Хятадын уламжлалт стратегид Сүнзийн “дайтахгүйгээр ялах” буюу цэргийн хүч ашиглахгүйгээр өрсөлдөгчөө арга ухаанаар сөхрүүүлэх арга гол үүрэг гүйцэтгэж ирсэн. Сүүлийн жилүүдэд олон улсын аюулгүй байдлын орчин нөхцөл хурдацтай өөрчлөгдөн үүнийг даган Хятадын Ардын Чөлөөлөх Армийн гүйцэтгэх чиг үүрэг төрөлжихийн хамтаар орчин үеийн “гурван дайн”-ы асуудал чухал байр суурь эзлэх болсон.
- Мэдээллийн (олон нийтийн санаа бодлын) дайн (舆论战):Хятадын цэргийн ажиллагаанд дотооддоо болон олон улсад олон нийтийн дэмжлэгийг авах, Хятадын ашиг сонирхолд харш бодлого, байр суурь баримталж буй сөргөлдөгч этгээдийг ятган болиулах үүднээс олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилготой.
- Сэтгэл зүйн дайн(心理战): Дайсныг ятгах, айлгах, сэтгэл санааны хямрал болон ёс суртахууны доройтолд оруулж, сэтгэл зүйн дайралт хийх ажиллагаагаар дамжуулан цэргийн ажиллагаа явуулах чадавхыг нь сулруулах зорилготой.
- Хууль, эрх зүйн дайн(法律战): олон улсын эрх зүйг ашиглан Хятадын цэргийн ажиллагаанд олон улсын дэмжлэг авах, учирч болох хор хохирлыг боломжит хэмжээгээр зохицуулах, олон улсын хууль тогтоомжоор дайсныхаа үйлдлийг хязгаарлах зэрэг зорилготой юм.
Товчхондоо энэхүү “гурван дайн” нь бусдын санаа бодол, итгэл үнэмшил, зан байдлыг ятган ухуулах болон нөлөөлөх ажиллагаагаар дамжуулан нөхцөл байдлыг өөрт ашигтай өөрчлөхөд чиглэгддэг. Мэдээллийн дайн, сэтгэл зүйн дайн зэрэг нь эртний Хятадын эзэнт гүрнүүдээс улбаатай бөгөөд өнөөгийн Хятадад өвлөгдөн улмаар хүйтэн дайны үед БНХАУ-ын дарга Мао Зедун нөлөөлөх аргыг өргөнөөр ашигладаг байсан.
ХКН-ын Төв Хороо болон Цэргийн Төв Зөвлөл (ЦТЗ)-өөс 2003 онд “Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Улс төрийн ажлын журам”-ыг баталснаар ийнхүү “гурван дайн”- ы буюу “олон нийтийн санаа бодол, сэтгэл зүй, хууль эрх зүйн дайн”-ы үзэл баримтлал орчин үеийн хувилбар бий болсон. Тус баримт бичиг нь 2010 онд шинэчлэгдэн батлагдсан бөгөөд ХАЧА-ийн “гурван дайн”-ы чиглэлээр гол гүйцэтгэх үүргийг удирдамж чиглэлээр хангадаг.[1]
Хятадын ЦТЗ-ийн Улс төрийн асуудал эрхэлсэн газар “гурван дайн”-ы чиглэлээрх асуудлыг голлон хариуцаж ажилладаг байсан. ХАЧА-ийн 311 дүгээр бааз нь сэтгэл зүйн дайн болон мэдээллийн дайны ажиллагааг гүйцэтгэх хамгийн чухал нэгжид тооцогддог. ХАЧА-ийн бүтэцийн өөрчлөлт, шинэчлэлээр ЦТЗ-ийн Улс төрийн асуудал эрхэлсэн газрын харьяанд байсан Хятадын “Гурван дайн”-ны 311 дүгээр бааз Стратегийн дэмжлэгийн хүчинд шилжсэн.[2] Ингэснээр Стратегийн дэмжлэгийн хүчин “гурван дайн”-ы асуудлыг хариуцах болсон. Улс төрийн дайн гэж хуучин нэрлэгддэг байсан энэхүү хууль, сэтгэл зүй, мэдээллийн дайн нь ихэвчлэн олон улсын зөрчил мөргөлдөөний өмнөтгөл буюу байлдааны ажиллагаа эхлэхээс урьдаар явагддаг. ХАЧА-ийн бүтцийн шинэчлэлээр 311 дүгээр баазыг Стратегийн дэмжлэгийн хүчинд шилжүүлсэн нь сансар, кибер, электроникийн дайныг тагнуулын ажиллагаагаатай хавсарсан сэтгэл зүйн дайны ажиллагаагаар дэмжиж, сөргөлдөгч талын сэтгэл зүйд нөлөөлөх нөлөөллийг мэдэээллийн дайны ажиллагаагаар нэмэгдүүлэх давуу талтай гэж зарим олон улсын цэргийн судлаачид үзэж буй.[3]
Мэдээллийн (олон нийтийн санаа бодлын) дайн
Мэдээллийн (олон нийтийн санаа бодлын) дайныг интернет, сонин, радио, телевиз, кино, ном, сэтгүүл болон фээсбүүк, твиттер, инстаграм, вэйбо гэх мэт нийгмийн сүлжээний сувгууд зэрэг төрөл бүрийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан олон нийтийн санаа бодлыг өөрсдийн тогтоосон зүгт чиглүүлэхийг зорилгоо болгодог. Мэдээллийн дайнаар өөрийн талд дотоодын болон гадаадын ард нийтийн дэмжлэгийг авах харин олон нийтийг хандлагыг дайсныхаа эсрэг чиглүүлэх ажиллагаа явуулдаг.
Хятадын мэдээллийн дайны хүчин чадавхыг дутуу үнэлж боломгүй гэдгийг барууны судлаачид онцолсон байдаг. Хятадын Глобал Телевизийн Сүлжээ хилийн чанадад хэдэн зуун сэтгүүлчидтэйгээс гадна 5 хэлээр мэдээ нэвтрүүлдэг ажээ.[4] Пентагоноос гаргасан судалгаагаанд Синьхуа мэдээний агентлаг 2009-2011 онд 40 гадаад товчоо шинээр байгуулсан бол 2017 онд тус тоо онд 162-д хүрч улмаар 2020 он гэхэд Синьхуа агентлагийн гадаад дахь мэдээний алба 200 дөхөх төлөвтэй гэж мэдээлсэн.[5]
Зураг 1. Орчин үеийн олон нийтийн санаа бодлын буюу мэдээллийн дайныг хэрэгжүүлэх зам. Эх сурвалж: (Зохиогч эмхтгэв)
Олон нийтийн санаа бодлын буюу мэдээллийн дайныг судлаачид ихэвчлэн мэдээллээр дамжуулан олон улсын тавцанд нийтэд хандсан ажиллагаа гэж ойлгодог. Тэгвэл Хятадын хувьд олон нийтийн дэмжлэгийг авах замаар улс орныхоо ашиг сонирхолтой холбоотой асуудлаар ард нийтийг дайчилж олон нийтийн эсэргүүцэл, дуу хоолойг сөргөлдөгчийн эсрэг чиглүүлж үүнийгээ сөргөлдөгч талд байр сууриа илэрхийлж “дохио илгээх” зэрэг дипломат хэрэгсэл болгон ашигладаг ажээ. Хүйтэн дайны үед Хятадын удирдагч Мао Зедун, Дэн Сяопин нар дотоодын дайчилгаа буюу олон нийтийн хөдөлгөөнийг олон улсын зөрчил мөргөлдөөнд дайсны эсрэг хүч, дотоод улс төрийн бодлогын хэрэгсэл болгон ашиглаж байсан нилээдгүй жишээнүүд бий. Тухайлбал, Зөвлөлт-Хятадын хилийн мөргөлдөөний үеэр 1969 оны 3 дугаар сард ЗХУ-ын эсрэг жагсаалд 400 сая Хятад иргэд нэгдэж байжээ.[6]
Корнеллийн Их Сургуулийн судлаач Жэсика Вэйс “Хүчирхэг эх орончид” хэмээх номдоо авторитар удирдагчид олон нийтийн эсэргүүцэл хөдөлгөөн буюу “дотоодын дайчилгаа”-г[7] гадаад болон аюулгүй байдлын бодлогынхоо дохио-илгээх стратегийг хэрэгжүүлэх дипломат арга хэрэгсэл болгон ашигладаг хэмээсэн. Нэг ёсондоо засгийн газар “сайн цагдаа, муу цагдаа”-ийн дүрд тоглодог аж. Засгийн газар дотоодын олон нийтийн жагсаал цуглаан эсэргүүцлийг тарааснаар сөргөлдөгч талдаа асуудлыг зөрчилдөөн үүсгэхгүйгээр шийдвэрлэхэд том хүчин чармайлт гаргаж буйгаа харуулж дипломат арга замаар шийдвэрлэх сонирхолтой гэсэн дохио илгээдэг. Харин засгийн газар олон нийтийн эсэргүүцэл, жагсаалыг зөвшөөрснөөрөө тухайн асуудлаар буулт хийх төлөвгүй, сөргөлдөгч улсын эсрэг хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлдэг ажээ.[8]
Өнөө цагт мэдээллийн технологийн хөгжилийн давуу талыг ашиглан интернет болон нийгмийн сүлжээний хэрэгслүүдийг мэдээллийн буюу олон нийтийн дайныг явуулах гол хэрэглүүр болгон ашиглаж байна. Мэдээллийн буюу олон нийтийн санаа бодлын дайныг хэрэгжүүлж ирсэн сонгодог жишээнд Тайвань багтдаг. Сүүлийн жилүүдэд Дорнод болон Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай асуудлууд болон Хятадын ашиг сонирхлыг хамгаалах бусад олон чиглэлээр хэрэгжүүлж байна.
Сэтгэл зүйн дайн
Сэтгэл зүйн дайн нь стратегийн болон тактикийн түвшинд хэрэгжүүлж байгаа эсэхээсээ хамаарч харилцан адилгүй байдаг. Мөн дайны үеийн болон тайван цагийн сэтгэл зүйн дайны ажиллагаанууд үүрэг, чиглэлээрээ ялгардаг. Стратегийн түвшинд сэтгэл зүйн дайныг тухайлсан асуудлаар дипломат шахалт үзүүлэх, шуугиан үүсгэх, үндэслэлгүй мэдээлэл тараах зэргээр дургүйцлээ илэрхийлэх, нэг ёсондоо сөргөлдөгч талыг айлгах сүрдүүлэх арга хэлбэрээр явуулдаг. Сэтгэл зүйн дайн нь мэдээллийн болон хууль зүйн дайныг бодвол илүү өргөн хүрээтэй ойлголт юм.
Хятадын Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хэд хэдэн судалгаанд дурьдснаар ХАЧА сэтгэл зүйн дайны стратегийг “зэвсэгт тэмцэл, сэтгэл зүйн дайралтыг хослуулан явуулснаар довтлох, хамгаалах ажиллагааг нэгэн зэрэг гүйцэтгэж улмаар довтлогоог төвөө болгон нэгдмэл хүчнүүдийн холимог дайн явуулах”[9] хэлбэрээр хэрэгжүүлдэг ажээ. Сэтгэл зүйн дайн нь дайсныхаа шийдвэр гаргах механизмыг тасалдуулах, дайсны талын удирдлага энгийн ард иргэдийнхээ дэмжлэгийг алдахад хүргэх, дайсны цэргийг цочроох, ёс суртахууны доройтолд оруулах замаар байлдааны ажиллагаа явуулах чадавхыг сулруулахад чиглэгдсэн байдаг. Улс орнууд сэтгэл зүйн дайнаар эргэлзээ төөрөгдөл үүсгэх, эрх баригчдын эсрэг ард иргэдийн дургүйцлийг өдөөх, дайсны талын төр засаг бодлого шийдвэрт нөлөөлөх, зохион байгуулалттайгаар дуулиан шуугиан үүсгэж арга залиар дайсны талын ард иргэдийн ойлгоцыг хүссэнээрээ өөрчлөх зэрэг ажиллагаанууд явуулдаг.
Хятадын цэргийн номлолд сэтгэл зүйн дайны чиглэлээрх ХАЧА-ийн гүйцэтгэх 5 үүргийг тусгасан байдаг.[10] Үүнд:
- Улс төрийн дайчилгаа буюу олон нийтийг хөдөлгөх болон гадаад болон дотоодод олон нийтийн нэгдмэл дэмжлэгийг авахын тулд өөрийн талын байр суурийг “зөв зүйтэй” буюу зүй ёсны зарчимд нийцсэн гэдгийг таниулах
- Давуу тал харуулах, тэр дундаа цэргийн хүчин чадавхаа хүчирхэг гэдгээ мэдрүүлж өөрийн талын зориг, итгэлийг нэмэгдүүлж сөргөлдөгч талынхыгаа мохоох
- Ёс зүйн доройтолд оруулах болон холбоотнууд болон гуравдагч талын дэмжлэгийг алдуулах арга ажиллагаагаар дайсны талын эсэргүүцэх чадварыг бууруулах
- Дайсны талын иргэдийн дунд маргаан, хагарал үүсгэх, дайныг эсэргүүцэх сэдэл төрүүлэх, дайнаас залхах туйлдах мэдрэмжийг хөөргөдөх замаар дайсны ард иргэдийн нэгдмэл байдлыг алдагдуулах
- Дайсны талын сэтгэл зүйн дайны ажиллагааны эсрэг хамгаалах стратеги хэрэгжүүлж суртал ухуулгаар хариу дайралт хийх, дайсны талын “хуйвалдаан бохир арга, мэх”-ийг олонд дэлгэж өөрийн талын гэнэн хайхрамжгүй илчлэх зэрэг арга хэмжээ авах зэрэг багтдаг.
Хууль, эрх зүйн дайн
БНХАУ сүүлийн жилүүдэд Дорнод болон Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай асуудлууд болон Хятадын ашиг сонирхлыг хамгаалах бусад олон чиглэлээр “хууль эрх зүйн дайн” -ыг хэрэгжүүлж байна. 2020 оны 5 дугаар сард БНХАУ-ын мэдээний “Глобал таймс” цахим хуудаснаа нийтлэгдсэн “ХАЧА Шиша (Парасел) арлуудын элсэрхэг эрэг дээр 750 кг байцаа, ногоо ургууллаа[11] гэсэн мэдээ олон улсын анхаарлыг татав. Учир нь шүрэн арлууд дээр тарьсан байцаа нь Өмнөд Хятадын тэнгисийн арлын маргааныг ирээдүйд Хятадын талд шийдэх гарцыг нээж байгаа юм. НҮБ-ын 1982 оны Далайн эрх зүйн конвенцын дагуу “хүн аж төрөх нөхцөлгүй буюу аж ахуй эрхлэх боломжгүй хад, хясаан арал нь олон улсын эдийн засгийн онцгой бүс болон аливаа нэг эх газарт харьяалагдахгүй” гэж заасан бол ногоо тарьж хөдөө аж ахуй эрхэлж хүн амьдрах нөхцөл бүрдүүлснээр Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенцын дагуу аливаа нэг улс эзэмших эрх зүйн боломж нь нээгдэх ажээ. [12] БНХАУ 2020 онд Спратли болон Параселийн арлууд дээр 2 судалгааны станц байгуулж арлууд дээр радар, холбооны тагнуулын хүчин чадавхиа сайжруулахад хөрөнгө оруулалт хийж байна. Шүрэн арлууд дээр цэргийн байгууламж барьснаар арлыг болон тэдгээрийн эргэн тойрон дахь усан орон зайг эзэмших де-факто эрхтэй болж байгаа юм. БНХАУ ийнхүү ирээдүйд Өмнөд Хятадын тэнгисийн арлуудыг эзэмших эрхээ хуульчлахын тулд олон улсын эрх зүйн заалтууд дээр тулгуурлан маргааныг өөрийн талд шийдвэрлэх гарц эрэлхийлж байгаа нь нэг төрлийн хууль эрх зүйн дайны ажиллагаа гэж үзэж болох юм.
Хууль эрх зүйн дайн нь олон нийтийн санаа бодлын буюу мэдээллийн дайнтай хоршиж явагдах нь бий. Тухайлбал, өөрийн талаа олон улсын эрх зүйг дагаж мөрдөж буйг онцолж харин сөргөлдөгч талаа олон улсын эрх зүйг үл хүндэтгэж, хэрхэн зөрчиж буйг олон нийтэд мэдэгдэхэд чиглэсэн үйл ажиллагаанууд хэрэгжүүлдэг.
Дүгнэлт
Хятад улс “гурван дайн” буюу “мэдээлэл, хууль, сэтгэл зүйн дайн”-ыг явуулж, мэдээлэл, олон нийтийн санаа бодол, олон улсын эрх зүйг бүс нутагтаа ашиг сонирхолоо хэрэгжүүлэхэд өргөнөөр ашиглаж буй. Мэдээллийн технологийн хурдтай хөгжлийг даган ХАЧА-ийн гүйцэтгэх үүрэг, чиглэл төрөлжихийн хамтаар орчин үеийн “гурван дайн”-ыг явуулах арга ажиллагаа улам бүр нарийсч боловсронгуй болж байна.
Гурван дайны ажиллагаа нь бие даасан ажиллагаа гэхээсээ ихэвчлэн мэдээллийн буюу олон нийтийн санаа бодлын дайн, сэтгэл зүйн дайн, хууль эрх зүйн нь тухайлсан асуудлаар харилцан дэмжлэг үзүүлсэн нэгдсэн ажиллагаа хэлбэрээр явагдах нь бий.
Ашигласан материал:
[1] People`s Daily Online,“PLA implements new political work regulations,” September 23, 2010, http://en.people.cn/90001/90776/7139024.html
[2] John Costello, Joe McReynolds, “China`s strategic support force: A force for new era,”National Defense University Press, 2018.
[3] Мөн тэнд
[4] Peter Mattis, “China`s three warfares in perspectives,” January 30, 2018, https://warontherocks.com/2018/01/chinas-three-warfares-perspective/
[5] The US Department of Defense, “Assessment on U.S Implications of China`s Expanding Global Acess,” December 2018, https://media.defense.gov/2019/Jan/14/2002079292/-1/-1/1/EXPANDING-GLOBAL-ACCESS-REPORT-FINAL.PDF
[6] Danhui Li and Yafeng Xia, Mao and the Sino-Soviet Split, 1959-1973: A New History (Lanham: Lexington Books, 2018)
[7] Англиар domestic or nationalist mobilization
[8] Weiss, Jessica Chen. Powerful Patriots : Nationalist Protest in China’s Foreign Relations. New York, NY: Oxford University Press, 2014.
[9] Kerry Gershaneck “To win without fighting:Defining China`s political warfare,” Aprile, 2020, https://www.usmcu.edu/Outreach/Marine-Corps-University-Press/Expeditions-with-MCUP-digital-journal/To-Win-without-Fighting/
[10] Dean Cheng, “Winning Without Fighting: The Chinese Psychological Warfare Challenge,” Heritage Foundation, July 12, 2013.
[11]Shan Jie “ Harvesting vegetables with ‘sand-to-earth’ tech on S. China Sea island beach”, May 2020, https://www.globaltimes.cn/content/1188873.shtml
[12] Ben Wermer, “New Air Bases, Baby Cabbage Key to Chinese Long-Term Claims in South China Sea” June 2020, https://news.usni.org/2020/06/03/new-air-bases-baby-cabbage-key-to-chinese-long-term-claims-on-south-china-sea
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Дараах нийтлэл
Хятадын тагнуулын бөмбөлгийн хэрэг явдалСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19