Америкийн сонгууль, Д.Трампын ирээдүй, Ж.Хашогийн үхэл, тагнуулын дуулианууд

2018-12-20

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/12/123.jpg

ЭНЭ ОНЫ 11 дүгээр сард дэлхий дахины анхаарлын татсан олон үйл явдлуудын дунд АНУ-д болж өнгөрсөн хууль тогтоох байгууллагын бүрэлдэхүүнийг шинэчлэх ээлжит сонгууль өвөрмөц байр суурь элзэв. Уг нь Америкийн “завсрын” хэмээгдэгч сонгууль хоёр жил тутамд тогтмол явагддаг, үр дүнд нь Цагаан ордон дахь засаг захиргааны сөрөг хүчин Капитолийн довыг удирдах эрх олж авах нь түгээмэл үзэгдэл бөгөөд энэ бүхэн нь олон улсын аюулгүй байдлын нөхцөл байдлын өөрчлөлт, өрнөлтөд эргэлтийн шинжтэй нөлөөг төдийлөн үзүүлдэггүй гэж тооцдог. Гэтэл энэ удаагийн сонгууль Д.Трампын улс төрийн төдийгүй албан тушаалын ирээдүй, Орос-Америк, Орос-Европын орнуудын хооронд “ужиграх” төлөвтэй болж буй тагнуулын дуулиан, Жамаль Хашоггийн үхэлтэй холбоотойгоор Вашингтоны гол холбоотон – Саудын Арабтай харилцахад үүссэн бэрхшээл зэрэг хоорондоо хамааралтай, хамааралгүй олон үйл явдлын дунд орших “төв цэг” нь боллоо.

СОНГУУЛИЙН ТААМАГ ЗӨРСӨНГҮЙ

2018 ОНЫ “завсрын” сонгуульд тогтсон дараалал ёсоор Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх суудал буюу 435, Сенатын гуравны нэгийн ротаци буюу 33 суудал, дээрээс нь Миннесота, Миссисипи мужид Сенатын гишүүний нөхөн сонгууль, нийт 35 суудал, 36 мужийн захирагч, мужийн хууль тогтоох хурлууд, олон хотын дарга, бусад албан тушаалтны суудлын төлөө улс төрийн голлох хоёр хүчин өрсөлдсөн. Сонгуулийн дүнгээр БНН байр сууриа алдаж, хоёр танхимыг хоёуланг нь биш гэхэд аль нэгийг нь алдах болно гэсэн таамаглал жилийн турш гарсаар байсан нь биеллээ оллоо. Сонгуулийн дүнд Сенатын 53 суудал БНН-д, 45 суудал АН-д, 2 суудал бие даагчдад ирсэн нь Д.Трампын хувьд таатай мэдээ байв. Ингэснээр Д.Трамп гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн хүрээний албан тушаалд томилуулах хүмүүсээ харьцангуй эсэргүүцэл багатай гаргах боломж бүрдлээ гэж үзэж болно.

Сонгуулийн дүнгээс хамаарч Д.Трампыг албан тушаалаас нь буулгах импичментийн үйл явцыг эхлүүлэх шаардлагатай гэсэн үг, яриа нэгэнт гарч эхлээд байна.

Мөн сонгуулийн дүн Сенатын танхимд эсрэгээр гарсан тохиолдолд өөрийг нь огцруулах үйл явц буюу импичмент санаачилгын түвшнээс хэтрэхгүй, өөрөөр хэлбэл эцсийн шийдвэр гаргах шүүх бүрэлдэхүүний олонх уг саналыг дэмжихгүй байх магадлал тодорхой хэмжээнд хадгалагдаж байна (импичментийн үйл явц эхэлсэн тохиолдолд албан тушаалтны гэм буруутайг тогтоох тангарагтны шүүхийн үүргийг Төлөөлөгчдийн танхим, харин яллах шийдвэр гаргах шүүх бүрэлдэхүүний үүргийг Сенат хэрэгжүүлдэг).

Гэхдээ энэ бол харьцангуй ойлголт бөгөөд БНН дотор ч Д.Трампыг эсэргүүцэгч том хүчин байдаг. Америкийн улс төрчдийн үзэл санаа, санал өгсөн байдлын барометр судалгааг хийдэг Five-Thirty-Eight төслийн багийн судалгаагаар, БНН дахь “Д.Трампын эсрэг бүлэг”-ийн төлөөлөл хамгийн багаар бодоход 7 гишүүн (Ж.Баррасо, Б.Сасс, Ж.Ланкфорд, М.Энзи, М.Ли, Б.Коркер, Р.Пол) Сенатад сууж байгаа, бие даагч 2 гишүүн (А.Кинг, Б.Сандерс) АН-ы бүлэгтэй нийлдэг гэж тооцоолсныг үзвэл болзошгүй импичмент нь тийм ч эрсдэл багатай бус болж байна (гуравны хоёрын санал хэрэгтэй тул огцруулахад шууд хангалттай ч нөхцөл биш ч эрсдэл байсаар байгаа).

Төлөөлөгчдийн танхимын суудал маргаантай нэг тойргийн дүнгээс хамаарч АН-д 235 эсвэл 236, БНН-д 199 эсвэл 200 ногдсон ба үр дүнд нь 2019 оны 1 дүгээр сараас эхлэн АН-ын нөлөө бүхий зүтгэлтэн, Д.Трампыг тууштай эсэргүүцэгч, хуучин спикер Н.Пелоси дахин суудалдаа залрах нь тодорхой болов. Ингэснээр Цагаан ордны аливаа зөрчилтэй санаачилгууд хууль, тогтоомж болж хэрэгжихгүй, санхүүжилт олгохгүй байх нөхцөл бүрдэж байгаа төдийгүй импичментийн үйл явцыг санаачлахад хангалттай олонх бий болохоор байна (энгийн олонхын санал шаардагдах тул ийм санал шууд дэмжигдэх бүрэн боломжтой).               

Д.ТРАМПЫН “ЭМЗЭГ ЦЭГ”-ҮҮД

СОНГУУЛИЙН дүнгээс хамаарч Д.Трампыг албан тушаалаас нь буулгах импичментийн үйл явцыг эхлүүлэх шаардлагатай гэсэн үг, яриа нэгэнт гарч эхлээд байна. Д.Трамп Америкийн нийгмийн нэлээд суурь сайтай, тогтвортой итгэл үнэмшил, эдийн засгийн уламжлалт секторт эрх ашиг бүхий консерватив үзэл санаа бүхий сонгогчдын дэмжлэгийг авч гарч ирсэн тул АНУ-ын дотоодод түүнийг огцруулахыг санаархагчид олонх болсон зүйл байхгүй. Харин АН болон тэдний дэмжигчдийн бааз суурь болсон олон улсын банк-санхүүгийн зах зээлийн тогтолцоог түшиглэгч элитүүд, либерал үнэт зүйлсийг дээдлэгч давхаргынхан энэ боломжийг хүлээж буй.

Д.Трамп «Саудын Араб бол АНУ-ын худалдааны гол түнш, олон арван мянган ажлын байр бий болгогч тул ямар нэгэн хориг арга хэмжээ авахгүй» хэмээн ил цагаан мэдэгдэж, цээжээрээ хамгаалаад байна.

Гэхдээ энэ бүхэн нь импичмент явуулахад хангалттай эрх зүйн болон ёс зүйн шалтгаан болж чадахгүй юм. Цагаачдын талаарх хатуу бодлого, зэвсэглэлд хяналт тавих механизмаас гарах шийдвэр, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тогтолцоог үгүйсгэсэн байр суурь, Хятад болон бусад улстай дэгдээсэн “худалдааны дайн”- эдгээрийн аль ч одоогийн засаг захиргаанаас хэрэгжүүлж буй төрийн бодлого болохоос Д.Трампын дур зоргоороо хийж буй хууль бус үйлдэл биш бөгөөд дэмжигчдийн суурь сайтай тул үр дагавар ямар байхаас үл хамаарч ёс зүйн ямар ч хариуцлага тооцох үндэс байхгүй.

Энэ бүхнээс үүдэн импичментийн талынхан хууль зөрчсөн, үгүйдээ л ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлд харшилсан ямар нэгэн бодитой үйлдлийн эрэлд гараад байна. Д.Трампын хувьд тийм “эмзэг цэг” нэг бус байгаа нь нөхцөл байдлыг илүү ээдрээтэй болгож байна.           

САУДЫНХНЫГ ЦЭЭЖЭЭРЭЭ ХАМГААЛАВ

10 ДУГААР сарын 2-ны өдөр Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын ерөнхий консулын газарт АНУ-д байнга оршин суугч, Саудын сэтгүүлч Ж.Хашогги (зарим эх сурвалж Хашукжи гэж бичиж буй)-г хороосон аллагыг Саудын Арабын тусгай алба гүйцэтгэсэн болох нь нэгэнт тогтоогдсон. Энэ асуудлаар Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоан туйлын хатуу, зарчмын байр суурь баримталсны үр дүнд аллагыг өөрийн нь албан тушаалтнууд үйлдсэн болохыг Эр-Рияд хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэрэг үүсгэж, ял хүлээлгэхээ амлаад байна.

«Одоогоор “Р.Мүллерийн шалгалт”-ын хүрээнд Д.Трампын улс төр, бизнесийн холбоотон, гэр бүлийн гишүүд болох дараах нэр бүхий 16 хүн хамрагдсан буюу судлагдаж байна.»

Newsweek

Хэдий тийм боловч Саудын Арабын тусгай албыг биечлэн удирддаг тус улсын угсаа залгамжлагч хунтайж Мухаммад ибн Салман энэ хэрэгт ямар ч холбогдолгүй, өөрөөр хэлбэл хааны гэр бүл огт хамаагүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогссоор, няцаасаар буй. Америкийн нийгэмд энэ няцаалтад үл итгэх үзэл санаа сүүлийн хоёр сарын турш тасралтгүй нэмэгдэж байгаа нь Д.Трампыг улам эвгүй байдалд оруулж эхлээд байна. Тэрээр хунтайж Мухаммад энэ хэрэгт ямар ч холбоогүй гэдгийг нотлоод зогсохгүй, “Саудын Араб бол АНУ-ын худалдааны гол түнш, олон арван мянган ажлын байр бий болгогч тул ямар нэгэн хориг арга хэмжээ авахгүй” хэмээн ил цагаан мэдэгдэж, цээжээрээ хамгаалсан нь сөрөг хүчнийхний дунд төдийгүй жирийн иргэдийн дотор ч хүний эрх, ардчиллын үнэт зүйлийг дээдэлж ирсэн Америкийн уламжлалт бодлогыг үл хэрэгссэн, “хоёр нүүр гаргасан” үйлдэл хэмээх хурц шүүмжлэлд өртөөд буй.

Ер нь Америкийн улс төрчид хүний эрхийн үзэл суртлыг өнгөн дээрээ л хэрэглэдэг боловч Саудын Араб мэтийн авторитар дэглэмтэй холбоотнуудаа хэрэг дээрээ хамгаалж ирсэн “хоёр нүүртэй” хандлагыг хэзээнээсээ л баримталж ирсэн боловч энэ удаад Д.Трампын эсрэг ажиллагааг эхлүүлэхийг санаархагчдад олз болж байгаагаараа онцлог юм. Түүхэндээ анх удаа Сенатын гишүүдийн амнаас Саудын Арабыг “харгис, бурангуй, алуурчин дэглэм” хэмээн цоллох болсон явдал ч цагийн аяс ихээхэн өөрчлөгдөж байгааг харуулж, тэр хэмжээгээрээ Д.Трампын байр суурийг хэврэгшүүлэх нэг хүчин зүйл болж байна.

ОРОСТОЙ “СЭЖИГТЭЙ” ХАРИЛЦАГСАД

Саудын Арабтай холбоотой байр суурь хэчнээн олон нийтийн дургүйцлийг төрүүлж байгаа ч Д.Трампын жинхэнэ “эмзэг цэг” болж чадахгүй, зөвхөн авторитар чиг хандлагын илрэлд тооцогдож, өөр бусад шүүмжлэлд “хүч нэмэгдүүлэх” төдий үүрэгтэй юм. Харин импичментийн талынхны хамгийн найдлага тавьж буй зүйл бол 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын кибер халдлагын тусламжтайгаар ялсан, Оросоос мөнгөн хандив болон бусад хэлбэрээр дэмжлэг авсан, гэр бүл, ойр хүрээллийнхэн нь Оросын албаны хүмүүстэй сэжигтэй харилцаанд орсон, хууль бус үйлдэлд хамтран оролцсон, эцэст нь Д.Трамп өөрөө Оросын тусгай албадтай холбоотой байж болзошгүй гэсэн хардлага, түүний үнэн мөнийг шалгаж тогтоох зорилго бүхий тусгай төлөөлөгч Роберт Мүллерийн толгойлсон ажлын хэсгийн дүгнэлт юм. Одоогоор “Р.Мүллерийн шалгалт”-ын хүрээнд Д.Трампын улс төр, бизнесийн холбоотон, гэр бүлийн гишүүд болох дараах нэр бүхий 16 хүн хамрагдсан буюу судлагдаж байгаа гэх мэдээллийг нийтлэлч Кристина Маза Newsweek сэтгүүлд өгүүлсэн байна:   

Жорж Пападопулос: Д.Трампын сонгуулийн кампанит ажлын зөвлөх асан тэрээр 2017 онд Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-нд худал мэдүүлэг өгсөн хэргээр 14 хоног баривчлагдах ял шийтгэгдэж байсан. Тэрээр Лондон хотод аялж байхдаа Америкийн нэгэн дипломатчид “Х.Клинтоныг бохиртой хутгана гэсэн оросууд надтай холбоо барьсан” гэж согтуугаар ам алдсанаас хууль хяналтын анхааралд өртсөн, тэрээр Д.Трампын сонгуулийн сурталчилгаанд хэрэг болох байх гэсэн горьдлогоор ингэж сайрхсан байж ч болох талаар уг нийтлэлд дурджээ. Түүгээр зогсохгүй холбоо тогтоосон оросуудын нэг нь Ольга Виноградова гэх залуу эмэгтэй гэсэн мэдээлэл ч гарч байна. 

Пол Манафорт: Д.Трампын сонгуулийн кампанит ажлыг удирдсан тэрээр энэ оны 8 дугаар сард 8 зүйл ангиар мөнгө угаах зэрэг санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. 2016 онд сонгуулийн сурталчилгааны турш Константин Килимник хэмээгч, Оросын армийн бэлтгэл офицер гэгдэх хүнтэй байнга холбоотой байсан гэх мэдээлэл бий. П.Манафорт түүгээр дамжуулан Оросын олигарх О.Дерипаскатай холбоо тогтоохыг оролдож байсан бололтой.

Рик Гейтс: П.Манафортын бизнесийн түнш тэрээр мөн сонгуулийн кампанит ажлын ахлах зөвлөхөөр ажиллаж, Д.Трампын тангараг өргөх ёслолыг зохион байгуулахад оролцсон. 2017 онд мөн л хэргээ хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалттай хамтран ажиллаж эхэлсэн. 

Майкл Флинн: Д.Трампын хүрээллийнхнээс хамгийн өндөр албан тушаал хашиж байсан хоёр хүний нэг (нөгөө нь Хууль зүйн сайд асан Ж.Сэшнс). Б.Обамагийн засаг захиргааны үед АНУ-ын Батлан хамгаалахын тагнуулын агентлагийн дарга байсан тэрээр Д.Трампын “шилжилтийн баг” (ерөнхийлөгчөөр сонгогдсоноос тангараг өргөх хүртэлх хугацаанд засаг захиргааны бүрэн эрхийг шилжүүлэн авах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг)-ийн түлхүүр тоглогчийн үүрэг гүйцэтгэсэн, богино хугацаанд ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажилласан, чөлөөнд гарсан дэслэгч генерал. Шилжилтийн хугацаанд тухайн үед ОХУ-аас АНУ-д сууж байсан элчин сайд С.Кисляктай тогтмол харилцаж мэдээлэл солилцож байсан, Оросын Russia Today телевизийн ойд зориулсан арга хэмжээнд оролцож, урамшуулал авсан, Фетхулла Гюлений асуудлаар Туркийн засгийн газрын байр суурийг дэмжиж нийтлэл бичсэнийхээ төлөө мөн л урамшуулал авсан зэрэг хэрэгт албан ёсоор ял тулгагдаж буй. Түүний ХМТ болон Р.Мүллерийн ажлын хэсэгт өгсөн мэдүүлгүүд нууцын зэрэглэлтэй байгаа.  

Майкл Коэн: Д.Трампын хувийн өмгөөлөгчөөр олон жил ажилласан итгэлтэй дотно хүмүүсийнх нь нэг. Москва хотод Trump Organization-ы мэдлийн үл хөдлөх хөрөнгө (Trump Tower) барих сонирхлоо илэрхийлж байсан ба үүнд нь Оросын тал “хөрөнгө оруулах хүсэлтэй бол зохих шугамаар нь асуудлаа тавиарай” гэх хариу өгсөн гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албаны дарга Д.Песков “Россия-1” телевизийн “Москва. Кремль. Путин” нэвтрүүлгийн эфирт мэдэгдээд байна. М.Коэн “ОХУ-ын төр, засаг дахь итгэлтэй хүн”-тэй холбоо барьж, сонгуулийн кампанит ажлаа “уялдуулсан” хэмээн мэдүүлснийг шүүхийн тэмдэглэлд үлдээжээ. Түүнээс гадна Д.Трамп порно жүжигчин Сторми Даниэлс хэмээх эмэгтэйтэй эр, эмийн харилцаатай байсан гэх шуугианд ч М.Коэн холбогддог. Тухайлбал, С.Даниэлсийг энэ талаарх ямар нэгэн мэдээллийг хэвлэл, мэдээлэл болон хуулийн байгууллагад задлахгүй байх тохиролцоо хийх зорилгоор их хэмжээний мөнгөөр хахуульдах ажлыг М.Коэн гардан гүйцэтгэсэн гэх хардлага ч байдаг. Тэрээр саяхан CNN-д ярилцлага өгч, Д.Трампаас шууд зайгаа барьсан төдийгүй шүүхийн өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрч прокурорын зүгээс яллах дүгнэлт сонсоод байна.    

Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан М.Флинны Холбооны мөрдөх товчоо болон Р.Мүллерийн ажлын хэсэгт өгсөн мэдүүлгүүд нууцын зэрэглэлтэй байна.

“Бага” Доналд Трамп: Д.Трампын ууган хүү тэрээр 2016 оны 6 дугаар сард Нью-Йорк дахь Trump Towerт ОХУ-ын иргэн, хуульч Наталья Весельницкая гэх эмэгтэйтэй уулзсан талаарх мэдээлэл хэвлэлээр гарч байна. Түүгээр зогсохгүй Н.Весельницкая нь ОХУ-ын ерөнхий прокурор Ю.Чайкагийн туслахаар ажиллаж байсан гэх ямар нэгэн нотолгоогүй мэдээлэл ч байдаг. Н.Весельницкая мөн л “Х.Клинтоныг бохиртой хутгах” талаар ярилцсан, тэр уулзалтад П.Манафорт, Ж.Күшнер нар байлцсан гэх зүйлийг К.Маза бичжээ.   

Иванка Трамп: Newsweek-т гарсан өгүүллээс үзвэл, Д.Трампын ууган охин мөн л Оросын хүндийг өргөлтийн нэртэй тамирчны эхнэртэй харилцаж байсныг эрэн сурвалжлагч сэтгүүлч Ольга Лаутман илрүүлсэн бололтой. Харилцааны зорилго нь мөн л Д.Трамп аль 1980-аад оны дундаас эхлэн хөөцөлдөж байсан төсөл болох Trump Tower–ыг Москвад барих зорилготой нь холбоотой байж болзошгүй байна.   

Жаред Күшнер: Д.Трампын хүргэн, Ойрх Дорнодын орнуудтай харилцах асуудал хариуцсан ахлах зөвлөх болсон тэрээр мөнөөх Н.Весельницкаятай 2016 онд уулзахад байлцсан бололтой. Түүнээс гадна хадам эцгийнхээ даалгавраар Цагаан ордон, Кремлийн хооронд хоёр улсын тусгай албадын оролцоогүйгээр шууд харилцах зам суваг байгуулахыг оролдсон хэмээх шүүмжлэлд өртөж буй. Элчин сайд С.Кисляктай Сирийн асуудлаар харилцаж байснаа хүлээн зөвшөөрсөн. Мөн засаг захиргааны шилжилтийн үед С.Кислякийн зуучилснаар ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ХАБА)-ны Академийг төгсөгч, “Внешэкономбанк”-ийн гүйцэтгэх захирал Сергей Горковтой уулзсан гэж О.Лаутман нотолж байгаа ч баримтжуулаагүй.

“Внешэкономбанк” бол Канадын Торонто хот дахь Trump Tower–ыг санхүүжүүлэхэд оролцож байсан төрийн өмчит банк төдийгүй 2013 онд шуугиан тарьсан “Нью-Йоркийн тагнуулын сүлжээ”-г удирдаж байсан гэж Newsweek дурдсан байна.

Ави Берковиц: Ж.Күшнерийн найз, 2016 оны сонгуулийн кампанит ажилд оролцож эхэлснээс хойш түүний туслахаар нь ажиллаж байна. С.Горковтой уулзалт зохион байгуулахад оролцсон, өөрөө байлцсан гэж үздэг.

Феликс Сатер: ЗХУ-д төрсөн, Оросын уугуул бөгөөд жинхэнэ овог нь Шеферович. Нью-Йорк дахь үл хөдлөх хөрөнгийн бизнест олон жил Д.Трамптай хамтран ажилласан, Москвад барилга байгууламж босгох төслийг голлон хөөцөлдөгсдийн нэг.     

Жефф Сэшнс: Оростой холбоотой асуудлаар сэжиглэгдэж буй хүмүүс дундаас хамгийн өндөр албан тушаал хашиж байсан, Д.Трампын танхимд Хууль зүйн сайдаар ажиллаж байгаад саяхан чөлөөлөгдсөн, өмнө нь олон жил Сенатын гишүүн байсан, БНН-ын туршлагатай улс төрчдийн нэг. Мөн л засаг захиргааны шилжилтийн үед элчин сайд С.Кисляктай уулзаж, холбоо барьж байсан ба өөрийг нь сайдаар томилох асуудлаар Сенатын байнгын хорооны гишүүдийн асуулгад хариулахдаа үүнийгээ нуун дарагдуулсан гэж үздэг. Р.Мүллерийн ажлын хэсгийн шалгах ажиллагааны явцад Хууль зүйн сайдын хувьд хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байсан ч оролцоогүй, түүний орлогч Род Розенстейн гардан ажиллаж, зарим баримтыг ил болгосон.       

Картер Пейж: Мөн л Д.Трампын сонгуулийн кампанит ажлын зөвлөх. Сонгууль болохоос нэг сарын өмнө буюу 2016 оны 10 дугаар сард ХМТ-ноос түүнийг “Оросын засгийн газартай хууль бусаар хамтран ажиллаж, үгсэн хуйвалдсан” хэмээн зарласан. К.Пейж сонгуулийн сурталчилгааны үеэр Москвад очиж, шадар сайд А.Дворкович болон “Роснефть” корпорацийн удирдлагатай уулзаж байсан аж. Оросын тусгай албад түүнийг элсүүлэх оролдлогыг эртнээс хийсэн гэж Америкийн албаны хүмүүс ам дамжин ярилцдаг байна.

Рожер Стөүн: Newsweek-т бичсэнээр, Д.Трампын хувийн зөвлөхөөр олон жил ажилласан, БНН-ын аппаратын ажилтан тэрээр Х.Клинтоны талаар мэдээлэл цуглуулах, наймаалцах ажлыг гардан эрхэлж байсан гэх үйлдэлд сэжиглэгдэж байгаа аж. Тухайлбал, оросуудад, эсвэл Ж.Ассанжийн WikiLeaks-т Х.Клинтоны талаарх холбогдлыг үнэ хүргэж зарсан гэж К.Маза үзсэн байна.  

Майкл Капуто: Р.Стөүний “гарын хүн”, БНН-ын стратегич гэгдэх тэрээр 1990-ээд онд Орост ажиллаж байсан, орос хэлийг сайн эзэмшсэн, оросын соёл, урлагийг хүндэтгэн биширдэг нэгэн. Иймээс ч өөрийнхөө Оростой холбоотой аливаа харилцаанд хууль бус, сэжигтэй зүйл огт байхгүй хэмээн Сенатын тагнуулын байнгын хорооны гишүүдийн өмнө мэдүүлэг өгсөн байдаг.  

М.Бутина Оросын Төв банкны дэд ерөнхийлөгч асан А.Торшины туслахаар ажиллаж байсныг Оросын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нотолж байна.

Эрик Принс: Цэргийн гэрээт ажиллагаа, хамгаалалтын чиглэлийн хувийн Blackwater компанийг үүсгэн байгуулагч бөгөөд Д.Трампын дотнын найз нарын нэг, 2011 оноос хойш хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Оросын нэгэн сангийн гүйцэтгэх захирал Кирилл Дмитриев гэдэг хүнтэй ойр харилцаж байгаа. Энэ харилцааг Сенатын тагнуулын байнгын хороо, Р.Мүллерийн ажлын хэсэг нарийвчлан шалгаж буй.    

Жеффри Гордон: Д.Трампын өөр нэгэн зөвлөх ба мөн л БНН-ын стратегич гэгдэх Ж.Гордон “Оросын тагнуул” хэмээгдэн баривчлагдсан, одоо хоригдож буй Марина Бутинатай дотно харилцаатай гэгддэг.

ТАГНУУЛЫН ЗЭРЭГЦСЭН ДУУЛИАНУУД

ДЭЭРХ үйл явдалтай зарим талаар хамааралгүй мэт боловч Д.Трампын байр суурийг эмзэг болгоход нэрмээс болж буй үйл явдлууд өрнөсөөр байна. Ихэнх нь Орос-Америкийн хооронд, мөн Орос-Европын орнуудын хооронд дэгдсэн тагнуулын дуулианууд юм.

М.Бутина: Оросын иргэн, АНУ-д дадлагажигчаар ажиллаж байсан (зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар байнга оршин сууж байсан) М.Бутина энэ оны 7 дугаар сард тагнуул хийсэн гэмт хэрэгт ял тулгагдан баривчлагдан урьдчилан хорих төвд хоригдож байгаа ба 11 дүгээр сард өгсөн мэдүүлэгтээ зарим зүйл ангиар гэм буруугаа хүлээн зөвшөөрч эхэлсэн бололтой. Тэрээр өмнө нь ОХУ-ын Холбооны хурлын дээд танхим – Холбооны зөвлөлийн дэд дарга, Оросын Төв банкны дэд ерөнхийлөгч асан А.Торшины туслахаар ажиллаж байсныг Оросын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нотолж байна. А.Торшин 11 дүгээр сарын 30-ны өдөр Төв банкны дэд ерөнхийлөгчийн ажлаа өгч, өндөр насны тэтгэвэрт гарсан юм. М.Бутина Америкийн хууль хяналтын байгууллагад өгсөн мэдүүлэгтээ А.Торшиныг Холбооны зөвлөлийн дэд дарга байхад нь түүнээс Америкийн улс төрчид, нөлөө бүхий хүмүүстэй хувийн харилцаа тогтоож, ОХУ-ын талд ашигтай нөлөөллийн хүрээг тэлэх үүрэг хүлээн авч ажилласан болохоо дурдсан гэж “Московский комсомолец” сонинд өгүүлжээ. М.Бутина Оросын тусгай албадтай ямар ч холбоогүй, мөрдөн байцаалттай хамтран ажиллаж, мэдүүлэг өгч эхэлсэн нь түүнд Америкийн хууль хяналтын байгууллагын зүгээс үзүүлсэн сэтгэл зүйн дарамтаас үүдэлтэй хэмээн ОХУ-ын ГЯЯ-ны сайд С.Лавров мэдэгдээд байна.  

Австрид баригдсан гэх тагнуулчийн дуулиан нь «Оросын тагнуулын сүлжээ» хэмээх хийрхлийг Д.Трампын эсрэг ашиглахад хэрэгтэй «хөзөр» болж болзошгүй.

Австри: Европын орнуудаас ОХУ-тай хамгийн найрсаг гэж хэлж болохоор харилцаатай Австри улсад дэгдсэн шуугиан нь Орос-Америкийн харилцаанд шууд хамааралтай бус мэт боловч хоёр гүрний харилцаанд эерэг өөрчлөлт гаргахыг эсэргүүцэгч евро-атлантист, либерал улс төрийн хүчнийхний явуулга гэж үзэх ажиглагчид ч байна. Хэвлэлд нэр нь хараахан гараагүй байгаа Австрийн армийн бэлтгэл хурандаа мөн л саяхнаас хэргээ хүлээсэн мэдүүлэг өгч эхэлснийг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд дурдаж байна. Тэрээр 1998 оноос хойш ОХУ-ын цэргийн тагнуултай хамтран ажиллаж байгаа, Иранд цэргийн атташегаар ажиллаж байхад нь элсүүлсэн гэх бүрэн бус мэдээллийг BBC цацсан. Хэдий АНУ-ын дотоод улс төрийн амьдралд шууд нөлөөтэй бус ч гэсэн “Оросын тагнуулын сүлжээ” хэмээх хийрхлийг Д.Трампын эсрэг ашиглахад хэрэгтэй “хөзөр” болж болзошгүй.    

М.Флинн: ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын Ерөнхий газар (цэргийн тагнуул)-ын дарга агсан, хурандаа генерал И.Сергун 2016 оны 1 дүгээр сард зуурдаар нас барснаас хойш хоёр жил шахам хугацаа өнгөрсний эцэст дахин М.Флинны мэдүүлэгт дурдагдаж эхлээд байна. Тухайн үед ОХУ-ын БХЯ-наас түүнийг Москва орчим дахь гэртээ таалал төгссөн гэж мэдээлсэн ч М.Флинн өөр зүйл хэлж байна. Тэрээр элчин сайд С.Кисляктай ямар зорилгоор, хэзээ, хэрхэн холбоо барьж байсан тухай асуултад хариулахдаа “ижил албан тушаал хашиж байсны хувьд генерал И.Сергун Ливанд албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсанд эмгэнэл илэрхийлэхийн тулд элчин сайдтай утсаар ярьсан” гэж мэдүүлснийг АНУ-ын ХЗЯ ил болгосон байна. Энэ мэдүүлгийг ор үндэсгүй зүйл гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албаны дарга Д.Песков няцаагаад байна.

Д.Трампын хүрээллийн хүмүүсээс хэд нь хууль зөрчсөн болох нь шүүхээр тогтоогдохоос хамаарч АНУ-ын гадаад бодлогод хэлбэлзэл, гэнэтийн бөгөөд ойлгомжгүй эргэлтүүд ч гарч болно.

ЦААШДЫН ӨРНӨЛТ

ҮЙЛ ЯВДЛЫН ийм өрнөлт цаашид Д.Трампын засаг захиргаанаас хэрэгжүүлэх бодлогод чамгүй саад учруулах нь ойлгомжтой болоод байна. Олон хүчин зүйлийн санаатай болон санамсаргүй давхцлаас үүдэн 2019 оны 1 дүгээр сард Конгрессын шинээр сонгогдсон бүрэлдэхүүн тангаргаа өргөснөөс хойш эдгээр асуудал дахин, ойр ойрхон давтамжтай сөхөгдөх болно. Шууд импичментийн үйл явцыг эхлүүлнэ гэж дүгнэж болохгүй (Сенат дахь гуравны хоёрын олонхыг бүрдүүлэх амаргүй) хэдий ч Д.Трампын ойр хүрээллийн хүмүүсээс хэд нь, ямар хэмжээнд хууль зөрчсөн болох нь шүүхээр тогтоогдохоос хамаарч АНУ-ын гадаад бодлогод хэлбэлзэл, гэнэтийн бөгөөд ойлгомжгүй эргэлтүүд ч гарч болно. Тухайлбал, БНАСАУ-ын талаарх бодлого ч Америкийн дотоод улс төрийн үйл явцын “золиос” болохыг үгүйсгэхгүй. Түүнчлэн Д.Трампыг эсэргүүцэгчид дэлхийн аль ч улс оронд “Оросын тагнуулын сүлжээ” гэгчийг илрүүлж, шуугиан тарихыг оролдож ч болзошгүй.    


Ангилал: Долоо хоногийн тойм