Эрчим хүчний түүхий эдийн экспорт импортын хамаарал ба төрөлжүүлэлт
2023-02-10
ОХУ Украин улсад халдан довтолсныг буруутган өрнөдийн орнууд Орост эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь дэлхий дахинд 1973 оны Арабын хориг арга хэмжээнээс илүү нөлөөлж, улмаар сүүлийн 50 жилд болж байгаагүй эрчим хүчний хямралыг үүсгээд байна. 1960-аад оноос ЗХУ эрчим хүчний түүхий эдийн томоохон ордууд нээн илрүүлж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийн, бүтээгдэхүүнээ Европын орнууд руу экспортлох болсноор энэ салбарын хамгийн том тоглогч болж улмаар энэ давуу талаа гадаад харилцаандаа чадмаг ашиглаж ирсэн.
Нөгөө талд Европын орнууд эрчим хүчний түүхий эдийг Оросоос харьцангуй хямд үнээр авч хэрэглэсээр аажимдаа хараат байдалд орсны жишээ нь Герман улс гэж судлаачид бичжээ. Тус улс эрчим хүчний түүхий эдийнхээ 50 гаруй хувийг ОХУ-аас импортлодог юм. Ийнхүү харьцангуй хямд үнээс нь шалтгаалан нэг эх үүсвэрээс хараат байх нь бусад эх үүсвэрийн хөгжлийг удаашруулах, түүнд оруулсан хөрөнгө оруулалтыг үр дүнгүй болгох нөхцөл болсон гэж үзэж байна.
Харин өдгөө үүсээд буй нөхцөл нь Европын холбоо (ЕХ)-ны хувьд эх үүсвэрийг төрөлжүүлэх, сэргээгдэх болон бусад эх үүсвэрийн хөгжлийг түргэсгэх, тархмал эх үүсвэрийг дэмжих боломж олгож байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ба 2022 оны байдлаар ЕХ түүхэндээ байгаагүйгээр нар салхины эх үүсвэр ашигласан байна.[1]
Манай улсын хувьд ОХУ-аас байгалийн хий болон нүүрсний хамааралгүй хэдий ч газрын тосны бүтээгдэхүүн болон оргил ачааллын үеийн цахилгааны импорт, эрчим хүч үйлдвэрлэгч төрийн өмчит байгууллагууд техник технологийн хувьд хамааралтай тул энэ хамаарлыг бууруулах шаардлага байнга тулгардаг. Үүний тулд өдгөө Европын орнуудад авч байгаа арга хэмжээнүүдийг судлах нь зүйтэй гэж үзлээ.
Эрчим хүчний түүхий эдийн нийлүүлэлт
ОХУ-ын экспортын орлогын 50 орчим хувь, улсын төсвийн 1/3 хувь нь шатах ашигт малтмалын орлогоос бүрддэг. Энэ нь Украины дайныг санхүүжүүлэх гол эх үүсвэр гэж үзэн өрнөдийн холбоотнууд Оросын эрчим хүчний бүтээгдэхүүний экспортод хориг тавьсан. Тухайлбал, дайн эхэлсний дараахан буюу 2022 оны 3 дугаар сарын 8-нд Вашингтон ОХУ-аас импортолдог нефть, хий, нүүрсний импортоо зогсоох шийдвэр гаргасан бол мөн өдөр Их Британи болон ЕХ Оросын эрчим хүчний бүтээгдэхүүнээс хараат байдлаас аажмаар гарахаа мэдэгдэв. Улмаар 8 дугаар сард ЕХ Оросын нүүрсний импортод хориг тавьсан бол 12 дугаар сарын 5-наас эхлэн боловсруулаагүй нефтиэс татгалзжээ.
2023 оны 2 дугаар сарын 5-наас дизель түлш, бензин зэрэг боловсруулсан нефтийн бүтээгдэхүүнийг оролцуулаад бүх газрын тосны бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэхийг зогсоохоор болов. Энэ нь ОХУ-аас ЕХ-нд нийлүүлдэг газрын тосны бүтээгдэхүүний 90 орчим хувь бөгөөд үлдсэн 10 орчим хувь буюу газрын тосны Дружба хоолойгоор дамжуулан Зүүн Европт экспортолдог бүтээгдэхүүн хоригт багтаагүй үлдэж байна. Байгалийн хийн хувьд хоолойгоор дамжуулдагаас шалтгаалан худалдах, худалдан авах гэрээ нь газрын тосны гэрээтэй харьцуулбал уян хатан бус, урт хугацаагаар хийгддэг тул богино хугацаанд хоригт оруулах төвөгтэй хэдий ч ЕХ жилийн дотор ОХУ-аас авах хийн хэмжээгээ 2/3 хувиар бууруулж, 2030 он гэхэд бүрэн татгалзах төлөвлөгөөтэй байгаагаа зарлав.
Орос-Украины дайны өмнө, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн улмаас эрчим хүчний эрэлт өсч, үүнийг дагаад Европт хийн үнэ 200 хувиар, брент маркийн газрын тосны үнэ баррель нь 90 ам.доллар хүрч өсөөд байв. Дайны дараа хоригийн улмаас эрчим хүчний үнэ тогтворгүй болж, 2022 оны 7 дугаар сард нэг МВт/ц нь 340 евро болж дээд цэгтээ хүрсэн нь жилийн өмнөхөөс арав дахин их байв. Цаашид ч эрчим хүчний үнэ тогтворгүй, өндөр хэвээр байх хандлагатай байна.
ОХУ-аас Европ руу байгалийн хий нийлүүлдэг Ямал-Европ хоолойн нийлүүлэлтээ зогсоосноос үүдэн еврогийн ханш унаж, сүүлийн 20 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ. Сүүлийн саруудад еврогийн ханш байгалийн хийн үнэтэй хамааралтай болж, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ өсөхөд еврогийн ханш буурч байна. Герман, Итали зэрэг томоохон эдийн засаг нь Оросын байгалийн хийн нийлүүлэлтээс хэт их хамааралтай байгаа тул еврогийн ханш ам.доллараас хамаагүй хурдан бөгөөд хүнд уналттай байх болно гэж эдийн засагчид таамаглаж байна.
Эрчим хүчний түүхий эдийн хамаарал
Европын эрчим хүчний эцсийн хэрэглээний 70 хувь шатах ашигт малтмалаас бүрддэг ба цахилгааны 22 хувийг хий болон нүүрснээс гарган авдаг. ЕХ байгалийн хийн 41 хувь, газрын тосны 27, нүүрсний 46 хувийг ОХУ-аас импортлодог байсан нь хамааралт байдлыг үүсгэжээ. Ялангуяа Зүүн Европын орнууд хүйтэн дайны үед бүрэн хамааралтай болсон байдлаасаа гарч чадаагүй байна.
Сүүлийн жилүүдэд цэвэр эрчим хүч рүү шилжих явцад завсрын түлшний үүрэг гүйцэтгэнэ гэх үндэслэлээр дэлхий нийтийн байгалийн хийн хэрэглээ өсчээ. Байгалийн хийнээс хамаарал бүхий эдийн засаг үүссэн нь Оросоос хамаарах хамаарлыг нэмэгдүүлсэн байна.
Стратегийн түүхий эд болох эрчим хүчний бүтээгдэхүүнийг гадаад болон дотоодын олон эх үүсвэрээс, тэр дотроо гадаад эх үүсвэрийг олон улсаас төрөлжүүлэн тэнцвэр барих бодлого явуулах байтал нэг улсаас илүү хамааралт байдалд орсон нь өдгөөгийн нөхцөл байдлыг үүсгэсэн гэж судлаачид харж байна.
1950-1960-аад оны үед ЗХУ дэлхийн эрчим хүчний хамгийн том тоглогч болсон тул тухайн үед Варшавын гэрээний орнуудад газрын тосыг зах зээлийн ханш буюу Ойрх Дорнодын өрсөлдөгчдийн үнийн хагастай тэнцэх үнээр худалдаж байсан нь хамааралт байдлыг үүсгэх нөхцөл болжээ. Түүнчлэн байгалийн хийг ч мөн харьцангуй хямд үнээр удаан хугацааны турш нийлүүлж байсан нь сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг удаашруулсан байна.
Ер нь ОХУ эрчим хүчний түүхий эдээ стратегийн “зэвсэг” болгон ашигладаг талаар өрнөдын орнууд шүүмжилсээр ирсэн ба аль 1981 онд АНУ-ын ТТГ-ын илтгэлд 1948 онд Югославт, 1956 онд Израильд, 1960 онд БНХАУ-д тус тус газрын тосны нийлүүлэлтээ зогсоож байсныг жишээ болгон дурьдсан байдаг.[2]
Украйны дайн эхэлснээс хойш урьд хожид байгаагүй нэг үзэгдэл болсон нь ОХУ Финляндад нийлүүлж байсан цахилгаан эрчим хүчээ тодорхой шалтгаангүйгээр тасалсан явдал юм.[3] Мөн Молдавын цахилгааны 90 орчим хувийг нийлүүлдэг ОХУ-ын нөлөөллийн бүс гэгдэх Приднестрийн бүс нутагт орших цахилгаан станцыг улс төрийн дарамт шахалт үзүүлэх зорилгодоо ашиглан цахилгаан нийлүүлэх ажлыг нь зогсоосон байна.[4] Эдгээр үйл явдал нь ОХУ стратегийн “зэвсэг” болгон ашигладаг газрын тос, байгалийн хий дээр мөн цахилгааны экспортыг ч тооцох болсныг илтгэж байна. Энэхүү шалтгаангүй цахилгаан “хязгаарлалтад” хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд өртөж, улс төрийн дарамт шахалтад орох эрсдэл өндөр байна. Харин Эстони, Латви, Литва улс энэхүү хязгаарлалтад өртөхгүй байгаа. Шалтгаан нь Балтийн тэнгисийн дээрх 3 улс 2002 онд Польш улстай буюу ЕХ-ны нэгдсэн цахилгааны сүлжээнд холбогдож аюулгүй байдлын нөөц гарцтай болсон явдал юм.
Эрчим хүчний түүхий эдийн төрөлжүүлэлт
Дайн эхэлснээс хойш эдийн засгийн хориг тавиулсан ч Оросын эрчим хүчний түүхий эдийн экспортоос олох орлого тасарсангүй. Оросын эрчим хүчний компаниуд Хятад, Энэтхэг, Турк зэрэг хориг арга хэмжээнд оролцоогүй улс орнуудад газрын тосоо борлуулж байна. Алдсан зах зээлээ яаралтай нөхөхийн тулд Орос газрын тосоо дэлхийн зах зээлийн үнээс доогуур үнээр дээрх улсуудад худалдаж буй. Тухайлбал 2022 оны 2 дугаар сард Энэтхэг улсын ОХУ-аас импортлож байсан нефтийн бүтээгдэхүүн ердөө 1 хувь байсан бол 6 дугаар сард 18 хувь болж өсчээ. Хятад улс 6 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 55 хувиар илүү нефтийн бүтээгдэхүүн ОХУ-аас импортолсон бол Турк Оросоос авах нефтийн хэмжээгээ эрс нэмэгдүүлжээ.
Ерөнхийдөө Оросын нефтийн экспортын хэмжээ 2022 оны эцэс гэхэд төдийлөн буураагүй, харин газарзүйн хувьд л өөрчлөгдсөн. Хэдийгээр ийнхүү өөрчлөгдсөн ч Европын зах зээлээс хүлээсэн алдагдлаа нөхөх боломжгүй тул нефтиэ хямд үнээр худалдахаас өөр аргагүй гэж Цюрихийн их сургуулийн профессор, Зүүн Европ судлалын төвийн (CEES) тэргүүн Жероним Перович үзжээ.
Цаашилбал, Оросын газрын тосны ордуудын дийлэнх хувийг ЗХУ-ын үед нээгдсэн ордууд бүрдүүлдэг ба эдгээр ордууд олборлолтын оргилдоо аль хэдийн хүрсэн тул Оросын эрчим хүчний компаниуд Хойд туйлын алслагдсан бүс нутаг болон далайн эрэг дэх техникийн хувьд илүү төвөгтэй нөхцөл шаардсан нөөцийг ашиглахаас өөр аргагүй ажээ. 2014 онд өрнөдийн зүгээс анхны хориг арга хэмжээ авах үед Орос улс эрчим хүчний салбартаа тодорхой технологийн шинэчлэл хийхээр төлөвлөж байсан ч 2022 оны 2 дугаар сард Орос-Украины дайн эхлэхээс өмнө техникийн хувьд боловсронгуй, уламжлалт бус төслүүдэд оруулсан гадаадын тоног төхөөрөмжийн хувь хэмжээ 50-60 хувьтай хэвээр л байв. Өрнөдийн компаниуд Орост үйл ажиллагаагаа зогсоон тус улсаас гарсан тул цаашид оросууд бие даан уг шинэчлэлийг үргэлжлүүлэн хийж дуусгах чадамжгүй гэж судлаачид үзэж байгаа аж. Тиймээс урт хугацаандаа Оросын экспорт Азийн зах зээлд хямд үнээр худалдагдах хэдий ч хэмжээ нь нэмэгдэхгүй байх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч БНХАУ, Энэтхэг зэрэг Оросын томоохон худалдан авагчид Европын орнуудын жишээнээс сургамж авч хамааралт байдалд орохгүй. Учир нь эдгээр орнууд эрчим хүчний түүхий эдийн импортын эх үүсвэрээ төрөлжүүлж чадсан байдаг.
Дүгнэлт
Эрчим хүчний импортын хэмжээ өндөр байх тусам импортоо төрөлжүүлэх замаар аюулгүй байдлаа хангах ёстой гэсэн хандлага олон улсад түгээмэл байдаг бол Германд ингэж чадаагүй, нэг улсаас хэт хамааралтай болсон тул төрөлжүүлэх арга замыг судлаачид эрэлхийлж байна. ЕХ ОХУ-аас хамааралт байдлаа саармагжуулах арга хэмжээ авсантай адил ОХУ мөн адил том зах зээл нь хаагдаж буй алдагдлаа хөгжиж буй бусад том зах зээлээр нөхөж байна. ОХУ өөрөөс нь тог цахилгааны хамааралтай хөрш жижиг орнуудын тогийг таслах, нийлүүлэлтээ зогсоох зэрэг арга хэмжээг дайн эхэлснээс хойш авч хэрэгжүүлж байгааг анхаарууштай.
Манай улсын хувьд нүүрс, байгалийн хийн импортоос хамааралгүй хэдий ч байгалийн хийн хоолой тавьснаар хийг хэрэглээнд нэвтрүүлвэл эрчим хүчний хараат байдал нэмэгдэх эрсдэлтэй. Хүлэмжийн хийг бууруулах, цэвэр эрчим хүч рүү шилжих зорилтын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг эрчимжүүлэх нь дотоодын нөөц бололцоонд тулгуурлан эрчим хүчний хараат байдлаас гарах гол арга зам тул олон улс орон энэ чиглэлд үйл ажиллагаагаагаа эрчимжүүлж байна.
Манай улс стратегийн янз бүрийн түвшний түншлэл бүхий өндөр хөгжилтэй “гуравдагч хөрш”-үүдтэй технологи хуваалцах замаар сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлдэг. Манай нар, салхины цахилгаан станцуудын дийлэнх хөрөнгө оруулагч нар “гуравдагч хөрш”-үүд тул бидэнд энэ салбарт хамтран ажиллах туршлага бий юм.
Сэргээгдэх эрчим хүчний давуу тал нь төвлөрсөн эх үүсвэрээс татгалзан тархмал эх үүсвэрт шилжсэнээр аюулгүй байдлын эрсдэлийг бууруулдаг болох нь өдгөө Украинд үүсээд буй нөхцөл байдлаас харагдана. Иймээс цэвэр эрчим хүчний шийдлүүдэд хөрөнгө оруулалт хийх нь эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй бөгөөд мөн уг салбарт ухаалаг систем нэвтрүүлж системийн горим ажиллагааг тогтворуулах зайлшгүй шаардлагатай байна.
Ашигласан эх сурвалж:
[1] Wind and solar were EU’s top electricity source in 2022 for first time ever – Carbon Brief
[2] Guzzini, Stefano. 1998. “Realism in International Relations and International Political Economy”.
[3] Largest Russian electricity supplier to halt exports to Finland (aa.com.tr)
[4] Romania provides 80%-90% of Moldova’s energy needs- minister | Reuters
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Орос-Хятадын харилцааДараах нийтлэл
Хятадын “гурван дайн”-ы талаарСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23