«СОМО»-гийн тайлан
Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааны чиглэлээр судалгаа хийдэг, Голландад төвтэй, судалгааны “СОМО” ТББ болон Монголын “Оюу Толгойн хяналт” ТББ-тай хамтран Рио Тинто компани Канад болон Монголын татвараас хэрхэн зайлсхийж буй талаар судалж, тайлангаа 2018 оны 1 дүгээр сард олон нийтэд танилцуулсан байна.
Рио Тинто компани нь ”Туркуаз Хилл Ресорзэс “ (Turquoise Hill Resources) хэмээх охин компанитай бөгөөд тэр нь Канадад төвтэй, Оюу Толгойн уурхайн 66 хувийг эзэмшдэг, энэ ордоо ашиглан олон улсын зах зээлээс зээл авч, энэ уурхайн бүтээн байгуулалтыгуурхайгаа санхүүжүүлдэг.
Оюу толгой бол асар их хэмжээний алт, зэсийн нөөцтэй уурхай бөгөөд 2021 оноос бүрэн хүчин чадлаараа 50 жилийн хугацаатай ажиллах тооцоотой.
Оюу толгойн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх зорилгоор эхний шатанд 2013 онд ил уурхайг ашиглалтанд оруулж анхны бүтээгдэхүүнээ зах зээлд гаргасан, түүнээс олсон ашгийг Люксембург болон Голландад байршилтай охин компаниудын данс руу шилжүүлсэн талаар тайланд дурджээ.
Татвараас зайлсхийх загвар схем
Монгол дахь Оюу толгойн төсөлд Канадаас босгосон зээлийн хүүг буцаагаад Канад руу нь шилжүүлэх учиртай. Гэтэл Рио Тинто өөрөө Голланд, Люксембурт охин компани байгуулж, түүн рүүгээ мөнгө шилжүүлсний учрыг Канад Улсад байгууллагын орлогын албан татвар өндөр, 26.5-31 хувь байдагтай холбож ойлгохоос өөр аргагүй байна. Эдгээр компанид нь нэг ч хүн ажилладаггүй атлаа Оюу толгойн уурхайг санхүүжүүлдэг болохыг тайланд өгүүлсэн байна.
Люксембург бол хот-улс, санхүүгийн том төв боловч ашигт малтмалын орд огт үгүй, Рио Тинто тэнд уурхай эрхлэх боломж ор тас үгүй, гагцхүү санхүүгийн сонирхол л байж болно. Голланд ч мөн Люксембургтай адил аж ахуйн нэгжийн албан татвар маш бага, түүнээс гадна үндэстэн-дамнасан корпорациудад зүйл бүрийн татварын хөнгөлөлт үзүүлдэг. Эдгээр оронд байгаа охин компаниудынх нь үйл ажиллагааг энгийн жишээн дээр ойлгомжтой тайлбарлая. Рио Тинто Оюу толгойгоос олсон ашгийг Люксембургт бүртгэлтэй Мовели (Movele) нэртэй охин компани руугаа шилжүүлнэ. Тэнд 89 сая ам.долларын татвар төлнө. Тухайн мөнгөө Канад руу шууд шилжүүлсэн бол 559 сая ам.доллар төлөх байсан, тиймээс татварт төлөх ёстой 470 сая ам.долларыг хэмнэнэ. Ийм байдлаар Рио Тинто асар их мөнгө хэмнэж, татвараас зайлсхийсэн болохыг тайланд дурджээ.
Люксембургт бүртгэлтэй охин компани руугаа 6.5 тэрбум ам.долларын зээлийн шилжүүлэг хийсэн байх бөгөөд энэ компаниасаа Оюу толгойн уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж, мөн Монголын Засгийн газар эзэмшдэг гэгдэх 34 хувиа санхүүжүүлэх зээлийг олгосон байна.
Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюу толгойд хөрөнгө оруулна хэмээн авсан зээлээ барагдуулж дуустал Монголын тал ашиг хүртэхгүй. Рио Тинто компани Оюу толгойд зориулан Туркуаз Хилл Ресорзэс компанийн нэрээр 6,5 тэрбум доллар зээл авсан, тиймээс энэ зээлийг төлж дуустал Монголын тал ноогдол ашиг авахгүй юм.
Одоогоор авсан зээлийнхээ хүү, төлбөрт зориулж Рио Тинто нийт 1,7 тэрбум ам.доллар эргүүлж төлөөд байна, харин Монголын засгийн газар
Туркуаз Хилл Ресореэс компанид 1.1 тэрбум ам.долларын өртэй байна. Өөрөөр хэлбэл, Рио Тинто нэг охин компанийнхаа нэр дээр зээл авч, нөгөө охин компаниараа дамжуулан татвараас зайлсхийгээд аль хэдийн ашигтай ажиллаад эхэлчихсэн атлаа хамтран эзэмшигч Монголын талыг өртэй хэвээр үлдээв. Оюу толгойн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авч эхлээгүй байхад Рио Тинто авсан зээлээсээ ашиг олж байгаа юм.
2013 онд Монголын засгийн газар Олон улсын валютын сангийн зөвлөмжийн дагуу татварын ойлгомжгүй бодлоготой гэж үзэн Голланд болон Люксембургтэй байгуулсан “давхар татварын гэрээ”-г цуцалсан. Тухайн үед Рио Тинтогийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч “Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд “тогтворжуулсан татвар” гэж тусгасан учраас Монголын засгийн газрын үйлдэл нь компаний татвар төлөлтийг нэмэгдүүлэх үүрэг болохгүй” гэж мэдэгдсэн тухай ч «Сомо»ын тайланд дэлгэрэнгүй өгүүлжээ.
Оюу толгойн гэрээнээс Монголын хүлээж буй алдагдал
2009 онд байгуулсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний татвартай холбогдох 2 дугаар бүлгийн дагуу Монголын тал татвар тогтоох хууль ёсны эрхээ алдсан байна. Учир нь гэрээ байгуулах үед Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын хуулиар заасан олон төрлийн татварыг, тухайлбал, хувиар аж ахуй нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (роялти), ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлнө, гэхдээ хувь хэмжээ нэмэгдсэнээс үл хамааран 2009 оны үед мөрдөгдөж байсан хэмжээгээр төлнө гэж онцолсон байдаг.
Гэрээний дагуу Монголын тал дахиад л боломжоо алдаад зогсохгүй алдагдал хүлээж байна. Монгол дахь аж ахуй нэгжээс гадаад дахь аж ахуйн нэгж рүү шилжүүлж буй зээлийн хүүгийн төлөлтөөс авах онцгой албан татварын хэмжээ 20 хувь байх ёстой боловч Голландтай байгуулсан “давхар татварын гэрээ”-ний дагуу 10 хувиас дээшгүй байхаар тогтоосон байдаг. Энэ үндэслэлээр Оюу Толгойн Голланд руу хийх мөнгөн шилжүүлэг бүрээс 6,6 хувийн татвар авахаар болсон. Иймээс Оюу толгой ХХК-аас Голландад бүртгэлтэй “Голланд БВ Оюу толгой” компани руу ноогдол ашгаа шилжүүлэх бүрт 6,6 хувийн татвар л татна.
Ингэснээр зөвхөн онцгой албан татвараас олох боломжтой байсан 230 сая ам.долларыг Монголын тал алдав.
Рио Тинтогийн дараагийн нүүдэл
Tатвараас зайлсхийж буй үйлдлийг илчилсэн дээрх тайланг Рио Тинто үгүйсгэж байгаагаа мэдэгдэн, тайлбар бүхий тайланг “СОМО” ТББ-д илгээсэн байна.
Тус тайланд Монголын талд болон олон улсад өнгөрөгч хугацаанд төлсөн татварын хэмжээ, орлого, зарлага зэргийг хавсаргажээ.
Энэхүү тайланг гарсаны дараахан Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Жан Себастиен Жак Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзалт хийж, Рио Тинтогийн албан ёсны төлөөлөгчийн газрыг байгуулахаа мэдэгдсэн ба захирлаар нь Д.Мөнхтүшигийг томилсон байна. Энэхүү төлөөлөгчийн газар нь Монголын талтай зөвшилцөлд хүрэхээс гадна “дараагийн Оюу толгойн хайгуул”-ыг буюу шинэ орд хайх ажлыг зохион байгуулахад орших юм.
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19