ОХУ-ын эрчим хүчний бодлого ба Монгол Улс I

2021-10-29

https://niss.gov.mn/wp-content/uploads/2021/12/p0b5yd77.jpg

Газрын тосны бүтээгдэхүүн бол манай улсын эдийн засгийн аюулгүй байдалд суурь нөлөөтэй стартегийн бүтээгдэхүүн билээ. Монгол Улс өнгөрсөн 5 жилийн хугацаанд жилд дунджаар 1.25 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлож, 1.0 тэрбум орчим ам.доллар зарцуулсан нь нийт импортын 25-30 хувийг эзэлж байна. Уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн нийт зардлын 30 орчим хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нийт зардлын 25-30 хувь нь түлш шатахууны зардал байдаг.   

Манай улс газрын тосны зохих нөөцтэй, олборлогч улс бөгөөд газрын тосны бүтээгдэхүүнийг хэрэглэгч орон атал газрын тосны хайгуул судалгаа, олборлолт тээвэрлэлт, гэрээлэлт борлуулалтыг хамарсан “дээд урсгал” (upstream) нь БНХАУ-аас хамааралтай, дотоодын үйлдвэрлэл хөгжөөгүйгээс газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж, нийлүүлэлтийг хамарсан “доод урсгал” (downstream) нь ОХУ-аас хамааралтай байдаг.

Аюулгүй байдал судлалын хүрээлэн энэ удаагийн мэдээллээрээ Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний 95 хувийг нийлүүлдэг ОХУ-ын эрчим хүчний салбарын стратеги болон газрын тосны томоохон үйлдвэрлэгч “Роснефть” компанийн талаарх мэдээллийг хүргэж байна.   

ОХУ-ын эрчим хүчний стратегийн зорилт

ОХУ бол эрчим хүчний нөөц, үйлдвэрлэл, хэрэглээгээрээ тэргүүлэгч орон юм. Дэлхийн цахилгаан эрчим хүчний 4 дэх, түүхий газрын тосны 3 дахь үйлдвэрлэгч, 2 дахь экспортлогч, цэвэршүүлсэн газрын тосон бүтээгдэхүүний 4 дэх, байгалийн хийн 2 дахь том үйлдвэрлэгч, тэргүүлэх экспортлогч улс юм. Тус улс газрын тосны илрүүлсэн нөөцийн хэмжээгээр дэлхийд 6 дугаарт орж байна. ОХУ газрын тосны нөөцөө 2019 онд 2 тэрбум тонноор нэмэгдүүлж, бүх ангиллын (A+B1+C1+B2+C2) нөөцийн нийлбэр хэмжээ 1,952 тэрбум тонн болжээ. ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Е.Петров “өнөөгийн олборлолтын технологиор үр ашигтай газрын тосны нөөц 21 жилд хүрэлцээтэй” гэж 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр салбарын чуулганы үеэр мэдэгдэв. Зарим мэргэжилтний дүгнэж буйгаар нөөцийг 2019 оны олборлолтын түвшингээр жил болгон олборлох тохиолдолд 33 жилийн нөөц байгаа аж. Энэ нь тус хугацаанд нээсэн шинэ ордуудаас болон одоо ашиглагдаж буй орд газрын олборлолт нэмэгдэхгүй нэг түвшинд байх тохиолдлын тооцоо тул нөөцийн үлдэгдлийн тооцоолол нь орд газрын үйлдвэрлэлийн/ашиглалтын түвшинд, шинэ нөөц газрыг нээх зэргээс шалтгаалан тогтмол өөрчлөгддөг аж. Хүрэхэд хүнд хэцүү нөхцөлтэй нөөцийг олборлох технологи хөгжсөн тохиолдол нөөцийн хэмжээ 45-50 жил түүнээс дээш хугацаанд хүрэлцээтэй байх боломжтой буюу дор хаяж 2-3 үеийн хэрэгцээг хангахуйц байх аж.

ОХУ-ын түлш, эрчим хүчний цогцолбор нь дэлхийн эрчим хүчний зах зээлийг тодорхойлох хэмжээний далайцтай учраас Оросын тэргүүлэх стратеги нь эрчим хүчний салбарт чиглэж, цогцолбор байдлаар хөгжүүлж байна. Түлш, эрчим хүчний цогцолбор (ТЭХЦ) нь ОХУ-ын дотоодод экспортын ашиг, бизнес, дэд бүтэц, ажлын байр бий болгох, гадаад талд стратегийн том зорилтуудыг хэрэгжүүлэх, улс төрийн нөлөөллийн хэрэгсэл болж геополитикийн асар их боломж, чадамжийг олгодог.

Эрчим хүчний салбарын суурь баримт бичиг: ОХУ-ын геополитикийн чухал хэрэгсэл болсон салбартаа баримтлах бодлого стратегийг нь харвал дараах байдалтай байна.

–           1995 оны 5 дугаар сарын 7-ны өдөр ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин ЗХУ-ын үед баримталж байсан эрчим хүчний бодлогод тулгуурлан гаргасан “ОХУ-ын түлш эрчим хүчний үйлдвэрлэл болон эрчим хүчний салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын чиглэл”-ийг баталгаажуулсан бөгөөд улмаар 1995 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ОХУ-ын засгийн газар “ОХУ-ын эрчим хүчний стратегийн үндсэн заалтууд” хэмээх бодлогын баримт бичгийн чиг баримжаагаар тус салбарыг хөгжүүлэхээ мэдэгдсэн юм. Тус бодлогын баримт бичигт ОХУ-ын эрчим хүчний асуудлыг ерөнхий хүрээнд авч үзсэн бөгөөд дараах асуудлуудыг тусгажээ. Үүнд:

  • Дотоодын эдийн засгийг хөгжүүлэх
  • Эрчим хүчний хэрэгцээг дотооддоо хангах
  • Төв Ази болон Европ руу чиглэсэн эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлэх
  • Эрчим хүчний нөөцийг экспортлох гэсэн ерөнхий чиглэлүүдийг тусгасан юм. [1]

–           2003 онд батлагдсан ОХУ-ын Эрчим хүчний анхны стратегид түлш, эрчим хүчний салбарыг эдийн засгийн хөгжлийн үндэс, геополитикийн хэрэгсэл, ОХУ-ын ТЭХЦ нь бүх талаараа амин чухал салбар юм гэж үзсэн байна.

–           2009 онд батлагдсан Эрчим хүчний хоёр дахь стратегид илүү амбицтай зорилт дэвшүүлжээ. Хоёр дахь стратеги нь ОХУ-ын хөгжилд ОУЭХ-ний гүйцэтгэх үүргийн талаарх хуучин үзэл бодлыг хадгалсан боловч шилжилт зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ОХУ-ын засгийн газраас баталсан 2030 он хүртэлх ОХУ-ын эрчим хүчний стратегид тус улс түлш, эрчим хүчний салбараараа дамжуулан дэлхийн зах зээлийн интеграцад нэгдэх зорилготой бөгөөд эрчим хүчний гадаад бодлогоороо дамжуулан дэлхийн эрчим хүчний салбар дахь гол тоглогч гэсэн байр сууриа улам бэхжүүлж, нөлөөллийн хүрээгээ тэлэх зорилготой тухайгаа тусгасан байна. Тус баримт бичигт дараах гадаад бодлогын зорилтуудыг дэвшүүлсэн байна. Үүнд:

  • Дэлхийн эрчим хүчний зах зээлийн хөгжлийн системийг ОХУ-ын үндэсний ашиг сонирхолтой уялдуулах
  • Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх экспорт болон экспортын бүтээгдэхүүний бүтцийн төрөлжилтийг бий болгох
  • Эрчим хүчний зах зээл дэх ОХУ-ын экспортын голлох бүтээгдэхүүний баталгаат эрэлт, үнийн тогтвортой нөхцлийг бий болгох
  • Хилийн чанад дахь газрын тосны салбарт тэргүүлэх үүрэг бүхий ОХУ-ын төрийн өмчит компаниудын нөхцөл байдлыг сайжруулах
  • Олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан газрын тосны салбар дахь чухал төслүүдийн хэрэгжилтийг хангах гэх мэт.[2]

–           2015 онд батлагдсан эрчим хүчний гурав дахь стратеги хувьсгалт шинэ үзэл санаатай байна. ОХУ-ын ТЭХЦ нь хөгжлийн гол хөдөлгүүр биш харин технологийн дэвшилтэт өдөөгч дэд бүтэц болж ажиллах ёстой гэж үзжээ.

–           2019 оны ОХУ-ын эрчим хүчний аюулгүй байдлын үзэл баримтлалд эрчим хүчний аюулгүй байдлыг хангах тухай албан ёсны үзэл бодлыг тусгасан. Энэ нь эрчим хүчний аюулгүй байдал, аюул занал, сорилт, эрсдэл гэх мэт үндсэн ойлголтуудыг тодорхойлсон байна. ОХУ-ын Эрчим хүчний яамнаас гаргасан 2019 оны баримт бичигт Оросын эрчим хүчний бодлогын ойрын жилүүдэд хэрэгжүүлэх 4 үндсэн зорилтыг тусгажээ.

  • 1. Эрчим хүчний гадаад харилцагчидтай хийсэн гэрээний биелэлт, үр ашигтай байдалд анхаарах;
  • 2. Байгаль орчинд хийсэн хүний сөрөг ул мөрийг бууруулах, инновацын түвшинг дээшлүүлэх замаар Оросын эрчим хүчний салбарын байгаль орчны үр ашгийг нэмэгдүүлэх;
  • 3. Дулаан хангамжийн үнэ тогтоохтой холбоотой асуудалд хандах хандлагыг өөрчилж, дулаан хангамжийн зах зээлийг бүрдүүлэх;
  • 4. Оросын эрчим хүчний салбарт дэвшилтэт болон дижитал технологийг нэвтрүүлэх. Эдгээр зорилтуудыг шаардлагатай санхүүжилт, технологи нийлүүлэгч, эсвэл зах зээлд нэвтрэх үйлчилгээ үзүүлэгчийн хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг бусад компанитай хамтран хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр компаниуд болон улсын аль алинд нь орлого бүрдэх боломжийг сайжруулах.

– Үүнээс гадна 2035 он хүртэлх Оросын эрчим хүчний стратегийн ойрын жилүүдэд хэрэгжүүлэх 4 үндсэн стратегийг тодорхойлжээ. Үүнд:

  • Нэгдүгээрт, Оросын эрчим хүчний нөөцийн хуучин болон шинэ хэрэглэгчидтэй тогтвортой харилцаа тогтоох, хадгалах, дэлхийн эрчим хүчний зах зээлд Оросын хувьцааг баталгаажуулах;
  • Хоёрдугаарт, бүтээгдэхүүний багцын хувьд экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх, боловсруулсан бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх;
  • Гуравдугаарт, ОХУ-ыг хийн дамжуулах хоолойн чухал тоглогч болгох;
  • Дөрөвдүгээрт, Оросын эрчим хүчний компаниуд болон тэдний гадаад түншүүдийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх хэмээн тодорхойлжээ.

Бусад бодлогын баримт бичигт туссан байдал: Түүнчлэн тус улсын гадаад бодлогын үзэл баримтлалын 4 дүгээр бүлгийн 75 дугаар зүйлд “ОХУ нь дэлхийн эдийн засаг, улс төрийн төв болон өөрчлөгдөхийн сацуу асар хурдацтай хөгжиж буй геополитикийн бүс Ази-Номхон далайн бүс нутгийн салшгүй нэг хэсэг болсон үеэс эхлэн тус бүс нутаг нь ОХУ-ын хувьд нэн чухал бүс болж байна. ОХУ нь Сибирь болон Алс Дорнодын эдийн засгийг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлэх, Ази-Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд ил тод, эрх тэгш бүтэц, тогтолцоог бий болгох зэрэг боломжуудыг ашиглан Ази-Номхон далайн бүс нутгийн интеграцын үйл явцад идэвхтэй оролцох сонирхолтой”, 4 дүгээр бүлгийн 76 дугаар зүйл заалтад “…Ази дахь улс төрийн болон аюулгүй байдлын орчин нь ОХУ-ын хувьд асар чухалд тооцогдож байна…”, 83-р зүйл, заалтад “ЗХА нь Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцооны чухал хэсэг учир ОХУ нь тус бүс нутагт энх тайван, аюулгүй байдал, харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагааны механизмыг бий болгох асуудал дээр идэвхтэйгээр оролцож хувь нэмрээ оруулна”[3]  хэмээн тусгагдсан нь ОХУ-ын бодлогын чиглэл цаашид Ази-Номхон далай цаашлаад ЗХА-ын бүс нутагт ихээхэн төвлөрч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хандлагатай байгаагийн илрэл юм. 

ОХУ-ын судлаач Наталья Кузнецова 2000 оноос хойших буюу 2003, 2009, 2015 онуудад батлагдсан ОХУ-ын эрчим хүчний стратегийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийгээд ОХУ-ын эрчим хүчний стратегийн баримт бичгүүд бүгд Ази руу чиглэсэн бөгөөд мөн үүнтэй холбогдуулан дотоодын бүс нутгуудыг хөгжүүлэх асуудал дээр төвлөрч ажиллаж байгааг онцолсон байна. Мөн ОХУ-ын Ази-Номхон далайд чиглэсэн эрчим хүчний бодлого нь цэвэр геополитикийн шинж чанартай хэмээн дурьдсан бөгөөд улмаар тус бүс нутгаар дамжуулан үндэсний ашиг сонирхлоо хэрэгжүүлж, үндэсний аюулгүй байдлынхаа баталгааг бий болгоход чиглэсэн хэмээн дүгнэсэн юм.[4]  ОХУ-ын газрын тосны бодлогын чиглэлээр цогц судалгааг хийсэн судлаач Тугче Варол ОХУ нь дотоодын хөгжлөө зүүн бүс рүүгээ шилжүүлж байгаа төдийгүй гадаад бодлогын чиглэлийг Ази, тэр дундаа ЗХА руу чиглүүлж байна хэмээн дүгнэжээ. Түүнчлэн ОХУ-ын газрын тосны бодлого цэвэр геополитикийн шинж чанартай бөгөөд үндсэн зорилго нь үндэсний аюулгүй байдлаа хангах явдал  юм[5] хэмээн дүгнэсэн байдаг.

Ази руу чиглэж буй ОХУ-ын эрчим хүчний бодлого

ОХУ дээрх стратегийн зорилтуудаа хэрэгжүүлэх, үндэсний эрх ашиг, нөлөөллийн хүрээгээ олон улсад илүүтэйгээр бэхжүүлэхийн тулд Дорно зүгийн Ази-Номхон далайн бүс нутаг тэр дундаа ЗХА-ийн бүс нутаг руу газрын тосны бодлогоо чиглүүлж энэ бүс нутагт өөрийн зах зээлийг нээхээр шамдах болсон. Энэ хүрээнд тус улс Алс Дорнод, Сибирийн бүс нутгаа хөгжүүлж, түүнд тулгуурлан ЗХА руу гарах дэд бүтцийг бий болгохоор зорьж байна. ОХУ нь Ази тэр дундаа ЗХА-ийн бүс нутагт эрчим хүч, газрын тосны найдвартай хэрэглэгчтэй болсноор Европын зах зээлээс хэт хамааралтай байдлаа саармагжуулахын сацуу Азид чиглэсэн газрын тосны болон бусад стратегийг идэвхжүүлэх замаар нөлөөллөө тэлэх зорилго агуулсан үйл ажиллагаануудыг дэс дараалалтайгаар авч хэрэгжүүлж байна. Тухайлбал: ОХУ-ын ерөнхий сайд Д.Медведев “Сочи-2014” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад ОХУ-ын Ази руу чиглэсэн стратегийг идэвхжүүлэхийн тулд дараах 3 зүйлд анхаарлаа хандуулах шаардлагатай хэмээн тэмдэглэсэн. Үүнд:

1.         Азийн орнуудтай харилцах харилцаандаа итгэлцлийг нэмэгдүүлэх: Азийн орнуудтай харилцах харилцаандаа итгэлцлийг нэмэгдүүлснээр тухайн бүс нутаг дахь улс орны нэр хүндийг өсгөх, эдийн засгийн болон улс төрийн түнштэй болох, нөлөөллийн хүрээгээ тэлэх бололцоог нэмэгдүүлэх, дотоодын эдийн засгийг сайжруулж, шинжлэх ухаан, технологийн дэвшил гаргах, газрын тосны экспорт, импортын харилцан хамаарлаас үүдэлтэй давамгайллыг бий болгож улмаар АНУ-ын Ази, ЗХА дахь нөлөөллийг хумих юм.

2.         Тухайн бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох: Тухайн бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцсоноор ОХУ нь бүс нутгийн байгууллагуудад голлох байр суурь эзлэх мөн бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал үүрэг, рольтой оролцох, цаашлаад тус бүс нутагт геополитик, геоэдийн засгийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх боломжийг нээх.

3.         Ази-Номхон далайн орнуудтай шинэ технологи, санхүүгийн төслүүдийн хамтын ажиллагааг онцгой анхаарах: Ингэснээр шинжлэх ухаан, технологийн инновацын тусламжтай дотоодын эдийн засаг, газрын тосны салбарыг төрөлжүүлэх, үндэсний үйлдвэрлэлд өндөр үр өгөөжтэй, байгаль орчинд ээлтэй технологи хэрэглэх боломж бий болох юм.

Дэлхийн олон туйлт системийн хүрээнд өрнөдийн нөлөөг бууруулдаг Азийн орнуудтай стратегийн түншлэл байгуулж буй Оросын их гүрний стратегид эрчим хүчний нөөц нь чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Тус улс Азийн орнуудтай эрчим хүчний хэд хэдэн гэрээ, түншлэлийн гэрээ байгуулж, хэрэгжүүлээд байна. Ази руу чиглэсэн бодлогын өөрчлөлт нь 2014 оны Украины хямралын дараа улам хүчээ авч, барууны нөлөө, зах зээлийн хараат байдлыг тэнцвэржүүлэх стратегийн нэг чухал хэсэг болжээ. Ази тивд үйл ажиллагаа явуулахдаа Орос өөр өөр түвшинд стратегийн ач холбогдолтой бүлэг орнуудтай харилцах боломжтой болсон. Ю.Примаков ОХУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байх хугацаандаа Хятад, Энэтхэгийг дэлхийн олон туйлт орчныг бүрдүүлэх хамгийн чухал түншүүдээр тодруулж байсан.

ОХУ-ын түүхий газрын тосны экспортын ойролцоогоор 79%, байгалийн хийн экспортын 81 хувь нь Европ руу гардаг. Орос улс жил бүр Европын хийн хэрэгцээний 30 орчим хувийг хангадаг. Ази бол Оросын эрчим хүчний экспортын хоёр дахь том хүлээн авагч юм. Ази нь Оросын түүхий газрын тосны экспортын 18 хувийг, шингэрүүлсэн байгалийн хий (LNG) -ийн 18 хувийг ОХУ-ын Алс Дорнодод байрладаг Сахалин энергийн LNG үйлдвэрээр дамжуулан авдаг. Орос улс хөгжиж буй орнууд, ялангуяа Хятад, Энэтхэгийн эрчим хүчний нөөцийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэж байгаа ба 2035 он гэхэд дэлхийн эрэлт 45%-иар өсч болзошгүй гэж үзжээ. Азид Оросын эрчим хүчний эрэлт нэмэгдэж, экспортод илүү их хувийг эзлэх болно гэж Орос хүлээж байна.

Европын эрчим хүчний зах зээлээс ялгаатай нь Азийн эрчим хүчний зах зээл шинэ, өсөх ирээдүйтэй юм. Азид эрчим хүч тэр дундаа газрын тосны хэрэглээ их хэмжээгээр төвлөрч буй бөгөөд 2014-2040 оны хооронд бүс нутгийн хэрэглээ даруй 90%-иар нэмэгдэж өдөрт 45.9 сая баррель газрын тос хэрэглэх хандлагатай байгаа юм.[6]  Энэхүү асар их хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ЗХА-ийн бүс нутаг дахь газрын тосны цор ганц экспортлогч болох ОХУ-ын ашиг сонирхлоо хэрэгжүүлэх чухал талбар болж байна.

Түүнээс гадна Европын орнуудаас ялгаатай нь Азийн орнууд эрчим хүчний бодлогоо боловсруулж, хэрэгжүүлэхдээ уур амьсгалын асуудалд өртөх магадлал багатай байдаг. Шинэ талбарыг хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт, шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай тул Азийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний зах зээлд дунд болон урт хугацааны нийлүүлэлтийг хангах нь Оросын эрчим хүчний салбарын ирээдүйг баталгаажуулах, Оросыг барууныхны шахалтанд өртөхгүй байх, Оросын цаашдын хамтын ажиллагаа, нөлөөллийг хангахад чухал ач холбогдолтой юм.

үргэлжлэл бий


[1] Micheal FREDHOLM, the Russian energy strategy and energy policy: Pipeline or mutual dependence? , Conflict studies research centre, Russian series 05/41,  2005, 2-3-р тал

[2] Energy strategy of Russia for the period up to 2030, approved by decree No1715-r of the Government of the Russian Federation dated 13 November 2009, Moscow 2010, Ministry of Energy of the Russian Federation, Institute of Energy strategy, PAC Energiya, 7. Innovation and scientific-and-technical policy in the energy sector, 55-57-р тал, http://www.energystrategy.ru/projects/docs/ES-2030_(Eng).pdf

[3] Concept of the Foreign Policy of the Russian Federation, Approved by President of the Russian Federation V. Putin, on 12 February 2013, 303-18-02-2013, IV. Regional Priorities-83, 16-р тал, http://archive.mid.ru/bdomp/ns-osndoc.nsf/1e5f0de28fe77fdcc32575d900298676/869c9d2b87ad8014c32575d9002b1c38!OpenDocument

[4] Energy Strategy of the Russian Federation, Natalia Victorovna Kuznetsova, Doctor of Economics, professor, Department of World Economy, Vol 6 No 5 September 2015

[5] The Russian foreign energy policy, Tugce Varol, European Scientific Institute, July, 2013, 125-126 тал, http://eujournal.org/files/journals/1/books/TugceVarol.pdf

[6] World Oil Outlook 2015, Organization of the, OPEC secretariat, October 2015, A-101Vienna, Austria, 234-235-р тал, http://www.opec.org/opec_web/static_files_project/media/downloads/publications/WOO%202015.pdf


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА