Төв Ази нь 3000 жилийн турш Ази-Европыг холбосон чухал бүс нутаг байсаар ирсэн тул энд геополитикийн давуу байдал олж авах нь том гүрнүүдийн ашиг сонирхлын тавцан болсоор ирсэн. Төв Азийн зүүн талд Хятад болон Ази Номхон далайн бүс нутаг, өмнө талд нь Афганистан, Иран, Ойрх Дорнодын улс болон исламын шашинт бусад улс, баруун болон хойд талд нь Европ, Турк, Кавказын орнууд, Орос улс оршиж байна. Ийнхүү дэлхийн том иргэншлүүдийн уулзварт оршиж буй Төв Азид их гүрнүүдээс хэн нь илүүтэй нөлөөгөө тогтоож чадсан нь дэлхийн хүчний тэнцвэрт маш их нөлөө үзүүлэх юм.
Аюулгүй байдал судлалын хүрээлэн энэ удаагийн мэдээллээр БНХАУ-ын Засгийн газраас Төв Азийн бүс нутагт хэрэгжүүлж буй бодлого, өсөн нэмэгдэж буй нөлөө болон бусад улс орнуудын ашиг сонирхол, оролцооны талаар судлаж үзлээ.
Төв Азид хэрэгжүүлж буй Хятадын бодлого
Дэлхийн хэмжээнд БНХАУ-ын гүйцэтгэх үүрэг нэмэгдэхийн хэрээр Төв Азид тус улс хамгийн нөлөө бүхий тоглогчдын нэг болж байна. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд Хятад, Төв Азийн орнуудын харилцаа маш эрчимтэй хөгжиж, Хятад улс Төв Азийн таван орны эдийн засагт чухал нөлөө үзүүлэх болж, улмаар Узбекистан, Туркменистан, Киргиз гэсэн гурван улсын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулагч, Киргизстан, Тажикстаны хамгийн том хандивлагч, хөрөнгө оруулагч орон болсон.[1]
Төв Ази нефть, байгалийн хий, алт, уран, хөнгөн цагаан зэрэг стратегийн чухал түүхий эдийн нөөцтэй, үржил шим бүхий газар нутагтай. Хятад улсад Төв Азийн асар их байгалийн нөөц баялаг, стратегийн байршил, дэд бүтцийн зангилаа нь асар чухал үүрэгтэй. Эндээс Хятадын Төв Ази дахь эдийн засгийн дараах хоёр гол ашиг сонирхол урган гарна. Нэгдүгээрт, Хятад улс газрын тос, байгалийн хийн дэлхийн хамгийн том хэрэглэгч болохын хувьд эрчим хүчний нөөцөө тасралтгүй хангахад Төв Азийн орнууд нэг гол эх үүсвэр болдог. Хоёрдугаарт, Төв Ази нь газарзүйн хувьд Евразийн эх газрын төвд оршдог тул хуурай замын тээврийн гол зангилаа болдог.
Хятадын Төв Ази дахь эдийн засгийн ашиг сонирхол
Төв Азид эдийн засагт нөлөөгөө бэхжүүлэх гол зорилго нь геополитикийн давуу байдал олж авах явдал юм. Тийм ч учраас урт хугацааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. “Бүс, зам” санаачилгын хүрээнд Хятадыг ирэх жилүүдэд төмөр зам, авто замын сүлжээгээр дамжуулан дэлхийн гол зах зээл болох Европ болон бусад бүс нутагтай холбогдоно. “Бүс, зам”-ын хүрээнд Хятад улс богино хугацаандаа ашиг олох сонирхолгүй бөгөөд Төв Азид оруулсан хөрөнгө оруулалтынхаа 30 хүртэлх хувийг алдаж ч болзошгүй гэж эдийн засгийн шинжээчид үздэг. Гэсэн хэдий ч тус бүс нутаг даяар зам, гүүр, хонгил, өндөр хурдны галт тэрэгний шугамыг барьж, Европтой холбогдох хуурай газрын хамгийн том дэд бүтцийг байгуулж байна.[2]
Төв Ази дахь Хятадын эдийн засгийн нөлөөг бэхжүүлэх зорилгоо хэрэгжүүлэх арга зам нь Хятадын компаниудын гадаад зах зээлийг нээх замаар дэд бүтэц, худалдаа, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх явдал гэж үздэг. Гадаад зах зээл нээгдснээр Хятадын компани үйл ажиллагаагаа тэлэх, дотоодын илүүдэл ажиллах хүчнээ гадаадад ажиллуулах боломжийг бий болгож байна.
Хятад улсын Төв Азийн орнууд дахь хөрөнгө оруулалт, худалдааны хэмжээ нэмэгдсээр байна. Хятадын гаалийн албан ёсны мэдээгээр 2019 онд Төв Азийн таван оронтой хийсэн худалдааны эргэлт 46.3 тэрбум ам.доллар давсан. Хятад улс Төв Азийн нийт экспортын 22 орчим хувийг, импортын 37 хувийг нийлүүлдэг. [3] Төв Азийн таван оронд оруулсан Хятадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ жил бүр тогтмол өсөж 2019 онд 14.7 тэрбум ам.долларт хүрсэн /гэхдээ энэ нь Азийн орнуудад хийсэн Хятадын нийт хөрөнгө оруулалтын 1.2 хувь/. [4]
Худалдаа, хөрөнгө оруулалтын дүнд Төв Азийн орнуудын эдийн засаг Хятадаас ихээхэн хамааралтай болсныг доорх статистикийн мэдээнээс харж болох юм.
Хятад улсын Төв Азийн орнуудтай хийж буй худалдааны өнөөгийн байдлыг доор авч үзлээ.
Казахстан-Хятадын худалдаа
Хятад улс Казахстаны хоёр дахь том худалдааны түнш болжээ. Хятад, Казахстаны худалдаа сүүлийн таван жилд тогтвортой өсч, жилд дунджаар 16 хувиар тэлсэн байна. Казахстаны Хятадаас оруулсан импорт 17 хувь (6,537 сая ам. доллар), Хятад руу хийсэн экспорт 13,6 хувь (7,823 сая ам. доллар) байна. Хятадаас Казахстан руу эм, автомашин, тоног төхөөрөмж, онгоц, нисдэг тэрэг, болон сансарын тоног төхөөрөмж, цахилгаан бараа экспортолдог. Казахстан улсаас Хятад руу уран, төмрийн хүдэр, нефтийн шаар, цементийн үнсний экспортолдог бөгөөд сүүлийн жилүүдэд 58 хувийн өсөлттэй байна.
Узбекистан-Хятадын худалдаа
Хятад улс Узбекистаны хамгийн том худалдааны түнш. Узбекистаны нийт импортын 23.1 хувийг Хятад эзэлдэг бөгөөд сүүлийн 10 жилд хамгийн хурдацтай хөгжиж буй импортын зах зээл нь болжээ. Узбекистаны экспортын 12.3 хувийг Хятад эзэлдэг бөгөөд үүгээрээ Узбекистаны гурав дахь том экспортын зах зээлийг бүрдүүлдэг. Узбекистан алт, нефтийн хий, жижиглэнгийн бус цэвэр хөвөн утас, цэвэршүүлсэн зэс, этилен полимер зэргийг голлон экспортолдог. Узбекистанаас Хятадад нийлүүлсэн зэс, хуванцар бүтээгдэхүүний экспорт сүүлийн таван жилийн хугацаанд огцом өсч, жилийн өсөлт нь 100 гаруй хувьтай байна.
Киргизстан -Хятадны худалдаа
Хятад улс Киргизийн импортын 35.4 хувийг эзэлдэг бөгөөд сүүлийн 10 жилд эрчимтэй нэмэгдэж хамгийн том импортлог болсон. Хятад улс 2019 онд Киргизийн зургаа дахь том экспортын түнш болжээ. Киргиз улс ихэвчлэн хүнсний бүтээгдэхүүн, бэлэн хувцас, өргөн хэрэглээний бараа импортолдог бол алт, үнэт металлын хүдэр, хатаасан буурцагт ургамал, цэвэршүүлсэн газрын тос, хаягдал зэсийг Хятад руу экспортолдог.
Туркменстан- Хятадын худалдаа
Хятад улс Туркменистаны худалдааны хамгийн том түнш. 2019 оны байдлаар Туркменстанаас Хятад руу гаргасан экспортын хэмжээ нийт экспортын 80.2 хувь буюу 8.6 тэрбум ам.долларт хүрсэн. Хятад улс Туркменистаны импортын гурав дахь том түнш бөгөөд нийт импортынх нь 14.3 хувийг эзэлж байна. Туркменистанаас Хятад руу байгалийн хий, боловсруулсан газрын тос, түүхий нефть, жижиглэнгийн бус цэвэр хөвөн утас, азотын бордоо нийлүүлдэг. Туркменистан нь Хятадын байгалийн хийн имплортын 30-40 хувийг хэсгийг хангадаг. Энэхүү байгалийн хийг Туркменстанаас Төв Азийн дөрвөн улсаар дамжин Хятадад хүргэхийн тулд барьсан дамжуулах хоолойн дэд бүтцийн бүх зардлыг Хятад улс санхүүжилсэн. Иймээс хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд Туркменистаны тогтвортой байдалд Хятад улс ихээхэн анхаарал хандуулдаг.
Тажикистан- Хятадын худалдаа
Хятад улс Тажикстаны импортын хамгийн том түнш бөгөөд нийт импортын 18.2 хувийг эзэлдэг. Хятад улс Тажикстаны экспортын тав дахь том түнш бөгөөд нийт экспортын 5 хувийг эзэлдэг. Хэдийгээр Хятад улс Тажикистаны худалдааны гол түнш биш хэдий ч 2019 онд Тажикистаны Хятад руу хийсэн экспорт 10.5 хувиар, импорт 13.1 хувиар өсөж эрчимтэй нэмэгдэж байна. Тажикистанаас Хятад руу алт, түүхий хөнгөн цагаан, түүхий хөвөн, цайрын хүдэр болон бусад хүдэр нийлүүлдэг. [5]
Хятадын технологийг Төв Азид нэвтрүүлж буй байдал.
Хятадын компаниуд Төв Ази даяар шилэн кабелийн болон бусад харилцаа холбооны сүлжээг нэвтрүүлэх ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2013 онд Хятадын ‘Huawei’ компани Тажикистан улсад ‘Аюулгүй хот’ системийг суурилуулж өгсөн. Мөн Хятад Улс 2019 онд Засгийн газрын хоорондын хуралдаанаар Узбекистаны бүс нутгуудад ‘Аюулгүй хот’ системийг нэвтрүүлэхэд зориулж нэг тэрбум ам.доллар хуваарилах талаар мэдэгдсэн. Хятадын Shenzhen Sunwin Intelligent компани Киргизийн ‘Аюулгүй хот’ төслийн хоёр дахь шатанд нийслэл Бишкек хот болон улс даяар шинэ камер суурилуулах ажлыг хэрэгжүүлж байгаа. Казахстан улс Хятадын Hikvision-ий төлбөрийн систем бүхий технологийг нийтийн тээврийн сүлжээнд нэвтрүүлээд байна. Дээрх системүүдийг бий болгосноор Төв Азийн орнуудад гэмт хэргийн гаралт эрс багассан гэж үздэг тул хятадын технологийг дэмжиж байна.[6] Технологи нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлснээр Төв Азийн орны иргэдийн Хятадыг эсэргүүцэх хандлага буурна гэж Хятад улс найдаж байна.
Хятадын хөрөнгө оруулалтаас үүдэн бий болж буй эрсдэл
Төв Азийн орнуудын эдийн засаг Хятадын дэмжлэгтэйгээр өсөхийн хэрээр улс орон бүрт тодорхой эрсдэл бий болж байна гэж зарим шинжээчид үздэг. Хамгийн эрсдэлтэй орнууд бол Киргизстан, Тажикстан юм. Бишкекийн гадаад зээлийн 45 хувь (1.7 тэрбум доллар) Хятадаас, Душанбегийн гадаад өрийн 52 хувь (1.2 тэрбум ам.доллар) байна. Хоёр улсын Хятадад төлөх өр нь ДНБ-ийхээ 20 гаруй хувьтай тэнцэж байна. Туркменистан ДНБ-ийхээ 16.9 хувь, Узбекистан 16 хувь, Казахстан 6.5 хувьтай тэнцэх хэмжээний өрийг Хятадад тавиад байна. Туркменстан улсын гадаад худалдаа Хятадаас хэт хамааралтай болж, 2016 онд экспортынхоо 90-ээс дээш хувийг зөвхөн Хятад руу нийлүүлж байсан. Хэт хамааралаа бууруулах зорилгоор 2018 оноос Орос руу байгалийн хийн ре-экспорт явуулж эхэлснээр өнөөдөр экспортын 80 орчим хувь нь Хятад руу чиглэжээ.[7]
Хятадын Төв Ази дахь аюулгүй байдлын ашиг сонирхол
Хятад эдийн засгийн сонирхлоо хэрэгжүүлэхэд Төв Азийн тогтвортой байдал нэн чухал. Төв Азиас ирж буй бүх хий, нефтийн хоолой энэ бүсээр дамжин өнгөрдөг тул энэ бүсэд тогтворгүй байдал үүсвэл Хятадын эрчим хүчний түүхий эдийн нийлүүлэлтэд хохирол учрах магадлалтай. Мөн бүс нутгийн тогтвортой байдал нь Шинжаан Уйгарын ӨЗО-нд терроризмийн аюул тархахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үздэг.
Хятад болон Төв Азийн орнуудын батлан хамгаалах салбарын дээд албан тушаалтнуудын харилцан айлчлалын тоо тогтмолжиж, /жилд дунджаар 6-8 удаа/ цэргийн харилцаагаа сайжруулж байна.[8] Тэр дундаа Хятад улс Афганистатай хил залгаа Тажикистан, Киргизстан, Казахстан улсын аюулгүй байдалд түлхүү анхаарал хандуулж, хамтран ажиллах болжээ. 2002-2020 онд хоёр талын болон ШХАБ-ын хүрээнд Төв Азийн орнуудтай хамтран 46 цэргийн сургууль хийсэн бөгөөд үүнээс 44 нь Казахстан, Киргизстан, Тажикистантай хийгдсэн байна.[9]
Түүнчлэн Хятад улс Төв Азийн орнуудад өөрийн улсад үйлдвэрлэсэн зэвсэглэлээ нийлүүлэх замаар батлан хамгаалахын зах зээлд өрсөлдөж эхэлсэн. Узбекистан, Казахстаны зэвсэглэлд Хятадын нисэхийн аж үйлдвэрийн корпорацид (AVIC) үйлдвэрлэсэн Wing Loong-1 цэргийн нисгэгчгүй нисэх онгоцууд багтдаг болсон. Тажикистан улс Хятадын хуягт тээвэрлэгч, эргүүлийн машиныг хил хамгаалалтдаа ашигладаг болов. Туркменистан улс гадаргын пуужин, QW-2 гурав дахь үеийн хүн зөөврийн агаарын довтолгооноос хамгаалах систем, Хятадаас ирсэн хөдөлгөөнт радартай.[10]
Хятад улс Афганистан болон Исламын террористуудаас сэргийлэх зорилгоор Тажикистан улстай цэргийн салбарт нягт хамтран ажиллаж байна. Афганистан, Хятадын хилээс холгүй орших Тажикистаны Уулын Бадахшан автономит мужийн Мургоб дүүрэгт Төв Ази дахь анхны Хятадын цэргийн баазыг байгуулсан юм.[11] Түүнчлэн Хятадууд Тажикистанд буцалтгүй тусламж хэлбэрээр хилийн цэргийн ангийн байр 3, хилийн заставын байр 5, сургалтын төв 1-ийг барьж өгсөн.
Хэдийгээр Төв Азид явуулж буй Хятадын аюулгүй байдлын хүчин чармайлт нэмэгдэж байгаа боловч ОХУ-тай харьцуулахад нөлөө нь харьцангуй бага юм.
Хятадын явуулж буй зөөлөн хүчний бодлого
Хятадын Төв Азитай хиллэдэг Шинжаанд 1.5 сая орчим казах, 180 мянга орчим киргиз, 50 мянган тажик, 10 мянган узбек үндэстэн амьдарч байна. Мөн ШУӨЗО-оос Төв Азид 350 орчим мянган иргэн нүүн суурьшсан бөгөөд Хятадын Засгийн газраас Шинжаан дахь лалын шашинт иргэдийн эсрэг явуулж буй бодлого үйл ажиллагааг хүчтэй эсэргүүцэгч гол цөмийг бүрдүүлдэг.[12]
Төв Азийн бүс нутгийн орны иргэд орчин үеийн Хятадын талаар мэдлэг харьцангуй бага, Хятадыг ойлгодог шинэ үеийг төлөвшүүлж чадаагүй учраас (Казахстан, Киргизийг эс тооцвол) Хятадын нөлөөний тэлэлтийг эсэргүүцэх хандлагатай байдаг. Хятадын засгийн газраас дээрх ойлголтыг өөрчлөх зорилгоор шат дараалсан зөөлөн хүчний бодлогыг тогтмол явуулсаар байна. Хятадын зөөлөн хүчний гол бэлгэ тэмдэг болох Күнзийн институт /37 салбар/, хятад судлалын ангиудыг Төв Азид олноор байгуулж, хятад хэлний мэдлэгийг ажлын байрны давуу тал болгосон нь залуучдыг ихээр сонирхон суралцахад нөлөөлж байна. Тухайлбал, Казахстанд Күнзийн 5 институтэд жилд 14000 оюутан, Узбекистанд 1500 оюутан суралцдаг ажээ. Хятадын Боловсролын яам болон Хятад хэлний олон улсын зөвлөл Хятадад эрдмийн зэрэг авах хүсэлтэй оюутнуудад тэтгэлэг олгодог. 2010-2018 онд Төв Азид жил бүр 5000 оюутны тэтгэлгийн квот олгож байв. 2019 оны байдлаар Төв Азийн 30 мянга орчим оюутан Хятадад суралцаж байна.[13]
Хятадын засгийн газраас хятадын талаарх эерэг хандлагыг бий болгох зорилгоор Төв Азийн орнуудын бүтээн байгуулалтад зориулж буцалтгүй тусламж үзүүлэх болсон. Тухайлбал, Хятад улс Тажикистан улсад 125 сая ам. доллар, Киргизстан улсад 121 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон бол[14] ирэх гурван жилийн хугацаанд Төв Азийн орнуудад 500 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2022 оны нэгдүгээр сард мэдэгдэв.[15]
Мөн хоёр талын шийдвэр гаргагч нарын харилцааг сайжруулж, бодлогын уялдааг нэмэгдүүлэх зорилгоор 2000-2017 онд Хятадын засгийн газрын төлөөлөгчид муж, үндэсний хэмжээнд нийт 722 удаа албан ёсны харилцан айлчлал хийсэн нь зохих үр дүнгээ өгсөн байна.[16]
Төв Ази дахь их гүрнүүдийн нөлөө, ашиг сонирхол
Төв Азийн геополитикийн нөхцөл байдал бүрэлдэн тогтоход Хятадаас гадна нөлөө бүхий гүрнүүд болох ОХУ, АНУ, Европын холбоо, Турк бодитойгоор нөлөөлж байна.
Орос Хятад хоёрыг Төв Азийн бүс нутагт хамтрагч, мөн өрсөлдөгчид гэж шинжээчид үздэг. Тус бүс нутгийн үйл явдалд Оросын улс төрийн нөлөөлөл асар их хэвээр байна. Төв Азийн орнуудын хувьд Орос улс аюулгүй, тогтвортой байдлыг хангах баталгаа болдог бол Хятад улс эдийн засгийн баталгаа байснаар тус хоёр орны ашиг сонирхол Төв Азийн бүс нутагт бие биеэ нөхөх байдлаар бэхжиж байна. Энэ оны эхээр Казахстанд болсон үйл явдлаас харж болох юм.[17]
ОХУ-ын Төв Азид үзүүлэх эдийн засгийн нөлөөг дурдахгүй байж болохгүй. Төв Азийн эдийн засгийн 25 хувь ОХУ-аас хамааралтай. Казахстан, Киргиз хоёр нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бөгөөд тус бүс нутгийн Оростой хийсэн худалдааны эргэлт 25 тэрбум ам.доллараас давдаг. Хуучин ЗХУ-ын үеийн эдийн засгийн нөлөө нь ийнхүү тодорхой хэмжээнд хадгалагдсан хэвээр байдаг тул ОХУ өдгөө Төв Азийн аюулгүй байдлын асуудалд илүү хүч хаядаг.
ОХУ-ын Төв Ази дахь хамгийн том цэргийн бааз Тажикстан улсад байрладаг. Учир нь Афганистан болон исламын террористуудаас ирэх аюулаас Төв Азийг хамгаалж, тогтвортой байдлыг хадгалах зорилготой.
Бүс нутгийн чухал тоглогч байсан АНУ өнөөдөр зөвхөн тэнд болж буй үйл явдалд хариу үйлдэл үзүүлэх боломжтой байдлаар оролцож эхэлсэн. Вашингтон Төв Ази руу чиглэсэн идэвхтэй гадаад бодлого явуулахаа больсон бөгөөд Туркийг хөхиүлэн дэмжих замаар тус бүс нутагт өөрийн нөлөөг хадгалах, Орос, Хятад, Ираны нөлөөг Төв Азид хязгаарлах арга хэмжээ авч байна.[18] АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео 2020 оны 2 дугаар сарын эхээр Казахстан, Узбекистан улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд айлчилал нь бүхэлдээ Хятад руу чиглэсэн байсан. Помпео айлчлалынхаа үеэр ”Төв Азийн орнуудыг Хятадын хөрөнгө оруулалтаас болгоомжлохыг анхааруулж, Хятадын Шинжаан-Уйгарын ӨЗО-д явуулж буй бодлогын эсрэг чанга дуугаар үг хэлэх”-ийг уриалсан.[19] Энэ айлчилалыг эс тооцвол сүүлийн 7 жилийн хугацаанд Төв Азийн орнууд руу АНУ-ын төрийн дээд хэмжээний албан ёсны айлчлал болоогүй.
ЕХ-ны орнууд нь худалдаа, хөрөнгө оруулалтын хувьд Хятадыг орлох үүрэг гүйцэтгэх боломжгүй (хэдийгээр ЕХ нь одоогоор Төв Азийн эдийн засгийн гол хөрөнгө оруулагчдын нэг гэгддэг боловч энэ тэнцвэр аажмаар өөрчлөгдөж байна). ЕХ-ны орнууд Төв Азид цэргийн оролцоогоо хөгжүүлж чадахгүй байгаа бөгөөд цэргийн оролцоог нэмэгдүүлэх үйлдэл нь Москва, Бээжин хоёрын эсэргүүцэлтэй тулгарна. Төв Азийн орнуудын эрх баригчид НАТО-гийн цэргийн оролцоонд маш болгоомжтой ханддаг.
Дүгнэлт
Хятад улс Төв Азийн бүс нутагт эдийн засгийн нөлөөгөө тэлэх, тогтвортой байдлыг хадгалах гэсэн хоёр гол ашиг сонирхолтой байна. Энэ зорилгоор Евразийн геополитикийн асар чухал огтлолцол дээр буй тус бүс нутагт Хятад улс эдийн засаг, батлан хамгаалах салбарт нөлөөгөө аажмаар бэхжүүлэхийн зэрэгцээ өөрийн нэр хүнд, байр суурийг бататгасаар байна.
Төв Азийн хөгжлийн нөөц боломж болон тогтвортой байдал нь Хятадын “Бүс, зам” стратегийн хувьд онцгой чухал. Тиймээс Төв Азийн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн сацуу энэ бүс нутагт тогтвортой байдлыг хадгалах, терроризмийн аюул Хятадын ШУӨЗО-д нэвтрэхээс сэрэмжилж, аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлж байна.
АНУ, ЕХ-ны орнуудын анхаарал өөр зүгт төвлөрч, Төв Ази дахь үйл ажиллагаа нь хумигдсан өнөө үед Хятад энэ бүс нутагт явуулах бодлогоо идэвхжүүлж, нөлөөгөө нэмэгдүүлснээр байр суурь нь бэхжих хандлагатай байна. Гэхдээ Хятадын Төв Ази дахь үйл ажиллагаа зарим талаар хязгаарлагдах бөгөөд энэ нь бүс нутгийн асуудлаар Хятад улс Оростой нөлөөний хүрээгээ харилцан зөвшилцсөнтэй холбоотой гэж үзэж байна.
Ашигласан материал:
[1] https://carnegiemoscow.org/commentary/81402
[2] https://www.lowyinstitute.org/the-interpreter/china-s-education-diplomacy-central-asia
[3] https://perconcordiam.com/chinas-influence-in-central-asia/
[4] https://www.business-standard.com/article/international/china-to-give-500-million-in-aid-to-central-asian-countries-xi-jinping-122012600065_1.html
[5] https://carnegiemoscow.org/commentary/81402
[6] 2022 оны 1 дүгээр сард Казахстанд болсон эмх замбараагүй байдлыг ХАБГБ-ын шугамаар ОХУ-ын цэрэг ирж тайван байдал тогтоосон.
[7] https://carnegiemoscow.org/commentary/81402
[8] https://ru.sputnik.kz/20200202/gossekretar-usa-pompeo-kazakhstan-zayavlenia-12720948.html
[9] https://www.china-briefing.com/news/china-and-central-asia-bilateral-trade-relationships-and-future-outlook/
[10] https://carnegiemoscow.org/commentary/81402
[11] https://carnegiemoscow.org/commentary/81402
[12] https://carnegiemoscow.org/commentary/81402
[13] https://perconcordiam.com/chinas-influence-in-central-asia/
[14] https://perconcordiam.com/chinas-influence-in-central-asia/
[15] Пакистан-Тажикистан орнуудын завсар орших Хятадтай хил залгаа Афганистаны коридороор дамжин лалын дайчид орж ирэх аюултай
[16] https://researchleap.com/research-on-import-and-export-trade-based-on-chinas-fdi-to-central-asian-countries/
[17] Central Asia from COOPERATION AND COMPETITION: Russia and China in Central Asia, the Russian Far East, and the Arctic on JSTOR
[18] https://researchleap.com/research-on-import-and-export-trade-based-on-chinas-fdi-to-central-asian-countries/
[19] https://www.china-briefing.com/news/china-and-central-asia-bilateral-trade-relationships-and-future-outlook/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Казахстаны үйл явдал ба сургамжДараах нийтлэл
Ж.Байдены Энэтхэг-номхон далайн шинэ стратегиСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23