрсустөрөгчийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх хүсэлтэй байгаа нь Орос улс чухал түнш болох шалтгаан юм. Энэтхэгийн хөрөнгө оруулагчид газрын тосны төслүүд (ялангуяа Восток Ойл) болон байгалийн хийн Arctic (LNG-2) төслийг сонирхож байгаа боловч тохиролцоонд хүрсэн талаар хараахан зарлаагүй байна.

Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн Эрчим хүчний ерөнхий захирал Алексей Громов “… Энэтхэг бол ойрын болон дунд хугацаанд нүүрсустөрөгчийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр Оросын хамгийн ирээдүйтэй түншүүдийн нэг, Хятадаас ч илүү юм. Энэтхэгийн хувьд эрчим хүчний худалдааг нэмэгдүүлэх асар том хэтийн төлөв харагдаж байгаа. Энэтхэгийн эрчим хүчний төслүүдэд Оросын компаниудын оролцоо, түүнчлэн Оросын уул уурхайн бүтээн байгуулалтад Энэтхэгийн хөрөнгийн оролцоо нэмэгдэх болно” гэжээ. Оросын компаниудаас Газпром энэ чиглэлээр асар их туршлагатай тул хийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, Энэтхэгийн муж улсуудыг Оросын нэгэн адил хийн хангамжийн нэгдсэн системд холбогдох төслүүдийг сонирхож байгаагаа илэрхийлжээ.

Энэтхэгт эрчим хүчний дотоод зах зээлийг төрөөс бүрэн зохицуулдаг. Тухайлбал, дотооддоо үйлдвэрлэсэн газрын тос, байгалийн хий импортынхоос хамаагүй хямд зарагддаг нь салбарын хөгжлийг удаашруулж, төрийн өмчит компаниудын оролцоо давамгайлж (Хятадын эдийн засгаас хамаагүй их оролцоотой) байдаг нь зохицуулалт өндөр, бизнесийн ашиг багатай байхад хүргэдэг. Улмаар Энэтхэгийн дотоодын зах зээлд чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалттай газрын тос, байгалийн хийн аливаа төслүүдийн ашгийг бууруулдаг. Тухайлбал, Арабын тэнгис дэх газрын тосны талбайг хөгжүүлэх нэг нөхцөл нь эдгээр ордуудаас газрын тосыг дотоодын зах зээлд нийлүүлэх заалт юм. Ийм төслүүдийг хэрэгжүүлэхэд ашиг багатай тул гадаадын хөрөнгө оруулалтыг татахад бэрхшээлтэй, энэ мэт нь Энэтхэгийн эрчим хүчний бодлогын нэг онцлог ажээ.

Оросын газрын тос Энэтхэгийн зах зээл дээр Ойрх Дорнодтой хэрхэн өрсөлдөж чадах вэ гэсэн асуултад Громов хариулахдаа, ложистикийг тооцсон ч амжилттай өрсөлдөж чадна. “Орос Энэтхэгийн газрын тос боловсруулах зах зээлд хэдийнэ нэвтэрсэн. “Роснефть” бол Энэтхэгийн хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрийн хувьцаа эзэмшигч. Энэ төслийг Оросын нэгэн компанийн тосыг түүхий эд болгон ашиглах нөхцлөөр хэрэгжүүлж байгаа. Орос улс Энэтхэгийн зах зээлд Ойрх Дорнодын газрын тос нийлүүлэгчидтэй өрсөлдөх сайн боломж байна. Зөвхөн Катарын шингэрүүлсэн хий Оросын түүхий эдээс хямд, ложистикийн богино хөшүүрэгтэй холбоотой тул харьцангуй өрсөлдөх боломжтой. Хамгийн гол нь Энэтхэг улс эрчим хүчний засаглалаа шинэчлэхээс татгалзаж байгаа нь гол саад болж байна. Шатахууны үнэ өөр өөр байдаг – дотооддоо үйлдвэрлэсэн “цэнхэр түлш” импортынхоос хямд байдаг асуудал шийдэгдвэл Оросын байгалийн хийн (LNG) экспортын боломжит зах зээл юм. Орос, Энэтхэг хоёр улс эрчим хүчний хамтарсан төслүүдийг харилцан сонирхож байгаа хэдий ч урт хугацааны хэлэлцээ шаардагдсан Орос, Хятадын эрчим хүчний гол гэрээнүүд хэрхэн байгуулагдсаныг эргэн санах нь зүйтэй” хэмээн өөдрөгөөр төсөөлж байна.

Монгол Улсын хувьд Энэтхэг улс газрын тосны салбарын гол хөрөнгө оруулагч түнш билээ. БНЭУ-ын 1,236 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Дорноговь аймгийн Алтанширээ сумд баригдаж буй “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Манай улсын газрын тосны хайгуул олборлолтын үйл ажиллагаа 2005 оноос эхлэн эрчимжсэнээр батлагдсан нөөцтэй болж, олборлосон тосоо БНХАУ-д экспортолж байна. 2010 онд батлагдсан газрын тосны нөөц ашиглах төлөвлөгөөтэй уялдуулан 1,5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай  үйлдвэрийг 2023 онд ашиглалтанд оруулахаар зорьж байна. 

Тус үйлдвэрээс жилд евро-5 стандартын автобензин 339 мян.тн, дизель түлш 824 мян.тн, онгоцны түлш 80 мян.тн, шингэрүүлсэн шатдаг хий 43 мян.тн, зуухны түлш 47 мян.тн бүтээгдэхүүнийг боловсруулан гаргахаар төлөвлөж байна. Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тосыг боловсруулж, таван төрлийн 1.33 сая тонн бүтээгдэхүүн болгох юм байна. Нийт бүтээгдэхүүний 60 хувь нь дизель түлш, үлдсэн нь АИ-95 автобензин, шингэрүүлсэн шатдаг хий, онгоцны түлш байх төлөвлөлттэй ажээ. Дотоодын дизель түлш болон автобензины 80 хувийн хэрэглээг хангахаар тооцсон гэв. Нэгж бүтээгдэхүүний өртөг импортын ижил төрлийн бүтээгдэхүүнээс 25 орчим хувиар хямд байх тооцоолол байгаа аж.

“Роснефть” НХН-ийн тухай

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтэд бүрэн монополь тогтоосон, Энэтхэг улсын эрчим хүчний салбарт ихээхэн нөлөөтэй болж буй “Роснефть” нийтийн хувьцаат нийгэмлэг нь Москва хотод хуулийн бүртгэлтэй 49 охин компани бүхий босоо бүтэцтэй нэгдсэн компани юм. Тус компанийн хувьцааны хяналтын 50.1 хувийн багцыг Оросын Холбооны Улс эзэмшдэг бол британийн BP компани 19.75 хувь, Швейцар, Катарын хамтарсан консорциум 19.5 хувийг, үлдсэн 7.5 хувь нь дэлхийн хадгаламжийн мөнгөн тэмдэгт хэлбэрээр зах зээлд эргэлддэг байна.

“Роснефть” компани 2012 онд “ТНК-BP” компанийг худалдаж авсны дараа ОХУ-ын нефтийн томоохон компаниудын нэг болсон. 2015 оны хувьчлалын хүрээнд “Башнефть” компанийн үнэт цаасны хяналтын (улсын) 50.08 багцийг худалдан авснаар олборлолтын өсөлтийн хэмжээгээр (11 хувиар нэмэгдүүлэн) тэргүүлсэн байв. 2019 онд ОХУ-д олборлосон нефтийн 80 хувь нь босоо удирдлагатай нэгдсэн компаниудад (ВИНК) ногдсон байх бөгөөд 50 орчим хувийг нь “Роснефть”, “Лукойл” компаниуд олборлосон байна.

“Роснефть” компани ийнхүү томорсон асуудал “Юкос” компанитай холбогддог. 2003 оны 5 дугаар сард нийтлэгдсэн “Орост олигархийн төрийн эргэлт хийхээр бэлтгэж байна” гэсэн Үндэсний стратегийн зөвлөлийн илтгэлийг Путинд Сечин танилцуулсан нь Юкос-ын газрын тосны компанийн тэргүүн Михаил Ходорковскийд цохилт болсон гэж хэвлэлүүд мэдээлж байсан. Энэхүү тайланг бэлтгэх ажлыг “силовики”-Сечин-Устиновын бүлэг санаачилсан гэж үздэг.[1] Ингээд 2004 онд М.Ходорковскийн удирдаж байсан “Юкос” компани татвараас зайлсхийсэн хэмээн шуугиан дэгдэж, Оросын олгирахиудын нэг, тэрбумтан М.Ходорковский шүүхээс 11 жилийн ял сонссон юм. Түүний удирдаж байсан “Юкос” эзэнгүйдэж, “Роснефть” буюу төрийн өмчид шилжин Игорь Сечиний мэдэлд иржээ”. Өдгөө “Независимая газета” (NeGa) сэтгүүлээс жил бүр гаргадаг Оросын хамгийн нөлөө бүхий 100 хүний ​​жагсаалтад “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин, “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер, “Лукойл” компанийн эзэн Вагит Алекперов, “Новатек” компанийн хамтран эзэмшигч Геннадий Тимченко нар байдаг.

“Роснефть” НХН-ийн Монгол дахь үйл ажиллагаа: ОХУ Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний 95-ийг хангадгаас “Роснефть” компани 92 хувийг дангаараа хангадаг. “Роснефть” компани жилд 550 сая тонн газрын тос олборлож 280 сая тонн нефть экспортолдог. Энэ хэмжээ цар тахлын нөлөөгөөр багасаж 250 сая тонн болсон хэдий ч манай улс үүний өчүүхэн бага хувийг буюу жилд 1.5 сая тонн шатахууныг импортоор авдаг. Өөрөөр хэлбэл “Роснефть” компаний ойролцоогоор зөвхөн хоёр өдрийн экспорт нь манай улсын жилийн хэрэгцээг хангадаг гэсэн үг юм.

“Роснефть” компани Төрийн өмчит нээлттэй хувьцаат нийгэмлэг гэдгээрээ компанийн асуудлаа төрийн бодлогод шууд тусгуулдаг гэдгийг төрийн айчлалуудаас гадна Монгол, Орос хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаануудад “Роснефть” компанийн нийлүүлдэг газрын тосны бүтээгдэхүүний асуудал Оросын талаас санал байдлаар орж ирдэгээс тодорхой харагддаг.

Манай улсад өөрийн төлөөлөгчийн газраа буюу “Роснефть-Монголия” ХХК-ийг 2007 оны 12 дугаар сарын 27-нд байгуулсан. Монголын газрын тосны хангамжийн байгууллагуудын газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна “Роснефть” төлөөлөгчийн газар нь ОХУ-ын “Роснефть” компанийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг шалгаруулж, суралцуулдаг байна. 

“Роснефть” компанийн тэргүүн И.Сечин манай улсад хоёр удаа айлчилж байсан ба эхнийх нь 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийсэн байна. Энэ үеэрээ тухайн үеийн Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт:

  • ОХУ-аас Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүнийг шугам хоолойгоор нийлүүлэх,
  • Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын онгоцны буудалд агуулах барих, онгоцны түлшээр хангах,
  • Газрын тосны хайгуулын ажилд оролцох зэрэг саналууд тавьж байсан.

Хоёр дахь айлчлал нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины 2019 оны 9 дүгээр сарын 3-нд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр түүнийг дагалдан тус улсын Гадаад хэргийн сайд С.Лавров, Ерөнхий сайдын орлогч А.Гордеев, Эрчим хүчний сайд А.Новак зэрэг албан тушаалтан айлчилснаас гадна бизнесийн хүрээний төлөөлөл болон “Роснефть” компанийн тэргүүн И.Сечин ирж байжээ.

Дүгнэлт

            Уламжлалт геостратегийн бодлогын дагуу ОХУ Евроазийн бүс нутагт эрчим хүчний нөлөөгөө тогтоон “эрчим хүчний их гүрэн” болох дипломат ажиллагааг эрчимтэй өрнүүлж байна. Европ, Ази тивийг дамнан орших газар зүйн байршил, байгалийн асар их нөөц, ЗХУ-ын үед бий болгосон Европын улс орнуудтай холбогдсон газрын тос байгалийн хийн эрчим хүчний цогц системийн туршлагадаа тулгуурлан өдгөө Алс Дорнод, Сибирийн бүс нутгаа хөгжүүлж Ази тив рүү гарах дэд бүтцийг бий болгож байна.

            Энэ хүрээнд тус улс томоохон бодлогын баримт бичгүүдээ шинэчлэн, 2009 оноос хойш эрчим хүчний стратегиа тууштай өргөжүүлэн хэрэгжүүлж байна. Оросын стратегийн баримт бичгүүдээс харвал тус улсын бодлого боловсруулагчид өөрийн эрчим хүчний нөөцийн ач холбогдлыг гүнзгий ухамсарласан байна.

            Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний импортын хэт хамаарлаа багасгах чиглэлд газрын тосны бүтээгдэхүүнийг өөрийн түүхий эдийн нөөцөд тулгуурлан дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангахад хууль эрх зүйн орчин бүрдүүлж, хөрөнгө оруулалт татан, үйлдвэрийн бүтээн байгуулалтын тодорхой ажлуудыг хийж эхлээд байна. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулах нь Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээс хэт хараат байдлаа саармагжуулах амин чухал ач холбогдолтой. Харин тус үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийн тооцоог сайтар анхаарах шаардлага байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж буй.


[1] Сечин,_Игорь_Иванович https://ru.wikipedia.org/wiki/Сечин,_Игорь_Иванович


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА