Эхлэл өмнөх дугаарт
- Япон улсын ҮАБЗ-ийн Ажлын алба:
- Засгийн газрын дэргэдэх Тагнуул-судалгааны албаны бүтэц (Cabinet Intelligence and Research Office – CIRO):
- Хиймэл дагуулын ажиглалт, хяналтын төв (Cabinet Satellite Intelligence Center – CSICE)
- Терроризмтэй тэмцэх тагнуулын төв (Cabinet Counter Terrorism Intelligence Coordination Center)
- Үндэсний сөрөх тагнуулын төв (National Counter-intelligence Center)
- Ажлын албад (5 албатай)
- Тагнуулын ахлах офицер
- Тагнуул-судалгааны албыг (CIRO) мэдээллээр хангадаг байгууллагууд:
- Японы Өөрийгөө хамгаалах хүчний Тагнуулын алба (Цэргийн тагнуул)
- Хуурай замын цэргийн тагнуулын газар
- Тэнгисийн цэргийн тагнуулын командлал
- Агаарын хүчний тагнуулын газар (Агаарын тагнуулын бүлэгтэй)
- Японы Үндэсний цагдаагийн газрын Аюулгүй байдлын газар (National Police Agency – Security Bureau)[1]: Японы нийгмийн дэг журам, дотоод аюулгүй байдал, Эзэн хааны гэр бүлийн хамгаалалтыг хариуцдаг.
- Японы Хууль зүйн яамны харьяа Олон нийтийн аюулгүй байдлыг хангах агентлаг (Public Security Intelligence Agency – PSIA)[2]: Сөрөх тагнуулын чиглэлийн алба бөгөөд гадаад харилцааны сувгаараа түнш орнуудын тагнуулын албадтай тагнуулын мэдээлэл солилцдог.
- Японы ГХЯ-ны Мэдээлэл, дүн шинжилгээний алба (Intelligence and Analysis Service)[3]: Тус албаны 3 ба 4-р газрууд нь мэдээлэл-хяналт, мэдээлэл цуглуулах үүрэгтэй. Японы дипломат төлөөлөгчийн газрууд нь мэдээлэл цуглуулдаг.
- Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн яам (Ministry of Economy, Trade and Industry – METI)[4]: Японы худалдааны бодлого, эдийн засаг, үйлдвэржилтийн бодлогыг тодорхойлдог үндсэн бүтэц бөгөөд энэ зорилгоор гадаад эдийн засгийн судалгаа, үйлдвэрлэлийн мэдлэг, технологи олж ирэх, нутагшуулах, (үйлдвэрлэл-технологи, эдийн засгийн тагнуулын ажиллагаа) өөрийн худалдааны тэмдэгтүүдийн давуу тал, лиценз, патентуудаа хамгаалах ажил явуулдаг;
- Японы Гадаад худалдааны байгууллага (Japan External Trade Organization – JETRO)[5]: Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн яамны харьяа нэгж байгаад 2003 оноос бие даасан агентлаг болсон. Японы экспорт, импортын эрх ашгийг хангах бүх төрлийн мэдээллийг (худалдаа-эдийн засгийн тагнуулын ажиллагаа) цуглуулж, боловсруулж бодлого боловсруулагчид болон компаниудаа мэдээллээр хангадаг. Дэлхий даяар 55 улсад 76 салбарт 703 төлөөлөгчтэй, Япондоо 52 салбартай.
- Японы Эргийн хамгаалалт (Japan Coast Guard)
- Японы Сангийн яам
- Японы Санхүүгийн Зохицуулах агентлаг
Зураг-5. Японы дотоод аюулгүй байдлын тогтолцоо, сөрөх тагнуулын хяналтын сүлжээ [Public Security Intelligence Agency – PSIA]
Японы тагнуулын албадыг зангидах гол түлхүүр нь ҮАБЗ-ийн Ажлын алба болсон нь холбоотон орнуудынхаа ижил түвшний тагнуулын албадтай харилцах, мэдээлэл солилцох харилцаа үүсгэхэд учирч байсан өмнөх бэрхшээлийг арилгаж чадаагүй. Англо-Саксоны “Таван нүд” тагнуулын сүлжээнд (АНУ, Их Британи, Австрали, Канад, Шинэ-Зеланд) Японыг оруулах эсэх сэдэв олон жил яригдаж байгаа ч зохих хууль эрх зүйн хүрээ, бүтцийн чадамж, аюулгүй байдлын шаардлага стандартын зөрүү хэвээр байсаар байна. Япон улс бие даасан гадаад тагнуулын албатай болох хүртлээ ГХЯ, Худалдааны сувгуудаараа дамжуулан анхдагч мэдээллээ олж авахаас гадна АНУ-ын тусгай албадын мэдээлэлд найдахаас өөр сонголтгүй байна.
Япон улсын “Батлан хамгаалах Цагаан ном – 2023”
2023 оны Японы “Батлан хамгаалах Цагаан ном”-д тус улсын цэргийн хүчин чадлыг ойрын жилүүдэд яаралтай өргөжүүлэх, чадавхаа бэхжүүлэх, болзошгүй мөргөлдөөнд бэлэн байдлаа хангах цогц үзэл баримтлал, төлөвлөгөө, зорилтуудыг ил зарлав[6]. Юуны өмнө Японы Батлан хамгаалах төсвийн бодлого, цэргийн зардлын хуваарилалт нь тус улсын стратегийн тогтоон барих чадамжын талаар дэлхий нийтэд ойлголт өглөө. 2027 он гэхэд Япон улс Батлан хамгаалах зардлаа ДНБ 2 хувьд хүргэхээр зорилт тавьж, үүнд зориулан зарим албан татваруудыг нэмэх (ААН албан татвар, орлогын албан татвар, тамхины албан татвар) замаар шинэ зэвсэглэл нэмэх, технологи хөгжүүлэх, хөлөг онгоц барих, цэргийн баазаа өргөжүүлэх ажлуудыг санхүүжүүлэхээр тусгаад байна.
Зураг-6. Зүүн Азийн бүс нутаг дахь цэрэг, зэвсгийн төвлөрөл, хүчний харьцаа [Японы Батлан хамгаалах Цагаан ном – 2023]
2027 он хүртэлх Японы Батлан хамгаалах хөтөлбөрийн зарим онцлох хэсгээс дурдвал:
- 2023 оны Батлан хамгаалах төсөв 52 тэрбум ам.доллар (2023 – 2027 оны 5 жилийн Батлан хамгаалах төсөв 330 тэрбум ам.доллар)
- Бүс нутагтаа стратегийн хүчний тэнцвэр үүсгэх (Stand-off defense capability) зорилгоор 10.6 тэрбум ам.долларын төсөв тавьсан ба энэ зорилтын хүрээнд:
- 400 ш Tomahawk (Block IV/V) далавчит пуужин АНУ-аас худалдан авах (2025 оноос жилд 200 ширхэгийг хүлээн авна)
- “Type-12” ангиллын хөлөг онгоц эсэргүүцэх газар-далай ангиллын (SSM) пуужингийн масс үйлдвэрлэлийг нэмэгдүүлж тусгалыг нь 200 км-ээс 1,500 км хүргэх. Type-12 пуужинг агаар, газар, далайгаас гурван замын тээгчид зориулж шинэчлэн бүтээх
- Гиперсоник зэвсэглэл бүтээж хөгжүүлэх, яаралтай зэвсэглэлд авах төсөл – Hypersonic Cruise Missile (HCM), Hyper Velocity Gliding Projectile (HVGP)
- Баллистик пуужингаас эсэргүүцэн хамгаалах (BMD) системийг бүрдүүлэгч Aegis system equipped vessels (ASEV) тоноглолтой 8 хөлөг бүхий тэнгисийн бүлэгт 2 шинэ хөлөг нэмэх (2027, 2028 онд флотын зэвсэглэлд авах), 2030 онд нийт 10-12 хөлөг бүхий ASEV бүлэг байгуулах
- Хэвтээ (стандарт 533 мм) тэнхлэгээс тусдаа босоо тэнхлэгээр торпедо харвах бүтэцтэй шумбагч хөлөг бүтээж хөгжүүлэх
- JASSM-ER (1000 км тусгалтай) агаар-газар ангиллын далавчит пуужин АНУ-аас худалдан авах (Японы F-15 онгоцны зэвсэглэл)
- Joint Strike Missile (JSM) агаар-газар ангиллын (555 км тусгалтай) далавчит пуужин Норвеги улсаас худалдан авах (Японы F-35A онгоцны зэвсэглэлд)
- Izumo ангиллын (2 ширхэг хөлөг) нисдэг тэрэг тээгчийг F-35 нисэх онгоц тээгч болгон хувиргаж дуусгах, АНУ-аас F-35A, F-35B (нисэх онгоц тээгчид зориулсан хувилбар) онгоцууд нэмж худалдаж авах
- Японы баруун өмнөд бүс, Окинава арал, Сенкаку арлууд (Тайваний эргээс 110 км зайд байх Ёнагуни арал дээр) дээр цэргийн дэд бүтэц, радар, агаараас болон пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах бэлтгэл ажил
- Тэнгисийн десантын чадамжаа нэмэгдүүлэх, тээврийн хөлгүүд, өөрөө явагч усны дронууд олноор үйлдвэрлэх
- Их Британи, Итали улсуудтай хамтран 6-дахь үеийн сөнөөгч онгоц бүтээх GCAP төсөл (GCAP төсөл 2035 онд Японы F-2 сөнөөгчийг орлоно)
- Байлдааны дроны (Агаарын, Усны, Хуурай замын өөрөө явагч) иж бүрэн хөтөлбөр хэрэгжүүлэх
- Хиймэл дагуул, Сансар, Цахилгаан соронзон спектрийн чадамжаа дээшлүүлэх
- Төрөл цэргийг зангидсан нэгдсэн штаб бий болгох (Хуурай зам, Тэнгисийн хүч, Агаарын цэрэг, мөн дайны цагт Эргийн хамгаалалтыг нэгтгэсэн нэгдсэн удирдлагын штаб). Японы шинэ Ерөнхий Штабын 1-р орлогч нь АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалтай ажиллагааны координаци нэг түвшинд шууд хийх боломжтой болно.
Японы цэргийн номлолд одоо ба ирээдүйн 3 дайсныг нэр заан дурдсан нь БНХАУ, БНАСАУ, ОХУ бөгөөд өөрийн батлан хамгаалах чадамжаа хэрхэн зохион байгуулах 3 төлөвлөгөөг нарийвчлан боловсруулсан. Японы батлан хамгаалах бодлогын 3 зорилт:
- Японыг тойрсон бүс нутагт (Зүүн Ази, Энэтхэг-Номхон далай) тогтсон аливаа статус-квог хүчээр өөрчлөх боломжгүй аюулгүй байдлын орчныг үүсгэх
- Статус-квог аль нэг тал дангаараа хүчээр өөрчлөхийн эсрэг эвсэл бүрдүүлж, эвсэлд оролцож тогтоон барих эсвэл хариу цохилт өгөх
- Тогтоон барих стратеги бүтэлгүйтэж Японы нутагт харийн түрэмгийлэл ирсэн тохиолдолд өөрийн хүчээр болон эвслийн тусламжтайгаар няцаах явдал юм.
Японы батлан хамгаалах зорилтуудыг хангахад баримтлах бодлогын 3 зарчим:
- Үндэсний батлан хамгаалах архитектураа яаралтай бэхжүүлэх (Технологи хөгжүүлэх, Цэрэг-аж үйлдвэрийн цогцолбороо яаралтай өргөжүүлэх, хүний нөөц бэлтгэх)
- Япон–Америкийн холбоотны харилцааг бүх түвшинд бэхжүүлэх
- Ижил ашиг сонирхол бүхий холбоотон бусад орнуудтай ойртох, харилцаагаа өргөжүүлэх, хамтын ажиллагааны сувгууд нээх
Аюулгүй байдал судлаачдын тодруулахыг хүсэж буй өөр нэг зүйл нь хэрвээ АНУ, Тайваний тал БНХАУ-тай зэвсэгт мөргөлдөөн эхлүүлбэл Япон улс яах вэ? гэдэг асуулт юм. Японы цэргийн номлолд энэ асуултад хариулт өгөх тодорхой үгс, текст тавигдаагүй боловч АНУ-ын талд юуны өмнө ажиллагааны дэмжлэг үзүүлнэ, цаашлаад цэргийн хүчээр оролцож Холбоотны үүргээ биелүүлнэ гэдгээ агуулгын хувьд илэрхийлсэн гэж үзэж болно.
Монгол – Японы харилцааны төлөв
Япон улс өөрийгөө батлан хамгаалах зорилгоор дахин зэвсэглэж эхлэх явдал нь Дэлхийн II дайны гашуун түүх нь бүрэн илааршаагүй байгаа Азийн орнуудын хувьд туйлын эмзэг сэдэв юм. БНХАУ, БНАСАУ, ОХУ-ын зүгээс удаа дараа дургүйцэл, эсэргүүцэл илэрхийлж түүхэн дурсамжийг сөхөж байгаа бол Зүүн ба Зүүн өмнөд Азийн орнууд Японы сэдвийг одоохондоо болгоомжтой хөндөж, бодит хамтын ажиллагааны үр ашгаа хадгалахыг чухалчилж байна. БНСУ, Филиппин, Австрали улсууд, мөн Тайвань нь Японтой зарим талаар цэргийн холбоотны хэмжээнд ойртох чиглэл баримтлаж эхэлсэн ба АНУ-БНСУ-Японы “Кэмп Дэвидийн шинэ ойртолт”-ын хүрээнд стратегийн бөмбөгдөгч онгоц бүхий хамтарсан агаарын жижүүрлэлт Солонгосын хойг дээр хийж эхлээд байна. 2027 онд Японы цэргийн зардал нь ДНБ 2 хувьд хүрэх үед АНУ, БНХАУ-ын дараа орох дэлхийн 3 дахь том цэргийн зардалтай гүрэн болох болно. Мөн Япон улс өөртөө 45 тонн плутоний нөөц хадгалдаг ба шаардлагатай бол хэдхэн сарын дотор цөмийн зэвсэг хийх технологи, мэдлэгийн чадавхтай гэдгийг судлаачид цохон тэмдэглэдэг.
Зүүн Азийн бүс нутгийн аюулгүй байдлын архитектур хурдтайгаар, өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Цөмийн зэвсгийн аюул улам нэмэгдэж цэрэгжилт, зэвсгээр хөөцөлдөх шинэ давалгаа манай багтдаг бүс нутаг даяар эрчээ авч байна. Сөргөлдөгч эвсэл холбоод, сөргөлдөгч гүрнүүдийн зүгээс дунд ба жижиг орнуудыг өөрийн нөлөөний хүрээнд татан оруулах ажил явагдаж байна. Монгол Улсын хувьд ч мөн Ази-Номхон далайн хуваагдлын нөлөөний эргүүлэг дунд нөлөө бүхий гүрнүүдийн зүгээс ирэх илүү хүчтэй санал, шахалттай тулгарч буй. Японы аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын эрс эргэлт нь Монгол – Японы хоёр талт уламжлалт найрсаг харилцаа, стратегийн онцгой түншлэлд ямар нөлөө үзүүлэхийг зөвхөн манай хоёр орны судлаачид төдийгүй Монголын хөрш орнуудын судлаачид анхааралтай ажиглаж буй бизээ.
Монгол бол Японы “Хөгжлийн албан ёсны тусламж”-ийг (Official Development Assistance – ODA) хамгийн их хүртэж ирсэн орнуудын нэг бөгөөд 2022 онд дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ойгоо нижгэр тэмдэглэн өнгөрүүлсэн. Хоёр тал харилцааны цаашдын 50 жилээ олон талбарт тун өөдрөгөөр төсөөлөхийн хамт зарим шинэ өрнөлийн тухайд харилцан мэдээлэлжих шаардлага, тухайлбал Японы талын шинээр томьёолж бий болгосон “Аюулгүй байдлын албан ёсны тусламж” (Official Security Assistance – OSA) нь юу болох тухай, Монгол Улсад хамааралтай талбар мөн эсэхийг тодруулах хэрэгцээ бий болов. Монгол, Япон судлаачид аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлд харилцан ойлголтоо сайжруулах, мэдээллээ гүнзгийрүүлэх, ойлголтын зөрүүгээ арилгах зорилгоор илүү их ярилцаж, мэдээлэл солилцож, хамтарсан диалог, хэлэлцүүлэг зохион байгуулах цаг ирснийг үйл явдлын өрнөл сануулж байна.
Ашигласан эх сурвалж:
[1] National Police Agency – Security Bureau https://www.npa.go.jp/english/aboutus/index.html
[2] Public Security Intelligence Agency | MOJ https://www.moj.go.jp/psia/English_Organaization.html
[3] MOFA Organization – Intelligence and Analysis Service https://www.mofa.go.jp/about/hq/org.html
[4] About METI | METI 2023 https://www.meti.go.jp/english/aboutmeti/index.html
[5] What is JETRO? | Japan External Trade Organization (JETRO) 2023 https://www.jetro.go.jp/en/jetro/
[6] “An Era of Upheavals: 10 Years of Change.” | Defense of Japan 2023 https://www.mod.go.jp/en/publ/w_paper/index.html
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Дараах нийтлэл
Улс төрийн сонгууль дахь гадаадын нөлөөСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19