Энэ тоймд мөнгө, блокчейн, криптографийн түлхүүр, криптовалют, токен, криптовалютын олборлолт, монголын криптовалютын зах зээл, криптовалютын уналт, алт криптовалютын хамаарал гэсэн сэдвүүдийг хөндлөө
Мөнгө
Мөнгө заавал “алт” байх ёстой юу, гарт баригддаг, нүдэнд үзэгддэг байх ёстой юу?
Мөнгө бол солилцооны хэрэгсэл бөгөөд МЭӨ зуунд торго, чинжүү, тариа, хонь, чулуу, хүрэл, тамхи, арьс зэрэг эд зүйлийг энэ зорилгоор хэрэглэж байсан. Харин Хятадад МЭӨ XVI-XVIII зууны үед дунгийн яс, Японд VII-VIII зууны үед сумны зэвийг арилжааны хэрэгсэл болгож байв. Сололцооны хэрэгсэлд хамгийн удаан ашиглагдсан алт, мөнгө, зэс зэрэг өнгөт металл зах зээлийн гол тулгуур байсаар ирсэн.
Мөнгө гэж юу вэ?
Yнийг хэмжих нэгж (unit of account); чөлөөтэй хөрвөх төлбөр тооцооны хэрэгсэл (medium of exchange); үнэ цэнээ хадгалах хөрөнгө (store of value) гэсэн гурван зүйлээр тодорхойлж болно.
Үндэсний мөнгөн тэмдэгт бий болж эхэлснээс хойш улс орнууд өөрсдийн үндэсний валютын дархлааг хамгаалах зорилгоор анхны банкнууд байгуулагдаж эхэлсэн. Шведийн Riksbank (1668 он), Bank of England (1694 он), Bank of Japan (1882 он), FED (1913 он), Reserve bank of New Zealand (1934 он), Bundesbank (1957 он) гэх зэрэг томоохон банкнууд өөрсдийн мөнгөний бодлогоор дамжуулан дэлхийн санхүүгийн зах зээл дээрх мөнгөний урсгалыг тодорхойлж байна.
Төв банк нь үндсэн хэд хэдэн үүрэгтэй: Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах; мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх; арилжааны банкуудын үйл ажиллагааг зохицуулдаг.
Харин иргэдийн өнцгөөс банкууд нь найдвартай хадгаламж (банк байхгүй бол хүмүүс мөнгөө өөрсдөө хадгалж, эрсдэлээ өөрсдөө үүрнэ); төлбөр тооцоо (цаг хугацаа, зардал хэмнэнэ); санхүүгийн зуучлал(илүүдэл мөнгөтэй хүний хөрөнгийг санхүүжилт шаардлагатай байгаа хүнд зуучлах)-ын үүргийг гүйцэтгэдэг.
Банк хоорондын гүйлгээг Төлбөрийн систем (Payment system, Clearing House) зохицуулдаг. Төлбөрийн системийг ашигласны төлбөрийг Төв банк системийн зардлаа нөхөх зорилгоор банкуудаас шимтгэл авч, банкууд нь иргэд болон бусад аж ахуй нэгжээс авдаг юм. Жишээлбэл, банк хооронд гүйлгээ хийхэд иргэдээс 300, зарим тохиолдолд 2000 төгрөгийн шимтгэл авдаг нь төлбөрийн систем ашигласны төлбөр юм. Эцсийн хэрэглэгчээс гарсан уг шимтгэл гадагшаа систем ашигласны зардал болно.
Тэгвэл блокчейн технологи гарч ирсэн нь банкны төлбөрийн системийн шимтгэлийг бууруулах, цаашлаад мөнгөн гүйлгээнд Clearing House болон банкны шаардлага байхгүй болоход хүргэх хэмжээний томоохон өөрчлөлт юм.
Блокчейн гэж юу вэ?
Блокчейн нь аливаа мэдээллийг үнэн зөвөөр, найдвартай тараан байршуулж хадгалах технологи юм. Жишээлбэл, блокчейн нь мөнгөн шилжүүлгийн бүртгэлийг хадгалах боломжтой. Мөн кодчилогдсон — валютаар хэнээс хэнд хэдэн кодчилсон — валют шилжүүлсэн талаарх мэдээллийг бүртгэдэг. Зөвхөн үүгээр зогсохгүй, өгсөн зээлийн бүртгэл, өмчийн эрхийн бүртгэл, замын хөдөлгөөний зөрчлийн бүртгэл, гэрлэлтийн бүртгэл гээд бүх төрлийн бүртгэлийн мэдээллийг хадгалах боломжтой. Ерөнхийдөө цаасан дээр бичиж болох бүх зүйлийг блокчейнд бичиж болно. Харин ганц том ялгаа нь блокчейн дэх бүртгэлийг орлуулах эсвэл хуурамчаар дуурайх ямар ч боломжгүй гэж болно.
Блокчейн хэрхэн ажилладаг вэ?
Blockchain – нэрээс нь таахад хэцүү биш. Блок бүр өмнөх блоктойгоо холбогддог мэдээллийн блокуудын гинжин хэлхээ юм. Блок нь бичилтийн багцыг агуулна. Мөн шинэ блокууд нь заавал гинжний төгсгөлд нэмэгддэг.
Гэсэн хэдий ч энэ нь маш чухал гурван зарчим дээр үндэслэсэн маш нарийн төвөгтэй гинжин хэлхээ юм. Үүнд: тараан байршуулах; нээлттэй байдал; аюулгүй байдал байна. Бүх блокчейн хэрэглэгчид нь нийлж компьютерын сүлжээг бүрдүүлдэг, компьютер тус бүр нь мэдээллийн блокийн хуулбаруудыг агуулдаг. Энэ нь ихэвчлэн бүх блокийн бүрэн хуулбар байдаг боловч зарчмын хувьд та зөвхөн тухайн компьютер дээр хэрэгтэй өгөгдлийг хадгалах боломжтой.
Тиймээс блокчейнийг унтраах эсвэл эвдэх ямар ч боломжгүй юм. Яагаад гэвэл, ингэхийн тулд бүх компьютерыг унтраах, эсхүл эвдэх шаардлагатай болно. Энэ нь хамгийн сүүлчийн компьютерыг унтраах хүртэл блокчейн ажилласаар байна гэсэн үг юм. Шинээр нэмэгдсэн хэрэглэгч бүр энэхүү хэлхээ, сүлжээг өргөжүүлж, тэр хэмжээгээр мэдээллийн найдвартай байдал бэхжиж байдаг гэж болно. Бүх компьютер тэнцүү эрхтэй бөгөөд (онолын хувьд) тэдгээрийн дээр ямар нэгэн зохион байгуулагч, зохицуулагч-хянагч, менежерийн үүрэг гүйцэтгэдэг тусгай компьютер байхгүй гэж ойлгож болно. Өөрөөр зүйрлэвэл хавтгай сүлжмэл тор гэж ойлгож болно.
Блокчейний бүх мэдээлэл, блокууд болон тэдгээрийн агуулга нь хүн бүрт нээлттэй байдаг. Ямар ч блокийг уншиж, бүх бичилтийг үзэж болно. Мөн гинжин холбоог харж, мэдээллийн өөрчлөлтийг ажиглах боломжтой.
Тиймээс блокчейнд байгаа бүх мэдээллийг шалгахад маш хялбар тул заавал сүлжээний бусад гишүүдэд найдах шаардлага гарахгүй. Хүссэн үедээ бүх мэдээллийг өөрөө шалгаж, баталгаатай, найдвартай хариулт авах боломжтой.
Хэрэглэгчид мэдээллээ хамгаалахын тулд блокчейнд криптографын түлхүүр хэрэглэдэг. Түүний ачаар хэзээ ч боломжгүй мэт санагдах үр дүнд нэгэн зэрэг хүрдэг. Тэр нь юу вэ гэвэл бусад оролцогчдод итгэж найдахгүйгээр, магадгүй илт дайсагнасан оролцогч байсан ч хамаагүй танд нээлттэй, найдвартай байдлыг блокчейн нэгэн зэрэг олгодог. Энгийнээр хэлэхэд хэн нэгэн хүнд хэдэн сая валют байгааг төвөггүйгээр харж болно. Гэхдээ тус хүнийг яг хэн бэ гэдгийг нууцлалтай түлхүүрээ явуултал мэдэх боломжгүй. Хэн нэгнээс түлхүүр ирсний дараа л түүнд хэр их зүйл байгааг мэдэх боломжтой.
Криптографийн түлхүүр гэж юу вэ?
Блокчейний найдвартай, аюулгүй байдлыг криптографийн түлхүүрээр эзэмшдэг бөгөөд мэдээллийн үнэн зөв, хүчин төгөлдөр эсэхийг хялбархан шалгаж болно. Үнэндээ энэ түлхүүр маань зүгээр л тоо, гэхдээ маш их тоо юм. Харин түлхүүрийг бодож гаргахад Хэш-функци нэртэй тусгай алгоритм ашигладаг бөгөөд энэ нь маш чухал хоёр шинж чанартай ганцхан түлхүүрийг олгодог. Үүнд:
1.Түлхүүр байхад ч эх үүсвэрийн багц мэдээллийг мэдэх боломжгүй;
2.Яг адил түлхүүр олох дахин өөр нэг багц мэдээлэл олдох боломж огт байхгүй гэсэн үндсэн чухал шинж чанартай.
Өөрөөр хэлбэл, зөвхөн түлхүүртэй байснаараа та ямар ч зүйлийг мэдэх боломжгүй, хэн нэгэнд ямар ч хор хөнөөл учруулж чадахгүй. Нэг саванд нэгэн зэрэг багтсан нээлттэй, аюулгүй байдал гэж ойлгож болно.
Түлхүүрийн бас нэг чухал шинж чанар нь эх үүсвэрийн мэдээлэл тун ялимгүй өөрчлөгдөхөд л түлхүүр бүрэн өөрчлөгддөг. Эх үүсвэрийн зөвхөн ганц тэмдэгт өөрчлөгдөхөд түлхүүр иж бүрнээрээ өөрчлөгддөг.
Блокчейний систем
Блокчейний бүх өгөгдөл нь блок-сүлжээний хэрэглэгчдийн компьютер дээр хадгалагддаг. Системийн бүх хэрэглэгчид адил тэнцүү эрхтэй бөгөөд хэрэглэгчдэд ямар ч дундын зуучлагч шаардлагагүй, жишээ нь санхүүгийн зохицуулах хороо, банк, төрийн байгууллага, аудитор, хянагч, даатгалын компани, аливаа төрлийн бүртгэлийн газар гэх мэт. Зөвшөөрөл авах хүн байхгүй тул илүү эрх мэдэлтэй ямар ч хүн танд нэмэлт эрх, нэмэлт боломж олгохгүй бөгөөд зөвхөн та л өөрийгөө хамгаалж чадна.
Блокчейнд нэвтрээд хэрэглэгч нь системд байгаа бусад компьютеруудтай холбогдож, “блок” ба “бичилт”-эн мэдээллүүдийг солилцдог. Энэ систем нь газарзүйтэй ямар ч холбоогүй, өөрөөр хэлбэл Москвагийн хэрэглэгч Бээжин, Лондон, Нью-Йорк, Буэнос-Айрес зэрэг хэрэглэгчидтэй зэрэгцэн холбогдож болно. Энэ нь ч бас хэрэглэгчдийг аливаа бүс нутгийн онцлогуудаас хамааралгүй болгож байгаа юм.
Шинэ мэдээллийг хүлээн авсны дараа хэрэглэгч бүр мэдээллийн зөв эсэхийг шалгаж, жинхэнэ эсэхийг баталсны дараа тэдгээрийг өөртөө хадгалж, цаашлаад системээр бусдад дамжуулдаг. Тиймээс уг системд хоёр төрлийн мэдээлэл байдаг. Зальт этгээдийн хуурамч, үндсэн хэрэглэгчийн жинхэнэ мэдээлэл. Үндсэн оролцогчид хуурамч мэдээлэл олж авсны дараа түүнийг цааш дамжуулахгүй. Үүний үр дүнд хуурамч мэдээллийг оролцогчдын дунд тараалгүй устгаж байдаг бөгөөд үндсэн оролцогчид зөвхөн зөв өгөгдөл солилцдог болно.
Системд оролцогчид нь хоёр бүлэгт хуваагдана: шинэ бүртгэл үүсгэх энгийн хэрэглэгч, шинэ блок үүсгэгч уурхайчид. Үнэн хэрэгтээ шинэ блок үүсгэх нь нөөц-шаардсан, нарийн төвөгтэй процесс юм. Тиймээс хүн бүр олборлогч болж чаддаггүй.
Олборлогчид бол бичилтүүдийг цуглуулж, шалгаж, тэдгээрийг блок-д бүртгэж, дараа нь эдгээр блокуудыг системээр дамжуулдаг. Үүний дараа энгийн хэрэглэгчид блокуудыг хүлээн авч тэдгээрийг өөртөө байршуулж, өөрсдийн бичилтийг зөв үүсгэж бусад хүмүүсийн шинэ бичилт найдвартай эсэхийг шалгадаг.
Шинэ бичилтийг ямар нэг блокод оруулаагүй бол найдвартайд тооцогддоггүй. Систем дэх аль ч гишүүн үүнийг зөвхөн өөрийн эрсдэлээр ашиглаж болно. Энэ нь буруу эсвэл бүр хуурамч бичилт байж болох бөгөөд үүнийг цуцалж болно. Тиймээс оролцогчид шинэ бичилтийг олборлогч руу илгээнэ. Олборлогч бичилтийг блоконд хадгалсан тохиолдолд, энэ нь шалгагдаж, зөв болох нь батлагддаг бөгөөд буцаах боломж хаагддаг. Блокчейн ингэж л ажилладаг.
Криптовалют гэж юу вэ?
Криптовалют гэдэг нь криптографаар мэдээлэл нууцлагдсан, компьютерын сүлжээнд оршдог, аливаа нэгэн улсын төв банкны удирдлага, хяналтад ажилладаггүй чөлөөт валют юм. Криптовалютыг олон улсын хэмжээнд эерэгээр хүлээн авч байгаа хэдий ч төв банкнуудын хувьд төдийлөн саашаахгүй байна. Учир нь богино хугацаанд үндэсний мөнгөн тэмдэгт криптовалютын эсрэг сулрах эрсдэлтэй.
Криптовалютын зах зээл дээр 1550 гаруй төрлийн янз бүрийн онцлогтой валют байна. Нийт криптовалютыг дотор нь нууцлалтай, нууцлалгүй гэсэн ангилалтай байгаа аж. Нууцлалтай валютын үндсэн ойлголтод илгээсэн болон хүлээн авсан хүний хаягыг нууцалсан байдаг. Энэ нь мөнгө угаах, татвараас зайлсхийх, хүний наймаа зэрэг томоохон гэмт бүлэглэлүүд ихээхэн ашиглаж байх магадлалтай байна. Харин нууцлалгүй валют нь илгээсэн болон хүлээн авсан хүний хаягийг тогтоох боломжтой ба гуравдагч этгээдэд гүйлгээний утга харагдана.
Зарим улсын төв банкнууд криптовалют буюу цахим мөнгөн тэмдэгт гаргахаар ажиллаж байна. Саяхан Давост болсон дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр цахим мөнгөн тэмдэгтийн эрин үе ирснийг ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард онцолж мэдэгдсэн аж. Үүнтэй зэрэгцэн эдийн засаг нь гүн хямралд орж, өндөр инфляцитай Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро 2 дугаар сарын 20-ноос эхэлж “Петро” криптовалютыг улс орон даяар олборлохыг зөвшөөрч, хадгаламжийн банкуудад цахим валют бий болгож байгаатай холбоотойгоор худалдан авах ажиллагаанд оролцох боломж олгосноо мэдэгдсэн юм. Түүний хэлснээр хөрөнгө оруулагчид Петро криптовалютыг 735 сая ам.доллараар худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Харин Швед улс крипто e-крона гэгдэх албан ёсны цахим мөнгөн тэмдэгтээ гаргахаар зарласан бол Хятад, Орос, Энэтхэг, Африкийн төв банк албан ёсны цахим мөнгөн тэмдэгтийг нэвтрүүлэх судалгааг эхлүүлсэн. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тус улсын Харилцаа холбооны сайд Николай Никифоровтой өнгөрсөн оны 10 сард уулзах үедээ крипторубль гаргах даалгаврыг өгсөн.
Н.Никифоров “Крипторубль хэрэглээнд гарсны дараа бусад крипто валютуудыг хориглож, шинэ цахим мөнгийг Засгийн газар бүтэн хяналтдаа байлгах болно. Крипто рублийг гаргах болсон ганцхан энгийн шалтгаантай. Хэрвээ бид гаргахгүй бол Евразийн эдийн засгийн нийгэмлэгт багтдаг манай хөршүүдийн хэн нэг нь хоёрхон сарын дотор гаргаж чадахаар байна” гэж онцолжээ.
Япон улс 2017 оны 4 сард төлбөр тооцоо хийх тухай хуулийг шинэчлэн батлаж, криптовалютыг албан ёсоор төлбөр тооцооны хэрэгсэл гэж үзэн, криптовалютын хөрөнгө биржийг бүртгэлийн системд оруулан, харилцагчийн хөрөнгийг тусад нь удирдахыг үүрэг болгов. Улс орнуудын дэмжсэн үйлдлүүд Initial Coin Offering эрин үеийг богино хугацаанд сэргээсэн юм.
Initial Coin Offering эрин үе
Өнгөрсөн оноос хойш аж ахуй нэгжүүд хувьцаа болон бонд гарган хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгохоос илүүтэйгээр өөрсдийн криптозоос гарган хөрөнгө татах нь түгээмэл боллоо. ICO нь компанийн “Токен” гэгдэх дижитал эрхийн бичгийг гарган, интернетээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс хөрөнгө татах зарчим юм. “Токен” нь криптовалютын хөрөнгийн бирж дээр олон нийтэд арилжаалагдсанаар хөрөнгө оруулагч нар өөр хоорондоо авч, зарах боломжтой юм. Энэ нь шинэ төрлийн хөрөнгө оруулалтын нэг хэлбэр ба хөрөнгө оруулагч нар криптовалют ашиглан токен худалдан авч, хөрөнгө оруулалт хийж байна. Хувьцаа, бонд гаргахад олон жил шаардагдах ч, ICO хийхэд ердөө гурван сар орчим л хугацаа шаардаж байгаа нь компани, бизнес эрхлэгчдэд тун давуу тал болж байна. IPO гаргахад татварын 3 дээш жилийн 6-8 төрлийн татварын болон бусад тайлан гаргадаг бол ICO-д тун цөөн тайлан хэрэг болдог.
Криптозоос гарган хөрөнгө татахад давуу тал: Шалгуур байхгүй, шаардлагатай хөрөнгө босгоход хэдхэн сар болдог, одоогийн хувьцаа эзэмшигчийн хувийг бууруулахгүй, жил бүр тайлан гаргах шаардлагагүй, богино хугацаанд эргэн төлөлт хийх боломжтой юм.
Харин сул тал нь: Хөрөнгө оруулагч нарт эрсдэл өндөртэй, залилангийн шинжтэй, эргэн төлөлтөд хяналт сул зэрэг асуудал үүсэх магадлалтай. Гэсэн хэдий ч 2017 оны байдлаар ICO-р дэлхийн хэмжээнд нийтдээ 1.6 тэрбум ам.долларын хөрөнгийг амжилттай татсан нь цаашид хөрөнгө оруулалт татах болж өндөр байгааг харуулж байна. Энэ оны 3 сард болох “Их-20”-ийн уулзалтаар ICO-той холбоотой нэгдсэн журам гаргахаар улс орнуудын сангийн сайд, төв банкуудын тэргүүн нар хэлэлцэхээр төлөвлөж байна. Иймээс Монголын гарааны бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтыг богино хугацаанд татах тал дээр анхаарч ажиллах боломжтой байна. Харин дэлхийн санхүүгийн зах зээлийн хөрөнгө оруулалтын хэдэн хувийг криптовалют эзэлж байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.
Криптовалютын зах зээл тэлэх боломжтой юу?
Олон улсын даатгалын томоохон компаниудын нэг Allianz 2017 онд гаргасан санхүүгийн тайландаа “Дэлхийн эдийн засгийг 2016 оны сүүлийн байдлаар 169.2 их наяд евро буюу 209.54 их наяд ам.доллар болж, өнгөрсөн жилээс 4.7 хувиар өссөн. Харин улс орнуудын бондын өр, зээлийг хасаж тооцсоноор цэвэр санхүүгийн хөрөнгө 2016 оны төгсгөлд 128.5 их наяд евро буюу 159.13 их наяд ам.доллар байна” гэсэн.
2018 оны 2 дугаар сарын 24-ны байдлаар дэлхийн эдийн засгийн цэвэр санхүүгийн хөрөнгийн 0.3 хувь (511.34 тэрбум ам.доллар)-ийг криптовалютын зах зээл эзэлж байна.
Криптовалютад хөрөнгө оруулалт, тэр дундаа олборлолтод хөрөнгө оруулах явдал нэмэгдэх боломжтой байна. Ингэвэл криптовалютын зах зээлийг хөрөнгө оруулалтын таатай хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх замаар тогтвортой байлгах шаардлага үүсгэхэд хүргэж байна.
Олборлолтод чиглэсэн хөрөнгө оруулалт ба эрчим хүчний хэрэглээний өсөлт
Давосын эдийн засгийн чуулганы үеэр Криптовалютын олборлолт буюу Mining асуудлыг хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхож байв. Уг хурал дээр ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард: “Биткойн болон бусад криптовалютын олборлолтод зарцуулагдаж буй эрчим хүчний хэрэглээ энэ хэвээр үргэлжилбэл тун удахгүй бүхэл бүтэн нэг улсын цахилгааны жилийн хэрэглээтэй тэнцэхээр байна. Олборлолт компьютерын хэрэглээг нэмэгдүүлж, уг механизмын үнэ цэнэ, ашгийн хэмжүүрийг тодорхойлж байгаа боловч эрчим хүчийг сорж байна” гэв. Криптовалютыг олборлоход зарцуулах эрчим хүчний хэмжээ удахгүй Аргентин улсын цахилгааны хэрэглээтэй дүйж очихоор байгаа юм.
Блүүмбэргийн судалгаанаас үзвэл криптовалютын олборлогчид өдөрт 37 гигаватт/цаг эрчим хүч хэрэглэж байгаа аж. Энэ нь 1.2 гигаваттын хүчин чадалтай гучин цөмийн станц бүрэн хүчин чадлаараа ажиллахтай тэнцэх хэмжээ юм. Үүнээс үүдэн цахилгаан эрчим хүчний хямд эх үүсвэр шаардлагатай болож, нүүрсээр галладаг цахилгаан станц эрэлт хэрэгцээ нэмэгдэхэд хүргэж байна. Криптовалютыг ирээдүйн цахим мөнгө гэж үзэн нэмж олборлохоор болбол цахилгаан станцын эрэлт өсөхийн зэрэгцээ нүүрс, зэс, төмрийн хүдэр, ган зэрэг түүхий эдийн ханш өсөх магадлалтай болж байна. Улмаар эрчим хүчний дундаж үнийг өсгөж магадгүй байгаа нь хөгжингүй орнуудын эдийн засагт төдийлөн эерэгээр нөлөөлөхгүй ч хөгжиж буй орнууд руу чиглэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэх эерэг талтай.
Хятад хувьд дэлхийн криптовалютын 60-70 орчим хувийг олборлож байна. Тус улсын нүүрсний цахилгаан станцуудтай мужуудад эрчим хүчний өртөг хямд байдаг нь криптовалютын олборлолт нэмэгдэхэд голлон нөлөөлж байна.
Гэвч дэлхийн уур амьсгал өөрчлөлтэй байгаатай холбоотой нүүрсний цахилгаан станц олширохыг зөвшөөрөхгүй нь тодорхой байна.
Криптовалютын уналтын шалтгаан
Криптовалют нь шинэ төрлийн төлбөр тооцооны хэрэгсэл болон түүгээр хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө татах зэргээр дэлхий дахины анхаарлын төвд орсон. Гэвч өндөр нууцлалын улмаас мөнгө угаалт, хүний наймаа, хар тамхи, терроризмын үйл ажиллагааны санхүүжилт зэрэг үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй шууд холбогдож байгаа нь дэлхийн улс орнуудын төр засгийн байгууллагуудаас зайлшгүй зохицуулалт хийх шаардлагатай болж байна. Криптовалютуудын ханш нь тогтмол биш, байнга огцом хэлбэлздэг тул санхүүгийн секторын аюулгүй байдлын үүднээс хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль, эрх зүйн зохицуулалт дутагдаж, улс орнууд төрөл бүрийн арга хэмжээг эхнээсээ авч эхлээд байна.
Өмнөд Солонгос улсын эрх баригчид криптовалютын арилжааг мөрийтэй тоглоомтой адилтган эрсдэл өндөр, аюултай хэмээн үзэж, криптовалютын хөрөнгийн биржийг хаах тухай хэлэлцэж байна. Япон улсын хувьд криптовалютын хөрөнгийн биржийг бүртгэлийн системд оруулан, харилцагчийн хөрөнгийн удирдлагыг чангатгав. Европын холбооны зүгээс “харилцагч хувь хүн өөрөө” гэдгийг нь шалгахыг хөрөнгийн биржийн ажилчдад үүрэг болгосон. АНУ-ын муж бүр өөр өөрсдийн хуулиар зохицуулалт хийж байна. Вашингтон муж гэхэд хөрөнгийн биржид хөрөнгө шилжүүлгийн лиценз олгох замаар зохицуулалт хийв. ОХУ криптовалютын талаар шинэ журам боловсруулж батлахаар төлөвлөж байна. Бразил улс хөрөнгө оруулалтын сангуудыг криптовалютад хөрөнгө оруулахыг хориглож эхэлсэн юм.
Өнгөрсөн оны 9 дүгээр сараас АНУ интернетээр хийгдэж буй хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох цахим мэргэжилтнүүдийг ажиллуулж, криптовалютын орчиныг анхааралтай ажиглаж эхэлнэ. Тус улс тун удахгүй биткойны зөрүүний ашгаас татвар төлөөгүй бол хатуу хариуцлага тооцохоор зохицуулалт хийхээр төлөвлөж байна.
Харин дэлхийн криптовалютын зах зээлийг тодорхойлж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс гаднын бүх криптовалютын арилжааны цахим хуудсуудыг хааж, зар сурталчилгаа явуулахыг хориглосон. Мөн хайлтын системээс ICO, cryptocurrency гэсэн түлхүүр үгийг хасан байна.
Тус улсын эрх баригчид криптовалютын зах зээлийг ор үндсээр нь авч хаяхаар бодлогын шинжтэй арга хэмжээнүүдийг авч эхэлсэн бөгөөд далд эдийн засгийг хүлээн зөвшөөрөхгүй, цаашид хориглох бодлого баримтална гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа юм. Энэ хүрээнд БНХАУ-ын Ардын банкнаас өнгөрсөн сараас эхлэн криптовалютын арилжааны төвүүдийн үйл ажиллагааг хааж, ICO хийх буюу зах зээлээс хөрөнгө босгохыг хориглосон. Мөн биткойн олборлогч төвүүдийг ээлж дараалан хааж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан цахилгааны үнэ тариф, татварыг нэмж, байгаль орчныг хамгаалах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч байгаа нэрийдлээр шахалт үзүүлж эхлэв.
БНХАУ авлигын эсрэг томоохон аян өрнүүлж байгаа үед авлигачид өөрсдийн хөрөнгөө криптовалют болгох замаар нуун дарагдуулж байх магадлалтай байгаа тул хатуу арга хэмжээ авч байна гэж криптовалютын зах зээлийн шинжээчид үзэж байна. Мөн Си Зиньпин үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байна. Энэ үед намын бүлэглэл доторх сөргөлдөөн нэмэгдэж байх магадлал байна. Сөргөлдөгчид криптовалютын нууцлалыг ашиглаж авлига хээл хахуулийг эрчимжүүлсэн байх магадлалтай байна. Үүнтэй холбоотойгоор криптовалютыг маш богино хугацаанд хориглож эхэлсэн гэсэн таамаглал гаргасан байна.
Дэлхийн бусад орны банкууд ч криптовалютын зах зээлд хязгаарлалт хийж эхлээд байна. Их Британийн хамгийн том банкуудын нэг болох Lloyds Banking Group кредит карттай харилцагчийг биткойн худалдан авахыг хориглосон. Мөн АНУ-ын JP Morgan, Bank of American, Citigroup зэрэг банк өөрсдийн зээлийн эрхтэй карт эзэмшигчдийг картаа ашиглан криптовалют худалдан авахыг хориглож байгаа аж. Учир нь харилцагч эрсдэл өндөртэй зүйлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл тухайн арилжааны банкны чанаргүй зээлийн хэмжээ өсч, зээлжих зэрэглэл буурах эрсдэлтэй гэж үзжээ.
Дээр дурдсан арга хэмжээг улс орнууд, банкны салбарынхан өнгөрсөн оны 9 дүгээр сараас авч хэрэгжүүлж байгаа нь криптовалютын ханш унах гол шалтгаан болов. Харин Монгол Улсын криптовалютын зах зээл улам тэлсээр байгаа нь анхаарал татаж байна.
Монголын криптовалютын зах зээл
Монгол Улсын зах зээлд хамгийн багадаа 1000 гаруй криптовалютыг олборлох төхөөрөмж импортолсон байх магадгүй байна. 12 дугаар сарын статистикт машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 2017 онд 920.85 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 35.3 хувиар нэмэгдсэн гэж Гаалийн ерөнхий газрын статистикийн мэдээнд тэмдэглэжээ. Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт М2 2018 оны 1 дүгээр сард 15.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.8 их наяд төгрөг буюу 31.7 хувиар өссөн байна. Харин Монголын криптовалютын зах зээл дунджаар 10-15 тэрбум төгрөгийн арилжаа өнгөрсөн онд хийгдсэн байж магадлалтай байна. Үнэн бол мөнгөний нийт нийлүүлэлтийн 0.1 хувийг эзэлж байна.
Монголын криптовалютын анхны цахим бирж www.trade.mn-ийн хэрэглэгчид 16428-д хүрсэн. Энэ биржийн өдрийн арилжааны хэмжээ оргил үедээ 300-500 сая төгрөг байсан бол өдрийн дундаж арилжаа 25-55 орчим сая төгрөг байна. Энэ цахим бирж дээр биткойн, этериум, литекойн, дашкойн гэсэн криптовалютыг арилжаалж байна.
Монголын криптовалютын зах зээл цаашид тэлэх боломжтой. Учир нь БНХАУ эрх баригчид криптовалютын олборлогч төвүүдийг ээлж дараалан хааж байна. Тиймээс хядтад байгаа дэлхийн хамгийн том криптовалют олборлох төвүүд офисоо өөр улс руу шилжүүлж эхлээд байна.
Иймээс криптовалютын олборлолтод ээлтэй хууль эрх зүйн орчин, эрчим хүчний хямд өртөг, сэрүүн цаг уур амьсгалтай улс орнуудыг сонгож, олборлолтын төвүүдээ нүүлгэх, хөрөнгө оруулалт хийх магадлалтай байна.
Криптовалютыг чиглэсэн сөрөг мэдээлэл, эрсдэл
Криптовалютыг хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш гэдгийг томоохон хөрөнгө оруулагчид онцолж эхэлсэн нь хүмүүсийн шийдвэр гаргалтад нөлөөлж байна. Жишээлбэл, алдарт “Беркшир Хэтэвэй”-г үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн нөлөө бүхий хөрөнгө оруулагчдын нэг Варрен Баффет: “Биткойн эсвэл аль нэг криптовалютад хэзээ ч хөрөнгө оруулалт хийхгүй” гэж мэдэгдсэн. Учир нь криптовалютад хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь спекуляцын шинжтэй юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр авсан биткойныг маргааш өснө гэсэн найдлагаар худалдаж авах нь мөнгөн тэмдэгт цуглуулахтай яг ижил юм. Мөнгөн тэмдэгт цуглуулагчид он цагийн эрхэнд өөрсдийн цуглуулгын олдоц багасаж үүний дараа үнэ өснө гэж найддагтай адилтгаж, зүйрлэж болохоор байна. Гэтэл мөнгөн тэмдэгт цуглуулах гэдэг нь сонгодог хөрөнгө оруулалтаас өөр.
Харин криптовалютын зах зээлийн үнэлгээгээр дэлхийд биткойны дараа ордог Эфириумийг үүсгэгч 24 настай Оросын програм зохиогч Виталик Бутерин твиттер хуудсандаа хүмүүст хандаж “Анхааруулга: Криптовалютууд шинэ, хэт тогтворгүй ангиллын хөрөнгөнд тооцогдсон хэвээр байгаа тул үнэ хэзээ ч хамаагүй тэг хүртэл унах боломжтой. Алдахыг хүлээн зөвшөөрөх хэмжээнээс илүү мөнгө бүү оруул. Хэрэв та насан туршийн хуримтлал хэрхэн бий болгох талаар бодож байгаа бол уламжлалт хөрөнгийн хэлбэр хамгийн найдвартай сонголт хэвээр байгаа шүү” гэв.
Хоёрдугаар сарын эхэнд Японд бүртгэлтэй Coincheck хэмээх криптовалютын хөрөнгийн бирж 58 тэрбум иен буюу 542.88 сая ам.доллартай тэнцэх хэмжээний NEM (new economy movement) криптовалютыг алдсанаа зарласан. Японы Санхүүгийн үйлчилгээний агентлаг, Цагдаагийн газраас уг хэрэгтэй холбоотойгоор хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагаас: “Энэ хэрэг нь криптовалютын салбарынхан хэрхэн харилцагчийн хөрөнгийг удирдаж буйг тод харуулсан хэрэг боллоо. Үнийн зөрүүнээс ашиг олохыг чухалчилж, харилцагч нарынхаа эрх ашгийг хамгаалахыг хоёрдугаарт тавьсан жишээ боллоо” гэв.
Тус хөрөнгийн бирж нь харилцагчийн хөрөнгийг тус тусад нь удирдан, интернет сүлжээнд биш, аюулгүй орчинд хадгалах ёстой (Gold wallet) гэсэн энгийн хакерын эсрэг авах арга хэмжээг аваагүй нь харилцагчийн хөрөнгийг алдсан хамгийн том шалтгаан байв. Наад захын харилцагчийн хөрөнгийг найдвартай хамгаалах тогтолцоо криптовалютын ертөнцөд хараахан жигдэрч амжаагүй байгаа нь асар их эрсдэл үүсгэж байна.
Криптовалютын уналт алтны зах зээлийг тэлэх үү?
Криптовалют алтны ханштай урвуу хамааралтай байна. Криптовалютын зах зээл 2017 оны 12 дугаар сарын 18-нийг хүртэл өсөж, биткойнын ханш 21 мянган ам.долларт хүрэхэд унц алтны ханш унаж, 1240 ам.долларт хүрч байсан бол биткойны огцом уналтай зэрэгцэн хөрөнгө оруулагчид алтыг түлхүү худалдан авч эрсдэлээ хуваарилсан. Ийм стратеги нь алтны зах зээлийг гурван сарын дотор тэлсэн үйлдэл боллоо. Цаашид ч нэгэн адил хөрөнгө оруулагчид криптовалютыг бусад валюттай адил мөнгөн тэмдэгт гэж үзэн хөрөнгийн эрсдэлийг бууруулах, алтанд суурилсан стратегиа өөрчлөхгүй байх хандлагатай байна. Энэ стратегиас үүдэлтэй криптовалютын ханшны түр зуурын өөрчлөлт явагдсан боловч улс орнууд алтны нөөцөө нэмэгдүүлэх бодлогоосоо татгалзах болоогүй байна.
Алтны ханшинд үндэсний мөнгөн тэмдэгт, криптовалют зэрэг хүчин зүйлээс хамаарсан өөрчлөлт гарах боломжтой. Хэрэв криптовалютын ханшны уналт үргэлжлэх аваас алтны зах зээл улам тэлэх боломжтойг харуулж байна.
Дүгнэлт
1.Криптовалютаар дамжуулан их хэмжээний мөнгөн гуйвуулга хийх боломжтой нь хууль бус аргаар бий болж буй мөнгө, санхүүгийн нэгдсэн орчин бүрдэх хандлага үүсгэв.
2.Криптовалютын нууцлал оффшор бүс дэх мөнгө криптовалютын зах зээл рүү шилжиж тэлэх, авлига, хээл хахууль санхүүжилтийн улмаас далд хэлбэрт шилжих магадлалтай.
3.Улс орнуудын төв банк, сангийн яамд хамтран криптовалютын нууцлалыг бууруулахад чиглэсэн хууль тогтоомж гаргах, иргэд, аж ахуй нэгжүүдийн криптовалютын дансны талаарх мэдээллийг ил тод болгох арга хэмжээ авах магадлал байна.
4.Банкны системд криптовалютад суурилсан томоохон шинэчлэл, шат дараатай алхмууд хийгдэж байна.
5.Блокчейн технологийн хөгжил эрчимжиж, улс орон, мэдээ мэдээллийн нэгдсэн төвүүд блокчейнд суурилсан дата мэдээллийн сан бүрдүүлэх хандлагатай байна.
6.Эрчим хүчний эрэлт хэрэгцээ ирэх хэдэн жилийн дотор асар хурдан нэмэгдэж, эрчим хүчний тарифын үнэ өсөхтэй зэрэгцэн нүүрс, уран зэрэг хямд эрчим хүчний цахилгаан станцыг олноор нь барих магадлалтай байна.
7.Уламжлалт хөрөнгийн биржийн үйл ажиллагаа шинэ түвшинд гарч, криптовалютын тогтворгүй байдлаас үүсэх уламжлалт бус эрсдэлүүд санхүүгийн салбарт бий болохоор байна.
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19