Метаверс хэмээх үгийг анх 1992 онд шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч Нил Стефенсон “Цасны сүйрэл” романдаа хэрэглэсэн нь өдгөө дэлхий даяар тархаад буй 3D виртуал ертөнцөд суурилсан нийгмийн харилцааны сүлжээний нэршил болоод байна. Mетаверс нь “Meta”+“Verse” гэсэн үгсийн нэгдэл бөгөөд “Орчлон ертөнцөөс цааш” хэмээх утгыг илэрхийлдэг. Метаверс бол бодит болон дижитал ертөнцийн нэгдэл юм. Метаверс ертөнцөд хүмүүс бодит ертөнцөд амьдардаг шигээ худалдан авалт хийх, суралцах, болзох, хөгжилдөх боломжтой болоод буй. Үүнд метаверсийн түлхүүр технологиуд болох Виртуал бодит байдал буюу Virtual Reality (VR), Баяжуулсан бодит байдал буюу Augmented reality (AR) болон Холимог бодит байдал буюу Mixed Reality (MR) тусалдаг. Эдгээрийг нийтэд нь Өргөтгөсөн бодит байдал буюу Extended reality (XR) гэж нэрлэдэг бөгөөд уг технологиуд дээр үндэслэн метаверс хэрэглэгчдэд бодит мэт мэдрэмжийг өгдөг. Метаверсийн түлхүүр технологиудыг маш энгийнээр тайлбарлавал VR нь бидэнд виртуал ертөнцөд нэвтрэх боломжийг өгдөг, AR нь бодит ертөнцөд виртуал элементүүдийг авчрах нөхцөлийг бүрдүүлдэг, MR нь эдгээр нэмэлт виртуал элементтэй харилцах боломжийг олгодог.
2021 оноос Метаверс гэх нэр томьёо олон улсад хүч түрэн орж ирсэн нь нийгмийн сүлжээний хамгийн том компани болох “Facebook” нь метаверс компани болох зорилтынхоо хүрээнд нэрээ “Meta” болгон өөрчилж, Европт 10 мянган ажилтан хөлсөлж VR орон зайд харилцах боломжтой дэвшилтэт цахим платформ бүтээхээр төлөвлөж байгаагаа дуулгаснаас үүдэлтэй.
Боломж уу, сорилт уу?
Метаверс ирээдүйг гайхалтай болгох итгэл найдвар уу эсхүл түвэгтэй болгох сүйрлийн эхлэл үү? Магадгүй аль аль нь байх боломжтой. Нэг зоосны хоёр тал шиг. Pew судалгааны төв болон Elon их сургууль хамтран нийт 624 технологийн инноваторууд, программ хөгжүүлэгчид, бодлого боловсруулагчид, судлаачид болон нөлөөлөгчдөөс 2040 он гэхэд мета ертөнцийн хүрсэн байх замнал, нөлөөллийн талаар таамаглахыг хүсэхэд судалгаанд хамрагдагсдын 54% нь 2040 он гэхэд метаверс нь дэлхийн хэмжээнд хагас тэрбум ба түүнээс дээш хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэрэглээ болсон байна гэж таамаглаж буйгаа илэрхийлсэн бол 46% нь эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.[1]
Ямартай ч шинэ технологийг эзэгнэх хүсэл, бусдаас түрүүнд орон зайгаа бий болгож, давуу байдал үүсгэх гэсэн өрсөлдөөн технологийн салбарынхны дунд хүчтэй өрнөж буй энэ цаг үед монгол залуус ч дэлхийн хөгжилтэй зэрэгцэн, өөрсдийн бүтээсэн метаверс талбараа танилцуулсаар байна. Тухайлбал, хүннү рок урсгалыг дэлхий дахинд эгшиглүүлэн тунхагласан “The Hu” хамтлаг метаверсд анх удаа мета рок тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж байна.[2] Виртуал орчинд, олон улсад зохиогдох гэдгээрээ уг мета рок концерт онцлог юм.
Энэ мэт орон зайнаас үл хамаарах олон боломжийг метаверс бидэнд хэдийн олгоод эхэлсэн давуу талтай боловч зарим гэмт хэрэг энэ орон зайг ашиглан шинэ түвшинд гарах боломжтой болсон талаар ч мөн хэвлэлүүд анхааруулж байна. Тухайлбал, Форбес дээр нийтэлснээр метаверс дээр хамгийн их тохиолдох магадлалтай гэмт хэргүүдэд мэдээлэл хулгайлах, хуурамчаар үйлдэх, рансомвэйр (нэг төрлийн цахим халдлага), фишинг (хэрэглэгчийн мэдээллийг хуурч авах оролдлого), мөнгө угаах, бэлгийн дарамт, хүчирхийлэл зэрэг гэмт хэргүүд багтсан байна.[3] Үүнтэй зэрэгцээд энэхүү шинэ виртуал ертөнцийг бидний амьдарч буй бодит ертөнцийн адил эрх тэгш, аюулгүй байлгах талаар бодлого тодорхойлогчид хэдийн анхааралдаа аваад эхэлжээ. Тухайлбал, Европын Комиссын дарга Урсула Гертруд фон дер Ляйен “Метаверс бол бидний өмнө тулгамдсан сорилтуудын нэг юм” хэмээн 2022 оны Европын Холбооны төлөв байдлын илтгэлд дурдсан[4] бол Интерпол буюу Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын технологи, инновац хариуцсан гүйцэтгэх захирал Мадан Оберой тус байгууллагын гишүүн орнууд мета ертөнцөд гарч болзошгүй гэмт хэргийн талаар улам их санаа зовниж байгаа бөгөөд аль хэдийн боломжит хамгаалалтыг боловсруулж эхлээд байгаа тухайгаа хуваалцсан байна.[5]
Түүнчлэн Uswitch.com сайтаас дэлхийн улс орнуудыг өргөн зурвасын интернэтийн хурд, өргөн зурвасын интернэтийн багцын сарын дундаж үнэ, сая хүнд ногдох блокчэйн суурьтай санхүүгийн үйлчилгээний стартапын тоо, нэг хүнд ногдох дэвшилтэт технологийн экспорт, сая хүнд ногдох метаверс хэмээх үгийн гүүглийн хайлтын тоо /жилээр/ зэрэг үзүүлэлтүүдээр нь хэмжин метаверст бэлэн байдлаар нь жагсаасан байна.[6] Уг жагсаалтыг Нидерландын Хант Улс тэргүүлж Швейцар, Литва, Мальта, Франц зэрэг улсууд удаалжээ. /Зураг-1/
Метаверсийг амжилттай нэвтрүүлэхэд дээрх хүчин зүйлс нөлөөлөх нь маргашгүй үнэн боловч энэхүү инновацад дасан зохицох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь улс орнуудын хувьд технологийн боломжтой эн тэнцэхүйц чухал болохыг метаверс дээр үйлдэгдсэн гэмт хэргүүд гэрчилсээр байна. Видео тоглоомын нэгэн адил метаверс нь “бодит’ биш боловч үүн доторх оршихуйг бий болгоход бодит хүчин чармайлт, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл зүй шаардагддаг тул цаашид бидэнд эдгээр хөрөнгөө хамгаалах арга замууд шаардагдах нь дамжиггүй. Жишээлбэл, метаверс орчинд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай мэдээллүүд аль хэдийнээ интернэт орчинд маргаан дагуулаад эхэлжээ. Гэтэл эндээс хэд хэдэн асуулт урган гарна. Метаверс ертөнцөд таны аватар бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь бодит хүчирхийлэлд тооцогдох боломжтой юу? Хэн үүнийг шийдэх вэ? Ийм жигшүүрт үйлдлийг таслан зогсоох эргүүлийн цагдаа энэ виртуал ертөнцөд хэрэгтэй юу? Гэмт хэрэгтнүүдийг энэ мэт зүй бус үйлдлийнх нь төлөө шийтгэх метаверс шорон бидэнд хэрэгтэй юу? Эдгээр асуултын хариулт одоогоор тодорхойгүй байгаа ч хэрэглэгчид аль улсад оршин сууж байгаагаас хамааран тухайн улсынхаа хууль журмыг дагаж мөрддөг зарчим мета ертөнцөд ч мөн адил хүчин төгөлдөр үйлчлэхийг үгүйсгэх аргагүй.
Метаверсийг зохицуулж буй гадаад орны туршлага
Европын Холбооны метаверсийн бодлого
Европын Холбооны хувьд 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Хүн, Технологи, Дэд бүтэц-Европын метаверст хөгжих төлөвлөгөө”[7]-г нийтэлсэн бөгөөд уг төлөвлөгөөнд дараах гурван гол зохицуулалтыг оруулснаараа онцлог байна:
- Европын үнэт зүйлс, дүрэм журамд төвлөрсөн метаверсийг бүтээх
Эрх баригчид энэхүү шинэ виртаул орчин нь анхнаасаа Европын үнэт зүйлсийг шингээсэн байх ёстой бөгөөд хүмүүс виртуал ертөнцөд бодит ертөнцөд байгаа шигээ аюулгүй, эрхийн зөрчилгүй байх ёстой гэдэг дээр санал нэгджээ. Мөн Дижитал үйлчилгээний тухай хууль (DSA) болон Дижитал зах зээлийн тухай хууль (DMA)-иар Европын Холбоо дижитал орон зайд зохицуулалтын хэрэгслүүдтэй болсон тухайгаа зарласан.
- Технологиор дамжуулан метаверсийг биежүүлэх
Бодлого боловсруулагчид энэхүү төлөвлөгөөгөөрөө хамгийн сүүлийн үеийн технологиудыг эзэмших, хөгжүүлэх, тогтвортой экосистемийг бий болгох суурийг тавьж байгаа тухайгаа дурдаад томоохон байгууллагуудаас эхлээд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, их, дээд сургуулиуд зэрэг энэ салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй байгууллагуудын замын зургийг боловсруулаад байгаагаа зарлажээ.
- Уян хатан холболтын дэд бүтцийг бий болгох
Виртуал ертөнц хөгжихийн хэрээр асар их хэмжээний дата цугларч дэд бүтцэд ачаалал үүсгэх нь гарцаагүй бөгөөд Европын Холбооны хувьд өгөгдлийг авч явахад шаардлагатай дэд бүтцийн алсын хараа, бизнесийн загварын талаар иж бүрнээр нь төлөвлөх ажлыг эхлүүлээд байгаа тухайгаа зарласан.
БНСУ-ын метаверсийн бодлого
Өмнөд Солонгосын хувьд Үндэсний дата бодлогын хорооноос (Тус хороог Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Док Сү тэргүүлдэг бөгөөд Шинжлэх ухаан, мэдээлэл холбооны технологийн яам, Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам зэрэг 30 гаруй байгууллагын сайд удирдлгаас бүрдсэн гишүүдтэй) 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр метаверстай холбоотой зохицуулалтын нэмэлт өөрчлөлтүүдийг боловсруулна гэдгээ мэдэгдсэн.[8] Тус хорооноос Өмнөд Солонгосын видео тоглоомыг зохицуулсан тогтолцоо нь метаверстэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд хангалтгүй байгааг тухайлан онцолсноос гадна БНСУ-ын Харилцаа холбооны хорооны дэд дарга Ан Хён Хван метаверс платформын үйлчилгээ үзүүлэгчидтэй уулзах үеэрээ мета ертөнцөд насанд хүрээгүй хүүхдүүд бэлгийн дарамтад өртөж буй талаар санаа зовниж буйгаа хуваалцжээ.
Харин энэ асуудлыг Их Британийн засгийн газар Хүүхдүүдийг онлайн орчинд хамгаалах хуулиар зохицуулсан байдаг ба уг хууль тогтоомжийн дагуу 2022 оны 3 дугаар сард Мета платформ метаверст насанд хүрээгүй хүүхдүүдийг зохисгүй тоглоом тоглох болон насны хязгаар давсан зүйлсийг ашиглахаас сэргийлэх эцэг, эхийн хяналтын системийг нэвтрүүлснээ зарласан нь сайн туршлага болоод байна. Энэхүү систем нь эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ эзэмшдэг бүх программыг хянах, тодорхой программуудыг шууд түгжих, хүүхэд нь VR дээр худалдан авалт хийхэд мэдэгдэл авах болон VR-д хэр их цаг зарцуулж байгааг нь хянах гэх мэт боломжуудыг олгодог аж.[9]
Япон улсын метаверсийн бодлого
Япон улс 2022 оны эхээр метаверс зэрэг дэвшилтэт технологиудтай холбоотой бодлогыг боловсруулах зорилгоор Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас “Веб 3.0” хэмээх бодлого, төлөвлөлтийн газрыг байгуулсан.[10] Тус яамны албан ёсны мэдэгдлээс харахад бодлого, төлөвлөлтийн газар нь “Вэб 3.0”-тай холбоотой бизнесийн орчныг хөгжүүлэх, хамрах хүрээг бэхжүүлэх үүрэгтэй аж. Интернэтийн гурав дахь үе буюу “Вэб 3.0”-ийн онцлог шинжүүд нь 1) Эд зүйлсийг хамарсан байх, 2) Орон зайг хэрсэн байх, 3) Cемантикс буюу утга зүй, логикийн түвшний уялдааг судалдаг байх, 4) Tөвлөрсөн бус байх зэрэг юм.
- Эд зүйлсийг хамарсан байх гэдэг нь ирээдүйд компьютер болон ухаалаг утас төдийгүй маш олон зүйлс интернэт сүлжээнд холбогдоно гэсэн үг. Үүнийг IoT internet of things буюу зүйлсийн интернэт гэж нэрлэдэг. Web 2.0-ийн үед буюу одоо үед нийгмийн сүлжээнд хүмүүс мэдээлэл солилцож байгаа бол “Вэб 3.0”-ийн үед эд зүйлс эзэндээ үйлчлэхийн тулд өөр хоорондоо автоматаар мэдээлэл солилцдог болно гэсэн үг юм.
- Орон зайг хэрсэн байх гэдэг нь ахисан түвшний гурван хэмжээст дүрслэлүүд нь энтертайнмент салбарт төдийгүй үл хөдлөх, эрүүл мэнд, цахим худалдаа гэх мэт олон салбарт гүнзгий нэвтрэх тухай буюу метаверсийг бүтээж буй технологиуд үүнд хамаарна.
- Семантикс буюу утга зүй, логикийн түвшний уялдааг судалдаг байх гэдэг нь интернэтэд байгаа мэдээллийн түвшинд биш утга учрын түвшинд хайлт хийх боломжтой болно гэсэн үг.
- Төвлөрсөн бус байх гэдэг нь эрх мэдлийг нийгмийн сүлжээг эзэмшиж буй томоохон корпорацууд бус хэрэглэгчид блокчэйнд суурилсан төвлөрсөн бус платформуудаар дамжуулан авна гэсэн үг.
Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас “Веб 3.0” хэмээх бодлого, төлөвлөлтийн газар байгуулсан явдал нь 2023 оны чуулганаар парламент дижитал хөрөнгө, NFT болон төвлөрсөн бус бие даасан байгууллагуудын (DAOs) ашиглалтын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ гэсэн хүлээлтийг нийтэд үүсгээд байна.
Дүгнэлт
Эдгээрээс дүгнэн үзвэл олон улс метаверсийг шинэ ертөнц гэж хүлээн зөвшөөрч байгаа төдийгүй энэхүү шинэ ертөнц нь бидний амьдарч буй бодит ертөнцийн нэгэн адил эрх тэгш, аюулгүй, баталгаатай байх шаардлагатай гэдгийг ухамсарлаад байна. Тиймээс ч хэдийн энэ орчныг зохицуулах бодлого гаргаж, хуулийн төслүүд боловсруулаад эхэлжээ.
Манай улсын хувьд ч олон улсын жишгээр метаверсийг анхаарах, оролцогч талуудыг нэгтгэсэн хороо эсхүл ажлын хэсэг байгуулах, энэхүү инновацад үйлчлэх шинэ хууль, эрх зүйн зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай тулгараад байна. 2023 оны 1 дүгээр сарын 25-нд болсон Цахим орчин дахь хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилго бүхий уулзалт, хэлэлцүүлэг хийсэн. Манай улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт хэрэглэгч, түүний дотор ухаалаг утастай хүүхдүүдийн 95 хувь нь интернэт хэрэглэдэг, мөн тэдний 92 хувь нь фэйсбүүк хаягтай байгаа нь цахим орчин болон нийгмийн сүлжээнд агуулга, харилцаа, үйлдлийн эрсдэл гарч болохоор байна”.[11] Тэгвэл эдгээр ухаалаг утастай хүүхдүүд бүгд метаверст шилжин орох нь цаг хугацааны л асуудал болоод байгааг ухамсарлан зохицуулагч байгууллагууд юуны өмнө цахим орчин дахь хүүхэд хамгаалалд анхаарлаа хандуулан ажиллах хэрэгтэй болж байна. Гэвч нөгөө талаас сошиал медиа хэрэгслийг хуулиар зохицуулах гэж оролдох тусам хүмүүс үүнийг ашиглахаа больж, зохицуулалт багатай бусад платформ руу шилждэг гэдгийг анхаарч тэнцвэртэй зохицуулалт хийх нь чухал юм.
Ашигласан эх сурвалж
- https://www.pewresearch.org/internet/2022/06/30/the-metaverse-in2040/
- Хү (The Hu) хамтлаг Виртуал орчинд буюу МетаВерст Ардтай хамтран тоглолт зохион байгуулах гэж байна (gogo.mn)
- https://www.forbes.com/sites/bernardmarr/2022/11/18/policing-in-themetaverse-whats-happening-now/?sh=2c3df6932502
- https://state-of-the-union.ec.europa.eu/system/files/2022-09/SOTEU_2022_Letter_of_Intent_EN_0.pdf
- https://root-nation.com/mn/ua/news-ua/it-news-ua/ua-metavsesvitmozhe-vivesti-kiberzlochinnist-na-noviy-riven/
- https://finbold.com/study-worlds-top-10-most-metaverse-ready-countriesrevealed/
- https://www.linkedin.com/pulse/people-technologies-infrastructureeuropes-plan-thrive-thierry-breton/?trackingId=qHMq3sKZSXqqci54xq7GBA%3D%3D
- https://www.hklaw.com/en/insights/publications/2022/09/eu-southkorea-japan-announce-metaverse-regulation-plans
- https://www.bbc.com/news/technology-60759050
- Japan establishes ‘Web 3.0 Policy Office’ to formulate metaverse-related policies – CoinGeek
- https://mddc.gov.mn/mn/11862/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Дэлхийн хүнсний хямралДараах нийтлэл
Орос-Хятадын харилцааСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19