2021 оны 7 дугаар сараас хойш Хятадын зарим газарт эрчим хүчний хязгаарлалт эхэлж, ялангуяа сүүлийн 2-4 долоо хоногт захиалгатайгаар “цахилгаан хязгаарлалт”-ын зайлшгүй арга хэмжээ Хятадын олон газарт авчээ. 2021 оны 9 дүгээр сарын 24-нөөс эхлэн эх газрын Хятадын олон муж, тэр дундаа зүүн хойд Ляонин, Жилин, Хармөрөн зэрэг мужид томоохон хэмжээний эрчим хүчний хязгаарлалт хийж эхэлсэн. Зүүн хойд Хятадын гурван муж онцгой хүнд байв. Дээр дурдсан гурван мужид цахилгаан тасрах тохиолдол удаа дараа гарчээ. Зүүн хойд нутгийн зарим хотод нэг өдрийн дотор хэд хэдэн удаа цахилгаан тасарч, тэр байтугай 12 цаг гаруй хугацаанд цахилгаан тасарсан байна. Тэдгээрийн дотроос Шэньян (Мүгдэн) хотын зарим хэсгийн гэрлэн дохионы гэрэл гэнэт тасарч, замын түгжрэл үүсгэсэн байна. Ляониний Пэнхуй аж үйлдвэрийн ХХК-ийн цахилгаан эрчим хүч гэнэт тасарч, үйлдвэрийн яндангийн систем зогссон тул тэсэлгээний зуухны хийнд хордож осол гарч, нийт 23 хүн хордож, эмнэлэгт хүргэгджээ. Энэ тасалдалтай холбогдуулан Ляонин мужийн захиргаа цахилгаан эрчим хүчний хомсдолд улбар, цэнхэр өнгийн дохиог удаа дараа өгч, тус мужийн иргэдийн амьжиргаа, эдийн засагт нөлөөлсөн байна. 9 дүгээр сарын 27-ны Даваа гарагт Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 19 мужийн олон хотууд цахилгаан эрчим хүчний тасалдал, хязгаарлалтад өртсөн тухай мэдээлэв.
Хятадын эрчим хүчний тасалдлын голлох шалтгаан
Цахилгаан тасалдсан гол шалтгаан нь сүүлийн жилүүдэд Хятадын дотоодын эрчим хүчний эрэлт нийлүүлэлтийн шинэчлэл, Ковид-19 болон бусад шалтгаанаар Австрали, Монгол, Индонези болон бусад улсаас авах нүүрсний импорт буурснаар дотоодын нүүрсний эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаж, улмаар нүүрсний үнэ өсөж, эрчим хүчний хангамж тогтвортой биш байхад хүргэсэн. Тэдгээрийг дараах байдлаар нэгтгэж таван суурь шалтгаан байна гэж үзэв.
Нэгдүгээрт, усан цахилгаан станц хангалтгүй, нар салхины сэргээгдэх эрчим хүчний аж үйлдвэрийн хэрэгцээг хангах түвшинд хүрээгүй байгаа нөхцөл байдал.
Хоёрдугаарт, цахилгаан станц цахилгааны үнийг цаг тухайд тохируулаагүй, нүүрсний цахилгаан станцуудын алдагдал хохирол үлэмж нэмэгдсэн. Алдагдалтай нөхцөлд эрчим хүч үйлдвэрлэх хүсэл эрмэлзэл, сонирхол тийм ч өндөр биш байна.
Гуравдугаарт, зарим бүс нутагт өндөр хэрэглээтэй төслүүд ихээр нэмэгдсэн нь аж үйлдвэрлэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд хүргэсэн.
Дөрөвдүгээрт, зарим газар эрчим хүчний хэрэглээний үзүүлэлтээ аль хэдийн давсан, нүүрсхүчлийн давхар хийг бууруулах үзүүлэлтээ “давахгүй” зорилгоор үйлдвэрлэлийн болон иргэний цахилгааны хязгаарлалтыг хязгаарлах арга хэмжээ авсан.
Тавдугаарт, зарим нутгаар үргэлжилсэн өндөр температуртай цаг агаартай байна.
Хятадын бүс нутагт эдгээр нөхцөл байдал зарим хэсэгт эсвэл бүхэлд нь тулгарч байна. Бүс нутгийн хэмжээнд нүүрсний үнэ өндөр байгаа нь ихэнх мужийг хүндрэлд оруулж байгаа бол зарим бүс нутагт хоёр ба түүнээс дээш нөхцөл байдалд нэгэн зэрэг өртөж байна.
Нүүрсээр ажилладаг цахилгаан станц үүсгүүрүүд “ашиггүй” ажиллах сонирхолгүй байна
Хятадын үндэсний статистикийн газрын мэдээнээс харахад 2020 онд дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтцэд нүүрсний эрчим хүч 71%, нарны эрчим хүч 2%, цөмийн эрчим хүч 5%, усан цахилгаан станц 16%, салхи эрчим хүч 6% эзэлж байна. Дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн үнэмлэхүй дийлэнх хувийг нүүрсний эрчим хүч, дараа нь усан цахилгаан станц эзэлж байна. Намар, өвлийн улиралд ихэнх гол мөрний усны түвшин бага байдаг.
Ковид-19 цар тахлын нөлөөгөөр эрчим хүчний нүүрсний үнэ тэнгэрт хадаж, өдгөө тонн тутамдаа 200 гаран ам.доллар хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2-3 дахин өссөн байна.
Эрчим хүч борлуулалтын тал дээр үнэ нэмэх боломжгүй. Хятад улс нь цахилгаан эрчим хүчний үнэ дээр үйлдвэрлэгчдэд татаас өгдөг загварыг үргэлж баримталсаар ирсэн, өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн болон арилжааны цахилгааны үнэ орон сууцны цахилгааны хэрэглээ татаас авдаг тул орон сууцны хэрэглээний цахилгааны үнэ харьцангуй хямд байж чаддаг.
Хятад улс 80-90-ээд оны үеэс аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах зорилгоор үйлдвэр, худалдааны цахилгааны үнийг бууруулж эхэлсэн. Цахилгааны үнэ өсөхгүй ч эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг нэмэгдсээр байвал цахилгаан станцууд алдагдал хүлээх нь дамжиггүй. Тиймээс Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд цахилгааны хязгаарлалтыг таслах уу, цахилгааны хязгаарлалт хийхгүй бол цахилгааны үнэ тарифыг нэмэх ёстой гэсэн хүнд хэцүү нөхцөл байдалд оров. Цахилгааны үнэ тариф өсвөл ямар ч үйлдвэр өөрийн гэсэн зүйлийг хийж чадахгүй. Тэр үед энэ нь дотоодын инфляцийн шинэ эргэлтийг бий болгоно. Иймд тус улсын энэ удаад баримталж буй эрчим хүчийг хумих бодлого нь үндэсний эдийн засгийг урт хугацаанд хөгжүүлэх, ард түмний амьжиргааг дээшлүүлэх үүрэгтэй шийдвэр байсан гэж харж болохоор.
Нүүрсний эрчим хүч хязгаарлах, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хос хяналтын зорилтууд
9 дүгээр сарын 18-нд Хятадын Хөгжил Шинэтгэлийн Хороо “Эрчим хүчний хэрэглээ, эзлэхүүнийг сайжруулах төлөвлөгөө”-г нийтэлсэн. Ингэснээр мужуудын эрчим хүчний хэрэглээ болон эрчим хүчний хэрэглээг бууруулах зорилтод хүрч буй ахиц дэвшлийг мужийн “тайлангийн хуудас”-аар дүгнэхээр болжээ.
Эдгээр зорилтын дагуу мужуудын статусыг[1] ногоон, улбар шар, улаан гэх гэрлэн дохионы системээр зааж өгсөн бөгөөд ногоон нь асуудал бага, шар нь дунд зэргийн санаа зовниж байгааг, улаан нь тус мужууд эрчим хүчний зорилтоо биелүүлэхгүй байгааг харуулж байна. Чинхай, Ниншя, Гуанси, Гуандун, Фүжян, Юньнань, Жянсу мужууд “хос улаан” зэрэглэлд (эрчим хүчний хэрэглээ болон нүүрстөрөгчийн ялгаруулалтын квотоо хэтрүүлсэн) орсон байна. Хубэй зэрэг ганц улаан үзүүлэлттэй бусад мужууд хос хяналтын арга хэмжээ авах зорилгоор “1-р түвшний” яаралтай ангилалд багтсан хэвээр байв.
Эдгээр оноон дээр үндэслэн зарим мужууд, мужийн удирдлагууд улс төрийн карьер эрх ашиг, эрчим хүчний хэрэглээ, нүүрстөрөгч ялгарлын дээд таазыг хэтрүүлэхгүй байхын тулд арилжааны өндөр хэрэглээтэй үйлдвэр, тодорхой хэрэглэгчдийн эрчим хүчийг хязгаарлаж эхлэв. Жянсу мужид эрчим хүч хэмнэхийн тулд худалдааны төвүүдийг хагас цагийн дараа нээхийг шаардсан бол Гуандун хотод аж үйлдвэрийн хэрэглэгчдэд эрчим хүчний хэрэглээний хэмжээг багасгахын тулд цахилгаан эрчим хүчийг хэд хоногоос нэг долоо хоног эсвэл түүнээс дээш хугацаагаар унтраана гэж мэдэгджээ.
“Хос хяналт” квот хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлэх нь хөөсөрсөн үнэтэй нүүрсний эхний гол шалтгаантай харьцуулахад хоёрт орох том шалтгаан гэж судлаачийн зүгээс үзэж байна. Хос хяналтын тайлан, зорилтоос шалтгаалж цахилгаан тасалсан гэж байгаа нь тийм ч бас “итгэл үнэмшил” төрүүлэхээр биш байгаа хэдий ч Ляонин, Жилин болон бусад мужуудад аж үйлдвэрийн цахилгаан бус энгийн оршин суугчид хэрэглэгчийн цахилгааныг хязгаарласнаас харвал асуудал тийм бас хялбар тайлбартай биш байгаа харагдана. Хос хяналтын тайлангийн үр дүнгээс үүдэн эрчим хүчийг хязгаарласан гэх тайлбарыг Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байв.
Логикийн үүднээс авч үзвэл, цахилгаан генераторуудыг дахин асаахад хэт их хэрэглээ хэвээр байх тул богино хугацааны цахилгаан хязгаарлалт нь хос хяналтын “хос улаан” асуудлыг хөнгөвчлөхөд хэтдээ нөлөө үзүүлэхгүй. Цаашилбал, мужийн түвшний эрчим хүчний диспетчерийн хязгаарлалт нь эрчим хүчний хэрэглээ болон үйлдвэрлэлийн гарцыг хоёуланг нь бууруулдаг тул үйлдвэрлэлийн эрчим хүчийг хянахад бараг нөлөө үзүүлэхгүй. Хос хяналтын тайлангаар илэрсэн “давхар улаан” мужуудын эрчим хүчний хэрэглээг хэвийн хэмжээнд барих эхний алхам бол эрчим хүчний хэрэглээ нь салбарын стандарт жишиг үзүүлэлтээс давсан үйлдвэрлэгчдийг тодорхойлж, стандартыг бариулж, хуулийн хариуцлага, торгууль ногдуулах явдал ажээ. Энэ ажил аль хэдийн Ляонин, Гуандун болон бусад мужуудад хийгдэж эхлээд байгааг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна.
Сэргээгдэх эрчим хүч нь мужуудын хос хяналтын нийт хэрэглээний квотод тооцогдохгүй тул мужийн диспетчерийн төвүүд эцсийн хэрэглэгчдийг хангахын тулд бусад бүс нутгаас сэргээгдэх эрчим хүчний нэмэлт хэмжээг авах боломжтой хэвээр байна.
Цахилгаан хэрэглээ, үйлдвэрлэлийн төлөвлөлт зохион байгуулалт чадавх дутмаг
Цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал дутмаг байгаа нь эрчим хүчний хомсдолд бас нөлөөлж байгаа ч үүнийг ашиггүй ажиллах хүсэлгүй цахилгаан станц генераторуудаас ялгахад хэцүү байж болох юм. Жишээлбэл, төвийн сүлжээнд цахилгаан эрчим хүчний хангамж хамгийн их эрэлттэй үед ихэвчлэн хэцүүдэж байгааг ажиглаж болно. Мөн 2020 оны өвөл Хунань муж эрчим хүчний хомсдолд орж, 2021 оны зуны эхээр Хубэй мужид цахилгаан эрчим хүчний хомсдол үүссэнээр дахин ажиглагдаж байна.
Хэрэглээнээс үүдэлтэй хэт их эрчим хүчний нийлүүлэлт болон сүүлийн нэг жил гаруйн хугацаанд далангийн усан хангамжийн нөхцөл тааруу байгаа нь бодит түгээлтийн хүчин чадлыг мэдэгдэхүйц бууруулж байна. Юньнань мужид хөнгөн цагааны томоохон компаниуд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ 5 дугаар сар хүртэл хянаж байгаа тухай мэдээлсэн нь “хос хяналт”-аас өмнө эрчим хүчний хангамж болон нүүрсний үнэ сүүлийн үед огцом өссөнийг харуулж байна (Юньнань дахь далангийн ус дүүргэлт гүйцэтгэл муутай холбоотой). Ляонин мужид (Ляонинд, Шеньян орон нутагт эрчим хүчний хомсдол үүссэн хэдий ч зүүн хойд сүлжээ нь эрчим хүчийг гадагш нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргийнхээ ихэнхийг биелүүлсээр байгаа бөгөөд Лугу болон Гаолингийн UHV шугамаар ихэвчлэн Шаньдун муж руу 4.8 ГВт-ыг дамжуулсан) 8,9 сард салхи муутай байсан нь өндөр үнэтэй нүүрсний улмаас хямарсан эрчим хүчний үйлдвэрлэлийг улам хүндрүүлсэн. Эцсийн эцэст, Хятадын нүүрсээр ажилладаг асар том цахилгаан үйлдвэрлэлийн хүчин чадал нь олон жилийн турш бүрэн чадлаараа ажиллахгүй хамаагүй доогуур түвшинд ажиллаж байсан. Бүрэн чадлаараа ажиллахгүй гол шалтгаан нь ердөө дотоодын болон гаднаас импортолж буй өндөр үнэтэй нүүрсээр алдагдалтай ажиллах сонирхолгүй байгаад л учир нь байгаа.
Хятадын цахилгаан эрчим хүчний хэрэглээ
2021 оны 1-9 дүгээр сард Хятадын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 6165.1 тэрбум кВт.ц байсан ба өмнөх оны мөн үеийнхээс 12.9%-иар өсчээ. Зөвхөн 9 дүгээр сард цахилгаан эрчим хүчний хэрэглээ 694.7 тэрбум кВт.ц буюу өмнөх оны мөн үеийнхээс 6.8%-иар өссөн байна[2].
Хятадын суурилагдсан эрчим хүч үйлдвэрлэх генераторын хүчин чадал 2200 гигаватт, үйлдвэрлэл нь 7779.06 тераватт цаг,[3] харин хэрэглээ нь 7511 тераватт цаг байна. Эндээс зөвхөн Өвөрмонголын хэсгийг харвал суурилагдсан хүчин чадал 145870 мегаватт байна. Харин Монгол Улсын суурилагдсан хүчин чадал 2020 онд 1485.3 мегаватт[4]бөгөөд Өвөрмонголынх бараг 1500 дахин том юм. Цахилгаан үйлдвэрлэлээр Өвөрмонгол 581.097 тэрбум кВт.ц[5] үйлдвэрлэж Хятад улс дотроо тэргүүлдэг. Монгол Улсын үйлдвэрлэл 7,145.0 сая кВт.ц[6] ба харьцуулвал Монголоос бараг 1100 дахин их хэмжээний цахилгаан үйлдвэрлэсэн. Монгол Улсын хэрэглээ 2020 онд 8850 сая кВт.ц[7] байсан ба Хятадын хэрэглээ 900 орчим дахин өндөр байна. Цахилгаан үйлдвэрлэлийн хэмжээ, хэрэглээнээс харахад цахилгааны хангамж тал дээр толгой өвтгөсөн том асуудалтай биш юм.
Хятадын цахилгааны импорт
Хятад улс Мяньмар, Хойд Солонгос, Орос 3 улсаас жилд дунджаар 180 сая ам.долларын 4.75 тераватт цаг цахилгаан импортолдог. Хятадын жилийн цахилгаан хэрэглээний нэг хувь хүрэхгүй 0.05 гаруй хувийг гаднаас импортолдог. Хятад улс Мяньмар, Хойд Солонгос, Хонконг, Лаос, Макао, Монгол, Вьетнамд цахилгаан экспортолдог. Жилд дунджаар 1.5 тэрбум ам.доллар, 21.8 тераватт цаг (Монгол Улс руу 120 сая гаруй ам.долларын 1.4 тераватт цаг орчим) цахилгаан экспортолдог. Эдгээр тоонуудаас харвал, Хятад улс цахилгааны дутагдалтай биш, бараг цахилгаан цэвэр экспортлогч улс болж таарч байгаа юм. Энэ удаагийн цахилгааны шок бол олон шалтгаан давхцсан түр зуурын, улирлын шинжтэй, Бээжин болон орон нутгийн удирдлагуудын зарим үл ойлголцол, нүүрс хүчлийн ялгаралын квот менежментийн алдаа гэж харж болохоор байна.
Хятадын цахилгаан импортын статистик
Хятадын цахилгаан экспортын статистик
Хятадын нүүрсний импорт
Нийт худалдааны дүнгээр тэрбум ам.доллар, нүүрсний ангилал хамаарахгүйгээр
Нийт биет хэмжээгээр сая тонн, нүүрсний ангилал хамаарахгүйгээр
Хятад улс жилдээ дотооддоо 3.5-3.8 тэрбум тонн нүүрс олборлодог[8] ба нүүрсний ангилал хамаарахгүйгээр жилд нийт 250-280 сая тонн нүүрс гаднаас импортолдог. Өнгөрсөн жилүүдэд Австрали, Индонез Хятадын гадаад импортын 50-60 хувийг хангасан бөгөөд Австрали, Хятадын сөргөлдөөний улмаас өнгөрсөн оны 11 дүгээр сараас Австралиас нүүрс авахаа бүр мөсөн зогсоосон. Үүнээс улбаалан Хятад руу хийх Индонез, Орос, Канад, Америк, Филиппиний нүүрс нийлүүлэлт бодит хэмжээ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 30-аас дээш хувиар[9], нүүрсний үнэ өсөлттэй хамаарсан экспортын орлого нь үлэмж хэмжээгээр өссөн байна. Эрчим хүч үйлдвэрлэлд ганц нүүрс бас чухал биш бөгөөд нефть, газ бусад цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийн нийлүүлэлт нэмэгдсэн.
Монголтой холбоотой боломж, эрсдэл
Цар тахлын нөлөөгөөр дэлхийн ихэнх орон мөнгөний тэлэх бодлого явуулж, тухайлбал Америк[10] 8.57 триллион ам.доллар буюу ДНБ-ий 40 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг хэвлэж зах зээлд нийлүүлсэн. 2020 оны 4 дүгээр сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэлх мөнгөний нийлүүлэлтийн статистикийг харахад ойролцоогоор 7 их наяд төгрөг[11] буюу ДНБ-ий 20 орчим хувьтай тэмцэх хэмжээний мөнгийг зах зээлд нийлүүлэв. Зах зээл дээрх мөнгөний их хэмжээний нийлүүлэлттэй холбоотой дэлхий даяар үнэ хямд хятад барааны эрэлт нэмэгдэж, их хэмжээний захиалгыг хятадын үйлдвэрүүд хүлээн авч, худалдаа үйлдвэрлэл үлэмж хэмжээгээр өсч, өнөөдрийн эрчим хүч цахилгаан хямралын бас нэг том шалтгаан болсон харагдаж байна. Ирэх сарууд хятадын цахилгааны үнэ, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй хамаарч Монгол Улс үйлдвэрлэлийн инфляци ирэх саруудад импортлохоор байна.
Хятад улс цахилгааны түр зуурын хямрал шоконд орсон нь Монгол зэрэг эрчим хүчний түүхий эдийн нөөц баялаг ихтэй улсад зарим талаар боломж олгож байгаа мэт боловч, олон хязгаарлах хүчин зүйл тухайлбал өвчин цар тахлын хүндрэл, дэд бүтцийн асуудлаас хамаарч хангалттай хэмжээнд нийлүүлэлт хийж чадахгүй байна. Цаашид Монгол Улс суурилагдсан хүчин чадлаа нэмэгдүүлж дотоодоос цахилгаан, эрчим хүчний хэрэгцээгээ хангах нь чухал билээ. Хэтдээ Монгол Улс говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглан цахилгаан үйлдвэрлэж, цэвэр эх үүсвэртэй цахилгааныг Хятад улс руу экспортлох боломжтой.
[1] Ногоон бол зорилтоо биелүүлж буй, улбар шар бол зарим зорилтууд биелэгдээгүйг илэрхийлж байгаа бол, улаан нь биелэгдээгүйг илтгэнэ.
[2] http://www.news.cn/english/2021-10/13/c_1310242064.htm
[3] https://news.bjx.com.cn/html/20210617/1158638.shtml
[4] http://admin.erc.gov.mn/uploads/files/statistic/erchim-huch_suuliinh_04-10_final.pdf
[5] http://tj.nmg.gov.cn/tjyw/tjgb/202105/t20210514_1494765.html
[6] http://admin.erc.gov.mn/uploads/files/statistic/erchim-huch_suuliinh_04-10_final.pdf
[7] http://admin.erc.gov.mn/uploads/files/statistic/erchim-huch_suuliinh_04-10_final.pdf
[8] https://www.globaltimes.cn/page/202101/1214452.shtml
[9] Дээр оруулсан худалдааны статистик харах
[10] The Federal Reserve’s balance sheet ballooned following their March 15, 2020 announcement to carry out quantitative easing to increase the liquidity of U.S. banks. It reached 8.57 trillion U.S. dollars as of November 2, 2021.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Дараах нийтлэл
ОХУ-ын эрчим хүчний бодлого ба Монгол Улс IСүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02