Оросын Холбооны Улс 2018 онд

2018-12-19

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/12/1200x674-3.jpg

2018 ОН ОХУ-ын хувьд сүүлийн дөрвөн жилд тулгарсан хүндхэн сорилтуудыг давж гарч чадсан “эерэг” жил байлаа. ОХУ-ын эдийн засаг 2014 оноос хойш анх удаа энэ онд 1,8 хувийн өсөлттэй гарах хандлагатай , Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгууль В.Путины хувьд амжилттай явагдаж, дотоодын улс төрийн байдал тогтворжсон, гадаад харилцаанд “ганцаардуулах, түгжигдмэл” байдлаас гарах томоохон алхмууд хийгдсэн зэрэг улс төр, эдийн засаг, нийгэм, олон улсын харилцааны ахицтай үйл явц болсон бол оны хоёр дугаар хагаст томоохон хэмжээний цэргийн сургуулилт хийж, Крымийн гүүр, Азовын тэнгисийн асуудлаас аюулгүй байдлын шинэ сорилтыг бий болгосон жил болж өнгөрч байна. 

Сорилт дагуулсан жил

УКРАЙНЫ хямрал, Крымийг нэгтгэснээс хойш АНУ, Европын орнуудтай харилцаа эрс муудаж тэдгээрийн зүгээс улс төр, эдийн засгийн хориг арга хэмжээ, хөрөнгө санхүүгийн хязгаарлалт хийгдэж, гадаадын хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа зогсож, рублийн ханш болон газрын тосны үнэ эрс унаж төсвийн орлого татарч, нийгмийн асуудлуудын санхүүжилт хүндэрснээс нийгэм, эдийн засгийн, улмаар улс төрийн тогтвортой байдлыг хангахад бэрхшээлтэй байсан дөрвөн жилийг даван туулснаа Кремль 2017 оныг “хүндрэлийн ард гарсан” жил байсан гэсэн бол 2018 оныг “эерэг” жил гэж дүгнэж болохоор байна.

Гэсэн хэдий ч ОХУ-ын гадаад байдал тус улсын хувьд сорилт дагуулсан хэвээр байна. АНУ-тай харилцах харилцаанд ахиц гарсангүй, АНУ-ын зүгээс оны эхэнд ОХУ-д тавьсан хоригоо улам чангатгав. В.Путин, Д.Трампын уулзалт үр дүн багатай, Крымийн гүүр, Азовын тэнгисийн асуудлаас хурцадмал байдал үүссэн, Европын холбоо, Их Британийн зүгээс “Скрипалийн хэрэг”-ээр харилцаагаа муутгаж дипломатуудыг нь гаргасан, дэлхий нийтээр явагдаж буй протекционизм, “худалдааны дайн” зэрэг нь хориг арга хэмжээнүүдтэй зэрэгцээд эдийн засгийн харилцаа, гадаад худалдаанд нь нэрмээс болж байна.

ОХУ-ын зүгээс ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ард иргэдийн саналыг өөртөө татах, эх оронч үндэсний үзлийг дэвэргэх, дотоодын нийгэм, эдийн засгийн хүндрэлүүдээс анхаарлыг нь холдуулах зорилгоор олон улсын харилцаанд хурцадмал байдлыг хэвээр хадгалах, ОХУ-ын стратегийн шинэ зэвсэглэлийг нийтэд танилцуулж, хүчирхэг болсон хэмээн ойлгуулах алхмуудыг хийсэн. Энэ нь гадаад талдаа зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ үйл явцын шалтаг болсон.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ОХУ-ын удирдлага өөртөө итгэлтэй болж, гадаад, дотоод бодлогод эрсдэлтэй алхмуудыг хийж эхэлсэн. “Восток-2018” цэрэг-стратегийн том хэмжээний хээрийн сургуулийг хийх, Сирид “С-300” систем, Калининградад Искандер пуужин байршуулах, Крымийн гүүр, Азовын тэнгисийн асуудлаар бүс нутгийн аюулгүй байдлыг хурцатгах, дотооддоо ард иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэл дагуулсан тэтгэврийн шинэтгэл, нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэх, шатахууны үнэ өсгөх, рублийн ханшийг чөлөөлж унагах, стратегийн чухал ач холбогдолтой Курилын арлуудыг Японд эргүүлэн өгөх яриа хэлцлийг эхлүүлсэн.

Эдийн засгийн “эерэг” чиг хандлага

ДОТООДЫН нийт бүтээгдэхүүн Украйны хямралаас үүдэлтэй хориг арга хэмжээнээс болж 2015 онд -2 хувь, 2016 -0.5 хувь хүрч буурсан бол 2017 онд 1,5 хувиар өсөж уналтыг давсан. 2018 онд 1,8 хувийн өсөлт гарч цаашид тогтвортой “өндийх” хандлагатай болсон нь энэ оны онцлог юм. Хүн амын бодит орлогын өсөлт 2018 онд 3 хувь, бодит цалингийн өсөлт 6,9 хувьд хүрч өссөн. Инфляц 2018 оны эхэнд 5 хувиас 1-10 дугаар сард 2.9 хувь болж буурсан бол оны эцэст 4.0 орчим хувьд барих Төв банкны зорилт(targeted inflation)-ыг давах төлөвтэй байна .

ОХУ-ын ДНБ-ний өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлүүдээс дурдвал газрын тос, байгалийн хий, алт, төмөрлөг, нүүрсний дэлхийн зах зээлийн өндөр үнэ, гадаад худалдааны тэнцэл нь 90 тэрбум ам.доллар давж, өнгөрсөн жилтэй харьцуулахад 3 дахин нэмэгдсэн, (төсвийн зарлагаас давсан орлого) 3.4 их наяд рубль буюу ДНБ-ын 3 хувьд хүр өссөн, дотоодын үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуйн салбараа импортыг орлуулах хэмжээнд аваачсан, боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувь 12,5 хувьд хүрч олборлох үйлдвэрлэлийн (11 хувь) хэмжээг давсан, батлан хамгаалах үйлдвэрлэлийн хэмжээ өсөн зэвсгийн экспорт нэмэгдэж, дэлхийн экспортын 22 хувьд хүрсэн , хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэн оны эцэст 26 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй буюу энэ жилийн зэвсгийн экспортоос 25 хувиар давсан зэрэг хүчин зүйлстэй холбоотой.

Ийнхүү газрын тос, түүхий эдийн үнэ нэмэгдэж валютын орлого сайжирсантай зэрэгцээд рублийн ханш суларсан, шатахууны жижиглэнгийн үнэ нэмэгдсэн нь ард иргэдийн амьдралд хүнд туссан байна. Гэсэн хэдий ч рублиэр бүрдүүлэх төсвийн орлого, татварын хэмжээ өссөн нь макро эдийн засгийн эерэг үзүүлэлт гарахад нөлөөлсөн. 2014 оноос эрс унасан газрын тосны үнэ 2018 он гарснаар өсөж эхэлсэн. Оны эхний 11 сарын байдлаар Urals маркийн газрын тосны дундаж үнэ 70.92 ам.доллар хүрсэн нь Ираны хориг арга хэмжээ, Венесуэлийн эдийн засгийн хямрал зэргээс зах зээлд нийлүүлэлтийн дутагдал үүссэнээс үүдэлтэй. Газрын тосны үнэ өсөхөд В.Путин Саудын Араб улстай харилцаагаа сайжруулсан явдал ч нөлөөлсөн. Харин 11 дүгээр сард 52.17 ам.доллар болж бага зэрэг буурсан нь ОХУ-ын худалдааны тэнцэлд нөлөөлөл багатай байна. Рублийн ханшийг чөлөөлж, америк доллартай тэнцэх рублийн ханш оны эхэнд ₽57.6 байсан бол 12 сард ₽66.6 болж буурсанд Төв банкны зүгээс интервенц хийгээгүй, алт, валютын нөөцөө 462.1 тэрбум ам.долларт хүргэж оны эхнээс 6.8 хувиар, үүнээс алтны нөөц 82.9 тэрбум ам.доллар буюу 18 хувиар тус тус нэмэгдүүлсэн . Ингэж нэмэгдэх болсон гол шалтгаанд АНУ, ОХУ-ын харилцаа хурцдан, эдийн засгийн хориг чангарснаас улбаатай Оросын ам.доллараас татгалзах бодлого (политика дедолларизации), мөн гадаад активыг нь царцаах бодит эрсдэлээс зайлсхийх үүднээс өмнө нь худалдаж авсан америкийн өрийн бичгийн (Treasuries) хэмжээг оны эхний 96.9 тэрбум ам.доллараас есдүгээр сард 14.1 тэрбум ам.доллар буюу 7 дахин бууруулсан нь нөлөөлсөн.

ОХУ-ын Төв банкны алтны нөөц, тонн

Энэ жил торх нь 40 ам.доллараас дээш үнээр борлогдсон газрын тосны зөрүүгээс бүрддэг Үндэсний баялгийн санд (Фонд национального благосостояния – ФНБ) хуримтлагдсан орлогын хэмжээ оны эхэнд 65.2 тэрбум ам.доллар буюу ДНБ-ын 3.8 хувьтай тэнцэх хэмжээнд байсан бол 9 дүгээр сард 75.8 тэрбум ам.доллар болж ДНБ-ийн 5.3 хувьд хүрч нэмэгдсэн. Энэ сарын эхний байдлаар уг хэмжээ 68.6 тэрбум ам.доллар буюу ДНБ-ийн 4.6 хувь болон дахин буурахад гадаад худалдаанд ам.долларын гүйлгээнээс татгалзах болсон нь нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж байна. Тухайлбал ОХУ-ын Аудитын газраас хийсэн шалгалтаар Үндэсний баялгийн сангийн 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 5 дугаар сарын хооронд гадаад активд хийсэн хөрөнгө оруулалт 340 сая ам.долларын алдагдал (ойролцоогоор 20 тэрбум рубль) авчирсан нь АНУ-ын өрийн бичгээс татгалзан, ашиг багатай бусад бондод шилжүүлснээс үүссэн гэж тайлбарлаж байна.

Энэ оны эхээр ОХУ-д тавьсан хориг арга хэмжээ тус улсын удирдлагын ойрын хүрээллийн улс төр, эдийн засгийн субъектүүдэд чиглэсэн, АНУ-ын зүгээс хөнгөн цагаан, гангийн импортод тавьсан хориг нь ОХУ-ын гол үйлдвэрлэгчдэд хүндээр тусч өмнөх хориг арга хэмжээнүүдийг бодвол томоохон сөрөг үр дагаварт хүргэхүйц байсан бол байгалийн хийн хоолойн Туркээр дамжуулах “Южный поток” урсгал, Балтийн тэнгисээр дамжин ХБНГУ-д хүрэх “Северный поток-2” урсгал баригдаж эхэлсэн, Крымийн гүүр ашиглалтад орсон зэрэг мега төслүүд санхүү, хөрөнгө оруулалтын эерэг нөлөөтэй байж оны эцэст нааштай хандлага давамгайлсан нь анхаарал татаж байна.

“Зоригтой” гадаад, дотоод бодлого

ГАДААД харилцаа, аюулгүй байдлын салбарт олон эерэг болон сөрөг үйл явдал болсон. ОХУ Сирид хяналт тогтоож чадсан, Орос-Туркийн харилцаа сайжирсан, Саудын Арабтай “онцгой” харилцаатай болсон зэргээр бүс нутгийн тоглогчидтой гадаад бодлогоо уялдуулж, Ойрх Дорнодод нөлөө бүхий хүч болж чадсан. Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын нэр хүндийг өсгөсөн бол АНУ-БНХАУ-ын худалдааны дайн ОХУ-БНХАУ харилцаа илүү нягтрахад хүргэсэн. Улмаар аюулгүй байдлын салбарт улам өргөжин “Восток-2018” хамтарсан цэргийн сургууль хийсэн нь бүс нутгийг хамарсан томоохон хэмжээний ажиллагааг явуулах чадвартайг илтгэсэн.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө шинэ төрлийн стратегийн зэвсэглэлийн тухай В.Путин нийтэд танилцуулсан. Калининградад “Искандер” пуужин байрлуулах, “Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг хязгаарлах гэрээ”-нээс гарах, Крымийн гүүрийг хөшүүрэг болгож Азовын тэнгисийг хяналтдаа авсан, Япон улстай “Энхийн гэрээ байгуулах” яриа хэлэлцээр эхлүүлсэн, “Скрипалийн хэрэг”-ээс Их Британитай харилцаа муудсан, Австри улсад хий нийлүүлэх гэрээ хийхтэй зэрэгцээд “тагнуул”-ын асуудал гарч ирсэн зэрэг онцлог жил болсон. Байгалийн хийн хоолойн “Северный поток-2” урсгалыг зогсоох тухай Европын зөвлөлийн тогтоол гарч тус тогтоолд: “Европын эрчим хүчний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө, байгалийн хийн хангамжид Украйн улс чухал үүрэгтэй хэвээр байна” гэж тэмдэглэсэн байна.

Крымийн гүүрний ойролцоо болсон зөрчилдөөний улмаас Хар тэнгисийн бүс нутгийн нөхцөл байдал хурцдаж, НАТО-ийн тэнгисийн хөлөг онгоцнууд байрших эхэлсэн. НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн хуралдаан 2018 оны —-өдөр болж ….тогтоолын төслийг баталсан. Энэ асуудлыг шүүмжилж байгаа улс орнуудын зүгээс Крымийн хойгийг авсантай дүйцэхүйц сөрөг үр дагавартай хэмээн, тус гүүр нь байршил, байгууламжийн бүтцийн хувьд Азовын тэнгисийг бүрэн хаах чадвартайг онцолж байна. Ижил төрлийн гүүрийн дорх ус хүртэлх орон зай 60 гаруй метрийн өндөртэй, 800-1000 м өргөнтэй байдаг бол Крымийн гүүр 35 м өндөртэй, 185 м өргөнтэй тул Украйны далайн замын экспортын 20 хувь нь гардаг Азовын тэнгис, Мариуполь боомтод том оврын хөлөг онгоц орох боломжгүй, мөн гүүрнээс гаднах замын тулгуур доогуур бага, дунд оврын хөлөг онгоц чөлөөтэй нэвтрэх боломж байдаг бол авто-замын гүүр нь далайн түвшинд хэт ойр баригдсан гэж шүүмжилж байна .Харин ОХУын зүгээс тус гүүрийн байгууламж нь усан доорх гүн, өргөн зэрэг байгалийн болон гидрогеологийн онцлогоосоо хамаараад техникийн ийм хэмжээний үзүүлэлтүүдтэй баригдах шаардлагатай болсон гэж тайлбарладаг байна.

ОХУ-ын энэ онд явуулсан улс төр-дипломат, цэрэг стратегийн үйл ажиллагаанаас харахад язгуур ашиг сонирхлоо АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудыг хүчтэй сөрөхийн сацуу Ойрх Дорнод, Ази-Номхон далайн бүс нутагт худалдаа-эдийн засаг, цэрэг-улс төрийн найдвартай түншүүдийг идэвхтэй эрэлхийлсээр байна. АНУ, БНСАУ-ын харилцаанд эргэлт гарч, хурцадмал байдал намжсан нь ОХУ-д Алс Дорнод, Зүүн хойд Азид явуулах бодлогоо идэвхжүүлэхэд дэмжлэг болсон. ОХУ-ын геостратегид өрнөдийг баримжаалсан бодлогын сацуу сүүлийн жилүүдэд дорнын зүгт хандлага идэвхэжсэн. ОХУ, Япон улс нь Курилын арлуудын маргаанаас улбаалан Дэлхийн II дайнаас хойш өнөөг хүртэл энхийн гэрээ байгуулаагүй ирсэн бөгөөд, хоёр улсын харилцаанд саад болж байсан уг асуудлаар энэ онд талууд эерэгээр шийдэх гарц хайж эхэлсэн. Зүүн хойд Ази төдийгүй, Ази, Номхон далайн улс төр, эдийн засгийн гол тоглогчдын нэг болох Япон улстай харилцаагаа сайжруулах бодит алхам эхэлсэн нь стратегийн томоохон үр дүн гаргах бодит үйл явц боловч Курилын арлыг эргүүлэн өгснөөр аюулгүй байдал, цэрэг-улс төр, эдийн засгийн сөрөг үр дагавартай гэж ОХУ-ын дотоодод үүнийг шүүмжлэх иргэд гарч Агнуурын тэнгис ОХУ-ын дотоодын тэнгис байхаа больж тус улс бүрэн эзэмшлээ алдана, гадаадын цэргийн бааз Курилын арлуудад байршина, Кунашир, Итуруп арлуудын дундуурх хөлддөггүй хоолойгоор ОХУ-ын хөлөг онгоцнууд гарах боломжгүй болно, ийм үнэ цэнээр Японтой харилцаа сайжруулах нь эрсдэлтэй гэж тэд үзэж байгаа. Энэ чухал ач холбогдолтой яриа хэлэлцээ нь ОХУ-ын хувьд дипломат маневрын асуудал эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Дотоодын нийгэм, улс төрийн байдал тогтвортой байж Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгууль эрх баригчдынх нь хувьд амжилттай явагдаж, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал нь үндсэндээ тогтвортой хэвээр үлдэж, улс төрийн нам, эвслүүд нь сөрөг хүчний сул байр суурьтай, эсэргүүцэлгүй болсон. Энэ суурь дээр сонгуулийн дараа ард иргэдийн бухимдал төрүүлэхүйц тэтгэврийн шинэтгэл, нэмэгдсэн өртгийн татвар нэмэх, шатахууны үнэ,рублийн ханшийг барихгүй чөлөөлсөн зэрэг дотоодын нийгэм, эдийн засгийн эрсдэлтэй алхмуудыг авч эхэлсэн. Энэ арга хэмжээнүүдийн дараа В.Путины нэр хүнд 3-р сард 68 хувь байсан бол 6-р сард 48 хувь хүрч эрс доошилж, 11 дүгээр сарын 2-ны байдлаар 45 хувьд хүрсэн гэж ФОМ судалгааны агентлагийн тайланд дүгнэсэн байна .

Дүгнэлт

2018 ОН манай хойд хөршийн хувьд гадаад, дотоод хүндхэн сорилтуудыг давж гарсан эдийн засаг, нийгэм, улс төрийн “эерэг” жил боллоо. Гадаад харилцаанд “ганцаардуулах, түгжигдмэл” байдлаас гарах томоохон алхмууд хийгдсэн бол дотооддоо Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгууль эрх баригчдын хувьд эерэг үр дүнтэй, тайван өнгөрсөн жил байв.

Нөгөөтэйгүүр худалдааны дайнтай зэрэгцэн Крымийн гүүр, Азовын тэнгисийг тойрсон Украйны асуудал, иргэдийн бухимдлыг төрүүлж буй тэтгэврийн шинэтгэл, шатахууны үнийн өсөлт, инфляцын түвшин буцаад нэмэгдэн түүнийг даган бодлогын хүү нэмэгдэж байгаа зэрэг хүчин зүйлс нь нийгэм, эдийн засагтаа эрсдэл дагуулах магадлалтай алхмуудыг ч хийлээ.

Ирэх жил олон улсын байдал хурцдах, дэлхийн эдийн засгийн өсөлт буурах, түр намжсан худалдааны дайн үргэлжлэх, түүхий эдийн үнэ унах, АНУ-д болон бусад орнуудад олборлолт нэмэгдэж байгалийн хий, газрын тосны зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл гарах эрсдэлүүд тулгарах төлөвтэй байна. Дотооддоо тэтгэврийн шинэтгэл, нэмүү өртгийн албан татвар нэмэгдсэн, инфляцын өсөлт зэрэг нь ОХУ-ын ирэх жилийн эдийн засаг, нийгэм, улс төр, аюулгүй байдлын чиг хандлагыг “амаргүй жил” байхад нөлөөлөх хүчин зүйлүүд болох юм.


Ангилал: Долоо хоногийн тойм