Аюулгүй байдал судлалын хүрээлэн өмнөх дугаартаа олон улсын санхүүгийн байгууллагуудын 2023 оны эдийн засгийн төлөв байдлын талаарх мэдээлэлд тулгуурлаж дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэх эрсдэлтэй байгаа талаар дурдсан. Харин энэхүү судалгаагаар өмнөх дугаарт онцолсон дэлхийн эдийн засгийн хямрал үүсэхэд нөлөөлж буй анхдагч нөхцөл байдлыг тодорхой гаргаж ирэхийг зорьлоо.
Инфляцын хямрал ба мөнгөний нийлүүлэлтийн алдаа
Инфляцын хямрал гэж юуг хэлэх вэ? Инфляцын хямралын гол онцлог нь мөчлөгийн шинж чанартай юм. Мөчлөгийн шинж чанар нь өдгөө хэрхэн илэрч байна вэ? Дэлхийн даяар инфляцын өндөр өсөлт 2021 оны дунд үеэс эхэлсэн. Энэ нь цар тахалтай шууд холбоотой. 2020, 2021 онд цар тахал дэлхийн өнцөг булан бүрд хурдтай тарж, тахлыг дарах эмчилгээний арга, аргачлал, вакцин гарах, их хэмжээгээр үйлдвэрлэх хүртэл хугацаа шаардсан. Тухайн үед улс орнуудын эрх барьж байсан засгийн газраас хатуу хөл хорио тогтоож, цар тахлын халдварыг тогтоон барихыг оролдсон. Одоо хүртэл БНХАУ-ын эрх баригчид уг хатуу хөл хориог баримталсаар байна.
Түүнчлэн цар тахлын үед эрх баригчид төсвөөс иргэд, аж ахуй нэгжүүдэд татаас, мөнгөн дэмжлэг олгосон. Төв банкнаас нь зээлийн хугацааг хойшлуулах, мөнгөний зөөлөн бодлогыг баримталсан. Өөрөөр хэлбэл санхүүгийн зах зээл дээр төлөвлөөгүй их хэмжээний мөнгө хэвлэж нийлүүлэгдсэн юм. Эрх баригчид иргэдийн өдөр тутмын хэрэглээг давсан мөнгөний нийлүүлэлт хийгдсэнээс үүдэж хүмүүс цар тахал, хөл хориог давахын тулд хэрэглээнээсээ давсан худалдан авалтыг хийсэн.
Хэрэглээг давсан худалдан авалт нь зах зээл дээр нийлүүлэлтийн хомсдол үүсэхэд нөлөөлсөн. Энгийн үед зах зээл дээр эрэлт нийлүүлэлтээс үүдэж үнэ тогтдог бол цар тахлын үед иргэд хэрэглээгээ давсан худалдан авалт хийж эхлэв. Дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн хоосорч, гэрээсээ ажиллах, гэр бүлтэйгээ хамт байхад ашиглах өндөр технологийн тоног төхөөрөмжийн бараа бүтээгдэхүүний хэрэглээ, эрэлт нэмэгдэх болсон. Өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүний үнэ тогтох алхамд цар тахал нөлөөлж эхэлсэн.
Дархлаажуулалт, эмчилгээний арга гэх зэрэг цар тахалтай тэмцэх олон аргачлал гарч ирснээр хөл хорио суларч, эдийн засаг буцаад хэвийн нөхцөл байдалдаа дөхсөн ч цар тахлын нөлөө үргэлжилж, 2021 оны дунд үеэс нийлүүлэлтийн хомсдол (эрчим хүч, чип, түүхий эдийн хомсдол) инфляц өндөр өсөхөд нөлөөлж эхэлсэн. Нийлүүлэлтийн болон эрэлтийн энэхүү инфляц бараа бүтээгдэхүүний үнэ тогтоход нөлөөлж эхэлсэн. Инфляцын дарамт түр зуурын уу эсвэл байнгын уу гэсэн асуултад богино хугацааны шок гэж эдийн засгийн чиглэлийн судлаач нар хариулж байлаа.
Гэвч 2022 оны 2 дугаар сараас эхлээд Орос, Украины мөргөлдөөн үүсч, дэлхийн эрчим хүчний түүхий эдийн үнэ огцом өсөв. ОХУ дэлхийн газрын тосны зах зээлийн 8.3 хувийг эзэлдэг, дэлхийд хоёр дугаарт ордог гол нийлүүлэгч орон. Өрнөдийн орнууд ОХУ-ыг Украинд эзлэн түрэмгийлэл үйлдэж байна гэж үзэн эдийн засгийн хамгийн хатуу хориг тавьсантай холбоотой нийлүүлэлтийн инфляц үүсч, газрын тос, байгалийн хий, улаан буудай, бордоо болон хүнсний үнэд нөлөөлсөн. Үүнээс гадна газрын тос олборлогч орнууд гарцаа нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэснээр нэг торх газрын тосны үнэ энэ оны 6 дугаар сард 120 ам.долларт хүрсэн. Газрын тосны үнэ өссөн нь инфляцад гол нөлөө үзүүлэв.
Дээр дурдсан нөхцөл байдлаас үүдэж эдийн засагч, судлаачдын дунд инфляцын дарамт түр зуурын уу, байнгын уу гэдэг асуулт дахин гарч ирэх болсон. Инфляц өндөртэй, орлогынхоо дийлэнх хэсгийг хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад зориулдаг улс орнуудын бага орлоготой хэрэглэгчид үнийн өсөлтөөс болж өрхийн зардал нь багассан. Улмаар тухайн улсын эдийн засаг удаашрахад нөлөөлжээ. Тухайлбал, дэлхийн банкнаас гаргасан 2022 оны судалгаагаар 2021 онд хүнсний үнэ 20 гаруй хувиар өссөн нь ялангуяа бага орлоготой өрхүүдийн хэрэглээнд нөлөөлөөд байгаа. Өрхийн бодит зарлага агшсан нь үндсэндээ хүнсний бус барааны зардал буурахад нөлөөлсөн байна. Хүнсний бус барааны зардал буурсан нь хэрэглээ үйлчилгээний эдийн засаг болон худалдан авах салбарт шууд нөлөөлсөн.
Монгол Улсын тухайд энэ үзэгдэл мөн адил гарч, өрхийн зардал хүнснээс бусад төрөлд зарцуулагдахгүй байснаас үүдэн 2021 онд манай улсын эдийн засгийн өсөлт 1.4 хувь болсон. Нөхцөл байдлыг өөрөөр томьёолбол 2018 оны судалгаагаар нийт хүн амын 33 хувь нь ядуу гэх судалгааг дэлхийн банкнаас гаргасан. Ядуу иргэдийн орлого буурч, инфляцын дарамтад орсноос болж 2022 оны байдлаар 10 ядуу хүний 3 нь тун удахгүй хангалттай хоол хүнсгүй болох вий гэдэгт санаа зовних нөхцөл бүрдэж байгаа талаар дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газраас гаргасан судалгаанд дурдсан байна.[1]
Инфляц өндөртэй улс орнуудын эрх баригч нар инфляцын дарамт түр зуурын уу, байнгын уу гэх асуултад хариу олж, шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Шийдвэрлэхийн тулд улс орнуудын Төв банкууд бодлогын хүүгээ огцом өсгөж, мөнгөний хатуу бодлого баримтлах замаар инфляцын эсрэг хариу арга хэмжээ авсан. Мөнгөний хатуу бодлогын үр нөлөөгөөр зээлийн гаралтыг бууруулж, иргэдийн гар дээрх бэлэн мөнгө хадгаламж руу шилжиж, зах зээл дээрх бэлэн мөнгөний эргэлт багасдаг.
Мөнгөний хатуу бодлого баримтлах болсон нь улс орнуудын засгийн газар Ковид-19 цар тахлын эхэн үед ижил арга хэмжээ болох хатуу хөл хорио тогтоохтой зэрэгцэж бэлэн мөнгөний дэмжлэг олгож байсантай холбоотой. Жишээ нь: АНУ-ын инфляцын өндөр өсөлт нь мөнгөний нийлүүлэлттэй шууд холбоотой. 2020 оны тахлын эхэн саруудад АНУ-ын М2 болох нийт мөнгөний хэмжээ сар тутам 20-33 хувийн хооронд огцом өссөн. Энэ мөнгөний их хэмжээний нийлүүлэлт улс орнуудын засгийн газрын авч хэрэгжүүлсэн бодлоготой адил төстэй цар тахалтай тэмцэх аргачлал байв. Үүнээс үүдэж дараах үзэгдлүүд дэлхийн эдийн засагт ажиглагдсан:
- Цар тахал дэлхийн аж үйлдвэрлэл, тээврийн салбарт сөргөөр нөлөөлж, улс орнууд стратегийн нөөцийг ашиглахад хүргэсэн.
- Өндөр техник, технологийн хөгжлийг хурдасгаж, энэ төрлийн компаниудад хөрөнгө оруулалт нэмэгдэж, хувьцааны ханш нь өссөн.
- Виртуал хөрөнгө болох цахим мөнгөний хэрэглээ, хөрөнгө оруулалт нэмэгдэж, түүхэнд хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн.
- Эрүүл мэндийн салбарын хөгжил хурдассан.
Мөнгөний хатуу бодлого нь одоогоор зөвхөн инфляцын өсөлтийг тогтворжуулахаас өөр дорвитой шийдэл биш болоод байна. Учир нь Орос Украины зэвсэгт мөргөлдөөн сунжрах тусам газрын тосны үнэ өсөх хандлагатай байна. Газрын тосны үнэ өссөн тохиолдолд инфляцыг улам өдөөж гиберинфляц болох эрсдэлтэй юм.
Инфляцын өндөр өсөлт цар тахлын дараах түр зуурын нөлөө байсан гэж судлаачид бодож болох байсан. Гэвч Орос Украины мөргөлдөөн дуусах хүртэл инфляцын дарамт байнгын байх боломжтой гэж таамаглаж болохоор боллоо. Мөн бусад таамаглах боломжгүй эдийн засгийн эрсдэл бодит болсон тохиолдолд инфляц тогтворжихгүй гиберинфляц болох магадлалтай байна.
Орос Украины зэвсэгт мөргөлдөөний инфляц дахь нөлөө ба газрын тосны үнэ
Цар тахлын дараа хөл хорио суларч, дэлхийн эдийн засаг сэргэж, шатахуун, газ болон бусад эрчим хүчний түүхий эдийн эрэлт ихсэх нь тодорхой байсан. Гэвч 2022 онд Орос Украины мөргөлдөөн хөгжингүй орнуудын инфляцад шууд нөлөөлж дунджаар 3-4 хувиар нэмэгдсэн байна. Тухайлбал, АНУ-ын инфляц 1 дүгээр сард 3.5 хувь байсан бол 11 сарын байдлаар 8.6 хувь болсон. Шатахууны үнэ өсөхтэй зэрэгцэж дизель түлшний үнэ өссөн. Энэ нь тээврийн зардлыг нэмэгдүүлж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ. АНУ-ын Засгийн газар инфляцтай тэмцэх зорилгоор шатахууны үнийг тогтоон барих үйлдэл болох газрын тосны стратегийн нөөцөөс өдөр болгон 1 сая торх газрын тос зах зээлд нийлүүлэх шийдвэрийг гаргав. Уг шийдвэрээс хойш АНУ-ын стратегийн нөөц сүүлийн 40 жилийн хамгийн бага түвшинд хүрсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден газрын тосны стратегийн нөөцийг нэмэгдүүлэх, түүхий эдийн зах зээл дээр газрын тосны үнийг тогтоон барьж инфляцыг тогтворжуулах зорилгоор Саудын Араб улсад айлчилсан ч талууд тохиролцоонд хүрээгүй юм. Түүний айлчлалын дараахан 2022 оны 10 дугаар сард ОПЕК+Саудын Араб, Орос болон бусад орнуудын тэргүүн нарын уулзалт болов. Уг уулзалтаар эдийн засгийн болзошгүй уналт, газрын тосны үнийн хэлбэлзлээс сэргийлэхийн тулд газрын тосны олборлолтын хэмжээгээ өдөрт 2 сая торхоор бууруулахаар болсон. Уг шийдвэр нь Ковид-19 тахлаас хойших хамгийн их хэмжээгээр бууруулж буй алхам юм. Rystad Energy компанийн зөвлөх, дэд захирал Хорхе Леон: “Газрын тос олборлогч орнууд гарцаа 2 сая торхоор бууруулах шийдвэр гаргаснаар Брент маркийн газрын тосны үнийг 12 дугаар сарын дунд үе гэхэд 100 ам.долларт хүргэх бөгөөд дэлхийн инфляцад шууд нөлөөлнө” гэв.
Дэлхийн эдийн засаг сэргэж байгаа энэ үед газрын тосны үнэ 100 ам.долларыг давах нь цаг хугацааны асуудал болоод байна. Хэрэв газрын тосны үнэ 100 ам.доллар давбал дэлхийн инфляц хоёр оронтой тооноос буухгүй магадлалтай байна. Мөн БНХАУ-ын эрх баригчдын “Тэг ковид бодлого” ирэх жил тавигдсан тохиолдолд тус улсын шатахууны эрэлт сэргэнэ. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсын нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд түүхий эдийн зах зээл сэргэж, инфляцын дарамт импортлогч орнуудад хүндээр нөлөөлөх бөгөөд түүхий эдийн эрэлтээс хамааралтай улс орнуудын эдийн засаг хүнд байдалд орох магадлалтай байна.
Ам.долларын чангарал ба бондын эргэн төлөлт
Төв банкууд мөнгөний хатуу бодлого баримталж эхэлснээс хойш инфляц дорвитой буурахгүй байгаа. Харин АНУ-ын Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ 2008 оноос хойш анх удаа 4 нэгжид хүргэсэн. ХНС-гийн бодлогын хүү 2009 оноос хойш 0.25 нэгжид байсан. Харин 2021 оны дунд үеэс эхэлсэн өндөр инфляцын нөлөөнөөс үүдэж ХНС бодлогын хүүгээ нэмэгдүүлэх болсон. ХНС-аас 4 нэгжид сүүлийн 8 сарын дотор хурдтай өсгөсөн нь ам.долларыг бусад валютын эсрэг дунджаар 25-50 гаруй хувиар чангарахад нөлөөлсөн байна.
Олон улсын байгууллагаас өр төлбөрөө төлөх боломжгүй дефолт зарлах улс орнуудын жагсаалт гаргасан. Уг жагсаалтад багтсан онуудын дийлэнх нь 2023 онд засгийн газрын болон засгийн газрын баталгаатай компаниудын бондыг эргэн төлөх өртэй байгаа юм. Тухайлбал, 2022 оны 12 дугаар сард Европын төв банкнаас авсан урт хугацаатай зээл болох 307.1 тэрбум ам.долларыг Европын орнууд эргэн төлж эхэлнэ.[2] Мөн Сальвадор улс 2023 онд бондын төлбөр болох 800 сая ам.долларыг төлөх хугацаатай байна.[3] Харин Грек улсын хувьд 2023 онд бондын зах зээлээс 7.91 тэрбум ам.доллар босгож өмнөх өр төлбөрөө төлөх талаар Ройтерс агентлаг мэдээлэв.[4] Мөн ОХУ энэ онд 117 сая ам.долларын бондын өр төлбөрийг төлөх нөхцөлтэй байгаа юм.[5]
Монгол Улсын засгийн газар 2023 оны төсөвт гадаад зээлийн төлбөр төлөхөд нэлээн их хэмжээний дүнг тооцож тусгасан. Ирэх жил Засгийн газар гадаад үйлчилгээнд 1.147 тэрбум ам.доллар төлөхөөр байна. Үүнээс гадаад бондын хүүгийн төлбөрт 175 сая, зээлийн хүүгийн төлбөрт 109 сая ам.долларыг тус тус төлнө. Мөн 2023 онд манай улсын Засгийн газар Гэрэгэ бондын 533 сая ам.доллар, гадаад зээлийн төлбөрт 330 сая ам.долларыг сар бүр хуваарийн дагуу төлөх юм.
Ам.долларын индекс 110-д хүрч 1998 онд болсон Азийн хямралын дараах өсөлттэй адил түвшинд хүрээд байна. Ам.доллар чангарч байгаа нь олон улсын зах зээл дээрээс ам.долларын бонд босгож авсан компани, төсөл хөтөлбөр, засгийн газруудын эргэн төлөлтөд улам хүнд тусах юм. Зарим улс орон бондыг эргэн төлж чадахгүйгээс болж дефолт хүртэл зарлаж магадгүй. Ийм нөхцөл байдал дэлхийн эдийн засгийн хамгийн том хямрал гэж хэлэгддэг өнгөрсөн зууны 30-аад оны Их хямралын үеэр болж байсан.[6]
АНУ-д эдийн засгийн олон хямрал болж байснаас 1929 оны 10 дугаар сарын 29-нд эсэхлсэн хямралыг хамгийн удаан үргэлжилсэн гэж үздэг. Үүнийг түүхэнд “Их хямрал” хэмээн нэрийдэж үлдээжээ. Америкийн эдийн засаг Дэлхийн I дайнаас хойш 1929 он хүртэл огцом өсч, үүндээ цатгалдсан үнэт цаасны наймаачид хувьцааны ханшийг хөөсрүүлэн өсгөж тоглох болсон нь хямралын өрнөл болсон байна. Тухайн үед хөрөнгийн биржүүд шинээр нээгдмэгцээ л хаалгаа барьж байв. Учир нь индекс нь 381 нэгжээс 200 хүртэл 50 орчим хувиар унаад байсан учир арилжаа хийгдэх боломжгүй болжээ. Мэдээж хэрэг ажилгүйдэл, ядуурал, гэмт хэргийн тоо асар хурдан өсчээ. Эдийн засгийн уналт 1932 оны 7 дугаар сар хүртэл гурван жил үргэлжилж 1939 оноос 10 жил зогсонги байдал үргэлжилсэн юм. Их хямрал Дэлхийн II дайныг өдөөх үндсэн шалтгаан болсон гэж үздэг. Хямрал дайныг дамжин үргэлжилж, 1955 оноос Дэлхий дахины эдийн засаг санхүүгийн байдал сүйрлийн ирмэгт тулжээ. Ингээд үзвэл хямрал нийт 26 жил үргэлжилсэн байна.[7]
Их хямралын үед Турк, Болив, Бразил, Чили, Перу, Австрали, Хятад, Болгар, Герман, Грек, Урувгай, Колумби, Коста Рика, Эль салвадор, Панам гэх зэрэг 20 орчим улс орон өр төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдалд хүрч, 1931-1933 онуудад дефолт зарлаж байсан.[8]
Дүгнэлт
- Дэлхийн эдийн засгийн хямралын шалгаан нь инфляцын өндөр өсөлт хэвээр байхаар байна.
- Дэлхийн эдийн засгийн хямрал улс орнуудын засгийн газрыг дефолт зарлахад хүргэхээр байна.
- Монгол Улсын хувьд ирэх жил ам.доллараар төлөх зээл, бондын төлбөр өндөр байгаа нь эдийн засгийн ашиггүй нөхцөл байдлыг бүрдүүлж байна.
- АНУ-ын ХНС-гаас бодлогын хүүгээ нэмэгдүүлж ам.долларыг бусад валютын эсрэг хүчтэй байлгаж байгаа нь хөгжиж буй орнуудын эдийн засгийг удаашруулахад хүргэж байна.
- Ирэх жил олон улсын нөхцөл байдлаас үүдэж дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал үүсэж, хямрал болох нь улам тодорхой болж байна.
- Хямралыг давах төлөвлөгөө эрх барьж буй засгийн газраас гаргахгүй бол бага орлоготой иргэдэд маш хүндээр тусахаар байна.
Ашигласан эх сурвалж:
[1] https://thedocs.worldbank.org/en/doc/a8c4ec75eacd95208fbe44ab4785485e-0070012022/original/MEU-2022-April-MN.pdf
[2] https://www.reuters.com/markets/rates-bonds/euro-zone-yields-hold-gains-look-past-ecb-loan-repayment-numbers-2022-11-18/
[3] https://www.reuters.com/article/imf-el-salvador-moodys-idUSL1N2U736X
[4] https://www.reuters.com/markets/europe/exclusive-greece-borrow-up-8-bln-euros-bond-markets-2023-2022-11-01/
[5] https://www.nytimes.com/2022/03/17/world/europe/russia-bond-payment.html
[6] https://seekingalpha.com/article/4033217-martin-armstrongs-sovereign-debt-crisis-forecast-revisited
[7] https://mn.wikipedia.org/wiki/%D0%98%D1%85_%D1%85%D1%8F%D0%BC%D1%80%D0%B0%D0%BB
[8] https://en.wikipedia.org/wiki/List_of_sovereign_debt_crises
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Дэлхийн эдийн засгийн хямрал-1Дараах нийтлэл
Дэлхийн эдийн засгийн хямрал-3: дайны үеийн эдийн засагСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23