Арга барсан сүрдүүлэг үү, жанжин шугамын үргэлжлэл үү?
2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр АНУ-ын Сангийн яам В.В.Путины ойрын хүрээлэлд багтах Оросын дээд түвшний төр засгийн эрх баригчид, томоохон бизнесийн төлөөлөл олсон 210 хүний нэрсийн жагсаалт бүхий “Кремлийн тайлан” (Kremlin Report) гэх баримт бичгийг Конгресст танилцуулснаар ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах шийдвэрийн үндэс суурь тавигдав.
Оросын эрх баригчид энэ жагсаалтыг эсэргүүцсэн мэдэгдэл хийсэн нь зүй ёсны хариу үйлдэл байв. АНУ-ын Сангийн яамнаас Төрийн департамент, Үндэсний тагнуулын захирлын албатай (Office of Director of National Intelligence) зөвлөлдсөний үндсэн дээр энэ жагсаалтыг гаргасан бөгөөд үүгээрээ ОХУ -ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, ирэх 3 дугаар сарын 18-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг оролдож байна хэмээн буруушаав.
В.В.Путин уг жагсаалт нь Оросын элитүүд, тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн ашиг сонирхлыг огт хөндөөгүй, харин тэдний ард буй жирийн иргэд, хөдөлмөрчид, аж үйлдвэрийн салбар, “ОХУын 146 сая иргэнийг багтаасан жагсаалт” болсон гэж мэдэгдэв.
ОХУ-ыг ганцаардалд оруулах «Кремлийн тайлан»
АНУ-ын Конгресст “Америктай сөргөлдөгчидтэй хоригийн аргаар тэмцэх тухай” хууль (Countering America’s Adversaries Through Sanctions Act, CAATSA)-ийн 241 дүгээр хэсгийн зүйл заалтыг үндэс болгон, тус хуульд заасан эцсийн хугацаандаа буюу өнгөрсөн сарын 29-ний дотор багтан танилцуулагдлаа. Уг тайлангийн нээлттэй хэсэгт орж буй нэгдүгээр хавсралтад:
(i) Ерөнхийлөгчийн тамгын газар;
(ii) Засгийн газрын гол гишүүн-сайд нар, агентлагийн дарга нар;
(iii) Холбооны хурлын Холбооны зөвлөл, Төрийн думын гишүүд, Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, төрийн өмчит компанийн гол удирдлагууд багтжээ.
Хоёрдугаар хавсралтад нийт цэвэр активын хэмжээ нь нэг тэрбум ам.доллар давсан Оросын олигархуудыг жагсаасан байна.
Тайлангаас нийтэд ил болгосон хэсэгт (жагсаалтад) дурдагдсан нэрс нь тэдний эсрэг хориг арга хэмжээ авах үндэслэл болохгүй гэж тодотгосон байна.
Гэвч нөхцөл байдлын өрнөлөөс шалтгаалан тайлангийн нууцалсан хэсэгт авч хэрэгжүүлэх хэд хэдэн хувилбарын санал-зөвлөгөөг агуулсан байх талтай юм. Тайлантай холбогдуулан ерөнхийлөгч Д.Трамп Оросын эсрэг ямар ч хориг арга хэмжээ авахгүй байгааг маань Конгрессын гишүүд шүүмжилсэн бол Сенатын олон улсын асуудал хариуцсан хорооны орлогч дарга Б.Кардин тайлангийн нууцалсан хэсгийг ил болгохгүй гэдгийг мэдэгдэв.
Жагсаалтын талаарх ОХУ-ын байр суурь
ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев “Кремлийн тайлан”-г “гадаад аюул заналаар дотоод асуудлаа далдлах ээлжит оролдого” бөгөөд “Оросын гадаад бодлогыг өөрчилж чадахгүй, нэр хүндэд нь ч нөлөөлж чадахгүй” гэв. “АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийн гол зорилго бол Вашингтоны жанжлалыг хүчээр сэргээхэд оршиж байна” хэмээн тэрээр тэмдэглээд өмнө нь терроризмтой тэмцэх нэрийдлээр дэлхий нийтийн энх тайвныг эвдэж байсан америкийн аюул энэ удаад ОХУ, БНХАУ-ыг чичлэх замаар илэрч байна” гэв.
ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн олон улсын асуудал хариуцсан хорооны нэгдүгээр орлогч дарга С.И.Кисляк (ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайдаар 2008-17 онд ажилласан) эл явдлыг Оросыг “тогтоон барих” АНУ-ын үе шаттай шинэ бодлогын илрэл гэв. Америкийн ийм бодлого үндсэн гурван хэсгээс бүрддэг: нэгд, хил орчим цэргийн хүч хуримтлуулах, хоёрт, эдийн засгийн хувьд дарамт шахалт үзүүлэх, гуравт, үзэл суртлын дарамт шахалт үзүүлэх зэрэг ажээ. Энэ болгон нь тус тусдаа төрөл бүрийн арга хэрэгслээс бүрддэг болохыг онцлов.
ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко сонгуулийн өмнө ийм жагсаалт нийтлэн улсын төрийн удирдагч, ерөнхий сайдыг багтааж байгааг тусгаар улсын дотоод хэрэг, сонгуулийн үйл явцад бүдүүлгээр оролцож буй, хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлж, нийгэмд тогтворгүй байдал үүсгэх гэсэн оролдлого гэв.
Тэрээр, “бид ийм анхааруулга, хоригийн дараа ямар аюул занал нүүрлэхийг ойлгож байгаа тул зүгээр суухгүй. Америкийн бодлогогүй алхамын уршигийг багасгах, хохирлыг бууруулах зорилгоор бизнес, санхүүгийн секторт төдийгүй тодорхой хувь хүнийг хамгаалах талаар арга механизмыг боловсруулж байгаа” гэж мэдэгдээд байна.
Жагсаалтын гадуур үлдэгсэд хэн бэ?
ОХУ-ын 1990-2000 оны нийгэм, эдийн засгийн шинэчлэлд голлох үүрэг гүйцэтгэж ирсэн, либерал үзэлтэй улс төрчид жагсаалтын гадуур үлдсэн байна.
Тухайлбал 1997 оны дэлхийн хамгийн шилдэг сангийн сайдаар тодорсон, өдгөө “Роснано” корпорацийн ерөнхий захирал А.Б.Чубайс, Оросын шинэ түүхэнд хамгийн удаан хугацаанд (2000-2011 онд) сангийн сайдын албыг хашсан, Стратегийн боловсруулалтын төв (Центр стратегических разработок)-ийн захирал А.Л.Кудрин болон 2007 онд АНУ-ын Йелийн их сургуулийг дүүргэсэн, 2016 онд Британийн The Banker сэтгүүлээс Европ дахь төв банкуудын даргаас шилдэг нь гэж тодруулж байсан Оросын Төв банкны дарга Э.С.Набиуллина нар багтаагүй ажээ.
Оросын элитийг хуваах АНУ-ын стратеги
ОХУ нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Д.Трампыг ялахад нөлөөлсөн гэж тус улсын Тагнуулын төв газраас өмнө нь мэдэгдсэн. CNN, The Washington Post, Wall Street Journal зэрэг том хэвлэлүүд “Кремлийн тайлан”-г тус жагсаалтад багтсан олигархууд 90-д оны үеийн өмч хувьчлалын үеэр баяжсан, В.В.Путины нөлөөнд багтаж байгааг онцлон түүний сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлэх зорилготой бөгөөд улс төрийн сонирхолтой хүмүүс байхыг үгүйсгэхгүй байна.
Сонгуульд нэр дэвшигчдээс В.Путинтэй өрсөлдөх улс төрч алга байгаа ч, түүний кампанит ажилд хөндлөнгөөс нөлөөлөх замаар өрсөлдөгчдийнх нь боломжийг нэмэгдүүлэх гэсэн арга байж болох юм. АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөнд нь ОХУд өшөөрхөж, энэ удаад АНУын зүгээс Оросын ирэх 3 дугаар сарын сонгуульд нөлөөлөх гэсэн оролдлого байх магадлалтай юм.
Д.Трампын тоглолт
Д.Трампын ойр хүрээллийнхэн оросын тусгай албадтай холбоотой байсан, сонгуульд ялахад нь оросууд нөлөөлсөн гэсэн мэдээллийн кампанит ажлыг АН-ынхан шууд гардан явуулж, БНН доторх өрсөлдөгчид нь чимээгүй дэмжсээр өнөөг хүрлээ. Д.Трампын багийн нөлөө бүхий зүтгэлтнүүдтэй албан харилцаа тогтоох замаар АНУ-ын засаг захиргаанд шийдвэр гаргах түвшинд ойр албан тушаалтнуудад нөлөөлөх оролдлогыг ОХУын тусгай албадын зүгээс хийсэн байж болох тухай мэдээлэл хэвлэлээс хальж, хууль тогтоогчдын түвшинд шалгагдах болсоор хагас жилийн нүүр үзлээ. Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан генерал М.Флинн, ОХУ-тай бизнесийн түнш байсан төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон, Д.Трампын хүргэн бөгөөд Ойрх Дорнод дахь тусгай төлөөлөгч Ж.Күшнер зэрэг олон хүн хардагдаж байна. Хардлагыг илүү үнэмшилтэй харагдуулж байгаа нь М.Флинн үндсэн хуулийн тавдугаар нэмэлтээр олгогдсон эрхээ эдлэх үндэслэлээр (өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх) мэдүүлэг өгөхөөс татгалзсан явдал байв.
ТТГ-ын дарга асан Ж.Брэннан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сенатын тусгай хороонд мэдүүлэг өгөхдөө “Д.Трампын багийн зарим гишүүд оросуудтай харилцаж байсан байдал нь тэднийг нууцаар хамтран ажиллаж байгаа биш биз гэсэн эргэлзээг надад төрүүлсэн” гээд ХМТ-ноос явуулж буй мөрдөн шалгах ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ бүхнээс үүдэн Д.Трамп оросуудтай хуулиас давсан холбоогүй гэдгээ нотлохын тулд зориуд ийм “хар жагсаалт”ыг санаачлан улс төрийн өрсөлдөгчдийнхөө өмнө “нэрээ цэвэрлэх” оролдлого гэж тайлбарлах явдал байна. Гэвч Д.Трамп өнөөг хүртэл ийм хардлагыг илт үл тоомсорлон, “хуурамч мэдээ” (fake news) хэмээх ганц үгээр хариу барьж, үүнийг сөхсөн хэвлэл, мэдээллийнхнийг хэл амаар доромжилсоор ирсэн тул өдийд ингэж болгоомжлох, өрсөлдөгчиддөө тал засах шалтгаан байхгүй.
Дотоод улс төрийн шалтгаан
Харин Цагаан ордны энэ удаагийн алхмын уг сурвалжийг мөн л дотоод улс төрийн амьдралаас, гэхдээ арай өөр өнцгөөс хайх нь зүйтэй мэт. Д.Трампын дотоод бодлогыг эсэргүүцэгчид сөрөг хүчин төдийгүй өөрийнх нь намаас Сенат, Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон улс төрчдийн олонхийг бүрдүүлж байгаа нөхцөлд түүний тэргүүлсэн засаг захиргаа дотооддоо чиглэсэн нийгэм, эдийн засгийн реформ хийхэд ихээхэн чөдөр тушаа болж байгаа. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, боловсрол, олборлох аж ахуй, бизнесийн орчин, татварын тогтолцоо зэрэг олон асуудлаар сүүлийн жилүүдэд явуулж ирсэн бодлогод огцом өөрчлөлт хийх амлалттайгаар сонгогдсон түүнд энэ хэт олонхтой гадаад бодлогын зарим асуудлаар буулт хийх замаар хэл амаа ололцох зайлшгүй шаардлага
тулгарсан. Үүний тод жишээ бол 1 дүгээр сарын 30-ны өдөр Конгрессийн хоёр танхимын нэгдсэн хуралдаанд хандаж хийсэн “Нэгдсэн улс дахь нөхцөл байдлын тухай” илгээлт(State of the Union Address)-дээ өмнөх олон улсын аюулгүй байдал, гадаад бодлогын талаар үндсэндээ дурдалгүй, гадаад орнуудад өгөх зээл, тусламжийг “зөвхөн Америкийн анд нөхдөд үзүүлнэ” гэснийг эс тооцвол дотоод асуудал руугаа бүрэн чиглэсэн шинжтэй байв. Америкийн төрийн тэргүүн жил бүрийн 2 дугаар сарын эхээр сонсгохоор хуульчилсан, Д.Трампын хувьд анхны илгээлтийн агуулга түүний засаг захиргааны бодлого үнэхээр дотогшоо түлхүү чиглэсэн болохыг нотлон харууллаа. Түүнээс ердөө долоо хоногийн өмнө холбооны төсөв батлуулахаар өргөн мэдүүлэхэд нь Сенат дээр гацааж, холбооны засгийн газрын үйл ажиллагааг гурван хоног бүрмөсөн зогсоосон нь дээрх зөрчил хэр гүнзгий болсныг харуулна. Тиймээс Оросын эсрэг ээлжит кампанит ажил ОХУ-тай төдийлэн шууд хамааралтай бус гэж ойлгож болно.
Дараагийн алхам юу вэ?
ОХУ, АНУ-ын эсрэг байр суурийн туйлыг “Кремлийн жагсаалт” харууллаа. Нэг талаас Москва АНУ-ыг холбоотнуудын хамтаар ОХУ -тай түншийн харилцаатай улс орнуудад Оросын эсрэг улс төрийн чиг баримжааг бүрдүүлэх, улс төр, эдийн засгийн ганцаардалд оруулах болон хуучин зөвлөлтийн орон зай дахь ОХУ-ын нөлөөг бууруулахыг эрмэлзэж байна гэсэн байр суурь дээр байгаа бол нөгөөтээгүүр АНУ нь “Эдийн засгийн шинэ хориг, бусад арга хэрэгслээр (Америкийн үнэт зүйлст суурилсан манлайлал, хэв журмыг гэж ойлгоно) Москвагийн худал хуурмаг үзэл суртлын эсрэг үнэний тусламжтай Оросын хохирлыг нэмэгдүүлсээр байх бөгөөд шаардлагатай тохиолдолд Оросын хүчирхийлэлтэй урт хугацаанд тэмцэх замаар Оросын түрэмгийллийг хязгаарлана тогтоох”-од оршиж байна.
Энэхүү сөргөлдөөний тасралтгүй нөхөн үйлдэгдэх төлөв, чиг хандлага нь талуудын геополитикийн ашиг сонирхолд суурилсан урт хугацааны төсөл үргэлжлэх болохыг харуулж, ОХУ-д ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам тус улсын дотоод хэрэгт нөлөөлөх гэсэн АНУ тэргүүтэй өрнөдийнхний оролдлого, мэдээллийн кампанит ажлын цар хүрээ улам эрчээ авах магадлал өндөр байна.
Казахстаны жишгээр Оросын активаар оролдох явдал дараагийнх нь алхам байх вий гэсэн болгоомжлол төрж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард Бельгийн шүүхийн шийдвэрээр Bank of New York Mellon гэгч банк Казахстаны үндэсний сангийн актив болох 22 тэрбум ам.долларыг царцааж байв. Тус улсын нефтийн борлуулалтаас олсон орлогоос “Ирээдүй үе” санг бүрдүүлдэг байсан бөгөөд энэ сангийн нийт нөөцийн 40%-тай тэнцэх хөрөнгийг тэр үед царцаажээ.
2017 оны 10 дугаар сард АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын алба (Office of Foreign Assets Control, OFAC) нь онцгой ангиллын болон хориотой иргэдийн жагсаалт (Specially Designated Nationals List, SDN)-ыг нийтлээд байсан бөгөөд түүнд Сбербанк, Роснефть, ВТБ болон бусад хуулийн этгээд, хувь хүн багтжээ. Уг жагсаалтад орсон компанийн активыг царцааж, эдгээр иргэд, компанитай америкийн иргэд холбогдох нь хориотой болдог.
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
Солонгосын хойг дахь түр дулааралДараах нийтлэл
ОХУ-ын зэвсэглэлийн шинэ хөтөлбөр (2018-2027)Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02