“Цаг үеийн парадигм”
Одоогоос жил гаруйн өмнө, “Олон улсын удирдлагын шинэчлэлийн төв” хэмээх судалгааны байгууллагаас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний бичгийн 2017 оны 7 дугаар сарын 135 дугаартай эмхтгэлд Харолд Жэймс “Даяаршлыг ухраах явдал дэлхий даяарын сорилт болох нь” (“Deglobalization as a Global Challenge”) хэмээх өгүүлэл нийтлэгджээ. Энэ өгүүллийн агуулга, түүнийг тусгасан гарчгаар бидний аж төрж буй энэ цаг үеийн парадигм уншигдаж байна. ХХ зууны төгсгөлийн арван жил, XXI зууны эхний арван нийт хорин жил бүхэлдээ даяаршлын төгс ялалтын тухай уриа лоозон, түүнийг “шинжлэх ухаанч” хэлбэрээр илэрхийлсэн судалгааны олон арван бүтээлээр “бялхаж” байлаа. Магадгүй эдгээрийн анхдагч нь Франсис Фукуямагийн “Түүхийн төгсгөл”-өөр зөгнөсөн улс төрийн либерал ардчилал, олон улсын харилцааны либерал-институционалист дэг журмын тунхаг байсан биз. Тэгвэл өдгөө “даяаршил” биш “даяаршлыг ухраах” тухай түлхүүр үг парадигм болж эхэлснийг анхааралгүй өнгөрч болохгүй юм. Мөнөөх Ф.Фукуямад өгөх хариулт болгож Женнифер Вэлшийн 2014 онд бичсэн “Түүх эргэн ирсэн нь: XXI зуун дахь мөргөлдөөн, шилжилт хөдөлгөөн, геополитик” (“The Return of History: Conflict, Migration, and Geopolitics in the Twenty-First Century”) хэмээх бүтээлээс ч бидний өнөөдөр өгүүлж буй цаг үеийн парадигмын өөрчлөлт харагдана. “Түүхийн төгсгөл”-ийн үзэл санаа өөрөө төгсгөлөө үзэж байна. Товчхондоо, дэлхий дахинаа олон улсын харилцаанд, үүнээс үүдэн аль ч улсын, тэр дундаа манай улсын үндэсний аюулгүй байдлын гадаад орчинд либерализм, даяаршлын үзэл санаанд тулгуурласан идеалист үнэт зүйл байр сууриа алдаж, үндэсний ашиг сонирхлыг дээдэлсэн реалист дэг сургуулийн дахин ноёрхлын эрин үе эхлээд цөөнгүй жилийн нүүрийг үзэж байна.
“Тектоник” шилжилт
Мөн л жил гаруйн өмнө, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп тангаргаа өргөж шинэ засаг захиргаа бүрдсэний дараахан АНУ-ын Массачусетс муж улс дахь Эндикотт коллежийн улс төр судлалын дэд профессор, орос гаралтай эрдэмтэн Виталий Козырев, АНУ-ын Тэнгисийн цэргийн Дайны коллеж (дээд шатны академи)-ийн дэд профессор Лайл Голдстин нар “Геополитикийн тектоник өөрчлөлт үү? Трампын эрин үе дэх Хятад-Орос-АНУ-ын стратегийн гурвалжин” (“Tectonic Geopolitical Shift? The China-Russia-US Strategic Triangle in the Trump Era”) хэмээх судалгааны өгүүллийг 2017 оны 2 дугаар сарын 15-нд нийтлүүлжээ. Энд тусгасан гол санаа нь, даяаршлын үзэл, түүнийг хөхиүлэн дэмжигч олон улсын харилцааны хэм хэмжээ, олон улсын эрх зүйн тулгуур зарчмууд реалполитикийн тооцоо, тоглоомын онол дээр суурилсан их гүрнүүдийн хүчний тэнцвэрийг хангах бодлогод байр сууриа алдах болно гэсэн таамаглал аж. Ер нь 1970-аад онд ерөнхийлөгч Ричард Никсон, түүний үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Хенри Киссинжер нарын ЗХУ, БНХАУ-ын чиглэлд баримталж, амжилттай гэж хэлж болохоор хэрэгжүүлсэн хүчний тэнцвэрийн бодлого Д.Трампын засаг захиргааны өнгөн дээр сэргэнэ гэж зохиогчид харжээ. Мэдээж, бид өнөөдөр цаг үеийн онцлогийг илэрхийлэх, парадигмын өөрчлөлтийг тусгасан агуулга бүхий түлхүүр үгийн талаар ярьж буй тул эл өгүүллийн гарчиг дахь “тектоник” хэмээх улс төр, олон улсын харилцааны мэдлэгийн хүрээнээс ангид, геологийн шинжлэх ухааны нэр томьёонд анхаарал хандуулахгүй байхын аргагүй.
Идеалист үнэт зүйл байр сууриа алдаж, үндэсний ашиг сонирхлыг дээдэлсэн реалист дэг сургуулийн дахин ноёрхлын эрин үе эхэллээ.
“Тектоник” хэмээх үгийг сайхь хоёр зохиогч анхлан хэрэглээгүй, өмнө нь ч системийн, суурь шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг дэлхийн хуурай гадаргууг бүрдүүлэгч хавтангуудын шилжилттэй зүйрлэн хэрэглэх нь бий. Геологийн тектоник өөрчлөлт хэдэн саяар тоологдох жилд явагддаг удаан хугацааны өөрчлөлт байдгийн нэгэн адилаар геополитикийн тектоник өөрчлөлт ч нэг хоёр жилийн дотор биш, арван дамжин өрнөдөг. Хүний нийгэм дэх системийн өөрчлөлтийн хувьд энэ нь бас ч үзэгдэх зуур болоод өнгөрдөггүй, харьцангуй удаан үргэлжлэх процесс ажээ. Мөн тектоник хөдөлгөөний үр дагавар болж тивүүдийн байрлал шилжих, арал, хойгууд салж нийлэх зэрэг зураг зүйн асар том өөрчлөлт дагуулдаг, хавтангуудын зааг дээр галт уулын идэвхжил, газар хөдлөлтийн бүс үүсч байгалийн цоч үзэгдлүүдийн голомт буй болдог зүй тогтол ч геополитик дахь тектоник өөрчлөлтөд ажиглагддаг байна. Тухайлбал, геополитикийн томоохон тоглогчдын улс төр, эдийн засаг, технологийн болон цэргийн хүчин чадлын өөрчлөлт, харилцан шилжилт, түүнээс үүдэн хүчний тэнцвэрийг тогтоохын төлөөх өрсөлдөөн, сөргөлдөөн, мөн түүнээс үүдэн зааглах бүс нутагт үүсэх тогтворгүй байдлын голомт зэрэг шинж тэмдгээр нь ийнхүү “тектоник” хэмээх нэр томьёог шилжүүлэн хэрэглэдэг.
Лайл Голдстин: “Ричард Никсон, Хенри Киссинжер нарын ЗХУ, БНХАУ-ын чиглэлд баримталж хэрэгжүүлсэн хүчний тэнцвэрийн бодлого Д.Трампын засаг захиргааны өнгөн дээр сэргэнэ.”
Бидний ярилцаж буй сэдвийн хүрээнд тектоникийн хавтангууд нь геополитикийн том тоглогчид, их гүрнүүд байх нь ойлгомжтой. Харин энэ тухай ярихын өмнө хавтангуудын шилжилт хөдөлгөөнийг арай өөр өнцгөөс, өмнө дурдсан даяаршлыг ухраах хандлага талаас нь дүрсэлж буй хоёр зургийг харцгаая. Эхнийх нь даяаршлын үзэл санаа, улс төр, эдийн засгийн либерализмыг илэрхийлэх бас нэгэн түлхүүр үг болох “дэлхийн тосгон” (“global willage”) хэмээхийг дүрсжүүлж байгаа бол сүүлийнх нь дээр өгүүлсэн “даяаршлыг ухраах” процессыг харуулж буй мэт. Манай гарагийн геологийн түүхэнд эрт галавын Пангеа хэмээх нэгэн их замбутив задарч, одоогийн таван эх газрыг бүрдүүлэгч хавтангууд салж холдож эхэлсэн процессыг “дэлхийн тосгон”-оос улс үндэстэн, соёл иргэншил бүр өөр өөрийн орон гэрийг аажмаар өрх тусгаарлан төвхнүүлж эхэлж буй байдалтай зүйрлэх нь олонтаа болов.
Геополитикийн тектоник өөрчлөлт нэг хоёр жилийн дотор биш арван жил дамжин өрнөдөг, үзэгдэх зуур болоод өнгөрдөггүй, харьцангуй удаан үргэлжлэх процесс.
“Дэлхийн тосгон” бол хоёр зууны зааг дээр Томас Л.Фридман нарын бүтээлүүдэд илүү тусгалаа олж хүч түрэн орж ирсэн хэллэг бөгөөд эдийн засгийн даяаршил, харилцан хамаарал гүнзгийрэхийн хэрээр улс төрийн тогтолцоо, улс хоорондын хамтын ажиллагаа өөрийн эрхгүй нэг загварт орох тухай, “дэлхий – нэг орон гэр” болох тухай үзлийг нэлээд тулган хүлээлгэх өнгө аяс бүхий, дэлхий дахиныг “өрнө дахинчлах” бодлогын тунхаг байсан юм. Харин сүүлийн арав орчим жилд өрнөсөн үйл явдлуудын үр дүнд “өрнө дахинчлал” нь “дорно дахинчлал”-д халаагаа тавьж өгч байгаа хэрэг биш биз хэмээх асуултад мөн л өнгөрсөн онд хэвлэлтээс гарсан Гидеон Ракманы “Дорно дахинчлал: Азийн өсөлт, Америкийн уруудалт. Обамагаас Трамп хүртэл болон цаашид” (“Easternization: Asia’s Rise and America’s Decline. From Obama to Trump and Beyond”) хэмээх бүтээл хариулт өгөхийг оролдсон байна.
Гол “хавтангууд”
Одоо энэ номонд дэвшүүлсэн санаанаас улбаалаад орчин цагийн тектоник хөдөлгөөнийг үүсгэж буй геополитикийн том хавтангууд буюу их гүрнүүдийн хүчин чадал, нөлөөний харилцан шилжилтийн талаар цөөн зүйл дурдъя. Мэдээж дэлхийн улс төр, аюулгүй байдлын тогтолцоонд ч, тэр тусмаа манай улсын хувьд ч голлох нөлөө үзүүлэх гурван гүрэн бол АНУ, ОХУ, БНХАУ бөгөөд эдгээрийн хооронд хүчний ямар харьцаа тогтох нь цааш цаашдын үйл явдлуудад бүхэлд нь нөлөөлнө. Тэгвэл сүүлийн арав орчим жилд энэ гурван гүрний иж бүрэн хүчин чадлыг (үүнд улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, цэрэг, соёлын хүчин зүйлсийг хамтатган ойлгоно) дараах хөдөлгөөнд оршиж байна гэж үзэх хандлага давамгайлах болов:
- “Америкийн харьцангуй уруудалт” (“Relative decline of America”);
- “Хятадын тайван өсөлт” (“Peaceful rise of China”);
- “Оросын дахин өндийлт” (“Resurgence of Russia”).
Бүрэн хүчин чадлын өсөлтийн хурд нь саарсан АНУ, асар хурдацтай өсөн нэмэгдэж буй Хятадын хүч, уналтынхаа доод цэгээс эрчимтэй өндийж буй Оросын өсөлтийн траекторийг харьцуулахад хол байсан зөрүү улам ойртсоор ойрын 10-15 жилд сонгодог хүчний тэнцвэрийн гурвалжинг бий болгох магадлалтай
Эдгээрээс “Хятадын тайван өсөлт”-ийг хятадын судлаачид өөрсдөө томьёолж гаргаж ирсэн бол нөгөө хоёрыг нь америкийн судлаачид нийтлэг зөвшилцлийн хүрээнд гаргаж ирсэн нэр томьёо юм. Хятадын эрдэмтэд “Америк уруудаагүй, энэ хэллэг бол тэдний хувьд хэвээр хадгалагдсаар буй дэлхийд жанжлах санаархлаа нуун далдлах гэсэн оролдлого төдий” гэж үгүйсгэх нь бий. Үнэхээр ч эдийн засаг, цэргийн хүчин чадал зэрэг олон үзүүлэлтээр, ялангуяа орчин цагт цэрэг-стратегийн давамгайлал бий болгох хамгийн гол шалгуур үзүүлэлт болох гадаад далайд бие дааж байлдааны ажиллагаа явуулах чадавх бүхий тэнгисийн цэргийн хүчний бэлэн байдлын талаар АНУ илүүрхсэн хэвээр байна.
Харин “харьцангуй” хэмээх үгэнд гол зангилаа агуулагдаж байгаа юм. АНУ-ын иж бүрэн хүчин чадал буурч байгаа гэхээсээ илүү зогсонги байдалд орсон, эсвэл өсөлтийн хурд саарсан гэж ойлговол зохино. Харин энэ байдал нь асар хурдацтай өсөн нэмэгдэж буй Хятадын хүч, мөн уналтынхаа доод цэгт нэгэнт ороод өдгөө мөн л эрчимтэй өндийж эхэлж буй Оросын өсөлтийн траектори хоёртой харьцуулахад, хол байсан зөрүү улам ойртсоор, энэ байдлаараа (хөндлөнгийн, гэнэтийн хүчин зүйл нөлөөлөхгүй бол) ойрын 10-15 жилд сонгодог хүчний тэнцвэрийн гурвалжинг бий болгох магадлалтай гэсэн үг юм.
Гурван том хавтангийн энэ шилжилтээс гадна эдгээрийг болон жижиг, дунд дийлэнх улсыг хамарч буй өөр нэгэн динамик хөдөлгөөнийг “үндсэрхэх үзлийн сэргэлт” (“return of nationalism”) хэмээн томьёолж, виртуал дөрөвдэх хавтан гэж тооцох хандлага байна. АНУ-д ерөнхийлөгч Д.Трампыг гаргаж ирсэн сонгогчдын консерватив итгэл үнэмшил бүхий хэсгийн төлөөлж буй “Америк нэгдүгээрт” үзэл санааны хөдөлгөөн, үүнтэй төстэй Их Британид “Brexit”-ийн төлөө саналаа өгсөн хүн амын давхарга, “Германы төлөө Альтернатив”, Францын “Үндэсний фронт”, Италийн “Таван од” зэрэг баруун жигүүрийн, цагаач, дүрвэгчдийн талаар хатуу байр суурь баримтлахыг дэмжигч хүчнүүдийн авах санал улам бүр нэмэгдсээр байгаа үзэгдэл, Зүүн Европын Польш, Чех, Унгар зэрэг улс, мөн Туркийн үндсэрхэх үзэлтэй удирдагчдын баримталж, хэрэгжүүлж буй бодлого хориод жилийн өмнөх “либерализмын төгс ялалт”-ын уриа лоозонг үндсэндээ үгүй хийж чадаж байгаа юм. Гэхдээ энэ мэт хөдөлгөөнийг фашист, популист хэмээн цоллох нь бодит байдлыг гүйцэд ухамсарлаагүй, өөрчлөгдөн буй ертөнц, дэлхий нийтийг хамарсан тектоник шилжилтийн мөн чанарыг ойлгоогүй хүмүүсийн зүгээс гарч буй үйлдэл гэдгийг ойлгох нь зүйтэй болов уу. Товчхондоо, “дэлхий – нэг тосгон” байхаа больж, “дэлхий – өрх гэрүүдийн айлсал” болон дахин хувирч байгаагийн шинж тэмдгүүд нь Европ, хойд Америкт илэрч байгаа нь энэ ажээ. Харин Ази, Латин Америк, Ойрхи Дорнодын орнуудад энэ үзэгдэл шинэ бус, улс төрийн үзэл санааных нь үндэс суурь болсоор ирснийг дурдах нь зүйтэй.
Олон улсын системд эрх зүйн хэм хэмжээ харилцан зөвшилцлийн гүйцэтгэх үүргээс үндэстэн-улсын бие даан гүйцэтгэх үүрэг даван гарч ирлээ.
Том хавтангуудын энэ мэт шилжилт хөдөлгөөний зэрэгцээ, магадгүй тэдгээрийн нөлөөгөөр геополитик дахь чичирхийллүүд мэдрэгдсээр байна. Үүний нэг жишээ нь сүүлийн жилүүдэд уламжлалт цэрэг-улс төрийн холбоотны харилцаа “ойлгомжгүй” болж эхэлж буй явдал юм. НАТО-ийн гишүүд олон улсын аюулгүй байдлын зарим асуудлаар АНУ-тай санал зөрөх, өөр байр суурь баримтлах хандлага ажиглагдах болов. Сүүлийн үед, ялангуяа Сири дэх хямрал болон Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлаар Франц, Турк улсын байр суурь үүнийг харуулж байна. Казахстан, Беларусь зэрэг ОХУ-ын уламжлалт ойрын түнш улсууд ч зарим үед Москвагийн таалалд төдийлөн нийцэхгүй мэдэгдэл хийх, байр сууриа илэрхийлэх зэргээр холбоотны харилцаа хэврэгшиж буйг нотлох мэт байна. Европын интеграцийн хямрал, хөгжиж буй орнуудаар зогсохгүй өндөр хөгжилтэй орнуудад хүртэл улам газар авч буй салан тусгаарлах хөдөлгөөнүүд (Испанийн Каталони, хойд Итали зэрэг), АНУ өөрөө оройлж эхлээд буй худалдааны протекционизм, Европын орнуудад идэвхжиж буй соёлын протекционизм зэрэг үзэгдлийг дурдаж болно.
Системийн “нуралт” уу?
Бидний аж төрж буй “даяаршлыг ухраах” төлөв бүхий цаг үеийг хамгийн сайн тодорхойлох үгийг ХХI зуунаас ч, XX зуунаас ч биш, харин XIX зууны хоёрдугаар хагасаас олж болохоор байна. Их Британийн ерөнхий сайд, гадаад хэргийн сайд асан Лорд Палмерстоны “Мөнхийн нөхөр ба мөнхийн дайсан гэж үгүй, гагцхүү мөнхийн ашиг сонирхол байдаг” хэмээх диктум өнөө цагийн өнгийг бүрэн тодорхойлох болов. Олон улсын системд эрх зүйн хэм хэмжээ болон харилцан зөвшилцлийн гүйцэтгэх үүргээс үндэстэн-улсын бие даан гүйцэтгэх үүрэг дахин аажмаар даван гарч ирлээ. Түүгээр зогсохгүй үндэстэн-улс доторх шийдвэр гаргалтын процесс ч институционал нөлөөллөөс ангид болж, удирдагчид, улс төрчдийн зан төлөв (behavior)-ийн нөлөө ихэсч байна. Бүхэлдээ 2010 оны “Арабын хавар” хэмээх өнгөт хувьсгал, 2014 оноос эхтэй Украины хямралыг оруулаад сүүлийн арав орчим жилд дэлхий дахинаа “тогтворгүй байдлын цикл” (зарим эх сурвалжид “хүчирхийллийн давалгаа” ч гэж томьёолж байна)-ийн шинэ давтамж нүүрлэж байна гэж үзэх болов.
Хэрвээ дээрх аргачлалаар, ялангуяа “Вийлэрийн дайны индекс”-ийн дагуу 2014 оныг өдгөө цагийн улс төрийн хүчирхийлэл, зэвсэгт мөргөлдөөний идэвхжлийн оргил үе гэж тооцвол үүнээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй олон улсын эрх зүйн хүчин чадлын асуудал сөхөгдөнө.
Олон улсын эрх зүйн шийдвэрлэх үүрэг, Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд бүрэлдэн тогтсон олон улсын дэг журам, улсуудын бүрэн эрхт байдал, хил хязгаарын дархан байдал өнөөдөр нурж унасан хэрэг биш, харин 2003 оны Иракийн дайнаар эхлэн сууриараа ганхаж, 2007 онд Косовог “цор ганц жишиг” (case sui generis) хэмээн салан тусгаарлуулсан, 2008 онд Абхаз, Өмнөд Осетийг де-факто улс болгосноор даамжирч, 2014 онд Крымийг нэгтгэснээр эргэлтийн цэгтээ хүрсэн энэ нуралтын “үзүүлэх тоглолт” нь Сирийн эсрэг ажиллагаа байлаа ч гэж хэлж болно. Систем дэх тоглогч бүрийн өөрийн эрх ашгийн төлөөх дур зоргын үйлдэл давтагдсаар нийлбэр дүндээ системийг өөрийг нь гацаанд оруулж, уг системийг тогтоон баригч хэм хэмжээ буюу “тоглоомын дүрэм”-ийн үйлчлэлийг сааруулдаг нөхцөл байдлын ихэнх шинж тэмдэг ажиглагдаж байна. Үүнийг сонгодог “системийн нуралт” гэдэг. Энэ нуралтын үр дагавар нь дэлхийн хэмжээний томоохон талцал бөгөөд харин талцлын үр дагавар нь том хэмжээний зэвсэгт мөргөлдөөн гарах, хүчний хатуу тэнцвэр тогтохын аль нэг нь байдаг зүй тогтолтой.
Үндэстэн-улс доторх шийдвэр гаргалтын процесс ч институционал нөлөөллөөс ангид болж, удирдагчид, улс төрчдийн зан төлөвийн нөлөө ихэсч байна.
ОХУ, АНУ-ын хооронд стратегийн зэвсэглэлийн шинэ үеийн өрсөлдөөн эхэлж байгаатай зэрэгцэн Америк, Хятадын хоорондын глобал эдийн засаг, улс төрийн нөлөөний төлөө өрсөлдөөн ч өрнөнө. Дэлхийн хоёрдугаар эдийн засаг болсон БНХАУ 2030 он гэхэд тэргүүлэх байранд очно гэсэн PwC Global зэрэг олон улсын агентлагуудын төсөөлөл бий. БНХАУ-ын нам, төрийн албан ёсны баримт бичигт ийм зорилт дэвшүүлээгүй боловч тус улсын хөгжлийн бодлогыг хөтлөгч үзэл санаа гэж хэлж болно. Дэлхийд эдийн засгаар тэргүүлэх хоёр гүрэнд худалдааны тэнцэл хэлбийсэн тул Хятадын эдийн засгийн тэлэлтийг тогтоон барих зорилгоор АНУ гааль, татварын нөхцөлийг чангатгах арга хэмжээ буюу “худалдааны дайн”-ы бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Хятад симметри хариу арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн авах магадлал өндөр. Худалдааны дайн эхэн үедээ АНУ-д ашигтай байж болох ч дэлхийн эдийн засгийн өсөлт саарах сөрөг нөлөөтэй. Үүнтэй зэрэгцэн Америк, Хятадын хоорондын глобал улс төрийн нөлөөний төлөө өрсөлдөөн ч өрнөнө.
Манай улсын хувьд …
Хэдийгээр дэлхий дахины хувьд цаг үеийн нийтлэг хандлага тогтворгүй, стратегийн өрсөлдөөний шинж чанартай болж өөрчлөгдөж байгаа боловч эх газрын гүнд оршин тогтнох манай улсын хувьд тектоник шилжилтээс үүдсэн чичирхийлэлд бага өртөх, тойрч гарах харьцангуй таатай нөхцөл байна. Монгол Улсыг тойрсон тогтвортой байдлын хүрээлэл нь ОХУ, БНХАУ-ын өсөлт, тэдгээрийн хоорондын болон аль аль нь манай улстай тогтоосон стратегийн түншлэлийн харилцаагаар нөхцөлдөж байна. Хөрш орнуудтай хамран дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжүүлэх “Эдийн засгийн коридор”, “Бүс ба зам” зэрэг өргөн боломжууд байгаа давуу талтай ч дараах төрлийн эрсдэлийг урьдчилан тооцоолж байх шаардлага байна:
- Дотоод улс төрийн байдлаас шалтгаалан хөгжлөөс хоцрох;
- Эдийн засгийн харилцан хамаарал улс төрийн шахалтын хөшүүрэг болох;
- Бүтээн байгуулалтаас үүдэлтэй зээлийн хамаарал нэмэгдэх;
- Ажиллах хүчний хомсдолд орох, гадны ажиллах хүч оруулахаас үүдэн гарч болзошгүй хүн ам зүйн хямрал эдгээр болно.
Систем дэх тоглогч бүрийн өөрийн эрх ашгийн төлөөх дур зоргын үйлдэл давтагдсаар нийлбэр дүндээ системийг өөрийг нь гацаанд оруулж, уг системийг тогтоон баригч хэм хэмжээ буюу “тоглоомын дүрэм”-ийн үйлчлэлийг сааруулдаг нөхцөл байдлын ихэнх шинж тэмдэг ажиглагдаж байна.
Түүнчлэн өмнө дурдсанчлан олон улсын эрх зүйн дээд үйлчлэлийн саармагжиж эхэлсэн байдал хэвээр хадгалагдвал НҮБ, түүний систем аливаа улсын аюулгүй байдлын үндсэн баталгаа байхаа больж болзошгүй. Харин мөнөөх тектоник шилжилтийн явцын эрхшээлээр хоёр хөрштэй тогтоосон хоёр талын, гурван талын, магадгүй олон талын эрх зүйн, улс төрийн болон аюулгүй байдлын зохицуулалтын үйлчлэлийн чадамж нэмэгдэж, оршин тогтнохын үндсэн баталгаа болж хувирах магадлалтай. Мөн манай улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг “гуравдагч хөрш”-ийн бодлого шууд хумигдахгүй ч, тодорхой хэмжээнд мухардалд орж болзошгүй, манай гадаад аюулгүй байдлын нэг хөшүүрэг, аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах хэрэгсэл болсон энхийг дэмжих ажиллагааны шийдвэрлэх үүрэг роль ч багасаж болзошгүйг реалист байдлаар анхаарч байх шаардлагатай байна. Үүний зэрэгцээ “байнга төвийг сахих” санаачилга мөн үр хөврөлийнхөө шатанд мухардалд ороод байгааг хүлээн зөвшөөрөх ёстой болж байна. Өнөөдөр тусгаар тогтносон аль ч улсын хувьд өөрийгөө хамгаалах чадавхаа сайжруулах, зэвсэгт хүчнээ бэхжүүлэх, бэлэн байдлаа дээшлүүлэх шаардлага улам нэмэгдэж байгаа зүй тогтол ч манай улсыг тойрон гарахгүй.
Сонголтын “парадокс”
Ийнхүү бидний аж төрж буй цаг үе дэх геополитикийн өөрчлөлт хөдөлгөөнийг ажиглахад, “тектоник” гэж томьёолж болох суурь шилжилтүүд явагдаж байна, Дэлхийн хоёрдугаар дайны дараа бүрэлдэн тогтож, “Хүйтэн дайн”-ы дараа эрх зүйн хувьд улам бэхжүүлэх оролдлого хийсэн дэлхийн дэг журам, бидний ярьж заншсанаар Ялт-Потсдамын системийн нуралтын анхны шинж тэмдгүүд илэрч байна. Олон улсын харилцаанд эрх зүйн хэм хэмжээний үйлчлэл суларсан үед хүчний харьцаа голлон үйлчилж эхэлнэ. Ийм тохиолдолд тогтсон системийн нуралтыг зогсоох, эсвэл нуралтын дараа шинээр бүтээхэд хүргэх хоёрхон хүчин зүйл бий. Үүний нэг стратегийн хүчний тэнцвэр тогтож чадалгүй том хэмжээний зэвсэгт мөргөлдөөн буюу дэлхийн дайнд хүргэх. Аз түшихэд ийм магадлал бага байна. Харин нөгөө хувилбар нь стратегийн хүчний тэнцвэр тогтож, шинээр “хүйтэн дайн”-ы байдалд шилжих явдал бөгөөд харин энэ магадлал илүү байна.
Манай улсын хувьд нөхцөл байдал хэрхэн өрнөхөөс хамааран сонголтын хоёр хувилбар байж болох ч нэгд, сонголт биднээс хамаарахгүй, детерминант хүчин зүйлийн нөлөөлөлд нэгэнт орсон, хоёрт, сонголт байлаа ч туйлын ашигтай гэж хэлэх аргагүй парадоксыг үүсгэнэ.
ОХУ, АНУ-ын хооронд стратегийн зэвсэглэлийн шинэ үеийн өрсөлдөөн эхэлж байгаатай зэрэгцэн Америк, Хятадын хоорондын глобал эдийн засаг, улс төрийн нөлөөний төлөө өрсөлдөөн ч өрнөнө.
Энэ нь, “Хүйтэн дайн”-ы байдал үүсэх тохиолдолд манай улсыг тойрсон стратегийн тогтвортой байдал баталгаажиж, харин “гуравдагч хөрш”-ийн бодлого зэрэг манёврын боломж буурах төдийгүй хумигдах болно. Харин эсрэгээрээ системийн нуралт үргэлжлэх тохиолдолд стратегийн тогтворгүй байдлын голомт манай улсыг тойрон үүсэх, энэ орчинд аюулгүй байдлаа хангах бодлого, үйл ажиллагааны хувилбаруудын дунд манёврын боломж нэмэгдэх магадлалтай.
Хэдий тийм боловч, аль ч хувилбарт нь манай улсын хувьд туйлын ашигтай нөхцөл байхгүй төдийгүй эхний хувилбар илүү тааламжтай сонголт болно. Бодит нөхцөл байдал ч биднээс үл хамааран эхний хувилбар тийш эргэж байна. Ийм нөхцөлд бидний хувьд мөнөөх “тектоник шилжилт”-ийн чичиргээнд тэсч үлдэх хамгийн оновчтой “жор” юу байх вэ гэдэг асуулт эн тэргүүнд тулгамдах ба түүнд тохирох хариултын хувилбаруудыг олж тогтоох “гэрийн даалгавар” өгөгдөөд байна.
Ангилал: Долоо хоногийн тойм
Дараах нийтлэл
БНАСАУ хэзээ ОУВС-д гишүүнээр элсэх вэ?Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19