Зүүн Украйнд энхийг сахиулах ажиллагаа явуулах талаар Мюнхений бага хурлын үеэр хэлэлцэв: Цэрэг илгээх боломжтой улсуудын тоонд Монголыг нэрлэжээ

2018-02-21

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/02/65s4f5vd6f5.jpg

Зүүн Украинд энхийг сахиулах төлөвлөгөө

Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 54 дүгээр бага хурал 2018 оны 2 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд болов. Бага хурлаар хэлэлцсэн асуудлын нэг нь зүүн Украины хоёр муж (“Донецкийн Ардын Бүгд Найрамдах Улс”, “Луганскийн Ардын Бүгд Найрамдах Улс” хэмээн өөрийгөө зарлан тунхагласан салан тусгаарлагчдын хяналтад байгаа бүс буюу Донбасс)-ийн нутагт НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаа оруулах талаар Украины дэвшүүлсэн саналыг авч хэлэлцлээ. Энэ саналд Монгол Улсыг ЭСА хэрэгжиж эхлэвэл үүрэг гүйцэтгэхээр цэрэг илгээх боломжтой 11 улсын тоонд нэрлэж байна.

Мюнхений бага хурал эхлэхийн өмнөх өдөр нь НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга асан, Украины ерөнхийлөгчийн зөвлөх Андерс Фог Расмуссен зүүн Украинд “цэнхэр дуулгатнууд”-ыг оруулах дэлгэрэнгүй төлөвлөгөөг Орос, Украин, АНУ-ын төрийн тэргүүн нарын бие төлөөлөгчдөд танилцуулжээ (эдгээр нь зүүн Украин дахь хямралыг зохицуулах хэлэлцээнд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины бие төлөөлөгчөөр оролцож буй Владислав Сурков, Цагаан ордны тусгай элч Курт Волкер, Украины Дээд Радын депутат, “Петр Порошенкогийн блок” намын бүлгийн гишүүн Светлана Залищук, Мустафа Найем нар болно). Бага хурлын үеэр ч энэ төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэлэлцсэн байна.

Санаачилгыг Украины ерөнхийлөгчийн зөвлөх нь дэвшүүлж байгаа боловч энэ удаад сонирхогч бүх тал ямар нэг хэмжээгээр ойлголцолд хүрч болох хувилбарыг сонгох боломж байна. Учир нь “Расмуссений төлөвлөгөө” В.Сурков, К.Волкер нарын 1 дүгээр сарын 26-нд Дубайд тохиролцсон хувилбартай зарчмын хувьд хол зөрүүгүй байгаа аж.

Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2017 оны 9 дүгээр сард Хятадын Сямэньд болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын ажиглагчдын бүлгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор НҮБ-ын энхийг сахиулагчдыг Донбасст оруулахыг бүрэн дэмжихээ илэрхийлснээс харахад Москва эл төлөвлөгөөг ерөнхийд нь дэмжих магадлалтай.

«Расмуссений төлөвлөгөө»-ний агуулга

Нэлээд дэлгэрэнгүй хэлбэрээр танилцуулсан уг төлөвлөгөөний үндсэн агуулгыг дараах заалтууд бүрэн илэрхийлнэ гэж үзэж болох юм:

(1) Нийт 30 мянга хүртэл тооны цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэнэ (АНУ-ын “Атлантын зөвлөл”-ийн хуралдаан дээр тус зөвлөлийн гишүүн, НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан, ОХУ-д суугаа Элчин сайд асан Александр Вершбоу шаардлагатай ЦАХ- дын тоог 20-50 мянга гэж дурдсан). Үүнээс 5000 ЦАХ Украин, ОХУ-ын хилийн 409 км хэсэгт идэвхтэй ажиглалт явуулах ба цагдаагийн 4000 алба хаагч хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэнэ.

(2) Ажиллагааны удирдлагыг НҮБ шууд, эсхүл олон улсын хүчний бие даасан командлал НҮБ-ын өмнөөс хэрэгжүүлнэ. Ажиллагаанд НАТО-ийн гишүүн бус, ОХУ, Украины тал аль аль нь хүлээн зөвшөөрч болохуйц улсуудын ЦАХ-д үүрэг гүйцэтгэнэ. Ийм боломжтой улсын тоонд Беларусь, Казахстан, Монгол, Австри, Финланд, Швед болон Өмнөд Америкаас Бразил, Аргентин, Чилийг нэрлэж байна. Түүнчлэн НАТО-ийн гишүүн боловч ОХУ-тай найрсаг харилцаатай Грек, Португалыг ч цэрэг илгээх боломжтой гэж тооцжээ. Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Орос, Украины тал тохиролцоонд хүрсэн тохиолдолд тус улсын зэвсэгт хүчин Донбасст энхийг сахиулахад бэлэн байна хэмээсэн ч Украины гадаад хэргийн сайд Павел Климкин Беларусь нь Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ОДКБ)- ын гишүүн улс тул тохиромжгүй гэж шууд мэдэгдээд байна.

(3) Салан тусгаарлагчдын зэвсэгт бүлэглэлүүд гал зогсоох, хүнд зэвсгээ татан гаргахад нөлөөлж, ЭСА явуулах нөхцөл хангах үүргийг Оросын тал хүлээх, өөрийгөө зарлан тунхагласан “хоёр БНУ”-ын удирдлага энхийг сахиулагчдын ажиллах нөхцлийг хүлээн авч байгаагаа нийтэд ил тодоор мэдэгдэх ёстой гэж тусгасан байна.

(4) Ажиллагааны хүрээнд төр, засгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилго бүхий эрх зүйчдийн баг, хямралын дараах сэргээн босголтод дэмжлэг үзүүлэх хүмүүнлигийн баг, орон нутгийн ард иргэдийг Украины төр, нийгмийн бүтцэд дахин татан оруулах (“реинтеграци”) шинжээчдийн багийг тус тус томилон ажиллуулна.

(5) Төлөвлөгөө ёсоор уг ажиллагаа нь Минскийн тохиролцоог биелүүлэх үүргийг сөргөлдөгч талуудаар албадан хүлээлгэх механизм болох ёстой аж. Тухайлбал, Минскийн хэлэлцээрийн эхний зүйлд заасан гал зогсоосон байх шаардлагыг ажиллагаа эхлэхээс өмнө хангасан байх ёстой. Харин орон нутгийн сонгууль явуулах, бүс нутгийн тусгай статусыг хэрэгжүүлэх, өршөөл үзүүлэх зэрэг асуудлыг ажиллагааг хаасны дараа шийдвэрлэнэ. Сүүлийн нөхцөл дээр ОХУ өөр байр суурьтай байгаа – сонгууль, өөртөө засах эрх, өршөөл зэрэг улс төрийн үйл явцыг ЭСА-ны үр дүн биш, урьдчилсан нөхцөл гэж Москва үзсээр байна.

«Гован-Расмуссений тайлан»

Мюнхений бага хурал дээр “Расмуссений төлөвлөгөө”-г хэлэлцэхээс гурван долоо хоногийн өмнө АНУ-ын Хадсон хүрээлэнгийн цахим хуудаснаа “НҮБ Украиныг нэгтгэж чадах уу?” хэмээх гарчигтай тайлан нийтлэгдсэн. Тус хүрээлэнгийн болон Европын гадаад харилцааны зөвлөлийн шинжээч Ричард Гованы нэрээр нийтлэгдсэн уг тайланг боловсруулахад А.Ф.Расмуссен оролцсон тул “Гован-Расмуссений тайлан” гэх болжээ. Тайлангийн үндсэн агуулга нь “Расмуссений төлөвлөгөө”-нд тусгалаа олсон, В.Сурковтай хэлэлцэж буй хувилбараас хол зөрөхгүй гэж К.Волкер мэдэгдэв. Чухам энэ тайланд ЭСА-нд үүрэг гүйцэтгэх ЦАХ-дын тоог анх 20 мянга гэж санал болгосон төдийгүй цэрэг илгээх боломжтой орнуудыг нэрлэсэн (Харин энэ илтгэлд Монгол Улсыг дурдаагүй, сүүлд нэмэгдсэн байна). Ажиллагааны командлалыг НАТО-ийн гишүүн бус Европын улс, тухайлбал, Финланд, Швед, Австрийн аль нэгний зэвсэгт хүчний төлөөлөл хэрэгжүүлэх нь зүйтэй гэж тайланд санал болгожээ.

Донбасст энхийг сахиулагчдын хяналтад шилжсэн газар оронд хэв журам сахиулах цагдаагийн бие бүрэлдэхүүн оруулах тухай уг тайланд анх тусгасан санал бараг өөрчлөгдөлгүйгээр “Рамсуссений төлөвлөгөө”- нд орж ирсэн байна. Сонирхолтой нь, “хоёр БНУ”- ын хууль сахиулах хүчнийг татан буулгаж, алба хаагчдыг нь тараахгүйгээр, олон улсын цагдаагийн хүчин тэднийг давтан сургах, Украины хууль хяналтын тогтолцоонд дахин татан оруулах үүрэг хүлээнэ гэж “Гован- Расмуссений тайлан”-д дурдсан байна. Үүгээрээ:

нэгд, салан тусгаарлагчдын хүчийг хэв журам сахиулахад ашиглаад зогсохгүй, улс төрийн эвлэрлийг хурдасгах;

хоёрт, Минскийн тохиролцооны үндсэн зарчмыг мөрдлөг болгосноор ОХУ-ын дэмжлэгийг хүлээх гэсэн хоёр зорилтыг нэг дор шийдвэрлэнэ гэж тооцож буй бололтой.

Түүнчлэн НҮБ-ын хүчнээс гадна 2014 оноос хойш тус бүс нутагт ажиглагчдын тусгай бүлгийг томилсоор ирсэн ЕАБХАБ- ын баялаг туршлагад тулгуурлах, хамтран ажиллах шаардлагатай гэж уг баримт бичигт дурджээ.

Орон нутгийн сонгуулийн улс төрийн бэлтгэл ажлыг хангах, сонгууль явуулах, ажиглах үүргийг ЕАБХАБ дангаараа, сонгуулийн аюулгүй байдлыг НҮБ-ын “цэнхэр дуулгатнууд”, харин гал зогсоох, хүнд зэвсэг татах тохиролцоо хэрхэн хэрэгжиж буйг, зөрчсөн эсэхийг тогтооход шинжээчийн дүгнэлт гаргах үүргийг НҮБ-ын хүчин, ЕАБХАБ-ын цэргийн ажиглагчид хамтран хэрэгжүүлэх төлөвтэй.

Үндсэндээ зүүн Украины салан тусгаарласан хоёр мужийн нутаг дэвсгэрт ажиллагааны үед НҮБ-ын хяналт дор түр засаг захиргаа тогтоох “замын зураг” бүрэлдэж байна.

Мандатыг НҮБ-ын Дүрмийн аль зүйлийн дагуу олгох вэ?

“Расмуссений төлөвлөгөө”-нд ажиллагааг хэд хэдэн үе шаттай явуулахаар тооцжээ. Одоогийн байдлаар:

(1) ажиллагааны мандат авах, урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх (хоёр сар хүртэлх хугацаанд);

(2) хилийн хяналт тогтоох (хоёр сараас дээш зорилтоо биелүүлэх хүртэлх хугацаанд);

(3) орон нутгийн сонгууль явуулах бэлтгэл ажлыг хангах (зургаан сар хүртэлх хугацаанд) гэсэн гурван үе шаттай байна гэсэн урьдчилсан төсөөлөл гарч байна. Мөн ажиллагааны үе шат бүхэнд НҮБ-ын мандат авах бус, Аюулгүйн зөвлөлөөс нэг удаа олгосон мандатаар уг ажиллагааг бүрэн хэрэгжүүлж дуусна гэдэгт өнөөдрийн байдлаар сонирхогч бүх тал зөвшилцөлд хүрээд байгаа бололтой.

Зүүн Украин дахь хямралын уг сурвалж, НҮБ- ын АЗ-ийн байнгын гишүүн ОХУ-ын ашиг сонирхол, Европ тивд орших байрлал, улс төрийн эмзэг байдал зэргийг харгалзан ажиллагааны мандатыг НҮБ -ын Дүрмийн VI зүйлийг баримтлан (энхийг сахиулагчид хүч хэрэглэх эрхгүйгээр) олгох нь хамгийн оновчтой хувилбар болно.

Харин Донецк, Луганскийн (“хоёр БНУ”-ын) эрх баригчид гал зогсоох, хүнд зэвсгийг татах үүргээ сайн дураараа биелүүлэх эрмэлзэлгүй, байгаад ч хяналтаасаа алдах магадлал өндөр хэмээн үзэж НҮБ-ын Дүрмийн VII зүйлд заасан зэвсэгт мөргөлдөөний үед хүч хэрэглэх эрх бүхий мандатыг олон улсын энхийг сахиулах хүчинд олгох нь зүйтэй гэсэн саналыг Украины талаас тавьж буй. АНУ ч адил байр суурьтай байх нь дамжиггүй. Гэвч энэ хувилбарыг ОХУ хүлээн авахгүй, НҮБ-ын АЗ дээр хориг тавьж мандат олгуулахгүй тул дэмжигдэхгүй гэж тооцож болно.

Минскийн тохиролцоог хэрэгжүүлэх улс төрийн нөхцөл

Украины албаны хүмүүс, тухайлбал Дээд Радын депутат М.Найемын мэдэгдсэнээр, ЭСА-г хааж, орон нутгийн сонгууль явуулах хүртэл “хоёр БНУ”- ын салан тусгаарлагчдын засаг захиргааг татан буулгахгүй, эрх мэдлээ хэрэгжүүлэх бололцоо олгохоор төлөвлөж байгаа аж. Хэрвээ энэ мэдэгдлийг ерөнхийлөгч П.Порошенко, зөвлөх А.Ф.Расмуссен нарын байр суурийг ямар нэг хэмжээгээр илэрхийлсэн гэж үзвэл, Киевийн зүгээс бага боловч буулт хийж байгаа нь тодорхой байна.

Минскийн тохиролцоог сөргөлдөгч бүх тал бүрэн биелүүлсэн тохиолдолд л Украины зүүн хилийг тус улсын талд бүрэн шилжүүлнэ гэж хэлэлцээнд АНУ-ыг төлөөлөн оролцогч К.Волкер мэдэгдээд буй. Энэ нь Москвагийн байр суурьтай нийлж байгаа тул орон нутгийн сонгууль явуулж, тус бүс нутгийн онцгой статусыг Украины үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор баталгаажуулах хүртэл ЭСА- ны мандат үргэлжлэх нь тодорхой болж байна. Тиймээс цаг хугацааны хувьд хамгийн багаар тооцоход жил хагасаас хоёр үргэлжлэх ажиллагаа гэж үзэж болно.

Харин эдгээр нөхцлийг Украины тал хэрхэн биелүүлэх талаар, өөрөөр хэлбэл, өөрийнхөө хүлээх үүргийн талаар Киев ямар ч мэдээлэл өгөхгүй байна. П.Порошенко Мюнхенд “Оросын түрэмгийлэл” гэгчийн талаар улиг болсон ерөнхий зүйлээ л ярьсан бол гадаад хэргийн сайд П.Климкин Оросын сайд С.Лавровтай нэг цаг орчим хаалттай ганцаарчилсан уулзалт хийсэн ч яригдсан зүйлсийн талаар хангалттай мэдээллийг хэн хэн нь өгсөнгүй.

Түүнчлэн “Нормандын дөрвөл”-ийн форматаар (энэ нь зүүн Украины асуудлаар ОХУ, Украин, Герман, Францын төр, засгийн тэргүүн болон гадаад хэргийн сайд нарын уулзалтын механизм бөгөөд анх 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Дэлхийн хоёрдугаар дайны Хоёрдугаар фронтыг нээсний 70 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр дөврөн улсын тэргүүн нар Францын Нормандад уулзсанаар ийм нэршилтэй болжээ) гадаад хэргийн сайд нарын уулзалтыг бага хурлын үеэр төлөвлөөд байсан ч Германы тал тодорхой шалтгаангүйгээр уулзалтыг хойшлуулав.

Эдгээрээс харахад ЭСА-ны тухай яриа хэлэлцээ К.Волкер, В.Сурков нарын хүрээнд буюу АНУ, ОХУ-ын бүрэн эрхт төлөөлөгчдийн хэмжээнд явагдаж буй бололтой. Тиймээм өмнөх санал, санаачилгуудтай харьцуулахад уг төлөвлөгөө бодитой хэрэгжих магадлал арай илүү байна.

Цаашдын өрнөл, анхаарах асуудал

“Расмуссений төлөвлөгөө”-ний тодорхой нарийвчилсан асуудлуудаар Москва эсрэг байр суурь баримтлахгүй аваас зүүн Украинд НҮБ-ын мандаттай ЭСА явуулахыг Оросын тал зарчмын хувьд дэмжиж байгаа нь томоохон давуу тал юм. Харин Өрнөдийн орнууд, ялангуяа АНУ-ын зүгээс Оросын тал хүлээн авах боломжгүй болзлыг тулгах гэж оролдвол НҮБ-ын АЗ дээр уг санал хоригт орж, унах магадлалыг улам ихэсгэх болно. Энэ тохиолдолд Киев улс төрийн ямар нэг байр суурь илэрхийлэхийг урьтал болохгүй хүлээцтэй хандах нь мөн чухал байна.

Дээрхээс дүгнэхэд, энэ ажиллагаа хэрэгжих бололцоо байгаа ч баттай халэх болоогүй, бүтэлгүйтэх магадлал мөн л байна.

ЭСА явуулахаар болбол Монгол Улсыг цэрэг илгээх боломжтой улсуудын тоонд нэрлэж байгаа нь санамсаргүй зүйл биш юм:

  • Монгол Улсын Зэвсэгт хүчний хуримтлуулсан ЭСА- ны туршлага;
  • Зөвлөлт Холбоот Улсад (одоогийн ОХУ, Украины аль алинд) цэргийн боловсрол эзэмшсэн боловсон хүчин;
  • Оросын зэвсэг, техниктэй харьцаж дадсан байдал;
  • Донбассын оршин суугчдын эх хэл – орос хэлийг эзэмшсэн ЦАХ-дын нөөц зэрэг хүчин зүйлсийг сонголт хийхэд нөлөөлсөн гэж үзэж бүрнээ болно.

Түүнээс гадна 2015 онд Монголын зэвсгийн шинжээч ЕАБХАБ-ын Ажиглагчдын тусгай бүлгийн бүрэлдэхүүнд орж Луганск мужид ажиллаж, үүргээ амжилттай гүйцэтгэсэн туршлага бий. Олон нийтийн анхааралд төдийлэн өртөөгүй ч энэ бол Монголын ЦАХ НҮБ- аас өөр байгууллагын, иргэний ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн анхны тохиолдол юм.

Донбасст энхийг сахиулагчдыг оруулах тухай санаачилга НҮБ-ын АЗ дээр (энэ нь зөвхөн ОХУ дэмжсэн тохиолдолд гэсэн үг) улс төрийн дэмжлэг олж, хэрэгжиж эхлэвэл НАТО-ийн зүгээс ч, ОХУ-ын зүгээс ч цэрэг илгээх саналыг Монгол Улсад албан ёсоор тавих магадлалтай.

Ийм нөхцөлд ОХУ-ын саналыг дэмжих байр суурь баримтлах нь оновчтой:

нэгд, ОХУ-ыг олон улсын тавцанд дэмжсэнээрээ тус улстай тогтоосон стратегийн түншлэлийн харилцаагаа нотлох улс төрийн ач холбогдолтой;

хоёрт, цаашид Москва цагийн байдал илүү хүнд, эрсдэл өндөртэй газар оронд (тухайлбал, Сири байж болзошгүй) ЭСА-ны мандат авч, хамтран үүрэг гүйцэтгэх санал тавьбал “зайлсхийх” шалтгаан болох прагматик ач холбогдолтой.

Зүүн Украин нь цагийн байдлын хувьд ч, байгаль- цаг уурын хувьд ч, соёлын онцлогийн хувьд ч монголчуудад бусад бүс нутгаас харьцангуй таатай газар орон гэж үзэж болно.

Харин манай улс ЭСА-д оролцохыг зөвшөөрөх ганц урьдач нөхцөл байгааг анхаарууштай. Энэ нь ажиллагааны мандатыг зөвхөн НҮБ-ын Дүрмийн VI зүйлийг баримтлан олгосон байх явдал юм.

Монгол Улс ЕАБХАБ-ын бүрэн эрхт оролцогч улсын хувьд тус байгууллагын Ажиглагчдын тусгай бүлэгт үүрэг гүйцэтгэх цэргийн ажиглагч (иргэний статустайгаар)-ийг 2015 онд томилон ажиллуулсан нь өндөр үнэлэгдсэн. Түүнээс хойш дахин цэргийн мэргэжилтэн томилоогүй байгаа тул шаардлага хангах алба хаагчийг сонгон шалгаруулж нэр дэвшүүлэх ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзнэ.

 

 

 


Ангилал: Долоо хоногийн тойм