2018 оны 1 дүгээр сард Зүүн хойд Азийн бүс нутаг төдийгүй дэлхий дахины анхаарлыг илүү татсан үйл явдал бол Солонгосын хойг дахь гэнэтийн “ түр дулаарал” байв.
БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр болон тив алгасагч баллистик пуужингийн туршилтаас үүдсэн хурцадмал байдал 2017 оны турш үргэлжлэв. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Үн нар бүтэн жилийн турш хатуу үг бие бие рүүгээ шидэлцэн, мэдэгдэл гаргаж, байдлыг улам дэвэргэж байлаа. Хоёр улсын гадаадад бодлогын чиг шугам улам хатуу болон өөрчлөгдөж, энэ нь зарим талаараа удирдагчдынх нь хувийн зан төлөвтэй ч холбоотой байх тал ажиглагдаж байв.
Энэ сөргөлдөөний оргил нь 2018 оны шинэ жилийн баяраар тохиож, Ким Жон Үны мэндчилгээ, Д.Трампын жиргээ хоёроор илэрхийлэгдэн олны анхааралд өртсөн юм.
2017 он – “Хүйтэн жил”
Сүүлийн хоёр жилийн турш БНАСАУ цөмийн хөтөлбөрөө тууштай эрчимжүүлж, үүний зэрэгцээ тив алгасагч баллистик пуужинг туршиж, урд гаргаж байгаагүй амжилтад хүрсэн. 2016 онд Пёнъян анх удаагаа устөрөгчийн бөмбөгийг бүрэн хүчин чадлаар нь туршиж, туршилт амжилттай болов. 2017 онд баллистик пуужингийн ээлжит туршилт нь ч хүссэн үр дүндээ хүрлээ. Ингэснээр Умард Солонгосоос хөөргөсөн “Хвасон -15” баллистик пуужин Хойд Америкийн эх газрын аль ч цэгийг, өөрөөр хэлбэл АНУ-ын нутаг дэвсгэрийн хаана нь ч онилж, цохилт өгөх чадалтай боллоо.
АНУ-ын засаг захиргаа энэ явдлыг түгшүүртэйгээр хүлээн авлаа. Тус улсын Үндэсний аюулгүй байдлын стратегийг шинээр батлахад энэ байдал шууд нөлөөлсөн бөгөөд Тагнуулын төв газрын дарга М.Помпео мэдэгдэл хийж, “дайсагнагч этгээд АНУ-ын нутаг дэвсгэрийн аль ч цэгийг онилж чадах зэвсэг эзэмшиж буй явдлыг тус улсын эсрэг түрэмгийлэл үйлдэхээр заналхийлсэн гэж үзэж, шаардлагатай хариу арга хэмжээ авах урьдчилсан нөхцөл хэмээн тооцох”-оо зарлаад байна. Өөрөөр хэлбэл, БНАСАУ-ын баллистик пуужин АНУ-ын нутаг дэвсгэрийг онилох болсон учир хариу арга хэмжээ авах “урьдчилсан нөхцөл” нэгэнт бүрэлдсэн байна.
Умард Солонгосын баллистик пуужингийн тухайд ямар хариу арга хэмжээ авч болох талаар Вашингтоны улстөрч, албаны хүмүүс, судлаачид эрчимтэй хэлэлцэж байна. Тактикийн түвшинд урьдчилсан хязгаарлагдмал цохилт (preventive limited strike) өгөх замаар Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг таслан зогсоох тухай 2017 оны хавраас эхлэн “үгүйсгэж болохгүй хувилбар” хэмээн цухалзах болсон. М.Помпеогийн хэлсэн үг ч санамсаргүй биш, авч болзошгүй хариу арга хэмжээгээ эртнээс зөвтгөх гэсэн оролдлого юм гэж ч үзэж болно.
Солонгосын хойгийн хурцадмал байдал энэ удаад нэлээн сунжирна гэж таамаглаж байлаа. Нэг удаа амжилттай туршлаа гэдэг тийм зэвсэгтэй болчихлоо гэсэн үг биш, зэвсэглэлд шууд бэлэн агсчихлаа гэсэн үг бүр огт биш: наад зах нь дөрвөөс таван удаа амжилттай туршсаны дараа устөрөгчийн бөмбөгийг “байнд” хүргэх чадвартай боллоо гэж үзнэ. Тиймээс Пёнъян хурцадмал байдлыг сунжруулж, цаг хожиж, бэлэн болсныхоо дараа хэлэлцээний ширээнд сууна гэсэн хүлээлт байлаа. Үүнээс гадна М.Помпеогийн мэдэгдэл, Д.Трампын олон нийтийн сүлжээн дэх жиргээ, Ким Жон Үний мэдэгдэл зэргээс Солонгосын хойг дахь байдлын ээлжит хурцадмал төлөв энэ удаад нэлээд сунжрах хандлагатай гэж таамаглаж байсан.
Үүн дээр нэмэрлэх нь Вашингтон дахь шинэ засаг захиргааны гадаад бодлого бүрэн томьёологдож амжаагүй, ялангуяа Ази, Номхон далайн бүс нутагт “дахин тэнцвэржүүлэх” бодлогоос аман дээрээ татгалзсан мэт тунхаглал, америкийн улс төрийн хүрээнийхний хэллэгээр “харцага” буюу хатуу чиг шугам баримталсан шинжтэй мэдэгдлүүд гээд үйл явдлын өрнөлд нөлөөлж болохуйц бүхий л хүчин зүйл Солонгосын хойгийн хурцадмал байдлыг багагүй хугацаанд сунжруулна гэсэн өнгөц дүгнэлтэд олонх судлаач хүрээд байсан юм. Түүгээр зогсохгүй БНСУ-ын Пёнчанд зохион байгуулагдах өвлийн олимпийн XXIII тоглолтод БНАСАУ-ын баг тамирчид оролцохгүй өнжинө гэдэгт өнгөрсөн оны 12 дугаар сард л гэхэд дийлэнх ажиглагчид бараг бүрэн итгэлтэй байсан юм.
Гэнэтийн дулаарал
Тэгвэл 2018 оны 1 дүгээр сард хоёр Солонгосын харилцаа богино хугацаанд гэнэт “дулаарсан” нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь энэ оны хамгийн анхны тод үйл явдал болов. Одоогоор хоёр Солонгос олимпийн нээлт, хаалтын ёслолын арга хэмжээнд нэг далбаан дор жагсаж, эмэгтэйчүүдийн хоккейн төрөлд нэгдсэн шигшээ баг оролцуулахаар тохироод байна. БНАСАУ-аас олимпийн эрх авсан тамирчид харьцангуй цөөн хэдий ч албаны хүмүүс болон соёл урлагийн төлөөлөгчдийг оролцуулаад багагүй бүрэлдэхүүн БНСУ-д хөл тавихаар тохиролцсон байна. Олимпийн үеэр болон өмнөх өдрүүдэд БНАСАУ-ын баг тамирчид, төлөөлөгчдөд зориулах зардлыг НҮБ-ын хориг арга хэмжээнд хамаатуулан тооцохгүйгээр АНУ болон өрнөдийн бусад орнуудтай БНСУ-ын тал ойлголцолд хүрээд байна.
Харин 1 дүгээр сарын 30-ны өдөр эдгээр тохиролцооны заримаас БНАСАУ буцаж эхэлсэн нь, “Моранбон” хамтлагийг оролцуулсан урлагийн хамтарсан тоглолтыг олимпийн нээлтийн өмнөх өдрүүдэд зохион байгуулахаар болсон байснаа цуцаллаа. Үүнийгээ 2 дугаар сарын 8 буюу олимпийн наадмын нээлтийн өмнөх өдрийг Солонгосын Ардын Арми үүсэн байгуулагдсан өдөр хэмээн зарлаж цэргийн ёслолын жагсаал хийхээр төлөвлөснийг Өмнөд Солонгосын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэхдээ таагүй өнгө аяс харуулсныг эсэргүүцэн ийм арга хэмжээ авлаа хэмээн БНАСАУ-ын цахилгаан мэдээний төв агентлаг мэдээлэв. (1948 оны 2 дугаар сарын 8-нд САА албан ёсоор байгуулагдсан гэж үзэн энэ өдрийг 1972 он хүртэл цэргийн баяр хэмээн тэмдэглэж ирсэн бол 1972 онд Ким Ир Сений 60 насны ойг тохиолдуулан 1932 онд түүний байгуулалцсан партизаны отрядыг ардын армийн үндэс суурь гэж тооцон 40 жилийн ой болгон тэмдэглэсээр өдийг хүрчээ. Харин энэ жил САА байгуулагдсан өдрийг дахин 1948 оноос тооцон 70 жилийн ойг тэмдэглэхээр болсон байна).
Нэг арга хэмжээ ийнхүү гэнэт цуцлагдсан ч тохиролцсон бусад ажил төлөвлөгөөний дагуу явагдана. Гэхдээ үүнийг зөвхөн Пёнчаны олимпийн наадамтай холбоотой гэж дүгнэх нь хэт өрөөсгөл болно. Спорт, соёлын солилцооноос гадна улс төрийн өндөр түвшний яриа, хэлэлцээ эхлүүлэх боломжийг аль аль нь эрэлхийлж байгаа талаар ч дуулдаж байна. Түүнчлэн Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар холбоо тогтоох, Солонгосын дайны дараа тусгаарлагдсан садан төрлүүдийг уулзуулах ажлыг сэргээх зэрэг алхмуудыг хийх талаар ч ярьж эхлээд байна. Энэ бүх санал, санаачилгыг хэдхэн сарын өмнө өмнөдийн тал дэвшүүлж байсан ч Умард Солонгос эрс эсэргүүцсэнээр зогсонги байдалд орсныг ч дурдах нь зүйтэй.
Санаачилгыг хэн барьж байна вэ?
Үйл явдлын ийм эргэлт хэдийгээр огт урьдчилан таамаглагдаагүй биш ч гэсэн цаг хугацааны хувьд илүү хурдан, гэнэтийн шинжтэй болж өрнөж буйг тайлбарлахын тулд санаачилгын гол цөм хэний гарт байна вэ гэдгийг задлан шинжилж үзэх нь зүйтэй юм. Үүнд гурван гол тоглогч болох БНАСАУ, БНСУ, АНУ-ын тус тусын эрх ашиг, удирдагчдын үзэл санаа, ажлын арга барил, дотоод улс төрийн нөхцөлийн нөлөөлөл, олон улсын тавцан дахь үйл хөдлөлийн төлөв байдал (modus operandi), тухайн цаг хугацаанд бий болсон давуу болон сул талууд зэрэг хүчин зүйлсийг анхаарч үзэх хэрэгтэй болно.
Хувилбар 1. Санаачилга эхнээсээ БНАСАУ-ын гарт байсан ба Ким Жон Үний “нүүдэл” өнөөдрийн байдлаар нэг хожил авчраад байна. Ким Жон Үн улсынхаа гадаад бодлогыг харьцангуй нээлттэй болгож, олон улсын тавцанд төдийгүй дотооддоо байр сууриа бэхжүүлэхийг эрмэлзэж, БНХАУ-аас хамааралтай байдлаа багасгахыг хүсэж байна. Түүний ард түмэндээ хандсан шинэ жилийн мэндчилгээнд олон улсын, тэр тусмаа Хятадын эдийн засгийн хориг арга хэмжээ БНАСАУ-д үлэмж хохирол учруулж буйг хүлээн зөвшөөрөхөөс гадна Өмнөд Солонгостой тодорхой асуудлуудаар яриа хэлэлцээ хийхэд хүчин чармайлт гаргахаа мэдэгдсэн. Тиймээс эрт орой хэзээ нэгэн цагт Пёнъян ийм алхам хийх байсан гэж үзэж болно.
1994 оноос хойш хэрэглэж ирсэн арга болох хямралын ангалын ирмэгт тулгаад зогсдог сүрдүүлгийн (brinkmanship) тактик агуулгын хувьд хэвээрээ боловч хэлбэрийн хувьд нэлээд өөрчлөгдөж байна. 2016-2017 онд, ялангуяа өнгөрсөн онд БНАСАУ цөмийн болон пуужингийн хөтөлбөртөө олсон амжилт нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулшгүй их байсан тул цаг хугацааны хүчин зүйлийг богиносгох, улс төрийн манёврыг илүү түргэн хийх боломжийг Ким Жон Үнд олгожээ. Пуужингийн технологийн дэвшлийн хувьд нэг удаагийн туршилтаар зорилгоо хэрэгжүүлэх чадавхаа бүрэн тооцоолж чадсан, үйлдвэрлэлийн горим тогтвортой болсон тул цөөнгүй нэгжийг зэвсэглэлд хүлээн авах боломжтой болсон. Энэ бүхэн ийнхүү өөртөө итгэлтэй байх үндэс болжээ.
Өөрөөр хэлбэл, олимпийг угтуулан Өмнөдийн талын тавих саналыг Умард Солонгос урьдчилан мэдэж байсан (өмнө нь тавьж байсан тул) бөгөөд цаг хугацааны хувьд өөрт нь ашигтай боломж бүрдмэгц зөв тооцоолсон алхам хийсэн байж болохоор байна. Ким Жон Үн ийм сайтар тооцоолсон алхам хийх хэмжээнд хүрсэн “хэрсүү улс төрч (зрелый политик)” бөгөөд эхний зорилтоо биелүүлж, энэ өрөгт хожих ойрхон байна гэсэн утгатай үгийг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр оросын болон гадаадын сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр хэлж байсан нь үүний давхар нотолгоо мэт. Тэрээр мөн 2017 оны 9 дүгээр сард Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Япон, БНСУ, Монголын удирдагчидтай хамт нэгдсэн хуралдаанд оролцож байхдаа БНАСАУ ямар нэгэн хориг, дарамт шахалтыг ажралгүй тавьсан зорилгодоо хүрэх болно гэж тэмдэглэж байсныг мөн санууштай.
Хувилбар 2. Санаачилга БНСУ-ын талд байгаа ба тус улсын шинэ засаг захиргаа, ерөнхийлөгч Мүн Жэ Иний бодлогын үр дүн харагдаж эхэлж байна. 2016-2017 онд тус улсад өрнөсөн улс төрийн өөрчлөлт (“зулын хувьсгал” ч гэж нэрлэх нь бий)-ийн үр дүнд ерөнхийлөгч Пак Кын Хе үндсэн хуулиар олгогдсон таван жилийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас жил орчмын өмнө огцорч, түүнтэй 2012 оны сонгуульд өрсөлдөж байсан Мүн Жэ Ин ерөнхийлөгчөөр сонгогдон үүрэг ажилдаа орсон. Мүн Жэ Ин хэдийгээр зүүн-төвийн, либерал ардчилсан үзэлтэй улс төрч гэгддэг ч Солонгос судлаачдын дунд түүний тэргүүлсэн засаг захиргааг “зүүний үндсэрхэг” гэж томьёолох хандлага гарч ирж байна. Тухайлбал, Сөүл дэх Күнмин их сургуулийн профессор, орчин үеийн солонгос судлалын томоохон төлөөлөгч А.Ланьков энэ нэр томьёог анх эргэлтэд оруулсан. Мүн Жэ Ин сонгуулийн мөрийн хөтөлбөртөө солонгос хоорондын хямралыг даван туулах, Пёнъянтай хэл амаа ололцохын төлөө ажиллана хэмээн амласан. Ингэснээрээ тэрээр өөрийн өмнөх ерөнхийлөгч төдийгүй түүний өмнөх төрийн тэргүүн И Мён Бакийн ч бодлогыг хамтад нь, нийтдээ есөн жил үргэлжилсэн барууны консерватив бодлогыг залруулж, шинэчлэхийг зорьсон юм.
Гэвч АНУ-ын шинэ засаг захиргаа, ялангуяа ерөнхийлөгч Д.Трампын хатуу байр суурийг цэрэг-улс төрийн холбоотон, америкийн цөмийн шүхэр дор аюулгүй байдлынхаа баталгааг хангадаг тус улсын ерөнхийлөгч нь ямар итгэл үнэмшилтэй, ямар бодлого дэвшүүлж байгаагаас үл хамааран харгалзах ёстой тул энэ бодлого шууд хэрэгжиж эхлэхэд ихээхэн саад тотгор учирсан. Хоёр Солонгосын хооронд эдийн засгийн ямар ч харилцаа, хүмүүнлэгийн ямарваа нэгэн туслалцаа, солилцоо байсан энэ нь БНСУ-ын төсвөөс санхүүжиж л байгаа бол Пёнъяны эсрэг олон улсын хоригийг зөрчсөн, үр дүнг нь үгүйсгэсэн явдал болно гэж Вашингтон үзэж байна. Харин хоёр удаагийн харилцан айлчлалын үр дүнд Мүн Жэ Ин соёл, спорт, хүмүүнлэг зэрэг эдийн засгийн бус харилцааны сувгийг нээлттэй үлдээх асуудлыг Д.Трампаар зөвшөөрүүлж чадсан юм. Гэсэн ч энэ бүхэн нь Умард Солонгосын шийдвэртэй эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн тул энэ зөвшилцөл бодит амьдрал дээр хэрэгжиж, үр дүнгээ өгөх бололцоо бүрдээгүй байв. Зэвсэгт мөргөлдөөн дэгдэх аюул нэмэгдэж байсан нөхцөлд яриа хэлэлцээний зам сувгийг тасралтгүй эрэлхийлсээр АНУ-ын удирдлагыг ч ятган зөвшөөрүүлж, улмаар олимпийн наадмын “далимаар” БНАСАУ-ын талаар бэлгэдлийн төдий ч байсан хамаагүй ямар нэгэн алхам хийлгэж чадсан нь БНСУ-ын шинэ засаг захиргааны тууштай бодлогын үр дүн гэж үзэх судлаачид цөөнгүй байна.
Хувилбар 3. Үйл явдлын өрнөл АНУ-ын дэглэснээр явагдсан бөгөөд Д.Трампын сүрдүүлэг голлох нөхөө үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй. 2017 оны 1 дүгээр сард Д.Трамп тангаргаа өргөж шинэ засаг захиргаагаа бүрдүүлсэн. Хэдий тус засаг захиргааны зарим нөлөө бүхий хүмүүс болон Д.Трампын гэр бүлийн гишүүд Оросын тусгай албадтай холбоотой гэх асуудлаас болж тасралтгүй шүүмжлэл, хардлага, сэрдлэгийн бай болсон, Конгресс дахь Бүгд найрамдах намын олонхтой (өөрийнх нь намын) олон асуудлаас болж хэл амаа ололцохгүйд хүрч байгаа, Европ тив дэх холбоотнуудтайгаа тогтоосон харилцаанд ан цав суусан, Ойрх Дорнодод хэрэгжүүлж буй ажиллагааны стратеги мухардалд орсон зэрэг олон саад бэрхшээл тулгарсаар байгаа боловч (бүр магадгүй дээр дурдсан хүчин зүйлсээс шалтгаалан) Азийн орнууд руу чиглэсэн бодлогын эрчийг бууруулахгүй барихыг зорьж байгаа нь илт. Тухайлбал, Б.Обамагийн засаг захиргааны үед гадаад бодлогын үндсэн чиглэлийг Ази, Номхон далайн бүс нутагт чиглүүлж, “дахин тэнцвэржүүлэх” бодлогыг зарласан ба тус бодлогын хүрээнд “Номхон далай дамнасан түншлэл” (Trans-Pacific Partnership)-ийг байгуулсныг Д.Трамп цуцалсан боловч АНУ-ын гадаад бодлогод тус бүс нутгийн ач холбогдол буураагүй байна. Нэршлийг нь бага зэрэг засварлан “Энэтхэг-Номхон далайн” (Indo- Pacific) болгон өөрчилсөн энэ бүс нутаг дахь Хятадын нөлөөллийг тогтоон барих зорилгоор Азийн ардчилсан орнуудтай аюулгүй байдлын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг хөгжүүлэх – хэдийгээр бодлогын залгамж чанарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч энэ нь хэрэг дээрээ “дахин тэнцвэржүүлэх” бодлого үргэлжилж буй шинжтэй байна.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын шинэ стратегид тусгаснаар Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн гол хүчнүүдтэй харилцахдаа Пёнъянд нөлөөлөх Хятадтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж буй, Умард Солонгосын эсрэг цэргийн хүч шууд хэрэглэх тухай зарлаагүй ч хүч хэрэглэх бэлэн байдлыг хангаж, урьдач нөхцөл (болзол)-үүдийг өмнөхөөс илүү хатуу тогтоож, “АНУ-ын нутаг дэвсгэрт халдлага үйлдэх чадвартай болох” гэж томьёолсон нь хэрэг дээрээ БНАСАУ-ын өнөөгийн хүрсэн хүчин чадлыг шууд зааж, өрсөх цохилт өгөх “шалтаг, зөвтгөл”-өө бодлогын түвшинд баталгаажуулсан хэрэг болов. Мөн Умард Солонгосын цөмийн болон пуужингийн туршилтын полигон, гарааны төхөөрөмжийг устгах зорилго бүхий “хязгаарлагдмал цохилт” (тактикийн цөмийн цохилтыг ч үгүйсгээгүй)-ын тухай яриа нь Б.Обамагийн ч, Ж.У.Бушийн ч үед яригдаж байгаагүй, улс төрийн хатуу мэдэгдэл, ганцаардуулах, тусгаарлах бодлого, эдийн засгийн хавчлагаас ч илүү хүчтэй сонсогдож байсан. Эдгээр нь өнгөрсөн оны турш АНУ-ын засаг захиргааны хатуу чиг шугамыг тодорхой харуулсан бөгөөд зөвхөн Д.Трампын хурц мэдэгдлүүд, твиттер дэх жиргээгээр энэ байр суурийг дүгнэж болохгүй юм. Харин энэ талаар сүүлд нь “миний оролцоо байгаагүй бол хоёр Солонгосын хооронд ийм яриа хэлэлцээ болохгүй байсан” гэж мэдэгдсэн нь оргүй бардамнал биш гэж энэ таамаглалыг
Хэнь нь хожив?
дээрх гурван хувилбарын аль нь үнэнд ойр гэж үзэхээс хамааран үйл явдлын өрнөл аль талд ашигтай тусч байна гэдэг гаргалгааг мөн хэд хэдэн янзаар хийж болохоор байна.
Нэгдүгээр хувилбараар авч үзвэл, энэ удаад Пёнъяны тактикийн ялалтаар дуусч байна. Гадаад бодлого дахь илүү нээлттэй шинэ хандлагаа дэлхий нийтэд харуулаад зогсохгүй Өмнөд Солонгост өөрийн болзлыг ямар нэг хэмжээгээр тулгаж чадсан, улмаар Сөүлээр дамжуулан Вашингтонд ч бага боловч болзол тулган дам зөвшөөрүүлсэн нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй амжилт мөн. Энэ өнцгөөс харвал БНСУ түүхэндээ хоёр дахь олимпийн наадмаа улс төрийн бойкотгүй (1988 онд Сөүлд зохион байгуулагдсан зуны олимпийн XXIV наадамд БНАСАУ оролцоогүй, Пёнчаны олимп ОХУ-ын баг тамирчидтай холбоотойгоос өөр маргаантай асуудалгүй болж өнгөрөх төлөвтэй), ноцтой зөрчил, маргаангүй өнгөрүүлэх нэр хүндийн сонирхол дээр нь дөрөөлөн БНАСАУ өнгөн дээрээ өмнөх саналыг нь хүлээн авч байгаа мэт боловч өөрийн тавьсан нөхцлөөр 2 дугаар сарын эхний хагасыг дэглэхээр болж байна.
2 дугаар сард Умард Солонгосын хувьд түүхэн тэмдэглэлт хоёр баяр тохиох юм. Олимпийн нээлтийн өмнөх өдөр буюу 8-нд Солонгосын Ардын Арми байгуулагдсаны 70 жилийн ой, мөн олимпийн наадмын ид дундуур, 16-нд их удирдагч Ким Чен Ирийн мэндэлсэн өдрийг тус тус ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, Өмнөд Солонгост болон дэлхий дахинд нэг талаас аажмаар нээлттэй болж буй бодлогоо сурталчлах, нөгөө талаас, сүр хүчээ илтгэн харуулах зорилгоор “БНАСАУ хүчирхэг, найрсаг, оршин буй” гэдэг ойлголт төрүүлэхүйц, үүгээрээ НҮБ-ын эдийн засгийн хориг арга хэмжээ үйлчлэхгүй байгаа гэсэн дохио өгөхүйц ямар нэг үйлдэл хийх нь дамжиггүй. Энэ нь олимптой давхацсан, түүнд төвлөрч буй дэлхий дахины анхаарлыг ашиглах үйлдэл байх тул илт өдөөн хатгасан шинжтэй байхгүй, тухайлбал, пуужин турших, хилийн бүст гал нээх зэрэг болчимгүй үйлдэл гаргахгүй гэж үзэж байна. Харин цэргийн ёслолын жагсаалын үеэр шинээр зэвсэглэлд авсан “Хвасон-15” баллистик пуужинг харуулах болно гэсэн таамаглал нэн магадлалтай юм.
Хоёр дахь хувилбарыг илүү магадлалтай гэж үзвэл, сүүлийн сарын үйл явдалд хожлыг Сөүл гартаа авсан болж байна. Гэхдээ анхнаасаа өөрийн тоглоомын дүрмээр үйл явдлыг залах боломж өмнөдүүдэд байгаагүй юм. Тодруулж хэлбэл, санаачилга Пёнъяны гарт орсонтой холбоотой Сөүл өөрт байгаа давуу тал, цаг хугацааны “хөзөр”-ийг ашиглан тооцоотой зөв алхам хийсэн, үүнд нь олимпийн наадам тус болсон гэж үзэх үндэстэй. Гэвч Умард Солонгосын хувьд зөвхөн олимпийн наадамд оролцсоноор нээлттэй харилцаж буй мэт харагдах нь хангалтгүй бол өмнөдүүдийн хувьд оролцооны ийм минимум түвшнээс цааш давж гарах нь эргээд сөрөг үр дагавартай.
Өмнөд Солонгосын хувьд, олимп зохион байгуулаад түүнд нь Умард Солонгос оролцсон төдийгөөр хязгаарлагдах нь л ерөнхийлөгч Мүн Жэ Инд улстөрийн давуу байдал авчрах ба умардын эсрэг тавьсан НҮБ -ын эдийн засгийн хориг арга хэмжээ үйлчилж, аргагүй байдалд оруулж буй мэт сэтгэгдэл олон улсад төрүүлэх магадлалтай. Эс тэгвээс БНСУ, АНУ-ын хооронд тогтоосон цэрэг-улс төрийн холбоотны харилцаанд ан цав гарах эрсдэлтэйг Мүн Жэ Иний засаг захиргаа сайтар ойлгож байгаа. Эцсийн зорилго нь байдлыг бүрэн намжаах бус, хэсэг хугацаанд түр дулаарал авчрах арга хэмжээгээр америкуудын хэт хурцатгасан байр суурийг зөөллөж, аль аль тал нь буруу дохио өгснөөс үүдэн гарч болох зэвсэгт мөргөлдөөний аюулыг (хэрэг явдлын ийм таагүй өрнөлийн магадлал сүүлийн 30 жилд байгаагүйгээр өндөр болоод байв) холдуулахад оршиж байлаа гэж үзвэл энэ зорилгодоо хүрсэн.
Сүүлчийн хувилбараар авч үзвэл, Д.Трамп өөрөө жиргэсэнчлэн, мөн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэл хийсэнчлэн, үнэхээр цагаа олж сүрдүүлгээ зөв хийсэн гэж үзэж бас болно. Өөрөөр хэлбэл, санаачилга АНУ-ын гарт байсаар байгаа бөгөөд Пёнъяны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ үр дүнгээ өгөхгүй байгаа тул “бүх хувилбарыг тооцох” (“all actions are on the table”) дохио, сануулгыг цагийг нь олж умардуудад өгсөн нь ямар нэг хэмжээгээр нөлөөлж, түр хазаарлах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэгсэд байна. Тэднийхээр тооцвол, энэ удаад АНУ-ын талд хожил ирсэн гэж тооцож болно. Гэхдээ магадлалын хувьд энэ хувилбар хамгийн бага боломжтой юм.
Хувилбар тус бүрийг дангаар нь авч үзэхээс гадна (санаачилгыг БНАСАУ, БНСУ, АНУ-ын аль нэг тал дангаараа гаргаж үр дүн буюу хожлыг мөн дангаараа хүртсэн гэж үзэхээс гадна) энэ гурван улсын хоёр нь заавал хэлэлцэн тохиролцолгүйгээр нийтлэг ашиг сонирхлынхоо үүднээс ойртсон байх боломжийг ч шинжээчид онцолж байна. Магадгүй ийм хувилбарууд дагнасан санаачилгаас ч илүү бодитой байх талтай.
Тухайлбал, БНАСАУ, БНСУ дээр дурдсан өөр өөрийн ашиг сонирхол, дотоод болон гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр харилцан дохиогоо ойлголцож чадсан байж болзошгүй. Энэ тохиолдолд мөн л Умардын талд илүү хожил ирээд байгаа ба Өмнөд Солонгос ч хэдий их биш боловч тодорхой хэмжээний ололттой үлдэж байна. Хоёр Солонгос өөр өөрийн эсрэг тэсрэг эрх ашгийн үүднээс АНУыг нэг удаа боловч хойгийн асуудлаас холуур байлгаж чадсан нь аль алинд нь тааламжтай үр дүн, хоёр удирдагч Ким Жон Үн, Мүн Жэ Ин нарын хувьд ч дотоод улс төрийн амьдрал дахь байр сууриа бэхжүүлэх боломж мөн. Энэ хувилбар хамгийн их магадлалтай гэж үзэж болно.
Нөгөөтээгүүр, Сөүлийн ямар нэгэн оролцоогүйгээр Пёнъян, Вашингтоны харилцан сүрдүүлэг бөгөөд үүнийгээ гүйцэлдүүлэх бодит боломж, үүний зэрэгцээ Ким Жон Үн, Д.Трамп нар хувь хүнийхээ хувьд бие биедээ үе үе харилцан “тал зассан” мэдэгдлүүдийн огтлолцол нь энэ цаг үед тактикийн “амсхийлт”, бяцхан ухралт хийх нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй. Ингэж тооцвол эндээс мөн л гол хожил Умард Солонгосын талд ирсэн ба АНУ-д онцын эерэг, сөрөг нөлөөгүй, харин Өмнөд Солонгосын хувьд зөвхөн олимпийн наадмын үеийн намжмал байдлаар илрэх дам ашиг өөртөө гаргаж авснаас цаашгүй болж байна.
Эцэст нь Мүн Жэ Ин, Д.Трамп нарын засаг захиргааны хооронд ямар нэг урьдчилсан тохиролцоо хийгдсэн байж болох хувилбарыг ч үгүйсгэж болохгүй. Ялангуяа олимп дуустал байдлыг хурцатгахгүй байлгах талаар Өмнөд Солонгосын хүсэлтэд АНУ нааштай хандаж, холбоотны хувьд энэ боломжийг тавьж өгсөн гэж үзэх шинжээчид байгаа. Ийм тохиолдолд БНСУ хамгийн гол хожлыг авлаа гэж үзэж болох ч энэ нь хамгийн магадлал багатай хувилбар юм.
Түр дулаарал хэзээ эргэж хүйтрэх вэ?
Ийнхүү болзошгүй бүх хувилбарыг задлан шинжлэхэд, санаачилга түрүүлж гаргасан байх хамгийн олон боломжит хувилбартай тал нь БНАСАУ байх бөгөөд өөрийн ашиг сонирхолдоо нийцсэн цаг зуурын хамгийн их ашгийг мөн л Пёнъян өөртөө гаргаж авсан байх дүр зураг ажиглагдаж байна. БНСУ-ын хувьд түүхэндээ зохион байгуулж буй хоёр дахь олимпийн наадмаа аюулгүй байдлыг сайтар хангасан нөхцөлд, улс төрийн сөргөлдөөнтэй асуудалгүйгээр явуулж дуусгах эрх ашигтаа нийцсэн давуу талыг өөртөө бий болгож чадлаа. Харин АНУ-ын хувьд оролцоо, санаачилга нь байж болохыг үгүйсгэхгүй хэдий ч холбоотондоо өөрийн гадаад бодлогыг тулгаж чадаагүй, стратегийн аюул занал, үл бүтэх улс (rogue state), дайсагнагч хүч хэмээн тодорхойлсон улсдаа үзэл суртлын болон цаг хугацааны давуу талыг үндсэндээ тавьж өгсөн байдал ажиглагдаж байна.
Үүсээд байгаа энэхүү “түр дулаарлыг” хамгийн түрүүнд эвдэж, “тэвчээр алдах” тоглогч эдгээрийн аль нь байх вэ? БНСУ-ын зүгээс ийм алхам түрүүлж гарахгүй гэж үзэж болно. Учир нь үйл явдлын одоогийн өрнөл Сөүлд хамгийн ашигтай биш хэдий ч ерөнхийлөгч Мүн Жэ Ин мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн үзэл санааг хэрэгжүүлэх, “зүүний үндсэрхэх” жигүүрийн бодлогоо үргэлжлүүлэхэд нь харьцангуй таатай боломжийг өгч байгаа юм. Хэврэг тэнцвэрийг эвдэх сонирхол өнөөгийн нөхцөлд хамгийн ашиггүй байдалд байгаа Вашингтонд байх магадлал илүү. Мөн Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг бүрмөсөн зогсоох эцсийн зорилгоосоо ухрахгүй нь ойлгомжтой тул АНУ-ын зүгээс олимпийн наадмын дараа, эсвэл дундуур нь ч ямар нэг хатуу мэдэгдэл хийх, хамгийн багадаа Д.Трамп твиттер хуудаснаа ээлжит жиргээгээ байршуулахад л Пёнъяны зүгээс тэр дор нь хариу үйлдэл хийж энэхүү хэврэг тэнцвэрийг бусниулах нь ойлгомжтой.
Нөгөөтээгүүр, хэдий технологийн хувьд өмнөхөөсөө илүү хүчин чадалтай, дэвшилттэй болсон гэж үзэж байгаа ч Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр боловсруулалтын шатандаа байгаа; цаашид ч тасралтгүй хөгжүүлж, туршилт хийсээр байх болно. Хамгийн ойрын хугацаанд 2 дугаар сарын 8-ны цэргийн ёслолын жагсаалаар баллистик пуужингаа дэлгэн харуулах, мөн 16 -ны өдөр Ким Чен Ирийн дурсгалыг хүндэтгэн ямар нэг алхам хийхийг үгүйсгэхгүй. АНУ, БНСУ ч төлөвлөгөөт хоёр талын зэвсэгт хүчний хамтарсан сургуулийг олимпийн үеэр түр хойшлуулсан боловч цуцлаагүй, 3 дугаар сарын эхээр хийхээр төлөвлөөд буй. Энэ бүгдээс харахад Пёнчаны олимпийг угтсан “түр дулаарал” хэдий Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдалд эерэг уур амьсгалыг бүрдүүлж, аль ч талын хувьд хурцадмал байдлын үед цаашид баримжаа болгох жишиг төлөв хандлагыг шинэчлэн тогтоож байгаагаараа нааштай алхам мөн боловч цаг зуурын үзэгдэл гэдэг нь тодорхой. Солонгосын хойг дахь зөрчил ороомгийн хуулиар тодорхой давтамж бүхий мөчлөгөөр хурцдаж, намждаг зүй тогтол энэ удаад ч давтагдаж, гагцхүү цаг хугацааны хувьд мөчлөгүүдийн эргэлт илүү түргэн болох хандлага бий болж эхэллээ гэж үзэж болох юм. Энэ нь алсдаа харьцангуй удаан эргэлт бүхий мөчлөгөөс ч илүү аюултай, аль ч тал нь нөгөөгийнхөө дохиог нэгэнт буруу хүлээн авсан бол хариу үйлдлийг огцом хийх нөхцөлийг бүрдүүлж, залруулахад хугацаа оройтох эрсдэл рүү ч хөтөлж болзошгүй.
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23