Ж.Байдены засаг захиргаа албан ёсоор ажлаа эхлүүлсэнээс хойш жил гаруйн дараа 2022 оны 2 дугаар сард “Энэтхэг-Номхон далайн шинэ стратеги”-аа танилцуулснаар тус бүс нутагт АНУ-ын оролцоо урьд урьдаас илүү байхыг онцоллоо. Ж.Байдены уг стратеги түншүүдийнхээ хамтын ажиллагаанд түшиглэн Евро-Атлант болон Энэтхэг-Номхон далайн түншүүдээ холбох гүүр болох зарчмыг баримталжээ. Энэ бодлогыг өмнөх засаг захиргаадын гадаад бодлогыг уламжлан хадгалсан суурин дээр дэвшүүлж гаргасныг дурдах хэрэгтэй.[1] Тодруулбал Ж.Бушийн Азийн хөгжил дэвшил хурдацтай явагдаж буйг ухамсарлан Хятад, Япон, Энэтхэгтэй нягт хамтран ажиллах, Б.Обамагийн тус бүс нутагт Америкийн манлайлалыг өсгөн цэрэг, эдийн засгийн салбарт хөрөнгө оруулан “стратегийн хүндийн төв”-ийг өөрчлөх, Д.Трампын Энэтхэг-Номхон далайг дэлхийн “стратегийн хүндийн төв” болохыг хүлээн зөвшөөрөн анхаарлаа сулруулаагүйг хадгалж байна.
Ж.Байдены “Энэтхэг-Номхон далайн шинэ стратеги”-ийн дагуу Зүүн хойд Ази, Зүүн өмнөд Ази, Номхон далайн арлууд, Өмнөд Ази, Далайн орнуудыг хамруулан бүс нутгийн өнцөг булан бүрт анхаарлаа хандуулна гэж мэдэгдсэний дотор манай улс ч багтсан байна. Ингэснээр бүс нутгийн ардчилсан улсуудыг эдийн засаг, технологийн хөгжил, үнэт зүйлсээр нь нэгтгэн нягтруулахын хамт Европын холбоотнуудтайгаа ойртуулах замаар Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг хязгаарлана хэмээн үзжээ. Энэтхэг-Номхон далайн стратеги нь Хятадын өсөлтийг хязгаарлахын зэрэгцээ тус улстай хамтран ажиллах боломжийг үгүйсгээгүй нь “хоёр үзүүрт” бодлого болохыг нь илтгэж байна. Тухайлбал, БНХАУ-тай уур амьсгалын өөрчлөлт, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг салбарт хамтран ажиллах замаар өрсөлдөх болно хэмээжээ.
Уг стратеги амжилттай хэрэгжихэд Украин-Оросын мөргөлдөөн, бүс нутгийн улс орнуудын дотоод улс төр, АНУ-ын завсрын сонгуулийн үр дүнд бий болох Сенат стратегийн төсвийг дэмжих эсэх зэрэг нь сорилт учруулж болзошгүй байна.
Иргэд хоорондын солилцоогоор дамжуулан хүмүүсээ сургах, Монголын бизнесийг өндөр стандартад нийцүүлэх зорилгоор дэмжлэг авах, хөрөнгө оруулалт татах, иргэний нийгмийн байгууллагаа чадавхжуулах, хэвлэл мэдээллийнхээ бие даасан байдлыг бэхжүүлэх зэрэг ажлыг АНУ болон түүний холбоотон, түнш орнуудтай хамтран хэрэгжүүлэх өргөн боломж манай улсад нээгдэж байна.
“Энэтхэг-Номхон далайн шинэ стратеги”-ийн зорилго, зорилт
БНХАУ олон улсын харилцаанд АНУ-ын давамгайллыг сөрөн зогсож, олон туйлт тогтолцоог бий болгох, алсдаа Хятад төвтэй “нэг туйлт” тогтолцоог бий болгохыг зорьдог гэж ажиглагчид үздэг. Энэ утгаараа Хятад улс эдийн засаг, дипломат, цэрэг, технологийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Шинэ стратегид дурдсанаар “Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятад улс Австралид эдийн засгийн шахалт үзүүлэх, Энэтхэгтэй хилийн бодит хяналтын шугамын дагуу мөргөлдөөн үүсгэх, Тайваньд үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэх, Өмнөд болон Дорнод Хятадын тэнгисийн хөрш орнууддаа дарамт учруулах зэргээр хурц илэрч байна. Иймээс АНУ холбоотнууд, түншүүдийнхээ хамтаар БНХАУ-ыг сөрөн тэнцвэржүүлж, Америкийн манлайллыг тус бүс нутагт хадгалах нь зүйтэй. Ингэхдээ Хятадыг өөрчлөх бус түүний үйл ажиллагаа явуулж буй стратегийн орчныг хэлбэржүүлнэ (shape)” гэжээ.
Дээрх үндэслэлээр Хятадын стратегийн орчин буюу Энэтхэг-Номхон далайн бүсийг үндсэн таван байдлаар хэлбэржүүлэхээр төлөвлөсөн байна.
Таван зорилт:
- Чөлөөтэй нээлттэй. Бүс нутгийн далай тэнгис, агаарын орон зайг нээлттэй байлгах зорилгоор ижил засаглалын хэлбэр, нийтлэг ардчилсан үнэт зүйлстэй улс орнуудын иргэний нийгэм, чөлөөт хэвлэл, ардчилсан институцийг бэхжүүлэхэд хөрөнгө оруулах, төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, авлигыг бууруулах шинэчлэлийг хөтлөх, интернет, кибер орчин, шинэ технологийг дэмжих.
- Харилцан холбогдсон. Бүс нутгийн орнуудыг АНУ, түүний холбоотнуудтай хэлхэн холбох зорилгоор Энэтхэг улсыг бүс нутгийн тэргүүлэгч улс хэмээн үзээд дэмжих, Австрали, Япон, Өмнөд Солонгос, Филиппин, Тайландыг гэрээний холбоотнууд гэж тодорхойлоод харилцаагаа гүнзгийрүүлэх, Индонез, Малайз, Монгол, Шинэ Зеланд, Сингапур, Тайвань, Вьетнам, Номхон далайн арлуудыг тэргүүлэгч түншүүд гэж үзээд харилцаагаа бэхжүүлэх, АСЕАН-ыг хүчирхэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, Дөрвөл (Quad)-ийг бэхжүүлэх амлалтаа биелүүлэх, Энэтхэг-Номхон далай болон Евро-Атлантын холбоог бий болгох, Зүүн өмнөд Ази болон Номхон далайн арлуудад АНУ-ын дипломат оролцоог өргөжүүлэх.
- Цэцэглэн хөгжсөн. Бүс нутгийг хөгжүүлэх зорилгоор шинэ дижитал эдийн засгийг хөгжүүлэн чиглүүлэх, ханган нийлүүлэлтийн сүлжээг уян хатан, найдвартай байдлаар сайжруулах, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-аар дамжуулан чөлөөт, шударга, нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, “Илүү дэвшилтэт ертөнцийг эргүүлэх авчрах нь” (Build Back Better World-B3W) хөтөлбөрөөр дамжуулан “Их 7-ийн бүлэг”-ийн түншүүдтэйгээ хамтран бүс нутгийн дэд бүтцийн ялгааг арилгах.
- Аюулгүй тайван. Бүс нутагт түрэмгийлэл, шахалтыг таслан зогсоох, өөрийн 75 жилийн манлайллыг хадгалах зорилгоор “нэгдмэл тогтоон барих” (integrated deterrence) арга хэмжээг хөгжүүлэх, холбоотнууд түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан ажиллах чадварыг сайжруулах, Тайваний хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалах, сансар огторгуй, кибер орчин, нэн чухал болон шинээр хөгжиж буй технологи зэрэг хурдацтай хөгжиж буй аюулгүй байдлын орчинд хамтран ажиллах, холбоотон орнууд болох Өмнөд Солонгос, Японтой хориглон саатуулах өргөжүүлсэн зохицуулалтаа бэхжүүлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахыг эрмэлзэх, AUKUS-ийг үргэлжлүүлэх, үндэстэн дамнасан заналхийллийн эсрэг АНУ-ын эргийн хамгаалалтын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх.
- Тэсвэрлэх чадвартай. Бүс нутгийн XXI зууны үндэстэн дамнасан аюул заналхийллийг даван туулах чадавхыг хөгжүүлэх зорилгоор холбоотнууд, түншүүдтэйгээ хамтран уур амьсгалын өөрчлөлт, орчны доройтолтой тэмцэх, Ковид-19 тахлыг зогсооход туслах, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх.
Дээрх зорилтуудын хүрээнд арван чиглэлийн үйл ажиллагааг 12-24 сарын хугацаанд холбоотон, түншүүдийнхээ хамт хэрэгжүүлэхээр зорьж байна:
- Энэтхэг-Номхон далайн бүс нутагт шинэ нөөц боломжийг бий болгох чиглэлд бүс нутгийн зарим орнуудад Элчин сайдын яам, Консулын газраа шинээр нээн, одоо байгаа ЭСЯ-дынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, Энхтайвны корпус зэрэг засгийн газрын байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлж, АНУ-ын эргийн хамгаалалтын оролцоог нэмэгдүүлнэ.
- Бүс нутгийн эдийн засгийг чиглүүлэх талаар 2022 оны эхнээс бусад холбоотон түншүүдээ тус бүс нутагтай холбох шинэ түншлэлийг эхлүүлэн дижитал эдийн засгийг хөгжүүлэх, нийлүүлэлтийн гинжин хэлхээний аюулгүй байдлыг сайжруулах, өндөр стандартыг хангасан дэд бүтэц болон худалдааг дэмжин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлнэ.
- Хориглон хамгаалах чадавхыг сайжруулах чиглэлээр AUKUS түншлэлээр дамжуулан Австралид цөмийн шумбагч онгоц нийлүүлэхийн зэрэгцээ бүс нутагт кибер орон зай, хиймэл оюун ухаан, квант технологи, далай доогуур үүрэг гүйцэтгэх чадамж зэрэг дэвшилтэт технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.
- Хүчирхэг, нэгдсэн АСЕАН-ыг бэхжүүлэх чиглэлд АНУ-АСЕАН-ы хүрээнд хэрэгжих шинэ санал, санаачилгуудад зориулан 100 сая гаруй ам.долларыг зарцуулна.
- БНЭУ-ын бүс нутаг дахь манлайлал, өсөлт хөгжлийг дэмжих чиглэлийн хүрээнд Энэтхэгийн далай, Өмнөд Азийн манлайлагч улс болохыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ нийтлэг ардчилсан үнэт зүйлтэй түнш, Дөрвөлийн гол хөдөлгөгч хүч, бүс нутгийн хөгжлийн хөдөлгүүр болоход нь ач холбогдол өгч байна.
- Дөрвөлийн механизмыг үргэлжлүүлэх чиглэлээр төр засгийн тэргүүн болон сайд нарын уулзалтыг тогтмолжуулна.
- АНУ-Япон-БНСУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд гурван улс бүс нутгийн стратегийг зохицуулж, ялангуяа БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллана. Аюулгүй байдлын асуудлаас гадна бүс нутгийн хөгжил, дэд бүтэц, өндөр технологи, нийлүүлэлтийн гинжин хэлхээ болон эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаар хамтран ажиллана.
- Номхон далайн орнуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон талт стратегийн бүлэг байгуулахад түншүүдтэйгээ хамтран ажиллана. Тухайлан мэдээлэл, харилцаа холбооны технологи, тээвэр, далай тэнгисийн орон зайн талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд сургалт, зөвлөгөө өгч хамтран ажиллана.
- Хариуцлагатай сайн засаглалыг дэмжих хүрээнд, “Нээлттэй засаглал түншлэл”-ийг шинэчилж, “Их 20-ийн бүлэг”, “Их 7-ийн бүлэг”-т манлайлах үүрэгтэй оролцоно. Засгийн газар, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэлтэй хамтран гадаадын хөндлөнгийн оролцоо, мэдээллийн манипуляцийг илрүүлэх, түүнээс үүсэх эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана.
- Аюулгүй, найдвартай, нээлттэй технологийг дэмжих чиглэлд Open RAN (Radio Access Network) зэрэг дэвшилтэт бүтцүүдээр дамжуулан найдвартай дижитал дэд бүтэц, ялангуяа үүлэн болон телехарилцаа холбооны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн олон янз байдлыг дэмжин, кибер аюулгүй байдлыг сайжруулах, хариу арга хэмжээ авахад бүс нутгийн хамтын шинэ санаачилгуудыг бий болгон сөрөх чадавхыг бэхжүүлнэ.
Ж.Байдены шинэ стратеги нь өмнөх гурван ерөнхийлөгчийн БНЭУ-тай хамтран ажиллах, харилцаагаа өргөжүүлэх, бүс нутагт манлайлах хөгжлийг нь дэмжих бодлогыг үргэлжлүүлэн өдгөө холбоотны түвшинд харилцах эхлэлийг тавьж байна. Бүс нутгийн хэмжээнд БНХАУ-ыг сөрөн тэнцвэржүүлэхэд хамгийн чадавхтай улс нь Энэтхэг болохыг Вашингтон гүнээ ухамсарлажээ. Тийм ч учраас нийтлэг ардчилсан үнэт зүйл бүхий Шинэ Делитэй эдийн засаг, технологийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, агаар сансар, кибер орон зай зэрэг шинэ салбарт хамтран ажиллах замаар хөгжлийг нь дэмжин чадавхжуулах зорилготой байна. БНЭУ-ыг хүчирхэгжүүлэн Хятадын өсөлтийг хязгаарлах энэхүү бодлого нь Азийг дахин тэнцвэржүүлэх Б.Обамагийн бодлогын үргэлжлэл гэж судлаачид үзжээ.
Түүнчлэн өмнөх стратегиудад тусч байсан Тайваньд ирэх дарамт шахалтыг эсэргүүцэх зорилт нь энэ удаад ч хадгалагдан үлдсэнээр тогтохгүй Хятад улсын зарим үйл ажиллагаа, тухайлбал Австралид эдийн засгийн хориг тавих, Энэтхэгтэй хилийн шугамын дагуу мөргөлдөөн үүсгэх, Өмнөд болон Дорнод Хятадын тэнгисийн хөрш орнууддаа дарамт учруулах зэрэг үйлдлийн эсрэг АНУ-ын манлайлал, өмгөөлөл, холбоотон түншүүдийн хамтын ажиллагаа шаардлагатай гэж үзэж байгаа нь харагдана.
Шинэ стратегийн өмнөхөөс ялгарах онцлогуудаас дурьдвал, АНУ өрнөдийн холбоотон, түншүүдийнхээ анхаарлыг уг бүс нутаг руу хандуулж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна. АНУ өөрийн Энэтхэг-Номхон далайн стратегиа Европын холбооны Энэтхэг-Номхон далайн бүс нутагтай хамтран ажиллах стратегитай уялдуулан, бүс нутгийн орнуудтай дижитал эдийн засаг, худалдаа, эрчим хүч, тээвэр, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар төлөвлөжээ. Мөн зорилтот бүс нутгийн бизнес, худалдаа, төсөл хөтөлбөрүүдэд болон хөдөлмөрийн зах зээлд өндөр стандарыг нэвтрүүлэн, Европ, Ази, Америкийн стандартад ойртуулан нийцүүлэхээр зорьж буй нь бүс нутгийн хөгжлийг түргэтгэх томоохон хөшүүрэг болно.
Энэ бүс нутагт Дөрвөлийг идэвхжүүлэхийн зэрэгцээ AUKUS-ийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг ажиглагчид Азийн НАТО-г бий болгох ээлжит оролдлого гэж харж байна.
Түүнчлэн энэ бүс нутгийн жижиг орнуудад онцгой анхаарал хандуулж байгаа нь тэднийг талдаа татах бодлого юм. Энэ нь манай улс мэт жижиг орнуудад Австрали, Япон, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг бүс нутгийн өндөр хөгжилтэй орнуудтай хамтын ажиллагаагаа нягтруулах, иргэд хоорондын солилцоогоор дамжуулан эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, нэн шинэ дэвшилтэт технологи зэрэг салбарын хүний нөөцийг сургах, чадваржуулах боломж нээгдэнэ.
АНУ тус бүс нутагт хэрэгжүүлэх дэд бүтцийн төслүүдийг өргөжүүлэн 5G сүлжээ, Open RAN дэвшилтэт бүтэц, кибер технологи зэрэг “нээлттэй, уян хатан, аюулгүй, найдвартай технологи”-оор хангахаар зорьж байгаа нь Хятадын технологийн компаниудтай шууд өрсөлдөөнийг бий болгоно.[2]
Шинжээчдийн үзэж байгаагаар уг стратегийг хэрэгжүүлэхэд дараах сорилтууд учирч болзошгүй. Үүнд:
- Өмнөх засаг захиргааны үед Энэтхэг-Номхон далайн бүс нутагт тавьж байсан анхаарал Ойрх Дорнод, Афганистаны дайн, Ковид-19 цар тахлаас шалтгаалан сарнисантай адил нөхцөл байдал Украины дайнаас шалтгаалан үүсэх,[3]
- Энэхүү стратегийн эдийн засгийн санал санаачилгууд нь өндөр стандартын гэрчилгээг боловсруулах шатанд явж байгаа бөгөөд тодорхой хэрэгжсэн төсөл цөөхөн байна,
- “Нээлттэй нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах”, “ардчилсан институцид хөрөнгө оруулах”-ыг онцолж байгаа нь бүс нутгийн орнуудын дотоод улс төрийн зөрчилтэй тулгарч болзошгүй,
- Энэтхэг-Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд АНУ-ын Орост тавьсан хориг хэрхэн нөлөөлөх, Энэтхэг улс ОХУ-аас бус харин АНУ-аас зэвсэг, техник худалдан авч “оруулах” боломжтой эсэх,
- АНУ-ын завсрын сонгуулийн үр дүнд бий болох Сенат энэ стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг дэмжих тал дээр бэрхшээл учирч болзошгүй гэж зарим ажиглагчид харж байгаа ч хоёр нам санал нэгдсэн тул энэ магадлал бага байна.
Нэгтгээд харвал Вашингтоны тухайд, өмнө нь Ази-Номхон далай хэмээн нэрлэгдэж байсан Энэтхэг-Номхон далайн бүс нутаг нь стратегийн чухал ач холбогдолтой бүс нутаг болох нь харагдаж байна. Учир нь энэ бүс нутагт Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг хязгаарлах нь АНУ-ын “grand strategy”-ийн хамгийн чухал зорилт юм. Ингэхдээ үнэт зүйл нэгтэй Энэтхэгийн хүч нөлөөг ашиглах зорилго тавьж байгааг Ж.Байдены засаг захиргааны “Энэтхэг-Номхон далайн стратеги” харуулж байна. АНУ-ын өмнөх засаг захиргаа, тэр дундаа Ж.Бушийн үеэс БНЭУ-тай цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр хамтран ажиллах эхлэл тавигдаж, улмаар Б.Обамагийн засаг захиргааны үед хоёр талын харилцаа улам бэхжсэн юм. Хэдийгээр Энэтхэг нь АНУ-ын гэрээний холбоотон бус боловч Вашингтон Шинэ Делид батлан хамгаалах технологио шилжүүлэх тухай хэлэлцээрт 2019 оны 12 дугаар сард гарын үсэг зурснаар Энэтхэгтэй холбоотны түвшинд харилцах эхлэлийг тавиад байна. БНЭУ-тай “Дөрвөл”-ийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллахын зэрэгцээ бүс нутагт оршдоггүй боловч Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ашиг сонирхол бүхий холбоотон болох Их Британийг AUKUS-ийн шугамаар бүс нутгийн хэрэг явдалд татан оролцуулах, АСЕАН, АПЕК зэрэг бүс нутгийн хамтын ажиллагаагаар дамжуулан АНУ, БНХАУ-ын “нөлөөний бүс”-ийн аль алинд ч хамаарахгүй боловч ач холбогдол бүхий улс орнуудыг Вашингтоны талд татах бодлого хэрэгжүүлж байна.
Энэтхэг-Номхон далайн стратегийн хүрээнд АНУ эдийн засаг, дэвшилтэт технологи, аюулгүй байдал, эрүүл мэнд, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт хөрөнгө оруулан, холбоотон түншүүдтэй хамтран ажиллахад ач холбогдол өгч байгаа нь Бээжингийн санал болгож чадахгүй “дижитал эдийн засаг”, “иргэний нийгэм” зэрэг сонголтуудыг улс орнуудад санал болгож, эдгээр салбарт стратегийн давуу талыг бий болгохыг зорьж байна. Эцсийн дүндээ, АНУ-ын албаны хүний мэдэгдсэнчлэн, энэхүү стратегийн гол зорилго нь бүс нутгийн улс орнуудыг аль нэг талыг сонгохыг шахах бус Бээжинг бүс нутгаас шахахад чиглэнэ.[4] Түүнчлэн иргэд хоорондын харилцааг өргөжүүлж, АНУ-д суралцах боломжийг өргөнөөр нээж байгаа нь бүс нутгийн ирээдүйн манлайлагчдыг төрүүлэх, тэдэнтэй нягт харилцаатай байх боломжийг олгоно гэж ажиглагчид үзжээ.[5]
Манай улсын хувьд ЭСЯ-ны үйл ажиллагаа, Энхтайвны корпус зэрэг байгууллагуудын ажил идэвхжинэ. Иргэд хоорондын солилцоо нэмэгдэж, хүний нөөцийг АНУ болон холбоотон, түнш орнуудад сургах, чадваржуулах боломж нэмэгдэнэ. Иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбарт гуравдагч хөрш орнуудтай хамтын ажиллагаа идэвхжинэ. Мөн өндөр стандартад нийцсэн бизнесүүдийг дэмжих чиглэлд, ийм бизнесүүдийг бий болгох, хөрөнгө оруулалт татах боломжтойн зэрэгцээ дижитал эдийн засгийг хөгжүүлэх, байгаль орчны доройтолтой тэмцэхэд АНУ-ын холбоотон, түншүүдтэй хамтран ажиллаж хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ. Хэдийгээр АНУ-ын талаас жижиг орнуудыг сонголт хий хэмээн шахахгүй гэж байгаа боловч их гүрнүүдийн талцал нь манай улсын хувьд гуравдагч хөршийн бодлогоо хэрэгжүүлж ирсэн таатай, аядуу нөхцлийг хумьж, зарим асуудлаар зайлшгүй сонголт хийх шаардлага тулгарах эрсдэлтэй. Энэ нь манай гадаад бодлогын олон тулгуурт, нээлттэй зарчимд харшилж, манёврын орон зайг хязгаарлаж болзошгүй.
Ашигласан материал:
[1]U.S.-Indo-Pacific-Strategy.pdf (whitehouse.gov)
[2]In White House’s new Indo-Pacific strategy, much seems familiar – Breaking Defense Breaking Defense – Defense industry news, analysis and commentary
[3]What Ukraine-Russia Tensions Mean for the US’s Indo-Pacific Strategy | ORF (orfonline.org)
[4]In White House’s new Indo-Pacific strategy, much seems familiar – Breaking Defense Breaking Defense – Defense industry news, analysis and commentary
[5]Joe Biden’s new Indo-Pacific Strategy: A view from Southeast Asia (lowyinstitute.org)
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Төв Ази дахь Хятадын нөлөөСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19