“Их 7-ийн бүлэг”-ийн уулзалт

2023-06-09

https://niss.gov.mn/wp-content/uploads/2023/06/bg_mv_02.75fe0c9d_Z1xBs1d.jpg

Орос-Украины дайн сунжирч, Хятад АНУ-ын харилцаа хурцдаж байгаа энэ үед дэлхийн хамгийн баян чинээлэг долоон орны удирдагчид Японы Хирошима хотод 2023 оны 5 дугаар сарын 19-нөөс 21-ний өдөр “Их 7-ийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор цугласан билээ.

“Их 7-ийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын тухай

“Их 7-ийн бүлэг” бол өрнөдийн чинээлэг орнуудын албан бус бүлэг юм. Албан бус гэдэг нь тус механизмд байнгын нарийн бичгийн дарга нарын газар гэж байхгүй, мөн гаргасан шийдвэрийг нь заавал дагаж биелүүлэх үүргийг хүлээдэггүй. Жил бүр гишүүн улсуудын аль нэг нь тус бүлгийг тэргүүлж, тухайн жилийн хугацаанд анхаарч ажиллах тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, удирдагчдын дээд хэмжээний уулзалт, сайд нарын уулзалтыг зохион байгуулдаг. 2023 онд Япон “Их 7-ийн бүлэг”-ийг тэргүүлж байгаа бол Итали тус улсын халааг 2024 онд авах юм.

1973 оны “газрын тосны хямрал”-ын дараа дэлхийн хамгийн баян чинээлэг орнууд дэлхийн эдийн засагт тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх форум бий болгох зорилгоор “Их 7-ийн бүлэг”-ийг байгуулсан. Францын тухайн үеийн ерөнхийлөгч Жискар д’Эстенгийн санал болгосны дагуу 1975 оны 11 дүгээр сард Парист байрлах Шато де Рамбуйе хэмээх цайзад АНУ, Франц, Их Британи, Герман, Япон, Итали гэх 6 орны төлөөлөл оролцсон анхны дээд хэмжээний уулзалт болсон. Өнөөдөр “Их 7-ийн бүлэг”-ийн орнуудын жилд үйлдвэрлэж буй ДНБ нийлээд 40 их наяд ам.доллар буюу дэлхийн эдийн засгийн тэн хагас орчимтой тэнцэж байгаагаас тус механизмын дэлхийн эдийн засаг, улс төрд үзүүлэх нөлөөг харж болно.  

Хэдийгээр 1997 онд “Их 7-ийн бүлэг”-ийг “Их 8-ын бүлэг” болгон өргөтгөж байсан боловч ОХУ Крымийг 2014 онд өөртөө нэгтгэсний дараа энэхүү бүлгээс тус улсыг хассан билээ.

“Их 7-ийн бүлэг”-т АНУ, Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон багтдаг бол тус бүлгийн уулзалтуудад Европын холбооны төлөөлөгчид оролцож ирсэн уламжлалтай. Мөн сүүлийн жилүүдэд чухал сэдвүүдийг хөндөхдөө тухайн сэдэвтэй хамаарал бүхий бусад улсыг урьж оролцуулдаг болсон. Энэ жил Австрали, Бразил, Африкийн холбооны гишүүн Коморын арлууд, Номхон далайн чуулга уулзалтыг төлөөлөн Кукийн арлууд, Энэтхэг, Индонез, Өмнөд Солонгос, Вьетнам зэрэг орны удирдагчид тус бүлгийн дээд хэмжээнд уулзалтад уригдан оролцлоо.

2023 оны дээд хэмжээний уулзалтын үр дүн

“Их 7-ийн бүлэг”-ийн орнууд Украины дайны нөлөө, уур амьсгалын өөрчлөлт, цөмийн зэвсгийн дэлгэрэлтийг хязгаарлах, дэлхийн эдийн засгийн байдал, инфляц, тогтвортой хөгжил, дэлхийн хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд зэрэг олон сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.[1]

Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлнэ

Орос Украинд цөмрөн орсноос хойш жил гаруй хугацаа өнгөрсөн ч энэ асуудал энэ удаагийн уулзалтын гол сэдэв байлаа. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Их 7-ийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож, их гүрнүүдийн удирдагчидтай хоёр талын уулзалтууд хийсэн байна.[2] Дээд хэмжээний уулзалтад оролцогч төр, засгийн тэргүүн нар Украинд явуулж буй Оросын цэрэг-дайны үйл ажиллагааг хурцаар шүүмжлэв. Хамтарсан мэдэгдэлд “Украиныг дэмжих бидний дэмжлэг хэзээ ч гуйвахгүй. ОХУ-ын хууль бус үйлдлээс болж дэлхий нийтэд учирч буй нөлөөг бууруулах амлалтаасаа бид ухрахгүй” хэмээн дурджээ.[3]

Украйны Оросын эсрэг сөрөг довтолгоонд орохоос өмнө “Их 7-ийн бүлэг” тэдэнтэй эв нэгдэлтэй байгаа гэдгээ харуулж, Украинд үзүүлэх зэвсгээ нэмэгдүүлэх, улс төрийн дэмжлэг, санхүүгийн тусламж үзүүлэх зэргээ онцлон дурдсан. Украины дайны хувь заяа “Их 7-ийн бүлэг” хэр их хэмжээний тусламж үзүүлэхээс шууд хамаарч байгаа юм. Тийм учраас АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр Украинд үзүүлэх 375 сая ам.долларын цэргийн тусламжийн багцыг танилцууллаа. Энэ нь Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Вашингтон Украинд амлаад байсан 37 тэрбум ам.долларын тусламжийн хамгийн сүүлийн хэсэг болж байгаа юм. Ж.Байден Хирошима хотод болсон хэвлэлийн бага хуралд үг хэлэхдээ “Украины өөрийгөө хамгаалах чадвар нь энэ дайныг бүрмөсөн, дипломат аргаар зогсооход чухал ач холбогдолтой” хэмээн мэдэгдсэн билээ.[4]

Өрнөдийн гэгддэг эдгээр орнууд Украинд биет болон улс төрийн туслалцаа, дэмжлэг үзүүлээд зогсохгүй ОХУ-ын эсрэг авч буй арга хэмжээгээ чангатгаж, эрчимжүүлэхээр тохиролцсон байна. Өрнөдийнхний тавьсан хоригоос тойрч гарахад нь Москвад тусалж буй улс орнуудын эсрэг арга хэмжээ авч, хоригийг бүрэн дүүрэн мөрдүүлэхэд ойрын хугацаанд анхаарах төлөвтэй гэдэг нь тус уулзалтаас тодорхой боллоо.

“Их 7-ийн бүлэг” Хятадын “өсөлт”-ийг аюул хэмээн харж байна

Дэлхийн хамгийн баян чинээлэг, ардчилсан орнуудын удирдагчид нэг биш хоёр хамтарсан мэдэгдэлдээ Энэтхэг-Номхон далайн бүс нутагт улс орнуудыг хагалан бутаргаж буй хамгийн том аюул бол Хятадын “өсөлт” гэдгийг онцоллоо. Их Британийн ерөнхий сайд Риши Сунак “Хятад улс дэлхийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд “манай эриний хамгийн том сорилт” болоод зогсохгүй “дотоод болон гадаад бодлого нь улам бүр авторитар шинжтэй болж байна” хэмээн мэдэгдсэн юм.[5]

“Их 7-ийн бүлэг”-ийн удирдагчдын санааг зовоож буй хамгийн гол асуудал нь Хятадын “эдийн засгийн албадлага” юм. Тодруулбал, сүүлийн жилүүдэд Бээжин “дургүйг нь хүргэсэн” улс орнуудын эсрэг худалдааны хориг арга хэмжээ авахаасаа цэрвэхгүй болсон. Тухайлбал, АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг суурилуулсан Өмнөд Солонгост эдийн засгийн хориг тавьсан. АНУ-тай тогтоосон холбоотны харилцаагаа гүнзгийрүүлж, дэлхий нийтийг хамарсан цар тахлын үүсэл гаралтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг шаардсан Австралийн олон бараа бүтээгдэхүүнийг эдийн засгийн хоригт оруулж байсан удаатай. Мөн Балтийн орнууд де-факто Элчин сайдын яамаа байгуулахыг Тайваньд зөвшөөрсний дараа БНХАУ-аас Литвийн экспортод хориг тавьсан нь Европын холбоог онцгойлон сандаргасан. Иймд “Их 7-ийн бүлэг” “эдийн засгийн эмзэг байдлыг зэвсэг болгон ашиглах” буй БНХАУ-ын өсөлтийг “түгшүүр төрүүлэхүйц” хэмээн тодорхойлсон юм.

“Их 7-ийн бүлэг”-ийн хамтарсан мэдэгдэлд “Эдийн засгийн албадлагын талаарх зохицуулалтын платформ” гэж нэрлэсэн санаачилгыг дэвшүүлж, санаачилгад нэгдсэн  орнуудыг тогтмол хуралдуулж, мэдээлэл солилцож, “эдийн засгийн албадлага” хэрэглэхээс өмнө сэрэмжүүлэх үйл ажиллагаа явуулахаар тохиролцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгдснээр “Их 7-ийн бүлэг”-ийн удирдагчид илүү уян хатан нийлүүлэлтийн сүлжээ бий болгох, онц чухал технологиудыг хамгаалах зэрэг арга хэмжээ авахаар болсон байна. Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен “дэлхийн өмнөд хэсэг” (Global South)-ийн орнууд (Латин Америк, Африк, Ази, далайн орнууд) Хятадтай харилцаад “муу туршлага”-тай үлдсэн, тиймээс одоо “барууны орнууд”-тай эдийн засгийн хувьд хамтран ажиллах хэрэгтэй гэж уриалжээ. Тэрээр “хөгжиж буй олон улс орон БНХАУ-ын “Бүс, Зам” хөрөнгө оруулалтын төсөлд нэгдэн орсон боловч энэ нь тэдний хөгжил дэвшилд хүргэх бус өрөнд оруулж орхисон. Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй хөгжиж буй эдийн засагтай орнуудад хэн хэндээ ашигтай түншлэлийг санал болгох ёстой. Гэвч бид хурдан хөдөлж, тодорхой зүйлийг хийх ёстой байна” хэмээн мэдэгдсэн юм.

Хятадыг “аюул” хэмээн үзэх нь “Их 7-ийн бүлэг”-ийг тэргүүлэгч гэгддэг АНУ-ын Бээжинтэй хийж буй стратегийн өрсөлдөөнөөс эхтэй. Ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаанаас 2022 онд гаргасан АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратегид “ирээдүйн дэлхийг ямар байлгахын төлөөх өрсөлдөөн их гүрнүүдийн хооронд өрнөж байгаа” ба БНХАУ-ыг “Америкийн хувьд хамгийн ноцтой үр дагавар бүхий геополитикийн сорилт” хэмээн тодорхойлсон. Түүнчлэн, Хятад нь “олон улсын харилцааны дэг журмыг өөрчлөх зорилготой төдийгүй түүнийгээ гүйцэлдүүлэх эдийн засаг, дипломат, цэргийн болон технологийн хүчин чадалтай” бөгөөд “Энэтхэг-Номхон далайн бүс нутагт нөлөөний хүрээгээ тэлэх, дэлхийн тэргүүлэх их гүрэн болох амбицтай” хэмээжээ.[6]     

Хятадтай өрсөлдөхийн тулд АНУ нь холбоотон, түншүүдтэйгээ тогтоосон хамтын ажиллагаанд тулгуурлаж байгаа. Үндэсний аюулгүй байдлын 2022 оны стратегид Энэтхэг улсыг “Энэтхэг-Номхон” далайн бүс нутаг дахь гол “холбоотон” хэмээн нэрлэсэн юм.[7] БНЭУ-тай “Дөрвөл” (QUAD)[8]-ийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллахын зэрэгцээ бүс нутагт оршдоггүй боловч Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ашиг сонирхол бүхий холбоотон болох Их Британийг AUKUS-ын хүрээнд бүс нутгийн хэрэг явдалд татан оролцуулах, АСЕАН, АПЕК зэрэг бүс нутгийн хамтын ажиллагаагаар дамжуулан АНУ, БНХАУ-ын “нөлөөний бүс”-ийн аль алинд ч хамаарахгүй боловч ач холбогдол бүхий улс орнуудыг Вашингтоны талд татах бодлого хэрэгжүүлж байна.

АНУ хамгийн ойрын холбоотнуудаа Хятадын эсрэг чиглэсэн илүү хүчтэй хориглох стратеги хэрэгжүүлэхийг шахаж байгаа юм. Хирошимад болсон “Их 7-ийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт нь үүнийг хэрэгжүүлэх тавцан болж, Вашингтон Хятадын технологийн дэвшлийг удаашруулах, өрнөдийн эдийн засаг, нийлүүлэлтийн сүлжээ Хятадаас хамаарах хамаарлыг бууруулах, Бээжин Тайваньтай дайсагналцаж буйг сааруулах зэрэг асуудлаар холбоотнуудынхаа эргэлзээг арилгахад энэ уулзалт чухал үүрэгтэй байлаа.

БНХАУ-аас эдийн засгийн дайралт хийж, одоо байгаа олон улсын харилцааны дэг журмыг өөрчлөхийг оролдож буй энэ үед “Их 7-ийн бүлэг” болон өрнөдийн бусад улсууд хоорондын эвсэл холбоогоо бэхжүүлж, “дэлхийн өмнөд”-д  хүрч ажиллах, хумигдаж буй нөлөөгөө хамгаалахаар оролдож байна.

Япон улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлыг онцлов

Энэ удаагийн уулзалтыг зохион байгуулж буй Япон улсын ерөнхий сайд Фумио Кишида өөрийн төрөлх хот Хирошимаг дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хотоор сонгосон нь цөмийн зэвсгээс ангид байх, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлыг энэ оны хэлэлцэх хэргийн дээгүүр эрэмбэнд байна гэдгийг илэрхийлж байсан юм. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлыг онцлох гэсэн Японы санаачилгыг дэмжин “Их 7-ийн бүлэг”-ийн удирдагчид цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх чиглэлээр хүчин чармайлт гаргасаар байх нь илүү тогтвортой, аюулгүй дэлхий ертөнцийг бий болгоход чухал гэдгийг онцолсон байна.

Түүнчлэн ОХУ-аас Украины эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг уулзалтын үеэр дахин давтан илэрхийлэв. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлаар “Их 7-ийн бүлэг”-ийн удирдагчдын Хирошимагийн алсын хараа хэмээх баримт бичгийг гаргасан байна.

Украинд тактикийн цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй гэх Оросын далд сануулга, Умард Солонгосын баллистик пуужингийн удаа дараагийн туршилт, Ираны цөмийн хөтөлбөрөө өргөжүүлэх санаархал зэрэг үйл явдал өрнөж буй нөхцөлд энэхүү дээд хэмжээний уулзалт болсон билээ.        

Хиймэл оюун ухааны талаарх зохицуулалт

Анх хэлэлцэх хэргийн жагсаалтад ороогүй байсан боловч generative хиймэл оюун ухаан (AI) болох ChatGPT чатбот дэлхий даяар хурдан тархаж байгаагаас “Их 7-ийн бүлэг”-ийн удирдагчид энэ асуудлыг хэлэлцэхээс өөр аргагүй байдалд орсон юм. Энэ оны 4 дүгээр сард Японы ерөнхий сайд Ф.Кишида ChatGPT үйлчилгээг хөгжүүлсэн OpenAI компанийн гүйцэтгэх захиралтай уулзсан бол ЕХ-ны хууль тогтоогчид хиймэл оюун ухааны дэлгэрэлтэд хяналт тавихыг “Их 7-ийн бүлэг”-ийн удирдагчдад уриалж байсан. “Их 7-ийн бүлэг”-ийн цахим хөгжлийн сайд нар хиймэл оюун ухааны талаар “эрсдэлд суурилсан” зохицуулалтыг бий болгож, батлах ёстой хэмээн 4 дүгээр сард тохиролцсон билээ.

“Их 7-ийн бүлэг”-ийн удирдагчид найдвартай хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын техникийн стандартыг боловсруулан, хөгжүүлэхийг уриалсан байна. Найдвартай хиймэл оюун ухааны талаарх нийтлэг алсын хараа, зорилго нь ялгаатай байж болох ч дижитал эдийн засгийн засаглал нь нийтлэг ардчилсан үнэт зүйлсэд тулгуурлан шинэчлэгдэх ёстой” гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.[9]

Олон нийтийн өмнө “Их 7-ийн бүлэг” эв нэгдэлтэй мэт харагдаж байгаа боловч тэдний дунд санал зөрөлдөөн байсаар байна. Үүний нэг нь өнгөрсөн онд АНУ-ын баталсан инфляцыг бууруулах тухай хуулийн хүрээнд зөвхөн Хойд Америкт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд 369 тэрбум ам.долларын “ногоон” татаасыг өгч байгаа асуудлыг Европын холбооны түншүүд хөндөж ярьсан байна. Энэ хуулийн улмаас Европын үйлдвэрүүд АНУ руу шилжих болсонд ЕХ ихээхэн дургүйцэж байгаа юм.

Дүгнэлт

“Их 7-ийн бүлэг”-ийн орнууд, тэр дундаа АНУ-аас Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг хазаарлах, Оросыг “тогтоон барих” бодлогыг эрчимтэй явуулж, үүндээ өрнөдийн орнуудыг өөртөө татан блок болох хандлагатай байна. Цаашид их гүрнүүдийн хоорондох зөрчил хурцдах, улмаар олон улсын харилцаанд “шинэ хүйтэн дайн”-ы хуваагдал үүсэх, улс орнууд хоорондоо талцсан блокууд үүсч болзошгүй.

Ирээдүйд бүс нутгийн аюулгүй байдлын орчин тогтворгүй болох төлөв ажиглагдаж байгаа нь манай улс мэт жижиг улсууд их гүрнүүдийн аль нэгийг нь сонгохыг шаардсан “стратегийн дилема”-тай нүүр тулгарах цаг хугацааг улам ойртуулж байна. Үр дүнд нь, энэхүү шинэ маягийн хуваагдал жижиг орнууд гадаад бодлогын хувьд манёврлах орон зайг хумиж, сонголт хийх хувилбаруудыг цөөрүүлэх аюулыг өдөөж байна. Энэ нөхцөлд Монгол Улс идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлэх, бодлогын “бүтээлч” санаачилгуудыг гарган дэвшүүлэх, олон улсын харилцаанд оролцож чадалгүй түгжигдэхээс сэргийлсэн бодлого явуулах шаардлагатай.

Мөн хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцахын зэрэгцээ “гуравдагч хөрш”-ийн орнуудаар тэдний нөлөөг тэнцвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэх шаардлага хэзээ хэзээнээс илүү чухал болж байгаа юм.

Ашигласан эх сурвалж:


[1]G7 Hiroshima “Documents and Materials” https://www.g7hiroshima.go.jp/en/documents/

[2] The Guardian “Zelenskiy secures fresh US military aid at G7 as Russia hails ‘liberation’ of Bakhmut” https://www.theguardian.com/world/2023/may/21/g7-summit-zelenskiy-meets-world-leaders-in-japan-as-ukraine-war-dominates-talks

[3]European Council of the European Union “G7 summit, Hiroshima, Japan, 19-21 May 2023” https://www.consilium.europa.eu/en/meetings/international-summit/2023/05/19-21/  

[4] https://www.washingtonpost.com/world/2023/05/21/russia-ukraine-war-news/

[5]BBC “G7 takes stand against China’s “economic coercion” https://www.bbc.com/news/world-asia-65662720

[6]The United States “National Security Strategy of the United States of America” (2022) https://www.whitehouse.gov/wp-content/uploads/2022/10/Biden-Harris-Administrations-National-Security-Strategy-10.2022.pdf

[7]Nayanima Basu “US calls India ‘ally’ in National Security Strategy, terms China ‘competitor & Russia ‘threat’” https://theprint.in/diplomacy/us-calls-india-ally-in-national-security-strategy-terms-china-competitor-russia-threat/1165860/

[8]Цагаан Ордоны 2022 оны “Энэтхэг-Номхон далайн стратеги”-д “дөрвөл”-ийн механизмыг үргэлжлүүлэх чиглэлээр төрийн засгийн тэргүүн болон сайд нарын уулзалтыг тогтмолжуулж  Өмнөд, Зүүн өмнөд Ази, Номхон далайн арлуудыг өндөр стандартын дэд бүтцээр хангах, кибер чадавхыг сайжруулах, ханган нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг бүс нутагт чухал ач холбогдолтой асуудлуудыг шийдвэрлэнэ.

[9]Reuters “G7 calls for adoption of international technical standards for AI” https://www.reuters.com/world/g7-calls-adoption-international-technical-standards-ai-2023-05-20/


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА