ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин 2018-2017 оныг хамрах Зэвсэглэлийн улсын хөтөлбөр (ЗУХ)-ийг өнгөрөгч оны сүүлийн долоо хоногт баталж, 1 дүгээр сарын 24ний өдөр нийтэд зарлалаа. Шинэ хөтөлбөрийн гол зорилт нь цөмийн тогтоон барих хүчийг бэхжүүлэх, армид өндөр цэцтэй зэвсэг нийлүүлэхэд чиглэх аж. Дурдсан хугацаанд Оросын батлан хамгаалах аж үйлдвэрийн тогтолцоо “тогтвортой, хурдтай” ажиллах болно хэмээн В.В.Путин мэдэгдэв. Тэрээр, 2025 он гэхэд батлан хамгаалах аж үйлдвэрийн газрууд дахь иргэний зориулалттай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хувь хэмжээг 30% хүртэл, 2030 он гэхэд 50% хүртэл өсгөх стратегийн зорилт тавьж буйгаа мэдэгдлээ.
ЗУХ-ийг хэрэгжүүлэхэд 20 их наяд рубль төсөвлөхөөр тусгасан, үүнээс 19 их наядыг зэвсэг, техник боловсруулах, худалдан авах, сэргээн засварлахад зориулахаар төлөвлөжээ. Анх удаа 1 их наяд рублийг зэвсэглэлд авч байгаа шинэ зэвсэг, техникийн хадгалалт, ашиглалтын дэд бүтцийг байгуулахад зарцуулахаар тусгасан байна. Агаар, газар, тэнгисийн байрлалын өндөр цэцтэй зэвсэг, нисгэгчгүй цохилтын цогцолбор, цэргийн алба хаагчдын нэг бүрийн агсамж, хэрэгсэл, тагнуул, холбоо, радиоэлектрон тэмцлийн орчин үеийн системээр холбогдох төрөл, мэргэжлийн цэргийг хангах явдал хөтөлбөрийн гол цөм болж байна.
ОХУ-ын БХЯ-ны мэдээлж байгаагаар, ойрын 10 жилд стратегийн тогтоон барих хүчийг зузаатгахаар “Сармат” пуужингийн цогцолбор, зенитпуужингийн С-500 систем, дуунаас хэт хурдан “Циркон” пуужинг боловсруулахаар ажиллана. Хуурай замын цэргийн хэрэгцээнд “Армата”, “Курганец”, “Бумеранг” загварын гинжит хуягт техникийн боловсруулалтын ажил дуусч, шинээр Т-90М танкийг зэвсэглэлд авч, нэн орчин үеийн Т-80БВМ танкийг туршилтад оруулсан байна. Агаар-сансрын цэргийн хувьд, Су-57, МиГ-35 сөнөөгч онгоцуудыг зэвсэглэлд хүлээн авч, Ту95МС, Ту-160М, Ту-22М3 бөмбөгдөгч онгоцуудыг шинэчлэн сайжруулах ажил дуусч, алсын авиацийн цогцолбор (“ПАК ДА”)-г зохион бүтээхээр төлөвлөөд байна. Тэнгисийн цэрэгт зориулж 955А төслийн дараагийн шатны боловсруулалтын үр дүн болох стратегийн зориулалттай “Борей-Б” шумбагч крейсер, өндөр цэцтэй зэвсгээр тоноглогдсон байлдааны хөлөг онгоцууд, цоо шинэ загварын Ка-52 “Катран” нисдэг тэргийг тээвэрлэгч 2 нэгжийг зохион бүтээхээр хөтөлбөрт тусгажээ.
“Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд зэвсгийн цоо шинэ төрөл, загварыг нэвтрүүлэх болно. Батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх үйлдвэрүүдэд хийгдэх боловсруулалтын үр дүнд 2025–2026 он гэхэд зэвсэгт тэмцлийн стратеги, тактикт дорвитой өөрчлөлт гаргах боломж бүрдэнэ гэж үзэж байна” гэж ОХУ-ын БХЯны орлогч сайд Ю.И.Борисов мэдэгдээд байна.
Цөмийн тогтоон барих хүчний зузаатгал
Шинэ хөтөлбөрийн тэргүүлэх зорилт нь стратегийн цөмийн тогтоон барих хүчийг зузаатгахад чиглэж байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин “Стратегийн тэнцвэрийг алдагдуулах зорилгоор зөвхөн пуужингийн довтолгооноос хамгаалах глобал систем төдийгүй цөмийн зэвсэгтэй дүйх цохилтын системийг боловсруулж байгаа оролдлогуудыг бид ажиглаж байна. Цөмийн бус боловч цохилтын хүч, цэцээрээ цөмийнхээс огт дутахгүй хөнөөлтэй орчин үеийн систем. Ийм зэвсгээр яах гэж? Ганцхан зорилготой, тэр нь сүрдүүлэг гэж би бодож байна” хэмээсэн.
Түүнийхээр, өнөөдөр Оросын цөмийн хүч стратегийн тогтоон барих зорилтыг найдвартай биелүүлэх түвшинд байгаа ч цааш улам хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. 2017 оны эцсээр Оросын цөмийн зэвсэглэл дэх орчин үеийн зэвсгийн эзлэх хувь хэмжээ 79%-д нэгэнт хүрсэн ба 2021 он гэхэд энэ үзүүлэлт 90%-д хүрсэн байхаар төлөвлөж байна. Үр дүнд нь одоо байгаа болон цаашид зэвсэглэлд нэвтэрч болох пуужингийн довтолгооноос хамгаалах системийг нэвтэрч цохилт өгөх хүчин чадал бүхий орчин үеийн пуужингийн цогцолборуудыг зэвсэглэлд авах ёстой.
ЗУХ-ийн хүрээнд Стратегийн зориулалттай пуужингийн цэрэг нэн шинэ үеийн “Сармат”, “Рубеж” тив алгасагч баллистик пуужинг зэвсэглэлд хүлээн авна. ОХУын Холбооны хурлын дээд танхим – Холбооны зөвлөлийн батлан хамгаалах, ауюлгүй байдлын хорооны дарга, Агаар-сансрын цэргийн хүчний командлагч асан бэлтгэл хурандаа генерал В.Н.Бондаревын хэлснээр, стратегийн зориулалттай пуужингийн цогцолборуудыг шинэчилж, “Тополь” ангиллын пуужинт цогцолборуудыг ашиглалтаас гаргаж, орчин үеийн, нарийвчлал сайтай “Ярс”-ыг зэвсэглэлд авах ажээ. Харин өнөөдөр зэвсэглэлд байгаа “Воевода” тив алгасагч хүнд баллистик пуужингийн ашиглалтын хугацааг 2027 он хүртэл сунгах төлөвлөгөөтэй гэж Стратегийн зориулалттай пуужингийн цэргийн хүчний командлагч хурандаа генерал С.В.Каракаев мэдээлэв.
Ю.И.Борисов “Сармат” пуужингийн тусгалын холын зай нь дэлхийн аль ч цэгт онилсон бай руу зөвхөн Хойд туйл дээгүүр давж бус, Өмнөд туйл дээгүүр ч давж цохилт өгөх боломжтой, өөрөөр хэлбэл дэлхийн бөмбөрцгийг бүхэлд нь багтаасан байна гэсэн мэдээлэл өгчээ.
“Сармат” тив алгасагч хүнд баллистик пуужин нь газар доорх байрлалаас харвах зориулалттай, шингэн түлшээр ажиллах бөгөөд одоо зэвсэглэлд байгаа Р-36М2 “Воевода” пуужинг хална; энэ боловсруулалт 2013 онд эхэлсэн бөгөөд 2027 онд бүрэн шилжсэн байна. “Воевода”-гийн ашигтай даац 8,75 тонн байгаа бол “Сармат”-ынх 10 тонн байх аж. Энэ пуужинг 2019–2020 он гэхэд зэвсэглэлд нэвтрүүлсэн байхаар төлөвлөж байна. Гэхдээ “Воевода”-г наанадаж 2024 он хүртэл байлдааны жижүүрлэлтэд байлгаж, ашиглалтын хугацааг нь өмнө өгүүлсэнчлэн 2025– 2027 он хүртэл сунгахаар шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн РС-24 “Ярс” төслийн үргэлжлэл болох РС-26 “Рубеж” газрын байрлалтай пуужингийн хөдөлгөөнт цогцолборыг боловсруулах ажил хэдэн жилийн өмнө эхэлсэн. “Рубеж” нь пуужингийн довтолгооноос хамгаалах системийг нэвтлэх зориулалт бүхий байлдааны удирдлагат блок шинээр байрлуулсан давуу талтай. Шинжээчдийн дүгнэж байгаагаар, тусгалын хамгийн холын зай нь 12 мянган км хүрэх ба 2-6 мянган км доторх байнд ч цохилт өгөх боломжтой (энэ нь ойрын болон дунд зайн тусгалт пуужинг устгах тухай гэрээг зөрчиж байна гэж АНУ үздэг).
Хуурай замын цэргийн зэвсэглэлийн шинэчлэл
Шинэ хөтөлбөрт хуурай замын цэрэг, агаарын десантын цэргийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ гэж заажээ. Шинэ үеийн
хуягт техник – Т-90М “Прорыв-3”, Т-14 “Армата” танк, “Бумеранг” хуягт тээвэрлэгч, “Курганец-25” явган цэргийн хуягт машин зэвсэглэлд авна. “ЗУХ-ийг баталснаар зэвсэгт хүчний төрлийн цэрэг бүрийн хөгжлийн зорилтуудыг тэнцвэржүүлж чадсан” гэж В.Н.Бондарев онцлон тэмдэглэв. Тэрээр, “өмнөх хөтөлбөрт тэнгисийн болон агаар-сансрын цэргийг хөгжүүлэх зорилт арай илүү туссан байдалтай, тэнцвэргүй харагдаж байгаа – үүнийг ч зарчмын хувьд ойлгож болно, учир нь орчин үеийн дайн агаарт, сансарт л явагдах болсон – тэгвэл шинэ хөтөлбөрийн дагуу гурван төрлийн цэрэг үндсэндээ ижил хэмжээний санхүүжилт авахаар болсон” гэж хэллээ.
Т-14 “Армата” танкийн эхний нэгжүүдийг туршилтын ашиглалтад хүлээн авах гэрээ хийгдэж дуусаад байна. Одоо батлан хамгаалах аж үйлдвэрийн газрууд дээр уг танкийг угсарч дуусгаж, бүх зангилаа, агрегатуудын тохируулгыг хийж байна.
Шинэ үеийн “Армата” танк нь олон талаараа Оросын өөрийнх нь болон гадаад улсын шилдэг танкуудаас давуу талтай. “Энэ загварыг тоон болон программын өвөрмөц шийдлүүдийг ашиглан модулийн зарчмаар гүйцэтгэсэн нь түүнийг цаашид шинэчлэн сайжруулах, улмаар роботжуулах бараг хязгааргүй боломжийг бүрдүүлж байгаа юм” гэж Хуурай замын цэргийн хүчний командлагч хурандаа генерал О.Л.Салюков онцоллоо.
ЗУХ-ийн хүрээнд “Армата”-гийн серийн үйлдвэрлэл 2020 онд эхэлж, хэдэн зуун нэгжийг эхний ээлжинд Өрнөд болон Өмнөд цэргийн тойргийн нэгтгэлүүд зэвсэглэлд хүлээн авна. Харин туршилтүйлдвэрлэлийн нэгж загваруудыг нь 2018 оны сүүлийн хагаст багтааж зэвсэгт хүчинд нийлүүлнэ.
“Тосочка” хүнд галаар буудагчийн нэн шинэ систем нь өмнөх үеийн “Солнцепек”-ийг хална. Үүний нийлүүлэлтийг ЗУХ-т мөн заасан бөгөөд урьдчилсан туршилтын загварыг боловсруулж эхлээд байна. Уг системийг дугуйн суурьтайгаар бүтээх аж.
Хуурай замын цэргийн зэвсэглэлд анх удаа хуягт техникийн төрлийн шинэ зэвсэг – “Терминатор” танк дэмжих байлдааны машин нэвтрүүлэх тухай мэдээлэл 2017 онд ил болсон. Эхний ээлжийн худалдан авалтыг энэ оны хавар хийнэ гэж БХЯ-наас мэдээлээд байгаа. “Терминатор”-ыг мотобуудлагын болон терроризмтой тэмцэх ангиудад дангаар нь, эсвэл танкийн хамт хуягт техникийн холимог зэвсэглэлийн хүрээнд хэрэглэж болно. Тиймээс ч нэршлийг нь “галын дэмжлэгийн байлдааны машин” гэж өөрчлөн нэрлэх нь зүйтэй гэсэн саналыг үйлдвэрлэгч “Уралвагонзавод” корпорацийн удирдлага болон инженерүүдийн зүгээс гаргасан; саналыг захиалагч дэмжих магадлалтай.
Тэнгисийн цэрэгт шинээр авах зэвсэглэл
Тэнгисийн цэргийн хүчинд зориулж ЗУХ-ийн хүрээнд корвет, фрегатад сууриулуулсан өндөр цэцтэй удирдлагат пуужингийн систем нэвтрүүлэхээр зорьж байна. Тухайлбал, хөлөг онгоц эсэргүүцэгч дуунаас хэт хурдан “Циркон” далавчит пуужинг боловсруулна гэж ТАСС агентлаг мэдээлэв. 2017 оны 11 дүгээр сарын байдлаар зэвсэгт хүчний зэвсэглэлд эхний загвар нэгжүүдийг хүлээн авсан талаар В.Н.Бондарев мэдэгдсэн байна. Хөтөлбөрт “Калибр-НК” далавчит пуужин, “Циркон” дуунаас хэт хурдан пуужингаар тоноглогдсон 20385 болон 20386 загварын корвет, 22350 болон 22350М загварын фрегатыг боловсруулах, үйлдвэрлэх явдал тэргүүлэх чиглэл болж орсон байна.
Өнөөдрийн байдлаар ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлд 20380 загварын “Совершенный” корвет 5 нэгж байгаа ба нэмж 5 нэгж үйлдвэрлэх шатандаа байна. Шинэчилсэн 20385 загварын корвет 2 нэгж, 20386 загварынх 1 нэгжийг үйлдвэрлэлд оруулаад байна. Эдгээрийн захиалгыг нэмэгдүүлж, одоо үйлдвэрлэж байгаа СанктПетербургийн “Северная верфь” болон Амарын хөлөг онгоцны үйлдвэрт угсардаг бол нэмж Калининградын “Янтарь” үйлдвэрт угсрах төлөвтэй. Мөн 22350 загварын фрегат 4 нэгжийг “Северная верфь” үйлдвэрт угсарч байгаа; үйлдвэрээс гарахад хэр бэлэн болсон нь харилцан адилгүй байна.
3К22 цогцолборын 3М22 “Циркон” пуужинг “Калибр”, “Оникс” пуунжинг харвахад хэрэглэдэг 3С14 төхөөрөмж ашиглан харваж болохоор шийдэлд хүрсэн гэх мэдээлэл байна. Ийм төхөөрөмжийг 20380 загварын корвет, 22350 загварын фрегат дээр суурилуулж байгаа нь үүнийг нотолж байна. “Циркон”-ы тусгалын холын зай нь 400 км, дээд хурд нь 4–6 Махын тоо (шингэн ба хийн төлөвт бодисын хурдны хэмжүүр) байхаар тооцож байгаа ч 2017 оны 4 дүгээр сард хийсэн туршилтын үед 8 Махын тоо хүрсэн гэх мэдээлэл байна. Мөн 3С14 харвах төхөөрөмжөөр 11442 “Орлан” загварын “Пётр Великий”, “Адмирал Нахимов” пуужинт атомын хүнд крейсерийг засварлан шинэчилсний дараа тоноглоно гэж батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарын албаны хүмүүс мэдээлэв. Ингэснээр, эдгээр хөлөг онгоц “Оникс”, “Калибр”, “Циркон” пуужинг харвах боломжтой болж байгаа юм. Одоогийн байдлаар дээрх хоёр крейсер “Гранит” пуужингийн цогцолбороор тоноглогдсон байгаа. Хөлөг онгоцуудыг шинэчлэн сайжруулах ажил ЗУХ-ийн хэрэгжих хугацаанд бүрэн дуусах ба “Адмирал Нахимов”-ыг 2022 онд, “Пётр Великий”-г 2025-2026 он гэхэд шинээр зэвсэглэсэн байх аж.
ОХУ-ын БХЯ, Хөлөг онгоц үйлдвэрийн нэгдсэн корпорацийн харилцан тохиролцсоноор, нисдэг тэрэг тээвэрлэгч хөлөг онгоцны үйлдвэрлэл 2020 онд эхлэхээр болсон байна. Нисдэг тэрэг тээвэрлэгчийг туршилт-зохион бүтээх ажлыг энэ онд эхлүүлж, хоёр жилийн дараа угсралтад шилжих ба эхний нэгжийг 2022 онд зэвсэглэлд авсан байна гэж Ю.И.Борисов мэдээлсэн. Эдгээрийн авиацийн бүлгийн цөмийг Ка-52К “Катран” нисдэг тэргүүдээр бүрдүүлнэ гэж үзэж байна. Нисдэг тэрэгнүүдийн угсралт, нийлүүлэлт цаг хугацааны хувьд тээвэрлэгч хөлөг онгоцныхтойгоо зэрэгцэж явахаар төлөвлөсөн байна. “Катран”-аас гадна одоо зэвсэглэлд байгаа Ка-27, Ка -29, Ка-31 нисдэг тэрэг ч дээрх хөлөг онгоцуудын авиацийн бүлгийн бүрэлдэхүүнд үүргээ гүйцэтгэх төлөвтэй байна. Мөн “Северная верфь” үйлдвэр дээр эхлээд 2 нэгж нисдэг тэрэг тээвэрлэгч хөлөг онгоц үйлдвэрлэн ашиглалтад оруулах ба дараа нь цөмийн эрчим хүчээр ажилладаг “Лидер” эсминцийн боловсруулалт эхлэх аж.
Хөтөлбөрт стратегийн зориулалттай “Борей-Б” атомын шумбагч крейсерийг боловсруулах төсөл мөн багтсан. Туршилт -зохион бүтээх ажлыг энэ онд эхлүүлж, тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлд авах хугацааг 2026 он байхаар төлөвлөж байна. Уг завины үндсэн их бие нь одоо зэвсэглэлд байгаа 955 загварын “Борей-А” крейсерийнх дээр суурилсан байх боловч хөдөлгүүрийг шинэчилсний улмаас дуу чимээ нь эрс багассан байх аж. “БорейБ”-г 2023 оноос сери үйлдвэрлэлд шилжүүлж 4өөс доошгүй нэгжийг зэвсэглэлд авна. Энэ шумбагчийн зураг төслийн боловсруулалтыг энэ онд эхлүүлж, аль болох ойрын хугацаанд үйлдвэрлэлийн процессийн дараачийн шатанд шилжихээр төлөвлөж байгаа гэж ОХУын Тэнгисийн цэргийн хүчний командлагч адмирал В.И.Королёв мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлд 955 загварын “Борей” ангиллын стратегийн зориулалттай атомын шумбагч онгоц 3 нэгж (“Юрий Долгорукий”, “Александр Невский”, “Владимир Мономах”) байна. Эдгээрийг хатуу түлштэй “Булава” тив алгасагч баллистик пуужингаар тоноглосон; шумбагч онгоц бүр нь 16 ийм пуужин тээвэрлэх хүчин чадалтай. Мөн “Борей-А” ангиллын 5 нэгж атомын шумбагч онгоц үйлдвэрлэлийн шатанд байгаа ба хамгийн сүүлд “Князь Пожарский” шумбагчийг 2016 оны сүүлчээр угсралтад оруулсан.
Агаар-сансрын хүчний давшингуй хөгжил
Шинэ хөтөлбөр цэргийн нисэх хүчний бүх төрлийг жигд хөгжүүлэхэд анхаарсан байна. Үүнд Ту160М “Белый лебедь”, стратегийн бөмбөгдөгч авиацийн “ПАК ДА” цогцолбор эн тэргүүнд багтаж байна. Сөнөөгч онгоцны парк Сирид явуулсан ажиллагаанд давуу талаа харуулсан Су30СМ, Су-35С-аас гадна тавдугаар үеийн Су-57 “ПАК
ФА” (өмнө нь Т-50 гэсэн нэршилтэй байсан) онгоцуудаар сэлбэнэ. Шинэ үеийн сөнөөх хэрэгслээр тоноглогдсон Су-57 онгоцууд нислэг үйлдэж эхэлсэн талаарх мэдээлэл саяхан гарсан. Түүнчлэн МиГ-35 олон зориулалтат хөнгөн сөнөөгч онгоц 24 нэгжийг улсын захиалга хийсэн. Ту-160 стратегийн бөмбөгдөгчийг Ту-160М гэсэн загвар болгон
шинэчлэн сайжруулж, туршсаны дараа зэвсэглэлд авна гэж В.М.Бондарев мэдэгдээд байна.
Энэ тухайд ОХУ-ын БХЯ, “Туполев” нээлттэй хувьцаат нийгэмлэгтэй шинэчлэн сайжруулсан стратегийн пуужин тээвэрлэгч Ту-160М онгоц 10 нэгжийг нийт 160 тэрбум рублийн өртөгтэйгээр нийлүүлэх гэрээ байгуулав. Чингэхдээ нисэх онгоцны радиоэлектрон төхөөрөмжүүдийг бүрэн сольж шинэчлэх юм.
Түүнээс гадна алсын авиацийн “ПАК ДА” төслийн боловсруулалт хийгдэж байгаа ба энэ нь хэтдээ алсын авиацийн Ту160, Ту-22М3, Ту-95 гурван загварын бөмбөгдөгч онгоцны бүх үүргийг хамтад нь гүйцэтгэх боломжтой бөгөөд радиолокацийн илрүүлэлтийг нь хамгийн доод түвшинд хүртэл бууруулсан (stealth технологи) байна. Үүний тулд радио долгион шингээгч материал их хэмжээгээр ашиглан үйлдвэрлэх ба бүх зэвсгийг их бие дотор байршуулах аж. Шинэ бөмбөгдөгч онгоц 2025-2026 онд нислэг үйлдэж эхлээд 2028-2029 онд сери үйлдвэрлэлд шилжинэ гэж Ю.И.Борисов мэдээлэв.
Агаар-сансрын цэргийн хүчний хуурай замын авиацийн хэрэгцээнд Сирид явуулсан ажиллагаанд үүргээ амжилттай биелүүлсэн цохилтын Ка-52 “Аллигатор”, Ми-28 “Ночной охотник” нисдэг тэргүүдийг нийлүүлнэ. 2018 оны эцсээр Ми-28НМ нисдэг тэрэгний шинэчлэн сайжруулсан хувилбарын эхний нэгжүүдийг зэвсэглэлд авахаар төлөвлөж байна.
ЗУХ-ийн хүрээнд өндөр ач холбогдол өгч буй нэг чиглэл бол дуунаас хэт хурдан пуужин, өндөр цэцтэй зэвсгийн боловсруулалт, үйлдвэрлэл юм. Эдгээрийг зэвсэглэлд нэвтрүүлснээр болзошгүй дайсантай тулгарч байлдах шаардлагыг багасгаж, зайнаас цохилт өгөх хүчийг нэмэгдүүлнэ гэж В.М.Бондарев үзэж байна. Түүнийхээр, “дуунаас хэт хурдан зэвсэг нь хэтдээ стратегийн тогтоон барих хүчийг цөмийн зэвсгийн хүрээнээс хальж цөмийн бус хүрээнд ч хэрэглэх боломжийг бүрдүүлэх ба энэ нь дайны мөн чанарт зарчмын өөрчлөлт оруулах” ажээ. Дуунаас хэт хурдан, цөмийн бус зэвсгийг хэрэглэснээр дайсанд цөмийн цохилтоос дутуугүй хөнөөлтэй атлаа өөрийн цэргүүдийн амь насанд хал багатай, зэвсэгт мөргөлдөөнд оролцоогүй гуравдагч талд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр байлдааны ажиллагаа явуулах боломж бүрдэхээр байна.
Түүнээс гадна алсын авиацийн цохилтын зэвсэглэлд агаарын байрлалтай Х-50 далавчит пуужинг сери үйлдвэрлэлд шилжүүлж 2027 онд худалдан авах болсон талаар Jane’s судалгааны төвийн цахим хуудсанд дурдсан байна.
Ер нь Оросын агаарсансрын цэргийн хүчин Сирид явуулсан ажиллагаанд авиацийн цохилтын зэвсгийг хэрэглэсэн туршлага дээрээ тулгуурлан хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, шинэчлэн сайжруулах ажил хэдийнээ эхлээд байна. Сүүлийн жилд оросын зохион бүтээгчдийн боловсруулж сери үйлдвэрлэлд оруулсан зарим загвар, тухайлбал, агаарын байрлалтай Х-101 далавчит пуужингийн технологи дэлхийд тэргүүлж байна. “Тактическое ракетное вооружение” корпорацийн ерөнхий захирал Б.В.Обносов ТАСС-аас эрхлэн гаргадаг “Военно-техническое сотрудничество” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Х-101 бол нэн нарийн төхөөрөмж бөгөөд цохилтын холын зай, цэцээрээ ийм хэмжээнд хүрсэн барууны ямар ч пуужин үнэндээ байхгүй. Мэдээж, пуужин гэдэг дангаараа үүрэг гүйцэтгэхгүй, энэ бол зөөгч, нислэгийн удирдлага, нисгэгч, инженерүүд гээд олон хүн, техник оролцсон бүхэл бүтэн цогцолбор юм” гэж онцлон тэмдэглэжээ.
ОХУ сүүлийн таван жилийн турш Балтийн, Баренцийн, Газар дундын болон Хар тэнгис дэх стратегийн ач холбогдолтой районуудад өндөр цэцтэй зэвсэг бүхий тэнгисийн цэргийн бүлэглэлүүдийг байршуулсан. Эдгээрийн гол цөмийг “Калибр” далавчит пуужингаар зэвсэглэсэн хөлөг онгоцууд бүрдүүлж байна. Сири дэх террористуудын байрлалууд руу л гэхэд 70аас цөөнгүй пуужингаар 9 удаагийн цохилт өгсөн гэж ОХУ-ын БХЯ мэдээлж байна. ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга армийн генерал В.В.Герасимов “Сирид явуулсан байлдааны ажиллагаа оросын зэвсэглэл, техник дэлхийд шилдэг, ашиглахад хялбар, гэхдээ гадаадын ижил төрлийн зэвсэгтэй харьцуулахад илүү найдвартай, байлдах боломж ихтэй болохыг харууллаа” гэж онцлон тэмдэглэсэн байна.
Зенит-пуужингийн С-400 цогцолборын халааг пуужингаас хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлсэн С-500 цогцолбор авна. Түүнийг ойрын 25 жилд ашиглалтад байлгахаар төлөвлөж байна. ОХУ-ын БХЯ-ны сайд армийн генерал С.К.Шойгу шинэ С500 цогцолборыг зэвсэглэлд нийлүүлэх ажлыг 2020 онд эхлүүлнэ гэж өмнө нь мэдэгдэж байсан. Агаарын довтолгооноос болон пуужингийн довтолгооноос хамгаалах эдгээр цогцолборуудын ашиглалтын мэргэжилтэн офицеруудын сургалт бэлтгэл явагдаж байгаа бөгөөд тээврийн болон цэнэглэгч машин, ачилтын хэрэгслийг боловсруулах ажил энэ онд эхэлнэ.
С-500 нь 7 км/с хүртэлх хурдтай нисэж байгаа нэг дор 10 хүртэлх баллистик пуужин болон дуунаас хэт хурдан далавчит пуужингийн байлдааны блокийг илрүүлэх, амдан сөнөөх хүчин чадалтай байх юм. “Манай цогцолбор өнөөдөр аль ч улсын зэвсэглэлд байхгүй боловч ирээдүйд нэвтэрч болох зэвсэгтэй тэмцэх хүчин чадалтай байх ёстой – өөрөөр хэлбэл, газрын гадаргуугаас хэдэн зуун км өндөрт байгаа байг устгах тухай өгүүлж байгаа юм” гэж зохион бүтээгч “АлмазАнтей” концерны ерөнхий захирал П.А.Созинов хэлсэн байна.
Зэвсэглэлээр дахин хөөцөлдөхийн эхлэл үү?
ОХУ-ын хөтөлбөртэй зэрэгцээд 2 дугаар сарын 2нд АНУ-ын засаг захиргаа “Цөмийн хүчин чадлын үнэлгээ” (Nuclear Posture Review) баримт бичгээ шинэчлэн гаргасан. Хэдий цаг хугацааны хувьд нэн ойрхон болсон ч америкийн аливаа шинэ засаг захиргаа хоёрдахь жилийнхээ эхээр боловсруулан баталдаг бөгөөд үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбоотой бусад баримт бичгүүдтэй харьцуулахад бодлогын залгамж, уламжлалт чанарыг илүү хадгалсан байдаг онцлогтой. Энэ удаагийн баримт бичигт “Орос цөмийн зэвсэг хэрэглэх анхны нөхцлөө ихээхэн доошлуулж байгаа”тай холбоотойгоор хоёр шаттай арга хэмжээ авахыг заасан байна. Нэгд, 2019 онд багтааж Trident стратегийн зориулалттай шумбагч онгоцуудад байрлуулсан алсын зайн тусгалтай цөмийн цэнэгт пуужингуудыг шинэчлэн сайжруулах, хоёрт, тэнгисийн байрлалтай цөмийн цэнэгт удирдлагат пуужинг (“Хүйтэн дайн”-ы үеэс эхлэн зэвсэглэлд байгаад Б.Обамагийн засаг захиргааны үед хадгалалтад шилжсэн) дахин ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Америкийн цэргийн инжеренүүд дуунаас хэт хурдан зэвсгийн боловсруулалтыг гүйцэтгэж, Х-51 далавчит пуужинг туршаад байгаа бөгөөд үүгээрээ ойрын болон дунд зайн тусгалт пуужинг устгах тухай гэрээнээс гарах алхам хийж байна гэж Оросын шинжээчид шүүмжилж байна. ОХУ, АНУ-ын цөмийн тогтоон барих хүчнээ зузаатгах талаар баримталж буй бодлого ийнхүү адил байна.
Харин ОХУ-ын хувьд зэвсэглэлээр хөөцөлдөхгүй гэдгээ албаны бүх шугамаар мэдэгдэж байна. “Манай зүгээс сөргөлдөөнт байдлыг даамжруулах ямар нэгэн алхам хийхгүй. Хийвэл далайн чанадаас эхэлж хийнэ. Хэдийд, ямар хэлбэрээр, ямар хэмжээнд гэдгийг урьдчилан таамаглахад бэрх” гэж В.М.Бондарев онцолж байна. Тэрээр, “ямар ч болзошгүй аюулд бодитой хариу өгөх боломжийг манай ЗУХ бий болгож байна. Гэхдээ ОХУын эн тэргүүний зорилго бол болзошүй цохилтыг сөрөх бус, улс орныг батлан хамгаалах хүчин чадлыг үе шаттай, тууштайгаар зузаатгах, зэвсэглэл, цэргийн техникийн цоо шинэ, өндөр технологийн загварыг боловсруулах, байлдааны жижүүрлэлтэд оруулах явдал юм” гэж тэмдэглэв.
Оросын БХЯ-наас шинэ хөтөлбөрийг “цаг зуурын бус, суурь зорилт дэвшүүлсэн” баримт бичиг бөгөөд зөвхөн зэвсэг техникийн шинэчлэл төдийгүй түүнийг дагах бусад өөрчлөлт, юуны түрүүнд бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилт нэгэн адил агуулсан гэж дүгнэж байна.
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23